2025年6月6日金曜日

Ойрын сонин сайхан

Бичиж тайлагнах зүйл бол асар их. Үүнд уламжлалт арга хэмжээнүүдийн тухай ч бий. Шинэ соргог зүйл мэр сэр бий. 

Зулзагууд дор бүрнээ хичээгээд л. Бухимдах үедээ бухимдаад, инээх үедээ инээж хөөрөөд, хөөрөх үедээ хөөрцгөөгөөд л...

Бага зулзагын тамирын өдөрлөг болоод өнгөрөв. Хагас сайнд болох байсан чинь бороотой өдөр таарч хойшлоод, бүтэн сайнд ч бороотой тул дахин хойшлоод. Нэг өдөр ажлын өдөр зохион байгуулав. 

Ээж үдээс өмнө ажлаасаа чөлөө аваад л очиж үзэв. Аав чөлөө авч чадахааргүй чухал ажилтай тул гээд зулзагынхаа хэрхэн гүйснийг харж амжсангүй. Дараагаар нь хальт бичлэг л үзэв. 

Цар тахлаас хойш их төсөр зохион байгуулдаг болчихсон. Нэг бодлын их амар. 

Дунд зулзагын сонирхон хичээллэдэг үлээвэр найрал хөгжмийн зуны концерт болж өндөрлөв. Хотын дунд, ахлах сургуулиудын үлээвэр найрал хөгжмийн дугуйлангийн сурагчид оролцдог. 

Мөн ганц нэг томчуудын хамтлаг ч оролцоно. Очиж үзэв. Энэ жилээс бага сургуулийн сурагчид үзэхэд төлбөртэй болсон байв. Бид эхэндээ мэдэхгүй 2 л билет худалдаад авчихсан байсан чинь нэг нь үлдэх, эсвэл нэмж билет худалдаж авах болов. 

Хоёр залуугаа хөөж оруулчихаад, би өөрөө гадаа нь ширээ олж суугаад номоо дэлгэв. Үдээс хойш би багатайгаа хамт ганц нэг сургуулийн тоглолтыг үзсэн. 

Энэ зурагт харагдаж байгаа тэр дугуй ширээнүүдийг эзэгнэнхэн суух дуртай.Учир нь ажлын газрын ойрхон байдаг. Хүүхнүүд хэд хэдээрээ суугаад өдрийн хоолоо идэж харагддаг.

Би номын сан орохоосоо өмнө хааяа энд суудаг. Өдрийн хоолоо ажил дээрээ идчихдэг. Заримдаа гарч худалдаж авах үед энэ дугуй ширээнүүдийг түрүүлэн очиж эзэгнэх гэж хурдан хурдан алхана шүү дээ. 

Мөн яг энэ үеэр манга зураг зураачдын үзэсгэлэн гаргаж байсан. Үнэ төлбөргүй. Суугуул мужийн "ордон" энэ саруул гэрэл гэгээтэй барилга нь. 

Яг тэр бүтэн сайнд баг хорооны гал унтраах тухай сургалт болсон. Мөн бага сургуулийн нэрэмжит дахин ашиглагддаг хог цуглуулах арга хэмжээтэй байлаа. Нэг өдөр маш их зүйл амжуулсан, оролцсон, асар идэвхтэй өдөр байв. 

За тэгээд л нэг мэдсэн нэгдэх, нэг мэдсэн баасан гэх маягаар цаг хугацаа жирийж байна. 

Би нь өглөө, оройдоо ажлаа тараад алхаж байна. Нэг талдаа 25 минут. Одоогоор нэг их мэдэгдсэн зүйл алга. Нэг л мэдэхэд асар гуалиг болох байгаа гэсэн гэнэхэн мөрөөдөөд л алхаж байна. 

Блогчин Пиглет маань буцаж ирж байгаад баяртай байна. Бусдынхаар нь үе үе шагайгаад л явж байгаа шүү. Бичээд л яваарай та хэд минь. Аятайхан гэгээлэг зүйл уншмаар л байдаг шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿