Бага зулзага минь бараг алхчихлаа. Хоёр гараа дээш өргөж, тэнцвэрээ авч байгаад л хөлөө энд тэндгүй зөөж байна. Маш хөөрхөн, бөөн эгдүү.
Бид наашаа наашаа ээждээ ир, наашаа наашаа аавдаа ир, наашаа наашаа эгчдээ ир гэж ирээд л булаацалдах нь холгүй, баясаж байна.
Замд нь ямар нэгэн зүйл тааралдвал хаширлаад суучихаж байгаа юм. Аминдаа хайртай гэж...
Бусад маамаа нарыг бодвол жаахан оройтож хөлд орж байна. Хоёр эгч нь бас оройхон л хөлд орж байсан. Үүнд нэг их эмзэглэхгүй байгаа. Архаг ээж юм болохоор тэр. Анхны үр минь байсан бол сандраад, санаа зовоод л элдэв хүнээс асуух, нетээс ухаж төнхөж хайх л байсан байх...
Одоо гол асуудал мөөмнөөс нь гаргах асуудал үлдэж байна. Гэртээ өнжихөөрөө бидэн хоёр тувт зууралдаастай. Ээжийнхаа энгэрээс ёстой нэг зүүгдээстэй өнжиж байна аа.
Бувар бувар гээд мээмээ идэж байгаа хацрыг нь харахаар л өрөвдөөд, өхөөрдөөд, хайр хүрээд мөөмнөөс нь гаргахаа хойшлуулаад л сууж байна. Хань ижил харчихаад л
-Та хоёр энэ янзаараа мээмнээс гарахгүй ээ...
Гээд шоолоод байх юм.
Бодоод байсан охидоо маш шийдэмгий, дайчин, тууштайгаар мээмнээс нь гаргасан байх юм. Залуу ч байж, том зулзага дээрээ ээж өөрөө хүүхэд ч байж. Дунд зулзага дээрээ одоогоос есөн насаар залуу байж.
Одоо болохоор хожуу төрөлт. Нас ахиад, өрөвч зөөлөн болсон байх нь... Ккк
Алтан долоо хоногийн амралтаа, багыгаа харж баясаад л өнгөрөөж байна. Жаахан маамаа нэг жилд маш их зүйл сурч байхад томчууд бид юу сурч байна аа? гэж том зулзага хэлсэн. Хэ хэ.
Бодоод байсан нээрээ энэ нэг жилд би хэрхэн хөгжив? Миний тархи хэрхэн хөгжив? гэж жаал бодов.
Аягүй дарамттай байна уу? Зулзагаа зүгээр нэг хөлд оруулчихгүй бас хөгжил дэвшил яриад, өөрийгөө дарамтлаад байдаг тэ.
Энэ бол коронагийн ач шүү дээ. Учир нь хүмүүс гэр зуураа өнжиж, өөрөө өөртэйгөө ярих, гэрээрээ ярилцах цаг зав ихтэй болсон...
Гэх мэтээр мааш өөдрөг байна дөө гэж. Та бүхэндээ бас амжилт хүсье өө...
0 件のコメント:
コメントを投稿