11 сарын сүүлээр уншиж дууссан. Бичих гэсээр байтал 12 сарав гарав. Энэ сардаа ч чадвал 4 ном, чадахгүй бол 3 ном унших юмсан даа. Гэхдээ байна аа? 12 сард ч ачаалалтай сар тийм ээ?
Санта өвөөг угтах, үдэх. Шинэ оноо угтах, хуучин оноо үдэх гээд л. Ажлын газрын "хуучин оноо мартах" нийллэг. Хо хо.
Эдит Эгер гэдэг зохиолчийн "Бэлэг" гэдэг ном. Grandbook Publishing-нхны орчуулан гаргасан номнуудаас нэлээдийг нь уншсан. Энэ ном бараг 9 эсвэл 10 дахь байна уу даа? Сайн хөрөнгө оруулагч байна уу? Хэ хэ.
Агуулга таалагдсан. Ерөнхийдөө амьдрал бол "БЭЛЭГ" юм шүү гэдгийг ойлгоосой гэж хэлэх гээд л байх шиг. Хүний эргэн тойронд олон бэлэг байдаг шиг. Бид түүнийг олж хардаггүй байх тийм үү?
Өшөө хорсол, уур бухимдал, өдөр бүрийн стресс, сэтгэл хөдлөл гээд л олон хүчин зүйлээс болоод харалган болчихдог нь үнэн л дээ. Би ч эргэн тойронд минь буй олон олон бэлгийг амтлах гэж хичээж л явна. Жижиг зүйлд баярлах, жижиг зүйлээр баярлуулах гэх мэт...
Мөн төгсгөлийн хуудаснуудад "уур"-ны тухай өгүүлсэн байсан нь яг одоогоор толгойд хадагдчихажээ.
Би ч ууртай. Уураа харин хаана хэрхэн гаргах вэ гэдэг чухал юм байна. Мэдээж уурлаж, гадагшуулж байх ёстой гэсэн шүү. Эзгүй газар очоод орилох, дэрээ балбах, яадаг юм аяга тавгаа хага шид. Гэх мэтээр уур хилэнгээ хүлээн зөвшөөрч, чөлөөлөл хэрэгтэй гэсэн шүү.
"Таны амьдралыг аврах 12 сургамж" гэж бүлэг болгоны төгсгөлд байсан. Энэ талаар бага зэрэг тэмдэглэж бичнэ ээ.
1. Хохирогчийн сэтгэлгээнээс салах арга замууд
2. Зайлсхийлтээс салах арга замууд
3. Өөрийгөө гаргуунд гаргахаас салах арга замууд
4. Нууцаас салах арга замууд
5. Гэмшил, ичгүүрээс салах арга замууд
6. Шийдээгүй уй гашуугаас салах арга замууд
7. Хөшүүн зангаас салах арга замууд
8. Өшөө хорслоос салах арга замууд
9. Айдсаас салах арга замууд
10. Шүүлтээс салах арга замууд
11. Цөхрөлөөс салах арга замууд
12. Уучлахгүй байхаас салах арга замууд
"Сэтгэл зүйн шорон" гэдэг ойлголт гарч ирнэ. Бидний бодол санаа, итгэл үнэмшил үйл хөдлөлийг маань чиглүүлж бас хязгаарладаг зүйл бол сэтгэл зүй юм. Өөрөөр хэлбэл, бидний юу хийх, эс хийхийг шийддэг гэсэн үг.
Эрх чөлөөний үндэс нь сонголт хийх хүч чадал юм.
Эерэг сэтгэлгээг дадал болгох аваас бид хөгжин дэвжих боломжтой болох юм.
Сэтгэл зүйн шоронгоос чөлөөлөгдсөнөөр биднийг хойш чангааж байсан хүчин зүйлсээс ангираад зогсохгүй хувь заяагаа удирдах боломжтой болдог.
Бэлэн болох хүртлээ бид өөрчлөгддөггүй.
Хохирогч нэгэн "Яагаад би гэж?" гэж асуудаг бол тэмцэгч нэгэн "Одоо яах вэ?" гэдэг.
Гэхдээ хүн бүр хохирогч байх, эс байхаа сонгох эрхтэй. Бидэнд юу тохиолдохыг хэлж мэдэхгүй ч тохиосон үед ямар хариу барихыг сонгох боломж үргэлж байдаг юм шүү.
Хохирогчийн сэтгэлгээ нь үхлээс ялгаагүй зүйл. Учир нь хохирогч болсноор өнгөрсөндөө, өвчин шаналалдаа, уй гашуудаа гацаж, чадахгүй бас байхгүйн мөнхийн зовлонд унадаг.
Дэлгэрүүлж бичихийг хичээнэ ээ, дараагийн бичвэрт.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.