ラベル Бясалгал の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Бясалгал の投稿を表示しています。 すべての投稿を表示

2024年6月11日火曜日

Ээж байх

Хүүхдийн хүмүүжлийн тухай ном уншаад байсан даа. Үе үе ээж байхын хэцүүг, сайхныг тунгаан бодно оо.

Бясалгал гэж хэлэхгүй ч, оройдоо зулзагаа унтуулахдаа үе үе бодно. Сүүлийн номонд бичсэнчлэн "зулзагуудынхаа унтсаныг хараад уужирч, талархаж, тайвширч бай" гэж. Үүнийг хэрэгжүүлэх санаатай. 

Унтаж байхад нь үнсэж, үлгэх дуртай. Хөөрхөн тийм ээ?

Хамтдаа дэлгүүр хэсэхдээ хүртэл сэтгэхүйг нь, танин мэдэхүйг нь хөгжүүлэх гэж үзнэ.
Хөөх гэж ирээд, ээж өөрөө маш их гайхаж биширч байгаа дүр эсгэнэ. Нэг ёсондоо жүжиглэнэ, анх удаагаа үзэж харж байгаа мэт. Ха ха.

Өөртөө багахан цаг гаргаад үчсин орсон нь. Зун цаг айсуй тул үсээ нэлээд богино тайруулчихлаа.

Гэрийн залуус хөөрхөн байна, үзэсгэлэнтэй байна гэж хэлсэн. Угаасаа тэгж хэлэхгүй бол ээж нь гомдоод сүйд болно биз дээ? 

Харин эгч "зохихгүй байна, та үсээ дээш шууж боох нь зохьдог юм байна" гэсэн.  Хань ижилдээ охин тэгж байна гэсэн чинь "надад таалагдаж байвал болно, өөр юу хүсэх вэ дээ?" гэсэн. Хо хо. 

Бодоод байсан, би өөртөө таалагдах ёстой биз дээ. Бусдад биш. Хо хо.

За энэ ёстой үнэн зураг байна аа. Хажууд аав нь зүв зүгээр, сув сул "оршиж" байхад ээж ээж гээд наалдаад унах юм. Би их ажилтай суугаад байгаа шүү дээ. Номоо уншаад, хоолоо хуурангаа түр амсхийх зэрэгт яг цагийг нь олоод наалдчихна. 

Тэгээд гар нь тувт энгэр лүү. "Мээмчик"-г минь их сурамгай тайлж ирээд л. Ха ха. Хол зайтай тулдаа л нэг юм тэсэж байна дөө. Ойрхон бол яг энэ зураг дээрх шиг л юм болох нь.

Ээжүүд минь та бүгд хичээж байгаа шүү, чадаж байгаа шүү, зүтгэж байгаа шүү, би та нарын араас хөл нийлүүлэх гэж яваа нэгэн шүү. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年8月11日水曜日

Ухамсар ба хандлага

Блогтоо бичээд оруулчихвал санаж байх юм даа гэж бодон наадаг цаасаар тэмдэглэсэн хуудас нэлээд хэд байхаар нь ганц нэгийг нь зориудаар цөөллөө. Бичих гэсэн залхуу хүрээд байна. Тэгсэн  ч цаана нь овоо хэдэн ширхэг цаас байна шүү. 

Бага багаар бичиж л байя дөө. 

"Ухамсрын таван дасгал

1. Амь, амьд зүйлсэд хүндэтгэлтэй хандах.

2. Хүлээцтэй хандаж сурах.

3. Дур тачаалд хэт автахгүй байх.

4. Бусдыг сайн сонсож чаддаг байх, хайраа шингээн ярьж сурах.

5. Хэрэглээндээ ухамсартайгаар хандах.

Энэ тавыг товчхон тайлбарлаж бичсэн байсан. Гарчигнаас нь харахад л ерөнхийдөө ойлгомжтой тул алгаслаа. 

"Дөрвөн зүйлийн "хүнс"-ийг ухамсартайгаар хэрэглэх"

1. Хүнсний бүтээгдэхүүн. Энэ бол ойлгомжтой биз? Дэлгэрүүлж бичсэнгүй шүү. 

2. Мэдрэхүй, сэтгэгдэл. Бид мэдрэхүйн эрхтнүүдээрээ дамжуулан хязгааргүй хэрэглээн дунд оршдог. Үзэх, харах, мэдрэх, хүсэх гээд л. Энэ олон мэдрэхүй, сэтгэгдлээ ухамсарлаж, хязгаарлах.

3. Өөрийн хүсэл зориг. Юуг хамгийн их хүсэж буйгаа мэддэг байх. 

4. Ухамсар. Аливаа үйлдэлдээ ухамсартайгаар хандах. Бусдыг зовоох, эмзэглүүлэх үг үйлдэл зэргээ хянаж, ухамсарлах. 

Эдгээрийг ч гэсэн дэлгэрэнгүй тайлбарласан байсан. Залхуурсан бөлгөө. Худлаа худлаа орчуулж бичих чансаа дутаад өө. Ккк. 

"Эх болсон газартаа хандах таван хандлага"

1. Талархангаа, миний цусан холбоотой бүхий л өвөг дээдэстээ мэхийн ёсломуй.

2. Талархангаа, миний оюун санааны бүхий л өвөг дээдэстээ мэхийн ёсломуй.

3. Талархангаа, миний эх болсон газар, энэхүү газар нутгийг өвлүүлж үлдээсэн өвөг дээдэстээ мэхийн ёсломуй.

4. Талархал, нигүүлсэх сэтгэлтэйгээр толгой мэхийн өөрийн энергийг хайртай хүмүүстээ дамжуулах.

5. Ойлголцол, нигүүлсэх сэтгэлтэйгээр толгой мэхийн өөрийг минь зовоож, дорд үзэж ирсэн бүгдийг уучлах.

Мөн л дор бүрнээ дэлгэрэнгүй тайлбартай байсан. Өөрийн оршиж буй энэ цаг үе, энэ газар нутаг, өөрийн ухаан бодол, үнэт зүйлс зэрэгтээ ямагт талархалтайгаар хандах. Сэтгэл хангалуун байх.

Мөн үр хойч үедээ ч сайн сайхныг өвлүүлж үлдээх гэсэн утга бүхий гэж мунхаг би ойлгосон. Зөв үүе? 

"Дараах таван зүйлийг тунгаан бодох"

1. Бидний хүнс дэлхий бөмбөрцгөөс бидэнд илгээсэн бэлэг. Эх газар, агаар, хязгааргүй хайр энэрэл шингэсэн хөдөлмөр бидэнд үүнийг олгосон.

2. Бид энэхүү бэлгийг хүлээн авах болзлыг хангасан байхын тулд ухамсартайгаар амьдарч, ухамсартайгаар идэж чаддаг байх. 

3. Бид ухамсрын төвшинд дээшилж, идэж буй зүйлдээ хүндэтгэлтэйгээр хандаж чаддаг байх.

4. Бидэнд шим тэжээл өгдөг, өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг хүнсийг л идэж чаддаг байх.

5. Бид ойлголцол, хайрыг ухамсарлахын тулд л энэхүү хүнсийг иддэг байх.

Нээрээ л бодоод байсан чинь хэт их идэх, хэт их худалдаж аваад идэж амжилгүй муутгах гээд л заримдаа ч өөрсдийгөө "амны хишиг нь ар дээрээ гарлаа" гэж үглэдэг шүү. 

Хөргөгчинд хааяадаа зарим нэг ногоо цагаагаа мартаад, муутгаад хаях тохиолдол бий бий. Үүнийгээ багасгах, бүр арилгах. 

Төгсгөл хэсэгт би би гэсэн торноосоо гарах, ангижрах тухай бичсэн байна лээ. Ойлгомжтой тийм ээ. Би л болж байвал, миний л зүйл биелж байвал гэдэг аминчхан үзлээсээ салах юм даг уу даа. 

За ёстой удаан уншсан номоо уншиж дуусгалаа. Цаана дахин нэг ном нь бий. Хугацааг нь дахин сунгаж байгаад уншаад дуусгах санаатай. 

Зураг бол оруулна аа. Бичих эсэхийг таашгүй. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年8月10日火曜日

Хүчтэй сэтгэл хөдлөл

Сэтгэл хөдлөл асар өндөртэй хүмүүс байдаг даа. Сайн сайхан сэтгэл хөдлөл, муу муухай сэтгэл хөдлөл аль аль нь. Тийм хүмүүст зориулсан бясалгал. 

Заавал тийм сэтгэлийн хөдлөл өндөртэй хүмүүс ч биш, заримдаа бид бас их уурладаг, бухимддаг, шаналдаг үе байдаг даа? 

Тэр үедээ бас үүнийг хийхэд зүгээр юм байна. 

Сэтгэлийн хүчтэй хөдлөлийг дарах хамгийн амархан бөгөөд энгийн арга бол "гэдсээрээ амьсглах" юм. Ухамсарт амьсгалаа энэ удаад гэдсээрээ авна аа гэсэн үг. 

Айдас, бухимдал гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөлд автсан үедээ ухамсараа, анхаарлаа гэдсэндээ төвлөрүүлнэ. Мөн ийм үед толгойгоороо бодох нь аюултай. Хүчтэй сэтгэл хөдлөл нь шуурга шиг зүйл байдаг тул аль болох өөрийн үндсэн чанарт хурдан шилжих хэрэгтэй. 

Гэдсээ дээш нь доош нь хөдөлгөн төвлөрнө. Гэдсэндээ анхаарлаа төвлөрүүлж, ухамсартайгаар амьсгална. Үүнийг суунгаа, хэвтэнгээ хийж болно. Гэдсэн дээрээ ямар нэг зүйл тавиад хөдөлгөөнийг хянаж болно. 

Гэдсээрээ амьсгалах дасгал.

1. Амьсгал авангаа бүхий л анхаарлаа гэдсэндээ төвлөрүүлнэ.

Амьсгалаа гарганаа бүхий л анхаарлаа гэдсэндээ чиглүүлнэ. Гэдсэндээ гэдсэндээ.

2. Амьсгал авангаа гэдсэнд төвлөрсөн анхаарлаа сарниулахгүйг хичээнэ.

Амьсгалаа гарганаа гэдсэнд төвлөрсөн анхаарлаа сарниулахгүйг хичээнэ. Гэдэснээс сарнихгүй.

3. Амьсгал авангаа гэдэс дүүрч буйг л анзаарах. 

Амьсгалаа гаргангаа гэдэс хоосорч буйг л анзаарах. Гэдэс дүүрч, гэдэс хоосрох. 

4. Амьсгал авангаа амьсгал авалт хурдан, гүехэн, жигд бус буйг анзаарах. 

Амьсгалаа гаргангаа амьсгал гаргалт хурдан, гүехэн, жигд бус буйг анзаарах. Амсьгал авах арга, амьсгалаа гаргах арга.

5. Амьсгал авангаа амьсгал авалт удаан тайван болж буйг анзаарах.

Амьсгалаа гаргангаа амьсгал гаргалт удаан тайван болж буйг анзаарах. Тайван, удаан.

6. Амьсгал авангаа уур хилэн, бухимдал, айдас, итгэл алдрал, зовлон алсарч буйг мэдрэх. 

Амьсгалаа гаргангаа уур хилэн, бухимдал, айдас, итгэл алдрал, зовлон алсарч буйг мэдрэх. Хүчтэй сэтгэл хөдлөл алсарч байна. 

7. Амьсгал авангаа уур хилэн, бухимдал, айдас, итгэл алдрал, зовлон замхарсныг мэдрэх.

Амьсгалаа гаргангаа уур хилэн, бухимдал, айдас, итгэл алдрал, зовлон замхарсныг мэдрэх. Хүчтэй сэтгэл хөдлөл замхарч одлоо.

8. Амьсгал авангаа өөрийн амар амгаланг мэдрэх.

Амьсгалаа гаргангаа өөрийн амар амгаланд инээмсэглэл бэлэглэх. Амар амгаланд инээмсэглэх.

Үүнийг дотны хүмүүстээ хэлж зааж өгвөл бас сайн. Сэтгэл хөдлөл түр зуурынх гэдгийг сануулж байх. Түр зуурын сэтгэл хөдлөлд тэр бүр автаад, зовоод байх хэрэгтэй гэж үү?

Ялангуяа хүүхэдтэй хүмүүс энэ бясалгалыг хийж байвал зүгээр. Хүүхэд тань элдэв ааш гаргаж, элдэв сэтгэл хөдлөлд автсан бол та бүүний гарыг атгангаа тайвшруулах. Мөн гэдсээрээ амьсгалаа аваад үзэхийг санал болгох. 

Гэж бичжээ. Цаашаа бас хэд хэдэн бясалгалын арга байна. Төстэй санагдсан ч эндээ бичиж үлдээмээр. Номны буцаах хугацаа өнгөрчихөөд, бичихээсээ залхуу хүрээд гэсэн хоёр зүйл тулгараад байна. Яах уу?

Гялс хариу. Хэ хэ. 

Гэснээ о.зулзага дунд сургуульд байхдаа үлээвэр найрал хөгжмийн дугуйланд явдаг байсныг санаж байна уу? Тэгэхэд гэдсээрээ амьсгалаа авч, гаргаж үлээж буй аяа аль болох таслахгүй, уртаа гэгч нь үлээх гэж дасгал хийдэг байсан. 

Заалгаж байдаг байж. Энэ номтой эртхэн таарсан бол тэр гэдсээрээ амьсгалаа авч, гаргах аргыг заалгана гээд л сууж байх байсан даа...

За журмын олон уншигчдадаа амжилт хүсье. Түр баяртай.

2021年8月9日月曜日

Бурханлаг чанарын бясалгал

Хэсэгтээ Тич Нат Хан-ы номноос бичих нь шиг байна шүү. Ингэж бичиж өөртөө үлдээхгүй бол мартчих гээд байдаг тул. Мөн номын сангаас зээлсэн ном тул дуртай үедээ сөхөж харах боломжгүй. 

Өөрийн доторх бяцхан хүүхдийнх нь тухай номыг харин худалдаж авах бодолтой. Сонирхолтой санагдаад байгаа тул. Сэтгэл зүйн талаарх ном бараг уншдаггүй тул, энэ талаар аажим аажмаар уншина аа. 

Оршил минь урт болдгийг уншигч олон минь мэдэж буй тийм ээ? 

Өмнөх бичлэгт хүний эд эсэд элдэв зүйл багтаж байдаг гэж бичээд өндөрлөсөн байна. Энэ талаар бага зэрэг дэлгэрүүлэх үү? 

Бидний эд эсэд сайн сайхан зүйлээс гадна муу муухай зүйл хүртэл багтаж байдаг. Жишээ нь айдас, хүчирхийллийн үр ч багтаж байдаг. Атаа хорсол, уур хилэн гэсэн сөрөг мэдрэмжүүд хүртэл багтдаг. 

Гэхдээ бид үүнийг оролдлогоороо өөрийн доторх ухамрсын хүч, эелдэг зан чанарын хүч, ойлголцлын хүч зэргийг тамын тогоо руу чулуудахаас сэргийлж, хамгаалж чаддаг. 

Хүн гээч амьтан зовоод ирэхээрээ өөрийн доторх бурханлаг чанараа мартдаг, өөрийн доторх сайн зан чанараа мартдаг, өөрийнх нь дотор зовлонгоос өөр зүйл байхгүй, айдас, замбараагүй байдал, муу муухайгаас өөр зүйл байхгүй гээд тархиндаа кодлочихдог. 

Өөрийн бурханлаг чанараа мартахгүй байх чухал. 

Будда бясалгах явцдаа мөн айдастай нүүр тулсан байдаг. Будда Мара чөтгөрийн явуулсан хорон санаат цэргийнхний сумыг цэцэг болгон хувиргасан байдаг. Тэгсэн Мара дахин гарч ирээд маш үзэсгэлэнтэй бүсгүйн дүрд хувиран гарч ирнэ. 

Буддагийн зүрх сэтгэл, тачааллыг хөдөлгөн түүний зорилгыг мартуулахыг оролддог. Будда нэг гараа өргөн "Чи бол төсөөллийн төдий зүйл, чи бол бодит зүйл биш" гэж хэлэхэд өнөөх үзэсгэлэнт бүсгүй арилаад өгдөг. 

Энэ мэтээр Мара нь айдас, хүсэл тачааллаар Буддаг дийлж чадаагүй болохоороо энэ удаад хязгааргүй эрх мэдэл, эд хөрөнгөөр түүний сэтгэл санааг урвуулахыг оролдоно. Будда дахин нэг гараа өргөн бодит зүйл биш ээ гэж ирээд л Мараг хөөн явуулдаг. 

Үүнээс харахад Будда нь өөрийн сайн, буянт чанартаа анхаарлаа чиглүүлж, түүнийгээ дуудан Марагийн үзүүлсэн харуулсан бүхэн мөнх зүйл биш гэж таньж мэдсэн нь зорилгоосоо буцалгүй, ялахад хүргэсэн байдаг.

Гэж бичсэн байна. Санаж байх гэж бичлээ, дахин хэлэхэд. Буддагийн тухай цаг зав гаргаж уншина аа. 

Нэг зүйл ойлгосон нь энэ хорвоо ертөнц дээрх бүхий л зүйлс чинь хийсвэр, мөнх бус гэж. Шунал тачаалаа дарж, гаднаас  ирж байгаа элдэв дарамт шахалтыг сайн сайхан зүйлс болгож өөрчлөх чадалтай байх, түүнд суралцах. 

Өөрийн сайн чанар, бурханлаг чанараа марталгүй байх бясалгал

Өөрийн доторх сайн сайхан чанартаа анхаарлаа чиглүүлж, түүнийг ухамрсын төвшинд аваачих нь ямар ч зовлон бэрхшээл дунд байсан ч чаддаг. Ухамсарт амьсгал, амсьгал төвлөрөлтийн дадал зуршлаар өөрт минь бурханлаг чанар оршиж байдаг, нигүүлсэл, ойлголцлын чадвар байдаг гэдгийг үргэлж санаж сэрж яваарай. 

1. Амьсгалаа авангаа яг одоо амьсгал авч байна гэж бодох.
Амьсгалаа гаргангаа яг одоо амьсгалаа гаргаж байна гэж бодох. 

2. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй ухамсрын хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү ухамсрын хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх. 

3. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй итгэл үнэмшлийн хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх.

4. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй билэг ухааны хүчийг мэдэрч байна гэж бодох.
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх.

5. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй энэрэл нигүүлслийн хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх. 

6. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй амар амгалангийн хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байн гэж мэдрэх. 

7. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй эрх чөлөөний хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх.

8. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй сэхээрлийн хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх.

Өдөрт 2-3 минут ийнхүү амсьгалдаа төвлөрч үзээрэй. Сэтгэл санаа хөнгөрөөд сайхан болох буйзаа. Үүнээс илүү гүнзгийгээр бодоод хэрэггүй. Харин өөрийн доторх сайн чанартаа итгэх. 

Гэж бичжээ. Хэрэгжүүлж эхлээгүй ч нэг нартай сайхан өдөр сөхөж харахаар блогтоо бичсэн бөлгөө. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2021年8月2日月曜日

Удаан хадгалах

Амгалан, гэгээлэг мэдрэмжээ аль болох удаан хадгалах тухай. 

Сэтгэл дэх "гэгээлэг үр"-дээ анхаарлаа төвлөрүүлж, услан ургуулахын тулд дараах бясалгалыг хийгээд үзээрэй.
 
1. Амьсгалаа авангаа сэтгэл дэх амар амгалангаа мэдрэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх амар амгаландаа инээмсэглэл бэлэглэх.

2. Амьсгалаа авангаа сэтгэл дэх баяр баяслаа мэдрэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх баяр баясалдаа инээмсэглэл бэлэглэх.

3. Амьсгалаа авангаа сэтгэл дэх тогтвортой байдлаа мэдрэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх тогтвортой байдалдаа инээмсэглэл бэлэглэх.

4. Амьсгалаа авангаа сэтгэл дэх чөлөөт байдлаа мэдрэх.
 
Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх чөлөөт байдалдаа инээмсэглэл бэлэглэх.

5. Амьсгалаа авангаа сэтгэл дэх аз жаргалаа мэдрэх. 

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх аз жаргалдаа инээмсэглэл бэлэглэх.

Хүн өөрийн доторх сайн талыг мэдэж, өөрт тань бурханлаг чанар бий гэдгийг мэдэж байх хэрэгтэй гэнэ. Сайн тал гэдэг нь тухайн хүний буянлаг чанар юм шиг байна.

Аливаа хүн бүрийн сэтгэлд нэг тийм харанхуй, сөрөг мэдрэмж төрөөд, түүндээ ялагдах үе байдаг. Яг энэ үед сайн чанар, буянлаг чанар нь тухайн харанхуй, сөрөг мэдрэмжид эзлэгдээд арга мухарддаг. 

Хүний мэдрэмж гэдэг бол яг л зурагтын суваг шиг зүйл юм. Одоо гарч буй суваг бидэнд таалагдахгүй бол сувгаа сольдог. Үүнтэй адил бид мэдрэмжээ сольж болно. 

Будда үүнийг "Хадаас солих" гэж хэлсэн байдаг. Харанхуй мэдрэмжээ гэрэлтэй мэдрэмжээр солих. Харанхуй гэдэг үг байгаа хэдий ч сөрөг гэж ойлгоход болох юм шиг санагдлаа. Гэрэлтэй гэдэг үгийг эерэг гэж ойлгов мунхаг би. Хэ хэ.

Мөн энд хадаас гэдэг нь төмөр хадаас биш модон хадаасыг хэлж буй болно. Тэрхүү модон хадаас илжирч муудвал шинээр солино.

Заримдаа сөрөг мэдрэмжээ эерэг мэдрэмжээр сольсон ч өмнөх мэдрэмж хэт хүчтэй байх тохиолдол бий. Энэ үед сэтгэлд зөрчилдөөн үүсдэг. Тухайн зөрчилдөөнөө өөр нэгэн аргаар өөрчлөхийг оролдоно.

Өөрийн тань дотор тайвшрал, ойлголцол болон нигүүлсэл, амар амгаланг бий болгодог чанар гэж бий. Түүнийгээ олж мэдэх, санаж байх нь их чухал. Тэр л чанар бол чиний төрөлх зан чанар юм.

Товчоор хэлбэл тэр л тайвшрал, ойлголцол, нигүүлсэл, амар амгаланг бий болгодог чанар чинь таны болон чиний бурханлаг чанар билээ. 

Бурханлаг чанар миний дотор оршдог шүү, гэдгийг ямагт санаж, ухмсарлаж байвал таны зовлон шаналан дэр даруй зөөлрөх буй заа. 

Бурханлаг чанар бол хийсвэр зүйл огтоос биш. Хүрч мэдэрч болдог бодит зүйл. Бурханлаг чанар бидний эд эс бүхэнд оршдог. Бидний эд эс дан ганц бодит зүйлсээс бүрддэг ч зүйл биш. 

Бидний бие хэдий бодит зүйл боловч энэ нь мөд адил ухамсрын илрэл билээ. Түүнд бүх зүйл багтана. Эс нэг бүрчлэнд өөр бусад бүхий л зүйлс хамрагддаг. 

Энэ удаагийн бичлэгээ өндөрлөх минь. Яг юу бичээд байгаагаа сүүлдээ мэдэхээ байх гээд байна. Хэ хэ. 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2021年7月30日金曜日

Зовлонгоо өөрчлөх бясалгал

Өнөөх "Амьдралдаа Зен Буддизмын сургаалиас хэвшүүлснээр амар амгалан хүрэлцэн ирнэ" гэдэг номноос ганц нэг бясалгах аргыг нь хөрвуулж хүргээд байгаа ухаантай шүү.

Номын нэрнээс авахуулаад орчуулга маань сэтгэлд нэг л хүрэхгүй байгаа. Утгаар нь ойлгоод явчихаарай.

Энэ удаагийн бясалгал нь "Өөрийн зовлонг өөрчлөх бясалгал" гэдэг гарчиг байна. 

Зовлонт мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, түүнтэйгээ найрамдахын тулд дараах бясалгалыг хийж үзээрэй.

1. Амьсгалаа авангаа өөрийн биед анхаарлаа төвлөрүүлэх. 

Амьсгалаа гаргангаа өөрийн биед инээмсэглэл бэлэглэх.

2. Амьсгалаа авангаа өөрийн биеийн өвдөлтөнд анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа өөрийн биеийн өвдөлтөнд инээмсэглэл бэлэглэх. 

3. Амьсгалаа авангаа өөрийн сэтгэлийн зовлонд анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа өөрийн сэтгэлийн зовлонд инээмсэглэл бэлэглэх. 

4. Амьсгалаа авангаа сэтгэл дэх айдастаа анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх айдастаа инээмсэглэл бэлэглэх. 

5. Амьсгалаа авангаа сэтгэл дэх санаа зовнилдоо анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх санаа зовнилдоо инээмсэглэл бэлэглэх.

6. Амьсгалаа авангаа сэтгэл дэх уйтгар гунигтаа анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх уйтгар гунигтаа инээмсэглэл бэлэглэх.

7. Амьсгалаа авангаа сэтгэл дэх уур хилэндээ анхаарлаа төвлөрүүлэх. 

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх уур хилэндээ инээмсэглэл бэлэглэх.

8. Амьсгалаа авангаа сэтгэл дэх атаа жөтөөндөө анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх атаа жөтөөндөө инээмсэглэл бэлэглэх.

Гэж бичжээ. Инээмсэглэл бэлэглэх гэдэг нь жишээ нь уур хилэнгээ нэг их үзэн ядалгүй зүгээр л нүүрэндээ инээмсэглэл тодруулах юм болов уу? Сайн мэдэхгүй л байна. 

Ютүбээр хөтөчтэй бясалгах аргууд байдаг гэсэн нээрээ. Бясалгал сонирхож байгуу улсууд орж үзнэ биз ээ. Тэгэхээр энд бичээд байгаа зүйлсийг зах зухаас нь ойлгож магад. 

Би ч үзэж амжаагүй явна өө. Ямартай ч энэ номоо уншиж дуусгаад, цаана нь дахин нэг Тич Нат Ханы ном бий. Түүнийг дуусгаад, ютүбээр жаал бясалгалын тухай хайж үзнэ гэж бодож байгаа. 

Дэс дараалалтай явахгүй бол толгойд есөн жорын юмс, бодол, төлөвлөгөө, ажил эргэлдээд. Дотор нь будлихгүйн үүднээс нэгийгээ дуусгаад нөгөөгөө эхлэх гэж зарчим баримтлана аа.  

Монголоор ч ганц нэг хүмүүс заасан байдаг гэсэн байх шүү. мэдвэл хэлж өгнө өө, та нартаа. Та нар бас мэддэг зүйлс байвал хэлж өгөөрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月23日金曜日

Энэрэнгүй сэтгэлээр сонсох бясалгал

Эхнээс нь бясалгах аргуудаас нь бичихээр шийдлээ. Өөртөө зориулж шүү. Бусдад зориулах гэхээр орчуулга тал дээрээ маш их цаг, хөдөлмөр зарах гээд байна л даа. Хэ хэ. 

Тэгэхээр энэ удаад өөртөө зориулж гэдэг үгээр аргацаав. Хо хо. 

1. Амьсгалаа авангаа яг одоо амьсгалаа авч байна гэж бодох

 Амьсгалаа гарганаа яг одоо амьсгалаа гаргаж байна гэж бодох.

Амьсгалаа аваад, амьсгалаа гаргаад. 

2. Амьсгалаа авангаа биеэ тайвшруулна (сул тавина). 

Амьсгалаа гаргангаа инээмсэглэнэ. 

Биеэ тайвшруулж инээмсэглэнэ.

3. Амьсгалаа авангаа би зовж шаналж байна гэж бодох. 

Амьсгалаа гаргангаа нигүүлсэнгүй сэтгэлээр инээмсэглэх.

Миний зовлонг өрөвдөж нигүүлсэнгүй сэтгэлээр инээмсэглэх. 

4. Амьсгалаа авангаа чи ч бас зовж шаналж байна гэж бодох.

Амьсгалаа гаргангаа нигүүлсэнгүй сэтгэлээр инээмсэглэх. 

Чиний зовлонг өрөвдөж нигүүлсэнгүй сэтгэлээр инээмсэглэх. 

5. Амьсгалаа авангаа бид бүхэн зовж шаналж байна гэж бодох.

Амьсгалаа гаргангаа бидний хэнд ч шинэ боломж гараасай гэж бодох. 

Бидний зовлон шаналалд шинэ боломжийг...

6. Амьсгалаа авангаа сонороо хандуулъя гэж бодох. 

Амьсгалаа гаргангаа яриаг тань сонсъё гэж бодох.

Сонороо хандуулж, яриаг нь сонсох.

7. Амьсгалаа авангаа чиний зовлон шаналалыг сонсъё гэж бодох.

Амьсгалаа гаргангаа чамайг сэтгэл зүрхнээсээ хүлээн авъя гэж бодох.

Чиний энэлэлтийг хүлээн авах. 

8. Амьсгалаа авангаа чиний үл ойлголцлыг сонсъё гэж бодох.

Амьсгалаа гаргангаа уур хилэнд хэт автахгүй байх гэж бодох.

Үл ойлголцолд ч уурлан хилэгнэхгүй байх.

9. Амьсгалаа авангаа би чамайг зовоосон гэж бодох.

Амьсгалаа гаргангаа уучлаарай гэж бодох.

Чамайг зовоож шаналгасанд уучлаарай. 

10. Амьсгалаа авангаа сэтгэл зүрхээ нээе гэж бодох.

Амьсгалаа гаргангаа миний зүрх сэтгэлд чамайг хүлээн авах орон зай бий гэж бодох.

Сэтгэл зүрхээ нээн чамайг хүлээх авах.

11. Амьсгалаа авангаа би аз жаргалтай болмоор байна гэж бодох.

Амьсгалаа гаргангаа чи ч бас аз жаргалтай болооосой гэж бодох. 

Миний аз жаргал, чиний аз жаргал.

12. Амьсгалаа авангаа бид бүхэн аз жаргалтай буй дүр төрхийг бодох. 

Амьсгалаа гаргангаа энэ л миний чин хүслэн байсан юм гэж бодох.

Бидний аз жаргал, энэ л туйлын хүслэн.

Ёх, цуцчихлаа. Хэ хэ. Үг сонголт дээр жаахан дутмаг байж магад. 

Бодох гэдэг үгийг зарим хэсэгт нь төсөөлөх гэж бичиж болохоор санагдав. Мөн чиний гэдгийг зарим хэсэгт өөрийн гэж хэлж болохоор ч юм шиг. 

Бясалгана, бясалгаж байна гэхээр юу ч бодолгүй, чим чимээгүй хэдэн цагаар л суудаг гэдэг ойлголт минь бага багаар өөрчлөгдөж л байна. Өөрөө өөртэйгөө ярьж сурах, өөрийгөө болох өөрийн доторх бүхий мэдрэмж, сэтгэл хөөрлөө байгаагаар нь хүлээж авах.

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэдэг шиг л энэ хорвоо ертөнцийн бүхий л зүйлийг байгаагаар нь хүлээн авч сурах хэрэгтэй юм шиг байна тийм үү? 

Хүлээж аваад, түүндээ нэг их сэтгэлийн хөөрлөөр хариу үйлдэл үзүүлэхгүй байх чадварт суралцах ёстой гэж ойлгоод байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年7月22日木曜日

Эх болсон их газар

Уншиж буй номныхоо таалагдсан хэсгээс утгачилан хөрвуулж оруулав. Яг орчуулна гэдэг бол үнэндээ хэцүү зүйл. Үгийн баялаг, мэдлэг мэдээллээр би өөрөө маруухан байна. 

Бурхан шашны тухай нэг их уншдаггүй хүнд бол бүр ч хэцүү юм. Зарим нэг хэт шашинд автсан хүмүүсийг шүүмжилдэг, эсрэг байр суурьтай байдаг тул, энэ талаар нэг их унших гэж оролддоггүй байж. 

Миний мэдэхийн шашинд хэт автаад, шашны эд зүйлс ихээр цуглуулаад байдаг хүмүүсийг ойлгодоггүй. Наад захын шүтлэг бол байх хэрэгтэй, хэтрүүлж болохгүй л гэж боддог.

Гаднаас нь харахад бол асар их шүтлэгтэй, үгээр болон үйлдлээр нүгэл үйлддэггүй, үнэхээрийн амар амгалан улс байх гэж бодохоор. Гэтэл үг нь, үйлдэл нь нэлээд гажсан улс байдаг тийм ээ? 

Оршил их урт болж байна. Бичсэн зарим нэг бодлоо устгалаа. Зарим нэг хүмүүс ойлгохгүй байж магад гэж бодов.

Их газрын хөдлөшгүй бат бөх зан чанараас суралцах талаар ингэж бичжээ. 

Будда өөрийн хүү болох Рахулдаа сургасан нь: Их газар шороо өөр лүү нь юу ч шидэлж байсан тэр бүгдийг байгаагаар нь хүлээх авч эсрэгээрээ өөр ямар нэгэн зүйлд хувиргах чадалтай байдаг.

Их газар шороонд хог, цөмийн хаягдал зэргийг хаясан ч уурлаж хилэгнэлгүй хүлээн авдаг. Мөн ус, сүү гэх мэтийг асгасан ч түүнд эрдэж бардамнадаггүй. Их газар нь ямар ч таагүй зүйлийг хэдхэн долоо хоногт үзэсгэлэнт цэцэг, амтат ногоо болгон хувиргадаг.

Ямар ч муу муухай зүйлсийг, ямар ч үзэсгэлэн төгөлдөр зүйлсийг хүлээн авах чадвартай байдаг. Энэ нь их газрын гайхамшигтай сайн чанар юм. 

Бид ч үе үе ойр дотны хүмүүсээсээ уур хилэн, гомдол зүхэл, үл ойлголцлыг мэдэрдэг. Тэр үедээ энэ бүхнийг байгаагаар нь хүлээн авах чадваргүйгээсээ нэг бол өөр зүйлд хувиргах чадваргүйгээсээ болж хариу сөрөг үйлдэл үзүүлдэг. 

Элдэв таагүй зүйлийг мэдэрч хүлээж авахдаа өөрийгөө их газрын хүү, охин нь гэж бодох, санах юм бол тэрхүү их газар шигээ хүчтэй, тайван, хөдөлшгүй бат бөх байж чадах биз ээ?

Эх болсон их газраа сэтгэл оюундаа төсөөлөн, их газар шигээ бүгдийг байгаагаар нь хүлээн авч өөр зүйлд хувиргаж чаддаг болох хэрэгтэй. Ямар нэг зүйлд шаналахдаа сэтгэл дотроо их газар юугаан төсөөлөн, дараах үгийг хэлээд нэг үзээрэй. 

"Их газар минь миний бие машид ихээр шаналж байна. Энэхүү шаналалыг хүлээн авах хүч хайрлаач". 

Чиний бие их газартай салшгүй нягт холбоотой. Чи өөрөө их газар. Үүнийг хэрэгжүүлж дадвал чиний зовлон шаналал зөөлрөх буйз аа.

Эх болсон их газраасаа хөдлөшгүй бат бөх байх талаар суралцаад явбал юуг ч хүлээн авах чадвартай болно. Ингэж л чадвал дахин зовж шаналахгүй. Өвчин зовлон чинь өөр зүйлд хувирч, өөрийг чинь зовоох, шархлуулах зүйлдээ хандаж эелдгээр инээмсэглэж чаддаг болно.

Гэж сургасан байдаг юм байна. Тэгэхээр гаднаас ирж байгаа олон олон дарамт шахалт, зовлон, шаналалыг байгаагаар нь хүлээж аваад, тэдгээрт инээмсэглэл бэлэглээд, эсрэгээр нь тэдгээрийг өөр зүйлд хувиргаж чаддаг болох. 

Ингэж чаддаг бол мундаг аа. Нээрээ л таагүй үг хэлсэн, таагүй зүйл хийсэн гэх мэт хүмүүст тэдний хийсэнтэй адил үйлдэл хийх гээд байдаг тийм ээ. Би ч сүүлийн үед зүгээр хаяж сурч байгаа. Хо хо. 

Жишээ нь нүүрномынхоо найзаас хасаад хасаад явчихна. Тэгвэл амар юм билээ шүү дээ. Тэдгээр хүмүүсийн нэг их ухаантай хүн болж бичсэн нийтлэлүүд нь, сэтгэгдлүүд нь харагдахгүй, уншигдахгүй. 

Жинхэнэ үйлдэл нь, үг нь асар бохир мөртлөө олон нийтийн сүлжээнд нэг л их ариун цагаан хүмүүс их тийм ээ? Та нарт бас тийм танил бий биз дээ? Байвал зүгээр л аниад аниад явчихаарай. Ккк.

Мөн өө тэгж л байдаг юм гэж тоохгүй байж сурах гэж байгаа. Харин нийгмийн гаж үзэгдлийг шүүмжилдэг хэвээрээ. Нийгмээрээ засрахгүй бол ирээдүй минь бүрхэг болчих гээд байна л даа. Тийм үү? 

Журмын олон уншигчид минь ч өөрсдийн бурханлаг чанараа хөгжүүлж, тайван амгалан байдаг юм шүү. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月20日火曜日

Гол нь бясалгал шиг байна

Тич Нат Ханы бас нэгэн ном. 3 ном зээлсэн гэж байсан даа. 2 дахиа уншаад эхэллээ.

Гарчгийг нь юу гэж орчуулахаа мэдэхгүй л байна. Нэг тийм уянгалаг орчуулга болгочих санаатай, жаал бодож явлаа. Хэ хэ.

"Амьдралдаа Зен Буддизмын сургаалиас хэвшүүлснээр амар амгалан хүрэлцэн ирнэ". 

За ёстой утгачлаад орчуулчихлаа. Англи, япон гарчгийг нь хэлтэй устай мундагууд өөр өөрийнхөөрөө ойлгоорой. 

Дөнгөж 50 дахь хуудсандаа явж байна. Ганц нэг бурхны үг хэллэг гарч байна шүү. Жишээ нь энэ Зен гэдэг ханз. 

Цөөхөн хэдэн ханзанд эргэлддэг наддаа мэддэггүй л ханз байлаа. Ингээд мэдэж авлаа. 

Ном уншихын нэг давуу тал нь шүү дээ. Мэддэггүй үг хэллэг, ханз гэх мэтийг мэдэж авна. Цээжлээд өөрийн болгоход жаал хугацаа шаарддаг ч гэлээ, хаа нэгтээ таарахад огт таарч байгаагүйгээс л дээр тийм үү?

Агуулгын хувьд өмнөх номынхоо агуулгатай төстэй. Нэг онцлог нь бясалгын дасгал нэлээд дэлгэрэнгүй бичигдэж. 

Бидний дотоод ертөнцөд энэрэл хайр, уур хилэн ижил тэгш оршиж байдаг. Аль нэгийг нь илүү услаад байдаг гэнэ. Ингэхээр эерэг сайхан талаа илүү усалж байхыг эрхэмлэх. 

Уур хилэн, хүчирхийлэл зэрэг зан чанараа үзэн ядах биш харин ч эсрэгээрээ тэдгээрийг ойлгож хүлээж авах. Уурлах гээд байна гэдгээ, хүчирхийлэл буюу жишээ нь хүүхдэдээ гар хүрчих гээд байна даа гэдгээ тухай бүрт нь ухамсарлаад, энэрэл, нигүүлсэл, хайраа дуудаж гаргаж ирэх гэж байна. 

Алхаандаа анхаарлаа төвлөрүүлж алхах бясалгалын тухай өмнөх номд гарсандаа. Энэ удаад хэд хэдэн төрлийн бясалгах арга гарч байна. Жишээ нь "Бусдыг энэрэнгүй сэтгэлээр сонсох бясалгал", "Сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч түүнийгээ өөрчлөхийн төлөөх инээмсэглэлийн бясалгал", Эерэг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч улам сайжруулах бясалгал", "Өөрийн сайн тал, бурханлаг чанараа марталгүй байх бясалгал". 

50 хүртэлх хуудсанд иймэрхүү зүйл бичигдэж. Ганц нэг бясалгах аргаас нь дараагийн бичлэгт оруулна аа. Өөрөө ч бас үе үе бясалгах гэж оролдоно оо. Яг одоогоор жаахан маамаатайгаа зууралдаад бясалгах цаг зав гарахгүй л байна. 

Ингэснээс бага зулзага насныхаа онцлогоос хамаарч их олон ааштай болж байна. Бүх зүйлийг нь ээж л хийж өгөхгүй бол сэтгэл нь ханахгүй байна. Ээж түүнд нь жаахан бухимдах гээд байна. 

Цаг хугацаа нь маш сайхан тохироод, их өвөрмөц ном уншаад байна, миний өөрийн ертөнцдөө сонин содон сэдэв шүү дээ. Зулзагууддаа, хань ижилдээ, нийгэмдээ уурлах гээд, бухимдах гээд байвал энэ удаагийн номоо, өмнөх номоо санангуутаа гэнэт инээмсэглэж үзнэ. 

Заримдаа уур бухимдал минь намдана, заримдаа ч үгүй ээ. Их л олон удаагийн оролдлого хэрэгтэй байх тийм үү? Өөртөө амжилт хүсье өө. 

Инээмсэглэх, амсьгалах, амьсгалаа гаргахдаа анхаарлаа төвлөрүүлэх. Одоогоор энэ хоёр зүйлд төвлөрөөд үзье. Журмын олон уншигчид минь бас оролдоод үзээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月15日木曜日

Инээмсэглэлийг амилаахуй 5

За энэ удаад уур хилэнгийн тухай гарч байна. Оройд заавал нэг уурладаг хүн чинь энэ тухай бас ч бичиж үлдээхээр шийдлээ.

Энэ нь их ярвигтай зүйл. Шатаад дүрэлзээд, дараагаар нь заавал харамсах сэтгэл төрүүлдэг. Тухайн хүн уурлахад тэр хүн тамд байгаа юм байна гэж тодорхойлогддог. 

Там нь уур хилэн, үзэн ядалтаас үүсдэг. 

Юуны түрүүнд бид өөрийнхөө дотор орж өөрсдийгөө дотроос нь судлах хэрэгтэй.

Ухамсраа дуудаж уурынхаа хүрээлэлд оруулаад үзээрэй. Ухамсар нь уурыг хөөж, үзэн ядалгүйгээр зүгээр л ажиглах хэрэгтэй. Ухамсар бол шүүгч биш. Яг л дүүгээ аргадаж буй эгч шиг байна. 

Өөрийгөө хангалттай танихын тулд, мэдэхийн тулд зүрх сэтгэлээ амьсгалдаа төвлөрүүлэх хэрэгтэй. 

Уур бол бидний биеийн нэг энерги. Тэр энергийг өөр нэг энергинд хувиргах боломжтой. Өмхий үнэртэй бордоог ашиглан хэсэг хугацааны дараагаар үзэсгэлэнтэй цэцэг дэлбээлүүлдэг шиг. 

Тиймээс уур хилэнгээ үзэн ядаад, айгаад байх хэрэггүй. Бордоотой адил түүний цаад талд дахин  үзэсгэлэнтэй зан чанар дахин төрөх гээд нуугдаж байдаг. 

Бидэнд уур хэрэгтэй үе гэж бий. Уураа хэрхэн хүлээн авахаа мэдсэн бол таны сэтгэл зүрхэнд энхтайван, баяр баясал тун ойрхон ирсэн байна гэсэн үг. 

Уураа аажмаар энхтайван, хайр, ойлголцол болгон өөрчлөөд явбал болох нь тэр. 

Уур чинь хүрээд байвал гарч алхах бясалгал хийх. Цэвэр агаар, мод навч, ургамал бүхэн танд туслах болно. 

Бясалгалын дасгал.

Амьсгалаа аваад уур хилэн энд байна гэж ухамсарлах.

Амсьгалаа гаргангаа уур хилэн бол би гэж ухамсарлах.

Амьсгалаа авангаа уур бол онцгүй зүйл гэж ухамсрлах.

Амьсгалаа гарганаа уур бол тойроод л явчихдаг зүйл гэж ухамсарлах.

Амьсгалаа авангаа би бол тайван.

Амьсгалаа гаргангаа би бол энэ уурыг зоримогоор хүлээж авна.

"Уур"-ны авчирсан тэр таагүй мэдрэмжийг арилгахын тулд чин сэтгэлээсээ алхах бясалгал хийх. Алхаа амьсгал хоёроо нийлүүлж хөлийнхөө улаар эх газар гишгэх тэр мөчид хамаг анхаарлаа төвлөрүүлэх. 

Ингэж алхангаа дээрх шүлгийг уншаарай. Уураа намжтал, сэтгэл зүрхээ тайвширтал хүлээнэ.  

Амьсгалаа мэдрэн алхаандаа баясан, эргэн тойрныхоо үзэсгэлэнг мэдрэхэд л болно. Хэсэг хугацааны дараа уур чинь намдаж, өмнөхөөсөө ч илүү бат бөх болсон өөрийгөө мэдрэх болно. 

Тэр үед уураа ч олж харна, түүнийг ойлгох болно. 

Ухамсрын дулаан илч гэрлийн ачаар уур хилэнгийн үндэс болсон зүйлс харагдаад ирнэ. Бясалгал нь аливаа зүйлийн үндсэн мөн чанарыг олж харах арга юм. 

Уур хилэнгээ ажиглаж байтал цаад учир нь харагдана. Үл ойлголцол, бүтэлгүйтэл, шударга бус байдал, өс хонзон, сэтгэлийн хэт хөдлөл гэх мэт. Энэ бүхэн өөрийн чинь дотор байна гээд боддоо. 

Энэ бүхнийг ухамсарт сэтгэлээр ажиглавал цаад учир шалтгаан нь ил тод болоод ирнэ, ойлгож ирнэ. 

Ажиглалт, ойлголцлоор дамжуулж сэтгэлээ чөлөөлж, ингэснээр хайр, өршөөл нигүүлсэл лүү илүү гүнзгий орно. 

Амьсгалаа хянангаа уураа ажиглах үед, энэ дасгалыг сайн үр дүнтэй зүйл болгохын тулд анхаарлаа төвлөрүүлэх чадвар чухал. Иймээс анхаарал сарних зүйлсээс зайлсхийж, мод цэцэгс дунд дасгалаа, бясалгалаа хийвэл илүү үр дүнтэй.  

Бид амьсгалаа хянан, уураа ухамсарлаж чадвал уурын энерги огт өөр энергид хувирсан байх болно. 

За энэ уур гээчийг өдөр бүр л гаргаж байдаг дөө би ч. "Даалгавраа хийсэн үү? Хурдан хоолоо идээд өгөөчээ. Хурдан усандаа ороочээ. Эртхэн унтаачээ" гээд л урсаж өгнө.  

Яг уурлах гээд эхлэхээрээ гялс ухамсраа дуудаад, гүнзгий амьсгал авч гаргах хэрэгтэй гэж ойлголоо. Энгийн бөгөөд товчхон хэлбэл. Уран цэцэн үгээр хэлэлгүй шулуухан хэлэхэд л. 

Үе үе хэрэгжүүлээд байгаа, их зүгээр санагдсан. Нээрээ л хайран сайхан энерги. Тэр энергиэ арай өөр хэрэгтэй зүйлд зарцуулах гэсэн бодолтой ч одоохондоо тэгж амжилгүй, унтчихаад, нэг бол кино үзээд, нэг бол жаран чавганцын ажлаа хийгээд байна л даа. 

Өөрийгөө хөгжүүлэх тал дээр юу ч хийж амждаггүй ээ. Энэ хүмүүсийг амжуулаад байгаад атаархаад л сууна шүү. Хэ хэ.

Уншигч олон та бүхэн ч бас яг уурлах гээд байгаа тэр үедээ уртаа гэгчийн амьсгал авч, гаргаад нэг үзээрэй. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年7月14日水曜日

Инээмсэглэлийг амилаахуй 4

Бичилгүй уншаад явчих гэснээ эндээ бичвэл илүү тогтоогдох юм шиг санагдаад. 

Мөн дараа нь номоо эргүүлж харах гэхээр байхгүй буцаагаад өгчихсөн байх тул гэх мэт олон учир шалтгааны улмаас ямартай ч энэ агуулгыг бичихээр шийдлээ. 

Сэтгэл хөдлөлөө өөрчлөх: Жишээ нь айдас. Энэхүү айдсыг дарах эхний алхам бол түүнийг гарсан даруйд нь анзаарч, ухамсарлах. Энэ үед ухамсрын сэтгэл зүрх нь гол баатар байх болно. 

Жишээлбэл айдас төрлөө гэж бодоход юуны түрүүнд ухамсрыг ажиллуулна. Сэтгэл доторх айдсаа хянаж, айдсаа байгаагаар нь хүлээж авна. Тэгж чавдал айдас гээч нь миний өөрийн дотроос төрж гарсан бөгөөд ухамсрын нэгэн адил миний сэтгэл зүрхний нэгээхэн хэсэг гэдгийг ойлгох болно. 

Айдас болон ухамсар аль аль нь чиний дотор орших бөгөөд хоорондоо дайсагнах биш харин ч нэг нь нөгөөгөө энэрэн хайрлах хэмжээний уялдаа холбоотой юм. 

Хоёрдахь алхам нь тухайн сэтгэл хөөрөл, мэдрэмжтэйгээ нэгдмэл нэг болж өгөх.  "Чи эндээс зайлаад өг, чи надад хэрэггүй, чамтай би холбоогүй" гэх мэтээр онцгүй харьцаж болохгүй. 

Харин ч эсрэгээр нь "Сайн уу? Айдас минь. Өнөөдрийн сэтгэл санаа ямар байна даа?" гэж хэлэн өөрийн доторх айдас ухамсар хоёроо зэрэг урин дуудна. Хооронд нь нөхөрсгөөр гар бариулан, нэгдмэл болгож өгнө. 

Эхэндээ ингэж хэлэхэд эвгүй, чадахгүй байж магад. Гэхдээ жижигхээн айдас гээч зүйлд ялагдах хүсэлгүй, өөртөө итгэлтэй л бол санаа зоволтгүй хэрэгжүүлээд үзээрэй. 

Ухамсар нь энэ үед айдсын чинь дэргэд байж, хань болох учир санаа амар байж болно. Энд нэг чухал зүйл нь амьсгалдаа анхаарлаа хандуулснаар ухамсраа хөгжүүлж, түүнийг үргэлж идэвхитэйгээр ажиллуулж сурах явдал юм. 

Эхэндээ энэ ухамсар нь сул, хүчгүй байх байх, хөгжүүлээд явбал яваандаа хүчтэй, бат бөх болж ирнэ. Ухамсар байгаа цагт айдаст автахгүй байж чадна. Айдас нөмрөн ирсэн тохиолдолд ухамрсаа дуудан, тэр даруйд айдсын мэдрэмж өөрчлөгдөж эхлэнэ.

Гурав дахь алхам нь сэтгэл хөдлөлөө намжаах. Ухамсраа ажиллуулангаа сэтгэлээ тайвшруулна. Аль болох уртаа гэгч амьсгал авч бие сэтгэлээ нэг болгож өгнө. Яг л эх хүн үрээ тэвэрч тайвшруулдаг шиг дэргэд нь л байхад болно. 

Сэтгэл хөдлөлөө үл тоож, түүнээс дөлөх биш харин ч дөхөж очин, амьсгалаа удаан гэгч нь гаргангаа сэтгэл хөдлөлөө нэг бүрчлэн тайвшруулаад явна. 

Дөрөв дэх алхам. Тухайн мэдрэмжээ зөнд нь орхих. Та дээрх гурван алхмыг хэрэгжүүлээд тайвширсан байх тул зөнд нь орхиход л болох юм. Түүнд инээмсэглэл хайрлаарай. 

Тав дахь ахлам. Удаан гэгч нь ажиглах. Эх хүн үрээ уйлахаа байсан ч удаан ажигладаг шиг сэтгэл хөдлөлийнхөө шалтгаан нь юу байв? Юунаас болов? гэдгийг нь сайтар ажиглах. 

Ингэж удаан ажигласнаар сэтгэл хөдлөлөө өөрчлөх боломжтой. Хүүхэд уйлахад гадаад, дотоод нөлөө гэж байдаг. Сэтгэл хөдлөлд ч мөн адил ийм гадаад  дотоод нөлөө гэж бий. 

Ухамсрын хүчийг ашиглан өөрийн доторх олон олон мэдрэмж, хөөрлөө өөрчлөхдөө эхлээд тухайн хөөрөл, мэдрэмжийг ойлгох, дараагаар нь нэгдмэл болгож өгөх, тэгээд тайвшруулан зөнд нь орхих. 

Тэгсний дараагаар учиг шалтгааныг нь гүнзгий ажиглах, ихэнхдээ сэтгэл хөөрөл нь буруу зүйлээс болж үүсэх нь олонтаа тул үүний шалтгааныг олж чадвал аяндаа сэтгэл хөөрөл өөрчлөгдөөд явдаг. 

За ерөнхий ойлгосноороо бичлээ шүү. Зарим нэг үгийг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй л байлаа. Энгийн юм шиг хэрнээ бас нэлээд гүнзгий юм. 

Орчуулах чинь бас авъяас шаардаад байна. 

Ер нь бол өөрийгөө сайтар ажиглах, өөртэйгөө болон өөрийн амьсгалдаа ач холбогдол өгч, ухамсартайгаар хянаад явах юм байна гэж ойлголоо. Зөв эсэхийг хэлж мэдэхгүй. 

Англи, япон хэлтэй хүмүүс тухайн хэлээрээ олж уншихыг бодно биз дээ?

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月12日月曜日

Инээмсэглэлийг амилаахуй 3

Тич Нат Хан "Инээмсэглэлийг амилаахуй" номын хэсгээс...

Хооллолтын бясалгал: Хооллохдоо ч мөн адил анхаарлаа төвлөрүүлж, талархалтайгаар хооллох. Зурагтаа унтраан, сонингоо хойш тавин, өмнөх хоолондоо анхаарлаа хандуулж байх. 

Хооллох үедээ ч амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэхээ мартахгүй байх. Мөн л гурван удаа удаан, тайван, анхааралтайгаар амсьгаагаа авч, гаргана. 
 
Ширээ тойрон суугаа хүмүүстээ инээмсэглэл бэлэглэхээ мартаж болохгүй шүү. 

Дэлхий дээр тан шиг ингээд ширээ тойрч суугаад хооллож чаддаг хүмүүс хэр олон билээ? Нэг зүсэм талх идэхдээ ч би энэ тухай бодож талархаж хооллодог. 

Зарим үед нам гүм, чимээгүйхэн хооллох их чухал. Хоорондоо элдэв зүйл ярилцалгүй. Мэдээж өдөр бүр ингэж чимээгүй хоолло гэж хэлэхгүй. Намдуу, аядуу дуу хоолойгоор сайхан сэдвийн тухай ярилцаж болно. 

Хоолны ширээний ард хүн муулахгүй байх, муу муухай сэдэв ярихгүй байхад л болно. 

Аяга тавгаа угаахдаа ч мөн адил таваг нэг бүрчлэн анхаарлаа төвлөрүүлж угаах. Мөн л амьсгалын дасгалаа марталгүй хийж байх. Аль болох уурлалгүй, инээмсэглэл тодруулан угаах. Нэг ёсондоо тухайн хийж буй үйлдэлдээ л анхаарлаа төвлөрүүлж, өөр зүйл бодохгүй байх.

Гэх мэт уншив. Дуусаагүй байгаа. 

Мөн утсаар ярихдаа, машинаар явахдаа ч инээмсэглэн, амьсгалын дасгалаа мартахгүй байх гэжээ. 

Сүүлийн үед би ч бас ухаалаг утсаа хэтрүүлж ухах гээд байгаагаа саналаа. Сонгууль дуусаад нүүрномыг нэг их ухахгүй байгаа ч япон хэлээр кино үзээд байна. Цуврал ангит кино. Ашгүй ихэнхийг нь дуусгаж авсан. Хэсэгтээ гайгүй байгаа. Хи хи. 

Машины тухайд заримдаа ямар ч хэрэгцээгүй үед машин унаад, хаа нэгтээ явах гээд байдаг. Машины хорт утаа зэрэг агаарын бохирдлоос болж олон сая мод үхэж байдгийг санан, машины хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Голын эргээр, цэцэрлэгт хүрээлэн гэх зэргээр алхаж байгаарай гэжээ. 

Аль 1995 онд бичигдсэн номонд ч утас, машины хэрэглээг багасгахыг зөвлөж л байж. Одоо хэр нь энэ асуудал шийдэгдээгүй, харин ч бүр дордсон гэхээр хүмүүн төрөлхтөн бид их л нүгэлтэй улс юм даа гэж...

Зарим үед нам гүм, чимээгүйхэн хооллож сурах. Энэ яг одоохондоо манайд хэрэгжихгүй байна. Бага зулзагаа хооллох гэж бөөн л юм болно. Эгч нь идэх гээд байна шүү, асгалгүй идээрэй, ногоо идээд өг л дөө гэх мэтээр, дунд нь бас уйлаан майлаан болно, яаж зүгээр байхав. 

Ямартай ч өдөрт гурван удаа амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэн гүнзгий амьсгал авч гаргаж байхыг хичээнэ ээ. Үе үе уртаа гэгчээр амьсгалаа авч гаргадаг л даа. Үүнийгээ өдөр бүр дадал болгох...

Үргэлжлүүлж бичих эсэхээ бодно оо. Сонирхолтой санагдвал бичиж магад. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月11日日曜日

Инээмсэглэлийг амилаахуй 2

Тич Нат Хан "Инээмсэглэлийг амилаахуй" номын хэсгээс...

Бясалгал хийхийн тулд тусгай өрөөнд тусгай олбог дэвсэн суух, нэг бол бясалгалын төвд очих шаардлага ч байхгүй. Хаана ч байсан бясалгалыг хийж болдог. 

Ажил дээрээ ч, машиндаа ч, олон хүнтэй дэлгүүрт ч, банкны дугаарт зогсож байхдаа ч хийж болно. Ядарснаа мэдэрсэн тэр л цагтаа өөрийгөө эргүүлэн авч болдог. 

Амьсгалдаа анхаарлаа хандуулан, инээмсэглэхэд л болно. Энэ арга нь их энгийн бөгөөд хаа ч явсан газраа хийх боломжтой байгаа биз?  Заримдаа хүн өөрөө өөртэйгээ ярилцаж, асуудалтайгаа тулж ажиллах хэрэгцээ шаардлага гардаг. 

Мөн бясалгалыг ямар ч байрлалд хийж болно. Зогсож байхдаа, суугаад, хэвтээд, алхаад явж байхдаа ч хийж болно. Суугаад хийх боломжтой бол мэдээж суугаад хийсэн нь илүү аюулгүй. 

Алхангаа бясалгах: Байгалийн үзэсгэлэнтэй газраар ганцаараа эсвэл найз нөхөдтэйгөө алхах. Ингэж алхангаа бясалгахын гол зорилго нь ямар нэгэн газарт хүрэхийн тулд бус зүгээр л алхахын тулд алхана гэсэн үг юм. 

Алхаа нэг бүртээ анхаарлаа хандуулж, анхаарлаа төвлөрүүлж алхаа амсьгал хоёрынхоо хөгийг нийлүүлж өгнө. Нэг ёсондоо алхам бүрийн амтыг мэдэрч алхана. 

Өнгөрснөө бодож гутралгүйгээр, ирээдүйг бодож санаа зоволгүйгээр яг одоогийн энэ мөчийг мэдэрч алхана. Хүүхдийнхээ гараас хөтлөөд хамтдаа алхсан ч болно шүү дээ. 

Өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай нэгэн гэж бодон алхана. 

Үнэндээ бид алхаж буй нэртэй ч гүйгээд байдаг. Ямар нэг зүйлд яарсан, сандарсан зэргээр гүйхээрээ алхдаг. Ингэж гүйн алхах нь айдас, түгших, харуусал зэрийг л эх газартаа сийлээд байх шиг.

Бид алхаж байхдаа эх дэлхийдээ энхтайван, нам гүм, амар амгалангийн мөр үлдээж байх хэрэгтэй. Бид сэтгэл гаргаж чадвал, сэтгэлтэйгээр хандвал дээр хэлсэн энхтайван, амар амгаланг үлдээж чадна. Үүнийг хүүхэд ч чадах ёстой. 

Эхний алхмаа бид ингэж талархалтайгаар гишгэлж чадвал дараа дараагийн алхмууд ч талархлыг дагуулна. Ингэж талархаж алхах нь бидний хүн төрөлхтний энхтайван, аз жаргалын төлөөх анхны алхам нь болж өгнө. 

Алхангаа бясалгах үеийн алхаа нь ердийн алхалтаас арай удаан байх хэрэгтэй. Ингэж алхангаа бясалгал хийх үед нэг удаагийн амьсгал авалтаараа гурван алхам алхана. Гаргахдаа мөн адил гурван алхам алхана. 

Ингэхдээ амьсгалаа "Аваад, аваад, аваад, гаргаад, гаргаад, гаргаад" гэж амандаа хэлэн алхана гэсэн үг. 

Мэдээж хүн бүрийн алхалтын хэмжээ өөр өөр байна. Жишээ нь амьсгал авахдаа гурав, гаргахдаа дөрөв байж болно. 

Энэхүү алхалт нь танд баяр баясал авчирч байвал зөв алхаж байна гэсэн үг. Эх газартайгаа хоёр хөлөөрөө харьцаж байна. Энэ мэдрэмжийг мэдэрч алхах хэрэгтэй.

Эх газрыг үнсэж буй мэт зөөлөн гишгэлж алхана. Бид үргэлж эх болсон газар дэлхийгээ гэмтээж, өвтгөж байдаг. Тиймээс энэ удаад эх газраа энэрэн хайрлан, энхтайван, амар амгаланг эргүүлэн өгч, харилцан биесээ хайрлаж байна гэж бодон төсөөлөн алхах. 

Хааяадаа нэг үзэсгэлэнтэй гэж бодсон зйүлдээ нүдээ бэлчээж байгаарай. Цэцэг, мод, цовоо цайлган хүүхэд гэх мэт зүйлсэд хараагаа шилжүүлж, удаан гэгч нь харж байгаарай. Ингэж харахдаа авч буй амьсгалаа зүрх сэтгэл, оюун бодлоосоо салгаж болохгүй шүү. 

Таны өөрийн алхалт бүрээс үзэсгэлэнт цэцэг дэлбээлүүлцгээе...

За нэг иймэрхүү зүйл уншлаа. Дуусаагүй л дээ. 

Лам хүний бичсэн ном гээд л их сүрдээд, баахан бурхны үг хэллэг гарах байх гээд айгаад байсан чинь их энгийн зүйл бичжээ. Гэхдээ дуусаагүй болохоор дараа дараагийн хуудсанд юу гэж гарах нь сонирхол татаастай...

Мөн тэр гүйхээраа шахам алхдаг гэж намайг хэлж шүү. Би чинь их хурдан хурдан алхана. Ер нь нэг тийм тайван алхдаггүй. Бага зулзагатайгаа алхахдаа л жаахан удаан алхана. Гэхдээ сэтгэл санаа шал өөр зүйлд явж байдаг. 

Энэ японд чинь цаг нартай уралдаад байгаа хэрнээ л ажил амждаггүй сонин. Гялс тэрийгээ хийчихье, шалавхан энийгээ хийчихье гээд шогшоод байгаа хэрнээ л амждаггүй. 

Одооноос алхахдаа анхаарлаа төвлөрүүлж сурахыг хичээнэ ээ...

Бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай.

2021年7月10日土曜日

Инээмсэглэлийг амилаахуй

Уншсаар л...

Номынхоо агуулгаас бага зэрэг танилцуулаад явчих уу? Тич Нат Ханы "Инээмсэглэлийг амилаахуй" номын агуулгаас...

Өглөө биднийг нүдээ нээхэд цоо шинэ 24 цаг угтаж байдаг. Энэ бол ямар сайхан бэлэг гээч? Бид энэхүү 24 цагаа бусдын сайн сайхны төлөө зориулах бүрэн чадалтай байдаг.

Бидний дотор "энх тайван" оршиж байдаг. Бид түүнийгээ олж мэдээгүй, нэг бол  өдөр тутмын завгүй амьдралдаа түүртээд анзаардаггүй.

Мөн хамгийн их анхаарлаа хандуулах ёстой зуйлээ тоодоггүй. Тэр бол бидний амьсгал. Өөрийн амьсгалдаа ихээхэн ач холбогдол өгч байх. Анхаарлаа төвлөрүүлээд гүнзгий амьсгал авдаг байх. Амьсгалаа гаргахдаа ч ач холбогдол өгч удаан гэгч нь гаргах.

Өдөр тутмын амьдралдаа инээмсэглэлийг бий болгож, нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулж явах. Инээмсэглэх нь нь бидний нүүрний булчинг зөөллөж өгдөг.

Өглөө бүр сэрэхдээ инээмсэглэлээ санахын тулд яах вэ? Заавал цонхныхоо тавцан дээрээ цэцэг тавих ётой юу? Ханандаа ямар нэг зүйл өлгөх ёстой юу?

Үгүй ээ, цонхоор сонсогдох шувуудын жиргээг сонсох, цонхоор тусах нарны гэрлийг хараад инээмсэглэхэд л болох юм.

Өглөө нүдээ нээгээд л инээмсэглэж сурах нь амар амгалан, намуухан тайван өдрийн эхлэл болдог. 

Амьсгалаа авахдаа анхаарлаа төвлөрүүлж удаан гэгч нь амьсгалаа авч, удаан гэгч нь амьсгалаа гаргаж, "би амьсгалж байна, би амьдарч байна" гэж амандаа хэлж, бодож амьсгалах.

Амьсгалдаа ач холбогдол өгч, тайван гэгч, удаан гэгч амьсгалахаар бидний тархин дахь элдэв бодол таягдан цөөрнө. Бид өдөржин ямар нэгэн бодол тээж явдаг. Тэр олон бодлын ихэнх нь ямар ч хэрэггүй бодлууд байдаг. 

Зогсолтгүй эргэж байдаг кассет аятай л эргэлдэж байдаг бодлоо болдог бол товчлуур дараад л унтраачихмаар.

Амьсгалаа анхаарах нь, амьсгалдаа төвлөрөх нь нэг ёсны "бясалгал" юм. Бясалгалын цаг богино байж болно, заавал тусгай бясалгалын өрөөтэй байх албагүй. Ажилдаа явахдаа, автобусанд явахдаа гэх мэтээр өөрөө хийж чадаж л байвал хаана ч байж болно. 

Бясалгалдаа дасаад ирэхээрээ бясалгалын явцад шүлэг унших гэх мэт байж болно. Өөрийн зохиосон шүлэг, эсвэл таалагддаг шүлэгээ уншиж болох юм гэж ойлгосон мунхаг би. 

1995 онд хэвлэгдсэн ном гэхэд бас л зурагтаар гарах элдэв хэрэгтэй хэрэггүй мэдээллийн талаар бичсэн байна лээ. Өөрсдөө үзээд зогсохгүй хүүхдүүддээ  үзүүлээд байдаг.

Ганц зурагтаар зогсохгүй эргэн тойрныхоо элдэв мэдээлэлд хэт автан бид өөрсдийгөө алдчихсан байдаг.

Өөрийгөө олж авахын тулд, гадны хор хөнөөлөөс өөрийгөө аврахын тулд амьсгалдаа анхаарлаа хандуулж, төвлөрч, бясалгал хийж дадах. Хааяадаа хотоос гарч цэнгэг агаарт зугаалах, найз нөхөдтэйгөө уулзах гэх мэтэд ач холбогдол өгөх

За энэ бясалгал гэдэг үгийг сүүлийн хэдэн жил их сонсож байна өө. Олон жилийн өмнө бол үүнийг цөөхөн хэдэн хүн хийдэг. Тэдгээр нь их л өвөрмөц, нэг тийм мундаг хүмүүс шиг санагддаг байж. 

Харин одоо их ойрхон ойрхон, мөн ойрхны хүрээллээс сонсоод, уншаад мэдээлэл ихтэй болоод, бясалгаж үзмээр санагддаг болж. Хэрэгжүүлээгүй л болохоос. 

Ер нь уншсан, сонссон, харсан, мэдсэн зүйлсээсээ хэрэгжүүлж буй нь нэгээхэн ч алга дөө. Яг яах учраа олохгүй байна, мөн дээр дурдсан шиг тусгай өрөө, орчин хүсээд байдаг байх. 

Дээрээс нь ёстой л өдөр тутмын завгүй амьдралдаа түүртээд юун дасгал хөдөлгөөн, юун бясалгал гээч болчихоод л гүйж явна. Над шиг ийм хүмүүс хэр олон бол? Хань татчихмаар байдаг. 

Хань татахгүй бол цаагуур чинь идэвхитэй, мундаг хүмсүүийн тоо олшроод би хоцрогдоод буй мэдрэмж төрөөд байна. Хэ хэ.

Үргэлжлүүлж бичнэ ээ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月8日木曜日

Гэгээрчих санаатай

Цаадах чинь гэгээрчих санаатай, бурхан шашны ном уншиж эхэлсэн. Хэ хэ. 

Яагаад ийм ном унших болсон гэхээр гэж ирээд оршлоо бичихгүй бол болохгүй. 

Хүмүүст олж мэдсэнээ, уншсанаа танилцуулчих юмсан гээд зүтгэдэг хүмүүс байдаг тийм ээ? Тийм нэг хүний клаабхаус дахь номны тухай яриаг сонсоод. Өөрийгөө ер нь мэддэг, чаддаг зүйлээр хомс юм гэдгээ ухаараадөө. 

Нэр усыг нь хэлнэ ээ. Угаасаа тэр эгч өөрөө нэлээд нээлттэй бичдэг, их идэвхитэй л дээ. Орчуулсан 3 ч номыг нь уншсан. Үлдсэнийг нь тэгж байгаад олж уншина. 

Доржийн Болортуяа гээд хайхаар гараад ирнэ. Номыг их гоё танилцуулдаг, би тэр танилцуулгаас нь хэд хэдэн ном захиж уншсан. Таалагдсан. Би ч сүүлийн хэдэн номны тухай бичлэгтээ танилцуулсан даа.

За тэгээд танилцуулсан номыг нь англиар уншиж чадахгүй ч ямартай ч зохиолчийнх нь тухай олж мэдэхээр нетээс хайсан. Монголоор мэдээлэл цөөхөн байдаг юм билээ. 

Харин Н.Энхбаяр гуай "Миний жинхэнэ гэр орон" гэдэг номыг нь орчуулсан байдаг юм байна. Улс төр гэж чичрээд дайраад явахаар сайхан уулын аманд, зуслангийн байшиндаа ном орчуулаад суувал гэж бодоод байдаг юм. 

Орчуулгандаа их сайн гэж сонссон. Сайхан намбайгаад, аяга боргол хажуудаа тавьчихаад л суухад юу нь болохгүй байхав дээ тийм ээ? Олон жил төрд шунасных, хачин тансаг зуслангийн байшинтай л байлгүй бодвол. 

Төрд орох гээд чичрээд дайраад байдгийнх нь учир баяжихдаа л байдаг гэж ойлгоод байгаа. Тэр улс энэ тэр нь хөгжих эсэх ер падлийгүй ч юм шиг...

За хальсан бөлгөө. Ер нь юм бичихээр бас хальдаг юм байна шүү, журмын олон нөхөд ойлгоорой. Хэ хэ. 

Япон хэлээр бол нэлээд зүйлс байсан. Бичсэн номыг нь номын сангаас зээлсэн. 3 ном зээлээд, эхнээс нь уншаад л явж байна. Дундуур нь зулзагуудын номноос бас унших хэрэг гарчихаад байгааг өмнөх нэг бичлэгт өгүүлсэн дээ. 

Удахгүй энэ номны буцаах хугацаа дөхнө. Барьж очоод сунгуулна даа. Яг уншихыг хүссэн ном маань номын санд байхгүй байна лээ. Заавал худалдаж авах хэрэгтэй.  

Аминдаа хэмнэлт хийгээд, шинэ ном авалгүй номын сангаас зээлээд уншчих санаатай ч...

За дөнгөж эхлээд 10-д хуудас. Тич Нат Хан гэдэг буддын шашинтай лам хүний бичсэн "Инээмсэглэлийг амилаахуй" гэдэг ном. Яг юу гэж орчуулахаа мэдэхгүй л байна. 

Ямартай ч эхний хэдэн хуудаснаас харахад "инээмсэглэн" сэрж байх. 24 цагийг инээмсэглэлээр  угтаж, инээмсэглэлээр дүүргэж амьдрах тухай өгүүлж байна. Мөн бясалгалын тухай гарч байна. 

Агуулгыг дараа дараагийн бичлэгээрээ дэлгэрүүлж бичнэ ээ. Эхлээд энэ лам хүний тухай жаахан бичих үү? 

1926 оны 10 сарын 11-нд Вьетнамын төв хэсэгт орших жижиг тосгонд төрсөн. 10-д наснаасаа сүм хийдэд шавьлан сууж лам болох эхлэлээ тавьсан. Зэн болон Буддын ухааны их багш гэгддэг. Эдүгээ 95 насыг зооглож байгаа Бурханч лам, энх тайвны төлөө тэмцэгч.

Америк болон Францад голцуу явж лекц унших, энх тайвны хурал зөвлөгөөнд оролцох гэх мэт үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. 1967 онд Нобелийн Энхтайвны төлөөх шагналд нэр дэвшиж байж. 

1973 онд Парист болсон Энхтайвны энхийн хэлэлцээрт төлөөлөгчөөр орсон. Энэ онд түүнийг нутаг буцахыг нь хорьсон. Тэгээд л Францын өмнөд хэсэгт орших жижиг тосгонд аж төрдөг. 

Вьетнамынхаа төлөө, энх тайвны төлөө ихийг л хийсэн хүн бололтой. Бичсэн ном зохиол, сургааль, лекц зэрэг нь тоймгүй их байдаг юм байна өө. Зэвсгийн бус аргаар тэмцэгч, залуусыг энх тайванд уриалагч.

Лам хүний тухай япон хэлээр бараг анх удаа уншиж буй байх шүү. Үг хэллэгээс нь эхлүүлээд мэдэхгүй зүйл их гарах шинжтэй. Энэ ном ч өөрөө 1995 онд хэвлэгдсэн болохоор, эдний катакана үсгээр бичигдсэн гадаад үг хэллэг багатай юм. 

Нэг бодлын амар, нэг бодлын заримдаа тийм гадаад үг нь ихэвчлэн англи хэлнээс авсан үг байдаг тул, англи монгол тольноос хараад мэдчихэд дөхөмтэй л дөө. 

За за нэг номыг зүгээр уншчихгүй тийм ээ? Олон долоон юм яриад. Хо хо. Өөртөө амжилт хүсээд түр баяртай. Номоо уншлаа. Бүгдэд нь амжилт шүү.