ラベル Том зулзага の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Том зулзага の投稿を表示しています。 すべての投稿を表示

2025年4月19日土曜日

Их сургуулийн төгсөлт

О.зулзага их сургуулиа төгсөв. 3 сарын сүүлээр болсон л доо. Бичих гэсээр байтал өдий хүрэв. 

Төгсөлт дээр нь бид гэрээрээ очив. Зураг даруулах гэж. 4 жил очиж эргээгүй, алсаас л харьцаад явсан. Мэдээж о.зулзага гэртээ хэд хэд харьж ирсэн л дээ. Ерөнхийдөө биеэ даагаад, дажгүй суралцаад, амжилттай төгсөв. 

Сургалтын төлбөрөө нэхнэ. Бусдаар бол харьцангуй гайгүй. Манайхаар бол боловсролын сангийн зээл авсан бид. Үүнийгээ ажиллаад эхлэхээрээ төлнө. Бага багаар. 

Гол нь хүүгүй тул тун дажгүй. Ижий аав нь боломж гарвал бага сагыг төлөхийг хичээнэ ээ. Одооноос ганц мянган иен ч болтугай хадгалахыг зорино оо. 

Дүү нарт нь бас зоос хадгалах хэрэгтэй байдаг. Юмны үнэ асар хурдацтайгаар өсөж байдаг, цалин өсдөггүй...

Яалтай билээ? Жавхлан юм даа. Бүсээ чангалах хэрэгтэй би болон бид...

Тэгсэн зулзага минь үргэлжлүүлээд суралцана. Дахин 2 жил төлбөр төлнө. Тэтгэлэг хөөцөлдөх юм гэсэн. Өөрөө ч бас хажуугаар нь ажиллана. Нэг газар тэнцсэн гэсэн. 

Амжилт хүсье ээ. 

За тэгээд энд төгсөлт, элсэлт, шилжилт хөдөлгөөн гээд л цэцэгсээр л их гоёх юм. Өгч авалцах юм. Би ч бас авсан, гоёмсог цэцгийн баглаа. Дараа зураг хөрөг оруулна аа. 

Энэ 3, 4 сард манай гэр бүлийн гишүүд бүгд л дор бүрнээ завгүй байна. Ээж хамгийн завгүй нь. Өөрийн ажлаас гадна гэрийн ажил, хоол унд, хувцас хунар. Хүүхдүүдийн холбогдолтой янз бүрийн арга хэмжээ.

Бүгдэд нь менежер хийнэ. Хааяадаа их ядарна. Кофе ууж сэргэнэ. За тэгээд хамгийн гол нь эрүүл саруул л байцгаавал гэж боддог нас ирж. Насны намар гадаа...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年1月8日水曜日

Монгол хоол

О.зулзага харьж ирснээр бид хэд монгол хоолоор голцуу "занималдав". 

Галт тэрэг нь бугатай мөргөлдөж бариад 1 цаг гаран хоцорсон. Энэ гэхдээ дамжиж суусан галт тэрэг нь. 

Бүр цаанаас сурч буй хотоосоо суух гэсэн чинь шинкансэн буюу суман галт тэрэг нь 20 минут хоцорсон. Нэг сайхан нь наашаа ирэхийн тулд дамжиж суух буухиа галт тэрэг нь хүлээж байсан гэсэн. 

Аргагүй л манай япон гэж бодсон. Хэ хэ. Ганц манай зулзага биш л дээ. Өөр хүмүүс ч байсан мэдээж.

Маргааш нь бид хуушуур хийж идэв. Тэндээ хааяадаа бууз хуушуур хийж иддэг гэсэн л дээ. Гэрийн амт чухал тийм ээ? 

Гэснээс гэрт минь байсан гоньдыг ихэнхийг минь аваад явчихсан. Ойрд монголоос ирэх хүнд гоньд захина даа. Мэдэж байгаарай, манайхаан.

Шарсан хавирга. Саримс хамт шарсан. Өнгөрдөг жил монгол явахдаа дүү бүсгүйгийн хийж дайлсан хоолноос шарсан саримс л хачин гоё амттай байж билээ. Түүнийгээ бодон бодон шарж, идэв. Мэдээж хачин сайхан амттай байлаа. 

Хмас баяраар бас шарс идсэн. Гадуур хооллохгүйгээр, бэлэн тахианы мах авч идэлгүйгээр өөрсдөө хийж идэж байхаар шийдээд өө.

Төмсөнд дуртай, байнга идэхгүй ээ. Хааяадаа бол жаргаж хүртэж байна.

Битүү шөл. Охид дуртай. Бага зулзага харин гурилыг нь идчихээд махыг нь илэхгүй байсан. Хань ижил махыг нь ихдүүлчихээд байдаг юм угаасаа.

Гурил бага ордог тул үлдсэн гурилаа жигнэж тавиад маргааш нь цуйван сэгсэрсэн. О. зулзага нэг удаа цуйван сэгсэрсэн чинь нялцгай болчихсон гэсэн. 

За тэгээд амралт дууссан бид чинь будаа ногоогоо л эргэлдүүлнэ дээ. Хэ хэ. Цагаан ногоон сар болтол монгол хоол хийхгүй байх. Биш ээ, хийх юм байна, нэг уулзалтан дээр бууз хийж очно гээд ам өчиг өгчихсөн гэсэн хань ижил. 

Намайг дагуулж явах юм гэсэн. Тэгэхээр чинь би одоо улсынхаа нэр нүүрийг бодоод гараа гаргаж л буузаа хийх байх.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月30日月曜日

Санта өвөөгийн бэлэг

Уламжлалт бичвэр шүү. Зулзагууд томрохоор нь уншиж байх санаатай. Би та нарт бэлэг өгдөг байсан шүү, мартчихав аа гэж "дарамтлах"-ын тулд. Ха ха. 

Томроод эд чинь надаас төрөөгүй юм шиг аашлах юм, заримдаа ч... Хэг ёг, хэдэр ядар гээд буруу хөл дээрээ босчихов уу? гэлтэй өдөр байна, энд нэг охинд. Хүүхэд томрох ч лүд юм даа гэж...

За тэгээд уужим сайхан сэтгэлтэй Санта өвөө жил бүр л ирж бэлэг өгдөгт баярлах юм дөө. Эгч нь энд дүүгийнхээ тархийг угааж байна шүү, овоо хэд хоногийн өмнөөс. 

-Санта өвөө бол их сайхан уужим сэтгэлтэй, өрөвч зөөлөн хүн тул энэ жил ч манайд ирнэ гэсэн.

-Марио тоглоом захина аа би, та юу захих вэ?

Аав ээж сонсоод л жуумалзаж суув. Алсуураа бид хоёрыг сонсож буйг мэдээд, албаар тэгж хэлж байгаа юм. Одооны энэ хүүхдүүдийн санаа гэж "собак". Ха ха. 

О.зулзагатаа ч яахав төлбөрийг нь шилжүүлэнгээ өөртөө зориулаарай гээд жаахан янчаан илүү өгсөн. Баярлалаа л гэж байна лээ. 

Хэлтэй амтай, цоглог, сэргэлэн дунд зулзага болохоор мөнгө хэрэгтэй гэсэн. Түрүү жилийнхээс мянган иен ахиу өгөхийг хичээгээрэй, Санта минь гэсэн. Хо хо. 

Ирэх жилээр сурагч болох зулзагатаа үзэгний сав захиалаад, боож бэлдэв. Нэг их тоохгүй байна лээ. Ха ха. 

Эрэгтэй хүүхэд ч амар юм дөө. Санта ирнэ, жигнэмэг, байхуу цай бэлдэх үү гэж асуухгүй. Ер нь л жаахан "төмс" талдаа. Ээжид бол үнэхээрийн амар байлаа. Түүнээс ч охидыг аргалах, жүжиглэх гэж бас л хэрэндээ хичээж, энерги зарцуулдаг байж...

Ирэх 4 сард сургуульд орох жаалхүүд хичээлийх нь хэрэгслээс бага багаар иймэрхүү бэлгийн журмаар бүрдүүлж өгнө дөө. 

Сургуулийнсурагчдаа бэлэг бүхний дээд бэлэн мөнгө өгөв. Дүүг нь унтсан хойно мөнгөө өөрөө боочих гэсэн чинь мань хүн талыг нь авч түрийвчиндээ хийгээдл үлдсэнийг нь боосон байсан. 

Учир нь бэлэгнийхээ талыг нь үрнэ, талыг нь хадгална. 

Нэг иймэрхүү жил жилийн бэлэг бэлдэх ажил амжилттай л байх юм. Хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа, талархлаа. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年11月12日火曜日

Хоккаидо нутгийн бэлэг

Хань ижил компаниараа аялалаар яваад өө. Ихээ хол нутаг руу аялсан болохоор ирж очихдоо тус бүр нэг нэг өдөр. Яг тухайн газраа өнжсөн нь нэг л өдөр. Угтаа онгоцоор нисээд байгаа ч...

Хоккаидо мужийн Саппоро хот ороод ирсэн. Сэтгэгдэл өндөр ирсэн. Шинэхэн танилтай болсон.

Зөндөө л зураг өгөөд байсан. Би өөрөө яваагүй болохоор эндээ бичихгүй ээ. Хи хи. 

Яахав гэрийнхэндээ авчирсэн бэлэгнийх нь зургийг орууллаа. Амаа олохгүй идсэн хүн байна даа.

Дажгүй амттай юм билээ. Надад бол нялуун талдаа. Бага зулзага идэхгүй байсан. Ажиглаад байсан, бага зулзага хэт нялуундуу зүйлд дургүй талдаа, мөн идэж дадаагүй, анх удаагаа идэх гэж буй зүйлдээ нэлээд "хойрго" ханддаг юм билээ. 

Их зүгээр талдаа тийм үү? Аль болох амттан идэхгүй л байвал сайн...

Зээ, дунд зулзага бол амттай юм байвал юу ч хамаагүй идчих гээд, би түүнд нь санаа зовоод. Аль болох гэртээ амттан байлгахгүй санаатай хичээж л байна. Заримдаа бүр нэхээд байна, биед муу гэхээр нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихаад байна. 

Энэ тал дээр ээж би алдаа гаргасан бололтой. Яг хаана, хэдийд алдчихав гээд л тогойгоо гашилгана үе үе.

Явсан газрынхаа ийм наалтыг цуглуулна. Овоо ихсээд, зарим нэг хүмүүсийн нүд эрээлжлээд байна гэсэн. Ха ха.

Гадаад улсынх ховор л доо. Япон дотроо л хаа нэгтээ гарах юм даа. 

Хоккаидо мужийн нутаг дэвсгэрийн хэлбэр. Хотуудынх нь нэрс ханзаараа бичээстэй. 

Ямар ч билээ? Баавгайгаараа алдартай юм байх. Тэр хүрэн баавгай нь загасчилж буй дүрстэй наалт. Нэрний ханз нь "Хойд далайн зам" гэдэг утгатай. Цаг агаарын хувьд эх оронтой минь их төстэй гэж тэнд ажиллаж амьдардаг монголчууд ярьдаг. 

Мөн хүн тус бүрд бэлэгтэй ирсэн. Хамгийн үнэтэй нь о.зулзагынх нь гэх шиг болсон. Үнийг нь сонсоод би ухаан алдах шахсан. Ха ха. Удахгүй нэг илгээмж явуулахдаа дотор нь хийнэ дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年4月23日土曜日

Хичээлийн шинэ жил

Хичээлийн шинэ жил эхлээд бараг нэг сар. Зулзагууд бүгд л анги дэвшив. 

О.зулзага бүр 2 дугаар курс болчихлоо шүү дээ таминь минь. Юу бодогдож байна? 

Бүх хичээлүүд дээрээ А гарсан. Урамшуулаад мотортой? дугуй авахад минь нэмэр хандив үзүүлээрэй гэсэн. Яасан үнэтэй юм, хямдаас нь сонгоорой бла бла гэж байгаад л шилжүүлсэн. Хо хо. 

Дараахан нь энэ жилд хэрэглэх нийт сурах бичгийн мөнгө гэж нэхсэн. Пөөх бас л үнэтэй байна шүү бла бла. Сурах бичиг авахад харамлаад байгаа юм уу? гэж байна шүү. 

Би ч мөчөөгөө өгөлгүй, харамлаагүй, ээж хүнийхээ төрөлх зангаар л үнэтэй юм аа гэчихлээ...

Өнөөх маань бууж өгөөд, хичээгээрэй ижий минь гэсэн. Ха ха. 

Төрсөн өдөр  нь болж, бас зүгээр байсангүй нэхсэн мөнгөн дээр нь нэмж жаахныг хамт шилжүүлэв.

За тэгээд бусдаар ч нэг их холбоо ирэхгүй дээ, таг чиг. Хаа нэгтээ хичээл ихтэй гэсэн шүү юм хэлчихээд л. 

Гэхдээ үе үе зураг өгнө өө. Зугаалсан зураг голцуу. Эндхийн оюутнууд бас их атаархмаар юм. Цагийн ажил хийж олсон мөнгөө яг л өөртөө зарцуулаад, зугаалж бариад байх юм. 

Сэнпай нар нь "уруу татаж" их явдаг бололтой. Хэ хэ. 

Өөрийнхөө оюутан ахуй цаг үетэй үе үе харьцуулна. Үнэн тансаг байна, эдний үе. Хэ хэ. Өөрийгөө хачин их өрөвдөнө. Ядуу оюутан байж. Цагийн ажил гэж байдаггүй байж. 

Ээж аавдаа төвөг удчихгүй санаатай л үзэж тардаг байж. 3,4 дүгээр хорооллын эцсээс МУИС хүртэл алхдаг байж. Бичлээс нэг найз минь бууж ирээд, Өргөө дээр нийлж авна, хааяа 1000 бараа дээр нийлж байгаад л алхана шүү дээ.

Замдаа жижиглэн худалдаанаас жижигхэн алим аваад л. Унааныхаа хэмнэсэн мөнгөөр шүү дээ. Гамбир, 100-н печень аминд орно. Усаа авч явна. Үнэн хэмнэлттэй байж. Ккк.

Курс нэлээд ахиж байж хаа нэгтээ хуушуурддаг, ШУТИС-ын гуанзанд ордог болсон шүү дээ. 

МУИС-ын 1 давхарт сүүлд нэг пирошкины газар нээгдээд, их өл залгуулсан даа хөөрхий. Гэснээс пирошки хийж идэх юмсан гэж бас л олон жил бодож байна. Хэ хэ. 

Юу вэ? Дурсамж хичээл гэдэг шиг л юм бичиж. 

Түр баяртай, бүгдэд нь үе үе дурсамжаа сэдрээсэн шигээ амжилттай байхыг хүсье.

2022年4月11日月曜日

Бэлэг

Эртний явдал өө. 3 сарынх. 

Хоёр дүүдээ эгч нь бэлэг шуудандсан тухай. Бага зулзага юугаа мэдэхэв, ээж өмнөөс нь бэлгийг нь захиалсан. Цэцэрлэгт нь хэрэгтэй гэсэн зүйлийг нь захиад, ганц витамин хийчихээрэй л гэлээ. 

За хамгийн их догдолж, хүлээсэн хүн нь дунд зулзага. Нэлээд хэд хоногийн өмнөөс эгч нь юу захих уу? гэж асуугаад. Өнөөх нь хэд хоног бодолд оров. Байсхийгээд л асууна, ээж ээ би юу хүсэх вэ?

Нэг удаа эгчтэйгээ ярьж байснаа "ээжээс асуусан чинь" гээд л дуулдав. Цаанаас нь эгч "ээж юу гэх нь хамаагүй ээ, чи өөрийн хүсэж байгаа юм аа л хэл" гэсэн. Бодоод л байсан, бодоод л байсан. Хэ хэ. 

Тэгж тэгж бэлэг нь ирэв. Том хайрцагтай. Онгойлгохоор ийм зүрхнүүдтэй. Дунд зулзага хөөрөөд л ухаад байсан. хэ хэ. 

Захиа занааг нь уншаад, бэлэгнүүдээ нэг нэгээр нь гаргаж ирээд. Энэ зурган дээрхийг бас өгсөн. Би дор нь хөшгин дээрээ өлгөсөн. Бас үлэг гүрвэлтэй байсныг нь бага зулзага өгдөггүй ээ. 

Өөрөө барьж тоглох юм байх. Амттан нэг ч байгаагүй. Ганц витамин байсан. Хоёуланд нь нэг нэг ном байсан. Их л сүрхий бодож, хэрэгтэй гэж авсан гэсэн. Одоо тэрийг нь ээж хамтдаа унших, ойлгуулах. Чадах байгаа?

Зулзагуудаа баяр хөөр болохыг харах л жаргал болж байна дөө, Нас ч явж байна дөө. 

Гэснээс о.зулзагын төрсөн өдөр энэ сар тохионо. хэд хүрч байна гэж бодож байна даа. Сонсвол ч намайгаа шууд эмээ болгох байх аа. Залуухан эмээ нь байна өө. Хи хи. 

Гэснээс талбай дээрх жагсаал сэтгэл хөдөлгөсөн шүү. Эх орны минь ирээдүй гэрэлтэй, гэгээтэй...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月14日月曜日

Охидын эргэн тойронд

Охид том болох сайхан. Дагаад ааштай болох нь ч сайхан. Хэ хэ.

Дунд зулзага хийсэн. Голоод л байсан. Амт нь дажгүй. Бэлэн гурил зуурч хайрсан болохоор өөрөө бие дааж амтлаад гэсэн хэцүү зүйл байхгүй. Нэг бодлын амар. 

Нэг бодлын бэлэн зэлэн зүйлс чинь хүнийг их муу занд сургадаг тийм ээ. Япончууд нэг хоол хийх гэж грамм энэ тэр гээд сүйд болдог нь хааяа залхмаар.


О.зулзага өвөл харьж ирэхдээ дүү нараа эрхлүүлж ийм зайрмаг авч өгсөн. Томчууд хамт эрхэлсэн. Одоо дүү нарынхаа төрсөн өдрийн бэлгийг шуудандана гэсэн. Ирээгүй л байна. Дунд зулзага их л догдолж, хүлээн ядан сууна. Энэ долоо хоногт ирэх байгаа.


Зулзагууддаа авч өгдөг юм, хааяадаа. Бага нь исгэлэн гээд идэхгүй юм. Багадаа идээд л байдаг байсан. Хэт чихэртэй хүнс нь ихэдсэн байх, ойрд. Гэхдээ бялуу нэг их идэхгүй байгаад нь дотроо баяртай байгаа. 

Чихэрлэг зүйлсээс аль болох холуур л явбал тийм ээ? 

Гүзээлзгэнэ түүж иддэг газар очих гэж яриад л. Аавын ажлыг харна даа. Бас тэр нь захиалга өгч очдог гэсэн. Ойрын хэд хоногтоо азнах санаатай, ко гуай чинь их ойрхон яваад байгаа. 

Нэг иймэрхүү, бүр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年12月25日土曜日

Сантагийн бэлэг

Уламжлалт бичлэг шүү. Ам мөчид бэлэг минь ирж, очиж авч бэлдэв. Гэртээ байгаа хоёр минь бэлгээ задлаад, хөөр баяр дүүрэн л байна, түүнийг нь хараад санта эмээ, санта өвөө хоёр ч малийгаастай л байна. 

Аз жаргал юм даа, өөр юу ч хүсэхэв дээ тийм ээ? гэж эморно. Хи хи. 

Дунд зулзага пс тоглоом, segway гээч юм гэж хэлж үзсэн. Ээж шууд л өө бүтэхгүй, санта тийм бэлэг өгдөггүй юм гэж хэлсэн. 

Эгчид нь хэлсэн чинь тэр мэдээж, ном нь л дээр, ядаж уншаад тархи нь хөгжинө гэсэн. Ер нь манайд о.зулзагын үг бас л хүчтэй нөлөөлнө шүү дээ. 

Дээрх зүйлийг дандаа л япон айлд, найзындаа очихдоо харсан үзсэн байдаг. Айлууд албатай юм шиг авч өгчихөөд, хичээлээ хийхгүй байна, цаг нараа баримтлахгүй байна, бла бла гээд л үглэх юм билээ. 

Манайд бас тиймэрхүү явган хэрүүл гарцаагүй гарч л таараа гэж бодоод, би ч шууд үгүй үгүй гээд хэлчихдэг. 

Нэг ээж хэлсэн. "Аль болох оройтож авч өгсөн нь дээр". Үнэн үнэн. 

Гэхдээ бас нэг гаргалгаа байна. Юу вэ? гэвэл эрэгтэй хүүхэдтэй айлууд дээрх зүйлсийг яаж ийгээд л аваад тавьчихсан байдаг юм билээ. 

Эрэгтэй хүүхдийн анхаарал тэр бүр аар саархан тоглоомонд сатаараад байдаггүй болохоор ээж аавууд хүүхдээ сатааруулах гэж тэр болов уу? 

Бас эрэгтэй хүүхдээ техник энэ тэрд мэдлэгтэй байг гэж боддог юм болов уу? Тэгээд л их эртнээс, багад нь аваад өгчихдөг шиг. 

Сайн мэдэхгүй л байна. Бага зулзага одоогоор жаахан, ээж л хажууд нь үзэгдэж харагдаж байвал юугаар ч хамаагүй тоглож байна. Ном уншдаг болгочих юмсан гэж бодож сууна. 

Мөн зурдаг, дуулдаг, ганц нэг хөгжим дарчихдаг болгочихвол ч. Ингээд бичсэн чинь бүгдийг л чаддаг супер дупер л болгочих санаатай энэ ээж. Хэ хэ. 

За юу бичиж явлаа? Аан тийм бэлэг. 

О.зулзагат хувцасны даавуун шкаф. Дунд зулзагат Харри Поттерын 3 ном. Зөндөө л Х.П харагддаг юм. Тэгсэн бас л дутуу гэнэ шүү. Бага зулзагат хувцас. Авч өгнө дөө гэж бодож байсан гарцаагүй хэрэгтэй гэсэн зүйлээ л санта өгсөн болгочихлоо. 

Тэртэй тэргүй томроод өөрөө мэдэн хүсдэг болох учир. Одоохондоо бол данга. Ккк. 

Бас нэг бодсон зүйл хүүхдүүдээ хэт их айл хэсүүлэх дэмий юм. Сонин сонин юм харж ирчихээд, манайд бас байдаг бол гэж боддог шиг. Корона гээд ашгүй айл хэсэхгүй байгаа ч гэсэн, сургууль дээрээ бас л мэдээлэл солилцоод байна аа. 

Нэг онцлог нь ганц ч амттан өгөөгүй. Бэлгэнд нь бэлдээгүй гэсэн үг. Бага зулзага модтой чихэр гэж л байсан. Зургийн дугуйлангийн багшийн өгсөн бэлгэнд элдэв амттан байсан тул би бэлдсэнгүй. 

Энэ япончууд бас л хүүхдүүдэд элдэв амттан их өгөх юм аа. Би ч заримдаа битгий өгөө гээд хэлчихмээр санагддаг. 

Бялуу чинь амттан биз дээ? Бялуу идсэн тул тэгээд  хавааск.

За та нар минь ямар бэлэг бэлдэж өгөв дөө? Үр зулзагуудад нь таалагдсан гэж найднам.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年12月23日木曜日

Санта эмээ

За 25 болох гэж байна шүү дээ таминь ээ? Санта эмээ өвөө нар бэлгээ бэлдэж амжсан уу? 

Би яахав, дунд зулзагынхаа захианы дагуу хүссэн зүйлийг нь ам мөчид л захиаллаа. Одоогоор шуудангаа хүлээгээд л сууж байна. 

Ядаж байхад сантад явуулах захиагаа их орой бичнэ ээ. Би тэрийг нь шууданд хийх гэж бас удна. Хэ хэ. 

Шууданд хийнэ гэж авч гарна л даа. Мэдээж юу гээд л учир зүггүй шууданд хийхэв дээ? 

Зулзагатаа болохоор хамгийн үнэтэй буухиа шуудангаар явуулсан шүү, эртхэн өгөхөд яадаг юм? Тэгээд ч цагийг нь тулгаж өгөхөөр амжих эсэх нь мэдэгдэхгүй биз дээ? гэж үглэнэ. Яаж дуугай байхав. 

Ажил дээрээ ирээд л ажлын хүүхнүүдтэйгээ хамт захиаг нь задлана. Учир нь хэдэн жилийн өмнөх захиаг нь уншчихаад манай ажлынхан өхөөрдөөд. Өгүүлбэрийн бүтэц, найруулга ийм жаахан гэхэд ёстой мундаг байна гэж шагширцгаагаад. 

Тэрнээс хойш уламжлал шахуу болчихсон. Жил бүр захиаг нь тэсэн ядан хүлээдэг хүн ч байна. 

Яахав томроод нэг их урт захиа бичихээ байсан л даа. 

Энэ жилийн захиагаа англиар бичсэн. Интернетээс нэг нэг өгүүлбэр бүрээр нь шалгаж байгаад л бичээд байх шиг байсан. 

Ээж бас л үглэхээ шахсан. "Ийм үг мэддэггүй юм уу? Тийм ч үг мэддэггүй юм уу?" Гэхдээ хэлээ хазаад, дотроо "англиар бичих гэж оролдож байна гэдэг чинь өөрөө маш том дэвшилт. Ээж гуай та хэт яараад байна, хүүхэд бүр өөр шүү." гэж хэлээстэй...

Маргааш нь дунд зулзага асууж байна аа.

-Айл бүр өөр өөрөөр сантатай холбогдох юм аа, тийм ээ ээж ээ?

-Яасан, миний зулзага аа.

-Ангийн охин болохоор гацуур модон дээрээ захиагаа тавьчихдаг гэнэ ээ. Тэгээд санта ирж авдаг гэнэ. 

-Хүүе, ямар сонин юм? Хоёр ажил болгоод. Санта чинь дэлхийн бүх хүүхдүүдэд бэлэг бэлдэх гэж завгүй байхад нь захиагаа авахуулах гэж нэг ирүүлнэ. Дараа нь бэлгнээ өгүүлэх гэж нэг ирүүлнэ. 

Ээж нь тэгж хоёр ажил болгож сантад төвөг удахыг хүсэхгүй байна. Тийм үү?

-Нээрээ тийм ч юм уу? Та миний захиаг шууданд хийж амжсан биз дээ? 

-Амжсаан амжсан. Өдрийн цайны цагаараа явуулсан. Эртхэн бичсэн бол хамтдаа шуудан орохгүй юу, амралтын өдрөөр...

Нэг ийм харилцан яриа болсон. Ээж бол үнэн үнэмшилтэй жүжиглэж байгаа биз дээ? 

Хамтдаа шуудан орохгүй юу гэчихэжээ. Яг хамтдаа шуудан орвол юу болох бол? Шуудангийн ажилчид "Канад улс дахь миний Сантад" гэж хаягласан захиаг нь авахгүй л дээ...

Уг нь сантагийн бэлгийг ээж аав нь бэлддэг гэж мэдэхээр насан дээрээ ирсэн ч, мэдэхгүй царайлаад байна. Заримдаа ч үнэхээр санта байдаг гэдэгт үнэмшчихсэн мэт яриад байна. 

Ээж дотроо бас бодоостой. "Хэн нь илүү үнэмшилтэй жүжиглэж, хэн нь илүү урт хугацаанд жүжиглэх нь үү гэдгээ үзнэ ээ, хоёулаа..." Ккккк.

Бага зулзага одоогоор крисмас гэж хэлж сурч байна. Санта ирнэ ээ гэчихнэ ээ бас. Хэ хэ. 

Бага зулзагын өмнөөс ээж нь хүснэ. 

О.зулзага нэлээд дээр "ээж ээ, энэ жил над дээр санта ирэхгүй биз?" гэж асууснаа авмаар байгаа зүйлийнхээ зургийг явуулчихаж ээ. Ха ха. 

Аавд нь хэлсэн чинь за санта нь очьё оо л гэсэн. Энэ аавууд наанаа ээжид худлаа арай л их мөнгө үрээд байгаа юм биш биз? энэ тэр гэж үглэснээ цагаа тулахаар нэг их сайхан сэтгэлт аав болчих юм аа.

Ээж болохоор нэг их гэнэн цайлган хүн, аавын санааг зулзагуудад нь ойлгуулчих санаатай үглээд, яншиад, ад болох жишээний...

За тэгээд захиалж бэлдэх гэх мэт ажлыг хөөрхий муу санта эмээ л гүйцэтгэх юм даа. О.зулзагат амазоноос хүссэн юмыг нь захиалж явуулсан. 

Өнөөдөр цайныхаа цагаар гарч бага зулзагынхаа захиасыг биелүүлнэ. 

Өөрөө өөртөө амжилт. Мөн уншигч олон санта эмээ өвөө нарт ч амжилт шүү. Түр баяртай.

2021年11月28日日曜日

О.зулзага хийсэн хоол

О.зулзагынхаа ирүүлсэн хоолны зургийг оруулах гээд л. Ганцаараа үзээд яахав тийм ээ? Хэ хэ. 

Татсан мах өгч явуулсан гэсэн дээ, нэлээд дээр. Түүгээр л хийсэн гэх шиг болсон. Бяслагт дуртай хүн шүү дээ. 

Гратан гэх үү? Катакана үсгээр бичдэг, яг юу гэдэг хоол юм бүү мэд. Монголоор шүү дээ. Бяслагтай болохоор дуртай байсан би. Сүүлийн үед идэхгүй байгаа. О.зулзага бас дуртай. 

Энэ их сургуулийнх нь гуанзных юм болов уу? Осака их сургуулийн гуанзны хоолыг гүйцэхгүй юм байна гэж байсан байх шүү. Хэ хэ. 

Ахлах сургуульд байхдаа Осака их сургуулийг очиж үзэж байсан юм. Цагийн сайханд би бас хооллож байсан. Киото, Токүшима, Осака гээд л их сургуулийн гуанзны хоолноос идэж л явлаа. Хо хо. 

Илчлэг энэ тэр нь талон дээр нь бичээстэй байдаг. Бас л сүрхий шүү. Эхний өдөр маш өндөр илчлэгтэй хоол захиалж байсан улс чинь маргаашнаас нь эрс өөрчлөгдөнө шүү дээ. 

Хүүхнүүд л болсон хойно, тарга тэвээргэндээ анхаарал тавьж буй нь тэр. Ккк.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年11月15日月曜日

О.зулзага хийсэн хоол

О.зулзага маань нам тайван дөө. Үе үе хийж идсэн хоолныхоо зургийг ээждээ өгнө. Өлсөөгүй шүү, хоолоо сайн хийж идэж байгаа шүү гэсэн санаагаа илэрхийлж өгч байгаа юм. 

Дээр өгч явуулсан татсан махаар иймэрхүү хоол хийж идээд байгаа сурагтай. Гэснээс би дээр үед хийж идэж байсан шүү дээ. Хань ижил нэг их таалаагүй. Дахиж хийгээгүй. Таалаагүй хоолыг нь дахин хийж мийхгүй шүү дээ. 

Иймэрхүү япон маркийн хоол хийхдээ сайн цаадах чинь. Ээжээс илүү. Энэ зургийг явуулснаа "өө би будаагаа агшаагаагүй байна шдээ" гэж авсан. 

Бас нэг зураг энд оруулсан байсан чинь устгаад хаячихлаа. Хуруу хальтрав. Ингээд өндөрлөхөөс. Дараа хэд хэдэн зургийг нь сонирхуулна аа. Миний о.зулзага хоол цайнд сайн бэр болох байх шүү. 

Том залуутай ээж аав байвал эртхэн хэлээрэй. Гэхдээ нэлээд чанга хатуу талдаа шүү. Эртхэн хэлчихье. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ. 

2021年6月29日火曜日

Тоглоомын талбай

Охидын минь ой тоонд их гүн сэтгэгдэл үлдээсэн нэг тоглоомын талбай байдаг. Жилдээ нэг удаа очиж тоглодог.  

О.зулзага бага ангид байхдаа нэлээд чанга багшаар төгөлдөр хуур заалгадаг байлаа. Гэрт нь очиж. Дараагаар нь бид ойролцоох тоглоомын талбайд нь тоглодог байсан юм.

Энэ шинээр баригдсан крант. Энд ихэнх ийм тоглоомын талбайд ийм кран байдаг. Дээрээ болох хажуудаа цорготой. Дээд талд нь байгаа цоргоос ус уух зориулалттай байх гэж таагаад байгаа. Яг таг сайн мэдэхгүй. 

Хажуугийн цоргоор нь усаа гоожуулж гар хөлөө хальт зайлах зориулалттай. Учир нь элсээр тоглоод, гар хөл нь шавар шавхай болох нь их шүү дээ.

Энэ тоглоом харин өөрчлөгдөөгүй. Эгчийгээ хүлээнгээ дунд зулзагатайгаа дээгүүр нь өнгө нэрлэж алхдаг байсан. Энэ удаад бага зулзагаа бас тэгж алхуулсан. 

Эгчтэй нь алхуулаад, ээж өөрөө наана нь зураг авч энэ тэр. Угтаа өөрөө л алхвал дасгал хөдөлгөөн болох юм шүү дээ. Ярих, хийх нь зөрчихөөд байх юм. Төр засагтайгаа өнгө ижил. Хэ хэ. 

Яаж ийгээд л улс төржүүлэх гээд байдаг болоо шүү. Алдаагаа засна аа. Хи и.

Цаана харагдаж байгаа тоглоом шинээр баригдсан. Урд нь том гулсуур байсан юм. Модон өндөр шаттай, нэлээд урт, хөөрхөн сүүдрэвчтэй. Гүйж харайх зориулалттай тоглоом болжээ. 

Бага насны хүүхүүд бол тоглохооргүй юм билээ. Дунд зулзага гэрийнхээ гадаах тоглоомын талбайг голоод байгаа. Гулсууртай тоглоом нь шинэчлэгдсэн юм. Тэгсэн чинь жааан маамаа нарт зориулсан, бидэнд тоглох тоглоом алга гэсэн.

Тэр жаахан маамаад зориулсан нь ч яг одоо бага зулзагын насны маамаа нарт ялимгүй ахдахаар санагдаад. Гэхдээ л голон голон тоглож л байна. Өдөр бүр хол аваачиж тоглуулж амжихгүй улс чинь. 

Голсон юм голд орж, шилсэн юм шил давах гэдэг билүү?  Хо хо. 

Зулзагууд тойрсон дурсамж их юм дөө. Энэ зурагнаасаа о.зулзагадаа явуулсан чинь "ямар гоё бэ? ямар хөөрхөн юм бэ? гэсэн. Гэрээ санаж байгаа болов уу?...

За бүгдэд нь амжилт хүсээд, түр баяртай. Цахим наадам үзэхгүй шүү. Та нар ч битгий үзээрэй...

2021年6月16日水曜日

Ойрын сонин

Япон дахь ээжүүдийн хоёр ч бүлэгт гишүүн гэж явдаг. Сүүлийн хэд  хоног нэлээд ширүүн хэлэлцүүлэг яваад байсан. Би ч чимээгүй ажиглаад л уншиж суулаа. 

Заримдаа ганц нэг зүйлээс дутах минь гэж бодсоных. Хэ хэ. Сонгуулиийн тухай элдэв зүйл уншиж, энд тэнд сэтгэгдэл бичиж идэвхи царайлсан тул...

Тэгсэн Япон дахь монгол эмэгтэйчүүд гэдэг бүлэг шинээр нээгдээд. Намайгаа нэг нь марталгүй урьжээ. Цөөхөн хоногт их л олон эмэгтэйчүүд яваад орж. Танилцуулгуудыг нь уншаад л шууд өөрийгөө голж энэ тэр. Ха ха. 

Өөрийгөө танилцуулах гэсэн бичих зүйл олддоггүй. Ном унших дуртай гэж л бичлээ. Дэлгэрэнгүй танилцуулаад, бас хөөрхий муу блогоо танилцуулах гэсэн ичээд. Дээрээс нь ганц нэг хүнийг муулаад биччихсэн тул, олоод уншчихна гэж санаа зовоод. Ха ха. Нэг бол олж уншаад, бүр намайгаа үзэн яддаг болсон ч байж магад...

За тэгээд их идэвхитэй, сүрхий, ажилсаг бүсгүйчүүд эх орныхоо нэрийг өндөрт өргөөд явж байгаагаар нь бахархаж суулаа. 

Мөн ойрын хэд хоног клаабхаус гээч зүйлийг ухаалаг утсандаа татаж суулгав. Учир нь шинэ бүлгийн санаачлагаар сонирхолтой ярианууд явагдах байсан тул. Одоогоор 2 яриа сонссон. Дажгүй. Гол нь хэрэгжүүлж өөрийн болгох нь тулгамдаж буй том асуудал.

Энэ клаабхаус чинь яг хэрэгтэйгээ л олж сонсоод бушуухан шг гараад явахгүй бол бас л ажлын садаа шг санагдсан. Хань ижил одоогоор болсон болоогүй өрөөнд? орж сонсоод, эртээд бүр хэрэлдэж сонсогдсон. Шинэхэн дээрээ бас над шиг ээ. Яваандаа сонирхол нь буураад, залхах байгаа...

О зулзагадаа мах явууллаа. Хань ижил түрүүчийн сар, ангийн олз омог ихтэй байсан тул. Мах авах уу? гэсэн чинь авмаар л байна, ойрд дандаа тахианы мах идээд гэсэн. Хөөрхий минь. Хэ хэ. 

Банш энэ тэрээ хийж идэхэд нь амар гэж бодоод татаж байгаад л явууллаа шүү дээ. Ганц хүнд арай их ч юм уу? гээд асуусан чинь ихдэхгүй гэнэ ээ. Тэнд нэг хүн их л махсаж байгаа бололтой. 

Орой бүр чавга угааж, хатааж, цэвэрлэж, архи ундаа үйлдвэрлээд ядарч байна өө. Ха ха. Тэгж байгаад нэг бичлэг орууламз.

Аан тийм, энд халаад эхэлчихсэн, урсаж байна дөө. Зуныг яажшуухан давдаг юм билээ гэж шантарч эхлэв. Ядаж байхад энэ амны хаалт үнэн төвөгтэй байна аа тийм ээ? 

Суугуул нутгаар бороо хур ихтэй байна. Барын чих цэцэг гоёмсог дээрээ байна. Нэг цэцгийн хүрээлэнд очиж зураг дарах гээд амжихгүй л явна. Дунд зулзага хажууханд нь байдаг тоглоомын талбайд очиж тогломоор байна гэж гуйгаастай. 

Өөр чинь юу билээ? Эх оронд минь хэцүү л байх шиг тийм ээ? Оройд ижий аавтайгаа ярьж хамаагүй гадуур гараагүй биз? Амьтан хүн цуглуулаагүй биз? гэж асуудаг ажилтай. Учир нь зан сайтай айлд хүн их цугладаг шиг, ижий аав хоёрыг минь зориод очдог ах дүүс олонтой. 

Хол суугаа надад энэ нь заримдаа сайхан, заримдаа төвөгтэй санагддаг. Учир нь охин нь ядаж дэргэд нь байгаад гал тогоог нь барьж өгвөл олуулаа бужигнаад сайхан. Даанч хол болохоор, гэрийн дуусдаггүй 60 чавганцын ажлаас нь ижийгээ харамлаад, ядарчихлаа гэж...

Гэр хороололд, усаа зөөж аяга тавгаа угаадаг тул бүр л ажиллагаа ихтэй. Залуу хүмүүс бол түүртэхгүй л дээ. Гол нь настай хүмүүст жаахан тиймхэн...

За бороотой өдрийн сэтгэл доторхоо уудлахад нэг иймэрхүү. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年6月1日火曜日

О.зулзагаар сонин хачин?

Том зулзагаа оюутан зулзага гэж бичиж эхэлсэн шүү. Товчлоод о.зулзага. Хи хи. 

Нэг их завгүй хүн байгаа. Уншиж цээжлэх зүйл ихтэй. 

Өөрөө хийж идсэн кекс. Хөрш эмээ явахад нь ийм хэв өгсөн юм. Түүнийг нь ашиглаж хийсэн гээд зураг өгсөн. Би үүнийг хөрш эмээдээ явуулаад. Хөрш эмээ минь уяраад. Ккк.

-Миний зулзагын франц хэл сайна уу? Bonjour.

-Ижий миннь ээ? Охины чинь үндсэн хичээл шаал өөр гэдгийг мэдэж айгаа биз дээ? Наад франц хэл чинь миний үндсэн сурах ёстой зүйлийн чигчий хуруунд ч хүрэхгүй өчүүхэн нэг хэсэг нь.

Нэг ийм харилцан яриа болсон. Зузаан сурах бичгээ харуулсан. Хүний биеийн анатоми бүтцийг цээжлэх. Нээрээ л зөвхөн эмэгтэйчүүдийн төрөх салбар нь гэхэд аймар зузаан ном байдаг байсныг харж байсан болохоор, нээрээ л тийм дээ гэж дотроо охиноо өрөвдлөө. 

Яахав өөрийн сонгосон мэргэжил тул хичээх л үлдэж дээ тийм ээ? 

Зун дадлага хийхэд нь хэрэгтэй гээд халаад захьсан нь ирж гэнэ. Мөн цоо шин айпод худалдаж авсан шүү дээ. Хэллүү? 

Энэ бүгдийн төлбөрийг хэн төлөхөв? Мэдээж ээж. Худлаа худлаа, хань ижлийн цалин хөлснөөс төлнө. Ээж түүнийг нь банкны шимтгэлийн хажуугаар нууцаар бас өөртөө шимтгэл авангаа шилжүүлнэ. Ха ха. 

Өөртөө авсан шимтгэл нь гэхдээ өөрт нь зарцуулагдах нь ховор дөө. Нэг мэдэхэд л гэрийнхээ хүнсийг авчихсан зогсож байна. Та нар бас тэгдэг л биз дээ?

Сургалтын төлбөр гэж дансанд нь хийсэн төгрөг дундраад. Сая төлбөр төлөх хугацаа нь болоод шилжүүлэв. Юунд үрсэн нь ойлгомжтой л дөө хөөрхий минь. Охин үр шүү дээ гэж хайр нь дотроо, хал нь гаднаа улс сууна хань ижил бидэн хоёр. 

Мөн л өөрөө шарж идсэн загас. Иймэрхүү жижиг сажиг зүйл хийгээд идэхдээ намайгаа дагуулахгүй ээ. Их сүрхий. Охин хүүхэд тэгээд ч нэг их идэж сүйд болохгүй. 

Мөн корона гээд гадуур тодуур гарах нь ч багасаад хөдөлгөөн муутай, жин нэмчихбэл яана аа л гэсэн хүн байдаг. Хэ хэ. 

Өө тийм, цагийн ажил хийж эхэлсэн. Их л бодож тунгааж, ойр ойрчныхоо найз нөхөд, сэнпай нараас зөвлөгөө, туслалцаа аваад шийдсэн гэсэн. Овоо хэд хоночихлоо. Удахгүй цалин бууна даа гээд инээж байсан.  

Дараа өөр хоолны зурагнаас нь орууламз. Үе үе охин нь өлсөөгүй шүү гэж хэлж байгаа аястай хоолныхоо зургийг явуулаад байгаа. Тэгэхээр нь хэсэгтээ бас санаа амарна аа. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2021年4月20日火曜日

Ойрын сонин сайхан

Онц сонин зүйлгүй ээ. 

Энэ сарын эхэнд оюутан зулзагаа гаргаж өгснөөс хойш нэг их өөрчлөлт алга. Угаасаа сүүлийн нэг жил өрөөндөө бүгж, хичээлээ хийж байна гээд, байгаа үгүй нь мэдэгдэхгүй л байсан болохоор. Хэ хэ. 

Худлаа худлаа өрөө нь хоосон оргиод эвгүй л байна. Дунд зулзагаа ор гэсэн чинь одоохондоо ээж аавтайгаа цуг баймаар байна гэсэн. Тэгэхээр нь нэг их хүчилсэнгүй. Ээж хааяа орж ном уншиж байгаа. Ширээг нь ашиглаж. 

Аан тийм орыг нь бас ашиглаж хагас бүтэн сайн гэх мэт амралтын өдөр бага зулзагаа унтуулж байгаа. Гол нь орхиод явсан томоо гэгч pooh баавгай байгаад, тэрийг нь дүү нар нь орж ноолж байгаа. Байхад нь айгаад чаддаггүй байсан юм. Ккк.

Ингээд харахаар айлын томууд жаахан ааштай тийм ээ? Би ч бас ааштай л байсан. Миний юманд зөвшөөрөлгүй гар хүрвэл за тэгээд бас л дөвчигнөж өгдөг байлаа. Ха ха.

Номын санг нь цэгцэлж өөрийн ганц нэг номоо оруулж өрлөө. Гэхдээ тувт япон ном. Дунд зулзага нэг их удахгүй тэр өрөөнд эзэн суух тул бас номноос нь оруулж өрлөө. Харри Поттерийн хэдэн ном, толь бичиг гэх мэт.

Ээжийн монгол номнууд тусдаа тавиуртай, нэг жижиг буланд нь бурхан тахилын жижиг булан бий. Нэг их шүтдэггүй ч, хааяа нэг маань уншина аа уншина, яаж зүгээр байхав. Хи хи.

Бага зулзагын ном бас арвижиж байна аа. Эгч нараасаа өвлөж авсан дуут номнуудыг ихэнхийг нь нугасаар нь салгасаан. Энэ эрэгтэй хүүхдийн чинь гар хөл арай чанга байдаг уу? Эсвэл санаа дагаад байна уу? 

Бид хааяа нэг оюутан зулзагатайгаа лайн гээч эндхийн цахим сүлжээгээр ярьж байна. Аав нь голцуу оройтож тараад буй тул ярьж амжихгүй, ээжээс сураг ажиг сонсоостой. 

Дүү нар нь эгчийнхээ царайг харж жаал баясана. Бага дүүгээ л санаж байна, бусдыг нь бол нөү шүү дээ гэсэн. Гомдмоор уу? Хэ хэ.  

Ойрд гэрийнхээ нөөтбүүкийг асаахгүй байгаа тул, блогоо ч бичихгүй байна. Урд нь улаан идэвхи байж тийм ээ? Тэгж байгаад онгод буух байх аа. Хоёр ч ном уншаад дууссан. 

Гуравдахаа, дөрөвдөхөө уншиж байна. Тэгж байгаад зураг орууламз. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年4月2日金曜日

Их сургуульд ороход 5

Удаан алга болсонд уучлаарай. Оюутан зулзагаа дагаад золтой л их сургуульд орчихсонгүй. Хэ хэ. 

Оюутан зулзага минь "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ" гээд ниссэн шөө. 

Угтаа бол ижий аав нь цугтаа яваад, хичээлийн нээлтэнд нь очдог гэсэн. Муухай вируснээс болоод хөөрхий зулзагаа ганцааранг нь л явуулчихлаа. 

Гол нь буцаж ирээд 14 хоног гэртээ сууна, ажилдаа явахгүй байх гэдэг нь асуудал болоод. Би конкурсны үеэр цугтаа явсан даа. Ирээд 14 хоног гэртээ суусан. Яахав гадуур дэлгүүр хоршоо орно л доо. Ажилдаа л явахгүй. Хи хи.

Өнөөх гайхал зардлын талаарх бичлэгээ үргэлжлүүлэх санаатай. Урт настай удаан жаргалтай зардал шүү. 4 жил үргэлжлэнэ гээд бодохоор ч...

Унааны зардал талдаа 10500 иен болсон. Дотуур байрныхаа сэнпай нарт гээд нутгийн амттан авсан. Мөн манай ажлынханд "Жаахан байхаас минь л харж ханддаг байсанд баярлалаа, талархлаа" гээд амттан авч өгсөн. Нийлээд 5000 иен болсон.

Урьдчилан том жижиг нийлсэн 4 хайрцаг шуудандсан. Өнөөдөр өглөө нэгийг хань ижил аваад гарсан. Одоо бас нэг дунд зэргийн хайрцаг бий. Маргааш шуудандана. Гуталнууд. Ээжээс олон гуталтай ч байх шиг. Ха ха. Хань ижилд 10000 иен өгсөн. Түүгээрээ л явуулаад байгаа. 

Айхтар том нүүдэл суудал гэж зардал гараагүй тулдаа бас ч гэж энэ төрлийн зардал хэмнэгдсэн. Шуудан зэргийн зардал бол хамгийн хямддаа орно гэж мэд, журмын олон нөхөд минь. Ккк.

Аан тийм, зун болохоор зуныхаа хувцаснуудаас авна гэсэн. Шууданг мэдээж ээж төлнө. Хэ хэ. Байгаа олон хувцсыг нь явуулна, учир нь илүү дутуу хувцсанд мөнгө битгий зараасай, уул овоо шиг хувцсаа хараад яг одоо яаралтай хэрэггүй шүү дээ гэж бодог гэж бодоод байгаа. 

Түүнээс тэндээсээ авчихгүй юу гэж хэлэх байх л даа. Мэдээж охин хүүхэд, чамин ганган зүйл хараад авах л байх л даа. Түүнийг үгүйсгэхгүй. Гол нь хэмжээ дамжаатай байвал гэж санаад л...

Хөнжил гудас, цээж зураг, бас нэг зүйлийн шимтгэл гэх мэт жижиг сажиг мөнгө 10000 иен.

Инээдтэй нь явахын урд өдөр цээж зураг хэрэгтэй гэнэ, нэг шимтгэл төлөх ёстой гэж утасдсан гэх мэтээр ажил их байлаа. Гол нь өөрийнх нь буруу, бичиг цаасаа сайн хараагүй, нэг л их тэнцсэн гээд шоудсан хүн байсан тул. Дуугай байсангүй, бага зэрэг үглэсэн. 

Гэрээс гараад иймэрхүү зүйлээ өөрөө хариуцаж явна, ээж аав а б-гүй тэгсэн үү? ингэсэн үү? гэхгүй бла бла. Толгой дохиж л сууна лээ, хөөрхий минь.

Болоогүй ээ, тэр их ажлын хажуугаар бас сакүрадаад амжсан. Хань ижил ажил ихтэй, их оройтоод байгаа тул бусад гишүүд л цэцэг харж баяслаа. 

Орой нь аавыгаа эрт гарч ир гэж утасдаад, гадуур хооллочихсон. Ээж жаахан залхуураад. Хи хи. 

Аан тийм, хагас жилийнх нь төлбөрийг дансанд нь хийсэн. Шимтгэл төлж байхаар гэж бодоод. Шимтгэл нь ижил банк хоорондоо шилжүүлэх болохоор хямд л даа. 100 иен. Хо хо. 

100 иен ч гэсэн хэмнэнэ гэж үзнэ шүү дээ, энэ ээж. Дуслыг хураавал далай. Хагас жилийн төлбөр нь 283000 хавьцаа. Наана нь үрчихгүй байгаа гэж санаа зовж энэ тэр. Гайгүй байгаа? 

Би чинь энэ тал дээр туршлагатай хөөн. Төлбөрөө тушаачихаарай гээд өгөөд явуулсан, өгсөн гэж хэлсэн, төгсөлтийн шалгалтанд оруулахгүй байна гэж уйлж хаа байсан гадаадад байгаа над руу уйлж утасдсан. Би энэ холоос яалтай тийм ээ? Ха ха.

Одоо ч тэр жилийн энэ асуудал бүрхэг хэвээрээ. Оньсого таагдаагүй. Ха ха. 

За түр баяртай. Амьсгаа авахтайгаа болж л байна. Ойр ойрхон бичихийг хичээнэ ээ. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年3月22日月曜日

Их сургуульд ороход 4

Зардлын тухай үргэлжлэл шүү. 

Энэ амралтаар үрсэн мөнгөө тайлагнах гээд. 

Сургуулиас нь баахан л бичиг цаас ирсэн юм. Түүн дотор хослол авахад 20 хувь хямдрах бичиг байсан. Элсэлтэндээ өмсөнө, төгсөхдөө ажлын ярилцлаганд орохдоо өмсөнө гэнэ. 

Банзал, пиджак, хар гутал авлаа. Гутал нь хальт өсгийтэй. Залуухан хүүхнүүд ажилдаа өмсдөг, даруухан ч загвар нь нэг их таалагддаггүй надад. Тэгсэн том зулзага нэг хөөрхнийг олоод өмсөөд үзэж байна шөө. Тэгээд л авчихлаа. 

Нийт 22000 иен болсон. Цагаан сорочкон цамц аваагүй байгаа. Тун удахгүй авна. Хэ хэ. 

Үсний сэнс, индүү авсан. Өөрийнхөө мөнгөөр. 7000 иен болсон. Өөрт нь баяр хүргэж хүмүүсийн өгсөн мөнгөнөөс. Нэг мээмчик, турсик авсан. Өөрөө төлсөн. Ээж дотроо баяртай байлаа. Хэ хэ. 

Хамгийн том наймаа нь юу гээч. Ноотбүүк, принтер, флаш, анагаахын мэргэжлийн хэд хэдэн толь бичиг бүхий бяцхан тархи толь бичиг. Өөр юу юу байсан бэ?

Эхлээд л принтер энэ тэрээр яадаг юм, нетээс гайгүй ноотбүүк, толь бичиг хараад захиалъя гээд л үглэж үглэж, хань ижилтэй хагас сайнд цахилгаан барааны дэлгүүр ороод. 

Байнга шахуу ордог цахилгаан барааны дэлгүүрийнхээ, очих бүртээ элдвээр шалгаадаг залуугаасаа асуулаа. Их сургуулиас нь ирсэн каталогио үзүүллээ. Цаашаагаа яваад л, шалгаад л судлаад л байсан. 

Ирснээ "ер нь их сургуулиас нь заасан зүйлсийг авсан нь дээр юм байна. Нарийн ширийн үзүүлэлт нь маш өндөр юм байна. Гадуур бол нэг их зарагддаггүй, зүйлс байна." гэв ээ. 

Үргэлжлүүлэн "Ёстой мундаг их сургууль байна, анагаахын салбар гэхээр мэргэжлийн үг хэллэг нь ч чухал байх, энэ заасан үнэ нь ерөнхийдөө барагцаа байна." гэлээ. 

Маргааш нь захиалгын сүүлийн өдөр байсан тул, орой нь том зулзагатаа бууж өгөөд, захиал л гэлээ. Өнөөх чинь шоолоод л жуумалзаад л аавдаа ховлоод байсан. Хо хо. 

Би өөрийгөө өмөөрөнгүй "Хорвоогийн бүхэл ээжүүд ийм, ийм үнэтэй, их мөнгийг чинь нэг дор гаргах гэж байгаа юм чинь дув дуугай байна гэж байхгүй" л гэлээ. Миний зөв биз дээ? Журмын олон нөхөд өө. Хи хи. 

За тэгээд хэд болсон гэж бодож байна. 318000 хавьцаа болсон. Хүргэлтийн төлбөр энэ тэр багтаад. Шууд дотуур байрандаа хүргүүлнэ. Эндээс авч явах, дахин шуудангаар илгээх гэж бүр л илүү зардлын нэмэр. 

Яг одоогоор үүнийг төлөөгүй байгаа. Эд юмс нь очсоны дараагаар төлөх юм болов уу? Ямартай ч эндхийн шуудан банкаар төлөх юм гэсэн. 

Ирэх долоо хоногт үүрнээсээ нисэх хүртлээ дахин хэдийг үрэхийг би таашгүй. Өө тийм, унааны зардал нь үлдсэн байна. Мөн сар бүр төлөх байр, ус тог гаазных нь мөнгө үлдсэн. 

Очоод, хэрэгтэй зүйлсээ бичээд явуулаад байх юм гэсэн шөө. Бурхан гончигсумъяа миинь. 

Өө тийм, анагаахаас бусад салбар нь харьцангуй бага байдаг юм билээ, элдэв даатгал, сурах бичиг энэ тэр нь. 

За тэгээд монголд байдаг улсууд төгрөгөөр үржүүлээд тооцно биз. Эндхийн ээж аавууд мөнгөө цуглуулж эхлээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт. 

2021年3月19日金曜日

Их сургуульд ороход 3

Энэ удаад эцэг эхийн хамгийн их сонирхдог сэдэв байх тийм үү? 

Японд нэг хүүхэд төрүүлж өсгөөд, эрийн цээнд хүргэхэд гарах зардал их өндөр байдаг тул цөөн хүүхэдтэй байх нь их. Төрөлтийн тоо цөөрөөд, хүн ам багасаад байна гэж их ярьдаг. 

Зардлын хувьд үнэн бололтой дог шүү. Цэцэрлэг нэлээд үнэтэй, бага дунд сургууль төлбөргүй, гэхдээ хоолны бас бус сурах бичгийн мөнгөө төлдөг. Ахлах сургууль төлбөртэй, улсын сургууль харьцангуй гайгүй. Мөн дүрэмт хувцас, сурах бичиг, бас бус зардалтай. 

Дээрх бол нэг дор бөөн бөөнөөрөө урсаад явах нь гайгүй байсан. Хичээлийн эхэнд мэдээж дүрэмт хувцас, сурах бичиг гээд зардаг ч үсрээд л 100 мянган иенд багтсан санаад байна. 

Гэтэл их сургуульд орох болсон яаж байна? Ахлах сургуульд байхдаа орохыг хүсэж буй их сургуулийнхаа загвар шалгалтыг өгөхөөс эхлэнэ.Том зулзага 2 шалгалт өгсөн, яг одоо орох гэж байгаа тэнцсэн их сургуулийнхаа. 2 удаагийнх нийлээд 10 мянга хавьцаа болсон. 

Бүртгэлийн мөнгө. 2 их сургуульд бүртгүүлсэн. Нэг нь л гэхэд 20 мянга хавьцаа. Үүнд материалаа баталгаат шуудангаар явуулах зардал орсон байгаа. Ерөнхийд нь базаад биччихлээ. 20 мянгаа хоёроор үржүүлээд 40 мянга. 

Эхний шалгалт орон нутагтаа болдог юм билээ. Үүнд мөнгө төллүү? Яалаа мартсан байх чинь. Дараа асууж лавлаад нэмж бичнэ ээ. 

За их сургуульдаа очиж өгөх шалгалт. Унаанд 47 мянга. Ээж цуг явсан тул хоёр хүний ирж очих зардал.

Буудаллах зочид буудлын мөнгө. Хоёр хүний 40 мянга. 2 өдөр ч болов чимээгүй орчинд байж байгаад конкурсаа өгөг гэж бодоод тусдаа өрөө захиалж орсон. Тэгэхгүй бол гэрт бид амандаа ус залгичихсан юм шиг байна гэж байхгүй тул.

Тэнцсэн. Эндээс ажил ундарна. Хэрэв тэнцээгүй бол өнөөх хоёр дахь их сургууль руугаа явдаг. Ингэвэл мэдээж энд бичигдэж буй зардал нэмэгдэнэ. Харин дээр бүртгүүлсэн 20 мянган иен бол тэр сургуульд хандив болчихож байна гэсэн үг. Хэ хэ. 

Элсэлтийн мөнгө бараг 300 мянга. Үүнд өөрсдөө төлж авахаар ирдэг бас бус бичиг цаасны зардал, шуудангийн мөнгө гэх мэт орсон.

Дотуур байранд тэнцсэн. Хэрэв тэнцээгүй бол гадуур үнэтэй байр хайна. Азаар бид бас л энэ зардлыг хэмнэлээ. Дотуур байр харьцангүй хямд. 

Дотуур байранд тэнцэнгүүт бас баахан бичиг цаас ирнэ. Элдэв янзын даатгал, өдрийн хоолны талон, сурах бичгийн мөнгө гэх мэт нийлээд 200 мянга. Өдрийн хоолны талоноо хамгийн багыг нь л захиаллаа. Өдрийн цагаар сургуульдаа хоолоо иднэ. Энэ нь бас мөнгөний хэмжээтэй. Охин хүүхэд тул багаар л тогтоолоо. Хэ хэ. 

Өө тийм, тамга хийлгэсэн. Өөрийн нэр дээр данс нээхийн тулд. 3300 иен.

За дээрх зардлуудыг нэмээд гаргахаар 627,300 иен болж байна. 

Үүн дээр төв газраас ирэхдээ багш нартаа, бас бус дэмждэг хүмүүстээ нутгийн бэлэг авсан. Төв газар өдөр оройн хоол гээд тансагласан. Нэг өмд, нэг цамц авсан. 

Эдгээрийн мөнгөө нэмээд 655,000 гэж тооцлоо. Он гараад өнөөдрийг хүртэл бид ийм хэмжээний мөнгө үржээ. Хэ хэ. 

Одоо цаана нь сургалтын төлбөр, сар бүр төлөх байр, ус тог гааз, өглөө оройн хоол, нөөтбүүк, мэргэжлийн үг хэллэгтэй цахим толь бичиг. Нээлтээрээ өмсөх хослол, үсний сэнс, их сургууль руугаа явах унааны зардал, араас нь явуулах хэд хэдэн хайрцагны шуудангийн мөнгө гэх мэт үлдсэн. 

Энэ тухай бас тусад нь бичнэ ээ. 

Тэгэхээр зөвхөн их сургуульд оруулж, үүрнээс нь нисгэхийн тулд дор хаяж 1 сая 500,000. Чадвал түүнээс дээш хадгаламжтай байх шаардлагатай байх нь ээ.

Ингээд бодож сууна. Ямар азаар хол зайтай төрүүлээ вэ ? гэж. Ойрхон бол сэхэл авч чадалгүй л дараагийх нь их сургууль гээд явах нь байна шүү дээ гэж. 

За японд сурах, сургах сонирхолтой хүмүүс багцаа авна биз дээ. Энэ улсын сургууль тул хямддаа орно шүү. Хувийн сургуульд орох гэж буй бол үүнийг 2 эсвэл 3-аар үржүүлж бодох хэрэгтэй гэсэн шүү. 

За тэгээд том маамаатай ээж аавуудаа амжилт хүсье. Түр баяртай.

2021年3月18日木曜日

Төгссөний дараа

Энэ удаагийнхаа бичлэгээр ахлах сургуулиа төгссөн хүүхдүүдийн тухай бичнэ ээ. 

Эндхийн сургууль цэцэрлэгүүд дотоод дүрэм журам ихтэй, чанга байдаг. Жишээ нь үсээ будаж болохгүй, хумсаа будаж болохгүй. Чихээ цоолж болохгүй. Охидын банзлын урт өвдөгнөөс ялимгүй доош байх ёстой ч гэдэг юм уу? 

Өөр чинь юм билээ? Төв газраар охидын дүрэмт хувцасны банзал нь богино байвал тэр нь сургуулиасаа гарангуут банзлаа дээш нь шуучихдаг шиг байна лээ шүү. Хэ хэ. 

Арван жилд байхад ангийн хэсэг охид бас тэгдэг байсан. Тухайн үедээ аальгүй охид л тэгдэг гэж боддог байлаа. Одоо ч бас адил дөө. Эндхийн гуя хасаа гайхуулсан зарим нэг охидыг хараад тэгж боддог. Ингэж бичээд ялгаварласан хэрэгт орох вий дээ. Хо хо. 

Оршил нэг иймэрхүү. Том зулзага үсээ арай ч будчихсангүй. Хэ хэ. Харин чихээ цоолуулсан. Эмнэлэгт 3000 иенээр цоолдог юм байна. Энэ мөнгөө өөрөө гаргасан. Өөрт нь баяр хүргэж мялаасан мөнгөөр. 

Хүмүүс хэрхэн баяр хүргэж, мялаадаг тухай дараа бичнэ ээ. 

Мөн сургуулийн чанга дүрэм журмаас ангижирсан охид, залуус ёстой л уяа нь алдуурсан нохой гэдэг шиг, шоуддаг бололтой. 

Том зулзагын ангийн нэг охин караокед орж үзээгүй гээд оюутан болоод явахаасаа өмнө найзуудтайгаа орж, доторх засал чимэглэл, дуугаа захиалах арга зэргийг мэдэж авна гэсэн гээд хамтдаа нэг өдөр караокедсон.

Мөн боулинг тоглосон. Хэ хэ. 

Хувцаслалт нь бас чөлөөт хувцас их болж ирсэн чинь хувцасгүйгээ гайхсан хүн байна. Урд нь дүрэмт хувцсаа өмсчихдөг байсан тул их амар байжээ. Одоо ойрхон гарсан ч чөлөөт хувцас, шкаф дүүрэн хувцаснаас нь өмсөх юм олдохгүй гэх мэт. 

Охин хүүхэд юм даа аргагүй гэж л бодож сууна даа. 

За том зулзагатай эцэг эхүүд минь хичээгээрэй. Амжилт хүсье. Түр баяртай.

2021年3月16日火曜日

Их сургуульд ороход 2

Энэ удаад эцэг эхийн зүгээс юу бэлдэх, анхаарах талаар товчхон бичнэ ээ. Улам дэлгэрүүлж мэдмээр байвал өөрсдөө нетээс сайн хайж унш, орохыг хүсэж буй их сургуулийнхаа цахим хуудсаар сайн зочил гэж хэлнэ дээ. 

Мэдээж эхний удаадаа бол хүүхдээ сайн сонсох, ямар чиглэлээр явах хүсэлтэй байгааг нь асууж, ярилцах. Танд таалагдахгүй ч хүүхэд чинь сонирхож байвал хүндэтгэн сонсох, ярилцах. 

Нэг их хүчээр биш ч номын сангаас, зурагт болон бусад мэдээллээр ирээдүйд эрэлт хэрэгцээ ихтэй ч юм уу, хүүхдэд чинь таарч тохирох байх гэсэн ажил мэргэжлийн талаар ном товхимол зэргийг санамсаргүйгээр нүдэнд нь өртөхөөр, сонорт нь хүртэхээр байлгах. 

Өөрөө уншиж үзэх, судлах. Уншихгүй байсан ч уншиж буй дүр эсгэх хэхэ. Би бол сүүлийнх нь байсан шөө.

За тэгээд хичээлээ хийхэд нь саад болохгүй байх. Бүхий л зүйлээр нь дэмжих. Гэрийн ажилд ч бага оролцуул, бага хийлгэ. Хэ хэ. Харин наана нь бол сайн хийлгэж сурга, зааж өг. 

Төгсөх ангид нь л юу ч битгий хийлгэ. Яахав өөрөө хийх хүсэлтэй бөгөөд, хичээл гэрийн ажил хоёрыг зохицуулж чадаж байвал хамаа алга, хийлгээрэй. 

За тэгээд мөнгөө сайн хэмнэ. Бүр тусад нь нэр дээр нь данс нээж сар бүр хадгалдаг бол бүр сайн. Би энд тэгж данс нээгээгүй л дээ. Яахав байнга гүйлгээ хийгддэгээс тусдаа, тэр бүр салбар нь олон биш банкинд хадгаламжийн данс нээгээд, хадгалдаг байсан. 

Аан тийм зулзагууд бага үед бол сайн цааш нь хийдэг байсан. Томрох тусам, гэр бүлийн гишүүд нэмэгдэх тусам цааш нь хийж хадлагалах тоо багасна. Бүр боломж ч гарахгүй. 

Сүүлийн хэдэн жилд бол бид хадгаламжийн данс руугаа нэмэх нь битгий хэл, авах нь олшрох тийшээ байсан. Тэгэхээр зулзагуудаа бага дээр нь сайн хадгал гэж хэлье дээ. 

Тансаг хэрэглээг тана!!!

Эцэст нь хэлэхэд хүүхдээ аль болох бага байхад нь сайн тулж ажиллаад, ширээний ард хэдэн цагаар ч хамаагүй хичээлээ нухаад суудаг болгоод сургачихсан байхад болох юм шиг санагдсан. 

Одоо хоёр дүүтэй нь тулж ажиллах л үлдлээ. Дунд зулзагаа сууж сургах нь эхний шат. Бага зулзага одоохндоо хөдөлж л байг. Ккк.

За дараагийн бичлэгт юу юунд хэдэн төгрөг зарж буй талаар бичнэ ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.