ラベル Гал тогоо の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Гал тогоо の投稿を表示しています。 すべての投稿を表示

2026年7月9日木曜日

Цаанаа л амттай

Эх орондоо салхи шиг нисэж очиж ажиллахдаа хуушуур голцуу хоол идэв. Аминдаа хамт явсан залуустаа монгол хоол идүүлчих санаатай. Хуушуурыг ихэнх япон хүмүүс амттай гээд, зарим нь бүр дурлаад захиалга өгч, хийлгэж иддэг юм, энд. 

Энэ Чингисийн хүрээн дэх өдрийн хоол. 5 хуушуур ирсэн. Бүгд ийм том далбагар. Хэ хэ. Тавуулаа явсан юм, нэг нэгээр нь амаа олохгүй л идэв. Манай хэд бас намайгаа мэддэг, зураг аваарай гэж ирээд л. Хөөрхөн. 

Амьдарч буй цаг үе нь ч нөлөөлдөг байх, хоолны зураг авахад нэг их төвөгшөөхгүй болсон байна лээ, энд тэнд явахад. 
Хаа очиж гурил нь нимгэндүү, шажигнасан амттай. Би зузаан гуриланд тийм ч дуртай биш. 

Бидний гэртээ хийж иддэг хуушуурыг бодвол махны хольцонд ногоо бага. Бид ч энд байцаа, лууван, гогод, сонгино, саримс, гоньд гээд л хольдог юм. Би бол бүр дан ногоотой хуушуур хийж идмээр л байдаг. Гэрийнхэн таалдаггүй л болохоос...
Нэг япон калуу маань нэг монгол сурагчаас цуйван гэдэг үг сурсан юм билээ. Бодвол дуртай монгол хоол чинь юу вэ? гэхээр нь мань хүн хэлсэн байх. Хэ хэ.

Тэгээд тэрний дуртай хоол цуйванг идэж үзмээр байна гээд захиалсан. Хаа очиж ногоо ихтэй байсан. Надад таалагдсан. Чухам монгол эрчүүдэд яах юм байгаа юм? Ха ха. 

Гэснээс ойрд цуйван хийж өгөөгүй юм байна. Бодвол идмээр л санагддаг байх даа? Өөрөө хийгээд идэж бас болно тийм ээ? Хо хо. 

За наадам ч дөхлөө. Дугуй хуушуур хийж чадахгүй улс чинь гэрийн хуушуураа л хайрч идэх байх даа. 

Гэхдээ би энэ халуунд хуушуур хайрмаагүй байна  өө. Би монголд урьдчилаад зөндөөг идчихсээн гээд л номоо уншаад сууж баймаар байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年7月1日水曜日

7 дугаар минь сайн байна уу?

Энэ сард ч номоо уншингаа, блогоо бичингээ, аяга угаагчаа нэхэнгээ ажлаа хийнэ дээ. 

Ажил нэгт үү? Гэр бүл нэгт үү? Хобби нэгт үү? Би өөрөө нэгт үү? 

Японд ажил нэгт болчих гээд байдаг тул үүнийг өөрчлөх гэж үзэж тарна. Угаасаа сүүлийн үед сонсоод буй нэгэн хүний ютүб дээрх бичлэгүүд дээр ч гардаг юм. Тархи судлаач япон хүн. 

Энэ мэт "өөр хүмүүс" төрөн гарч, олон нийтэд үгээ хүргэж буйд олзуурхнам...

ирэх сард эх орондоо томилолттой тул мэдээж хоёр улсын хооронд холбоо барих, орчуулах, зохицуулах ажил ихтэй. 

Мөн сургуулиудын зуны амралт эхлэнэ. Зуны даалгавраа хий гэж үглэдэг ажил нэмэгдэнэ. Багахан зулзагынхаа амралтын өдрүүдийг зугаатай өнгөрүүлэх тал дээр анхаарна. 
Дундхан зулзага өөрөө өөрийгөө яаж ийгээд болгох биз? Ээж нэг их оролцолгүй, нэг их үглэлгүй, хэт дураар нь тавилгүйгээр хянасхийгээд л явахад болох байх. 

Гэх мэт хувь, хувьсгалын ажил ундрана, ундарна. 

6 сар өглөө оройдоо харьцангуй сэрүүхэн сайхан өнгөрсөн. Бодвол эх орон минь хүйтэн байсан болохоор тэрхүү салхи, хүйтэн агаар урагшилсан байх. 

7 сар хэр байх нь уу? Халж эхэлж л байна. Өнөөдөр гэхдээ аадар бороо орж байна. 
Эх орондоо очсон хүн байна даа, аагтай шаргал сүүтэй цай уусан. Би уг нь цайсаг хүн биш л дээ. Багад бид давс султай цэхэр хярам уудаг байсан. Хотын айл болоод ч тэр юм уу? Сүүгээр бялхаж, цалгиж байгаагүй л дээ. 

Эндээ ч би хярамлаад уух дуртай. Тэгээд ч эндхийн сүү тослог багатай тул манайхных шиг аагтай шаргал цай болохгүй л дээ. 

Шар тос сайн гэхээр хэтрүүлж хэрэглээд байгаа ч юм бшиг санагдсан. Угтаа багахан шигийг л хөвүүлдэг биш билүү? 

За мэдэхгүй юм даа. Гэснээс би сая шар тос авчраагүй. 5 сард монголоос ирснийг нь би л ихэнхийг нь идчихсэн болохоор, жаахан завсарлах санаатай. Хэ хэ. 

Энэ сардаа ч блогоо идэвхтэй бичихийг өөртөө хүсье. Ном ч мэдээж ойлгомжтой. Маш энгийн дадал минь болж чадсан учраас. Одоо өглөө эрт босдог дадлыг маш энгийн дадлаа болгомоор...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年6月26日金曜日

Шагар сонгино

Ийм нэртэй ургамал? Эсвэл хүсний бүтээгдэхүүн та нар сонсож байсан уу?

Би сүүлийн хэдэн жил хүнсэндээ өргөн хэрэглэж байгаа. Заримдаа ч хөргөгчнөөсөө гаргаж ирэлгүй, мартчихаад байдаг юм. Карритай будаа хийж идэхдээ бол хамт иднэ. 

Япон нэр нь раккёо, монголоор шагар сонгино. Өнгөрдөг жил бичсэн тул сонирхоно биз ээ?

                            

Суугуул мужид минь тариалдаг. 6 сарын эхээр худалдаанд гардаг. Дуртай хүмүүс нь худалдаж аваад, тусгай цуунд дардаг. Улирал нь эхлэнгүүт дэлгүүрүүд үүдэндээ худалдан авагчдын нүдэнд шууд өртөхөөр газар байрлуулдаг. 

Бидний нүдэнд ч өртөнө. Хань ижил нэлээд идэвхитэйгээр шаарддаг. Хүүе, раккёогоо дарахгүй юм уу? гээд л. Цуу нь, дарах шил нь гээд бүгд нэг дор байршуулаад зардаг. 

Цуу нь ийм. Тусгай бэлдчихсэн байдаг. Нэмж улаан чинжүү ганц нэг ширхэгийг нэмж хийхэд л болохоор амархан дардаг болсон. Түүнээс дээхэн үед бол нэлээд ажиллагаатай байсан байх. 

Гэхдээ байна аа, мэдээж угаана. Мөн халуун усаар ариутгал болгож хальт угаана. Огт гараа хөдөлгөхгүйгээр амттай, эрүүл хүнс иднэ ч гэж юу байхав? Тийм үү? 

Бид энэ жил харьцангуй багыг авч дарав. "Ногоон чавга" үйл ажиллагаандаа жаахан ядраад, би... Хэ хэ.
Дөнгөж хураасан, шороотойгоор нь ч зардаг. Ингээд арилгаад, угаагаад ууталчихсаныг ч зардаг. Манайх чинь чавганы дарс хийх энэ тэр гээд ажил ихтэй улс тул бэлэн ийм ууттай бэлэн шахуу шагар сонгино аваад адрчихдаг. 

Гэснээс энэхүү шагар сонгиныг өдөрт 4-5 ширхэгийг идвэл цус шингэрүүлдэг гэж ярьдаг юм билээ. Тэр утгаараа идэх дуртай ч хүн байдаг, эсрэгээрээ дургүй ч хүн байдаг юм билээ. 

Би болон хань ижил дуртай. зулзагууд харин идэж өгөхгүй л байна. Сургуульд нь өдрийн хоолонд гарахаар иддэг гэсэн. Учир нь сургуульд аль болох үлдээж болохгүй гэж сургадаг тул. 

Японд байдаг хүмүүс байвал энэхүү шагар сонгинотой таарвал идчихэж байгаарай. Битгий буцаарай...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年6月24日水曜日

Ногоон чавга 2

Үргэлжлэл.

Ногоон чавганы дарс хийхэд уг нь тусгай ликёр ашигладаг юм. Бид харин монголоос бэлгэнд ирсэн цагаан архиа ашиглаж хийдэг. Илүү амттай болдог. Нэлээд хэдэн жилийн өмнө нэг япон ярьж байсныг нь хэрэгжүүлж үзээд. таалагдсан. 

Ирсэн зочдод минь ч таалагддаг. Түүнд нь урамшаад л бид жил бүхэн ингэж дарс хийгээд байна өө. 

Зарим нэг уух дуртай хүний нүдээр харахад зүгээр л архиар нь уухад яадаг юм гэж бодогдохоор. Гэхдээ байна аа, энд энэ хатуу архийг уух нь нэг л боломгүй. 

Тэгээд ч эрүүл мэндэд хортой. Хань ижил шар айраг уух дуртай, цагаан архиас илүү. Хаа нэгтээ виски ууна. Би улаан дарсанд дуртай. 

Архины төрлийн зүйл сурталчлаад уучлаарай. Мөн архинд дуртай гэж хэлсэнд өршөөгтий. Хэ хэ. 
Өнгөрдөг жил маш олон архийг дарс болгосон. Тэгсэн энэ 1 жилийн хугацаанд бас л хөөрхөн архи цугларсан байна уу? 

Үүнээс харахад манайд овоо тооны хүмүүс зорин ирдэг байх нь тийм үү? Өнөөх "Зан сайтай айлд хүн бүхэн цуглана" гэдэг нь шүү. Хи хи. 

Мэдээж яг манайд ирээгүй ч ажлын шугамаар надад бэлгэнд ирсэн архи ч бий. 
Энэ архийг ихээ олон жил дүү минь ирэхдээ бэлэглэсэн. Шил нь хөөрхөн байсан болохоор тэр байх, хадгалаад л байсныгаа сая зориглоод ашиглачихлаа. Мөн шилийг нь ч хаяихлаа. Хэ хэ. 

Элдэв хэрэггүй зүйлсээсээ салах гэж үзэж тарах гээд л... Нэг л болж өгөхгүй байна. 

Монголд ойрхон байдаг бол шууд л хэрэгтэй хүнд нь өгчихмөөр...

За дарс ажиллагаа дууссан, ашгүй. Одоо амттай болог ээ гэж ерөөгөөд л суух үлдсэн. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年6月23日火曜日

Ногоон чавга 1

Уламжлалт бичлэг шүү. Өнгөрдөг жил ч энэ тухай бичсэн байх. Уулнаас нь очиж түүж ирнэ. Түүнэ гэдэг нь газраас биш, модноос. Заримдаа бүр модондоо авирна. Шат тавьж авирна, шатан дээрээсээ түүнэ. 

Бөөн дур уу? Хань ижлийн сонирхол бастүлхүү яваад байна л даа. Би архи уух хоббигоо бага зэрэг халж байгаа. Хааяа л нэг ажлын шугамаар...

Ийм ногоон өнгөтэй. Модондоо удахаараа шарлаад зөөлөн болдог. Ногоон байхад нь навчнаас нь ялгаж түүх гэж басл хөөрхөн хараа, анхаарал шалгана. За тэгээд нэг түүгээд эхэлчихээр улайраад, зогсохоо болиод, шуналтаад түүгээд байдаг. Ха ха. 

Тэгж шарласаныг нь түүж чанамал зэрэг хийдэг хүн бий. Уулын минь эмээ хийж өгч байсан. Дажгүй л юм билээ. 
Түүж байх явцад аалзны тор, элдэв хорхой, шавж, заримдаа жижиг амьтад таарна. Би ч бага залуудаа айдаг л байсан л даа. Ээж болоод ер нь элдэв хорхойноос айхаа больсон шиг байна лээ. 

Мэдээж дургүй л дээ, хармааргүй, дотор муухай оргино. Гэхдээ учиргүй орилоод, чарлаад, зугтаад гүйхгүй л гэсэн үг. 

Энэ удаагийнхаа түүлтээр могой гараад ирэх вий гэж жаахан айсан. Мөн "майга хүрэн"-тэй таарчих вий гэж айдас хүйдэс байсан.
"Жигмэд Тогмид хоёр жимсэнд хамт явжээ" гэдэг дуу мэднэ биз дээ? Ялангуяа одооны залуус. Хэ хэ. 

Энэ хувин 30 литрийн багтаамжтай. Хоёр ийм хувинг дүүргэж ирсэн. Тэгээд хэдэн өдөр түүнийгээ угааж, хатааж, шилэндээ дарсан. 

Дараагийнхаа бичвэрээр үргэлжлэлийг нь оруулна аа. 

Нэг бол учиргүй аж ахуйч. Нэг бол юу ч хийдэггүй, ном шагайсан хүн, нэг бол орж гарч ууж идсэн хүн. Яг аль нь "жинхэнэ би" юм бол?

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月17日日曜日

Дайлав, цайлав

Орсон гарсныг дайлж цайлдаг хүн нь байна өө. Өөрөө ч дайлуулж, цайлуулах дуртай хүн нь байна өө. 

Үе үе япон монголгүй хүмүүсийг урьж залан дайлна. Хүмүүстээ тааруулж хоолоо хийнэ. Бууз, хуушууранд оруулчихсан япон хүмүүс нэлээд байна. Улс эх орныхоо нэрийг, монгол хүнийхээ нэрийг нэг их мандуулаад байдаггүй юм аа гэхэд дорд оруулчихгүй гэж үзэж тарж байхад. 

Хаа нэгтээ энд тэнд хэрэг төвөг тариад байгаа хүн мэдээгээр цацагдаад уур хүргэх л юм...

Хань ижил ингэж чимхэнэ. Олон янзаар чимхэж чадна л даа. Би зузаан гуриланд дургүй тул ингэж "цэцгэн" чимхэлтээр ихэвчлэн чимхэнэ. Мөн зулзагууддаа чимхэхийг заахдаа энэ чимхэлтээр эхлэнэ. Яваандаа уламжлалт чимхэлт, хуушуур зэргийг дажгүй хөөрхөн чимхдэг болдог. 

Ээж элдэх ажлыг л хар багаасаа нугалж ирсэн тул чимхэхдээ тун тааруу гэж байгаа. Бүгдийг чаддаг байх албагүй...
Зочид минь мэдээж гар хоосон ирэхгүй. Янз бүрийн амттан барьж ирнэ. Зайрмаг. Олуулаа амтархан идэв. Тэр цэнхэр өнгөтэй нь шинээр гарсан. Бага зулзага идсэн. Ам нь цэв цэнхэр болсон л харагдана лээ. 

Би ч ганцыг идсэн. Учир нь жилдээ л ганц иддэг газрын зайрмаг. Тийм болохоор боломжийг алдахыг хүсээгүй. Ха ха. 
Идэж уухынхаа хажуугаар амжуулдаг ажлын минь нэг. Зулзагуудыг төгөлдөр хуурынх нь хичээлд зөөх. Олон жил зөөж байна дөө. Мэргэжлийн төгөлдөр хуурч болох албагүй. Хамгийн чухал нь хөгжмийн боловсролтой болох, энд тэнд явахдаа сонгодгуудыг бага зэрэг мэддэг байх гэдэг утгаар нь багаас нь сургаад, зөөж байна өө. 

Төлбөр нь ч хөөрхөн өндөр талдаа. Гурван зулзагын, овоо хэдэн жилийн төлбөрийг тооцвол хэд болох бол? Гадаадад байгаа нэгнийгээ энэ мэтчилэн цалин цавуугаа зарцуулдаг гэж боддоггүй, цааш нь хадгалаад л суудаг гэдэг ойлголттой хүмүүст тооцоог нь гаргаад хэлчихмээр үе ч гардаг шүү. Хэ хэ. 

Тоог нь хэлчихвэл төгөлдөр хуурт ийм их мөнгө зарж байгаа юм чинь их л олдог байх гээд, улам ихийг хараад, билүү долоогоод унах юм болов уу? Ха ха. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月7日木曜日

Амралт

Алтан 7 хоног дуусав. Эхний гурван өдөр нь бороотой, жаахан онцгүй байлаа. Ойрд уулзалдаагүй хүмүүстэйгээ уулзалдаж, буу халж, хов базаж, ууж идэж өнгөрөөв. 

Сүүлийн хоёр хоногт нь "фракц"-аараа салхинд гарч, хорхог хийж идэв. Халуун чулуу атгав. 

Точиги мужаас илгээсэн мөөг. Шийтакэ мөөг. Англиар нь ч шийтакэ гэдэг юм байна тийм ээ. 
Гэрийнхэн минь мөөгний бүхий л төрөлд дуртай. Өдөр тутамдаа мөөг их иддэг. Сүүлийн үед шимэжи мөөг их идэж байна. Заримдаа эринги, эноки гээд л мөөгнүүд иднэ. 

Орчуулгуудыг нь сайн хэлж мэдэхгүй байна өө, мөөг л бол мөөг. Хэ хэ. 
Уулынхан маань ингээд бүрж шараад иддэг. Би бол гэртээ ингэж шардаггүй л дээ. Дараах тосоо яах билээ? гэж мэгээд л залхуурчихдаг. 

Дуртай юм болохоороо зөндөө л идлээ. Гэснээс юмны үнэ өсөөд энэ шийтакэ мөөг ч бас нэлээд үнэтэй болсон. Өдөрт тутамдаа өөр төрлийн мөөг идээд, үүнийг хааяа нэг, цалин буухаар, хямдарсан таарвал л худалдаж авч иддэг болсон. Жавхлан юм аа, нээрээ...
Тахианы махаа бас ингээд шарж их иднэ ээ. Би нь залхуу юм болохоороо бас л ингэж шардаггүй. Хааяа гарч раамэн идэхдээ хамт захиалж иддэг. 

Ногоотой хамт хуураад л, энгийн хоол л хийхдээ сайн шүү би. Хайрч хуурах ч үгүй, бага зэрэг жигнэсгээд л болдог. Аминдаа өдөр тутамдаа идэх ханасан тосоо багасгаж буй нь тэр. 

Тэртэй тэргүй олон янзын амтлагч байхад тийм ээ? Япон айлуудыг бодвол кетчуп иддэггүй, майонез идэхээ больсон гээд л хичээж л байна. 

Хааяадаа айлд, гадуур бол нэг их маяглаад байлгүй, амтархан идчихдэг. Дайлж цайлж буй айлынхаа хүмүүсийн хөдөлмөрийг хүндлээд л...

За нэг л их уусан, идсэн зүйл л бичдэг болчихсон ч гандан буурахгүй л бичих юм шүү. Өөр сэдэв ч алга л даа. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月4日土曜日

Түүхий загас

Орж гарахдаа идэж уусан зурагнаасаа оруулах уу даа? Ажлаар, гадуур явахад нэг сайхан нь тэр бүр ороод байдаггүй, үнэтэйдүү газраар орж идэж уух нь. Хо хо. 

Түүнээс гэрээрээ бол зулзагуудын идэж чадахаар, хань ижил цадчихаар хоолтой газар ордог юм аа. Юугий нь нуухав. Тэгээд л би хөвсгөр. Нэг шалтгаан нь их иддэг хүмүүстэй хамт хоолонд орох явдал байх шүү. Ха ха. 
Үндсэн хоолноос өмнө ирдэг зууш. Түүхий хиам? гэх үү. 
Сашими. Загасгүй нь сашими шүү. Анх удаа японд ирж буй хүмүүс тэр бүр идэж чадахгүй л дээ. Манайхан япончуудад гэдэс чанаад өгдөгтэй л адил. Өнөөдүүл нь идэж чаддаггүйтэй л агаар нэг. 

Би ч энд удсаных, худалч хүнд нутгийн индиан болохоо шахсан хүн чинь амтархан иднэ. Бараг л эд нар битгий их идээсэй, би л их идэх юм шүү гэж бодох нь холгүй. Ха ха. 
Сүши нь. Будаатай нь сүши шүү. Будаатай юм болохоор бага зэрэг иднэ, манайхан. Огт бас идэхгүй ч биш. 

Би ч хамгийн их дуртай нь салмон загас. 

Аминдаа үндэсний гэсэн зүйлсээрээ дайлаад байгаа нь тэр. Буруутгах аргагүй. Бид нарын амьд явж байсан хонь, ямаа гаргаад, хоол хийчихдэгтэй адил юм даа, тийм ээ? 

Одоо дахин хэзээ орж гарах ажилтай билээ? гэж бодсон шиг ээ л сууна. 

Бусад хоолныхоо зургийг дараа оруулна аа. Муу хүн идсэн ээ. Энэ япончууд бүгд л муу хүмүүс, дандаа л идсэн ууснаа ярьдаг даг. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年12月1日月曜日

Далан давхар гурилтай хуушуур

Шинэ сарын мэнд ээ. Шилдгүүд тодордог сар тийм ээ? Бүгдэд нь шилдэг нь болохыг хүсье. Би юуны шилдэг болдог юм билээ? Гэрийнхээ хамгийн их "сошиалчин"-аар л шалгаръя даа. Амжилт хүсээрэй. Дэмжээрэй. Сабскраб дараарай... Хи хи.

"Хөлдүү хуушуур" гэдэг гарчигтай бичвэрийг маань олон хүн уншдаг юм билээ. 

Энэ удаад "Далан давхар гурилтай хуушуур" хийж идсэн тухайгаа яруу тодоор болон өнгөтөөр бичихээр сууж байна. Олон олон уншигч минь орж ирээрэй. Хэ хэ. 

Санаандгүй интернетээс олж харчихаад хийж идмээр санагдсан. Хэд хоног бараг зүүлдэх нь холгүй байсан. Гэрийнхэндээ ч хэлсэн, ажил төрлөө зохицуулна шүү. Эртхэн хийж иднэ шүү гэж зарлигдсан. Ха ха. 

Нэрнээсээ л ойлгомжтой тийм үү? Яг л далан давхар гамбир хийх дарааллаар гурилаа зуурна. Гурилаа зуурахдаа бага зэрэг давс хийсэн. Бас өндөг хийсэн. Хань ижил өндөг хэрэггүй шүү, дараагийн удаад гэсэн. Тэгэхээр дахин хийх санаатай гэсэн үг. 

Дахин хийнэ ээ гэдэг чинь таалагдсан гэсэн үг. Эрчүүдийг ходоодоор нь...
Хамгийн царайлгаас нь зураг дарж оруулж байна шүү. Түүнээс шууд л алдаа оноогүй хийнэ гэж байхгүй. Анх удаагаа асар том хуушуур хийж буй тул хэрхэн хайрах, галаа хэрхэн тааруулах, мах нь болсон болов уу? гэх мэтээр бага зэрэг сандарсан. 

Хань ижил л чимхэж хайрдаг л даа. Би бол гурилаа л хариуцна. Мэдээж хажуугаар нь хэрэгтэй гэсэн тогоо шанага, тос энэ тэр, таваг зэргийг гаргаж өгөх, бэлдэж өгөх гээд л аар шаар, нэр хүндгүй ажлыг хийнэ. 

-Хайраа, хуушуураа юун дээр гаргах вэ? 
-Гаран дээрээ гаргачих уу? Заримдаа шууд ширээн дээрээ гаргаад тавьчих уу?
Гэсэн харилцан яриа болно. Миний хариулт зэвүүн, янзыг нь үзсэн, өдсөн хариулт байна уу? 

Угаасаа сонин асуулт байгаа биз дээ? Юун дээр гаргах вэ? биш ямар тавганд гаргах вэ гэж асууж болно оо доо? Ха ха. Тэгээд бөгс эргээд л таваг нь нүдэн дээр нь ил байхад асуугаад байдаг нь гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй. Эрчүүд гэртээ эхнэрээсээ бусдыг олдоггүй гэдэг ёстой үнэн тийм үү? Хо хо. 
Эхний ганц нэгийг түлсэн. Учир нь хайрч буй хүн нь нааш цааш холхих, чимхэх, морьтой явсан хоёр япон найздаа энэхүү хуушуурныхаа талаар тайлбарлаж өгөх гээд л анхаарал нь сарниад, хуушуураа бага зэрэг түлсэн хуушуураа нуучихлаа, та нараасаа. 

Гэснээс "танайх хуушуур хийж байна уу?" гэсэн шиг хоёр япон найз хонх дараад л ороод ирсэн. Надад нэг юм өгөх гээд л хүргэж ирсэн л дээ, хөөрхийс минь. Хэ хэ. Ор ор гэж гэртээ оруулаад, шууд хуушуураар дайлаад цайлчихдаг зочломтгой монгол айл шүү бид. 

Түүнээс япончууд чинь гэртээ оруулалгүй, гэрийнхээ үүдэнд ярьж зогсож байгаад л явуулчихдаг талтай. Яахав дотны найз нөхдөө бол оруулна л даа, гэхдээ заавал урьдчилан төлөвлөнө. Манайх шиг юм хум бэлдээгүй байж ор ор гэдэг айл ховор. 
Ёстой л байгаагаараа л дайлаад цайлчихсан. Манай хоёр ч хуушуур идээд явах уу? гэсэн чинь дуртай нь аргагүй тэгье л гэсэн. 

Тэгээд япон айл шиг мисо шөл энэ тэр ч хийсэнгүй. Салат ч хийсэнгүй. Ногоогоо хуушуурныхаа маханд хольчихсон шүү гээд хэлчихсэн. Ха ха. Үнэн л юм чинь. Байцаа, лууван, сонгино, саримс, гогод гээд л хийсэн дэг махандаа. Тэгээд л дан ганц хуушуураар л дайлчихсан. Гуриландаа гогод ногоо хольсон, холиогүй гэж хоёр янзаар хийсэн чинь гогодтой нь илүү гоё амттай юм байна гэж саналаа хүртэл хэлсэн. Миний талд орсон. 

Гэрийн эзэгтэйн талд орчихвол ч тэгээд болчихно дөө гэдгийг сайтар мэддэг хоёр байна уу? Хэ хэ. 

Угаасаа бууз, хуушууранд дуртай хоёр л доо. Үе үе ингэж дайлдаг болчихоод байгаа юм. Яагаав? Байсхийгээд л надад амттай жимс өгч явуулдаг хол ойрын минь хөршүүдийн нэг. Тэгэхээр чинь одоо гараа гарган дайлалгүй яахав тийм ээ? 

Маргааш нь үлдсэнийг нь оройн хоолндоо идсэн. Мөн үлдсэн махаар нь банш чимхэж идлээ, бэлэн гурил авчираад. Хуушуурны маань бас нэг онцлог бол бугын махтай худалдааны махыг хольж хийсэн юм аа. 

За өөр юу гэж яруу тодоор бичих билээ? Ингэсгээд өндөрлөхүү дээ. Цаг ч орой болж унтлаа. Ээжийнхээ улаан ногоон фен болох зулзага руугаа марш. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年9月26日金曜日

Төмс

"Төв аймгаас төмс л ав" гээд нэг хошин үг яваад байсан даа. Тэрийг нүүрномдоо түгээж ганц нэг хүмүүсийн эгдүүцлийг төрүүлээд амжив. Ха ха. 
Ядаж байхад би төмсөнд дуртай гэж юүхэв. Яахав, орой бүр идэхгүй ч үе үе идмээр санагдаад худалдаж авна. Төмстэй хоол хийвэл, төмсийг нь түүж идчих гээд байдаг талтай. Хи хи. 

Энд хэд хэдэн сортын төмс бий. Шаргал, цагаан, улаан гээд л. Мэддэггүй хүн чинь ингэж өнгөөр нь л ялгаж салгаж хэлье дээ. Хойд нутгийн Хоккайдо мужид тариалсан төмс амттай гэлцдэг. 

Манайхан шиг "жалга дов" ярина аа энд ч. "Хоккайдогоос төмс ав" гэдэг хошигнол байдаг юм болов уу? Сураглана аа. Ха ха. 
Энэ төмс шүү. Зүрхэн хэлбэртэй байсан нь хөөрхөн санагдаад зураг дарлаа. Жижигхэн төмс байсан. Яг төмстэй хоол хийх гээд арилгаад сууж байсан чинь гараад ирсэн. Хо хо. 

Хамгийн сүүлд арилгаж, гэрийнхээ бүх гишүүдэд сүрийг бадруулж үзүүлэв. Хөөрхөн хэлбэртэй төмс байна уу? гэж мэгээд Төв аймгийн зарим нэг хүмүүсийг инээлгэж чадах шиг болов. 

Төмсөнд дуртай болохоороо л төмс авсан шүү дээ гэж маазрав. Хэ хэ.
Орой нь хол ойроос зочинтой байсан тул бид ойрд идээгүй төмсний хучмал хийж идэхээр болов. Охин ч хийж идье л дээ гээх гуйгаад байсныг ч хэлэх үү. Гэрийнхэн бүгд л дуртай юм билээ. Дээр нь бяслаг тарааж тавиад шардаг тул бага зулзага ч дуртай нь аргагүй идсэв. 

Мөн төмсийг нь няцалж өгсөн нь зулзага. Тусад орж л байна. 

Материал илүү гарсан байсан тул маргааш нь ч бид төмсний хучмал хийж идэв. 

Би оюутан байхдаа хааяа төмсний хучмал авч иддэг байлаа. Байнга биш л дээ. Учир нь мөнгөөр дулимаг хүн шүү дээ, тухайн үед. Одоо бол мөнгөтэй мөнгөтэй. Ямартай ч төмсний хучмал аваад идчих мөнгөтэй болсон шүү. 

Ойрын хугацаанд ганц нэг япон найзууддаа хийж өгөх ажилтай болсон. Бууз, хуушуур хийгээд өгчихсөн. Төмсний хучмал хийж өгөөгүй юм байна гэж ярилцаад, дараа завтай болохоороо урьж дайлахаар ярилцаад л байна. 

Гэснээс залуус минь хоол хийгээд сурчихад илүүдэхгүй шүү. Эгч шиг ээ ингээд гадаад дотоодын найзуудаа дайлж цайлах шаардлага, тохиолдол нэг бус удаа гарна шүү, хүний амьдралд. 

Над шиг хийж чаддаг аятайхан хоолны төрлөөр маруухан байж болохгүй шүү. Тийм үү? 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月22日金曜日

Торхтой архи

Японд ажиллаж амьдардаг найз дүүгийнхээ гэр бүлд зочилж очоод дайлуулж цайлуулсан. Миний дуртай амттан, хоол гээд л би ч гал тогоонд санаа зоволгүй, сайхан идэж уусан. Хэ хэ. 

Мөн бидэнд зориулж өвөрмөц бөгөөд амттай "архи" бэлдсэн байсан. Уугаагүй, амссан. Хи хи. Ууж идэхээ багасгах гэсэн хэтийн зорилготой би. 

Японд хүлээн авалт, чухал арга хэмжээнд ийм торхтой архиар дайлдаг. Тайзан дээр "бүдүүн дарга" нар гараад, торхтой архийг задалдаг юм. Тэгээд модон дөрвөлжин "хундагана"-д хундагалаад тулгацгаана. 

Би ч ажлынхаа буянаар олон улсын арга хэмжээнд энэхүү "ёслол"-ыг ойроос харж байсан. Ажил болохоор амсаж байсан ч амтыг нь мартсан байна өө. Мэдээж бие биенийхээ эрүүл мэнд, аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж тулгацгаана. 
Энэ удаагийн торхи хөөрхөн жижигхэн. Дээрх хүлээн авалт зэрэгт уудаг торхтой архи нь маш том. Зогсож байгаа хүний өвдгөөр нь татдаг байх шүү. Мартчихаж. 

Таглааг нь нэгэн зэрэг цохиж онгойлгодог. Тайзан дээр гарсан хүн нэг бүр жижиг алх шиг зүйл бариад, түүгээрээ тагийг нь цохино. Гэхдээ байна аа, тэр торх нь гадуураа том олсоор бэхлэгдсэн байдаг. Түүнийг нь эхлээд хайчилна. 

Яг дээрх зурган дээрх шиг... Кагами бираки гэж хэлдэг, энэ торх онгойлгох үйлдлээ. 
Тусгай шанагтай. Энэ шанагаар нь хутгаж хундагална. Амсар нь нэлээд том хундага байх хэрэгтэй юм билээ. Яагаад том дөрвөлжин модон хунгаданд уудгийг нь сая уухдаа л мэдлээ шүү дээ. Хи хи. 

Хүүхнүүд бид өндөр гонзгой, гуалиг хундаганд уусан чинь хундагалахад хэцүү юм билээ. Гадуур нь асгараад. Шинэ зүйл мэдэж авсан аялал байлаа. Баярлалаа. Дүү нартаа. 

Өө тийм, амттай байсан шүү. Дахин баярлалаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年7月8日火曜日

Чавганы дарс

6 дугаар сард хийсэн л дээ. Энэ жил үмэ буюу ногоон чавга сайхан арвин ургасан жил боллоо. Хэд хэдэн таньдаг өвөө нар үмэ жимс хэрэгтэй юу гэж асуусан. Би чинь энэ жил ургац арвинтай, өө тэр өвөөгөөс авчихсан гэж даналзаж энэ тэр. Хэ хэ. 

Ургаагүй жил нь царай алдаад л асуудаг юм байж. Хо хо. 

За тэгээд үнэгүй зүйлд нугасгүй, шуналтай хүн чинь очиж модноос нь арвин ихийг түүсэн. 

Жигмэд Тогмид хоёр жимсэнд хамт явжээ. 

Түүсээр байгаад бидний сав нь дүүрээд буцжээ. 

Гэж дууланхан, биесийнхээ шуналтайг гайхан гайхан түүсэн. Бид гэдэг нь хань ижил, би, гуравдахь зулзага гэсэн бүрэлдэхүүнтэй. Хоёрдахь зулзага бидэнтэй хамт явахаа байсан, өөрийн гэсэн ертөнцдөө умбанхан шумбанхан яваа. 

Модонд нь авираад түүсэн зураг бий л дээ. Түүнийгээ оруулах гэхээр зориг хэрэгтэй. Ха ха. 

Үүнээс ч олон шил байсан. Заримыг нь хоосон чигээр нь үлдээсэн. Учир нь миний монгол явах ажил давхцаад. Дахиж уулнаас түүж ирээгүй. Бага зэрэг үлдсэнийг нь хань ижил л гүйцээж, дарс, жимс болгосон. 

Яг гардаж дарс хийхийг нь ихэвчлэн хань ижил хийдэг юм өө. Би хийдэг гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ бэлтгэл ажлыг бол би сайн хангана өө. Жишээ нь шилээ угаах, түүж авчирсан жимсээ угааж хатаах, дэлгүүр хоршооноос мөсөн чихэр зэргээ худалдаж авах гээд л. 

Энэ бүгд арын ажлыг нь мэдэхгүй хүмүүс хань ижлийн л ажилсагийг гайхаад байхыг яана. Ха ха. "Ингээд л миний нэр байдаггүй" гэгч болно дөө, хаая ч.  
Монгол цагаан архиар ногоон чавга жимсээ дарахаар илүү гоё амттай болно. Уухад зөөлөн. Тийм болохоор бид манайд ирсэн найз нөхдийнхөө, зочдынхоо өгсөн цагаан архийг маш сайн цуглуулдаг. 

Угаасаа цагаан архи уудаггүй л дээ. Хаа нэгтээ л монголоос ирсэн гийчидтэйгээ хальт амсдаг. Би бол огт уухгүй ээ. Улаан дарсандаа үнэнч. Шар айраг ч нэг их уухгүй. 

Энэ зураг дээрх архины тоо бол зүгээр л наад захын жишээ шүү. Өөр зөндөө байсан. Бүгдийг нь "үмэ шю" буюу ногоон чавганы дарс болгочихсон. Амттай сайхан болог ээ. 

Овоо хэдэн шил суллаж хаялаа, архиа хадгалдаг газар минь овоо цэгцэрлээ. Дахин архины цуглуулгаа үргэлжлүүлнэ дээ. Сая монголоос наашаа ирэхдээ бас ганц нэг архиа үлдээчихсэн. Ачаа ихдээд. Дараа авчирна, аавыгаа битгий уучихаарай гээд байгаа юм аа. Наргиа шүү. Ха ха. 

Манайд ирвэл дарстай л угтах нь байна, та нарыг. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年1月19日日曜日

Гамбир хийх сургалт

Хэрхэн гамбир хийхийг зааж өгнө шүү. Ха ха. 

Нэгэн жижигхэн хороон дээр очиж "Үндэстний хоол" гэдэг арга хэмжээнийх нь хүрээнд гамбир хайрахыг заав. Эхэндээ хоол гэж байсан ч ажиллагаа ихтэйг нь бодоод, амархнаар нь гамбирыг л сонголоо. 

Гэхдээ хажуугаар нь "бэрээс" хийхийг зааж, өгч хамтдаа идсэн. Сэтгэгдлүүдээс нь сонсвол "өнөөдөр их илчлэг ихтэй зүйлс идлээ", "яахав дажгүй" гэх. Учиргүй магтахгүй л байна лээ. Ккк.

Сүүтэй цай чанаж уув. Эндхийн сүү тослог нь бага учир сүүтэй цай амт муутай болдог. Би угаасаа нэг их цайсаг биш тул чанадаггүй, барагтаа. Энэ удаад улсныхаа нэр нүүрийг бодоод л гараа гаргаж цай чанав өө. Бага зэрэг шар тос хөвүүлэв. 

Японд сүүтэй цай гэхээр л хачин их чихэртэй, амнаас унах гэсэн цай байдаг юм. Би бол тоож авч уудаггүй. Энд бас миний тоож хардаггүй зүйлс их их. Нэг их муулаад байлгүй, өө би жаахан дургүй талдаа гэж хэлээд өнгөрдөг. Воо воо "эерэг хандлага" гаргаж буй нь тэр. Хи хи. 

Гамбирны орц, хийх аргыг нь бичиж өгөх гэж бага зэрэг төвөгтэй байлаа. Ямар эд нар шиг бүх юмаа граммлаад л, тоолоод суух биш. 6 дахь мэдрэхүйгээрээ л хийдэг байсан даг. 

Энэ миний гэртээ хийсэн нь

Эд нар тоо л нэхээд байдаг юм. Нэг бодлын амар, нэг бодлын залхуутай. Хоолны газар бол өөр л дөө. Тоотой байх нь чухал. Ажилтан нь мянга өөрчлөгдсөн ч амт бол өөрчлөгдөхгүй. 

Манайд чинь болохоор нэг сайн тогооч нь солигдохоор л амт нь өөрчлөгдчихдөг гэдэг дээ. Одоо өөрчлөгдсөн байх л даа, цаг үеэ дагаад. Тийм үү?

Ирэх сард бууз хийж дайлна, муусайн самурай нарыг. Ха ха. 

Нэг иймэрхүү заримдаа төрд хэрэгтэй зайран нь болно. Заримдаа мартагдсан дууль нь болно. Гэхдээ энэ нь наддаан болоод л явчихна өө. Байнга төрд хэрэгтэй зайран бол ч бие хаа дийлэхгүй байх өө. 

Япончууд хийсэн. Гогод гээч ногоо хэрчиж хийсэн. 

Насны намар гадаа ирээд удаж байгаа гэж нэлээд дээхнээс л бичээд яваа шүү. 

Нэг юмыг нь онцолж бичих гэснээ мартах гэж байна. Миний хэлдгээр хороо, бүр жижгээр нь авч үзвэл баг. Тэрхүү "баг"-ийн байранд гал тогоо гэж бий. Бүх зүйл бэлэн. Тогоо шанага, аяга таваг, хутга, халбага сэрээ савх, ганбанз, элдүүр, жигнүүр гээд ер нь бүх л юмс. 

Сардаа хэд хэд ч юм уу эсвэл ганц нэг удаа иймэрхүү хоол хийх сургалт, амттан хийх сургалт гээд л зохион байгуулна. Ихэвчлэн бага сургуулийн хүүхдүүд, ахмадад чиглэсэн арга хэмжээ их. 

Манайхан шиг ахмадаа хүндэлж байна гээд зүгээр л суулгаад, сүүтэй цай буузаар дайлдаг арга хэмжээ барагтаа л зохион байгуулахгүй дээ. Ихэвчлэн ахмадууд нь өөрсдөө хоол хийнэ, ямар нэгэн зүйл хийж хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг. Хөнгөн шингэн гэж юүхэв. 

Суралцаасай, санаа аваасай гэж боддог зүйлийн нэг нь. Ижий аавынхаа тэтгэвэрт гарсан жишээнээс харахад л тэгээд гэртээ л байна. Орж гарах нь ховор. Яахав нэлээд амь нэгтээ ах дүүстэй тулдаа уйдахгүй, харин ч эсрэгээрээ заримдаа олны хөлд ядрах гээд байдаг. 

Түүнээс сургалтанд суух, шинэлэг зүйл сонсож нүд чихээ онгойлгох, хөнгөн спортоор хичээллэх зэрэг нь ховор шиг. Хотын төвөөр ганц нэг бүжгийн сургалт гэх мэт зүйл байдаг гэсэн л дээ. 

Гал тогоо. Газаар ажилладаг плеткатай ихэвчлэн.

Хотын захын, гэр хорооллын баг, хороодын үйл ажиллагааг сайн мэдэхгүй л байна. Мэдэхгүйдээ баахан бурсан байвал уучилна биз ээ. Монгол минь өөрчлөгдөж буй гэсэн, хүмүүс нь соёлжиж буй гэсэн. Хамтдаа хичээцгээе. Бусад нь чадаад байхад бид чадна шүү дээ. 

Аугаа их түүхт хүн болох "өвөө"-гийн үр сад байна даа. Өвөөгийнхөө нэр нүүрийг ч бодсон. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年1月8日水曜日

Монгол хоол

О.зулзага харьж ирснээр бид хэд монгол хоолоор голцуу "занималдав". 

Галт тэрэг нь бугатай мөргөлдөж бариад 1 цаг гаран хоцорсон. Энэ гэхдээ дамжиж суусан галт тэрэг нь. 

Бүр цаанаас сурч буй хотоосоо суух гэсэн чинь шинкансэн буюу суман галт тэрэг нь 20 минут хоцорсон. Нэг сайхан нь наашаа ирэхийн тулд дамжиж суух буухиа галт тэрэг нь хүлээж байсан гэсэн. 

Аргагүй л манай япон гэж бодсон. Хэ хэ. Ганц манай зулзага биш л дээ. Өөр хүмүүс ч байсан мэдээж.

Маргааш нь бид хуушуур хийж идэв. Тэндээ хааяадаа бууз хуушуур хийж иддэг гэсэн л дээ. Гэрийн амт чухал тийм ээ? 

Гэснээс гэрт минь байсан гоньдыг ихэнхийг минь аваад явчихсан. Ойрд монголоос ирэх хүнд гоньд захина даа. Мэдэж байгаарай, манайхаан.

Шарсан хавирга. Саримс хамт шарсан. Өнгөрдөг жил монгол явахдаа дүү бүсгүйгийн хийж дайлсан хоолноос шарсан саримс л хачин гоё амттай байж билээ. Түүнийгээ бодон бодон шарж, идэв. Мэдээж хачин сайхан амттай байлаа. 

Хмас баяраар бас шарс идсэн. Гадуур хооллохгүйгээр, бэлэн тахианы мах авч идэлгүйгээр өөрсдөө хийж идэж байхаар шийдээд өө.

Төмсөнд дуртай, байнга идэхгүй ээ. Хааяадаа бол жаргаж хүртэж байна.

Битүү шөл. Охид дуртай. Бага зулзага харин гурилыг нь идчихээд махыг нь илэхгүй байсан. Хань ижил махыг нь ихдүүлчихээд байдаг юм угаасаа.

Гурил бага ордог тул үлдсэн гурилаа жигнэж тавиад маргааш нь цуйван сэгсэрсэн. О. зулзага нэг удаа цуйван сэгсэрсэн чинь нялцгай болчихсон гэсэн. 

За тэгээд амралт дууссан бид чинь будаа ногоогоо л эргэлдүүлнэ дээ. Хэ хэ. Цагаан ногоон сар болтол монгол хоол хийхгүй байх. Биш ээ, хийх юм байна, нэг уулзалтан дээр бууз хийж очно гээд ам өчиг өгчихсөн гэсэн хань ижил. 

Намайг дагуулж явах юм гэсэн. Тэгэхээр чинь би одоо улсынхаа нэр нүүрийг бодоод гараа гаргаж л буузаа хийх байх.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年11月16日土曜日

Идэшний улирал

Идшээ төхөөрцгөөсөн үү? Ижий аав минь овоо хэдэн төгрөгний идэш авсан сурагтай. Нэг дор их мөнгөний тоо сонсоод би ч махнаас гарцгаа гэж илүү үглэв. Ха ха. 

Яахав нэг бэлдчихсэн байхад ирэх жилийн идэшний улирал хүртэл дэлгүүрээс мах худалдаж авдаггүй, тэр утгаараа хэмнэлттэй гэж тэд минь тайлбарлаж, би ойлгов. Хи хи.

Бид яаж дутахав. Идшээ төхөрөөв. Гэхдээ байгалийн хишгийг хань ижлийн ур чадвараар л хүртэж байна өө. Зэрлэг гахай, буга зэрэг амьтад нь газар тариалан эрхэлдэг иргэддээ үе үе ихээхэн төвөг учруулдаг учраас энд агнадаг. 

Мэдээж тусгай зөвшөөрөлтэй хүмүүс агнана. Зөвшөөрөл авна. Хань ижил багадаа тарвага зурам агнаж байсан нь ихээхэн ашигтай байна өө. Хи хи. 

Мөн хонь ямаа муулчихдаг нь эдний гайхшралыг төрүүлнэ, зарим нэг нь бүр биширчихсэн явна лээ. 

Зэрлэг гахайн мах чанаад шөлөнд нь ногоо чанаад идэхэд тун дажгүй шөл гарна. Будаагаа агшаагаад хамт иднэ. Будаагаа шөлөнд нь чанахаар зулзагууд онцгүй гээд байдаг юм. 

Тэгэхээр будаагаа агшаагаад тусад нь аягалаад иднэ. Хань ижил бидэн хоёр будаагаа шөлөндөө хийгээд иднэ. Багадаа юу идэж өссөн нь их нөлөөлнө. 

Бугын махыг татаад, худалдааны татсан махтай холиод мөн бас бус ногоотой холиод бууз, хуушуур, банш хийж идэхэд дажгүй. Бугын мах өөхгүй тул дажгүй зохицдог. 

Монгол хоолоо цөөн хийж иднэ ээ. Гурил зуурч, элдэнэ гэдэг ч ай даа цаг их орно оо. Тийм үү? 

Идэш гэснээс адууны мах, умс китай идмээр санагдаж байх чинь вэ? 

Энэ удаагийн хуушуур маань их царайлаг болсон. Хагараагүй, хиншүү гараагүй, түлэгдээгүй.

Заримдаа ч царай муутай хуушуур болчихдог юм. Гуриландаа байна уу даа гэж бодсон. 

Зочид минь ч сэтгэл дүүрэн байсан. Харихдаа тэрэндээ, энэндээ гээд хорин хэдэн хуушуур авч харьсан. Ха ха. 

Жаахан зайтай амьдардаг эмээдээ л гэнэ, ирээгүй хоёр хүүдээ л гэнэ, бас маргааш өдөр нь өөрөө халааж идэхээр л гэнэ. Эмээ нь 90 гарчихсан мөртлөө ганцаараа амьдардаг, бүх юмаа өөрөө хийдэг, гэхдээ амралтын өдрөөр очиж хамт ойр зуурынх нь гэрийн ажилд нь тусалдаг юм. 

Ануухан байхад нь буюу хэдэн жилийн өмнө бид ч уулзаж учирдаг байсан. Ногоо тарина, гадаанаа ганц нэг жимсний модтой. Одоо ч ногоогоо тариад л, тараагаад л хэвээрээ байна лээ. 

Хүүхдүүд нь томроод ээж аавтай хамт айл хэсэхээ байсан тул манайд  ирээгүй. Харин хуушуур авч ирээрэй гэж захисан гэсэн. Хо хо. 

Дараа өдрийнх нь зочиддоо бууз жигнэж өгсөн. Тэгсэн хуушууранд ч дуртай гэж авсан. Дараа хуушуур хайрч өгнө дөө...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年11月15日金曜日

Амархан салат

11 сарын эхээр 3 хоног дарааллан амрав аа. Яг энэ өдрүүдээр орж гаралгүй, гэртээ байхаар таарсан тул ганц нэг япон найзуудаа гэртээ авчирч дайлахаар төлөвлөөд, дайлж цайлав. 

Яахав угтаа Осака хотод зохиогддог "Намрын баяр"-т очиж үзмээр байсан боловч ойрын өдрүүдэд орж гарах минь ихсээд, ингэхээр гэрийн санхүүд ч нөлөөлөөд байгаа тул гэр зуураа амрахаар болосн юм. 

Дуучин Сарантуяа ирж тоглосон. Нэг их сонсоод байдаггүй л дээ. Дажгүй хүмүүс ирж үзсэн сурагтай байсан. 

Зочдоо дан ганц хуушуур, буузаар дайлах жаахан тиймхэн санагдаад. Эртээд найзындаа идсэн салатыг хийхээр шийдэв. 

Одоо ч тэгээд цахим дээр 10 хуруугаараа товшоод л хүссэн мэдээллээ олоод авчихдаг цаг үе тийм ээ? 10 хуруу бүхэлдээ хөдлөхгүй дээ, сайндаа л 2 гарынхаа 8 хурууг л хөдөлгөөд байх шиг байна тийм үү?

Дунд зулзага, интернэтээс хараад л шууд хийдэг юм, идэхийг хүссэн зүйлсээ. Ашиглаж чадвал технологийн хөгжил ч асар ач холбогдолтой юм дөө. 

Улаан лооль, моцарелла бяслаг, чидун жимсний тос,  хуурай буюу нунтаг базилик. Орц нь цомхон. 

Яахав зарим нэг хүмүүс салатны навч, сонгино хэрчиж тавьдаг юм байна лээ. Мөн абокадо хэрчиж хамтад нь тавагладаг юм билээ. 

Их амархан санагдав, хальслаад, хэрчээд, чанаад гэх дамжлагуудыг шууд алгасна гэж бодохоор...

Хэрчээд урлагтай гэгч нь таваглах нь чухал санагдсан. Дунд зулзагыгаа л гуйлаа. Ээж өөрөө нэг иймэрхүү чимхлүүр ажилд жаахан хойрго л доо. 

Нэг гэм нь ногооны үнэ, бяслагны үнэ, за бүхий л хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байгаа нь л байна. Мацагтан болно доо, аргаа барсан үедээ. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月1日火曜日

Шинэ санаа

Хөдөө уулынхаа эмэгтэйчүүдийнх нь хийсэн хоолыг бид амтархан иднэ. Таалагдвал чухам яаж хийснийг нь асууна. Хэрэгжүүлж хийх нь цөөн л дөө. Хэ хэ. 

Энэ удаад мёога буюу zingiber myoga гэдэг ногоог амархнаар идэж болохыг мэдэж аваад олзуурхав. Монгол орчуулга хайгаад олоогүй. Япон цагаан гаа гэж хэлдэг бололтой.

Чанаад, бэлэн худалдааны кимчитэй холиод идчихэж бололх юм билээ. Учир нь зулзагууд идэж өгдөггүй тул хань ижилтэйгээ ингээд идэж болох нь. Гэхдээ бас хөөрхөн үнэтэй, хааяа л авч иднэ. 

Энд ч юмны үнэ тэнгэрт хадаж байна өө...

Шарсан загасаа ингэж жижиглээд агшаасан цагаан будаатайгаа холиод идэж болох нь. 

Энэ удаагийх нь японоор 鯛(たい)загас. Анлиар sea bream гэдэг загас. Монголоор далайн зоодой загас гэх юм болов уу? Хэлж мэдэхгүй байна өө.

Гэснээс загас түлхүү идэж байх санаатай ч нэг л боломж бүрдэхгүй  гэх үү? бүрдүүлж чадахгүй л байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月14日土曜日

Саримс шарах арга

Монголд дайлуулахдаа нэгэн гоё амттан олоод. 

Шарсан саримс. Төмс луувантай хамт шарсан. Салахын аргагүй амттай. Би ч угаасаа саримс, сонгинод дуртайг ч хэлэх үү? Түүхийгээр нь ч идэж чадна, бүр идчихдэг. Ха ха.

Энэ зураг дээр зүүн буланд харлан харагдаж буй нь би амаа олохгүй идсэн саримс шүү. Дүүгийн хөөрхөн зулзагууд бас дуртай, надтай уралдаж идээд, би ч бас уралдаж хурдан хурдан зажлаад, зөндөөг идсэн. Уралдаж идэх амттай байдаг тийм ээ? Ха ха.

Би өөрөө яг ингэж шарж идэж сурна гээд төлөвлөчихсөн байгаа. Яг одоогоор шард идэж амжаагүй байна. Дуковондоо шарсан. Манайх дуковгүй ч яаж ийгээд яг ингэж шарж сурна даа. 

Дүүгээсээ асууя байз, дэлгэрэнгүй.

Ямартай ч хальстай нь шарна. Дээд хэсгийг нь жаахан хэрчинэ. Болсон хойно нь хальснаас нь гаргаж идэхэд хачин сайхан амттай болно. Харахад амархан л даа. Яг шарахад ямар байх нь уу?

Шинэ цэстэй болсон, энэ удаагийнхаа монгол дахь "айлчлал"-аараа. Хо хо.

Суусан газраасаа шороо атгана аа гэж энэ шүү дээ. 

Дараа зочдоо шарсан төмс, шарсан махтай мөн энэ шарсан саримсаар дайлахыг хичээнэ ээ. Би чадна аа.

Шарж сурчихаад тайлангаа бичнэ ээ, энд.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月4日水曜日

Шөлөндөө

Эрдэнэт яваад, гостоод гэж хэллүү. Ха ха. 

Маргааш нь дүүтэйгээ уулзах ёстой байсан юм. Орой нь гэрт нь айлчлаад, шартсан хүн чинь яахав шөл хийлгэж уугаад. Шартахад уудаг, халуун ногоотой солонгос шөл. Хөлс гараад, шар ч тайлагдаад. 

Дараагаар нь улаан дарс шимсэн шиг. Бүтэхгүй гар гэж бодож байна уу та нар. Хи хи.

Одоо ингээд зурагнуудаа харж байхад зугаатай, хөгжилтэй яваад иржээ. Зураг болгон дурсгалтай. 

Магадгүй та нар, ядаргаатай юм, тувт идсэн уусан хоол ундны зураг гэж бодож байгаа байх. 

Гэхдээ байна аа, наддаан бол бөөн дурсамж, сүүлд уншихад ч тээр жил тэгээд явж билээ, тэгж дүүгийндээ айлчлаад, дайлуулаад, цайлуулаад хонож билээ гэж бодно шүү дээ. Тийм үү? Хо хо. 

Солонгос хоолны газарт захиалж уусан тойгны шөл. Ядаргаанд сайн гээд захиалж өгсөн. 

Японд олсон ядаргаагаа эх орондоо тайлчихаад ирсэн шүү. Хэ хэ. Гоё амттай юм билээ? Ядаргаанд сайн гэсэн болохоор сүсэглэн байж идсэн. Эерэг хандлага. 
Аливаа хүнсийг хор болно гэж бодож идвэл хор л болно. Хишиг рашаан болно гэвэл хишиг рашаан л болно. Тийм үү?


Явахын урд өдөр ёс болгож аавындаа хоноход ижий минь борцтой шөл хийж өгсөн. Аав минь гүзээний салаад хийх гээд гүзээ чаначихаад хүлээсэн. 

Би элдэв амтлагч холилгүй борцтой шөлөндөө хийж байгаад л идсэн. Хачин сайхан амттай байсан. 

Насны намар хаяанд ирсэн тул шөлтэй хоол гэдэг болж мэдэхээр юм билээ. Настан буурлууд лавшаа гээд байдгийн учрыг ухаарах ч тун удахгүй юм шиг байна шүү. Хэ хэ. 

Ядаргаагаа тайлсан хүн ид эрч хүчтэй, хувь хувьсгалын ажлаа амжуулж л байна. Барагдахгүй янзтай шүү, энэ ажлууд...

Зээ, ингээд ер нь идэж уусан бичвэрүүд минь өндөрлөх тийшээ хандсан байх аа. Чилээсэнд уучлал хүсье. 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.