2025年5月7日水曜日

Амьсгал

Номоо уншаад л яваа шүү. Гэхдээ эрч нь жаахан буурсан сүүлийн хоёр сар. Шинэ ажил минь бүтэн цагийн ажил. Цайныхаа цагаар ном унших гэхээр бас нэг их сайн төвлөрч өгөхгүй л байна. Хэдий тийм ч би хичээж л яваа шүү...

3 дугаар сарын төлөвлөгөөт ном. Номын уулзалтынхан маань тухайн сардаа жаахан завгүй, 4 сард уулзаж ярилцана гэсэн амжаагүй л байна. Дараа сарынхаа буюу 4 дүгээр сарынхаа номыг уншаад бараг дуусах гэж байдаг. 

Ямартай ч мартахаасаа өмнө блогтоо бичнэ ээ. 

Бага зэрэг нуршуу санагдсан. Ерөнхийдөө амаараа биш хамраараа амьсгалахын чухлыг, гүнзгий бөгөөд чанартай цөөн тоогоор амьсгалахыг зөвлөсөн ном. 

Би харшилтай тул үе үе хамар битүүрнэ. Амаараа амьсгална. Үүнийгээ ухамсартайгаар хамраараа амьсгалах гэж хичээдэг юм. 

Мөн үе үе гүнзгий амьсгалаа авч, удаанаар гаргах гэж оролдоно. Жишээ нь 00-доо сууж байхдаа ч юм уу. 

Амьсгалаа хянаж сурах хэрэгтэй юм шиг байна шүү. Энэхүү номыг уншаад төрсөн анхны сэтгэгдэл. Амьсгал авах, амьсгалаа түгжих, амьсгалаа гаргах энэ гурван үйлдэл маш чухал гэдгийг мэдэж авлаа. 

Түгжих, гаргах нь ч чухал юм байна. Бид амьсгал авах дээр хэт их анхаардаг юм байна. Гэвч юм бүхэн хэмжээтэй. Амьсгал авах нь хэмжээтэй, гаргах нь ч тодорхой хэмжээтэй байдаг байх нь. 

Амьсгалын хэд хэдэн дасгал байсан. Ганц нэгийг нь оролдож үзсэн. Хэцүү байсан. Сурахад цаг хугацаа шаардах юм билээ. Ерөнхийдөө өөрийгөө буруу амьсгалдаг юм байна гэж өөртөө дүгнэлт хийгээд, зөв амьсгалж сурах хэрэгтэй юм байна. Харин яаж? 

Юун түрүүнд хамраараа амьсгалж байх...
  • Олон төрлийн амьсгал байдагтай адил олон төрлийн амьсгалах арга бий. Бидний амьсгалж байгаа арга бүр бидний биед өөр өөрөөр нөлөөлдөг.
  • Зарим амьсгалах арга нь бидний тархийг тэжээдэг бол зарим нь мэдрэлийн эсийг үхжүүлдэг, зарим нь биднийг эрүүл болгодог бол зарим нь үхлийг хурдасгадаг.
  • Бид боловсруулсан, зөөлхөн, калориор баялаг хоол хэр их иднэ, тэр хэрээр бидний тархи томрон агаарын зам нарийсдаг байна. 
  • Амаар амьсгалахад хүний бие 40 хувиар илүү хэмжээний шингэн алддаг байна.

Гэх мэтээр зөндөө л зүйлийг тодруулж, цаас наажээ. Хэрэгтэй гэснийгээ, санаж явахад илүүдэхгүй гэснийгээ блогтоо бичиж үлдээнэ ээ. 

Хурхирдаг хүмүүс, унтаж байхдаа бүр амьсгал нь үе үе тасалддаг хүмүүс энэ номыг сайтар уншаад, ойлгоод, зөв амьсгалж сурахыг хичээгээсэй гэж зөвлөх байна. 

Хажуудах хань ижилдээ бас уншуулмаар байдаг. Хурхирдаг хүн. Би ч бас хурхирдаг гэсэн. Ха ха. 

За уншигч олон минь ч гэсэн амьсгалын талаар судлаад үзээрэй. Бүгдэд нь амжилт хүсье. Үргэлжлэлийг бичнэ ээ. 

Түр баяртай. 

0 件のコメント:

コメントを投稿