2026年5月31日日曜日
Манлайллын шилжилт
2026年5月27日水曜日
Монгол хэлц үгийн утга тайлах үлгэр
Бас л удаан хугацаанд зээлж, цүнхэлж явсан ном. Номын сангаас зээлсэн. Номын санд ийм ном байна гээд бод доо. Сүрхий байна уу?
Суугуул муж маань Төв аймгийн Д.Нацагдоржийн нэрэмжит Төв номын сантай харилцан ном солилцоод 5 жил гаран болж байна.
Миний мэдэхийн овоо хэдэн номтой болсон. Хүүхдийн ном, уран зохиолын ном, ганц нэг бөхийн тухай ном, Төв аймгийн танилцуулга ном гээд л олон төрлийн ном бий.
Түүний нэг нь энэ. Тун дажгүй санагдаад, тухтайхан шиг уншина гэж зээлж явсаар өдийг хүрэв.
Ш.Нарантуяа "Монгол хэлц үгийн утга тайлах үлгэр" гэдэг ном. Олзуурхууштай нь монгол бичгээр бас бяцхан тайлбартай. Би нь овоо уншаад байдаг шүү. 10 жилдээ монгол бичиг гайгүй сайн сурч байсан юм, энд ирснээс хойш л хойрго болчихсон болохоос...
94 богино хэмжээний үлгэртэй. Үлгэр бүрт хэлц үг орсон. Түүнийг тайлбарласан, ил утга, далд цаад утгыг нь тайлбарласан байв. Сонсож өссөн, одоо ч үе үе сонсдог хэлц үг байв.
Хэлц үгийг өвөрмөц хэлц, хэвшмэл хэлц гэж ангилдаг.
Үг илжирдэггүй
Үнэн балардаггүй.
Үгэн дотор үг байдаг
Үхрийн нуруунд гуур байдаг.
Үгэнд үхэхээр
Сүхэнд үх.
Үгэнд дайрагдахаар
Үхэр тэргэнд дайрагд.
Үгэнд ижилдвэл цэцэн болдог
Илдэнд ижилдвэл баатар болдог.
Дээхэн үеийн хүмүүсийн харилцан яриа зэргийг сонсохоор үнэхээрийн уран яруу ярьдаг байсан тийм ээ? Одоо бол хар яр, түс тас гээд л ярьчихдаг тийм ээ?
Би өөрөөрөө жишээ авахад гэртээ бол жаахан даам царайлаад, тэг ингэ гээд шулуухан заагаад явчихдаг болоод байгаа, сүүлийн үед. Тэгэхгүй бол тэртэй тэргүй хийх ёстой зүйлээ хийхгүй утас маажих нь утсаа маажаад, тоглох нь тоглоод, унтах нь унтаад уур хүргээд байдаг юм аа. Ха ха.
Энэ номыг уншсан чинь өөрийн эрхгүй уран яруу, хэлц үг зэргийг оролцуулаад ярьдаг болмоор, яриандаа өргөнөөр хэрэглэдэг болмоор санагдав өө...
"Аргатай бол арсланг унана."
"Аргат туулай арслана барина." Эдгээр хэлцийг санан санан, ажилдаа, амьдралдаа хэрэгжүүлнэ ээ. Хо хо.
"Бага уувал бал, балбартал уувал мал." Энэ үгийг халбага дарс уухдаа санаж явах юм шүү. Ха ха.
"Хэв жигд бол бичиг нь сайхан, Хэл цэгц бол яриа нь сайхан." Гараараа бичих ховордсон тул бичгийн хэв минь маш муухай. Гаргацтай л бичиж байвал болно доо, тийм үү? Буруу зөв яриад хүмүүсийн уурыг хүргэх тохиолдол их ээ их. Хи хи.
Зарим нэг нь сонсож байгаагүй хэлц байлаа.
"Бугын бөөр тасарч унахыг хүлээж чоно үлбэрч үхэв."
"Битон ч үгүй бяруу ч үгүй."
"Зам эвддэг ус, зан эвддэг архи."
"Бялуугаар зодвол иднэ, булгаар зүлгэвэл уйлна."
"Газар хороохгүй гахайн жороо морь."
"Гэрээс үгээ салхинд."
"Манзушир аварсангүй, манхны туулай аврав."
"Санаа нь дэлхий, чадал нь мэлхий." Зэ хө, санаж явна аа. Өглөө сэрэхдээ би санаа нь дэлхий, орой нь харьж ирээд чадал нь мэлхий болчихоод байна өө. Ха ха.
Дараа дахин нэг зээлж аваад, дахин дахин нухацтай уншина аа. Хэлц үг орсон үлгэрүүд нь бас сонирхолтой юм. Нэг уншаад тогтоохгүй, зарим нэг үлгэрүүдийг бол уншсан, мэддэг байсан.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хзсье.
2026年5月26日火曜日
Хичээл хөгжилтэй болох мөч 3
Үүгээр төгсгөнө өө. Яг дуусгачих гэсэн чинь бас сүүлд өөрөө санаж байхаар ганц нэг зүйлийг тэмдэглэж үлдээмээр санагдаад, номоо номын санд буцааж өгч чаддаггүй ээ, сэтгэл хоргодоод.
Худалдаад авчихдаг ч юм билүү? гэж бодож энэ тэр. Уншаагүй олон япон хэл дээрх ном, монгол хэл дээрх ном бий тул аль болох авахгүй байх санаатай. Ялангуяа япон номыг эндхийнхээ олон олон номын сангаас зээлээд уншчихаж болох тул, тийм ээ?
Харин монголоосоо бол яаж ийгээд захиж авчруулаад л байдаг. Яанам бэ?
Энэ хуудасны зургийг ахлах ангийн зулзагадаа явуулаад. Ээжийн үглээнээс илүү хэн нэгний ингэж бичсэн, хэлснийг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихалгүйхэн шиг толгойдоо үлдээх болов уу? гэж горьдоод.2026年5月25日月曜日
Уусан нь
Хүүш л дээ, энэ ажилд орсноор миний ууж идэх ажил нэмэгдсэн гэж хэллүү? Байсхийгээд л хамт ажилладаг хүмүүстэйгээ, өмнөх ажлынхантайгаа, ганц нэг танилтайгаа, фракцынхантайгаа гээд л ууж идэх шалтаг мундахгүй юм.
Нэг бодлын олонтойгоо яваагийн минь баталгаа гэж өөрийгөө хөөргөнө. Нөгөө бодлын монгол хүн гэсэн нэр нүүрээ аятайхан авч явах гэсэн хариуцлага гэж дотогшоогоо өмөлзөнө. Хэ хэ. Бөөн далим уу? Ха ха.
Гаднаас нь харахад ундаа шиг л байна уу? Энд гэхдээ нэг их хатуу зүйл уугаад байдаггүй, залуус нь. Өвөө нар сакэ гэх мэт архиа уудаг. Залуус бол шар айраг, ликёр, дарс гэх зөөлөн зүйлс ууна.Би ихэвчлэн улаан дарс шимдэг байсныгаа сүүлийн үед иймэрхүү нялуундуу "ундаа"-г ууж үзэж байгаа, албаар.
Энэ ямар ч билээ архийг орэнж жүүсээр зөөллөсөн ундаа. Үүнийг би уугаагүй шиг санаж байна. Хэ хэ. Санахаа больтол уугаагүй л дээ, нэлээд дээхний явдал тул мартжээ.Төгсгөлд нь гэх үү? Хаалтанд нь улаан дарсаа шимнэ. Дээхэн дан улаан дарсаар дагнаад, маргааш нь шартаад аюул болсон. Тэр нэгэн явдлаас хойш улаан дарсаа бага шимдэг болж туршлагажсан. Хи хи.
2026年5月24日日曜日
Хичээл сонирхолтой болох мөч 2
Номныхоо үргэлжлэлийг бичих гэсэн чинь мэдээжийн зүйлсийг их энгийнээр бичсэн байсан тул юу бичих вэ гэж бодон сууна. Тэгснээ гэнэт дараах хуудсыг санав. Нүүр номдоо зургийг нь оруулсныгаа эндээ бас татаад ирэв.
Солонгос хүмүүсийн дунд хийсэн судалгаа. "Амьдралдаа хамгийн их харамсдаг зүйлс чинь юу вэ?" гэдэг асуултыг эр эм хүмүүст, мөн нас насаар нь ангилж байгаад л тавьж л дээ. Хариулт нь байна аа даа...
"Хичээлээ л сайн хийж байдаг байж." гэсэн гэнэ. 10, 20, 30, 40, 50, 60, 70 гээд насны ангилалд эр эм хүйс, нас харгалзалгүй бүгд шахуу л хичээлээ хийж байх минь яав даа гэж боддог гэнэ.2026年5月23日土曜日
Бидний доторх чөтгөр 2
Номынхоо сүүл хэсэгт таарсан чухам энэ номыг үнэд оруулчихсан болов уу гэмээр хэсгийг дор хуулаад биччихлээ.
Чөтгөр гээч чинь яг чухам юу билээ? Элдэв дүрстэй, элдэв зан ааштай, үзлийн муухай хүн? амьтан байдаг л гэж бодоод, уншаад байсан чинь хариултыг нь олчихсон.
"Харин над шиг анд нөхөд дундаа ухаалаг гэгддэг хүн залуу насаа яаж ийм утгагүй, хоосон өнгөрүүлсэнд хэн хүнээс өмнө би өөрөө гайхсан гэдгийг хэлье... Эхэндээ би үүнийгээ мэдээгүй. Өөрсдийгөө хосгүй ухаантай, авъяаслаг гэж боддог найзууданхаа дунд, ариун дагшин, бардам мунхруулалд автан амьдарч, зөвхөн ингэж амьдарснаараа чухал үйл бүтээж байна гэж боддог байлаа. Надад ямар ч зорилго, ямар ч бодол байгаагүй. Ухаан минь хамаг хүч чадлаа тэрхэн мөчид л гаргадаг. Оновчтой хариулт, хурц ухаалаг үгийг бүхий л бодит байдлаас эрхэмд үзэж байв...
...Гэтэл үнэндээ юуных нь чөтгөр байх вэ дээ, анд минь, юуных нь чөтгөр? Бидний энэ бардам сэтгэл, бидний энэ мулгуу зан л тйим юм зохион бодож байгаа хэрэг шүү дээ... Дотор бугласан чөтгөр гэдэг зугтах, бултах гэсэн төдийлөн зальжин бус арга мэх... Бидний дотор чөтгөр байхгүй... Бидний дотор бүтэлгүйтэл, доройтол л байгаа... Залхуурал бий... Өөрийгөө захирч чадахгүй, ухаан мэдлэггүй, түүнчлэн энэ бүгдээс хамгийн аймшигтай нь гашуун үнэнийг олж мэдэхээс бултаж нүүр буруулах зуршил буй..."
Зэ хө "бүтэлгүйтэл, доройтол, залхуурал, ухаан мэдлэггүй, гашуун үнэнийг олж мэдэхээс бултаж нүүр буруулдаг зуршил" гэсэн эдгээр зүйлс миний дотор ч байна өө байна. Нуугаад яахав.
Уншигч олон та нарт ч бас бий л байх даа? Бүгд биш юм аа гэхэд, дор хаяж гурав. Хэ хэ. Заавал өөртэйгөө адилхан байлгах гээд үзчихлээ шүү, би.
Хөөрхөн богинохон бичвэр боллоо. Ямартай ч "Арьсан хүрэмт Мадонна"-гаа унших минь. Тийм ээ?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2026年5月22日金曜日
Бидний доторх чөтгөр
5 дугаар сард уншсан ном. Энэ сард 4 ширхэг ном уншчих санаатай. Өмнөх саруудад дөрөв дөрвөн ном уншсан юм. Тэгж байж л жилд овоо хэдэн ном унших юм билээ. Энэ сард төлөвлөгөө минь биелэхээргүй ч юм шиг санагдаад, гэхдээ шантралгүй л унших юм шүү.
Агуулгын хувьд гол баатрын байж байгаа байр байдлыг бодохоор л унтууцаад байлаа. Гол баатрын бүсгүй яахаараа тийм сонин залууг сонгоод суучихав даа гэж бодоостой. Бас л сонин агуулгатай. Ха ха.
Сүүлийн үед манайхан их сонин сонин ном уншаад байгаа. Гүйцэж унших гэж, ойлгож унших гэж хичээж байна өө би. Хо хо.
Сабахаттин Али. "Бидний доторх чөтгөр" гэдэг ном.
20-р зууны Туркийн хамгийн нөлөө бүхий зохиолч гэнэ. "Арьсан хүрэмт Мадонна"-г бичсэн гэнэ. Бодоод байсан төстэй ч юм шиг. Үйл явдал нь төстэй биш хэлэх гээд буй санаа нь, хүмүүсийнх нь сэтгэлийн дотоод ертөнцтэйгөө тэмцэлдээд байгаа нь төстэй ч юм шиг...
Гэснээс би "Арьсан хүрэмт Мадонна"-г дундаас нь орхиод, дуусгаагүй шиг санаад байх юм. Гүйцээж уншлуу? Яалаа?
Хайж үзсэн чинь эндээ, тэмдэглэл бичээгүй байх юм. Анхны блогтоо ч бас бичээгүй байна. Нээрээ уншиж дуусгаад тэмдэглэл бичихгүй бол алдас болох юм байна шүү. Сануулж байгаарай, манайхаан.
Гол дүрийн Өмэр гэх залуу. Дотоод сэтгэлдээ үнэнхүү зөрчилтэй. Тийм байж эхнэртэй болчихно. Эхнэр нь хүүхдээрээ шахуу. Гэрлэсэн ч гэж дээ зүгээр л хамт амьдраад байх шиг, өнөөгийн цаг үеэр бол.
Дээхэн үед бол нэг гэрт л орчихвол л гэрлэсэн гэж үздэг байсан бололтой. Бас нэг хачирхалтай нь холын хамаатан нь гэх шиг болсон. Европ зүгт үеэл, хаяалтайгаа суучихдаг тийм ээ? Хайр дурлал аа гэж хүнийг сохроодог гэж яг үнэн...
Гарчигнаас харахад нээрээ л бидний дотор чөтгөр байдаг тийм ээ? Миний дотор бол хэд хэдэн чөтгөр байх шиг байдаг. Эндээ бичдэггүй л болохоос, солонгон аашт, шулам, чөтгөрлөг, баздаг, базуулдаг гээд л хүмүүсээс гардаг бүхий л ааш надад ч бий. Ха ха.
Мөн шийдвэр гаргахдаа уддаг тал ч бий. Нэг тийм "арчаагүй" тал ч ажиглагддаг. Хо хо.
Мажидэ бүсгүй хар багаасаа нэг хачин хар юм дагаад амьдарч байсан хамаатан эгчийнхээ гэрээс явчих юм. Өнөөх нь олигтойхон арчаатай залуу байсан бол ч яахав. Мэдэхгүй ээ, охидтой хүн тул иймэрхүү ахуйн зүйл л бодож уншив. Хи хи.
Сүүл хэсэгт харин зэвүүн өгүүлбэртэй таарсан. Бараг энэ номыг базаад, алдаршуулчихсан гэж хэлж болохоор...
Энэ хэсгийг дараагийн бичвэрт бичиж үлдээе. Урт болчихлоо.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2026年5月21日木曜日
Нээлттэй хичээл
Энэ их хөөрхөн шүлэг. Гэрийн даалгаварт уран уншлагын даалгавар байдаг юм. Тухайн сард нэг шүлэг, сурах бичгээсээ нэг бяцхан хэмжээний бичвэр уншина. Түүнийг нь гэрийнхэн нь сонсоод, гарын үсэг зурна.
2026年5月20日水曜日
2+1=3
Зурган дээрх номнуудыг худалдаж авав. Нэг ном байхгүй, дууссан. Оронд нь "Хөгжмийн эгшиг"-ийг авав. Үнэ нь ч яг адилхан байв. Хөгжмийн эгшиг номын хуучин хэвлэл байгаа л даа. Хуучраад, сүүлийн ганц нэг хуудас урагдаад, дутуу байсан шиг санаад, дахин авав.
2026年5月19日火曜日
Хичээл сонирхолтой болох мөч
2026年5月18日月曜日
Цэцэгс
Энд тэнд явахдаа мэлмийг минь баясгасан цэцэг таарвал зураг дардаг. Өөрөө тарьж ургуулах завгүй, арчлах мэдлэггүй, залхуу хүн чинь хүний тарьж ургуулсныг л харж биширч, гайхширч, бахархдаг даа.
Хорооны нэг хуралд суух үед, хорооны байрны үүдэнд байсан цэцэг. Их том ургасан байсан. Цэцгийн нэрсийг мэддэг бол бүр л гараад өгнө, тийм ээ? Тэр бүр асуугаад байх нь хаашаа ч юм гэж бодоод, нэрэлхээд өнгөрнө. Угтаа асуугаад, нэг ч гэсэн цэцэгний нэр мэдэж байвал хааяа нэг хийдэг орчуулгын ажилд минь хэрэгтэй л байх...Цахирмаа цэцэг. Суугуул нутгийнхаа цэцгийн хүрээлэнд монголчуудаа дагуулаад явж байхдаа дарсан. Өнгө нь их чамин, гоёмсог байсан. Баяр ёслол, аливаа зүйлийн шинэ нээлт гэх мэт бэлгэдэлт үед бэлэглэдэг юм билээ.Нарцисс буюу сэрүү цэцэг болов уу? гэж бодож байна. Голых нь цагаан бас байдаг юм билээ. Тэр нь жинхэнэ сэрүү цэцэг байх. Дээхэн зургийг нь оруулсан даа. Хавар цагийн бас нэгэн гоёо юм билээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2026年5月17日日曜日
Дайлав, цайлав
Орсон гарсныг дайлж цайлдаг хүн нь байна өө. Өөрөө ч дайлуулж, цайлуулах дуртай хүн нь байна өө.
Үе үе япон монголгүй хүмүүсийг урьж залан дайлна. Хүмүүстээ тааруулж хоолоо хийнэ. Бууз, хуушууранд оруулчихсан япон хүмүүс нэлээд байна. Улс эх орныхоо нэрийг, монгол хүнийхээ нэрийг нэг их мандуулаад байдаггүй юм аа гэхэд дорд оруулчихгүй гэж үзэж тарж байхад.
Хаа нэгтээ энд тэнд хэрэг төвөг тариад байгаа хүн мэдээгээр цацагдаад уур хүргэх л юм...
Хань ижил ингэж чимхэнэ. Олон янзаар чимхэж чадна л даа. Би зузаан гуриланд дургүй тул ингэж "цэцгэн" чимхэлтээр ихэвчлэн чимхэнэ. Мөн зулзагууддаа чимхэхийг заахдаа энэ чимхэлтээр эхлэнэ. Яваандаа уламжлалт чимхэлт, хуушуур зэргийг дажгүй хөөрхөн чимхдэг болдог.2026年5月16日土曜日
Амттан
Яаж ийгээд л амттан идчих гээд байдаг юм. Идчих гээд биш ээ, энэ амттангууд намайг дагаад л явах юм, хаа ч явсан. Би их зугтаана өө. Яаж ийгээд л гүйцнэ, амттан нь, их хурдан гүйдэг. Эсвэл алхдаг ч юм уу? Ха ха.
Яахав, дурсамж болгоод эндээ зураг оруулав. Олон жилийн дараа уншихад, харахад дурсгал болог.
Энэ 3 дугаар сард ажлынхаа нэг залуутай хамт явахдаа идсэн. Даалгасан гэх нь онох байх. Дажгүй ах залуу байсан чинь, шилжилт хөдөлгөөнөөр шилжээд явчихсан. Хамт ажиллахад урамтай, хичээмтгий хүн байсан юмсан.2026年5月7日木曜日
Амралт
Алтан 7 хоног дуусав. Эхний гурван өдөр нь бороотой, жаахан онцгүй байлаа. Ойрд уулзалдаагүй хүмүүстэйгээ уулзалдаж, буу халж, хов базаж, ууж идэж өнгөрөөв.
Сүүлийн хоёр хоногт нь "фракц"-аараа салхинд гарч, хорхог хийж идэв. Халуун чулуу атгав.
Точиги мужаас илгээсэн мөөг. Шийтакэ мөөг. Англиар нь ч шийтакэ гэдэг юм байна тийм ээ.Тахианы махаа бас ингээд шарж их иднэ ээ. Би нь залхуу юм болохоороо бас л ингэж шардаггүй. Хааяа гарч раамэн идэхдээ хамт захиалж иддэг.
За нэг л их уусан, идсэн зүйл л бичдэг болчихсон ч гандан буурахгүй л бичих юм шүү. Өөр сэдэв ч алга л даа. Ха ха.
2026年5月6日水曜日
Саарал зөгийнүүд
4 дүгээр сарын төлөвлөгөөт ном минь. Иймэрхүү хөөрхөн агуулгатай ном уншвал болж байна шүү. Уншаад л байна. Нэг сарын хугацаанд нэжгээд ном унших байх шүү. Хэ хэ.
Бид энэ оны 1 дүгээр сард билүү дээ энэ жил унших номнуудаа сонгоход энэхүү ном надад байгаагүй юм. Би ч түргэн шуурхай арга хэмжээ аван, 2 сард гартаа оруулсан байдаг юм. Үнэхээрийн сэргэлэн бүсгүй байна уу? Ха ха.
Би сэргэлэндээ биш ээ, манай үүгээр ирж, буцаж буй буянтай сайхан хүмүүсийн ач гавъяа юм аа. Хүний дайвар авахад хэцүү болсон цаг дор ном дайхад хүмүүс харьцангуй цааргалаад байдаггүй аваад ирдэг юм.
Түүнээс одоо ч хүнд юм дайх, өөрөө дайвар авах нь асар их эрсдэл дагуулдаг болжээ, тийм ээ?
"Саарал зөгийнүүд" гэдэг ном. Нэг их онцгой үйл явдал ар араасаа хөврөөд байхгүй мөртлөө цаанаасаа нэг тийм хөөрхөн баатартай. Зохиолын баатрууд нь их гэнэн, цайлган хүмүүс санагдсан.
Энгийн иргэд нь ч, хянан шалгаад байгаа байцаагч нар нь ч, дайтаад байгаа цэрэг эрс нь хүртэл цаанаа л нэг тийм "хүнээрээ" байгаад байх шиг.
Ер нь энэ дайныг хэн эхлүүлчихэв ээ? Аль улс нь эхлүүлчихэв ээ?
Мэдээж дайтаад байгаа учраас хүн үхнэ үрэгдэнэ. Гэхдээ энэ номонд тэр үхлийн тухай нэг их дэлгэрэнгүй гарахгүй.
Ганц нэг хүн амь үрэгдэнэ л дээ. Эвий минь, эвий минь.Зохиолч нь Андрей Курков. Би анх удаагаа зохиолоос нь уншиж байгаа болов уу? Монгол хэлнээ орчуулагдсан, дээхэн үеийн ном байвал уншсан байж ч магад. Сайн санахгүй байна өө. Уншаагүй л болов уу?
Укриан гэж дэлхийн хамгийн үржил шимтэй хөрстэй гэнэ.
Мөн "Байгалийн баялаг, газрын тос олборлодог гээд ирээдүйтэй орон болов чиг эдгээр нь олигархуудын мэдэлд болохоор шимийг нь улс орон нь хүртэж чаддаггүй" гэдэг өгүүлбэртай таарав.
Эх оронтой минь агаар нэгэн юм даа гэж харамсав.
Зохиолч нь 1995 онд анхны романаа хэвлүүлсэн, өдгөө нийтдээ уран зохиолын чиглэлээр 19 роман, 9 хүүхдэд зориулсан ном, уран сайхны нийт 20 орчим кино зохиол бичсэн гэнэ. 65 орны 37 хэлээр орчуулагдсан байдаг гэнэ, бүтээлүүдээс нь. хамгийн алдартай нь "Үхэл ба оцон шувуу" хэмээх роман гэнэ. Бүтээл бүрдээ ямар нэгэн амьтан дүрсэлж, ёгт өнгө аяс оруулж, түүгээр дамжуулан утга санаагаа илэрхийлдэг онцлогтой юм байна.
Энэхүү "Үхэл ба оцон шувуу"-г нь олж уншина аа. Бодвол монгол хэлээр орчуулагдсан байдаг байх тийм ээ?
Романы гол агуулга нь дайны үеэрх эгэл жирийн иргэд юу бодож, юуг мэдэрч, өдөр тутамдаа ямаршуухан амьдрал туулж буйг тод томруун өгүүлжээ. Укрианы Донбассын саарал бүсэд болж буй үйл явдал.
Гол дүр болох Сергей Сергеич нь тосгондоо үлдсэн цөөхөн хэдэн оршин суугчдын нэг. Цөөхөн ч гэж дээ, хоёрхон л "оршин суугч" үлдсэн мэт. Нэг нь гол дүр, нөгөөх нь гол дүрийн "найсан" болох Пашка.
"Найсан" гэдэг үг хөөрхөн. Дайсан, найз гэсэн хоёр үгийг нийлүүлчихсэн юм угтаа. Сергэй Сергеичийн өөрийнх нь бодож олсон үг.
Пашкатайгаа үргэлжийн мөнхөд дайсагналцсан, жөтөөрхөлцөцгөөсөн хоёр байж. Тэгсэн дайн болоод, тосгондоо хоюулхнаа шахуу үлдчихсэн улс чинь мянга дайсагнаад хол явахгүй шүү дээ. Хэ хэ.
Тийм болохоор одоохондоо хааяадаа ганц нэг үг солилцдог, хамтдаа сто грамм татчихдаг найз нь болчихсон тул "найсан" нь гэсэн үг. Хо хо.
Гол амьжиргаагаа залгуудаг нь зөгийн аж ахуй. Зөгийнүүдээ бэлчээрлүүлэх, тайван аюулгүй газарт аваачихаар шийдэн, замд гарна. Замдаа олон л ааш араншинтэй хүнтай таарна. Хаа очиж бүр нэг айхтар зэрлэг, балмад хүмүүстэй таардаггүй.
Ар араасаа хөвөрсөн элдэв үйл явдал тохиохгүй ч зохиолын гол дүрийн дотоод сэтгэл рүү их өнгийсэн, айдас, сэтгэл дэх тэмцэл, итгэл найдварын тухай өгүүлнэ.
Зөгий гээд л уншсан чинь манайд хоёр од хүүхэн санаанд ороод болдоггүй. Томоко, Наараа хоёр. Ха ха.
Зөгий арчилгааны талаар нэг их гарахгүй болохоор, их л амархан юм шиг санагдаад, тэгээд л "хэл амтай, гавшгай" эл хоёр бүсгүй зөгийгөө занималдаад, мөнгөжөөд байгаа юм бол болов уу? Би ч бас зөгийн үржүүлдэг юм билүү? ч гэж бодоод амжсан. Хо хо.
За энэ наргиа ч яахав, ер нь энэ дайн хэнд хэрэгтэй вэ? Хамгийн их хохирол амсдаг нь мэдээж улиг болохоо шахаад, хүмүүс нэг их тоохоо байсан эгэл жирийн иргэд, байгаль дэлхий, ан амьтан...
Ингэж ярьж бичсээр байгаад дайтаж буй улс, дайн эхлүүлж буй шийдвэр гаргагчид "биднийг" тоохоо байчихсан мэт зэвүүн...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2026年5月3日日曜日
Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал-4
Шинэхэн сарын мэнд ээ. Алтан 7 хоног эхлээд, би нь уулын мухарт пс-гээ дэлгээд сууж байна. Бороотой, уйтай өдөр...
За юун дээр зогслоо? Нэг иймэрхүү агуулга нь хүнд ном унших бас л төвөгтэй юм тийм үү? Бичих гэхээр бас хүндрүүлж бичихгүй бол болохгүй. Ха ха. Тархи толгой доторх ч хүнд оргиод явчих юм.
"Морь унасан толгойгүй хүн" шиг хөөрхөн ном олоод уншчихмаар байна шүү.
За тэр ч яахав, бичихээс өөр замгүй... Бичих дадал чухал.
4. Хамтдаа хож.
Хожил-хожил бол хүний бүхий л харилцаанд харилцан ашигтай байдлыг эрхэмлэх мөн чанар юм.
Хожил-хожил нь амьдралыг өрсөлдөөний дэвжээ бус харин хамтын ажиллагааны талбар гэж үздэг.
Хамтдаа хожих дадал бол харилцан хамаарал бүхий манлайллын нэг хэсэг юм. Үүнийг хэрэгжүүлэхэд ухамсар, төсөөлөл, хүний мөс, хараат бус хүсэл эрмэлзэл гэсэн хүний төрөлхийн чадварууд шаардлагатай.
Энэхүү win-win буюу хожил-хожил гэдэг дадал нь "Нийтийн ялалт" гэдэг бүлэгт гардаг. Бодоод байсан, би л ганцаараа ялах гээд үзээд байдаг шиг санагдаад өө. Гэр бүлийн харилцаанд би л ялах гэж үзэж тараад байдаг юм байна. Хосын харилцаанд ч тэр. Бүгд ээжийн зөв, бүгд эхнэрийн зөв.
Зулзагууддаа харин сүүлийн үед буулт хийж сурч л байна. Хүүхэд хүмүүжлийн тухай ном овоо хэдийг уншаад сурсан мэдсэн зүйл минь "хүүхдийн ааш занг ойлгож, томчууд хүүхэд байж үзсэнээрээ бага зэрэг буулт хийгээд, зөөлөн дулаан харцаар ажиглах, харах..." гэдэг ерөнхий нэгэн ойлголтыг өөрийн тархиндаа суулгаж л явна.
Харин хань ижилтэйгээ харьцахдаа ерөнхийдөө бол нэлээд захирангуй, дээрээс харьцаад байдаг шиг санагдав. Санагдав ч гэж дээ, өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл...
Яагаав дээ өнөөх "баздаг" гэдэг нь. Хэ хэ. Мэдээж хааяадаа би өөрөө базагдана л даа. Хи хи.
Алдаагаа засаад л явчихмаар байдаг, нэг л болж өгдөггүй ээ...
"Илтгэлцлийн данс" гээчийг хэрэгжүүлчихмээр...
...Хамгийн үр дүн бүхий орлого бол шүүмжлэлгүйгээр, яриаг нь таслалгүйгээр, өөрийнхөө санааг хэлэлгүй зүгээр л түүнийг сонсох байж болно. Түүнийг ойлгох гэж хичээж сонсоорой. Түүнд хайр халамжаа мэдрүүлж, байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг гэдгээ ойлгуулаарай.
"Өөртөө тохиолдохыг хүсэхгүй зүйлээ бусдад бүү хий."
"Бүгдтэй нь өөр өөрөөр харьцах замаар бүгдэд нь адилхан ханд."
"Жижиг ч хамаагүй халамж, сайхан сэтгэл маш чухал."
"Хэрвээ нэгэнт бөхийх аваас дор бөхий."
"Эцсийн сохор зоосоороо ч хамаагүй төлөөсөө төл."
5. Эхлээд ойлго, дараа нь ойлгуул.
Үнэн сэтгэлээсээ сонсож сурах. Энэ нь ярилцаж буй хүнийхээ байр сууринд өөрийгөө тавьж, үзэл бодол хийгээд дотоод ертөнцийг нь өөрийн нүдээр харж, парадигмийг нь ойлгох явдал билээ. Гэдхээ үнэн сэтгэлээ гарганад гэдэг өрөвдөх гэсэн үг биш. Учир нь бусдыг өрөвдөнө гэдэг тэднийг шүүж, дүгнэж буй хэрэг.
...Та бусдыг үнэн сэтгэлээсээ сонссоноор тэдэнд "сэтгэлзүйн агаар" бэлэглэж байгаа хэрэг.
Гэрийнхнийгээ, ойр дотныхныгоо үнэн сэтгэлээсээ ойлгох нь чухал юм байна өө, тийм үү? Сүүлийн үед чи ч ойлгохгүй л дээ гэж хэд хэдэн удаа хэлүүлчихсэн хүн нь байна өө. Тэгээд ч өөрт тохиолдоогүй уй гашууг тэр болгон сайн ойлгохгүй байх нь аргагүй шүү дээ гэж би өөрийгөө өмөөрөх. Би заавал ойр дотныхоо хэн нэгнийгээ алдаж байж бусдын уй гашууг ойлгох болж байна уу? гэж уур ч хүрэх...
Хувийн голцуу л асуудал дээрээ тусган уншлаа, энэ номыг. Учир нь ажил дээр япончуудтай ажиллахад нэг их бэрхшээл алга дөө, миний хувьд. Олон жил болж буй болоод ч тэр юм уу? Төрийн байгууллага болохоор ч тэр юмуу? Бүү мэд... Тийм болохоор хувийн асуудалдаа л тусгаж авч байна...
"...өндөр бүтээмжтэйгээр өөрийгөө ойлгуул. Гэхдээ эхлээд түүнийг ойлго, харах өнцгийг нь мэд. Харин дараа нь өөрийн үзэл бодлоо ойлгуулж улмаар хэн хэндээ хожил болох шийдэлд хүрэх нь чухал. "
6. Хүчээ нэгтгэ.
Хэрвээ зөв ойлгож чадвал хүчээ нэгтгэх үйл явц бол амьдралын хамгийн дээд үйл хэрэг болдог.
Ялгаатай байдлаа үнэлэх нь хүчээ нэгтгэх үйл явцын амин сүнс юм. Энэ нь үзэл бодол, сэтгэл зүй болоод бие бялдрын ялгаатай байдлаа үнэлнэ гэсэн үг.
Хүчээ нэгтгэнэ гэдэг нь товчхондоо нийлбэр нь нэмэгдэхүүнүүдээсээ илүү гэсэн үг.
Үнэндээ олон хүмүүс гэр бүлийн болон бусад нийгмийн харилцаандаа хүчээ нэгтгэх үйл явцыг ямар нэгэн хэмжээгээр мэдэрсэн байх нь ховор байдаг. Учир нь тэд өөрийгөө хамгаалсан, өмөөрсөн эсвэл бусдад итгэж болохгүй гэсэн үзэл бодолтой болж төлөвшсөн байдаг.
...Та бусдын оролцоог бий болгосноор тэд бэрхшээлийн мөн чанарыг ойлгож, зөв шийдлийг олоход тань туслах болно. Үр дүнд нь та шинэ бас нэгдмэл үорилго бий болгож, өмнө нь хэний ч төсөөлж байгаагүй тийм хүчтэй эерэг өөрчлөлтийг бий болгох үйл явцыг эхлүүлнэ. Мөн хүн бүрийн оролцоотойгоор шинэ соёл ч бий болгох боломжтой.
... Оролцоо хэдий чинээ чин сэтгэлийн байна төдий чинээ хүн хоорондын харилцаа бэхжиж, бүтээлч сэтгэлгээний шавхагдашгүй ундарга оргилох болно.
Өмнөх дадлууд ч энэ дадалд туслах нь мэдээж. Тэгэхээр өмнөх 5 дадлыг туршиж, өөрийн болгох, хэрэгжүүлэх чухал юм даа тийм ээ? Хэзээ нэг нартай өдөр хорвоогийн бүхий л эерэг дадлыг өөртөө хэрэгжүүлээд эхлэх юм шүү. Хэ хэ.
За тэгээд ганц гэр бүл ч биш, хамт олон, үндэстэн гээд бүхий л хүмүүс хүчээ нэгтгээд эвтэй байвал тийм ээ, өвөг дээдсийн сургааль, домог ч үүнийг гэрчилнэ дөө, энд нуршаад яахав.
7. Өөрийгөө хурцал.
Хүмүүн биднийг сэргээж өгдөг 4 хэмжээс байдаг. Бие бялдар,итгэл үнэмшил, оюун ухаан, нийгэм буюу сэтгэл хөдлөл гэсэн хэмжээсүүд байдаг.
1. Бие бялдрын хэмжээст эрүүл хооллолт, амралт, тоготол дасгал хөдөлгөөн гэх мэт бие махбодын өндөр бүтээмж бүхий асаргаа ордог.
Дасгал хөдөлгөөн хийх цаг зав байхгүй гэж ихэнх хүмүүс хэлдэг, тэр бол зүгээр л шалтаг гэжээ. Үнээн үнэн. Би ч тэдгээр хүмүүсийн нэг. Үүнд л өөртөө цаг гаргадаг болмоор байна өө.
2. Итгэл үнэмшил бол таны цөм, таны мөн чанар, үнэт зүйлс тань билээ. Мөн хувь хүний хамгийн хувийн бөгөөд амин сүнс билээ. Чухамдаа итгэл үнэмшил таны урам зоригийг сэргээж, хүн төрөлхтний мөнхийн үнэнтэй холбож өгдөг гэж хэлж болно.
Ингэхэд миний итгэл үнэмжшил юу юм бол?
3. Оюун ухааны хэмжээс буюу төлөвшил нь бараг бүхэлдээ боловсролын тогтолцоогоор дамжиж бий болдог.
Оюун ухааныхаа тусламжтайгаар үзэл бодлоо хөндлөнгөөс ажиглах нь хамгийн үнэ цэнэтэй бөгөөд эзэмших ёстой ур чадваруудын нэг билээ.
Сард нэг ном унших зорилго тавьж, улмаар хоёр долоо хоногт нэг, эцэст нь нэг долоо хоногт нэгийг уншиж байхыг зөвлөх байна. "Ном уншдаггүй нэгэн уншиж чаддаггүй хүнээс ялгаагүй."
4. Нийгэм/зүрх сэтгэлийн хэмжээс. Бидний нийгэм болоод зүрх сэтгэлийн хэмжээсүүд харилцан хамааралтай байдаг. Учир нь бидний сэтгэл зүй бусадтай хийх бидний харилцаанаас урган гарч байдаг.
"Хүнтэй байгаагаар нь харьцвал тэр тийм хэвээрээ л үлдэнэ. Харин түүнийг байгаагаасаа илүү нэгэн мэтээр харьцах аваас илүү нэгэн болдог." Гёте.
Дээрх 4 хэмжээсээ тэнцвэртэйгээр дэмжиж байх ёстой. Аль нэгийг нь орхигдуулваас үлдсэн гуравтаа сөргөөр нөлөөлж байдаг. Тэнцвэртэйгээр сэргээж хөгжүүлж байх хэрэгтэй.
Тэнцвэртэй сэргээлт гэдэг нь өөрөө хүчээ нэгтгэлт юм.
Та хэдий чинээ бусдыг сайн ойлгоно тэр хэрээр хожил хожил гэсэн шийдэлд хүрч хүчээ нэгтгэнэ. Энэ нь дадал 4 болон 6.
Зөвхөн дурсамжаараа бус харин төсөөллөөрөө амьдрах.
Улам бүр өсөн дэвжихийн тулд суралцаж, тууштай байж, хийх энэ бүхнээ дахин дахин давтах хэрэгтэй.
Ингээд номоо өндөрлөе дөө. Ингээд бичээд, ухаад үзсэн чинь ойлгохгүй ч юм шиг санагдаад байсан агуулгаа бага зэрэг ойлгох ч шиг...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
























