2025年6月26日木曜日

Ойрын сонин сайхан

Уулзалгүй, бичилгүй уджээ. Уншигч олон түмэн минь сайн байцгаана уу? Зуншлага сайхан уу?

Угтаа маш идэвхтэй амьдарч байна л даа. Хувь хувьсгалын ажил ар араасаа ундарна. Үүндээ заримдаа их тааламжтай хандана, үе үе бага зэрэг ядрана. 

Хамгийн том сонин нь гэвэл ажлаар монгол яваад ирэв. Нутаг сэрүүхэн сайхан, сэвэлзсэн салхитай, өдөртөө халуун, өглөө оройдоо бага зэрэг даарах маягтай шүү. 

Олон жил яваагүй монгол дахь томилолт. Их догдолсон, их ч бэлдсэн. Монгол дахь эрсдлийг л тооцоолоод, хамт яваа сурагчдынхаа ачаа барааг, ухаалаг, утас, мөнгө түрийвчийг нь суйлуулчих вий дээ гэж л хардаад, сэрдээд, мөрдөгч, бие хамгаалагч хийх юм байна даа гээд л төсөөлөөд байлаа. 

Тэгсэн чинь биднийг японд маш том асуудал хүлээж байсан. Тэр нь дотоодын онгоц саатсан явдал. Түүнээс шалтгаалаад МИАТ-ын онгоцонд амжиж сууж чадаагүй. 

Маргаашийнх нь төлөвлөсөн ажил бүгд цуцлагдав. Монгол дахь захиалсан зочид буудлаа ч цуцлав. Бүх төлбөрөө авна гэсэн гэнэ лээ. Арга ч үгүй байх даа, тулгаж байгаад цуцалсан тул...

Хоцордог гайхал чинь

Наритад тансаг зочид буудалд буув. Даатгалын компани захиалж өгсөн. Түүнээс дотоодын нислэгийн авиа компани ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тухайн өдрийн хоолны мөнгө гэж 2000 иен өгсөн. Хэ хэ. 

Даатгалд хамрагддаг тулдаа л хохирол багатай өнгөрөх шив. Гэхдээ бидний захиргааны байгууллага мэдээж нэлээд том гарзтай. Яалтай...

Япондоо барцад нь гарчихсан бидний монгол дахь ажил дажгүй амжилттай болсон. Мэдээж жижиг сажиг паагтууд байсан л даа. Энэ тухай бичээд явна аа. Эх оронд минь үйл ажиллагаа явуулдаг хүмүүс уншвал анхаарна биз дээ? 

Нэг эгнээндээ 9 суудалтай их том онгоц ирсэн.

Ингэхэд миний блогийг яг ямар төрлийн хүмүүс уншдаг бол гэж үе үе боддог л юм. Би ийм ажил эрхэлдэг, чиний блогийг уншдаг шүү гэж сэтгэгдэл бичдэг бол ч, тийм ээ? Хэ хэ. 

Ямартай ч японы саун шиг бүгчим халуунаас сэрүүхэн сайхан эх орондоо хэд хоноод, эрч хүч аваад, ижий аавдаа үнсүүлээд, цагаан идээ идээд, багагүй цагаан идээтэй ирээд гээд л сэтгэлд өег л байна. 

Улсын мөнгөөр эх орондоо хальт ч болтугай хариад ирнэ гэдэг чинь дээдийн заяа шүү дээ. Бүгдэд талархаад, ажлыг гялалзуулаад өгнө дөө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2 件のコメント:

  1. hehe nogoo mangar udaan unshij baigaa unshigch bnoo,surguulid baih yue, ajillaj baih yue, odoo gertee suujaagaa uyedee unshij l bn

    返信削除
    返信
    1. Мангар удаан уншиж буй уншигч танд баярлалаа. Хойшид ч орж ирж уншиж байгаарай. Уншдаг хүн байдагт урам авдаг шүү. Дахин дахин баярлалаа.

      削除