2025年9月12日金曜日

Бүтээл

Зулзагууд бүтээлээ туурвиад л яваа. Ээж харин зураг хөргийг нь дараад, учиргүй түгээгээд явах гэхээ байчихсан юм байна. 

Утсан дээр л баахан зураг байна. Хааяа дур хүрэхээрээ нүүр ном, инста зэрэгтээ оруулж байна өө.

Сүүлд харж байхад хөөрхөн л байдаг юм. Сонин сонин сэтгэж, харах өнцөг нь өөр байж шүү гэж дурсана.  
Нэг иймэрхүү хайчилсан будсан зүйлд нэг хэсэгтээ дурласан. Хайчтай маш чадварлагаар харьцдаг юм. Их багаасаа хайчтай нөхөрлөсөн. Эхэндээ ч зүгээр л хайчилдаг байлаа, бид хоёр. 

Яваандаа иймэрхүү дүр хайчилдаг боллоо. Мэдээж дунд нь буруу зөв хайчлаад, уур нь хүрээд урж хаяна аа. Яаж зүгээр байхав. Нас насны синдром нь нөлөөлдөг байх. Хэ хэ. 

Таалагдахгүй үедээ шууд л ураад хаячихаж байна лээ шүү. Аргагүй л уран бүтээлч хүний зан уу? Ха ха. Ээж зулзагуудынхаа улаан ногоон фен нь шүү дээ. 
Энэ толгойндоо угладаг баг. Эхлээд зурна, будна. Дараагаар нь хайчлаад, наагаад явчихна. Мөн бид "скоч"-ийг хайр найргүй хэрэглэдэг. 

Бүтээлч сэтгэлгээ нь хөгжиж байгаа байх гэж бодоод би харамладаггүй юм. Мөн оригами цаасыг хүртэл нэг их харамлаад байдаггүй. Хааяа эгч нар нь хэлж байгаа харагддаг. 

Багад дутуу дулимаг байснаас болоод зарим нэг авъяас, ур чадвар маань хөгжөөгүй байх гэж боддог л юм. Хэ хэ. 

Харин эгч нарыгаа бодвол бага зураад байх шиг. Ангидаа бол зурдаг гэсэн. Эргэн тойрныхоо найзуудад зураг зурж өгдөг гэсэн. Найзууд дундаа "гоё зурдаг" гэдэг ойлголт өгчихөөр, өнөөдүүл нь гуйгаад, хөөргөөд, тэгээд зурах гэж оролддог болчихдог бололтой. 

Би мөн үе үе магтаж, онгироож байгаад зуруулна аа. Эрэгтэй хүүхдийг сайн магтаж байх ёстой гэсэн. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年9月11日木曜日

Зураг

Энэ өнөөх цэцгийн хүрээлэн лүү орох гээд үүдэнд нь хүн хүлээгээд зогсож байхдаа дарсан зураг. Аминдаа алсын бараа харж нүдээ амрааж буй царай минь. Угтаа өдөр бүр л алсын барааг ширтэж нүдээ амрааж байх. 

Ингээд гэртээ ч блог бичиж байна гээд пс ширтчихээр хараа муудахаас яахав, тийм ээ? 

Уг нь хаашаа ч харсан ногоон өнгө. Ой мод, өвс ногоо, цэцэг жимс харагддаг юм. Чийглэг, хур бороо ихтэй улс орны нэг сайхан нь тарьсан болгон нь ургадаг. 
Их цэвэр цэмцгэр ээ. Хөдөө орон нутгийнх болохоор хүн багатай. Дээрээс нь ажлын өдөр бүр ч хүн багатай. Тэтгэвэртээ гарсан настай голцуу жуулчид л харагдсан. 

Гадаад жуулчид ч цөөн байлаа. Биднийг зөндөө зөндөө жуулчин дагуулж ирээрэй гэж нэг царайлаг ажилтан залуу нь хэлсэн. Хэ хэ. 
Нэмэх 35 хэмээс дээш халаад ирэхээр бас л чанга юм аа. Энэ усан оргилуурыг хараад усаар байлдмаар санагдсан. Гараа дүрж үзсэн чинь юу вэ? Бүв бүлээхэн байж билээ? Хэ хэ. 

Гэснээс багадаа байрныхаа хүүхдүүдтэй усаар байлдаж тоглодог байсан бага нас мину зэ. Үнэхээрийн жаргалтай байжээ. Энд хүүхдүүд усаар ч байлдаж тоглох завгүй, сургууль соёл, дугуйлан секц...

Бага байхад пааркын усан оргилуурыг тойроод л алхдаг байснаа санадаг юм. Хөөсөн чихэр бариастай. Хэ хэ. Их л том санагддаг байж билээ. Би чинь өөрөө жижигхээн. 

Алмаз эрдэнэ чинь жижигхэн байх тусмаа үнэтэй гэе дээ. Хи хи. 
Траншейных нь таглааг харчих л даа. Траншейны таглаа гэж хэлэхээргүй л байгаа биз дээ? Нутаг нутгийнхаа онцлогийг харуулсан зураг хөрөг, хээ угалзтай байдаг. 

Энэ тухай урд нь ганц нэг зурагтай бичвэр бичиж байсан байх. Нэг бол өмнөх блогтоо ч юм уу? 

Бага байхын нэг явдлыг санадаг юм. Ээж биднийг дагуулаад л ажилдаа явна. Бага дүүг тэвэрчихсэн. Би том нь юм болохоор яг ард нь дагаастай. Бас нэг дүү минь намайгаа дагана аа. 

Тэгсэн нэг харсан тэр дүү маань алга шүү. Ээж бид сандраад л хайв аа. Тэгсэн чинь явган хүний зам дээрх траншейны нүхэнд уначихсан, дээшээ биднийг хараад зогсож байдаг байгаа. 

Тэр нь азаар усны траншейн биш байсан. Гэхдээ хэлбэр нь дугуй, яг л траншейн шиг хэлбэртэй. Нэг их гүнзгий биш, дээрээс нь өвөл байсан болохоор бид зузаан хувцастай, дүү маань бэртэж гэмтэлгүй, босоогоороо уначихсан байж билээ. Ха ха. 

Манай энэ дүү нэлээд паянтай гар аа, одооны хэллэгээр бол төмс. Эрэгтэй ч юм байгаа юм. Ха ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年9月10日水曜日

Байгаль ба хүн

Хүн бол нийгмийн амьтан. Биш юм шиг байна өө. Хүн бол байгалийн амьтан. Учир нь энэ халуунд үнэхээр залхаж байна өө. Байгаль дэлхийгээ сүйтгэсээр буй биднээс хариугаа аваад байх шиг ээ. Нэг бол шатааж алчих гээд, нэг бол хөлдөөж алчих гээд. 

Удахгүй өвөл болно гэж бодсон чинь, бас л. Хэ хэ. 
Суугуул мужийн баруун бүсэд орших Дайсэн гэдэг уул. Мөн цэцгийн хүрээлэн. Жуулчдын очих дуртай газрын нэг. Миний бие ажлын шугамаар хоёр хятад, хоёр солонгос ажилчидтайгаа хамт явсан. 

Хаа нэгтээ нутаг нэгтнээ дагуулж очдог газрын нэг. Бүсгүйчүүд их сонирхоно. Эрчүүд цэцэг навч нэг их сонирхохгүй л байх шиг харагддаг. Эрчүүд та нар хааяадаа ч гэсэн гоёмсог зүйл үзэж харж, мэлмийгээн, зүрхээн баясгаж бай гэж тушаая. Өнөөх Эмүжин нь орж ирээд өмөөрөөд, загнаад унах вий дээ. Ха ха. 
Тэр цаана харагдаж буй бөөрөнхий дээвэрт байгууламжинд халуун орны цэцэгсийг тарьж ургуулдаг. 

Хүний гараар бүтээд, өдөр бүр мэргэжлийн хүмүүс арчлаад, тордоод байхаар урамтай сайхан ургана. Мэдээж тэдгээр хүмүүс цалингаа авна. Жуулчид мөнгөө төлж үзнэ. 

Гадны жуулчид бага зэрэг хөнгөлөлттэй. Тэгэхэд манайх яадаг билээ? Гадаад хүн гэхээр тэнгэрт хадчихдаг. Санаа зовно гэж юүхэв. Хөнгөлөлт үзүүлдэггүй юм аа гэхэд зүгээр л монгол хүмүүстэй адил үнээр л үйлчлэх хэрэгтэй. Тийм ээ? 
Энэ моднуудыг бас санааныхаа зоргоор янзалсан байгаа биз? Зүрхэн хэлбэрт оруулчихсан, амьтдын дүрс гаргаад тайрч янзалчихсан ч байх шиг. 

Иймэрхүү зүйл харахаараа хүмүүс чинь өөрийн эрхгүй гар нь ухаалаг утас луугаа явдаг юм билээ. Тэгээд л цааш нь олонд түгээгээд, үзээгүй хүмүүс нь ирж үзэх хүсэлд авьаад гэх мэт. 

Ажлаар хааяадаа ингэж орж гарах дуртай, зугаатай байдаг юм. Бүгчим халуун өрөөнд олуулаа цаг наргүй пс ширтэж сууснаас л дээр тийм ээ? Гэхдээ л пс ширтэж суух нь ажил болохоор яалтай ч билээ.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年9月9日火曜日

Угталт ба үдэлт

Бүтэн цагаар ажиллах ч нэг бодлын гоё. Учир нь цалин нь өмнөхөөсөө илүү. Хэ хэ. 

Ажил бага үед бол жаахан хэцүү. Өөрөө өөртөө хийх ажил олохгүй бол ч. Их үедээ бол харин ч нэг толгой өндийх завгүй болно. Завтай үе, завгүй үе гэж байна. Энэ ч бүхий л төрлийн ажлын талбарт байх л асуудал. Тийм ээ?  

Өглөөд ажлын байрандаа очихоор үүдэнд нь амьд цэцгийн баглаа угтана. Үе үе цэцэг нь солигдоно. Өмнө нь бичсэн билүү? 
Цахилгаан шатанд суух гээд хүлээх зуураа албаар энэ цэцгийн ойролцоо зогсдог юм. ажилдаа орохоос өмнөх бясалгал маягийн ёслол болгож. 

Гэхдээ ойрдоо их халуун, гэрээсээ гарах гэсээр байтал ганц хоёр минут оройтож гараад. Ёслолоо үйлдэж чадахгүй байна аа. Харин тарахдаа өмнө нь түр саатаж хардаг юм. Тэгэхдээ зураг дарна.  

Гэснээс өмнөх ажлын байранд ч сар бүр солигддог цэцгийн булантай байж билээ. Цэцэгсийн нэрийг нь бичдэг байсан юм. Энэ удаад харин цэцгийн нэрс байхгүй юм билээ. 

Иргэдийн санал хүсэлтийн дэвтэрт бичдэг юм билүү? Хэ хэ.
Цэцгээ нэг бүрчлэн заавал ойртуулж зураг дарж байгаа. Ойртуулж харахаар нарийн ширийн зүйлс нь тодроод зүгээр юм билээ. Өнгө, дэлбээний хэв, хэлбэр гээд л. Зулзагууд ч хааяа ээжийнхээ утсыг үзэнгээ "хөөх, гоё цэцэг байна тийм ээ, ээж ээ" гэж хэлдэг юм. 

Тэр бүр амьд байгальтай харьцах нь багасаад буй өнөө үед гоёмсог цэцэг байдаг гэдгийг мэдэж авч л байг. 

Мөн юмыг яаж мэдэхэв? Ирээдүйд би цэцэгчин болох ч юм билүү? Дуртай зүйлээ хийсэн, хааяадаа найз охидтойгоо уулзаад халбага дарс шимчихдэг галтай цогтой эмээ болох юмсан гэж мөрөөддөг. Хи хи.
Заримдаа ч энэ яг амьд цэцэг мөн үү? Гэж бодно. Хуруугаараа имирч үзнэ. Хорвоо дэлхий дээр сонин хачин ургамал, цэцэг, хорхой шавж их байх юм тийм ээ? Тааралдах бүртээ нүдээ бүлтийлгэж, чихээ сортолзуулна. Зураг хөрөг дарна. Блогтоо бичих гэж тэр. Заримдаа мартчихсан л явна. 

Та бүхэн ч гэсэн сайхан бүхнийг харан баясаж, шүүмжлэх зүйлээ зөв шүүмжлээд, дэлхийн сонин сайхныг мэдэх хүсэл тэмүүллээр дүүрэн байцгаадаг юм шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年9月8日月曜日

Инжир

Энэ жилийн инжир жимснийхээ зургийг оруулна аа. Бүр өөрөө очоод модных нь зургийг дарсан гэж байгаа. Надад өгнө гээд хэдэн ширхгийг түүгээд хөргөгчиндөө хийчихсэн байсан. Хайр хүрэм байна уу? 

Бид хоёр хоёр биенийгээ "крашладаг" юм. Хи хи. 

Мод нь. Нэлээд саглагар ургадаг юм билээ. Навч нь их том далбагар. Жимс жимсгэнд дуртай, ногоо цагаа тариалдаг хуурай дүү охиндоо үзүүлэх зорилготой бас. 

Болдог бол тариалах юмсан л гэх байх. Хашаандаа их гоё гоё ногоо, жимс тариалдаг юм. Сүрхий ажилсаг бүсгүй бий дээ, суралцмаар. Тэтгэвэрт гарахаараа шавь орно оо. Тэр үед болгоогоорой. 
Боловсроогүй байхдаа. Сайн харахгүй бол навчнаасаа ялгарахгүй, олж харах гэж бас л харааны бяд шаардсан. Хэ хэ. Ногоо тариалж мэддэггүй хүний л зан байх даа. Малд нүдтэй гэдэг шиг цэцэг, ногоонд нүдтэй хүн гэж байдаг л байх даа тийм ээ? 

Би малд ч, жимс жимсгэнэд ч, ногоо цагаанд ч нүдгүй хүн нь байна өө. Идэж л мэднэ. Идэхээс өөр ид шидгүй гэдэг нь байна өө. Ккк.
Нэг дор ургаад, ингэж өнгө ороод боловсроод ирэхээрээ хөөрхөн харагдана. Хөөрхөн гэдэг нь амттай гэсэн үг шүү. Хэ хэ. Хэмжээ нь хөөрхөн жижигхэн. Том хэмжээтэй сорт ч байдаг юм билээ. Тариалдаг залуу маань жижиг хэмжээтэй сортыг нь тариалдаг юм. 

Нэг боловсрохоороо ар араасаа боловсроод, нэг мэдэхэд газарт уначихсан байдаг гэсэн. Өөр ажилтай хүн чинь тэр бүр манаад зогсоод байж амждаггүй гэсэн. Болдог бол би манаад зогсож байх юмсан тийм ээ. Ха ха. 
Томруулж харахаар ингэж харагдана. Гүйцэт боловсроогүй байгаа нь. Ягаан өнгөтэй болж ирээд гүйцэт боловсрохоороо хүрэн өнгөтэй болж ирдэг юм билээ. 

Гүйцэт боловсроод зөөлөнд нь зуртай хүн ч байдаг. Хатуудууд нь дуртай ч хүн байдаг. Яг алинд нь дуртай вэ гэхээр нь бүгдэд нь л дуртай гэсэн. Үнэн л юм чинь. Тариалж чадахгүй, мэдэхгүй байж юун юм голж, цамаан загнах. 

Зөөлөн нь аманд ороод л, зажлах шаардлагагүй залгичихна. Хатууг нь бага зэрэг зажлаад л идчихнэ. Тэгэхээр бүгд л амттай.  
Миний ходоодонд орохын өмнөхөн гэдэг зураг. Тод хүрэн болсон байгаа биз? Ингээд л тав зургаан ширхэгийг өгөөд явуулчихдаг юм. Нэг дор биш хоёр хуваагаад л иднэ дээ. 

Бодоод байх нь ээ, бид чинь хатуу ааруул идэж өссөн болохоор ер нь жаахан зажлууртайд нь дуртай юм билээ. Хэт нялцгай гэхээсээ илүү. 

За тэгээд азаар гэрийнхэн маань идэхгүй юм. Ха ха. Идээд өгөөч гэж гуйгаад идэхгүй байна шүү. Түүнээс би харамлаагүй шүү. Одооны энэ хүүхдүүд чинь ид гэж гуйлгаад, хань ижил бид хоёр наана нь өөрсдийнхөө өлөн зэлмүүн үеэ дурсаж ярина гэж юүхэв. Хо хо. 

Юмны үнэ өсөөд буй эдүгээ цагт ийнхүү тариалсан жимс жимсгэнэ, ногоо цагаанаасаа өгдөгт баярлалаа.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年9月6日土曜日

Жаргах наран

Япон тэнгисийн эрэг дээр

Янаг хоёр зугаална аа...

Хэдий халуун ч гэсэн зуныг зугаатай өнгөрөөхгүй бол уйтай буй за? Мөн алсын бараа харж нүдээ амраах зорилготойгоор далайн эрэгт очих дуртай ч сүүлийн үед өдөр тутмынхаа ажилдаа түүртээд тэр бүр явж чадахгүй юм. 

Түүнээс манайх далайн эргээс холгүй, машинаар 15 минут гаран л явдаг юм. 

Энэ зурган дээр далайд харагдаж байгаа гэрэл байна аа даа. Загасчилахаар гарсан усан онгоцнууд. Жижигхэн завь бол биш. 

Хань ижил бас хааяадаа ингэж загасчилдаг. Танил "өвөө"-гийн усан онгоцоор явж. Тэр өвөө бол загасчин өвөө. Далайд гарах болгондоо л олз омогтой явдаг гэсэн. 

Хань ижил болохоор хааяадаа хоосон л орж ирдэг. Хэ хэ 
Жаахан сэрүү орохоор ойрхон далайн эрэгт очиж нүдээ амрааж, сэтгэлийн бясалгал хийнэ ээ. Ганц нэг хүмүүсийг уруу татахыг хичээнэ ээ. Уншиж байгаа бол сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Хэ хэ. 

Гэснээс ойрд гэнэт гэнэт дуу цахилгаантай бороо их орж байна. Энд тэнд үер болж байна өө. Нэг орохдоо хувингаар цутгаж байгаа юм шиг ордог улсад чинь үер болох нь аргагүй юм даа. 

Ус зайлуулах "технеложиа" өндөр ч заримдаа байгалийн сүр хүчинд дийлдэх тохиолдол гарна өө. 

Ажилдаа алхаж буй надад ширүүн бороотой өдөр жаахан онцгүй ээ. Аль болох бороотой таарчихгүйхэн шиг л байх юмсан гэж залбирч байна дөө, өдөр бүр. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年9月5日金曜日

8 дугаар сарын өнгө

9 сар эхлээд эхний 7 хоног өндөрлөх гэж байна өө. Минйи гэр бүлийн хувьд хичээл эхлээд жигдрэх талдаа оров. 

Зуны даалгаваруудаа амжиж хийцгээгээд өгөв. Эгч харин хэдэн зураг нэмж зураад авч явсан. Усан будгаар. Хэд хэдэн уралдаанд зургаа явуулж, шагнал аваад, ээж ааваасаа урамшуулал болгож мөнгөн шагнал авах юм гэсэн. 

Өөрийх нь санаагаар бол шалгарах юм байх өө. Хаанаас ч гардаг юм, тэр их итгэл. Хэ хэ. 
1 дүгээр ангийн сурагч минь зунжингаа усалсан бодонцог цэцгэнд нь ийм нил өнгө голчилсон болохоор тэр юм уу? Зурсан зураг нь, будсан зурагнууд нь ч ийм өнгөтэй байлаа. 

8 дугаар сарын өнгө гэж нэрлэв. 
Бас нэг будсан зурсан зураг нь. 

Эгчийн зурганд мөн л хөх өнгө голлох үүрэг гүйцэтгэсэн харагдана лээ. Ээждээ үзүүлж, магтуулж магтуулж байгаад л зургаа хуйлаад аваад явсан. Ганц нэг нь байр эзэлж ээж ааваасаа хүсээд байгаа тэр мөнгөн шагналаа аваасай гэж ээж нь ч залбирна аа. 

Хэн нэг нь мөнгө бэлэглэвэл ээж нь талыг нь аваад хадгалчихдаг юм. Ирээдүйд хэрэгтэй, ангиараа ийш тийшээ зугаалахдаа гарын мөнгө чинь арвин байвал гоё биз дээ? 

Гэж мэгээд л аль болох үрүүлчихэлгүйхэн авч хадгалж өгөх гэж зүтгэнэ. Хүүхэд л болсон хойно найзуудтайгаа орж гарч үрэх гэнэ. 

Гэхдээ байна аа, японы нэг сайхан нь бага дунд ангийн сурагчид тэр бүр гадуур дэлгүүр хэсээд байхыг нь зөвшөөрдөггүй. Ялангуяа ажлын өдрүүдэд. Хагас бүтэн сайнд харьцангуй гайгүй. 

9 сарын өнгө ямар байх нь уу? Хичээл ном гээд зураг зурах завгүй л байх болов уу? Хамгийн гол нь жаахан сэрүүсэх хэрэгтэй байн аа? Энэ байгаль дэлхий. 

Өдөр бүр нэмэх 35. Буурдаггүй ээ. Эх оронд минь "өвөл" болчих гээд сандаргаж байхад. Энд халуун зунаараа. Хольж хутгаж байгаад голоор нь хуваачихмаар л байна шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年9月2日火曜日

Галт тэрэг

Суугуул муж маань хэд хэдэн манга зохиолчоороо алдартай. Тэдгээрийнхээ зохиол  бүтээлийг үнэнхүү сайн ашиглаж мужаа сурталчилна. "Хүнээ сайн хөгжүүлэх" гэдэг энэ байх. Хөгжсөн тэр хүмүүс нь жуулчдыг татах баялаг бүтээнэ гэдэг нь энэ байх.  

Гадаад оронд чинь энэ манга зохиол чинь асар эрэлттэй, хүмүүс их сонирхдог, японы ихэнх манга зохиол орчуулагдчихсан байх юм билээ. Тэгээд өөрсдийн уншсан, дуртай манганыхаа зохиолчийн төрсөн нутаг, баатруудынх нь өлгий нутгаар аялаад явчихдаг юм билээ.
Сакаиминато гэдэг хотод төрж өссөн Мизүки Шигэрү зохиолчийн манганы бүтээлийг ингээд галт тэрэгнийхээ буудлыг ингэж чимэглэсэн байна. Жуулчид ч тасрахгүй. Зураг хөрөг ч дарна. Би ч юугаар дутахав.  

Мизүки Шигэрү гээд англиар хайхаар гараад л ирнэ. Үүх түүхтэйгээ. Яагаад ийм сонин сонин дүртэй манга бичих болсон гээд л. Хэдэн жилийн өмнө бурхны оронд заларсан хөөрхий минь. 

Дайнд амь үрэгдсэн журмын нөхөдтэйгөө уулзалдаад, соних сайхнаа ярьж хөөрөөд л суугаа байх...
Галт тэрэг нь хүртэл баатрынхаа зургаар чимэглэсэн байна. Галт тэрэг гэснээс саяхан эх оронд минь төмөр зам үүсч хөгжсөний хэдэн жилийн ч юм ой болсон юмдаг уу даа. Тэгсэн нэг япон хүн ойн баярт нь очоод мэд гайхсан гэсэн. 

"Нэг ч галт тэрэг олж харсангүй" гэж хэлсэн гэсэн. Онигоо ч юм шиг сонсогдох ч нэгийг бодогдуулж байна уу. Бид нэг л их ой тэмдэглэсэн улс гэж бодогддог уу?  
Хөшөө ч байна аа. Эх орныхоо хөшөөг бол шүүмжилдэг хүн л дээ би. Тэрнээс өөр хийх ажил их байна тийм ээ? Бас бид өөрсдөө хөшөөгөө муухай болгочихдог тийм ээ? 

Эхлээд бид чанартай хийдэг болчихоод, хийснийгээ зүгээр л сайхан байгаагаар нь байлгаад, харж баясдаг болчихбол ч болж л байна. Түүнээс зарим нэг хөшөөг харахаар үнэн "мангар" тийм ээ?
Энэ нэг хөөрхөн баатар нь. Жижигхэн хөөрхөн хөшөө. Гол дүрийн баатрын нэр нь Гэгэгэ но Китаро. 
Эд нар том юманд нэг их шунадаггүй шүү. Жижигхэн зүйлсэд дуртай. Баатар бүр нь мэдээж нэртэй шүү. Нэрлэж бичиж гэсэн залхуу хүрчихлээ. Хэ хэ. 

Дээхэн энэ манга зохиолын баатруудын хөшөө бүхий бүтэл бүтэн нэг гудамж байдаг тухай, мөн ганц нэг баатруудынх нь тухай танилцуулж бичсэн ч байж магад. Мартчихаж... 
Доторх суудал нь нэг иймэрхүү. Орж ирсэн зорчигчид суухаасаа өмнө зоолттой зураг дарж байна лээ. Баатрынхаа хажууд суугаад бас хамтдаа зургаа ч авахуулж харагдсан. Би ч дуурайв. 

Гол нь эд нар нийтийнхээ өмчийг хайрлаж, гамнаж, өөриймсгөөр хандах юм өө. Мэдээж олон хүн дотор ганц нэг "зөрүүд гар" бий шүү. Японыг шүтчихсэн, тархиа угаалгачихсан гэж ирээд л зарим нэг хүмүүс бичдэг юм билээ. 

Сайн сайхныг нь дуурайж, үлгэр жишээ  авцгаая өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年9月1日月曜日

9 сарын 1-ний мэнд ээ

Шинэ сар, хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе ээ. Бүгд усандаа сайхан орцгоогоод, цүнх дүүрэн ном, дэвтэр, харандаагаа үүрээд үзүүлээд өгнө өө гээд л гэрээсээ гарцгаасан уу? 

Бид ч мөн адил. Үзүүлээд өгнө өө гэхээсээ илүүтэйгээр энэ халууныг амжилттай даван туулах минь, хялайгаад уначихалгүйхэн шиг нэг өдрийг даван намрын сэрүүтэй золгох л гол зорилго болчихоод байна өө. 

Дэлхийн энэхүү дулаарал, цаг агаарын өөрчлөлт эцэстээ юунд хүргэх бол гэж санаа зовох л юм. Нэг их зүйл хүсэлгүй, байгальдаа аль болох хохирол багатай амьдарчих юмсан гэж мөрөөдөх л юм. 
Миний хувьд 9 дүгээр сардаа ч овоо хэдэн ном уншаад, овоо хэдэн аяга угаагчаа нэхээд л түүнээсээ урам аваад л явах минь. Энэ долоо хоногт гадаад ажилчдынхаа ганц нэг хүмүүст бэлэглэнэ. Би өөрөө яриа хийх юм. Тэгээд ярианыхаа явцад бэлэглэх санаатай. 

Монгол улсынхаа нэрийг, монголчуудынхаа нэрийг өндөрт өргөж явах гэж хичээж байхад, төв газар хулгай хийсэн гаруудын тухай мэдээгээр гарахаар сэтгэл санаа шууд газарт унах юм. 

Өөр зүйлд ухаан санаагаа уралдуулаад, гар хөлөө хөдөлгөөд, ажил хийж мөнгө олмоор байна аа. Зүв зүгээр сууж байгаад л баяжчих санаатай хүмүүс олшроод байх юм. 

Үүнд борооны дараах мөөг шиг олширсон "нөлөөлөгчид" жаахан буруугаар нөлөөлөөд байна. Ажил хийж мөнгө олохыг бус зүгээр сууж байгаад мөнгөтэй болж баяжихыг заагаад байх юм. 

Залуус минь та нар тэр "нөлөөлөгч"-өө зүгээр л та нарт зориулж зарим нэг утгаараа бүлт бүлт үсрэхэд нь үзэж, бусдад түгээж, тархиа угаалгаж, тэгээд цаад хүн чинь л баяжихад хувь нэмрээ оруулаад байгаагаа ухаарах цаг нь болсон юм шиг ээ. 

Би ч нэг хэсэг сонсдог л байлаа. Хөөх гэж боддог л байлаа. Гэхдээ зүв зүгээр сууж байгаад баяждаг улс нь мөш цөөхөн, бүр маш цөөхөн, тэр цөөхөн нь миний хувь нэмрээр л тэгж баяжаад байна гэж гэнэт ухаараад. Өөрийгөө л хичээж, урдах ажлаа л сайж хийж, бага багаар ч болтугай өөрийгөө хөгжүүлж, өдөр тутамдаа жижигхэн зүйлсээс урам авч, зулзагуудынхаа өмнө хариуцлагатай амьдрах хэрэгтэй юм байна гэж бодох болов. 

Маш гэгээрсэн бичвэрээрээ энэ өдрийн мэндийг хүргэж мэндчилэв. Агуулга нь яг таарч байгаа биз дээ? 

Өө тийм боловсрол хэрэгтэй хэрэггүй гэж хэсэг шуугив тийм үү? Хэрэгтэй байлгүй яахав. Боломж л гарвал сурч боловсорч байж бид бусдад залгиулалгүй, тархиа угаалгалгүй, хэт нэг зүйлд туйлшралгүй, өөрийн гэсэн бодолтой, аливаад эргэлзэж хандаж, судалдаг, уншдаг, тунгааж чаддаг чадварт суралцана шүү дээ. 

Мэдээж зарим ээж аавуудын дунд зулзагууддаа өндөр боловсрол олгох боломжгүй нь бий. Тэглээ гээд бид тэдгээр хүмүүсийг буруутгалгүй, өөрсдийгөө л хичээх хэрэгтэй. Сургууль соёлд суралцах боломжгүй байлаа ч бүгд уншдаг л байх хэрэгтэй. 

Сүүлийн үед харьцангуй олон ном хэвлэгддэг болж. Хэл ус сурчихвал ч хэрэгтэй мэдээллээ олоод авчихдаг цаг үе шүү дээ. 

Олон зүйл бурахаасаа өмнө өндөрлөх минь. 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.