ラベル Номын ертөнцөөр の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Номын ертөнцөөр の投稿を表示しています。 すべての投稿を表示

2026年5月20日水曜日

2+1=3

Интерномын 2+1=3 урамшуулалт худалдаа гэж тун аятайхан худалдаа байна тийм ээ? Саяхан болж өнгөрсөн уламжлалт урамшуулалт худалдаагаар нь 12 ширхэг ном худалдаж авав. 

Удахгүй үүгээр ирэх найздаа захив. Найз минь хотод буй хүүдээ даалгав. Хүүг нь би танина. Хөөрхөн даруухан, зөөлөн хүү бий. Уриалгахан гэгч нь "гүйж" өгөв. Япон амттан өгч явуулна аа, шагнаад. Баярлалаа. 

12 ширхэгийнх нь 4 нь үнэгүй гээд бодохоор дажгүй, яахав. Гололтгүй...
Зурган дээрх номнуудыг худалдаж авав. Нэг ном байхгүй, дууссан. Оронд нь "Хөгжмийн эгшиг"-ийг авав. Үнэ нь ч яг адилхан байв. Хөгжмийн эгшиг номын хуучин хэвлэл байгаа л даа. Хуучраад, сүүлийн ганц нэг хуудас урагдаад, дутуу байсан шиг санаад, дахин авав. 

Дахин уншиж амжаагүй байсан юм, ашгүй. 

Олдохгүй буюу интерномд байхгүй байсан ганц нэг номоо "Номын баяр"-аар ороод, хайгаад өгөөч гээд бас нэгэн найздаа даалгачихлаа. Шуналтай байна уу? Шуналтайдаа биш ээ, номын клубынхан минь унших юм энэ жилд. Оны сүүлээр байсан байх аа. 

Эхээр унших номнуудаа эхэлж захиад авчихсан, зарим нэгийг нь нэлээд дээхэн худалдаад авчихсан гэх мэтээр ном их цуглуулж байна өө.  

Яваандаа номоо түрээслэж уншуулна аа, эндэх монголчууддаа. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年12月31日水曜日

2025 онд уншсан номнууд

Зээ, ийнхүү 2025 оноо үдэх гэж байна. Ямартай ч бүтэн нэг жилийн явцад ямар ном уншсан тухайгаа тайлагнах минь. 

2024 онд 37 ном уншсан. Энэ жил клубынхаа гишүүдийн араас нэхэж 50+ ном унших зорилт тавьсан байлаа. Сард дор хаяж 3 ном уншихгүй бол 50 хүрэхээргүй, зарим ном нь нимгэн, зарим нь зузаан. Зарим нь хөнгөн, зарим нь хүнд.

Угтаа зулзагадаа уншиж өгдөг зурагт номнуудаа тоолбол ч 100 хол давна л даа. Хэ хэ. 

Доорх номнуудын жагсаалтыг уншсан дор нь л бичээд явсан. Бүр он гараад л энэ хуудсыг нээгээд, номоо уншиж дуусахад нь л дугаарлаад бичээд явсан. Жилийн турш хамт байсан бичвэр. 

Ингээд дор бүр нь жагсаагаад бичих нь цаг хэмнэдэг юм билээ. Өнгөрдөг жил блогоо эхнээс нь ухаж төнхөж уншсан номоо тоолж цаасан дээр буулгана, тэгээд өнөөх цаасаа хайгаад олохгүй, дахин ухаж төнхөнө гээд л. Цаг нэлээд үрсэн. 

Энэ жилээс цагаа хэмнэх, үр бүтээлтэй байхын тулд ингэж нэг хуудсыг жилийн турш хөтлөв. Та бүхэн ч санаа авна биз ээ? Ирэх 2026 ондоо ч мөн адил уншсан номоо тэр даруйд нь ингэж жагсаагаад явна даа. 

Жилийн эцсийн тайлан гаргахад асар хэрэгтэй шүү. Пөөх, би ийм их ном уншаа юу гэж өөрөөрөө бахархана. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Хэ хэ.

1. Дурсамж мартагдахаас өмнө

2. 14 настай чамд зориулав (Япон)

3. Хандлагын хүч

4. Шивэгчний үлгэр (Төлөвлөгөөт ном. 1 дүгээр сард)

5. Цагаан хоолтон 

6. Хөвүүн ирлээ

7. Чингис хааны нууц түүх (Төлөвлөгөөт ном. 2 дугаар сард)

8. Магма

9. Амьсгал (Төлөвлөгөөт ном. 3 дугаар сард)

10. Флоренцийн шидэт гүнж (Төлөвлөгөөт ном. 4 дугаар сард)

11. Тарган муур

12. Софийн ертөнц (Төлөвлөгөөт ном. 5 дугаар сард)

13. Ичгүүр

14. Нэгдүгээр биеийн ганц тоо (Төлөвлөгөөт ном. 6 дугаар сард)

15. Чөтгөрийн бясалгал

16. Цул мөнгөн гүүр (Төлөвлөгөөт ном. 7 дугаар сард)

17. Нэрийн дэлгүүрийн эмэгтэй

18. Вавилоны хамгийн баян хүн

19. Жолоодогч

20. Хөгшин чоно ульсан нь

21. 5 секундын дүрэм

22. Түүнийг гэх дурсамж

23. Хөрөг

24. Өвөл хавар

25. Морин уруул (Төлөвлөгөөт ном. 8 дугаар сард)

26. Халдвартай

26. Тагтаа 

27. Хүүхдээ ойлгох ном (Төлөвлөгөөт ном. 8 дугаар сард)

28. Алдагдсан охин (Төлөвлөгөөт ном. ...дугаар сард)

29. Шидэт мухлаг (Төлөвлөгөөт ном. ...дугаар сард)

30. Эмсгүй эрс (Төлөвлөгөөт ном. ... дугаар сард)

31. Сэтгэлзүйн тууриуд

32. Хүлээлт (Төлөвлөгөөт ном. ... дугаар сард)

33. Бэлэг

34. Уншигч

35. Намайг бүү явуулаач 

36. Тал нутгийн тэмдэглэл

37. Кафед өгүүлэх түүх

38. Нэг минутын уран уншлага (япон)

39. Шударга ёсны хордлого

Сүрхий юу? Айлын хүүхдүүд. Сүрхийгээс ч сүрхий айлын хүүхдүүд байна цаана чинь. Би бол хажууд нь жулдрайдна. 

Гэснээс 39 гэдэг тоог хараад ихэд бэлэгшээв. Учир нь япон хэлээр баярлалаа гэдэг англи үгийг "санкюү" гэж хэлдэг. Японжсон англи үг л дээ. Тэгээд би чинь 39 ном уншсан болохоор та бүхэндээ "Тhank you буюу санкюү". 

Миний ингэж олон ном уншихад минь их олон хүний хүч хөдөлмөр ордог тухай өмнө бичиж байсан даа. Та бүхэндээ үнэхээрийн их баярлаж, талархдаг шүү. 2026 онд ч зөндөө ном бэлэглээрэй, зөөж өгөөрэй, шууданч болоорой гэж хүснэм. Ингээд давраад байдаг юм тийм ээ? Хэ хэ. 

Энэ жил япон хэлээр ядаж 5 ном унших зорилттой байлаа. Амжсангүй ээ. Нэг номыг зээлж аваад, цүнхэндээ 2 сар гаран цүнхэлж яваад, сүүлдээ ч амжихгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч, номын санд буцаагаад өгчихлөө. 

Энэ олон хоногийн амралтаараа уншина гээд 2 ч ном зээлчихсэн байдаг. Амжих болов уу? Хэ хэ.

За тэгээд 2026 ондоо ёстой чиг 50 ном уншихыг хичээгээд, эрчим хүчтэйгээр марш...

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2025年1月1日水曜日

Шинэ оны мэнд ээ

Уншигч олондоо шинэ оны мэнд ээ. 

2025 ондоо гялалзуулаад өгнө гэсэн эрч хүчтэй сууна уу? 

Би ч мөн адил. Хэ хэ. Шинэ сурагчтай болно түүнийхээ гэрийн даалгавар, хичээл сургуульд нь дасгах гэдэг томоос том ажилтай. Бусдаар ч тэгээд хэвийн жил болох биз ээ? 

Эндхийн нэг онцлог нь сургуульд нь хүргэж өгөх, авах гэдэггүй тул, ээжид бага зэрэг цаг зав гарах байх. Цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг байсан цагаа уншлагын цаг болгож, энэ жилдээ 50 ном уншина аа гэж бодож байна. 

Япон хэлээр унших номынхоо тоог дор хаяж 5 болгоно оо. Япон хэлээр арай л бага уншиж, дөрөвхөн ном. Зулзагадаа зурагт ном уншиж өгдөг тулдаа ядон хэлийг мартчихалгүй л гэлдэрч байх шиг байна гэхгүй юу. Хи хи. 

Түүнээс өмнө цэцэрлэгээ төгсөнө, төгсөлтийн арга хэмжээ бий. Гэснээс энэ жил манай о.зулзага мөн адил их сургуулиа төгсөнө. 2 ч хүүхэд минь төгсөлтийн арга хэмжээтэй юм байна. 

Томоос том, тэмдэглэлт зүйл мөн биз дээ? Хичээнэ дээ. Хэ хэ. 

Өмнөх онд уншсан номын тооноос бага зэрэг л ахиулав. Бага зэрэг ч гэж дээ, бусад гишүүдийн уншсан номын тоотой ойртуулчихлаа. Хо хо. 

Хэт их тоо хэлбэл эсрэгээрээ ядрана. 12 нь төлөвлөгөөт ном. Бусад нь сонирхлоороо, мөн япон хэлээр унших номнууд. 

Өрөөстэй олон номоо уншина даа, шинээр мэдээж бас олон ном авчруулна. Хи хи.

Бусдаар ч тэгээд нэг их төлөвлөсөн, амласан зүйл алга дөө. Мэдээж ганц нэг мөрөөдсөн зүйл бий. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шиг, хэдийгээр одоогоор мөрөөдөл ч хэт их том бус, бас ч гэж биелүүлээд явах боломжтойгоос нь үзээд л алдана...

Ажил гэр, гэр ажил, хааяадаа дэлгүүр, үе үе номын сан гэж гүйж байтал л нэг мэдсэн шинэ он гарчихсан байдаг болжээ. 

Ханиад зэргийг бол тусах л байх, бага ханиадтай л оноо угтав. Хэ хэ. 

Өө тийм дунд зулзага "дадлага зугаалга"-тай. Зун явна, харин зардлыг нь энэ сард бөөнөөр нь банкнаас татна гэсэн. Овоо хөөрхөн янчаан болж байна лээ. Юмны үнэ өсөөд л байна. 

Мөн о.зулзага төгсөлтийн зугаалгатай гэсэн. Япон орон дотроо аялах юм гэсэн. Гадаад руу аялж магад гэж байсныгаа болив. Ашгүй л гэж бодов, хэ хэ. Учир нь ээж аав зардлыг нь гаргана шүү дээ. 

За энэ онд онцлох хэдэн арга хэмжээгээ бичлээ. Бусад жижиг сажиг тэмдэглэлт өдрүүдээ ч мөн амжилттай давна даа. 

Шинэ онд эрүүл энхийг, аз жаргалыг, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月31日火曜日

2024 онд уншсан номнууд

Энэ жилээс оны сүүлээр хэдэн ном уншсанаа тусад нь жагсааж бичиж байхаар шийдлээ. Номын клубынхан маань мөн адил ямар ямар ном уншсан болох мөн номныхоо тоог гаргаж байхаар болсон. 

Үе үе найз нөхөд зэрэг хүмүүс бас ямар ямар ном уншив? Хэдэн ном уншив? гэж асуухаар нь хэлж байх зорилготой юм.

1. Күсамакүра

2. Миний нэр Улаан

3. Амьтны ертөнц

4. Өдрөөс үлдсэн зүйл

5. Эмэгтэй

6. Бясалгал

7. Япончуудын бүтээсэн боловсрол

8. Модны нууцлаг амьдрал

9. Өөрийнхөөрөө дур тавь 1

10. Өөрийнхөөрөө дур тавь 2

11. Жамиль

12. Хонхон шил

13. Мэдисон нутгийн гүүрнүүд

14. Ясан зүрх

15. Сиддхарта

16. 1984

17. Байр суурь

18. Зүүднээс ч чинагш уй

19. Аварга мод

20. Хайрхаан

21. Оройн ганц мод

22. Их тээлийн даваа

23. Тунгалаг хөх асар

24. Хол биш 

25. Энгийн дадал

26. Кафка аавдаа бичсэн захидал

27. Toxic Parents Эцэг эхийн хөнөөлт авир

28. Мастер Маргарита хоёр

29. Хараацайн зогсолт 1

30. Хараацайн зогсолт 2

31. Наймдугаар сард уулзъя

32. Одоогийнхоосоо арав дахин хурдтайгаар ном унших (Япон)

33. Хүүхдийн шархлахдаа амархан зүрх сэтгэлийг хамгаалах арга (Япон)

34. Happy Money (Япон)

35. Хүүхдийн хүмүүжлийн үглээгээ сольж хэлэх толь бичиг (Япон)

36. Хайрлах урлаг

37. Голын тэртээх гацааны хавар

Япон хэлээр уншсан номнуудаа ч оруулав. Учир нь япон хэлээр уншихаар цаг нэлээд ордог. Гар минь өөрийн эрхгүй эх хэлээрээ бичигдсэн ном руу явдаг. Хүчилж байж япон хэлээр бичигдсэн ном руу гараа, хараагаа, ухаан санаагаа явуулдаг. Хэ хэ. 

Усыг нь ууж байгаагийнх, бас тус хэлээр уншиж хэлнийхээ үгсийн санг баяжуулах, уран зохиолтой нь танилцах зорилготой юм. 

Оройд зулзагадаа уншиж өгдөг хөөрхөн хөөрхөн агуулгатай жижиг зурагт номнуудаа оруулсангүй. Оруулбал замбараагүй их тоо гараад, зарим нэг хүмүүсийн атаархлыг төрүүлчихнэ, ярьшиг зүгээр. Ха ха. 

За тэгээд ирэх ондоо ч мөн адил олон олон ном унших зорилттой. Төлөвлөгөөт номнуудаа уншихаар дор хаяж 12 ном уншина. Чамлалтгүй л тоо. Гэхдээ байна аа, уншдаг хүмүүстэй харьцуулахаар үнэхээрийн чамлалттай тоо шүү. 

Клубын гишүүд байна бзр дөчин хэд, тавин хэд гэчихэв ээ, ном уншсан байна цаана чинь. Бүр атаархчихлаа. Хи хи. 

Гэснээс би нь клубынхаа "аварга уншигч"-аар шалгараад ирэх жилийнхээ төлөвлөгөөт 12 номыг бэлгэнд авч өгнө гэсэн. Ваув биз дээ? Эхний 8 номоо гартаа оруулчихсан байгаа, эдгээр номнуудын оронд уншмаар байгаа 8 номыг минь авч өгнө гэсэн. 

Би хөөрөөд л, одооноос ямар ном унших вэ гэж догдлоод л, шинэ оноо аварга уншигч гэдэг цолтойгоор үдэж байгаадаа туйлын их баяртай байна өө. 

Бага халуураад, орж гарах төлөвлөгөөнүүд нураад, эгч нар жаахан дурамжхан, гал тогоо шанага эргэлдүүлж хөвсгөр болохоос бусдаар ч дажгүй ээ. Байгаа бүх зүйлдээ, оноогдсон бүх зүйлдээ талархаад, ирэх ондоо ч хичээнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月4日水曜日

Далбаа ба ном

Монголоороо амьсгална аа, заримдаа ч. Том жижиггүй. Сүүлийн үед цэцэрлэгт ч бас монгол моодонд орж байх шиг байна. Ганц нэг мэндчилгээний үг, тоо зааж өгөөд, ангийнхандаа. 

Эрхлэгч багш нь асуугаад би ч уухайн тас хэвлээд авч очсон. Саяхнаас зааж өгсөн сурагтай. 

Энэ далбааг ангийнх нь охин зурсан гэсэн. Энэ охинтойгоо том болоод гэрлэх юм гэсэн. Даанч бага сургууль нь өөр өөр. Таарч суух болов уу даа. Хэлж мэдэхгүй л байна шүү. Ха ха. 

Дуртай өнгийг нь асуугаад цэнхэр гэсэн чинь далбааг тойруулж будаж өгсөн гэнэ. Уг охин ч миний хөөрхөн зулзагат талтай шиг байна тийм үү? Хи хи.

Хөөрхөн, чадварлаг зурсан байна уу? Надаас илүү л зурсан байна шүү.

Номын сангаас ийм нэг ном олж ирэв. Монгол зураачийн бүтээл. Үе үе номыг нь танилцуулдаг даа. Шинэ ном гарсан байна. Шинэ ч гэж дээ, дээхэн л гарсан байх. Би олж таарах цаг нь сая л таарлаа. 

Казак үндэстний шонхор сургаж анд сургадаг тухай. Агуулга нь хөөрхөн. Ямар ч байсан монголд нэг ийм үндэстэн байдаг, тэдний аж ахуй, амьдралын тухай мэдэж авлаа, зулзагатайгаа хамт. 

Гэх мэтчилэн эх орноо үр үндэснүүддээ заах гэж, ойлгуулах гэж оролдох л юм. Сүрхий ээж нар шиг эх хэлээр нь яриулж, уншуулж чадахгүй байна л даа. Хичээх л юм, уг нь. 

Гэрээр дүүрэн л монгол үсэг, тоо, ном гээд л хөглөрч байна. Түүнийхээ ашиг тусыг нь эдлэж чадахгүй, зүгээр л нэг хөглөрүүлээд байна даа гэж өөртөө хэлээд л байгаа. Яахав энд тэнд эх орноо сурталчлахад хэрэг болдог л юм. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年6月26日水曜日

Ном бол ертөнцийг харах цонх мөн

Заа, даллагатай 6 сардаа би хэдэн номтой болсон бэ гэхээр? Нийт 22 ном. "Ёстой сэргэлэн хүүхэн шүү" байна уу? Хэ хэ. 

Эдгээрээс 5 ширхэг нь бэлгэнд, үлдсэнийг нь би өөрөө мөнгөөрөө худалдаж авна. Хамгийн талархууштай нь нааш нь үнэгүй аваад ирсэнд. 

Гэхдээ мэдээж, номыг минь хаа байсан далай гатлаад аваад ирсэн хүмүүсээ дайлна, үйлчилнэ л дээ. Хи хи.

Үүнээс 2 нимгэн номоо уншсан. Одоо нэг зээлсэн япон номнуудаа дуусгачихвал дан монгол номоор дагнана гэж бодож байна өө. 

Эхэлсэн нэг номоо дуусгаж амждаггүй ээ. Яагаав өнөөх номыг хурдан уших тухай ном.

Энэ жижигхэн танилцуулга хуудас, эвхээстэй. Дунд сургуульд байхдаа уншсан байвал зохих 30 номны нэрс, бяцхан танилцуулга. Сургуулиас нь үе үе ингэж тараадаг. 

Зулзагууд нэг их тоохгүй, би л харж арааныхаа шүлсийг жаал асгаруулдаг. Ээж нь та нар шиг охин насандаа ийм их олон номтой газар өссөн бол ч гэж дотроо бодно. 

Охид харьцангүй ном сайн уншина л даа. Техник хөгжөөд сатаарах юм нь ихсээд л байна сүүлийн үед. Яалтай, нийгэм нь цаанаасаа шаардаад байгаа зүйлийг тийм ээ? 

Энэ хуудсыг сөхөж хараад миний уншсан нь гурван ширхэг л ном байх шиг байсан шүү. Жавхлан юм даа.

Олуулаа бужигнасан өдрүүд өндөрлөж, миний эморох үе эхэлсэн бөлгөө. Хэ хэ. Номнуудаа уншиж эморно оо. 

Эх орны минь хөөрхөн залуус бас уншдаг байгаасай гэж хүснэм...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月20日木曜日

Даллагатай сар

Нэг дор ийм олон номтой болоод өө. 2 улсын найрамдалт харилцааны нэгэн ээлжит арга хэмжээгээр япон хэл суралцдаг 10 сурагч багштайгаа ирээд. 

Арын ажилд нь өөрийн боломжоороо оролцдог тул, том толгойлоод, багш нь ч уриалгахан нь аргагүй номоо захиад, дайгаарай гэхээр нь уухайн тас зөвшөөрөөд, ийм олон ном авчихлаа. 

Гайгүй байгаа? Хэ хэ.

Хөөрхөн сурагчид гар цүнхэндээ нэг нимгэн, нэг зузаан ном гэж цүнхлээд л нааш ниссэн. Маш их баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэг. 

Та бүхэн ч гэсэн ном сайн уншаарай. 

Ард нь харагдаж буй гэр бол миний үнэнч нөхөр. Эх орноо сурталчихад ихээхэн өндөр үүрэгтэй оролцдог. Бага зулзага энэ гэрэнд их хайртай. Гэр яасан бэ? гэж их асууна. Би ажил дээрээ хадгалдаг юм. Хо хо. 

За тэгээд жижиг номноос нь түүгээд уншиж байна. Мөн бидний ирэх жилд унших номнууд ч багтаастай. 

Гэснээс ирэх хагас сайнд дахин 3 ном наддаан ирнэ. Гоё уу? Атаархмаар уу? Хэ хэ. 

За сонгууль минь аятайхан сайхан, дүрмээрээ, хор хөнөөлгүй болж өнгөрөөд эх сайхан орон минь хөгжлийн замдаа эргэлт буцалтгүй чиглэнэ гэдэг итгэл төгс байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь баярлалаа. 

2023年12月23日土曜日

4 номтой

Ойрын сонин гэвэл монгол яваад ирсэн найздаа 4 ном дайж авчруулах шив дээ. Болоогүй ээ, дээрээс нь монгол бэлэгтэй. Хэ хэ.

Наана нь интерномоос онлайнаар захиалаад, бас л нэг найздаа төвөг удаж мөнгийг нь төлүүлээд. Дараагаар нь би өөрийн данснаас найзынхаа дансанд шилжүүлнэ. 

Гэснээс энэ интерномынхон энэ нэг ядаргаатай төлбөрийн асуудлыг шийдээд өгчихвөл тийм ээ. Хол байгаа би заавал нэг хүн гуйж код уншуулах хэрэг гараад байх юм. 

Түүнээс ч хүргээд өгчихдөг нь амар л даа. Мэдээж хүргэлтийн төлбөр төлнө. Угтаа бас тэдээс дээш төгрөгийн ном худалдаж авбал хүргэлтийн мөнгө үнэгүй гэж байдаг бол тийм ээ? 

За тэгээд найзын минь гэрт номнууд маань хүргэгдэж очно, тэр номыг найз минь наашаа ирэх найзад минь хүргэж өгнө. Хөөрхөн хүү нь хамт аваачиж өгсөн байна лээ. Ээждээ хань болоод сайн хүү шүү. Маш их баярлалаа. 

Мөн найздаа амттай шоколат явуулсан байсан. Бид өдөрт нэгийг идэж байгаа. Хэ хэ. 

Гэх мэтчилэн би нааш нь ном авах гэж их олон хүмүүст төвөг уддаг юм. Найзууд минь зүгээр ээ, хэлж бай гэж намайгаа эрхлүүлнэ. Үргэлж талархаж явдаг шүү. Буян нь түм бумаар үржээд та нарт минь очих болтугай. 
Ийм дөрвөн ном захиалж авлаа. Энэ жил хувийн хөгжлийн ном унших санаатай. Учиргүй хэрэгжүүлээд, хөгжөөд явахгүй байх л даа. Зүгээр байснаас зүлгэж суу  гэгчээр ядаж уншаад мэдээд авах бодолтой. 

Өглөөний гайхамшиг гээд бүлгийнхэн уншаад байдаг номнууд. Дээрээс нь нэг уран зохиолын номтой. Уншиж дуусахаарээ эндээ зураг хөрөг оруулна аа. Сүүлдээ ч ямар ном захиж аваад өрөөд тавьчихсанаа мартчих гээд л байна шүү. Хэ хэ. 

Ямартай ч энэ нэг жилд бол 12 ном уншсан. Сард нэг ном уншиж ярилцдаг номын клубынхаа ачаар. Дунд нь ганц нэг номыг сайн дураараа илүү уншаад, 15 ном бол уншсан байх шүү. 

Жилд 100 гаргаж уншдаг хүмүүийн хаана нь ч хүрэхгүй ч огт уншдаггүй хүний хажууд бас ч гэж чамлалтгүй шүү гэж өөрийгөө урамшуулаад, 2023 оноо үднэ дээ. 

Он дуусахаас өмнө жижиг номнуудаасаа түүж уншина гэж төлөвлөсөн. 

Өөртөө болон та нартаа амжилт хүсье. Түр баяртай.

2023年11月21日火曜日

6 ном ба 10-с дээш зүтгэл

Суугуул нутагт минь монголоос хүн ирнэ гэж найз хэлээд. Би ч ширлэн нүүрлэж номоо дайгаад. 

Эхлээд бэлэн байсан нэг номоо аваачаад өгчихөөр нь бас нэгэн танил минь би хэлээд өгье, номоо нэм нэм гэхээр нь уухайн тас за  гээд нэмээд 5 ном аваачаад өгүүлчихсэн. 

Түүнийгээ гартаа оруулчихсан, үнэн кайфтай сууж байна л даа. 

Хотод цас орчихсон, халтиргаа гулгаа ихтэй, түгжрээ бүр ч гаарч байна гэж уншаад байсан тул гэрийн нь ойролцоо номын дэлгүүртэй, худалдааны төвтэй хүн хайв. 

Тэгсэн ашгүй нэг хамаатных байж таараад. Сансрын түнээлийн интерном дахь салбараас номоо авахууллаа. 

Шууд очоод авчихгүй ээ бас. Тэрүүхэндээ хөөрхөн адал явдалтай. 

Өглөө нь дэлгүүр онгойход нь гүйж очоод номоо авчихаад залгана гэсэн сурагч охин залгадаггүй ээ. Тэгсэн яасан байх нь уу? Гар бөмбөг хөөгөөд явчихсан. Хэ хэ. 

Өөрөө ч хэлээгүй, ээж нь санаа зовоод бичиж байсан. Би ч хүн гуйж байгаа хүн зүгээрээ гэж хэлсэн мөртлөө номондоо санаа зовоод л. Хи хи. 

Санаа зовсны дагуу зарим нэг номнууд нь байгаагүй. Дахин явуулж өөр ном авахуулсан. 

Залгахыг нь хүлээх зуураа цахим хуудсаар нь мэссэж бичээд асууж байгаа юм. Тэр салбарт чинь тийм ийм ном бий юу гээд л. 

Яг ийм тулсан, сандарсан үед яараад буруу сонголт хийх эрсдэлтэй. Тэгэхээр номоо худалдаж аваад бэлэн байлгах л чухал болж таарна. 

12 сард найз явж ирнэ гэсэн. Одооноос эртхэн захиалаад хүргүүлнэ ээ. 

За тэгээд энэ 6 номыг нааш нь авах гэж нийтдээ 10-с дээш шахуу хүний оролцоо шаардсан байна лээ, тоолсон чинь. Хо хо. 

Бэлэн байсан нэг номыг минь хүргэж өгсөн найз, ийм тийм ном байна уу гэдэг асуултанд хариулж өгсөн дэлгүүрийн ажилтан, сонирхолтой ном санал болгосон номын клубынхан минь, номонд гүйж өгсөн охин, мөнгийг нь төлж өгсөн ээж аав 2 нь, хүн ирэх гэж байгаа шүү гэж хэлж өгсөн найз, мөн сүүлд номоо нэмээрэй, би хэлээд өгөмз гэж хэлсэн найз, номны төлбөрийг шилжүүлж өгсөн хань ижил, хотын нэг захаас хотын төв хүртэл хүргэж өгсөн аав минь, энэ хүртэл зөөж авчирсан шинэхэн танил бүсгүй, хамгийн сүүлд би өөрийгөө оролцуулаад гээд тооцохоор 10-с дээш гарчихаад байгаа юм л даа. Хо хо. 

Түгжрээ гайгүй байдаг бол ч гэж их бодно оо. 

Би өмнө нь нэг их тоолгүй гуйдаг байсан. Зун харьж ирчихээд замын хөдөлгөөнд оролцоно гэдэг чинь Улаанбаатар хотод бол асар их энерги шаарддаг, нерв барсан ажил байдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүн чинь одоо хүн гуйхдаа ингэж санаа зовдог болсон.

Бүгдэд нь маш их баярлалаа. Буян нь бум түмээрээ үржиг ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

Жич: Интерномын цахим хуудасны сагсанд 16 ширхэг ном хадгалаастай байна даа. Зарим нь төв салбартаа л зөвхөн байдаг бололтой байсан. Тэгэхээр онлайнаар захиалаад хүргүүлсэн нь амар...

2023年10月20日金曜日

Найзуудын бэлэг

Найзууд өөрсдөө ирэх нь БЭЛЭГ.

Гэр ажил, ажил гэр, хааяа орж гарах гэсэн амьдралын хэв маягт минь богинохон ч гэсэн хөгжөөн, цэнгээн нэмж, дурсамж үлдээх нь бэлэг биз дээ? 

Өнгөрдөг жил ирсэн найзууд, нэлээд хэдэн жилийн өмнө ирсэн найзуудтайгаа уулзаад суухад энд ирж аялснаа, зугаалснаа, идэж ууснаа дурсдаг. Нээрээ тэгсэн билүү? гээд мартчихсан үйл явдлыг ч эргэн сануулаад сайхан байдаг тийм ээ? 

Хааяа ухаалаг утсанд тэр үеийн зураг хөрөг гарч ирээд, хөөх гээд дурсамж сэдэрнэ. Тэдэн онд ирж байсан байх нь гээд цаг хугацааны хурдныг гайхна. 

Юу захих вэ? гэж асууна. Захих юм байхгүй дээ гэж хэлсэн ч номоо захьчихсан л сууна. Хэ хэ. 

Мэдээж номноос өөр гого гого бэлэгтэй ирдэг. Ааруул, ээзгийнээс эхлээд л амттай бэлэгтэй ирсэн. 

Буу халж суунгаа идээд л, хэвээд л, уугаад л...

Зээ, энэ удаад ширэн нүүрлээд л захьсан номнууд минь. Тэгж байгаад л уншина даа. Өнөөх мөнгөний тухай номоо дуусгаж амжаагүй. 

Одооноос идэвхитэй уншина аа. Сайхан сэрүү ороод, сэтгэлд таатай улирал үргэлжилж байна. Гэхдээ бас орж гарах нь нэмэгдээд л... 

Ингэхэд 2хон сарын дараагаар шинэ он гарлаа, журмын олон нөхөд минь. Дүгнээд хэлэхэд олон ном уншжээ. Олон ч шинэ танилтай боллоо. Зарим нэгтэй нь зун уулзсан. 

Номын клуб маань ч их хөдөлгөөнд орж, идэвхижиж байна. Дан бүсгүйчүүд л уншаад, ярилцаад явж байна. Эрчүүд минь хаана явна вэ? Тусдаа уншаад, тусдаа клубтэй байх тийм ээ? Хо хо. 

Эдгээр номнуудыг ч номын клубынхны бүсгүйчүүд бид уншихаар төлөвлөсөн. Ганц нэгийг нь сонирхож уншихаар захиж авчруулсан. 

Гэснээс авч ирж амжаагүй ганц нэг ном үлдчихсэн. Наашаа ирэхээр хүн байвал хэлээрэй, ном дайна шүү. Хи хи. 

Энэ хүмүүс ямар их уншдаг юм бэ? Ихэнх номыг уншчихсан байх юм. Хажуугаар нь англи, япон, орос, герман хэлээр уншчихсан байх юм. Би уншаад байгаа хэрнээ л гүйцэхгүй юм. 

                             


Эдгээр номнуудыг бас ихэнх нь уншчихсан гэсэн. Би ганцыг нь ч уншаагүй явж байдаг. 

За бэлгэнд ном авах нь миний хувьд хамгийн тансаг бэлэг болоод удаж байна өө. Баярлалаа найзууд аа. Үлдсэн номоо тэгж байгаад авна шүү. Ккк. 

Энэ удаагийн найзуудын минь айлчлал ч мөн адил дурсамж болон мөнхөрнө. Хэдэн жилийн дараагаар зурагнуудаа хараад хөвсгөр байсныгаа, залуухан байсныгаа харж баясцгаах байх даа, тийм үү?

Би өөрөө бэлэг өгч гавихгүй ээ. Ямартай ч сайхан дайлаад цайлаад, шинэ соргог юм юу байна, түүнийгээ үзүүлэхийг хичээнэ. Чаддагаар нь аяга угаагчаа нэхэж бэлэглэнэ. 

Сүүлийн үед харин манайхан кофе уудаг болсон тул аятайхан кофе бэлэглэдэг болсон. 

Дараа таалагдсан зүйлсээсээ захиарай гэж хэлдэг дээ. Боломж нь бүрдвэл өгөөд явуулахыг хичээдэг. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年9月14日木曜日

Номоо чирсээр л

Номоо чирсээр л. Хэ хэ. 

Гэхдээ байна аа, Интерном, Азхур гээд л номын дэлгүүрээр тухтайхан, таатайхан хэснэ гэсэн мөрөөдөл тээсээр л эх орондоо буусан. Амжаагүй ээ. Өнөөх л түгжрэлээс айгаад, бас төрөлх хот минь миний багадаа өссөн, дурсамжинд үлдсэн тэр л хотоос минь тэс өмнөө болчихсон угтсан. 

Хаана яваад байгаагаа мэдэхээргүй, тэгж л их өөрчлөгдсөн байсан даа. Хуучнаар тэнд явж байна гэхээр нь л өө тийм үү, гэж хавь орчноо гайхна. 

Энэ удаад шинэ хуучин нийлсэн овоо хэдэн номтой ирсэн. Найзууддаа эрхэлж захьсан ганц нэг ном, өөрөө худалдаж авсан 2 ном, ганц нэг хуучны ном. 

Харри Поттер 1,2 байсан. Би хураасан хайрцагнаасаа олж ирсэн юм. Тэгсэн хэвлэлийн алдаа гэх юм уу? Цавуу энэ тэр нь сонин байсан. Хальт уншаад эндээ хаячихна гэж бодож байгаа. Эвийг нь олоод уншихыг хичээнэ ээ. 

Эхнээс нь уншаад эхэлсэн. Бидний журмын нөхдийн 9 сард унших номонд нэг нь яваа юм. Ямар ном гэдэг нь удахгүй тодрох байх. Сонирхолтой санагдсан. 

Би хальт Емартын Хан-Уулын салбараар дайраад гарсан, тухтай саатаагүй, асуусан хэдэн номны минь 2 нь байсан. Бусдыг нь гандан буурахгүй, найзууддаа захиад л амжсан. Хэ хэ. 

Баярлалаа, та бүхэндээ. Буян нь түм бумаар нэмэгдэг. 

Сэрүү орох гээд л дуншаад байна, хаа нэгтээ ном шагайхад аятайхан улирал дөхөж л байна. Би ч гэхдээ улирал харгалзахгүй уншихыг хичээнэ ээ. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь ажмилт. Уншдаг үндэстэн болцгооё. сонгууль ч дөхлөө. Ккк.

2023年9月6日水曜日

Ном бас дахин ном

Хань ижлээсээ түрүүлж ирчихээд, хайрцагтай номнуудаа ухсан. Аавтайгаа нийлээд л. Үнэн кайфтай байсан. Би бүр наранд түлэгдсэн байсан. Хэ хэ. 

Сонин сонин ном ч харагдсан. Дурсгалтай, дурсамжтай ном ч байсан. 

Хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгасан. Лениний боть байсан. Аав таньдаг ном зардаг найздаа аваачиж өгнө гэх шиг болсон. 

Ээжийн ажил мэргэжилтэй холбоотой ном ч байсан. Ээж өөрөө учрыг нь олно гэсэн. Би ч өөрийн гэсэн хайрцгаа бага зэрэг цөөлсөн. 

Дээхний номны зарим нэгийг сөхөж харахад үсэг нь их бүдэг байсан. Элэгдээд тийм болчихов уу? Эсвэл би тийм бүдэг гаргацтай ном уншаад байв уу? Санадаггүй ээ. 

Ганц нэг дүүдээ миний авч явах номнууд гээд үзүүлсэн чинь "юу вэ, арай юу? гэсэн. Хи хи. 

Нэгэнт энд авч ирж чадахгүйгээс хойш буцаагаад л хайрцаглав. Аав гэхдээ өөртөө ойр байлгаад, завтай үедээ ганц нэгийг нь уншина гэсэн. Би ч хүнд алдчихав аа гэж үглэж үглэж ирсэн. Ха ха. 

Номны хулгайг хулгайд тооцдоггүй гээд нэг үг байдаг даа. Би өөрөө харин "голруулчихвал ч голруучихна шүү". Ха ха. 

Гэснээс номын дэлгүүр хэснэ гэж мөрөөдөж байсан тааллаар болоогүй ээ. Дараа даагаа нэхнэ дээ. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年6月9日金曜日

20 хүртлээ уншсан байх

Сүүлийн үед заавал уншсан байх ёстой номын жагсаалт их гарсан даа. Уншаад байгаа хэрнээ л ганц нэгхэнийг нь л уншсан байдаг юм. Хүмүүс яаж амьдраад байна аа гэдэг шиг, энэ хүмүүс яаж уншаад байна аа?

1. Jonathan Livingston Seagull. Richard Bach

2. The Little Prince. Saint-Exupery.

3. Толгодын дээрх үүл. Шиба Рёотароо.

4. As A Man Thinketh. James Allen. (ジェームズ・アレン:「原因」と「結果」の法則)

5. Totto-chan's Children. Kuroyanagi Tetsuko (黒柳徹子:窓ぎわのトットちゃん)

6. マザー・テレサ: 愛のことば.

7. Алхимич. Пауло Коэльо.

8. 住井すゑ:橋のない川.

9.宮沢賢治:銀河鉄道の夜.

10. Sherlock Holmes. Canon Doyle.

11. 梨木香歩: 西の魔女が死んだ.

12. 日本戦没学生記念会編:きけ わだつみのこえ.

За энэ Хонда Кений санал болгосон номнууд шүү. Уншсан нь ганцхан. Хэ хэ. Зөндөөг л зөвлөмөөр байвч үлдсэнийг нь цахим хуудаснаа танилцуулав гэж бичсэн байна лээ. Би орж үзэж амжсангүй ээ...

Дараагийн номнууд бусад томчуудын санал болгосон номнууд. 

1. 「ユダヤ人大富豪の教え」本田健

2. Баян аав ядуу аав. 

3.  「人を動かす」デール・カーネギー

4. 「思考は現実化する」ナポレオン・ヒル

5. Алхимич.

  「道は開ける」デール・カーネギー

6. 「竜馬がゆく」司馬遼太郎

7. 「ソース」マイク・マクマナス (Sourse гэдэг ном.)

8. 「きっと、よくなる!」本田健

  「情熱思考」是久昌信

   「ザ・シークレット」ロンダ・バーン(Нууц)

Залхуураад англи нэрийг нь оруулсангүй. Цаг их авах юм. Өөрийнх нь бичсэн хоёр ч ном байна. Эдгээрээс уншсан нь 2. "Алхимич", "Нууц". 

Нууц номыг маш эрт уншиж байсан юм. Одоо ч мартаж дээ. Ямартай ч бодол бодлоо дагадаг гэсэн утгатай байсан санаад байна. Талархах, баярлалаа гэж хэлж байх, өөдрөг байх, хүний сайн сайхныг олж харах гэх мэт санаа агуулсан шиг санаад байна. 

За ингээн нэгэн мөлжүүр сайтай номыг ёстой жинхэнэ дуусгалаа. 10 хэдтэй дүү нар минь орж ирж уншвал заавал хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Хэзээ нэгэн цагт үр ашгаа өгөх болтугай. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年3月17日金曜日

2023 оны эхний 8

Шинэ он гарсаар монголд худалдаж авсан эхний 8 ном. Энэ удаад "Интерном" номын дэлгүүрээс өөрөө онлайнаар захиалав. Нэг гэм нь гадаадаас авахад баркод гээчийг нь уншуулж болохгүй дүүгээ гуйв. 

Дараа нь дүүгийнхээ дансанд ээжээрээ мөнгийг нь шилжүүлж хийв. Гээд ер нь л гадаадаас бид ном худалдаж авах гэж бөөн хүн, хүч зарах юм өө. 

Тэр болгонд минь цааргалалгүй хөдөлж өгдөг бүх хүмүүстээ баярлалаа. Үргэлж л баярладаг шүү. Буянаа нэм, буянаа нэм. 

Ямартай ч наашаа ирэх хүмүүсийг эрж хайж, араас нь хөөцөлдөж явсаар 8 ширхэг номоо гартаа оруулаад авсан шүү дээ. Сэргэлээн хүүхэн шүү. Хи хи. 

Хамгийн сүүлд орчуулагдаж гарсан шинэхэн ном болох "Өчигдөр" номыг хүртэл гартаа оруулчихсан гэж байгаа. Айхтар хүүхэн шүү. Хэ хэ. 

Энэ удаагийн номнуудаас 6 ширхэг нь эрүүл мэндтэй холбоотой. "Өлөн байх нь хамгийн хүчтэй эм" гэдэг номны монгол орчуулга болох "Мацаг" номыг хүртэл авчихлаа. Ойлгохгүй байсан хэсгээ монголоор нь уншина даа. 

Мөн уншина даа гээд худалдаад авчихсан цусны эргэлтийн тухай нэг япон номыг барьж авалгүй явсаар монгол орчуулгыг нь авчихлаа. Бараг мөн байсан байхаа, өөр ч ном байж магад. 

Бас бясалгалын номны япон эх хувийг нь ололгүй монголоос захьчихлаа. 

Яваандаа бясалгал сонирхож эхлэе гэж бодоод байгаа юм.  

Ядаргаатай их ном захиад байгаагаа мэдээд байгаа шүү. Миний өмнөөс битгий бухимдаарай, мөн битгий атаархаарай, харин үлгэр жишээ аваарай. Жилд 400 ном уншдаг хүний хажууд бол ногооноороо шүү. Хи хи. 

Интерномын онлайн худалдааны сагсандаа бас нэлээд хэдэн ном хадгалчихсан байсан. Ха ха. Орчуулгын номыг нь аминдаа хасаад байгаа, эндээс япон хэлээр олоод уншчих санаатай. Хэлтэй байх чинь бас их зүгээр юм. Ооё...

За уншаад явахаараа зураг хөрөг оруулаад явна аа. 

Бүгдэд нь хайр, амжилт хүсье, түр баяртай.

Жич: Монгол чёко, Ялгууны бэлэгтэй болсон. Чёкогоо охиндоо төрсөн өдрийн бэлэг гээд өгчихсөн. Ялгууныхаа бэлгийг задлаагүй байгаа, яг юу болохыг нь мэдсэнгүй...

2023年1月24日火曜日

Сүүлийн 7

Өнгөрдөг жил худалдаж авсан номнуудыхаа сүүлийн 7-г эндээ аваад ирсэн шүү. Аваад ирсэн ч гэж дээ, шавьдаа төвөг удаад өө. Монгол харьчихаад ирсэн юм. Аваад ирээрэй гэсэн за л гэсэн. Баярлалаа. 

Зураг хараад ойлгомжтой тийм үү? Ийм номнууд худалдаж авсан. Дүү маань "Ген" гэдэг ном өгнө гэсэн чинь амжихгүй болчихоод оронд нь нэг номны нэр хэлээрэй гэхээр нь зохиолч Болор-Эрдэнийн "Үлгэр дуустал хайрлана" гэдгийг захьсан. 

Гэснээс миний "Гүйж яваа эмэгтэй" номыг маань зээлж авсан хүүхдүүд дундаа дамжуулж уншаад, олдохоо байсөөн. Хо хо. Ийм болохоор л би хүнд номоо зээлэх дургүй байдаг...

Энэ жилийн хямдралаар бас баахан ном авна даа. Мөнгөө цуглуулж байгаа тэнд. Хэ хэ. Хямдрал чинь бас зүгээр, олон ном авчихдаг. Гол нь нааш нь авчрах л хэцүү. 

Гандан буурахгүй амьтан хүнд дайна өө, яадаг юм. Мэдээж зүгээр дайхгүй шүү дээ. Эргээд тусалчих гээд л, бас хөөрхөн бэлэг өгчих гээд л үзнэ. 

За тэр ч яахав, би энэ олон номоо бүгдийг нь гялс уншмаар байна аа. Бурхан минь надад цаг зав хайрла. Бурхан биш ээ, гэрийнхэн минь ээ ээждээ цаг зав хайрла. Хэ хэ. 

2023 оныг та бүхэн минь ч гэсэн "УНШИХ" жил болгоорой. Өөрт таалагдсан, уншмаар санагдсан номноосоо л эхэл. Яван чангарна шүү дээ. 

Үглэхээсээ өмнө ингээд бичлэгээ дуусгая. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年1月23日月曜日

Шунал хөдөлгөдөг подкаст

Шунал хөдөлгөдөг нэг хүнтэй гэсэн дээ. Тэр маань подкаст хийгээд эхэлсээн. Сэдэв нь ч номтой холбоотой. Тэгэхээр чинь шунал хөдөлнө биз дээ. Линкийг нь орууллаа шүү. Сонсоорой.


Одоогоор 3 дугаар орсон хэдий ч зөндөө олон ном унших юмсан гэж санагдаад, нетээр баахан ном хайгаад, номын сангийн номоо гаргаж ирж "үнэрлээд" гээд хэсэг гайгүй байсан өвчинг маань сэдрээчихлээ. Яах уу? Хэ хэ.  

Хойшид ч зөндөө олон гоё зохиолчтой ярилцах байх. Тэсэн ядан хүлээнэ. Ютүб дээрээ оруулсан бичлэгийг нь цаг тухайд нь тэр дор нь мэдэгдэнэ үү гээд зүрх ч билүү? хонх ч билүү дарчихсан. 

Бараг эзэн нь өөрөө нүүрном, инстаграмдаа оруулж амжаагүй байхад нь сонсчихоод байх шиг байна лээ шүү. Хэ хэ. 

Сонсох хамгийн том шалтгаан гэвэл тухайн ном яаж бүтсэн, зохиолч нь сэдвээ хаанаас олсон, зохиолч өөрөө ямар хүн байна, цаашид ямар бүтээл туурвих гэж байгаа тухай, өөр бусад зохиолч, зохиол, номны тухай гээд олон зүйлийг нэг дор олж мэддэг тул.

Яагаад л ингээд ном ном гээд байдаг юм гэх хүн байх. Зүгээр шүү дээ. Өмнө нь бичсэн "Унших чадвар" номонд ер нь номыг амьдралынхаа нэг хэсэг болгоод, ойролцоогоор 4 жилийн хугацаанд 100 ном уншиж байх гэсэн байсан. 

Мөн миний бичсэнийг уншаад хүмүүс бас номонд дуртай болж би өөрөө хүний шунал хөдөлгөдөг хүн болох ч юм билүү? Ерөөл бат оршиг.
 
Мөн хэтийн зорилго нь зулзагуудаа номонд дуртай болгох. Ээж нь үргэлж ном ярьдаг, Ээнээ шиг ном цүнхэлж явдаг, номын сан дагуулж явдаг, номын дэлгүүр дагуулж явдаг, номын тухай сонсдог бол хүүхдүүд ч өөрийн мэдэлгүй дуурайх байх. Үлгэр жишээ авах байх. Тийм үү? 

За подкастныхаа тухай бичилгүй баахан оршил биччихсэн байна. Миний нэг онцлог тийм ээ? Уншигчид маань ч мэдэж байгаа дөө. Хи хи. 

Энэ удаагийн зочноор эртний блогчин, тухайн үедээ идэвхитэн бичигч байсан Эрхэмбаяр гэгч бүсгүй оролцсон байна. Блогийг нь орж уншдаг байсан болохоор цаанаа л нэг танил дотно санагдав. "Сүүтэй уулын савдаг" номыг авч уншина аа, энэ жилийн номны худалдаандаа оруулна аа. 

Шунал хөдөлгөгч бол угаасаа ойлгомжтой. Орчуулагч Болортуяа. Нүүрном, инстаграмд танихгүй хүн цөөн байх аа, одоо. Сүүлийн үед орчуулсан бүтээлээрээ олноо танигдаж буй бүсгүй.

Орчуулсан бүтээл нь гэвэл "Том дэвтэр, Нотолгоо, Гурав дахь худал, Бичиг үсэггүй хүн", "Амраг" гэх зохиолуудыг орчуулсан. Бас л өвөрмөц зохиолчийн бүтээлийг сонгож бидэнд хүргэсэн. 

Би дахин нэг гаргаж ирж уншина аа. Тухайн үедээ "пээх ямар аймар зохиол вэ? Хүүхдэд уншуулмааргүй зохиол байх чинь вэ?" гэж бодож байсан. Одооны өндөрлөгөөс уншихад өөр сэтгэгдэл төрөх нь гарцаагүй. Хэ хэ. 

За та нар өөрсдөө энэ подкастыг сонссон нь зүйтэй тийм үү? 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2023年1月15日日曜日

Бага багаар нааш нь

2022 онд би чинь номын олз арвинтай байсан шүү дээ. Энэ жил ч бас хямдралаар таарвал зөндөө зөндөө ном худалдаж авахыг хичээнэ ээ. 

Номнуудаа наашаа авахад гүн туслалцаа үзүүлсэн бүх сайхан хүмүүстээ баярлалаа. Үргэлж талархнам...

12 сард ирсэн номнууд. Шинэхэн танилууддаа ширэн нүүрлээд л захьсан. Хаа очиж сайхан уриалгахан бүсгүйчүүд таарсан. 

Хэд хоног гар нийлж хамт ажилласан. Би 20-д жилийн өмнө анхны ажлын гараагаа эхэлж байсан сэдэв. Тэртээх олон жилийн өмнөх дурсамж сэдрээд сайхан байсан. 

Хамгийн сайхан нь номнуудаа авсандаа их баяртайгаар хуучин оноо үдсэн. Хэ хэ. Одоо тэр хамгийн дээр нь байгаа хүрэн зузаавтар номыг уншаад дуусах дөхөж байгаа. 

Багадаа уншиж байсан ч мартсан байна лээ. Дэлгэрэнгүй бичнэ ээ. Мөн энэ номыг энэ сард бидний хэдэн номны хорхойтнууд ярилцана. 

За энэ жилийн "Азхур"-ын хямдралаар надад үйлчилж өгөх найз нөхөд байвал хэлээрэй, хэ хэ. Би нь номныхоо мөнгийг тэр болтол цуглуулаад, хуримтлуулаад сууж байна шөө. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2022年11月21日月曜日

Ногоон хавтаст ном

Ойрд Аюур ахын номноос уншсангүй. Унших тохироо бүрдэв. Нэгэн номын клубт давхиад орчихсон. Чаддаг байгаа гэж айна үе үе. Ямартай ч эхний уулзалтанд нь орсон. Номын хорхойтой олон бүсгүйчүүдтэй танилцсан. 

Эрчүүд ховор. Тэд хаа явна аа? Хэ хэ.

Азхурын хямдралаас ном авахдаа авсан. Хямдарсан байгаасай гэж хүссэн. Хямдраагүй байсан. 

Энэ сард уншиж ярилцах ном тул, хямдраагүй байсан ч худалдаж авсан. Хэ хэ. Түүнээс ч за за гээд хойшлуулж магад л байсан байх. 

Харин азаар яг манай нутагт монголоос нэгэн бүсгүй ирж таараад. Түүнийг нь эртний танил нэгэн эгч "Ном авмаар байгаа юм уу? Эгч нь хэлж өгөх үү? Одоо явах хүнд?" гэж захиа ирүүлээд. 

Би уярч хайлсан. Клубынхээ унших ёстой гэсэн 2 номыг нэг жижиг номын хамт дайсан. 

Сэтгэл гарган холбож өгсөн эртний танил эгчдээ ганц шоколат буцахад нь дайна даа, талархсан сэтгэлийн минь илэрхийлэл. Өөр юугаар илэрхийлэхээ мэдэхгүй л байна. 

Номоо уншаад эхэлсэн, 50 дахь хуудсан дээр явж байна. Уншина гээд гаргаж ирснийгээ түр хойш нь тавив. Уншиж байсан "Дуугай" номоо дуусгасан. Төгсгөл хэсэг нь сонирхолтой санагдсан. Дараа чадвал, амжвал тусад нь бичихийг хичээнэ ээ. 

Бас хоёр ном энд японд ирчихсэн яваа. Дараа уулзахаараа авахаар тохиролцсон. Бас японд ном зарж байсан нэгэн бүсгүйгээс 7 ном худалдаад авчихлаа. Ёх, ядаргаатай их ном авч байна уу? 

Та нар миний өмнөөс ядарч байна уу? Харин энэ жил яагаад ч юм, маш их ном худалдаад авчихлаа, уучлаарай. Хэ хэ. Би өөрөө ч санаа зовоод байна. Хи хи. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月12日土曜日

Азхурын хямдрал

Энэ хямдрал ёстой сэтгэл ханамжтай байсан шүү. Шунал бол ёстой нэг хөдөлсөн шүү. Миний захиалгыг гүйцэтгэж өгсөн дүү минь хүртэл шунал нь хөдөлсөн гэсэн шүү. Хэ хэ. Сонирхол нэг дүүтэй байх сайхан шүү. 

Уг нь товлосон хэдэн номоо л захина гэж байснаа 15,16 ном болчихсон байсан. 

Дүүгийн сэтгэл хөөрөөд бас ийм зураг явуулсан. Би энд дагаж хөөрсөн. Дахин нэммээр санагдсан ч шуналаа дарсан. 

Дүү шууд л оруулаад өгчихмөөр байдаг, одоо шууданд хийчих үү? гэж миний сэтгэлийг хөөргөөд. Алс холын газарт байгаа хоёр Азхурын хямдралаас хамгийн их баяссан хоёр нь байх шүү бидэн хоёр. Ккк.

Ингээд ор дүүрэн ном аваад дэлгүүрээс гарах ямар мэдрэмж төрдөг бол? Үгээр илэрхийлж чадамгүй, үзгээр бичиж барамгүй сэтгэгдэл төрдөг байх тийм үү? Би ч тор дүүрэн ном номын сангаас л зээлдэг болохоор. Буцаагаад өгөх учраас сэтгэл тэгж их догдолдоггүй. 

Зулзагууд бол догдолдог. Харих замдаа машинд номоо уншиж загнуулдаг. Нүдээ хайрла, гамна гээд үглэнэ. Хэ хэ. 

Энэ зурганд ороогүй ганц нэг ном бий. Дууссан, маргааш нь ирнэ гээд, захиалга өгсөн гэсэн. Дээхний ганц нэг ном захиалсан. Дахин уншмаар санагдаад. Ганц нэг номыг нь заавал унших даалгавартай...

Аавдаа хэлсэн чинь "Цаг төрийн үймээн", "Харуул Алтай" гээд уг нь манайд байсан л номнууд даа, чиний баглаад орхисон хайрцганд бий дээ? гэсэн. 

Нэг харихаараа хайрцгаа уудалж аавдаа номнуудыг нь гаргаж өгнө өө. Өөрөө ч тансаг номнуудаа гаргаж уншина аа. Түр хүлээгээрэй аав минь. 

72%, 30%, 10% гэж хямдарсан байсан. Ганц нэг сонирхсон номнууд хямдраагүй. Ирэх жилийн хямдралыг хүлээнэ ээ. 

Их гоё арга олсон. Одоо энэ олон номнуудаа бага багаар уншиж байгаад, дараагийн 72%-ийг хүлээх. Хо хо. Угаасаа номнууд минь уван цуван нааш ирсээр байтал ирэх жилийн хямдралтай золгох байх тийм үү? Тэр болтол би ч мөнгөө сайн цуглуулна.

Гэснээс нааш нь номнуудаа авах гэж дүүдээ, нааш нь авчрах хүмүүст нэлээд төвөг удаж байгаа. Уучлаарай...

Дүү болохоор "зүгээр шүү дээ, таныхаа дуртай юмыг аваад, явуулах гэж байхад, өөдөөс төвөг удлаа энэ тэр гээд байх юм" гэсэн. Хи хи. Маш их баярлалаа. 

Энэ сар 5 ширхэг ном эзэндээ ирнэ. 2 хүнд хувааж дайгаад. 12 сард дахин хэдийг нь нааш нь япон луу авах санаатай. Ганц нэг хүн ирж очих сураг гарсан. Гоё байна уу? 

Гэснээс энэ тухай нүүрномдоо оруулсан чинь урьдны танил нэг эгч "2 ч хүн явна, би хэлж өгөх үү? Нэг нь энэ сар, нэг нь 12 сард", "Асуусан чинь аваад явъя гэж байна" гэж захидал бичээд. Би энд уярч хайлаад, сүйд. Ёстой их баярласан шүү. 

Албагүй ч, хаяанд ирээд явсан байж чимээгүй ирээд явчихдаг хүмүүс байдаг, жаахан гомддог. Алба биш дээ? гээд л нэг сайхан гүнзгий амьсгаа аваад уужирдаг даа. Та нар буруугүй шүү, би л өөрөө буруутай. 

Ижий аав, элгэн нутгаасаа хол, удаан суухаар иймэрхүү жаахан эмзэг дэлбээ болчих гээд байдаг юм байна шүү. Ойлгоорой. Бүгдэд нь баярлаж явдаг шүү. 

Эх нугтаа санасан сэтгэлээ номоор тайлдаг шиг байна лээ шүү, гадаадад суугаа бид чинь. 

За бүгдэд нь маш их баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү. Бүгдийг нь үнсье. Бүх зүйлд талархдаг шүү. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年10月29日土曜日

Хайрхаан...

За байз? Энэ гурван номыг хэзээ монголоос авчихлаа? Нэг найз маань бэлэглэсэн юм. Түүнийг нь би энд жаахан зайтай ирэх хүнд дайсан юм. Зун юм байна. 6 сар хавьцаа. 

Өөр дээрээ авсан нь 7 сард. Одоогоор нэгийг нь л уншсан юм байна. Одоо уншиж буй номоо дуусгаад ямар ном унших вэ? гээд, хаа байсан монгол дахь номын худалдааны хямдрал руу өлөв долов хийгээд байсан хүн энэ зургаа хараад, унших ном зөндөөг өрөөд тавьчихсанаа санав. Хэ хэ.

Гурвуулаа хөөрхөн жижигдүү учир энд тэнд уншихад ч зүгээр. Тэнгэрийн цагийг уншчихсан шүү. Дараа нь тусад нь зураг хөрөгтэй нь оруулна аа. 

За тэгээд намайгаа эрхлүүлж ном өгдөг найзууддаа баярлалаа. Дахин дахин захиж эрхлэнэ шүү. Болгоогоорой. 

Гэснээс "Азхур" номын дэлгүүрээс зарласан хямдралаас баахан ном авахуулчихсан. Дүүгээ явуулаад. Дүү минь "бүр догдолчихлоо, одоо л шууданд хийчихмээр байна шүү" гэсэн. Хэ хэ. 

Тэдгээр номоо бага багаар нааш нь амьтан хүнд дайж авна даа. Болгоогоорой. Хайртай шүү. Үнсэе...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.