2022年10月31日月曜日

Кома

Ойрд бүтээл энэ тэр туурвихаа байсан шүү. Хааяадаа аяга угаагчаа нэхэж тавина. Нэг нэхэхээрээ олноор нь нэхэж тавьчихаад дараа нь хүмүүст тараадаг юм. Утас дуусахаар дахиж автлаа уддаг. 

За энэ бол оригами цаасаар хийсэн кома буюу эргүүлдэг тоглоом. Модоор хийдэг, ингэж цаасаар хийж тоглодог. 

Би үүнийг цахим арга хэмжээнд оролцохдоо хийсэн. Орчуулангаа хийсэн. Гурвалжилж нугална, дөрвөлжилж нугална гэж орчуулангаа. 


 Ээжийгээ хүлээнгээ бага зулзага ийм бүтээл туурвисан. Харах хүнгүйдчихээд, дагуулаад явсихан. Өмнө нь зөндөө учирлаж, гуйж хэлсэн. Ээж ч туршлагатай юм болохоор, цаас, харандаагаа аваад л явсан. 

Намрын өнгө их байсан. Улбар шар, шаргал өнгө. Өөрөө бас "анпанман" гэдэг тоглоомоо авч явсан.  Үе үе шулаганаад "ээж ээ, ээж ээ" гэж бага зэрэг дүрсгүйтсэн.

Гэхдээ цугласан эмээ өвөө нар өхөөрдөөд, ус, амттан өгсөн. Нэг хэсэг бас тэрийгээ идэж уугаад хэсэгтээ чимээгүй сууна. 

Тэр хооронд ээжийн ажил овоо ахина. Нэг иймэрхүү бага зулзага бид хоёрын урлангийн цаг. Ажлаа ч амжуулна, бүтээл туурвиад тоглоод амжсан. Нэг сумаар хэдэн ч туулай буудав шүү дээ. 

Уншигч олон минь бас бүтээл туурвилаар дүүрэн байна гэдэгт найднам? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2022年10月30日日曜日

Тийм л, тийм л

Хөдөө явахдаа уншсан. Маш хөөрхөн агуулгатай. Жаахан маамаа нь том болчихсон ээжийн тухай. 

Ээж нь хүүгийнхээ том болсныг гайхаад л ийм жаахан байсан байж, тийм хөөрхөн байсан байж, тэгж чаддаггүй байсан байж, ийм хөөрхөн үйлдэл гаргадаг байсан байж, ийм байсан тийм ээ? тийм байсан тийм ээ? гэж бодон бичсэн байсан. 

Уншингаа би ч бас 3 зулзагаа яг ингэдэг байсан, яг тэгдэг байсан, тэгсэн чинь ийм том болчихож гэж бодонгоо уншсан. 

Энэ зулзагуудын тухай их бичдэг байж, бага зулзагынхаа тухай их хойрго бичиж байх шиг байна шүү, нээрээ. 

Эрэгтэй хүүхэд шал өөр ертөнц юм билээ. Хөлдуу төмс болчих вий гэж бас санаа зовоостой гэхгүй юу? Ха ха. 

Одоогоор "миний ээж үзэсгэлэнтэй" гэж ирээд л ээжийг аргалж чаддаг шүү миний үр чинь. Бусдадаа ч бас "ээжийг үзэсгэлэнтэй гэж хэл" гэж загнадаг. Хо хо

Мээмээ барьдаг, хааяа нэг шоб гэдэг. Хо хо. Өглөөдөө заавал нэг шоб хийчихээд албандаа явдаг. Тэврэхээр хөөрхөн жижигхэн гар нь энгэр лүү автоматаар явдаг. 

Нэг ааш нь өглөөд өмсөх хувцсаа голоод байх юм. Цэцэрлэгийнхээ тамирын хувцсыг өмсөхгүй гэж уурлаад байх юм. Яг яасан юм бүү мэд. Үлэг гүрвэлтэй хувцсандаа дуртай байна. 

Хагас ханцуйтай үлэг гүрвэлийн подволкоо өмсөнө гэж уурлаад байх юм. 

Өглөөдөө сэрээд уйлаад, ээжээ гээд суугаад байдаг байсан чинь нэг их уйлалгүй буугаад ирдэг болсон. Заримдаа буруу хөл дээрээ босчихдог ч гэсэн бага багаар томроод л явна. 

Дараа санан санан хөөрхөн хөөрхөн ааш зангийх нь тухай бичнэ ээ. Нэг л өдөр энэ номонд өгүүлсэн шиг сахал самбаа нь ургачихсан томоо залуу болчихсон явж байна гэж бодсон чинь...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月29日土曜日

Хайрхаан...

За байз? Энэ гурван номыг хэзээ монголоос авчихлаа? Нэг найз маань бэлэглэсэн юм. Түүнийг нь би энд жаахан зайтай ирэх хүнд дайсан юм. Зун юм байна. 6 сар хавьцаа. 

Өөр дээрээ авсан нь 7 сард. Одоогоор нэгийг нь л уншсан юм байна. Одоо уншиж буй номоо дуусгаад ямар ном унших вэ? гээд, хаа байсан монгол дахь номын худалдааны хямдрал руу өлөв долов хийгээд байсан хүн энэ зургаа хараад, унших ном зөндөөг өрөөд тавьчихсанаа санав. Хэ хэ.

Гурвуулаа хөөрхөн жижигдүү учир энд тэнд уншихад ч зүгээр. Тэнгэрийн цагийг уншчихсан шүү. Дараа нь тусад нь зураг хөрөгтэй нь оруулна аа. 

За тэгээд намайгаа эрхлүүлж ном өгдөг найзууддаа баярлалаа. Дахин дахин захиж эрхлэнэ шүү. Болгоогоорой. 

Гэснээс "Азхур" номын дэлгүүрээс зарласан хямдралаас баахан ном авахуулчихсан. Дүүгээ явуулаад. Дүү минь "бүр догдолчихлоо, одоо л шууданд хийчихмээр байна шүү" гэсэн. Хэ хэ. 

Тэдгээр номоо бага багаар нааш нь амьтан хүнд дайж авна даа. Болгоогоорой. Хайртай шүү. Үнсэе...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月28日金曜日

Зэрлэг галуу

"Зэрлэг галуу" бэсрэг тууж. 

Наранбаярын орчуулга. Нэг хэсэг блог бичдэг байсан даа. Сүүлдээ ч томроод Шинэ монгол сургуулийн захирал, бүр сүүлдээ УИХ-д нэр дэвшээд. Би их дэмжиж, нүүрномдоо оруулсөөн, мөрийн хөтөлбөр гэх мэтийг нь. 

Ирэх сонгуулиар ч дэмжинэ гэж бодож байгаа.

Аль 2012 онд орчуулагдан, хэвлэгдэн гарч байхад нь авч уншина гэж блогт нь сэтгэгдэл бичиж байсан байна. 

Ийм олон жилийн дараа авч уншсанд уучлаарай. Японоор нь уншчих санаатай хэсэг явсан. 

Номын сангаас зээлээд. Тухайн үед японы сонгодгийг эх хэлээр нь уншчих сачий хүрээгүй бололтой. 

Дэлгэж үзээд хааснаа санаж байна. Хэцүү санагдсан. Адаглаад энэ "зэрлэг галуу" гэдэг ханз нь өөрөө мэддэггүй ханз байсан гэх мэтээр учрал тохиол бүрдээгүй байж, одоо бодоход. 

Эх хэлээрээ унших мэдээж сайхан. Дараа л сайхан завтай болохоороо, япон хэлээ сайжруулж байгаад япон хэлээр нь уншина даа. 

Нэг тийм япон улсын өвөрмөц соёл үнэртэнэ. Тухайн үеийн оюутнуудых нь байр байдал, чинээлэг эрийн татвар эм авч буй нөхцөл, хэдий татвар эм ч залуухан чийрэг эрд сэтгэгдэл татагдан буй даруухан бүсгүй...

Нэг тийм доожоо муутай ч гэх юм уу Окада гэдэг залуу гарна. Угтаа спортоор хичээллэдэг сүрхий л залуу юм шиг байгаа юм. Мөн Окадад сэтгэл татагдаад буй Отама гэдэг цэвэр ичимтгий бүсгүй гарна. 

Отама бүсгүй хэдий хүний татвар эм ч Окадад сэтгэлээ илчлэхээр зориглосон тэр өдөр нь үргэлж ганцаараа явж харагддаг сэтгэлт залуу нь хүнтэй явж байдаг. Яг ч татвар эм биш нууц амраг нь юмдаг уу даа? Учир нь өөр газар тусад нь байшин авч өгөөд суулгадаг. 

Эхнэр нь хүмүүсийн цуу ярианаас гадарлаад, үг өдөж хэрэлддэг ч эр нөхөр нь аргалаад өнгөрөөнө. Уг нөхөр мөнгө хүүлэгч хочтой, сүүлийн үед жаахан бийлэгжээд, нууц амрагтай болдог. Хүүтэй мөнгө зээлдэг...

Окада Отама хоёрт жиг жуг ургуулах боломж гарсан уу гэвэл гарсан. Өдөржин гэртээ ганцаараа байх нууц амраг гэнэн хонгор бүсгүйдээ мөнгө хүүлэгч Сүэзоо нь тортой шувуухай авчирч өгнө, тэгсэн нэг өдөр өнөөх тортой 2 шувуухайных нь нэгийг могой залгисан байна. 

Үлдсэн нэг шувуухайг нь могойд залгиулчихгүйхэн шиг аврахын тулд ойр хавийн хүүхнүүд орилолдоод, түүгээр явж таарсан Окада могойг хоёр хэсэгт хуваан дарна. Гэсэн хэдий ч харц мөргөлдөхөөс хэтрэхгүй золигууд чинь.

Тэгтэл манай монгол эрчүүд яаж байна? Цаад бүсгүй нь өөрт нь талтай байна уу? талгүй байна уу? огт хамаагүй. Тооноор нь ороод явчихаж байхад тийм ээ? 

Гэж мэгж харьцуулсан шиг. Аягүй "том хүмүүсийн юм"-аар харьцуулалт хийсэн үү? Үгүй юу? Хи хи. Тэгтэл мундагууд чинь шал өөр мундаг зүйлээр л харьцуулалт хийж байхад даа гэж өөртөө шивнээстэй. Жавхлан юм даа...

Зохиолчийн тухай гэвэл Мори Оогай. Токиогийн их сургуулийн анагаахын анги төгссөн. Төгссөн их сургуулиас нь харахад л ойлгомжтой. Энд чинь Токиогийн их сургууль гэхээр хүмүүс нь уулга алдаад л, толгой сайтай гавал мавлыг нь гайхдаг. Хэ хэ. 

Германд анагаах ухааныхаа чиглэлээр сурсан. Гэснээс энд дээхэн анагаахын холбогдолтой мэргэжлийн үгс нь герман хэл дээр байх нь их байсан, дээхний эмч нар герман хэлтэй байсан гэдэг юм билээ. 

Орчин үед бол мэдээж америкийн чиг хандлагыг баримталдаг, англи хэл болж өөрчлөгдсөн. Гэснээс о.зулзага маань бас мэргэжлийн үгээ англиар цээжлээд л явдаг байх даа? Тэр талаар нь нэг их ярилцдаггүй юм байна. Дараа хэрэг болгож асууна аа. Угаасаа бяцхан тархи толь нь тусдаа англи мэргэжлийн толь бичиг авч байсан. 

Ажлынхаа хажуугаар зохиол бүтээлээ туурвидаг байжээ. 1862-1922 оны хооронд амьдарч байсан гэхээр Мэйжигийн шинэчлэл гээд л нийгмийн өөрчлөлтийн үеийн хүн байх нь. 

"Бүжигчин охин" гэдэг зохиол нь нэлээд нэртэй юм шиг байна лээ. Заавал унших юм шүү гэсэн мөрөөдлийнхөө жагсаалтад оруулаа. Энэ жагсаалт уртсаад л байдаг. Хичээнэ дээ, хичээнэ.

Та бүхэн ч дэлхийн сонгодгоос үе үе уншиж байгаарай. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月27日木曜日

Жолита

Гараад удаагүй энэ номыг ч уншчихлаа. Сүрхий байна уу би? Юу нь сүрхий вэ? гэхээр, эх орондоо байж уншиж амжаагүй номыг нь хаа байсан японд олоод уншчихдагт оршино. Хо хо. 

Бас нэгэн гэнэн хонгор бүсгий гарна. Гэхдээ орос. Нэр нь Жолита. Яг ч орос биш юм байна аа. Ливта бүсгүй.

Монгол хүн бичсэн шүү.  Т.Цацралтын анхны ном. 

Агуулга нь Жолита бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн. Түүний ээж аавын гэнэн хөнгөн шохоорхол, дурлалын "өгөөж"-өөр төрсөн бяцхан охин. 

Олдсон цагаасаа л хоёр талынхаа эмээ өвөөд "ад үзэгдэн", мөн ээждээ ч тээршаагдан өснө. 

Бага жаахан насандаа авсан "айдас хүйдэс". Охидыг хүсэх мунаг эрсийн өлөн харц зэргийг мэдэрч өснө. 

Ангийн охины, багын найзын атаархал, түүний хор уршгийг ч хүртэнэ.  

Төрс өссөн гэрээ орхин явна. Өөрөө ч өсч томроод гэр бүл зохионо. Үнэнч хайрыг, жаргалыг амласан нөхөртөө "хууртагдана". 

Сүүлд Их Британи улсад аз жаргалыг хайн зорино. Олон янзын хүмүүстэй учирна, уулзана, танилцана, нөхөрлөнө, хууртагдана, ухаарна, хайрлана. 

Нэг таалагдсан нь ээжийг нь "өмчилчихсөн" дүүтэйгээ сайхан харилцаатай, сүүлд дүү дээрээ очдог хэсэг. 

Эмзэглэсэн нэг сэдэв нь ээжийнх нь сэтгэл санааны тогтворгүй байдал. Энэ нь охиныг нэлээд бухимдуулна, санааг нь чилээнэ. 

Гэр бүлийн тогтворгүй байдал, ээж хүний ааш зан, сэтгэл санааны нөлөө тухайн гэр бүл, үр хүүхдүүдэд нь ихээхэн халтай байдаг юм байна гэж ойлгосон. 

Энэ тухай зөвхөн номноос уншиж мэдээд зогсохгүй бодит амьдралд ганц нэг жишээ сонсоод, өөрийн биеэр мэдрээд явж байна дөө. Бодит амьдрал...

Тэгэхээр ээж хүн би ч сэтгэл санаагаа тайван байлгах, хянаж байх, өөрт минь аз жаргалыг мэдрүүлдэг зүйлийг одооноос хайж олох, зулзагууддаа өөрийн үзэл бодлыг тулгахгүй байх, тэдний ирээдүйд хэт санаа зовохгүй байх гэх мэт.

Ном ямартай ч сайхан төгсдөг, мэдээж тунгаах зүйл ихтэй ч...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月26日水曜日

Усны гудамж

"Усны гудамж" номыг уншаад. Багадаа уншиж байсан. Агуулгыг бол мартсан байсан. Багадаа уншсан номнуудаа сэргээж унших бас зугаатай юм билээ. 

Бас нэг ном санаанд байгаад л байдаг, агуулга нь. Тэр номныхоо гарчгийг мартчихсан. Утгыг нь ярьж өгч байгаад, номны хорхойтнуудаас олж мэдээд, захиж авна даа. 

Ингэхэд олон ном өрөөстэй байна, би өөрөө ганцдаад байна. Зөвхөн ном уншаад л суудаг дахиад нэг би хэрэгтэй байна. Хэ хэ. 

Номын клубт элсээд орчихсон. Бардаг байгаа. Эхний уулзалтанд хүмүүсийн хэлсэн номнуудыг зарим нэгээс нь зээлж унших санаатай, номын сан ороод зээлээд авчихлаа, бардаг байгаа? Хо хо.

Хааяадаа улаан дарс шимэнгээ иймэрхүү өрөвдөлтэй төгсдөг номыг уншсан нь дээр байдаг шүү, бяцхан зөвлөмж.

Дээхэн үеийн хүмүүсийн, даан ялангуяа сайхан гэгдсэн хүүхнүүдийн гэнэн хонгорыг бас гайхаад барахгүй юм аа. 

Би өөрөө тийм собак санаатай болчихсон юм уу? Үгүй л байлтай. Хэ хэ. 

Өлзиймаа гэж цайлган хонгор бүсгүй, хэлмэгдээд явчихдаг нөхрөө хүлээгээд, хөөцөлдөөд өгчих болов уу гэж найдсан нутгийн ахдаа биеэ тушаагаад...

Бас дээхний эрчүүд үнэн өлөн байсан ч юм шиг. Ихэнх зохиолд гэрийн хаяагаар орж ирээд оролдох, саяхан хань ижил нэг монгол кино үзээд байхаар нь хальт харсан чинь хаалгаа тайлаагүй хүүхнийд тооноор чинь орлоо шүү гэж сүрдүүлж байгаад л тооноор нь орж явчихна лээ. Үнэн лайтай...

Дотогшоогоо өмөөрнө өө, тухайн үеийн цаг нийгэм, эцгийн эрхт ёс, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь тийм л байж гээд. Гэхдээ л яагаад ийм юм бэ? гэж бодогдоод байдаг...

Эр нөхрөө ачигдаад явсны дараагаар нутгаа зориод ижий ааваа бараадахгүй дээ гэж бодно. Эдүгээ цагт бол жаахан түр гээд л гэртээ ижий аав дээрээ оччихдог биз дээ? 

Гэснээс би түр тар гэхээр очих айл байхгүй хэцүү шүү, энд хүний нутагт. Хэ хэ. Хүн болсон хойно тур тар хийнэ шүү дээ. Энд бичдэг шиг байнга л "хань ижил" гэж хэлээ хазахгүй, заримдаа ч сүүтэй будаа асгаад ширүүн зодоон болов гэдэг шиг юм болно болно. 

Ширүүн зодоон гэдгийг шууд утгаар нь ойлгоод байв даа? Эх хэлэндээ сайн хүн болж хэлц үг хэрэглэсэн ухаантай юм шүү. Ха ха.

Дэмий үг олдож байна. Номын эхлэл хэсэг үнэн тансаг байсөөн. Гэнэн хонгор Өлзиймаа охин цэрэгт мордохдоо "тойруугаар" санаагаа илэрхийлээд явчихдаг нутгийн ахтайгаа захидлаар харилцаад л. 

Догдлоод л, үеийн охидын нууцхан шивнээ гэх мэт миний дуртай хайр дурлал гараад л. 

Төгсгөл хэсэг бол үнэндээ өрөвдөлтэй, ямар сайндаа дарс уухав. Дарс уух маш том шалтаг болсон байна уу? Хи хи. 

За тэгээд хэлмэгдүүлэлт гэж муухай зүйл байх. Одоо ч мэр сэр байдаг гэхээр үнэн харамсалтай. Мөрөөрөө дуугай л явж байхгүй бол гэж үе үе бодогдоно. Хэт ил тод байгаа улсуудын өмнөөс хааяа санаа зовоод байдаг болсон байна лээ. 

Цөвүүн цагаа гэж...

Маргаашийн бичлэг хүртэл түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月25日火曜日

Хөдөөний зоог

Эртээд явахдаа идсэн хөдөөний зоог шүү. Эндээ зураг оруулах гэж явсаар байтал хуучирчих бололтой. 

Түүхий яргай загас. Сашими болгож идсэн. Хөдөөний өвөө маань хийдэг. Самган нь захиалгаа өгчихдөг, их хөөрхөн хос. 

Хань ижилдээ бас хэлээд л байгаа. Хоёулаа ийм хос болно шүү, би нь захиалаад, чи минь гал тогоогоо эзэгнэхэн төрж хоолоо хийгээд л...

Хажууд нь бас ийм хөөрхөн цэцгийн дэлбээ тавьчихаж байгаа юм аа. Нүд баясаад л явчихаж байгаа биз дээ? 

Үлдсэн загасаа ингээд шарчихсан, маргааш нь. Түүхийгээсээ ч илүү амттай байсан. Ногоонууд нь их амттай. 

Энэ шараад гаргаад ирсний дараахан нь. Гэртээ ингэж хийж үзнэ гэж мөрөөдөж байгаа. Тугалган цаас нэг их ашиглахгүй ээ, үнэтэй санагддаг, хааяа л охид гал тогоог эзэгнэхдээ жигнэмэг энэ тэр хийхдээ ашиглаж харагддаг.

Далайн сам хорхойг шарсан байдал. Хажуугийн ногоон нь вандуй. Амттай сайхан байсан. Санаад байна өө, хөдөөнийхөө зоогийг. 12 сард л очих байх даа...

Сам хорхойнд дунд зулзага дургүй, худалдаж авдаггүй. Гадуур хооллохдоо хааяа захиалж иддэг.

Намар цагийг эд нар "хоол идэх дур хүсэл"-ийг нэмэгдүүлдэг улирал гэж ярьдаг. Тэр утгаараа ногоо цагаа ч, хоол унд ч амттай санагддаг улирал шүү. Гэм нь жилээс жилд юмны үнэ нэмэгдээд л байгаа болооос...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月24日月曜日

Намрын цэцэг

Жилийн 4 улиралдаа цэцэг навчтай байдаг улс шүү дээ. Тэгэхээр яг намрын цэцэг гэж хэлэхгүй л дээ. Яахав, намар цагт би эндээ оруулснаараа намрын цэцэг гэж нэрлэв. 

Ажлын газрын минь доор нэг давхарт сар бүр ийм цэцгийн булан гардаг. Санахаараа таарч зургийг нь авдаг. Заримдаа мартчихдаг. Учир нь нэг тийм захын буланд байрладаг юм. 

Би тэр хэсгээр явж таарвал л дардаг. Хэ хэ. 

Нэр усыг нь хэлж мэдэхгүй байна аа. Цэцэг тарьдаг ургуулдаг хүмүүс бол хэлж мэддэг юм билээ. Өнгө нь их таалагдаад. Би чинь ийм нил ягаан өнгөнд дуртай. Улаан өнгө ч зүгээр тийм ээ. 

Зурган дээр өнгө нь бас тансагаараа мэдрэгдэхгүй юм. Амьдаар нь, нүдээрээ харахаар их гоёмсог өнгө тийм ээ? 

Энэ өнгөнөөс гадна энэ хээ гэх юм уу, хэлбэр дүрс нь өвөрмөц байгаа биз? Гурвалжлаад гурвалжлаад нугалаад наачихсан юм шиг. Оригами цаасаараа нугалаад тавьчихсан ч юм шиг байгаа биз? 

Ойрд гоёмсог гоёмсог цэцэгний зураг их дарж байгаа шүү. Бага багаар нь зураг оруулна аа. Нүүр номдоо л идэвхитэй зураг оруулж байна даа. Өө тийм, инстадаа давхар оруулчихдаг. Тийм тохиргоог нь ашиглаад. 

Нас явахаар байгалийн үзэмжийг харж баясах дуртай болж байх шиг байна өө. Уул ус, цэцэг навч, жимс жимсгэнэ, хорхой шавьж гэх мэт зүйлийг хараад зүгээр л баясаж чаддаг болж байна гэх юм уу? 

Өөр ч юмгүй дээ, түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье өө. 

2022年10月23日日曜日

Миний л харгуй

За энэ номыг гартаа оруулж аваад уншчихсан шүү дээ. Их эд байна уу? би. Хэ хэ. 

Зун ирсэн дүү нартаа юмыг яаж мэдэхэв гээд захьсан чинь хаа байсан Эрдэнэт хот дахь номын дэлгүүрээс асууж байгаад, хот руу татаж аваад, японы хамгийн хөдөөд тооцогддог газар буюу надад аваад ирсэн. 

Маш их баярлалаа, миний шуналыг дарж өгсөнд. Хэ хэ. 

Уншмаар байсан шалтгаан гэвэл би өөрөө хөгжмийн боловсрол гээчээр маруухан, сонгодогийг тэр бүр сонсдоггүй, монголынхоо төлөөлөл болсон хөгжмийн зохиолчдын нэр усыг маш муу мэддэг, охидоо төгөлдөр хуур дардаг болгох гэж долоо хоногтоо нэг зөөдөг, жилд 2 ч удаа төгөлдөр хуурын сурагчдын тайлан тоглолтыг нь үзчихдэг, хань ижил ноот мэдэхгүй ч төгөлдөр хууран дээр нэг ая сурмаар байна гээд үе үе дарж харагддаг, бага зулзагаа бас төгөлдөр хуур дарж сургана гэж төлөвлөж буй гэх мэт олон шалтгаан, сэдлийн нөлөөгөөр хорхой хүрээд байсан юм. 

Бас яагаав, өнөөх шунал хөдөлгөгч Болортуяа саны нөлөө их их. Ютүбд оруулсан сэтгэгдлийг нь сонсоод л худалдаж авахаар шийдээд, интерном, азхур дэлгүүрийн худалдагч нартай үзэлцээд авсан ном чинь энэ шүү дээ. Хэ хэ. 

Түргэн зан гаргасанд уучлаарай, олон сайхан арга хэмжээ зохиодог шүү, танай хоёр байгууллага. Гэм нь гадаадад байгаа бидэнд жаахан хүртээмж муутай. 

Бага нас, ээж аавынхаа тухай бичсэн нь их урамтай сайхан байсан. Мөн сурагч ахуй нас, Киевт суралцсан тухай нь шимтэн уншсан. Тун догь, тансаг сайхан байсан. Надад бол таалагдсан. 

Иймэрхүү авъастай сайхан улсаа намын ажил, улс төр гэж явуулалгүй, уран бүтээлээ хийх цагийг нь хангалттай өгч баймаар юм байна, мөн дэмждэг баймаар санагдсан. 

Аан тийм, бас иргэд бид нь хөгжмийн өндөр боловсролтой байвал урлаг уран сайхан аяндаа хөгжих байх тийм ээ? Энэ япончууд шиг. 

Эд чинь сонгодог их сонсдог, хөгжмийн боловсрол өндөртэй ард түмэн. Дуу хөгжмийн хичээл маш сайн ордог. Гэснээс дунд зулзага сургуулийнхаа урлагийн үзлэгээр төгөлдөр хуур дарна гээд гар хөлөө өргөчихсөн, 3 хүүхдээс сонгон шалгаруулж авах юм гэсэн чухам. 

Нүдэж өгч байна, өөрөө гар хөлөө өргөчихсөн болохоороо үглүүлэхгүй давтаад байна шүү. Багшид нь хэлээд хоёр ч өдөр нэмэлт заавар авсан. Тэнцээсэй билээ? Тэнцэхгүй бол өөр хөгжим дарах юм гэсэн, өөрөө тэрийгээ дармаагүй байгаа юм байх. 
Номны тухай бичиж явснаа юу бичээд унав даа? 

Ямартай ч номонд гардаг дууны, хөгжмийн ая зэргийг уншихаараа ютүб орж сонсож үздэг гэж байгаа. Тэгээд аан энэ ая юм уу? гэж мэдэж авч энэ тэр. 

Боддог юм, хүүхдээ багаас нь "солгой, сонсголгүй" гэж мохоож, битгий ичээж байгаарай, намайг бол ижий аав минь тэгж хэлж байгаагүй ч эргэн тойрны хамаатан садны ганц нэг хүн тэгж хэлдэг байсан. Тэгээд л би дуулахаас ичдэг, дуу хөгжмийн хичээл гэхээр үстэй толгой арзайдаг болчихсон...

Өө тийм номны агуулга, юу билээ? Их л олон зүйл бичсэн байсан, цаг цагийн монголын нийгмийн байдал, онцлогийг өөрийн салбарын өнцгөөс бичсэн, түүхийн хичээл шахуу сүүлдээ хэхэ. 

Авгай гэж маш чухал нөлөөтэй хүн байж тийм үү? Улс төрийн хэрэгт их оролцдог, дураараа гэж жигтэйхэн, тухайн цаг үеийн хүмүүст ядаргаатай л байсан биз? 

Ямар авгайн тухай яриад байгааг дээхний хүмүүс мэдэх байх өө. Юу билээ? 70, 80 оныхон чинь үлэг гүрвэлийн үеийн хүмүүс болчихсон билүү? 

Нээрээ Жанцанноров гуайг их залуухан хүн гэж яагаад ч юм боддог байсан чинь 70 гарчихсан байна лээ. Урт насалж олон сайхан бүтээл туурьвиж ард иргэдийнхээ сонорыг мялаагаарай гэж хүсье дээ. 

За тэгээд улам дэлгэрэнгүй мэдмээр, уншмаар байвал өөрсдөө л олж авч уншдаг байх даа? Дахин хэвлэгдэх эсэхийг сайн хэлж мэдэхгүй, ямар ч байсан би уншлаа, хэхэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2022年10月22日土曜日

Намар цагийн амт

Намар цагт ургац арвин, бага зэрэг хямд ногоо цагаа элбэг тийм ээ? Гэхдээ энэ тэнэг дайнаас болоод их олон юм үнэд орж байна. Иений ханш маш муу байна. Хэвлэлээр шуугиад л байна лээ. Эдийн засгийн иймэрхүү мэдээ, нийтлэлд жаахан хойрго талдаа. 

Харин юмны үнэ өсөөд байгаад нь уур хүрээд байгаа шүү. Цалин пүнлүү нь нэмэгдэхгүй хэрнээ...

Уулын маань эмээ жигнэсэн байсан. Амтат төмсийг ингэж шарахаар чихэрлэг тал нь их тодордог, ямар ч хольц хэрэггүй, чихэрлэг нялуун талдаа амттай болдог. Миний шардаг аргаар, нимгэн хэрчээд хайруулын тавганд шарвал ийм чихэрлэг амт нь нэг их ялгардаггүй, бид давс цацаж иддэг. 


Энэ есөн жорын ногоог чанаад холиод, цуугаар амталчихсан байсан. Дажгүй санагдсан. Хаш, чинжүү голцуу юм шиг байна. Санадаггүй гэнэ ээ, идэж идчихээд. 

Бас нэг шарсан ногооны зураг оруулсныгаа устгачихлаа. Дараа л болохоос. 

За тэгээд энд ганц намар гэлтгүй жилийн дөрвөн улирал л ногоо цагаа элбэг л дээ. Гэхдээ юм мэддэг хүн хэлсэн. 

"Тухайн улирал улиралдаа л боловсордог ногоог тэр л улиралд нь идэх зүгээр. Зун болдог ногоог хүлэмжинд тариалаад өвөл гаргаж аваад, тэрийг нь идэх эрүүл мэндэд, эдийн засагт, байгаль орчиндоо гээд нэг их таатай биш, маш их зардал гаргаж байдаг, үнэтэй ч зарагддаг" гэж. 

Энэ үгийг сонссоноос хойш үнэний ортой санагдаад, зун алим идэх гэж, гүзээлзгэнэ идэх гэж, өвөл тарвас идэх гэж зүтгэхээ больсон. 

Та бүхэн ч гэсэн тунгаан бодоорой, түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月21日金曜日

Хорхогны чулуу

10 сарын 1-нд хээр майхнаа зоож хоносон. Ил гал түлсэн, гадын дөл өөдөө өөдөө.

Ойрын хэдэн жил ингэж ил түүдэг галын дөр хараагүй, үнэхээрийн сайхан байсан. Хүйтнийг ч эс тооцож жаал гадаа суусан.

Энэ тогоо шиг хавтгай төмөр их зүгээр санагдсан. Цуг явсан айл авч ирсэн. Эдний хүүхдүүд томроод, эхнээсээ оюутан болсон. Бага нь ахлах сургууль. Тэгээд завтай үедээ ингэж хээр хонодог. 

Биднийг дуудна аа л гээд байсан. Олон удаа худлаа хэлсэн. Хэ хэ.

Хань ижил өөрийн гарын хоолоо хийж өгсөн. Жаахан оройтсон л болохоос. Ганцаараа хийсэн болохоор арга ч үгүй. Зулзагууд гал түлж байхыг хараагүй улс болохоор ихэд сонирхож байсан.

Жаахан төмс, дууван ингэж үнсэнд шарсан. Гэм нь мартаад зарим нэгийг нь түлчхсэн. Гэхдээ л амттай байсан.

Хүйтэн байсан болохоор үлдсэн мөчирнүүдээ түлж, гараа галд ээцгээсэн. Бас жижиг солют буудуулж наадсан. Энэ зун монголоос ирсэн зочдоо саатуулах зорилготой байсан ч зарим нэг "домбоо" гаруудаас болж төлөвлөгөө нураад. Хүүхдүүд жаахан гонсгор үлдсэн. 

Энэ боломжийг ашиглаж буудуулсан. Бөөн баяр байсан.

Эхний зурган дээрх төмөр хавтан дээрээ ингэж үнс цогоор гал гаргаад төмөр тор тавиад мах шарж идэцгээсэн. Дараа заавал хорхог энэ тэр гэхгүй, нүсэр биш төсөр л амармаар байна.

Хань ижил гэдэг хүн маш нүсэр юм хийх дуртай. Ингэхээр чинь амарсан ч болохгүй, хурааж цуглуулсаар байтал л цаг өнгөрнө, өөрсдөө ядарна...

Айлын нөхөр өгсөн, надад. Шинээр гарсан шар айраг юм дагуу даа. Ууж л орхисон. Бас улаан вино шимсэн. 

Гэм нь хань ижил маргааш өглөө нь эрт ажлтай байсан. Эртээ гэгч нь босоод майхнаа хураасан. Зулзагуудаа айлын майхан луу шилжүүлчихээд. Тэд нарыг унтаж байх хооронд би хүргэж өгчихөөд ирсэн. 

Би ч өөрөө үдээс өмнө ажилтай байсан болохоор зулзагуудыг минь сэрээгээд цайлж байсан. Бага зулзага яахав, ээжээ гээд уйлагначихсан сууж байсан. Хо хо. 

Дараа бүр занаж байгаад маргааш нь ямар ч ажилгүй төрөлгүй өдөр гитараа аваад дахин явна шүү гэж би хошуугаа цорвойлгосон. 

Худалч хүнд бараг 10 жил салхи оруулаагүй байсан том майхандаа салхи орууллаа. Хэ хэ.

Мөн хөдөө хээр хонож сурсан хүмүүсийн эдлэл хэрэглэлийг жаал сонирхож суув. Ихэнх нь бий л дээ. Гол нь тэр төмөр хавтан. Хэ хэ. 

Бас нэг гол чухал зүйлээ бичихээ мартах шахаж. Хорхогны халуун чулуу атгасан. Япон хүмүүс айгаад барихгүй, хүчээр бариулаад. Тэгсэн дараагаар нь гараа угаана гээд явсан. Би монгол хүн байна даа, сайхан гарандаа шингээчихсэн, тосыг нь. Хи хи.

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月20日木曜日

Зугаатай

Эднийхний энэ хүүхэд багачуудыг хөөрхөн зугаацуулж чаддаг санаа оноо нь хөөрхөн санагддаг. Нэг тийм нүсэр биш төсөр аргаар. Байгалийг л өөрийг нь ашиглачихаад байх юм. 

Байгаль дэлхийгээсээ холдоод байгаа нь нөлөөлдөг байж ч мэдэх. Манайд ч гэсэн хөдөөний хүүхдүүд бол байгаль эхийгээ аргадаж амьдарч буй гэх байх. Хотынх бол өөр тийм үү? 

Жишээ нь би өөрөө хотод төрж өссөн ч тухайн цаг үед бол зуслан гарчихна, өдөржин гадаа тоглочихно. Хааяадаа хөдөө явна гэх мэт бас ч гэж эрсдэл багатай байгальтайгаа харьцаад байдаг байж. 

Одоо бол хотын хүүхдүүд өөрсдөө орж гарч тоглох хэцүү байх шиг байна, автын осол, алга болох гээд л...

За энэ уурга нь. Нэг л зүйлийг барих гээд байна тийм үү? Дунд зулзага ихэд сонирхоод, 100 иен төлж овоо хэдийг барьсан. 


Эгч нь барина гэвэл дүү зоолттой дууриана. Жаахан юм болохоор жаахан эв хавгүй бариад, уургаа. Эгч нь заагаад л байх шиг байсан. Би ч заримдаа, тэгсгээд орхичихоо, өөрөө сурна гэж үглэдэг. 
Ер нь айлын бага заалгасаар байгаад сурчихдаг, өөрөө бие дааж сурах чадвар сул болчихдог юм шиг санагддаг. 


5-г барьвал нэг уут амттан өгнө гэсэн байсан. Эгч ч бөөн идэвхи өөрийхийгөө барьчихаад дүүдээ тусалсан. Энэ гэхдээ минут заана. 5 минутанд гэж. Би оролдож үзсэн, хэцүү талдаа юм билээ. Харахад амархан ч. 

Энэ цэнхэр савнаас хажуугийн ногоон хувин луу хийнэ, уургаараа. Өнөөх нь өгөөшнөөс зуурангуут нь дээш өргөж хийх хооронд буцаад уначихна. Их эд ээ. Амьд амьтан л болсон хойно, уснаасаа гарангуутаа аюул ирлээ гэж мэдээд байна. 


Хугацаа дуусангуут, буцаагаад тоолж хийнэ. Боломжийн санаа байна уу? Хэ хэ. 

Тухайн арга хэмжээг зохиосон газрын нэг хүн бүр тэжээдэг гэсэн. Тэгээд л иймэрхүү арга хэмжээнд оролцож, мөнгө олдог байх. Нэг бол зочид урин дуудах, оролцуулах гэсэн арга нь байх. 

Гэснээс дунд зулзага үүнийг бас тэжээмээр байна л гээд байгаа. Өөр бас ямар ч билээ нэг ийм төрлийнх. 

Гэснээс энэ гайхлын нэр нь Cynops pyrrhogaster англиар. Японоор イモリ. Монголоор хэлж мэддэггүй ээ. Хоёр нутагтан.

Ийм хачин амьтан тэжээнэ гээд, би дотор арзаганаад. Чадахгүй гэдэг ганц л үгээр хааж байна даа. Би амьтан энэ тэжээх талд сонирхол муутай, хүрч чаддаггүй.

Багадаа загас, дэгдээхэй гээд л тэжээдэг байсан. Ихэнхдээ үхүүлчихдэг байсан. Чадахгүй юмаараа оролдоод дэмий юм билээ.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月19日水曜日

Намар айсуй

Намар айсуй. Айсуй ч гэж дээ хаяанд ирчихэж. Өглөө оройдоо сэрүүссэн. Бараг даарч байна. Нөхөр хаданд гардаг улирал эхэллээ гэхгүй юу? Хүйтэн хөлөө хөлөнд нь наадаг юм аа. Ха ха.

Эгчийгээ төгөлдөр хуураа заалгаж байх хооронд хүү бид 2 зугаална хааяа даа. Хааяадаа номын сан орно. Ойрхон байдаг юм. 

Тэгсэн уулын модод ингэж алаглаад эхэлсэн байлаа.

Зулзага минь хүртэл намрын өнгөтэй, хэхэ. Мөрөг загас хооллодог. Хиймэл жижиг нуур байдаг юм. Тэнд хэдэн мөрөг загастай. Талх барьж очоод, хувааж шиднэ. Өнөөдүүл нь сурмаг гэгч нь ам нь ангалзаж ирээд иддэг.

Алхах зуур нэгэн айлын хашааны гадаа ийм сонин жигтэй ургамал байсан. Би өөрөө цэцэг, ногоо тарихдаа, арчлахдаа муу учраас бишрээд л зураг дарав. Яг л мод шиг эгдүүтэй байгаа биз? 

Тэгж байгаад баруун тийш байдаг сүрлэг хайрхандаа очиж намрын өнгийг мэдэрч, нүд сэтгэлээ баясгана даа гэж бодон сууна. 

Та бүхэн ч гэсэн байгалийн өнгө үзэмжийг биширч, сэтгэлээн баясгаарай.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月18日火曜日

Ярьдаг үлгэр

Би энэ номыг монголд хамаатныхаа 2 ч айлд авч бэлэглээд. Тэд маань ч бөөн баяр. Баярлаж буй хүн харах гоё тийм ээ?

Дараа нь аялалаар ирсэн дүү нартаа захиж өөртөө аваад. Өөртөө ч гэж дээ, зулзагууддаа. Тэд нарынхаа чихийг онгойлгох санаатай шүү дээ, аминдаа...


9 үлгэртэй. Монгол болон орос ардын үлгэр орсон. Бага зулзага хамгийн чанга дээр нь тавьчихаад сонсдог. Ийш тийшээ машинаар явахдаа аваад явах зүгээр санагдсан. Сонсоод л...

Гончигсумлаа минь, манай зарим нэг үлгэр үнэн харгис тийм ээ? Яагаад алчихаж байгаа юм бэ? Хэлж ойлгуулж болдоггүй юм уу? гэж асуугаад байх. Олон дахин хэлүүлээд, болохгүй болохоор нь хядчихсан юм аа гэлтэй нь биш, хэцүү байгаа шүү. Ккк.

Бага байхдаа анзаардаггүй ч байж. Ийм л байх ёстой гэж сонсдог байсан байх. Одооны хүүхдүүд чинь хэл ам сугалчих гээд.

Өнхрүүш үлгэрийн дуунд их хөөрхөн дуртай байгаа. Ютүбээр хүүхэлдэйн киног нь үзүүлчихсэн. Бүр ч дурлаад байх шиг. 

Үлгэр болгонд шахуу "чоно" гарна. Тэнэг гэж юүхэв өнөөх нь. Хэ хэ. Тэгснээ эрчүүд чоно моно гээд, бид бас их сонин улс юм өөрсдөө. Хи хи. Одооны үеийнхнийг дуурайж элдэв юм бодож үзэв. Барахгүй шиг байна. Ха ха. 

Яагаад чоно тэнэг болж гардаг, үнэг ухаантай зальтай гэж гардаг байна аа? Яагаад вэ? Яагаад вэ? Яагаад вэ?  гэдэг дуу байдаг даа. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье

2022年10月17日月曜日

Энэ зуны тансаглал

Ойрын 2 жил хагас идээгүй амтаа идээд сайхан байсан шүү. Угтаа гэр бүлээрээ яваад ирэх санаа байсан ч нэг л болж өгсөнгүй. Зун ч угаасаа цар тахал гаарсан тийм ээ? Тэгэхээр нь би айчихсан. Бөөн ажил чирэгдэл болох гээд.


За тэгээд айраг, ааруултайгаа байхад хэн баян? гэж ирээд л нүүр номдоо зураг оруулж ирээд л ууж идсэн. О.зулзагадаа ааруул явуулав. Дуртай. Ээзгий бас өгсөн юм байна.

Энэ айраг өнгөрдөг 7 хоногт шуудангаар манайд ирсэн. Төгсөөд явсан "агаа" өгсөн. Ээж аав дүү нар нь ирээд явсан гэсэн. Тэгээд эгчийгээ марталгүй өгч явуулсанд нь уяраад хайлаад...

Сэтгэл нь сайхан. Тэгэхэд бүр алба юм шиг аашлаад, загнаад, туниад, хараагаад байдаг нэг хүн энэ хаяанд бий. Тийм хуншгүй занг нь энд тэндээс олж сонсоод би өмнөөс нь уур хүрээд байдаг. Хо хо. 

За тэр ч яахав, ховыг энд нэг их базахгүй шүү тийм ээ? Хааяа л тэсвэр алддаг болохоос. Ккк.

Оройд үүнийгээ шимэн шимэн ууж байна. Бага багаар хийж аваад. 

Зун хань ижил харьж ирэхдээ авчирсан л даа. Бас аялалаар ирсэн дүү нар ч авчирсан. Эрхэлчихсэн байна уу? 

Ааруул дууссан бараг, одоо хэдхэн ширхэг үлдсэн. Өвөл шуудангаар бас бус юм захина гэж мөрөөдөөд л сууж байна. Цагаа тулахаар нь бас таван цаасаа хэмнэчих гээд үзчихнэ ээ. 

Гэснээс энэ зун маш их хүн монгол явсан тийм ээ? Дэлхийн өнцөг булан бүрээс. Би ч атаархаад л зураг хөргийг нь харж суув. Хэ хэ. 

Гэр бүлээрээ яг нисэх гэхээр бас л овоо хэдэн төгрөг болчих гээд, зөвхөн олон улсын нислэг нь. Тэгээд л япон доторх унаа, эх орондоо очоод идэж уух, бас бус зардал, ирж очихдоо авах бэлэг сэлт гээд л тооцоод, болилоо болсон. 

Хажуугаар нь о.зулзага жолоонд сууна гэж мөнгө нэхсэн, давхцаж таараад.

Ирэх жил нүдээ аниад л явчих санаа байна, сачий хүрэх нь үү? Ккк. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月16日日曜日

Гартаа оруулсан нь

Зун ёстой гэнэтийн шийдвэрээр хань ижил монгол яваад, 2 долоо хоноод ирсэн. Тувт эмнэлгээр л байсан. 

Харьж ирэхэд нь мэдээж баахан ном захина биз дээ? Бөөн боломж. Энэ л боломжийг ашиглахгүй бол тийм ээ?

Тодко-гийн номнуудыг ёстой санаандгүй авсан. Эмнэлэгт нэг ах хүү бөөнд нь 10.000 төгрөгөөр өглөө гээд явж байсан гэсэн. Тэгэхээр нь хань ижил чамд байгаа юу? гэж асууснаа авчихсан байсан. 

Зайлуул тэр ахыг өрөвдөөд 20.000 төгрөг өгсөн гэсэн. Өрөвч юм байгаам хөөрхий. Хэ хэ.

За тэгээд худалдаж авсан номнууд, найз минь бэлэглэсэн номнууд, өмнө нь би өөрөө худалдаж аваад тавьчихсан байсан номнууд гээд л бий. 

Эхнээс нь нимгэн гэснээс нь эхэлж уншиж байна. Дууссанаас нь эхлэн зураг хөрөг оруулна аа. 

Ингэж, ядаж зураг оруулах чинь их зүгээр юм билээ. Сүүлд чи минь, та минь номоо захиарай гэсэн чинь би ямар ном уншсанаа санахгүй байсан шүү дээ. Насных уу? Тархиных уу? Ёстой бүү мэд...

Үүнээс гадна бас хэд хэдэн ном авчруулсан. 11 сард дахин 2 ном авах гээд захьчихсан гээд л боддоо. Шуналаа гэж. 

Дүү минь "энэ их номоо дараа нь монгол буцаах гэж бөөн юм болох гэж байгаа юм" гэж үглэсэн. Яах вэ дээ? Жавхлан юм энэ хорвоо чинь өөрөө. Хи хи. 

За та нар минь ч гэсэн боломж л гарвал уншиж байгаарай. Гадаад хэлээр уншвал бүр сайн шүү. 

За түр баяртай, түр ч гэж дээ маргааш болтол баяртай. Хо хо. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月15日土曜日

Туулайн бөөр

Ургацын далай гэдэг шиг намар цагт японд ургац арвин юм аа. Атаархмаар. Ганц намар гэлтгүй жилийн 4 улирал ургац арвин эд нар. Тэгэхэд миний муу эх орны тариаланчид яаж махийж байна тийм ээ? 

Цагийн сайханд ногоочидтой хамтарч ажиллаж байхад их хэцүү л санагддаг байсан. Усны нөөц багатай гэх мэт. 

Дээрээс нь эмэгтэйчүүд голцуу ажилладаг. Эрчүүд нь ховор, яг юу хийдгийг сайн мэдэхгүй...

За оршил их урт болдог тийм ээ? Байнгын уншигчид минь андахгүй дээ. Хэ хэ.  

Туулайн бөөрийг дэлгүүрээс л голцуу харж байсан байх тийм үү? Ялангуяа хот газрынхан. Би бол бүр туулайн бөөр гэж ч мэддэггүй байсан. Энд ирэхээсээ өмнө. 

Ийм өргөсөн дотор боловсордог. Бас л модонд ургадаг. Боловсорч гүйцээд ирэхээрээ унадаг. Унасаныг нь бодон гахай зооглоно. Түрүүлж түүвэл их юм болдог байх. 

Худалдааны зорилгоор тарьдаг хүмүүс ч байдаг байх. Сайн мэдэхгүй байна өө. 

Навчных нь зургийг дарсан ухаантай юм. Модыг нь бүхэлд нь дараагүй байна. Ирэх жил модтой юутай хээтэй нь зураг дарж оруулна аа. 

Ууланд алхангаа дарсан юм. Ойн гүн лүү орвол модон гахай нь ирээд намайгаа зооглочихож магад гэж айгаад гэхгүй юу. Би чинь тарган цатгалан сайхан амьтан шүү дээ. Хи хи. 

Бага зулзага хатгуулахаасаа айгаад надад бариулж авчирсан нь. Хэ хэ. Ээж гэдэг хүн яахав, үр зулзагануудынхаа танин мэдэхүйд өчүүхэн ч атугай хувь нэмэр болчих санаатай үзэж тарж байна. 

Ухаан, танин мэдэхүй нь тэлж буй гэдэгт найднам...

Уулынхан ингээд будаатайгаа агшаагаад, ингэж гурвалжлаад идэцгээсэн нэг орой. Үүнд дунд миний гурвалжилсан будаа ч байгаа. Царайлаг нь шүү, худлаа худлаа, жаахан царай муутай нь. 

Би ихэвчлэн бөөрөнхийлчихдөг, амар. Энэ удаад жаахан нэрээ бодоод өө. Монголынхоо нэрийг л бодох юм даа. Хо хо. 

Энэ сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр туулайн бөөр ихтэй будаа. Үүнийгээ би өөрөө түрүүлж аваад идчихсэн. Хи хи. 

Нэг иймэрхүү, намар цагийн амт. Монголд бол айраг юм даа тийм ээ? Яахав орчин цагт бол олон зүйл ногоо гарч байгаа ч. Айраг гэснээс би энэ жил хүмүүсийн буянд айраг уугаад амжсан шүү. 

Зургийг нь оруулж гайхуулна аа за юу? Хэ хэ. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年10月14日金曜日

Хушга

Хушга гээч гайхлыг багадаа хагалж иддэг байснаа л санадаг. Энд ирснээс хойш хааяа л авч иддэг. Хөөрхөн үнэтэй тийм ээ? 

Тэгсэн бидний очдог уулын хэдийн маань ойрхон нэг танил айлынх нь гадаа ургадаг юм байна. Хань ижил 2 жилийн өмнө илрүүлсэн юм уг нь. Би очиж үзээгүй, сонсоод өнгөрч байсан. 

Энэ жил зорин очив. 

Өндөр ургасан мод байсан. Навч, мөчир ч сийрэг талдаа. Мэдэхгүй хүн хараад энэ хушганы мод гэж хэлж мэдэхгүй л юм билээ. Хушга нь ч хаана ургасан байгааг олж харахад бэрх. 

Айлын эмээгээр хэлүүлж байж л мэдэж олж харсан. Хэ хэ. 

Ийм ногоон өнгөтэй. Навчнаас нь ялгаж харахад овоо хараа шаардана. Хараа муутай бол шил энэ тэрээ зүүх ёстой шүү. Би нээрээ холын харааны шилтэй, барагтаа зүүдэггүй л болохоос. 

Өндөрт ургах тул авирч түүнэ, нэг бол ийм урт хулс модоор яг жимсээ цохиж авна. Заавал хулс гэхгүй л дээ. Гадаанаа хулс модтой байсан тул, түүнийгээ тайрч бэлдсэн юм билээ.

Хань ижил цохиж, би түүсэн. Яг унаж байхад нь харж байхгүй бол өвсөн дунд орохоороо бас харагдахгүй ээ. 

Газарт унасныг нь бодон гахай зооглоно. Модондоо байгааг нь сармагчин гуай ирж зооглоно. Тийм болохоор шимтэн түүдэггүй гэсэн. Боломж гарсан ганц нэгийг нь л түүж авдаг гэсэн айлын эмээ. 
Ногоон өнгөтэйг нь хагалахад дотроос нь бидний мэддэг хушга гарч ирнэ. Сайн болоогүй нь гашуун амттай байдаг юм билээ. 

Энэ бас тийм ч амархан ингэж салахгүй ээ. Алхаар ч юм уу чулуугаар цохиж хагалдаг юм билээ. 

Хагалахгүй удаахаар ингээд ялзраад харлачихдаг юм билээ. Харласан хальсыг нь салгах гэсэн чинь дотроос нь өт гарч ирээд шууд шидчихсэн гэж байгаа, нэгийг. Хэ хэ. Бас л эвгүй юм билээ. 

Гэртээ ирээд усаар угаангаа хальслаад тавьчихсан. Өт байсан эсэхийг бүү мэд. Байсан ч урсаад алга болсон байх. Хараагүй юм чинь, шаал тоохгүй гар хүрээд угаасан. Хи хи. 

Энэ түрүү жилийнх гэсэн. Дотроо хушга маань их бага гээд л янз бүр байдаг юм билээ. Яг самар шиг. Дотроо хатчихсан нь ч байсан. 

Өө тийм жижиг хушга байсан. Тэр нь их зузаан ястай. Хагарч өгдөггүй, хэцүү юм билээ. Тэгэхээр нь түүгээгүй ээ. Чөтгөр хушга гэдэг нэртэй.

Нэг иймэрхүү мэдлэгээ тэлсэн амралтын өдрүүдийг өнгөрүүллээ. Бага зулзага ч чөлөөтэй орж гараад, айлын маамаа нартай тоглоод зугаатай байлаа. 

Зураг хөрөгтэй бичлэг уншсан чинь гоё байна уу? Таминь ээ. Хо хо. 

За түр баяртай. Чадвал маргааш шинэ бичлэг оруулна аа. Бүгдэд нь амжилт хүсье.