2025年9月2日火曜日

Галт тэрэг

Суугуул муж маань хэд хэдэн манга зохиолчоороо алдартай. Тэдгээрийнхээ зохиол  бүтээлийг үнэнхүү сайн ашиглаж мужаа сурталчилна. "Хүнээ сайн хөгжүүлэх" гэдэг энэ байх. Хөгжсөн тэр хүмүүс нь жуулчдыг татах баялаг бүтээнэ гэдэг нь энэ байх.  

Гадаад оронд чинь энэ манга зохиол чинь асар эрэлттэй, хүмүүс их сонирхдог, японы ихэнх манга зохиол орчуулагдчихсан байх юм билээ. Тэгээд өөрсдийн уншсан, дуртай манганыхаа зохиолчийн төрсөн нутаг, баатруудынх нь өлгий нутгаар аялаад явчихдаг юм билээ.
Сакаиминато гэдэг хотод төрж өссөн Мизүки Шигэрү зохиолчийн манганы бүтээлийг ингээд галт тэрэгнийхээ буудлыг ингэж чимэглэсэн байна. Жуулчид ч тасрахгүй. Зураг хөрөг ч дарна. Би ч юугаар дутахав.  

Мизүки Шигэрү гээд англиар хайхаар гараад л ирнэ. Үүх түүхтэйгээ. Яагаад ийм сонин сонин дүртэй манга бичих болсон гээд л. Хэдэн жилийн өмнө бурхны оронд заларсан хөөрхий минь. 

Дайнд амь үрэгдсэн журмын нөхөдтэйгөө уулзалдаад, соних сайхнаа ярьж хөөрөөд л суугаа байх...
Галт тэрэг нь хүртэл баатрынхаа зургаар чимэглэсэн байна. Галт тэрэг гэснээс саяхан эх оронд минь төмөр зам үүсч хөгжсөний хэдэн жилийн ч юм ой болсон юмдаг уу даа. Тэгсэн нэг япон хүн ойн баярт нь очоод мэд гайхсан гэсэн. 

"Нэг ч галт тэрэг олж харсангүй" гэж хэлсэн гэсэн. Онигоо ч юм шиг сонсогдох ч нэгийг бодогдуулж байна уу. Бид нэг л их ой тэмдэглэсэн улс гэж бодогддог уу?  
Хөшөө ч байна аа. Эх орныхоо хөшөөг бол шүүмжилдэг хүн л дээ би. Тэрнээс өөр хийх ажил их байна тийм ээ? Бас бид өөрсдөө хөшөөгөө муухай болгочихдог тийм ээ? 

Эхлээд бид чанартай хийдэг болчихоод, хийснийгээ зүгээр л сайхан байгаагаар нь байлгаад, харж баясдаг болчихбол ч болж л байна. Түүнээс зарим нэг хөшөөг харахаар үнэн "мангар" тийм ээ?
Энэ нэг хөөрхөн баатар нь. Жижигхэн хөөрхөн хөшөө. Гол дүрийн баатрын нэр нь Гэгэгэ но Китаро. 
Эд нар том юманд нэг их шунадаггүй шүү. Жижигхэн зүйлсэд дуртай. Баатар бүр нь мэдээж нэртэй шүү. Нэрлэж бичиж гэсэн залхуу хүрчихлээ. Хэ хэ. 

Дээхэн энэ манга зохиолын баатруудын хөшөө бүхий бүтэл бүтэн нэг гудамж байдаг тухай, мөн ганц нэг баатруудынх нь тухай танилцуулж бичсэн ч байж магад. Мартчихаж... 
Доторх суудал нь нэг иймэрхүү. Орж ирсэн зорчигчид суухаасаа өмнө зоолттой зураг дарж байна лээ. Баатрынхаа хажууд суугаад бас хамтдаа зургаа ч авахуулж харагдсан. Би ч дуурайв. 

Гол нь эд нар нийтийнхээ өмчийг хайрлаж, гамнаж, өөриймсгөөр хандах юм өө. Мэдээж олон хүн дотор ганц нэг "зөрүүд гар" бий шүү. Японыг шүтчихсэн, тархиа угаалгачихсан гэж ирээд л зарим нэг хүмүүс бичдэг юм билээ. 

Сайн сайхныг нь дуурайж, үлгэр жишээ  авцгаая өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿