2025年11月30日日曜日

Сайхан мандарин

Сайхан мандарин түүв. 2 долоо хоногийн өмнө л дөө. Нэг таньдаг өвөөгийн модыг ховх түүчих шиг болсон бид. Гэрийнхэн нь ч түүж амжаагүй байхад. Хэ хэ. Энэ жил ургац арвин жил гэнэ ээ. 

Бэрсүүт жүрж жимсэнд боловсордог жил, боловсордоггүй жил гэж байдаг гэнэ. Огт жимсээ өгөхгүй ч биш юм шиг байгаа юм. Бага ургац гардаг шиг байна лээ.

2 жилийн өмнө яг энэ модноос бас жимс түүгээд, блогтоо бичиж байсан. Тэр үед гэрийнхээ гадаа бэрсүүт жүржийн мод тариагүй байсан бол зулзаган мод суулгаад 2 дахь жилдээ явж байна. 

Одоогоор жимсээ өгч эхлээгүй байна өө. 
Харахад жижигхэн мод. Жимс ч цөөн юм шиг харагдана. Хэ хэ. Яг түүхээр хөөрхөн арвин ургац өгдөг юм билээ. 

Нэгэн төрлийн лийр жимс тариалдаг хүн. Лийр жимснийхээ модон дунд ийм модтой. Бидний мод хэзээ ургацаа өгөх бол? гэж ярилцаад л байж байна. 
Ойроос харахад ийм хөөрхөн өнгөтэй. Жижиг голцуу байсан ч маш амттай. Бид бүр о.зулзага руу гаа шуудандсан. Илжгэн жимс, лийр гэх мэт жимсний хамт. О.зулзага минь бөөн баяр.

Ингэхэд хүний мод их сайхан ургаад, бидний мод яагаад ургахгүй байна гэж ярилцаад, ирэх жил жаал судалж байгаад, хөрс энэ тэрийг нь жаахан бордоно оо. Тийм ээ? Айлын хоол амттай гэдэг шиг л. Хэ хэ. 

Энэ мод бол нэлээд олон жил болсон байх өө, тариад. 
Гэрийн гадаах мод зулзаган модтойгоо харьцуулаад л сууна. Хүний шунал их юм болохоор гялс л энэ мод шиг ургацаа өгч эхлээсэй гэж хүссэн шиг. Ккк. Сайн, зөв арчилбал манай мод ч ингэж ургах байх л даа. 

Морьтон монголын үр сад болохоор газар тариаланг нэг их сонирхохгүй л байх шиг өөрт минь санагдаад. Гэхдээ хүмүүсийн тарьж ургуулсныг, хурааж авч буй ургацыг харахаар дотоод хүн минь үзүүлээд өгөөч ээ, чи чадна шүү дээ, хэний үр сад болохоо харуулаад өгөөч ээ гээд байдаг, заримдаа. Ха ха. 

Тэтгэвэрт гарахаараа элдэв ногоо, жимсийг тарихыг үзүүлээд өгнө өө гэж бодоод л үүнийг бичиж сууна, зөв биз дээ? Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月28日金曜日

Хүлээлт

11 сард бүр овоо шүү. 3 ном уншиж дуусгаад одоо 4 дөх номоо уншиж байна. 

Ямартай ч уншсан шүү гэж санаж байхын тулд блогтоо зургийг нь оруулаад, хальт сэтгэгдэл бичихээр цаг нэлээд орой болсон хойно онгод минь бууж ирээд сууж байна. 

Хятад ард иргэдийн амьдралын тухай зохиол. Зохиолч нь Ха Жин. "Хүлээлт" гэдэг ном. Зохиолч Ха Жин нь 1985 онд нутгаасаа гарч эрдмийн мөр хөөн Америкт очсон юм байна. Нийт 8 роман, богино өгүүллэгийн 4 түүвэр, яруу найргийн 4 түүвэр хэвлүүлсэн гэнэ. 

Монгол хэлэнд ямар ямар зохиол нь орчуулагдсаныг мэдэхгүй ч энэхүү Хүлээлт роман таалагдлаа. Ойрд ч хятадын зохиолд их дуртай болж байна өө. Сонирхолтой, коммунист нийгмийн тухай уншихаар хэрэв манай улсад ардчилал гараагүй бол нэг иймэрхүү л байх байсан байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдоно. 

Эсвэл дээхэн үеийн хүмүүсийн амьдрал, хайр дурлал ийм л байсан байх гэж төсөөлж уншина. 

Хөдөө тосгонд амьдрах эхнэр охин. Суурин газар ажиллах армийн эмч нөхөр Лин. Энэ гурван дүрийн онцлог их хөөрхөн. Нөхөр Лин жаахан зориг муутай санагдах ч бас ч гэж жудагтай эр. Ажиллаж буй армийнх нь дүрэм журам ч их хатуу. Өнөөгийн үзэл бодлоор бол домбоо домбоо дүрэм ихтэй. 

Эхнэр Шуюй нь их өрөвдмөөр дүр ч бас л тэвчээрийн туйл юм аа. Лянхуа буюу шувуун хөлтэй хөөрхий минь. Гарсан эрдээ их үнэнч. Нэг л удаа нөхөртэйгөө хамт нэг оронд унтаж "ойртсон" байх. Харин ямар азаар охин төрүүлэв ээ гэж бодсон. 

Хуа охин өрөвч зөөлөн нэгэн болж өссөн нь аштайв дээ. Кон Лин эхнэртээ хайр сэтгэлгүй. Ээж аав нь хүчээр бэр авч, суулгасан тул арга ч үгүй биз? Хэдий хайр сэтгэл үгүй ч өвчтэй ээж аавыг нь хадан гэрт залартал нь асарч тойлсон тул ач санаад, түүнд хүндэтгэлтэй хандана. 

Сувилагч Ву Манна бүсгүй бас л тэвчээртэй. Харамсалтай нь нэгэн танхай залуу болох Ян Генд хүчирхийлүүлчихдэг нь өр өвдөм. Чанга хатуу дэглэмтэй нийгэм байсан хэдий ч зальхай, аргатай, хөрөнгөлөг нэгэн элдэв ёс бус үйлдэл гаргадаг байж дээ л гэж зэвүү хүрэв. 

18 жил хүлээсний эцэст Лин анхны эхнэр Шуюйгээсээ албан ёсоор салж Манна тэр хоёр гэрлэнэ. Манна хоёр ихэр хүү төрүүлнэ. Жирэмсэн байх үеийнх нь ааш араншин хөөрхөн санагдана аа. Аргагүй л жирэмсэн хүний ааш аяг даа гэж заримдаа инээд хүрээд, өхөөрдөв. Хэ хэ. 

Ихэр хүү төрсний дараах амьдрал мэдээж амаргүй байна. Лин сэтгэлийн амар амгаланг хүснэ. Удаах эхнэр Манна нь өвдөнө. Нэг их удахгүй байх гэж эмч хэлнэ. Өөрөө ч ихэд үймрээд, уймраад нөхөртөө элдэв ааш гаргана. 

Намрын баяраар Лин охин болон салсан эхнэр дээрээ очоод, амар амгалан амьдралын амтыг мэдрэхийн дээдээр мэдрээд, бага зэрэг уугаад согтоод унтчихна. Ийнхүү согтуудаа бас дуугай байхгүй, эксдээ би та хоёртоо эргэж ирнэ энэ тэр гээд бурчихна. 

Охин Хуа нь маргааш нь аавдаа "ээж таныг хүлээнэ гэсэн" гэж дамжуулна. Хо хо. 

Нэг иймэрхүү хаа хаанаа л нэг эрийг хүсэн хүлээсэн хоёр бүсгүйн тухай гарав. Мэдээж залуу ч гэсэн "хүлээлттэй" л амьдардаг л даа. Гэхдээ эмэгтэй хүмүүсийн хүлээлтийн хажууд бол юу ч биш. Мэдэв үү? Хи хи. Лин залуу Маннатай гэрлэхээр 18 жил хүлээхдээ өмнөх эхнэртэйгээ ч, шинэхэн дурлалт бүсгүйтэйгээ ч "загас наадуулалгүйгээр" бүхэл бүтэн 18 жил болдог гээд боддоо? Энэ дунд нэг удаа "нойтон зүүд" зүүдлэнэ ээ, хөөрхий минь. Түүнээсээ ихэд ичнэ. Хэнтэй ч ойртолгүй 18 жил үнэнчээр хүлээсэн түүний энэ их тэвчээрийг бол үнэлж байна өө. Түүнээс эрэгтэй хүн тэвчээргүй улаан туучийнууд гэж ирээд л ярьдаг даа. Ха ха.

Солонгос энэ тэр гээд гадаад явсан эрчүүд очоод л шууд хамтран амьдрагчтой болчихдог гээд л тэдний тэвчээргүйг гайхдаг болохоор, мөн манай дээхний зохиолуудад эрчүүд гэрийн тооно, хаяа зэрэр онгорхой л нүх сүв байвал зүтгээд байдаг гэж уншдаг болохоор Линийн тэр их тэвчээрийг үнэхээр гайхсан гайхсан. 

Дүрэм журам ихтэй, шийтгэл нь бас хатуу байсан зэрэг нөлөөлсөн л дөө, зайлуул.

Зохиолд гарах хятад хоолнууд харин их амттай санагдаад байсан. Хятад хоолны газар орж хоолломоор ч юм шиг. Саяхан бид гэрээрээ орсон л доо. Гэм нь зулзагууд дуртай их иддэг болохоор хөөрхөн үнэтэй тусна. Тийм болохоор хаа нэгтээ л орохгүй бол ч... Ккк

Сонирхолтой ном байсан шүү. Уншчихад илүүдэхгүй. Бид урд хойд хоёр хөршөө уншиж байх ёстой гэж боддог доо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月27日木曜日

Япон дэн буудал ба нуурын эрэг

Ажлаар явсан ганц нэг зурагнаасаа оруулах уу дөө. Монголоос ирсэн хоёр гурван хүнтэй хамт орж гарсан юм өө. Ойрд ингэж орж гарч ажиллаагүй зугаатай байлаа. Шинэ зүйл ч мэдэж авлаа. Шинэ газар ч үзлээ. 
Козэния гэдэг нэртэй япон маягийн дэн буудал. Энд хоноогүй ч өдрийн зоог идсэн. Би ажлаа хийж явсан тул олигтой хооллоогүй, ганц нэг загас л ам руугаа хийв. Зураг ч дарж амжаагүй ээ. 
Тоогоо нэртэй нуур. Цаана харагдаж байгаа нь мөн л япон маягийн дэн буудал. Бид нэг хоног буудалласан. Орой нь халуун рашаанд жаал суув. Томчуудын хүлээн авалт байсан тул бас л зураг хөрөг дарж чадаагүй ээ. 

Өглөөний цайныхаа зургийг л дарах шив дээ. 
Өглөөний цайгаа уучихаад гадагш гарч зураг дарав. Хүмүүсийнхээ ч зураг хөргийг дарж өгөв. Амар амгалан, сайхан амралт болно шүү. Настай голцуу хүмүүс их ирж амардаг юм. Халуун рашаантай болохоор тэр. Мөн нуурын эрэг дээрх байгалийн үзэсгэлэн нь сайхан л даа. 
 
Хоёр дахь зургийг би нөгөөдрийх нь үдээс хойш очихдоо дарсан. Яагаад дахин очсон бэ гэхээр манайхны нэг нь цамцаа өрөөндөө мартсан, дүрмийн дагуу. Хэ хэ. Дараа өөр хүнээр өгч явуулдаг байх даа. Нимгэхээн цамц байсан тул аваад явах хүн олдох байгаа? 

Энд тэнд явахдаа өрөөгөө сайтар шалгаж бай л даа, манайхаан. Ккк. Жижиг сажиг зүйлээ заавал мартана шүү. Бас эрчүүд нь эмэгтэйчүүдээ бага зармаар байна аа. Яг л ээж нь, эхнэр нь мэт л зарах гэх юм. Ганц хоёрхон хоногоор гадагш явж байж биеэ даагаад явчихаж болдоггүй юм уу? Хэдий дарга цэрэг байсан ч гэсэн өөрсдийнхөө зүйлийг өөрсдөө л хиймээр байх юм. Эхнэрүүдээ нөхрүүдээ бие даалгаж сурга аа, хэдий болтол ээж нь юм шиг аяглах вэ дээ? Ха ха. 

Хэд хоног дулаахан, налгар намрын өдрүүд байлаа. Энэ 7 хоног хүйтэн, бороотой байна өө. 12 сар ч гарлаа даа, тийм ээ? Сүлд модоо засна гэдэг том ажил хүлээж байдаг...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月26日水曜日

Сэтгэлзүйн тууриуд

Ээлжит ном. Монгол зохиолчийнхоо номыг унших ч аяа бас жаргал шүү. Сэтгэлийн таашаал эдэлнэ. Учир нь хэл ам сугалчих гэсэн гадаад нэр ус байхгүй. Дүр, зураглал нь дотно сайхан.

Цэнд-Аюушийн Буянзаяагийн "Сэтгэлзүйн тууриуд". Мүракамигаас дутахгүй гоёхон, соньхон санагдсан шүү. Мөн л 18 тууриудаас бүрдсэн. Мүраками цаашаа шүү гээд хэлчихбэл шүтэн бишрэгчид нь уурлах юм болов уу? Хүн хүний сонирхол, таашаал өөр шүү гэдгийг ойлгоорой. 

Үзэл бодол жаахан зөрснийгөө өстөн болгочих гээд байдаг шүү, бид. Хи хи. 

Бас л сонин хачин нэртэй тууриуд нь цаанаа л нэг егөөдөөд байгаа мэт санагдана. Өнөөгийн ахуй амьдрал, дээхний тогтолцооны тухай л ёгтоор шүүмжлээд, хүүрнэн өгүүлээд байх шиг санагдана шүү. 
Хүний дотоод нэлээд руу өнгийсөн, юу бодож сэтгэдгийг яруу тодоор харуулсан мэт... Олноороо нийлээд ирэхээрээ бас л муйхар хүч, муйхар зан ч дийлчихдэг гэдгийг хэд хэдэн тууриас нь харж болохоор. 

"Шар харганын туурь" инээдтэй ч юм шиг хэрнээ залхуу хойрго улсуудын балаг, итгэмтгий гэнэн хүмүүсийн балаг, өөрсдийг нь сүйтгээд байхад л итгэл үнэмшилдээ автаад, домог мэт худал ярианд итгээд бүгд багтраа өвчтэй болж байгаа нь харамсмаар. 

Зэрлэгээ зулгаахгүй, хашаагаараа дүүрэн зэрлэгтэй. Өөрөөс нь өндөр ургасан шарилж дундаа өлгийтэй жаахан хүүхдээ бүүвэйлээд суух юм энэ бүсгүй гэж ижий минь өмнөөс нь бухимдаад, өлгийтэй жаахныг нь бодохоор л тэр өндөр ургасан зэрлэгийг нь түүгээд өгчихмөөр санагдаад гээд л нэлээд дээхэн хажуу хавирганыхаа айлыг шүүмжлээд байсан дүр зураг л буугаад байлаа.

"Үүдэл эцгийн туурь" бас л зэвүүн. Нэгэн овог айл ирсэн зочноо хэрхэн хүлээж аваад, хэрхэн харж хандаад, хэрхэн нүд үзүүрлээд, хэрхэн хөөж туугаад зэрэг үйл явдал гарна. Энэ туурьд гарсан нэг ишлэлийг бичих үү? 

"Өнгөнд шунан, жөтөөнд сохорсон эм хүн гэдэг үнэнд биш хүссэндээ итгэдэг."

Ер нь эмэгтэйчүүд бид их олон юмны утга учир, учиг нь болж байдаг гайхалтай хүмүүс юмдөө л гэж бодов. Хэ хэ. 

"Хондогын өвөлжөөний туурь"-д бас л эмэгтэй хүний нэгэн чанарыг ингэж бичсэн байдаг. 

"Эмэгтэй хүний мөн чанар нунж дорой санагдах эр хүнийг тэсэн тэвчдэггүй бололтой."

Үнэн ч юм шиг. Эрчүүд цаанаа л нэг зоригтой, чиглүүлэгч байвал гэж санагддаг даа. Гэхдээ эм хүйстэндээ зөөлөн байх ёстой. Хо хо. 

Энэ туурь бас л хөөрхийлөлтэй. Хондогын өвөлжөөн дээр хүн боогоод үхчихсэн байхыг хараад бусдадаа хэлж мэдэгдээд, тэгсэн дараахан нь өнөөх цогцос нь алга болчихоод. Хүмүүс түүний үгэнд итгэхгүй, эсрэгээрээ хий юм харлаа, хүн амьтан үймүүллээ гэж зэмлээд гээд л үйл явдал цааш өрнөнө...

Нэлээд сонин содон, тэр бүр хэл яриандаа хэрэглээд байдаггүй үгстэй таарна. Хэрэглээд сурчихвал ч тийм ээ? 

"Хуучин юмсын туурь" бас л сэтгэл рүү ёнк гээд л явчихна. Ижий аавууд хажуудаа байлгаад л байдаг нэг хүүхэд байдаг даа. Яахав тэр нь гэр бүлтэй, өөрийн гэсэн амьдралтай бол болж байна. Харин эсрэгээрээ тийм биш, гон бие гозон толгой байвал ч энэ туурьд гардаг Энхсүхтэй л адил амьдрал туулах юм болов уу ч гэж бодох шиг...

"Хүний төлөө амьдрах нь өөрийнхөө төлөө амьдрахаас ч илүү үнэ цэнтэй."

"Хүний амьдрах хүсэл үхэх хүслээс нь илүү үнэ цэнтэй."

"Булингарт голын туурь"-ийг уншихаар яг л өнөөгийн Улаанбаатар хотын дүр төрх нүдний өмнүүр жирэлзээд, сэтгэл хөндүүрлэв. Туул гол жаахан байхад минь их том сүрлэг гол байж дээ, би ч өөрөө жаахан байж дээ гэж бодон бодон уншив.

Гэснээс би "Морин уруул" номонд нь дуртай, хайртай. Дараа боломж гарвал бусад бүтээлээс нь ч авч уншина даа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月12日水曜日

Намрын өнгө

Намрын налгар өдөр ховор ч юм шиг санагдаад байна өө. Бүрхэг, бороотой өдөр голцуу. Амралтын өдөр бороо нь таарна. Ажлын өдөр нарлаг өдөр нь таарахаар тэгж санагдаад байж магад. 

Ямартай ч саяын өнгөрдөг хагас бүтэнд сайнд ууланд гарав. Бүтэн нэг жил уулзаагүй уулынхаа хэдтэй уулзаж, сонин сайхнаа ам уралданхан л ярив. 
Харих замдаа эндхийн намрын өнгийг сэтгэл зүрхээрээ мэдрэхийг хичээв. Кооёо хэмээн нэрлээд моддын навчисыг өнгөө хэрхэн хувирган, байгаль дэлхийгээ хэрхэн чимж байна вэ гэдгийг үзэж харж, мэлмийгээн, сэтгэлээн баясгадаг улс аа япон хүмүүс. 

Бид ч удаж байгаагийн хэрэг юу билээ? Усыг нь уувал ёсыг нь дагаж баясна. Энд тэнд явахдаа блогтоо оруулах гэж зураг дардаг минь хэвээрээ. Уншдаг нь харин хэд бол? Гэж бодогдоно үе үе. Байнгын уншигчдадаа харин ямагт талархаж явдаг шүү. Баярлалаа. 
Уулнаас бууж, харих өдөр минь бороотой, бүрхэг өдөр таарсан. Хэдий тийм ч бууж зураг дарахаасаа халшрахгүй ээ. Хойрго зангаа засах гэж хичээж буй ч заримдаа хойрго зан минь хөдөлнө өө гэж. 

Саяхан бас Батцэцэгийн "Хойргошилд цэг тавих" гэдэг дугаарыг нь сонссон хүн байна даа. Гэснээс хойрогшил гэж бичих үү? Хойргошил гэж бичих үү? Миний бичсэн зөв байх гэж бодоод. Батцэцэгээ "хойрогшил" гэж бичсэнийгээ засаарай. 

Олж унших болов уу даа? Таньдаг нэгэн нь уншвал хэлээд өгөөрэй. Хэ хэ. 
Энэ зураг тухайн өдрийн оргил зураг байсан. Доороо голтой. Модод нь алагласан. Алсад манан татаастай. Байгалийн өнгө үзэмж хосолсон байна уу? Зураг дарах мэдрэмж, авъяас байна уу? Хэлээд өгөөрэй. Байна гэвэл мэргэжлээ солих уу? Шинэ хоббитой болох уу? Шийдмээр байна өө. Ха ха. 

Намрын өнгөний тухай бичиж явсан хүн хадуураад байна. 

Шав шаргал навч ховор таарна. Ажлын гадаах шар навчны зургийг дарах гээд л мартчихаад яваа юм байна шүү. Шаргал өнгө харахаар эх орны минь, төрөлх хотын минь гудамжны модод л санаанд буудаг даа. Гэм нь одоо ширэнгэн барилгууд нь олшроод моддыг нь сугалаад хаячихсан дүр зураг л буух гээд байдаг болж дээ. 

Дараагийн бичвэрт өөр бусад ганц нэг зурагнаасаа оруулна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月11日火曜日

Эмсгүй эрс

Сүүлийн үед номыг нэг тийм удаан уншаад байна өө гэж бичсэн тийм ээ? Номыг уудаг хүмүүсийн туршлагаас суралцмаар байх юм. Би өөрөө тийм хүмүүсийн бичсэн номыг уншаад блогтоо бичээд байсан ч билүү? Ха ха. 

Та нар жаахан амьдралтай зүйл бичиж бай л даа. Би хэрэгжүүлж чадаагүйг бодоход амьдралаас тасархай, хол зүйл бичсэн бололтой дог шүү, тийм үү? Аминдаа л хаа явсан газраа ном дэлгээд л байгаа юмсан. Зарим нэг хүмүүс худлаа хэлбэрдлээ гэж боддог байж магад л юм. Тэр хүмүүсийн юу гэж бодох нь тэдний дурын л асуудал. Би тэгж бодтол нь хэлбэрдэж чадаж байна гэдэг чинь бас л сүрхий байгаа биз дээ? Хэ хэ. 

За тэр ч яахав. Он дуусах гээд байдаг, учиргүй 50 ном уншина гэж ам өчиг өгөөд байсан чинь талдаа ч орохгүй л хуучин оноо үдэх нь. 12 сард бөөндөх үү дээ? Хи хи.  

Мүраками Харүки зохиолчийн "Эмсгүй эрс" гэдэг ном. 7 өгүүллэгээс бүрдсэн. Гарчигнаас нь харахад дээхэн уншсан "Шивэгчний үлгэр" ном шиг байх гэж төсөөлөөд байлаа. Тэгсэн чинь үгүй юм аа. Хаа байсан 2018 онд орчуулагдаж хэвлэгдсэн байх юм. 7 жилийн дараа уншдаг гэнэ ээ. Бодвол Мүракамид нэг их дурладаггүй болохоор тэр байх... 

Гэсэн хэдий ч түүний 3 дахь номыг нь уншиж байна өө. Цаашид ч унших байх өө. Хэ хэ. Тэгж байгаад өөрөөр хэлбэл уншсаар байгаад дуртай, таалдаг болчих байх өө. Хи хи. 

Япон хүмүүсийн тэр дундаа япон эрэгтэй хүмүүсийн дотоод сэтгэлийг уудалсан шиг санагдав. Нэг тийм чимээгүй, дотуур тамиртай ч юм шиг, дуугай хүмүүс. Нөгөө талдаа нэлээд ганган, гоёмсог, ихэмсэг, яриа хөөрөө сайтай хүмүүс... Тэдгээр бүхий л эрчүүд нь эмэгтэй хүнээр дутагдсан гачигдсан, эмэгтэй хүнээс амьдрал нь шалтгаалсан гунигтай ч гэмээр амьдрал туулж яваа тухай агуулга бүхий өгүүллэгүүдийн түүвэр ном байлаа. 

Үе үе зохиолч өөрийнхөө тухай хэлээд ч байх шиг санагдана. Сонгодог хөгжим, жааз хөгжимд дуртай юм билээ. Байсхийгээд л миний мэдэхгүй дууны нэр, дуучны нэр, хамтлагийн нэр гарна. Тэгэхээр өөрийнхөө л тухай биччихсэн мэт...

Эмэгтэй хүмүүсийн ааш араншинд "дарлуулаад", "дээрэлхүүлээд", "эмзэглээд", "зөрчилдөөд", "гомдоод" эсвэл эсрэгээрээ эмэгтэйчүүдийг "дээрэлхээд", "дарлаад", "гомдоосон" ч тэдэнгүйгээр нэг ёсондоо эмэгтэйчүүд бидэнгүйгээр та нар хэн ч биш болчихдог нь ер нь хаана ч адил юм биш үү, эрчүүд ээ. Зөвхөн монголд ч биш. Гадаадад ч тэр. Ха ха. 

За тэгээд ганц эрэгтэй хүн гэлтгүй эмэгтэйчүүд ч өөрсдөө эргүйгээр оршин тогтноход хэцүү л юм даа, тийм үү? 7 өгүүллэгт гардаг агуулга бүгд л эр эмийн харилцааны тухай. 

"Drive my car", "Yesterday", "Эсэргүү эрхтэн", "Шэхэрэзада", "Кийно", "Бөөрөн хэлбэрт чулуу", "Эмсгүй эрс" гэсэн гарчигнуудаас харахад л хачиг жигтэй нь уншигдаж байна уу? 

"...хэн нэгний сэтгэлийг нээж үзмээр санагдвал эхлээд өөрийнхийгөө харах хэрэгтэй..."

"Амьдрал гэж дуусашгүй замаар тойрохыг хэлнэ."

"Эмэгтэй хүн бүр гойд худлаа ярих бүхий зориулалт бүхий эсэргүү эрхтэнтэй төрдөг."  Энэ их гоё хэлсэн байна уу? Үнэн ч гэх юм уу?  Ккк. 

"Гэхдээ эрчүүдийг тэнгэрт тултал хөөргөдөг, газар доор ортол гонсойлгодог, солиоруулж бас сэргээж өгдөг, амтат төсөөллөөр бялхаадаг, заримдаа эрлэгт аваачдаг энэ эсэргүү эрхтэн байгаагүй бол хүний амьдрал дэндүү уйтгартай, бүдүүн хадуун болох бус уу. Эсвэл цутгасан юм шиг нэгэн хэвийн үргэлжилсээр удалгүй эцсээ үзэх байсан биз."

Бас нэг зүйл нэмж хэлэхэд хайр үгүй бэлгийн харилцааны тухай их өгүүлнэ. Нууц амрагууд, амьдралд утга учир нэмэх бүсгүйгээ олохын тулд олон бүсгүйг солих гэх мэт дурлалгүй сексийн өгүүлэмж. Тэдгээр эрчүүдийн тайтгарал нь бэлгийн харилцаанаас авч буй таашаал. Тийм л учраас олон бүсгүйтэй учир ургуулдаг байх нь. Мэдэж авлаа. Хо хо. 

За тэгээд уншмаар байвал уншина биз, уншмааргүй байвал уншихгүй л байхад болно. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月1日土曜日

Шинэ сарын мэнд ээ

Зээ, шинэ сарын мэнд ээ. Хоёрхон сарын сарын дараа шинэ он гарлаа шүү дээ. Ямар хурдан өнгөрч байна аа, энэ цаг хугацаа. 

Юу амжуулав? Ямар өөрчлөлт гарав? Гээд л хүмүүс дүгнэдэг сар айсуй. Эх оронд минь баахан шилдгүүдээ тодруулна. Суугуул нутагт маань цалингийн урамшуулал авдаг. 

Даанч миний цалингийн тогтолцоонд шагнал урамшуулал байхгүй. Худлаа юм шиг сонсогдож магадгүй, өмнөх ажил минь ч тийм байсан. 

Энэ мөнгөн шагналын тогтолцоо таалагддаг. Хүн гэртээ хэрэгцээтэй, үр хүүхдэдээ хэрэгцээтэй зүйл худалдаж авахад зориулна. Эсвэл ирээдүйдээ зориулж хадгаламж үүсгэнэ. 

Гэтэл эх оронд минь явуулдаг баахан л шилдэг гэсэн тэмдэг, жаазтай жуух бичиг нь үр ашиггүй зарлага гэж санагдаад байдаг юм. Сүүлийн үед мөнгөн урамшуулал өгдөг газрууд олширсон гэж сонссон л доо. Нүүрномоос харж байхад том том жаазтай цаас барьсан хүмүүс харагддаг болохоор, тийм л төсөөлөл байна өө. 

Зулзагууд Санта өвөө  ирнэ, ирэхгүй гэж ярилцаад эхлэв. Ангаргаас ирсэн зулзага минь үзэгний сав нь муудсан тул захиалж байх шиг байна лээ. Гэснээс энэ ангараг гарагийн улсууд юмыг "эвдэх" одонд төрсөн байдаг уу? Хүрсэн, хэрэглэсэн болгоноо эвдээд байна. Ха ха. 

Хөндлөн зураг: Галын дөл өөдөө. 

Сугараа ирсэн нь ч яахав, ижий нь өөрөө сугараас ирсэн юм болохоор ойлгоод ч байх шиг хүссэн зүйлийг нь. "Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө" гэсэн байгаа. Би ч мөнгөнд дуртай, мөнгө ч надад дуртай. Тэгэхээр болгоно доо, амжуулна даа. 

Мөн Крисмасын баяраараа идэх бялуу, тахианы мах захиалах юм гэсэн, эртхэн шиг. 

Япон улс нь түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болж, өнөөх нь Трампыг эх орондоо дуудаад уузлах шив дээ. Хэ хэ. Гэтэл эх орон минь нэг л биш ээ. Хааяадаа гэр лүүгээ залгах юм. Тоггүй л гэнэ, бинзенгүй л гэнэ. 

Чаддаг бол бүгдийг нь энд аваад ирмээр. Ялангуяа жаахан маамаатай гэрийнхнийгээ. Ахмадууд бол ирэхгүй л дээ. Энд уйддаг, даардаг, хөрдөг, халууцдаг. Даралт нь хэлбэлзчихдэг. 

Миний хувьд тэмдэглэлийн дэвтрээ сайн хөтөлж байгаа. Яахав болсон, тохиолдсон зүйлсээ л тэмдэглэж байна. Түүнээс нарийн ширийн данс тооцоо, мөрөөдөл, дадал, санхүү, манифест гэсэн зүйлсийг алгасчихаж байна өө. Толгойгоо гашилгахаас халшраад байх шиг...

Доторх жаахан хүүхдийнхээ хүслээр хөөрхөн хөөрхөн наадаг цаасыг бол маш идэвхитэй нааж байгаа. 100 иений дэлгүүр орохдоо заавал нэг наадаг цаас авдаг болсон бнай лээ. Уг нь бол аяга угаагч нэхэх утас л худалдаж авдаг юм. 

Аан тийм, сэрүүсэх биш хүйтэрчихсэн. Айхтар халуунаас гэнэт хүйтрэх чинь хүнийг бээрэг болгодог юм байна. Даараад эхэлсэн. Нэг тийм налгар намрын өдөр барагтаа гаралгүйгээр өвөл болчих гээд байна өө. 

За тэгээд он дуустал блогоо ч бичсээр л байх юм шүү гэж зорилт тавиад,түр баяртай. 

Бүгдэд нь амжилт хүсье.