2019年12月26日木曜日

Дэлхийг тойров

Энэ залуутай хамт дэлхийг тойрчихлоо. Хэ хэ.

18 настайдаа автын осолд ороод тэргэнцэр дээр суудаг болчихсон залуу.

Ахлах сургуульд ороод бүх зүйл утгагүй санагдаад, сургуулиа хаяад, цагийн ажил хийгээд, мотоцикл унаад гээд л эрх дураараа явж байхдаа осолд орчихдог.

Нэлээд хугацаанд эмчилгээ хийлгэнэ. Мэдээж тахир дутуу болсон уураа ээждээ, гэрийнхэндээ гаргана.

Эмнэлэгт байхдаа амьдралаа өөрчлөхөд хүргэсэн хүнтэй танилцана. Бусад хүмүүсийн үгийг сонсдог болно.

Ганцаараа бие даан амьдарч эхлэнэ. Ажил хийж эхлэнэ. Нийгэмд гарч, өөрийн байр сууриа олж эхлэнэ.

Дэлхийг тойрч аялахаар шийднэ. Аялалаа европоос эхлэнэ.

Мэдээж тэргэнцэртэй хүн аялахад олон бэрхшээл тохиолдоно. Очсон улс бүрийнхээ Barrier free талаар бичиж танилцуулсан байсан.

Бодож суулаа. Манай улс ямар бол гэж. Нэлээд дээр жаахан хөл муутай эмээтэй явж байхад лав муу л байсан. Зочид буудлаас авахуулаад л. Яахав хамгаалагч? залуус нь бакь юм болохоороо сэп хийтэл нь өргөөд л байсан болохоос. Хэ хэ.

Зам гарах энэ тэр асуудлаас эхлээд Монгол яваагүй нь ч болж гэж бодов...

Залуугийн тэмдэглэлээс Австри улс нь их таалагдлаа. Хамгийн таалагдаагүй нь Энэтхэг. Хэ хэ.

Франц улс бас л... Яг Паристаа ч онцгүй юм шиг санагдаад байгаа. Хулгай энэ тэр ихтэй. Харин урагшаагаа хөдөө нь сайхан байж магад. Уг н ь заавал очиж үзэх юм шүү гэж мөрөөддөг улсын минь нэг юмсан.

Номын гол баатар залуу ч бас мөнгөө Луврийн музейн гадаа суйлуулчихдаг юм. Улаанбаатарт бас л юм юмаа суйлуулах байсан байхдаа гэж бодсон. Ккк.

Эрүүл саруул хүн мөнгөө, гар утсаа гээд л суйлуулчихдаг юм чинь. Миний дагуулж явсан хүмүүст бас тэгж суйлуулсан хүн их байна аа...

Их удаан уншиж дуусах байх гэж бодсон чинь сансныг бодоход хурдан дууслаа.

Одоо бас нэг хөөрхөн эмээгийн бичсэн ном уншиж байгаа. Зургийг нь оруулна аа...

Ном шимтэн уншигч та нартаа амжилт хүсье өө...

2019年12月25日水曜日

Ирсэн шүү дээ

Энэ жил ч бас Санта өвөө ирсэн манайд. Ирүүлэх гэж бас л хөөрхөн юм болно шүү дээ. Дунд зулзага тавин хувь итгээстэй, тавин хувь эргэлзээстэй. Жинхэнэ санта байдаг эсэхэд.

Том зулзага ээжийнхээ талд орж, байдаг шд гэж дүүгээ итгүүлээстэй.

Ямартай ч энэ сарын 24-нийг амжилттай даван тууллаа.

Дунд зулзага гутал хүссэн байсан тул түүнийг нь бэлдэв. Өөр чихэр амттан юу ч бэлдээгүй. Хүсээгүй юм чинь. Тэгээд ч ойрд амттан нь ихдээд байгаа. Энэ тал дээр тулж ажиллах санаатай үзэж байна...

Том зулзага их эрт хүссэн зүйлээ авахуулчихаад өрөөндөө нуугаад тавьчихсан байсан. Хэ хэ.

Бага зулзага удахгүй хөлд орох тул жижигхээн хөөрхөн, хөлд нь эвтэй байж магад гэж үзсэн гутлаа их хямд авчихсан. Учиргүй брэнд, трэнд гэж яваагүй ээ.

Хань ижил болохоор найк энэ тэр гэсэн гутал үзээд байсан. Би ч
-Ийм жаахан дээр нь тэгж үнэтэй юмаар яах юм бэ? Тэртэй тэргүй томрохоороо нэхээд л унана. Тэр үед нь авч өгөөрэй...

Гэж сангийн сайдын дүрдээ маш итгэлтэйгээр гүйцэтгэсэн. Хэ хэ.

Хараад байхад бүгд эхнэрийн зөв  гэж гүйэ мөн үнэн үг шүү тэ. Ха ха. Бас юу билээ? "Эхнэрээ л зөв сонго, бусдыг нь эхнэр чинь сонгоно". Энэ бас л жаатай үг шүү. Ккк.

Аан бас нэг хэмнэлттэй зүйл байсан. Тэр нь бялуу аваагүй. Учир нь, яагаав хөрш эмээ маань байсгээд л бялуу зөөгөөд байсан даа. Наана нь зөндөө идсэн юм чинь авахгүй шүү гэж эртнээс сануулсан байсан тул манайхан нэхээгүй. Онц.

31-нд том зулзага гарын бялуугаа хийж өгнө. Ээж пицца хийнэ. Амралт эхэлчихсэн байх тул цаг гарна гэсэн үг.

Энэ мэтчилэн ээж, эхнэр гал тогооныхоо ажлыг, хэтэвчнийхээ асуудлыг аятайхан шийдээд явчихвал ч болоод байх нь тэр дээ...

Яагаад хэмнэлт яриад эхэлсэн гэхээр би чинь тун удахгүй оюутан хүүхэдтэй болно, өөр мужийн их сургуульд суралцах бодолтой байгаа тул мөнгө их хэрэгтэй. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болох байх шүү. Ккк

Дараагийн бичлэгээр амттаны зураг оруулна аа...

Бүгдэд нь амжилт...

Бүсгүй зөн

Бүсгүй зөнгөө сэрээгээд амжсаан бас. Хи хи.

За тэгээд эмэгтэй хүн гэхээр өч төчнөөн л ишлэлүүд, дуунууд, шүлэг яруу найргууд бий дөө тэ.

Бид өдөр тутамдаа эх хүн, эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгэж байна гээд нэлээд хатуу талдаа болдог байх аа.

Өөрөөрөө жишээ авахад л тийм байна. Дээрээс нь эх орноосоо хол болохоор бүр л хатуу чанга байхгүй бол гэдэг ойлголт толгойд баттай шингэсэн байна. Яаж ийгээд л бүгдийг амжуулах гээд, өөрийгөө завгүй байлгах гэж хичээж байна гээд "чанга хатуу" болоод байгаагаа мэдэрлээ.

Хааяадаа нэг тийм зөөлөн, уян, эмзэг байх ёстойг ойлгож авлаа. Үе үе эмэгтэйлэг байх ёстойгоо мэдэрлээ. Бага зэрэг хөнгөхөн оршиж байх ёсой ч юм шиг...

Одооноос ойр тойрныхондоо "муухай" аашилдгаа болино оо. Урсаад л хайлаад  байя гэж бодов. Хэ хэ. Би чадна аа...

Ингээд уншсан номоо түүж бичээд байсан чинь их олон ном уншаад амжсан байна шүү, тийм ээ? Хэний ач гавъяа вэ? Мэдээж гэрийнхэн минь шүү дээ.

Гэх мэтээр бүхнийг уучилж, бүхнийг хайрлаж, бүхнийг дээдэлж байхаар шийдэв. Ганц нэг сонин улсуудыг шууд мартахаар шийдэв. Ккк

За эмзэг зөөлөн бүсгүйчүүддээ амжилт. Бид уян шүү, бид хайрламаар шүү...

Хөөрхөн номнууд

Дунд зулзага их хөөрхөн хөөрхөн ном олж уншина аа. Хааяа л аймшгийн ном уншина. Хэ хэ.

Дэлхий дээр миний ээж л хамгийн хөөрхөн нь гэдэг ном. Орос зохиол. Ээжээсээ төөрчихөөд ээжийгээ хайж байгаа юм охин нь. Тэгээд ээжийгээ хайхдаа ээжийг минь хараагүй биз? Миний ээж хамгийн хөөрхөн нь гэж хэлээд хайдаг юм.

Эхэндээ ч ёстой хөөрхөн, гуалиг мисс ээж л гэж төсөөлөөд л уншина шүү дээ. Хи хи.

Төгсгөл хэсэгт ээж нь гарч ирнэ. Тэгсэн яасан байх нь уу?

Энэ зураг дээрх шиг хөөрхөн бондгор, хөвсгөр ээж байна. Дунд зулзага яг л тан шиг, хөөрхөн байгаа биз дээ? гэж авдаг юм даа. Ха ха.

Ээж толгойдоо алчуур зүүвэл ч яг адилхан болох байх шүү. Алчуур зүүж толинд нэг харая байз өөрийгөө...
Энэ цус сорогчийн тухай л юм шиг байна лээ. Би ч уншаагүй. Дээрх номыг бодвол зузаан байсан болохоор. Залхуу хүрсэн. Хэ хэ.

10 жилд байхдаа "Муу ёр 666" гэдэг ном уншдаг байснаа санав. Одоо нэг уншиж үзэх юмсан. Ямар сэтгэгдэл төрөх бол?

Охид бид хоорондоо дамжуулаад л уншдаг байлаа шүү дээ.

Монгол хүн байна даа? Морьтой ном зээлчихсэн ирсэн. Хэ хэ. Түүнээс Монголын тухай гарахгүй. Зөвхөн морьны зурагтай байсан болохоор нь зээлсэн гэсэн.

Ээж бас уншаагүй ээ. Сонирхлыг минь нэг их татаагүй. Зулзагаасаа ч асуусангүй. Уг нь уншсан номных нь тухай асуугаад, ярилцдаг юм. Тэгээд сонирхолтой санагдвал уншина.

Гэх мэтчилэн ном тойрсон хөөрхөн ярианууд, сэтгэгдлүүд их болно оо манайд.

Өвлийн амралтаар том зулзагынхаа уншсан өнөөх нэг номыг худалдаж авна гээд төлөвлөчихсөн байгаа.

Номыг шимтэн шимтэн уншдаг хүмүүст амжилт шүү...

2019年12月24日火曜日

Хувилгаан Равсал

Аав минь уншиж байсан номоо авчирсан.

Сонин хачин зүйл их байх юм даа энэ хорвоод чинь.

За тэгээд хулгай өөрөө их муухай, хар мөртэй гэдэг дээ.

Мөн хүнийг гаднаас нь хараад танихгүй, ханилж байж танина гэдэг үгийг нотолсон ном шиг санагдсан.

Мөн сайхан хүүхнүүд хүнээ зөв олж ханилмаар... Хуяг гэгч шуналын туламтай суусан сайхан хүүхний хувь заяа их харамсмаар...

Дээхэн үеийн ганц нэг лам их эрмэдтэй, мэдлэгтэй хүмүүс байж ээ, тийм ээ?

Одооны лам нар шиг аваад л байдаг хувалз шиг биш. Хэ хэ. Лам нар одоо хараагаад унах вий дээ? Лам нар ч миний муу блогийг тоож орж ирж уншихгүй байх, ашгүй.

Энэ нийгэмд лам нар жаахан идэвхитэй л баймаар санагдаад байдаг юм. Ид шидийн орны хэдэн шижигнэсэн залуус шиг л. Олсон мөнгөөрөө хэд хэдэн ид шидийн орон барьчихмаар.

 За за нэг ном уншихаараа элдэв зүйл ургуулан боддог болчихсон байна. Хэ хэ.

Бүх ном уншигчиддаа амжилт хүсье...

Иргэншил

Иргэншил гэж ер нь юу вэ?

Сүүлийн үед сүмочдоос эхлээд олон хүмүүс иргэншлээ сольж байна тийм ээ. Хүмүүс янз бүрээр л хүлээж авах юм.

Надад бол энэ асуудал нэлээд ойрхон санагддаг. Яагаад ойрхон гэхээр хүүхдүүд маань ээж аавынхаа эх орноос хол өсч өндийж байна.

Энд төрж өссөн хүүхдүүд насанд хүрээд ажил амьдралтай золгохоороо нийгэм дэх элдэв төвөгтэй асуудлаас төвөгшөөгөөд иргэншлээ япон болголоо гээд ирэх ч юм билүү.

Тэр үед хэрхэн хандаж, ямар шийдвэр гаргахаа сайн мэдэхгүй ч хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл, зорилгыг л хүндэтгэх байх даа...

Жишээ нь сая том зулзага тайвань явахдаа мэдэрсэн. Гадаад хүн болохоор паспортоо сольж шинэчлэх, виз хүсэх, хил гаалиар орж гарах гээд л бусад япон хүүхдүүдээс өөр хөдөлгөөн хийгээд ирж байгаа юм.

Тэр нь өөрт нь жаахан төвөгтэй санагдсан байх. Багад нь бол бүгдийг ээж аав гүйцэтгэсэн. Томроод өөрөө хариуцлага үүрээд ирэхээр хэцүү санагдаад иргэншлээ солилоо гэвэл би яах билээ?

Гээд л түмэн өнгийн зүйл ургуулан бодсон шигээ л уншиж дуусгалаа.

За тэгээд эрлийз гэж хэн бэ? Яагаад иргэншилгүй, ямар нэг улсын харъяалалгүй хүмүүс оршоод байна? Япон хүн гэж хэн бэ? Япон улсын иргэн хэж хэн бэ? гээд л олон эргэлзээтэй асуудлыг хөндөж тавьсан хөөрхөн ном байсан. Нэг үгээр таалагдсан.Хэ хэ.

Гадаадад амьдардаг элэг нэгт бүх монгол хүмүүстээ амжилт хүсье өө.

Гүйж яваа эмэгтэй

Үүнийг бас уншчихсан шүү дээ. Хэ хэ.

Бодит амьдралаас сэдэвлэсэн. Гол дүр нь уран нугараач охин.

Их зүтгэлтэй охин юм өө. Ер нь энэ тамирчид, уран бүтээлчид бас их хөдөлмөр шаардах юм тэ. Аливаа өндөрлөгт хүрэх гэж.

Над шиг урсгалаараа яваад байгаа хүн ховор ч юм шиг...

Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд гүйгээд л байдаг шд гэсэн. Хэ хэ.

3 хүүхэд, 1 нөхрийн дунд гүйгээд л гүйгээд л, хажуугаар нь ажил гэр дэлгүүр гэж гүйдэг шд. Ккк

За за наргиа шүү.

Номонд гардаг тэр хамаатны эгч бас зэвүүн тэ? Одоо яадаг бол? гэж мэдэхийг л хүссээр зохиолоо дуусгасан. Аягүй хүний мууд дуртай байна уу?

Ер нь жаахан мөнгөтэй, сүүлд баяжсан, юм үзээгүй, гэнэт баяжсан гээд л хүмүүс тийм муухай, хүн чанараар дутуу дулимаг гээд есөн жор нь бүрдсэн байдаг шиг санагдаад байдаг юм.

Бас нээх хөөрхөн шоглож хайраа илчлээд байдаг залуутайгаа суусан л байх даа тийм ээ? Тэрийг нь олоод мэдчихмээр байдаг. Хэ хэ. 

Гэх мэтчилэн ургуулж бодон бодон ном унших гоё тэ.

Гэснээс зохиолчтой нь тэртээ олон жилийн өмнө нэг хөөрхөн охиныг хөл дээр нь босгох гээд л, эдгээчих гээд л дандаа онцсайн сурлагатангууд яхоо чатаар холбогдоод л яах уу? ийх үү? гэцгээгээд л нийгмийн идэвхи сайтай явлаа шүү дээ.

Одоо тэдгээр залуус хаагуур явдаг бол? гэж үе үе бодогддог юм.  Ямартай ч бүгд гялалзан гүйдэг байх гэж найддаг даа...

Бүгдэд нь амжилт шүү...

2019年12月23日月曜日

Санта өвөө

Энэ жилийн Санта өвөөд захиа бичих ажил ам мөчид л амжих шив дээ.

Түрүү жилийн захиа нь агуулга нь их хөөрхөн. Ажлын газрын нэг хүүхэн бүр шүтчихсэн. Хөөрхөн л гэнэ, бичих авъяастай байна л гэнэ, энэ жилийн захиаг тэсэн ядан хүлээж байна л гэнэ.

Үүнийг сонсоод ээж бас адгаад эхэлсэн. Хэ хэ. Бараг л өөрөө өмнөөс нь биччихмээр. Ккк

-Үр зулзага минь ээ? Санта их завгүй болчихно доо. Чамайг захиагаа бичиж явуулах гэсээр байтал...
-Юу хүсэх вэ гээд эргэлзээд л байна...

 Эгчээсээ асууж байна аа. Эгч нь тэгсэн
-Ээж аав авч өгөхөөргүй зүйл хүссэн нь дээр шдээ...

Нэлээд хэд хоног өнгөрсний дараагаар
-Game хүсдэг юм билүү?

Үүнийг сонссон гэрийн бусад бүх гишүүд шууд "болохгүй" гэсэн. Хэ хэ. Тайлбар нь ойлгомжтой. Хичээлээ хийхээ больчихно, донтчихно бла бла...

Хөөрхий минь тэгээд эргэлзээд л гүйгээд байсан. Шийдэж ядаад л. Тэгж явсаар өнөөдөр буюу 23нд л ээждээ өгч энэ тэр. Ээж нь тэрийг нь хамгийн хурдан гэсэн шуудангаар Санта өвөө рүү илгээнэ. 
Санаа нь зовоостой л байх шиг байсан. Амжих болов уу? гээд л.

-Чи өөрөө их орой өгсөн болохоор амжихгүй ч байж магад л юм тэ? л гэлээ.

Хань ижил ажлаа  тараад  очиж авна гэсэн. Ээж бол захиагаа оройтуулсан шалтгаанаар нь далимдуулаад Сантаг ирүүлэхгүй байсан ч яахав гэж бодож энэ тэр. Хи хи. Жаахан хатуу үгүй юу энэ ээж...

Бэлэгнийх нь зургийг орууламз...

Бүгдэд нь амжилт шүү... Чихэр амттан бага шиг өгөөрэй дөө...

2019年12月20日金曜日

Уншина шүү дээ

Бага зулзага минь бас ном уншина шүү дээ.

Хөөрхөн гэж юүхэв. Бүлтийж ирээд л дурлана шүү дээ.

6 сар хүрэнгүүт нь улсаас гэх юм уу? Хотын эрүүл мэндийн газраас үзлэгт хамруулна.

Тарахад нь дугтуйтай хоёр ширхэг ном бэлэглэнэ.

Зураг дээрх хоёр номыг дунд зулзага бас уншдаг байсан юм. Яг адил ном сонгосон албаар. Учир нь эгчийнх нь номнуудыг харьж магад гээд монгол руу хайрцаг явуулахдаа хийгээд явуулчихсан юм.

Тэгсэн аав нь яг адил ном л авмаар байна. Ёстой хөөрхөн номнууд байсан юм гээд байхаар нь сэтгэл шулуудаад адилыг авчихлөө.

Яагаад аавд таалагдсан гэхээр, анхлан уншсан энэ номнууддаа хайртай гэж юүхэв байсан юм. Мөн уйлж байхад нь энэ номнуудыг нь гаргаж  ирээд уншихаар уйлахаа больдог байсан юм.

Гэхдээ хамгийн их ач холбогдолтой зүйл нь гэвэл ном унших дуртай болдогт оршино. Охин хүүхэд болоод тэр үү? Мэдэхгүй ч, жорлон орохдоо хүртэл номоо нууж нэг, ил нэг авч орж уншаад байна...

Аминдаа дүүг нь бас ном унших дуртай болоосой гэж бодож буй бөлгөө. Үүний тулд хамгийн их ойр байдгаараа ээж голлох үүрэг гүйцэтгэнэ ээ гэж...

Хань ижил бас оройд энэ номнуудыг нь уншиж өгөөд байгаа, харахаар хайр, инээд хоёр зэрэг хүрдэг юм. Ккк. Яагаад инээд хүрдэг вэ гэхээр маш их хичээнгүйлэн, маш их итгэлтэйгээр уншиж өгдөгт оршино оо...

Хоёр зулзагат ном зээлж гүйдэг минь овоо гайгүй нэг болж байсан чинь дахиад хоёр болсоон. Хэ хэ. Том зулзага өөрөө номоо зээлж уншдаг болсон шүү дээ, ахлах ангийн хүүхэд чинь одоо.

Харин энэ удаагийн бага зулзага охидоос шаал өөр ертөнц тул нэлээд сонирхолтой байж магад...

3 болон түүнээс дээш зулзагатай ээж аав нартаа амжилт хүсье өө...

Оройн ганц мод

Намар уншсан билүү дээ.

Бас л өвөрмөц агуулгатай санагдсан. Зохиолчийн уран бүтээлээс анх удаа л уншиж байгаа байх шүү.
Таалагдсан тул дараа дараагийнх нь бүтээлээс авч бишээ захиж уншина аа.

Орчуулгын номноос нь бас захиж унших бодолтой байна.

Төгсгөл нь сайхан ном ойрд уншаагүй байсныг ч хэлэх үү, нэг тийм сайхан мэдрэмж төрсөн шүү.

Цаг зав ч нэг их заралгүй шимтэн уншиж дуусгасан.

Мундаг тэмдэглэл бичдэг залуусыг дуурайж бичих гэсэн залхуу хүрчихлээ. Худлаа худлаа, бодол байвч сачий минь хүрэхгүй нь бололтой. Адаглаад л цаг хэрэгтэй байна.

Одоогоор багыгаа унтуулах гэж яваад өөрөө түрүүлээд нам болж байна.

Шөнө хөхүүлдэг тул дуун дээр гардагчлан бүтэн нойртой хонож үзээгүй болчихоод, өглөө эрт сэрэх тал дээр жаахан маруухан л байгаад байна.

Гэх мэтчилэн шалтаг тоочвол ч блог ч бичих зав гармааргүй байгаа биз? Блогоо бичээд байгаа нь их юм даа гэж өөрийгөө урамшуулаад л гүйж байна даа...

Сүүлийн үед өвөрмөц санагдсан, сонин санагдсан хэллэг, алдаа, шинэлэг санаа, ишлэл зэрэг зүйлс гарвал шууд номон дээрээ шар, яаган өнгийн тодруулагчаар тэмдэглэчихээд байгаа. Үнэн залхуу байна уу? Хэ хэ.

Түүнээсээ бичих гэхээр номоо сөхөж хараг болоод байна аа. Номын тавиур хүртэл явна гэдэг бас их цаг зав авна аа...

Эмэгтэй хүн чинь биш ээ ээж хүн чинь , эхнэр хүн чинь нэг юм хийж явснаа шаал өөр зүйл олж хараад түүнийгээ барьж аваад, өмнөх зүйлээ хагас дутуу орхичихдог онцлогтой юм байна шүү. Шинэ нээлт гэхгүй юу? Ккк

За за номын тухай ярьж явснаа эмэгтэй хүний тухай болж энэ тэр.

Түр баяртай, бүгдэд нь амжилт шүү...

2019年12月19日木曜日

Сагсчин охин 2

Сагсчин зулзага минь сагс тоглохоос өмнө биеийн тамирын хичээл ногоон нойл байлаа. Жилийн эцсээр ирдэг манайхаар бол хувийн хэрэг дээрх тамирын үзүүлэлт л хамгийн муу байдаг байлаа.

Нэг дүгээр ангидаа хамгийн доогуур үнэлгээ болох E байх жишээний. 2 дугаар ангидаа Е- гээс нэг ахиад D болсон байсан.

Мөн жилдээ нэг удаа богино зайны марафон гүйлтээр ч ялгаагүй үеийнхээ охидын төрөлд сүүлээсээ нэгт эсвэл хоёрт ордог байлаа.

Ээж бол нэг их тоохгүй байсан л даа. Том зулзага ч гэсэн тамирын хичээл дээр гавьдаггүй л байсан. Муудсан зүйл алга гэж боддог байлаа. Тэгээд  ч бүх зүйлд сайн байна гэж юу байдаг юм, ганц нэг сул тал, чаддаггүй зүйлтэй байх нь зүй ёсны хэрэг гэж үздэг талдаа.

Би ч биеийн тамир дээр нойл л хүн...

Тэгсэн энэ жил марафон гүйлт огцом сайжраад нэг ёсондоо цоороод эхний 6 дугаар байрт орсон.

Одоо хавар 3 сард ирэх хувийн хэргийг нь хүлээх үлдсэн. Тамирын хичээлийн үзүүлэлт өсөж үү гэдгийг харах гэж. Хэрэв өссөн бол урамшуулж 1000 иен өгнө гэж амласан байгаа. Хэ хэ.

Марафондоо 6-рт орсон гэж бас шагнаад 1000 иен өгсөн. Дуртай зүйлээ авах юм гэсэн.
-Ээж та битгий хажуунаас бла бла гээд байгаарай. Би өөрөө мэдээдл дуртай зүйлээ авна шүү.

Гэж хатуу анхааруулга авсан. Одоохондоо дэлгүүр хэсэж амжаагүй л байна.Учир нь хагас бүтэн сайнд тэмцээн, нөхөрсөг тэмцээн энэ тэр гээд уг хүн өөрөө их завгүй яваад байна. Түүнийг нь дагаад ээж бас завгүй болчих юм.

Гэх мэтчилэн спортыг жаахан доогуур үнэлдэг байсандаа хүлцэл өчөөд, хөдөлгөөн, спорт, саруул оюун ухааныг хослуулах хэрэгтэй юм байна шүү гээд бичлэгээ өндөрлөсүгэй...

Япон ном 2

Ерөнхийдөө уншсан номын минь тайлан дуусах тййшээ хандсан шүү.

Энэ бол ёстой гадаад ажиллах хүчний үнэн бодит дүр төрхийг ил гарган бичсэн ном.

Уншаад л хар  бор ажил хийдэг гадаад ажиллах хүч болох залуусыг өрөвдсөн. Улс орон ядуу байх ч хэцүү юм даа гэж л бодож суув.

Эх орноос минь ч гэсэн ажиллах хүч эхнээсээ ирээд эхэлчихсэн. Тэд хаана ямар үйлдвэрт, ямар хар ажил хийх юм бүү мэд...

Том том ярьдаг цагаан гартанд дургүй талдаа хүн шүү дээ би чинь.

Хар бор ажлыг гололгүй хийдэг хүнийг харахаар цаанаа л нэг хүндлэл төрөөд байдаг юм. Доош нь хийх дуртай хар ажилчдынхаа хүчээр улс орнууд сайн сайхан явдаг юм шүү дээ, хүмүүс минь...

За тэгээд л вьетнам хүмүүсээс эхлээд л дорой буурай орны ажилчдын ажиллаж буй орчин, авдаг цалин, гадуурхал зэрэг олон тулгамдсан асуудлыг хөндсөн байсан.

Япон гэдэг орон чинь гаднаас нь харахад сайхаан. Хөшигний цаана бол жигтэйхэн сонин орон шүү, таминь ээ. Та нар хууртагдав аа.

Ингэхэд аль ч улс орон гаднаас нь харахад гоё сайхан байх л даа. Тийм үү?

Миний очихыг хүсдэг Европ байна. Их эртнээс цагаачдыг хүлээж аваад эхэлчихсэн, бас ч гэж энэ асуудал дээрээ нэлээд анхаардаг бололтой юм билээ. Японыг бодвол арай л хүнлэг ханддаг байж магад шиг санагдсан...

Жич: За энэ амттан болбоос АНУ-ийн Вермонт муж улсын бэлэг. Жилдээ нэг удаа эндхийнхээ ахлах сургуулиудаас шалгаруулж байгаад аялуулдаг юм. Хамт ажилладаг хүүхэн авчирч өгсөн болно.

Япон ном

Хэд хэдэн япон хэл дээр ном уншсан шүү. Яаж зүгээр байхав.

Энэ жилээс японы гадаадаас ажиллах хүч худалдаж авах тухай хууль дүрэмд томоохон өөрчлөлт ороод.

Вьетнам гэх мэт орноос ажиллах хүч авч эхэлж байгаа. Түүн дотор монгол бас яваа.

Үүнтэй холбоотойгоор олон ном, нийтлэл гарч байна.

Түүний нэг нь энэ удаагийн "Нэрийн барааны дэлгүүрийн гадаад хүн" гэдэг ном.

Сүүлийн үед энэ Конбини буюу минийхээр бол 24 цагийн нэрийн барааны дэлгүүрт гадаад хүмүүс их ажилладаг болсон гэнэ.

Миний суугуул нутаг нэлээд хөдөөдөө ордог тул одоохондоо гадаад хүмүүс ажиллах нь цөөн л байх шиг байна.

Гэхдээ л гэрийн ойрхон вьетнам залуучууд их үзэгдэх болсон байна лээ.

Хөөрхийс их л гоё нэрийн дор японд ирээд хамгийн муухай, аюултай гэсэн ажлуудыг хийдэг шүү. Манайхан бас том гоё уриа лоозонд хууртагдаад ирэхдээ сайн бодолцох л хэрэгтэй.

Аан энэ номон дээрх Конбини-д бол бас ч гэж гайгүй "боловсролтой" гадаадууд ажилладаг юм байна.

Дараагийн бичлэгт танилцуулах ном бол үнэндээ л үнэн бодит зүйлийн талаар өгүүлсэн байсан.

Жич: Номын урд талд байгаа амттан бол тайвань амттан. Хэн ч билээ дээ өгсөн. Хан боргоцойтой. Би дуртай...

Японд сурч ажилладаг элэг нэгт улсууддаа бүгдэд нь амжилт шүү...

2019年12月17日火曜日

Шик хатагтай

Энэ аль хэдэн жилийн өмнө билээ дээ уншиж байсан номны орчуулга.

Үгүй ээ яахав монгол хэлээр уншаад авлаа.

Япон хэл дээр нэлээд цаг зарцуулж уншсан тул монгол хэл дээрхийг нь хөнгөхөн нээрээ тэгж бичсэн байсан даа гэсхийгээд хурдан уншсан.

Зарим нэг мартсан зүйлээ сэргээж , хэрэгжүүлэх юм шүү гэж бодов.

Манайхан шиг илүү дутуу новшинд дуртай, хайрцаг ч байсан зүйлээ хаях дургүй улсууд иймэрхүү төрлийн номыг үе үе гаргаж ирэн уншиж байхад илүүдэхгүй.

Кон Мари-н номыг бас дахин сөхөж харах шаардлага тулгараад байгаа. Учир нь гэрийн минь эд зүйлс үнэндээ л хөглөрч байна.

Монгол явуулна гээд л цаасан хайрцганд хийгээд л байгаа. Одоо дахин нэг хайрцаг гаргаж цуглуулсан зүйлсээ хийж баглана даа. Цуглуулсан ч гэж дээ, хэрэглэхээ байсан, өмсөхөө больсон зүйлс минь л дээ.

Хувцас л их цуглах юм даа. Хувцас тэр бүр худалдаж авахгүй байгаа ч таван хүний хөрөнгө гэхээр бас л...

Бүгдэд нь амжилт... Хэрэглээгээ багасгаж, хэмнэлт хийгээд явцгаана шүү...

Ээлжит ном

За байз юун тухай гардаг билээ дээ?

1981 онд Нобелийн шагнал хүртсэн гэж байна шүү.

Тэгэхээр мундаг л хүн байх гээд байна тийм үү?

Марракеш хотоор аялсан тухай дурсамж зохиол. Их сонин дүр зураг бууна.

Үргэлжилсэн үгийн зохиол, хэл шинжлэл талаасаа сайн бүтээл гэж тайлбарласан байсан шүү.

Эх хэлээр нь уншвал бас их сонин байж магад тэ. Герман хэл гэсэн шүү.

 Надад бол таалагдсаан. Хэ хэ. Тухайн хотын их сонин сонин үзэгдлийг бичсэн байсан. Алдарт газар бус нэг тийм энгийн, энгийн иргэдийнх нь тухай гээд л.

Ихэвчлэн алдартай гэсэн газруудаар нь явж, тэдгээрийнх нь тухай бичдэг дээ, аялагчид.

Энд тэмээний тухай, сохор хүний тухай, шинэхэн хосуудын тухай гэх мэт гарна.

За тэгээд өөрсдөө олж уншина биз дээ? Сонирхвол...

Жич: Энэ ногоон шөлний саванд том зулзага өглөө ээждээ хийж өгсөн хулууны шөл байгаа. Өдрийн цайнаараа уусан бөлгөө.

Бүгдэд нь амжилт...

Шавиар сонин сайхан?

Галзуу ганц шавь маань сайн абайгаа. Энэ жил бас их одтой байсөөн.

Элдэв тэмцээн уралдаанд түрүүлэхдээ түрүүлээд, шагналт байранд ороод гээд л.

Одоо дунд сургуулийн 3 дугаар анги буюу манайхаар 9 дүгээр анги. Энэ жил төгсөнө. Ахлах сургуульд орно.

Япон хэлний хувьд яахав ээ, сайжраад л байгаа. Ханз харин муу мэднэ. Олигтой цээжлэхгүй  байх шиг байна. Яриандаа бол сайн.

Ирэх жилийн 3 сар хүртэл бид хоёрт бага цаг үлдсээн. Тэр болтол заах ёстойгоо заагаад л явна даа. Ахлах сургууль нь хувийн сургууль учир надтай ямар ч хамааралгүй болоод явчихна.

Тэгээд л хааяа манайхаар ирэхэд нь л хэл усаа үзэж байгаа биз? Ханзаа цээжлэж байгаа биз? гэж үглэс гээд л явна даа.

Энэ сарын сүүлээр монгол явчихаад ирнэ. Сэтгэл нь догдлоод л, бид хоёрын ярианы сэдэв хариад яах уу? Ээж аав ахан лүүс нь яах бол гэсэн сэдэв рүү хальчихаад л байна. Хэ хэ.

Би ч сарлагийн сүүгээр хийсэн ааруул л захилаа. Ааруул дуусчихсан хүмүүс, ааруулаа санаад л...
Энэ урлагийн үзэлгээр сургуульдаа тавигдсан бүтээл нь. Дүрслэх урлагийн хичээл.
Цэцгийн урлагийн дугуйлангийн сурагчийн бүтээл.

За нэг иймэрхүү.

Бие бялдрын хувьд ч эр өсөж эсгий сунаж байна гэж юүхэв.

Өө тийм бас ном солилцож уншдаг гэж байгаа. Түүхэн сэдэвт ном унших дуртай нэг хүү байна даа.

Том түт хүүтэй ээж аав нарт амжилт...

2019年12月16日月曜日

Тайвань зураг

Явцын дунд том зулзагаас ирсэн зурагнууд. Их л хөгжилтэй байсан сурагтай. Тайвань буцмаар байна аа гэсээр л харьж ирсэн. Хэ хэ.
Хамгийн их таалагдсан нь гэсэн. Одоо ч идмээр байна гэсэн хүн байна.
Мотоцикл ихтэй гэсэн. Зай завсрыг үнэн сайн ашигладаг юм билээ гэсэн.
Мэдээж бас ёолкны мод засаастай.

За тэгээд олуулаа найзуудтайгаа явсан болохоор хөгжилтэй сайхан байсан нь ойлгомжтой доо.

Сургуульдаа ганц гадаад хүүхэд нь болохоор хил гаалиар орж гарахдаа жаахан айж байсан чинь гайгүй улаан шугамаар л орж гарсан гэсэн.

Гэснээс багш сурагчид нийлээд 290-д хүн явсан шд. Бас л нүсэр байна уу?

 Гэрийнхэндээ бэлэгтэй ирсээн. Ээж бол хамгийн дуртай хан боргоцойтой боовоо л захьсан. Урд нь хамт ажилладаг байсан тайвань хүүхнүүд их авчирдаг байж билээ.

Зургийг нь дараагийн бичлэгт...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү.

Тайвань яваад ирсээн

Хэн гээч? Том зулзага аа.

Ахлах сургуулийнхаа 2 дугаар ангидаа бөөнөөрөө явна. Заавал гадаад гэлтгүй дотооддоо бас аялж болдог юм билээ.

Нэг хэсэг солонгос их явдаг байсан бол сүүлийн жилүүдэд тайвань их явдаг болсон сурагтай. Солонгос япон хоёр таарамж муутайг байгааг ч хэлэх үү?

Тайвань хүмүүс чинь их уужуу, дажгүй хүмүүс байдаг гэж байна шд.

Ингэж явахын тулд их эртнээс бэлдсээн. Сургууль болон гэрээрээ. Сургуулиас нь 2 дугаар ангид дэвшин оронгуут нь замын зардлыг нь бага багаар хурааж эхэлсэн.

Бид гадаад паспортоо шинэчлэв. Учир нь бүр 3 насных нь зурагтай гадаад паспортоо сунгуулаад яваад байсан юм. Хэ хэ. Мөн хүчинтэй хугацаа нь ч бага үлдсэн байсан тул нэг мөсөн шинэчилсэн.

Ингэж шинэчлэхийн тулд заавал консулаараа дамжуулдаг юм билээ. Хаа очиж Осакагийн Консул маш шуурхай ажиллаж өгсөн. Баярлалаа.

11 сард тайванийн визээ хөөцөлдсөн. Бүрдүүлэх ёстой материалуудаа бүрдүүлээд. Тайванийг хариуцсан хятадын эдийн засаг соёл хариуцсан газарт хандана. Асуулгын хуудас бөглөж, хэвлэж гаргаад гарын үсгээ зураад авч явна.

Асуулгын хуудас нэлээд төвөгтэй юм билээ. Тайвань дахь бүх зүйлээ жин тан болгочихоод хуудсаа бөглөнө. Зочид буудлын хаяг утас, нислэгийн цагийн хуваарь болон дугаар гээд.

За тэгээд энэ талаар өөрсдөө судална биз дээ? Явмаар байгаа хүмүүс нь. Манайхан чинь хараад байхад нүүр номоор их сонин сонин асуулт тавьдаг юм билээ. Өөрсдөө судална гэж ховор шиг санагдсан. Мэдээж огт мэдэхгүй зүйлээ асуулгүй л яахав. Гэхдээ мэдчихэж болохоор зүйлийг асуугаад байдаг шүү.

Хань ижил Осака явсан. Том газрын консул чинь тансаг газар, тансаг байшинд байрладаг юм байна гэсээр л харьж ирсэн.

Ойр хавьд нь амьдардаг хүмүүс өөрсдөө хөөцөлдөхөд гэмгүй байх. Бид зайтай болохоор зардал ихтэй байсан. Хэдэн жилийн дараа дунд зулзага явахаар бол анхнаасаа аялал жуулчлалын компаниар захьдаг юм билүү? Дүндээ дүн шиг санагдсан.

Том зулзага яваад ирсэн. Дараа бэлэг зэлэгнийхээ зураг хөргийг оруулна аа.

Бүгдэд нь амжилт шүү...

2019年12月13日金曜日

Бага зулзага

Бага зулзага 9 сар хүрчихлээ.

Гэдсэндээ л уддаг, гараад ирэхээрээ цагаар өсдөг гэж юутай үнэн?

Алгаа ташдаг болов.

Нүдээ онийлгож ирээд хошуу нь цорвойдог болов.

Энд тэнд мөлхөөд хог ухдаг болов.

Элгээрээ цэрэг шиг мөлхөөд байснаа хөл гар дээрээ 4 хөллөж мөлхдөг болов. Цэрэг шиг мөлхөөд байсныг нь бичлэгт үлдээхээ мартахаа шахаад, санд мэнд бичлэг хийв. Бичлэг хийх гэсэн чинь дөрвөн хөллөж мөлхөөд болдоггүй, аргаа бараад ээж нь мөөмөө гаргаж байгаад л даллав шд. Тэгсэн хамаг хурдаараа элгээрээ мөлхөөд, бичлэг амжилттай болсон. Ккк

Аан уун, даддаа ддадада  гэж  ирээд л ярьдаг болж байна. Хааяа аав аа гэж хэлсэн гээд аав нь баясаад байна. Ээж ээ гээд хэлд оруулчих юм шүү, хэхэ.

Бор хоолонд орчихсон. Бор хоолонд оруулахдаа суугуул нутгийнхаа өнгө аясыг даганхан л явж байна. Их нухацтайгаар оруулж байна. Шинэ төрөл зүйл өгөхдөө эхлээд маш бага тунтайгаар өгнө. Хэрэв элдэв харшил энэ тэр байвал дор нь арга хэмжээ авахаар.

9 сар хүрчихсэн тул мах өгөх санаатай. Улаан мах гэх юм уу даа. Түүнээс цагаан загас, тахианы махыг бол 7 сартайгаас нь өгсөн.

Албандаа дасаж  л байна. Үе үе бас ээжийгээ дагаж, сэтгэл санаа үймүүлнэ ээ. Яаж зүгээр байхав.

За байз өөр юу билээ? Аан тийм ээжийн үнэнч фэн. Ээжийгээ хажуудаа суулгачихаад өөрөө тэрүүхэндээ элдэв зүйл ухаж төнхөөд, хэсээд байх санаатай. Эргэж нэг харчихаад л. Харин ээж босоод явбал дагаж уйлна.

За нэг иймэрхүү, одоогоор.

Жаахаан маамаатай ээж нартаа амжилт...

Элис Манро

Цувралуудын нэг нь. Ингэхэд энэ цуврал дуусах тийшээ хандаж байх шиг байна лээ.

За байз юуны тухай өгүүлдэг билээ дээ. Хэ хэ. Мартамхай болж байна  шүү.

Учиргүй сайн бүсгүйн тухай гарах юм байх гэсэн чинь өөр байсан.

Сайн бүсгүй ч юм уу?

Талархууштай нь бидний огт таньж мэдэхгүй зохиолч, уншиж байгаагүй төрлийн зохиол бүтээлээс танилцуулж байгаа явдал тийм ээ?

Элис Манро нь бүр Нобелийн шагналт гэсэн шүү. Энэ номыг унших хүртлээ мэдэхгүй л явлаа гэж...

Яг юуны тухай биччихээд, ямар сэдвээр биччихээд Нобел аваад байгаа нь бас их сонин тийм ээ?

Гэх мэтчилэн "мундаг" хүмүүсийн бүтээлээс уншаад байгаадаа баяртай байгаа. Та нар ч бас уншиж үзэхэд илүүдэхгүй байх өө.

Бүгдэд нь амжилт...

Сүнс...

Үүнийг бас олж аваад уншчихсан шүү дээ. Хэ хэ.

Юуны тухай гардаг билээ байз? Аан тийм. 

Ижил нэртэй хоёр математикч  хүний тухай. Багш шавь хоёр.

Нэг тийм сонин учрал ерөөлөөр холбогдоод явчихдаг хоёр дүр төрх.

Гавал хүмүүс л нэг тийм байдаг даа гэж бодон бодон уншсан. 10 жилд байхад тоондаа гавал хүүхдүүд цаанаа нэг тийм өөр байдаг байж билээ. Хэ хэ.

Гэснээс сүнс байдагт итгэдэг өө. Хүн ямар нэгэн зүйлээс айж, биширч, итгэж явах ер нь аминд өлзийтэй гэж боддог болсон. Бодвол ээж болоод, нас яваад байгаатай минь холбоотой байх.

Үе үе гүнзгий "эмор"-дог болжээ...

Бүгдэд нь амжилт шүү.

2019年12月12日木曜日

Эргэж бүү хар

За үүнийг бүр 6 сард уншсан бөлгөө.
Ээждээ загнуулаад л, ном шагайлаа гэж. Хэ хэ.

Гэснээс зун ээжтэйгээ зөндөө их тарвас идсэн. Ирэх зун нүүр номоор яваад л байсан гэдсээ ч билүү, цөсөө ч билүү цэвэрлэдэг аргаар тарвас иднэ гэж бодоод байгаа. Хөхүүлэхээ ч больсон байх байх.

Нээрээ хөхүүлээрээ далимдуулж сайхан идээд л хөвсийгөөд л байж байна. Ккк

Номны тухайд гэвэл яахав зүгээр. Хэ хэ. Насан багадаа шүлэг яруу найраг их сонирхдог байлаа, хуулж бичээд л.

Богино хэмжээний өгүүллэг, нийтлэл уншсан бас их зүгээр юм билээ. Түр саатаад дахин уншихад юун тухай билээ гэж нэхэл дагуул болохгүй.

 За бүгдэд нь амжилт...

Цэцэгс

Цэцэгсийнхээ зургийг авсаар л байгаа.
7 хоног гэрийг минь чимсэн. Гэснээс ийм цэцгийн ваартай болсон. Хүн бэлэглээд. Виноны шилэнд, жижиг тарагны шилэнд гээд л есөн жорын шилэнд цэцгээ хийгээд байсан болохоор өгсөн ч байж магад. Хэ хэ.

Уг нь япон маягийн шавар ваар бий л дээ. Манайхан жаахан голоод байдаг болохоос...
Зуны цэцэг. Уг нь цэцэглэсэн даруйд нь л блогтоо оруулмаар байсан. Даан ч...

Ийм тайлбар олсон тул эндээ бас хуулаад бичлээ.

Гладиолус буюу хонгорзул цэцэг нь эртний грекийн гладиатор гэсэн үгнээс гаралтай, бяцхан илд гэсэн утгатай эрэгтэй хүнд эр зориг, хүч чадлыг билэгдэж өгдөг цэцэг гэнэ. Энэ цэцэг нь 40-с 90см өндөр ургадаг, бутлаг, нэг наст, чимэглэлийн ургамал бөгөөд дотроо маш олон төрөл, олон өнгө байдаг. Мөн хүйтэнд их тэсвэртэй учраас намар 10 сарыг дуустал цэцэглэж байдаг ба хөрс голохгүй, ямар ч хөрсөнд сайн ургадаг онцлогтой үнэхээр үзэсгэлэнтэй цэцэг.
Сарнай. Бас л зун цэцэглээд. Нэг эмээ өгсөн юм. Ирэх зун бас цэцэглэх байх...
Гэх мэтчилэн энд тэнд явахдаа цэцэг харж баясаад зураг хөрөг аваад л явна дөө...

2019年12月11日水曜日

Ахлах сургуулиар сонин сайхан?

Тайлан маягийн зүйл шүү. За тэгээд СБА шүү...

  • Мужийн хэмжээнд ахлах сурагчдын дунд зохиогддог англи хэлний зохион бичлэгийн уралдаанд зохин бичлэг нь явсан гэж байсан юм. Шагналт байранд орсон юм дагуу даа. 

  • Уншсан номын тэмдэглэл бичих уралдаанд мужаасаа шалгараад улсын хэмжээнд оролцохоор бүтээл нь явчихсан. Муждаа шалгарсан тул бас л сүр болдог юм байна. Сонин дээр тавигдаж, шагнал энэ тэрээ гардаж авах гээд л. Мөн ангилал бүртээ шалгарсан хүүхдүүдийн бичсэн сэтгэгдэл цувралаар сонинд хэвлэгдэнэ.
Ээж том зулзагын нэр гарсан сонин бүрийг хадгалав. Зургийг нь авав. Сканардаж пс-дээ хадгалав. Хо хо. Бас л сүрийг үзүүлсэн байна уу?

За сая даваа гарагт шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь болов. Баахан л дарга нар ирдэг юм байна. 3 дарга нь үг хэлсэн. Ном уншихын ач холбогдлыг дурдаад л, гэрийнхэндээ бас талархлаа илэрхийлээрэй, учир нь тэд та нарыг ном унших нөхцөл бололцоогоор хангаж өгсөн шүү дээ гэхийг сонсоод хэлсэн хүнд нь дурлахаа алдав. Хэ хэ.

Багаас нь номын сангаар дагуулж гүйдэг, ном зээлдэг байсны минь л ач гавъяа шдээ гэж дотогшоогоо хөөрөв. Гадагшаагаа даруухан л хүн суув. 

Орой нь том зулзага дарга нарыг үг яасан ч урт юм, жаахан хүүхдүүд бол залхмаар л юм байна гэсэн.

Шагнал нь гээд жуух бичиг, цом? байсан. Зулзага болохоор энэ цомын оронд ном авах эрхийн бичиг байвал зүгээр шүү дээ. Цомоо тавих газар олох гэж бас л хэцүүдэх юм биш үү? гэсэн.

Нээрээ л манайд тэр цомыг нь тавих сирвант байхгүй, хэхэ. Яг одоогоор ёолкныхоо модыг тавьсан ширээн дээрээ, модныхоо хажууд тавьчихсан л байна. Модоо храахаар яах юм бүү мэд.

Жуух нь ч яахав, яг гардуулж байхдаа дэлгэмэл, өөрсдийнх нь уламжлалт япон цаасан дээр бичигдсэн байдаг юм. Түүнийгээ гардаж аваад харихдаа тусгай цаасан хайрцганд хуйлж байгаад хийчихнэ.

Гэртээ ирээд дэлгэж жаазлаад ханандаа хадаж болно. Нэг бол тэр чигээр нь хуйлаастайгаар нь хадгалж ч болно. Бид ч хуйлаастайгаар нь хадгалах байхаа даа.

Гэх мэтчилэн зөвхөн шагнал гэдэг зүйл дээр л хоёр орны соёлын, сэтгэглгээний ялгаа асар их байх жишээний.

За том зулзагаараа жаал гангарчихлаа. Нүүр ном энэ тэрдээ оруулсангүй ээ. Эмээ өвөөд нь хэллээ.Чаддагаар нь эндээ л жаал хөөрлөө. Хи хи.

Томоос том зулзагатай ээж аав нарт амжилт шүү.

Уншсаар л

Монгол номынхоо хажуугаар япон хэл дээрх номоо уншсаар л байгаа. Яахав нэг ном эхлүүлээд нэлээд хугацаа шаарддаг ч.

Дээхэн орж ирсэн ном. Монгол далбаа харагдахаар нь сонирхож дэлгээд, тэр чигтээ зээлээд сар гаран уншсан.

Гадаадад ажилладаг япон хүүхнүүдийн тухай тэмдэглэл. Бас л сонирхолтой санагдсан шүү.

Монголд ажилладаг япон хүүхэн нь ноос ноолуураар занималддаг юм билээ. Танилаг гэдэг компанитай.

Нэрээр нь хайгаад үзэхээр цахим хуудас нь гараад ирэх байх.

Тус бүрдээ тухайн газраа сайтар судлаад л зоригтой алхам хийсэн байгаа юм.

Хальт өөртэйгөө харьцуулж энэ тэр. Зориг зүрх муутай юм аа би ч бас...

Өөрийн төлөө биш бусдын эрх ашгийн  төлөө гүйгээд байна л даа гэж авахгүй юу. Хэ хэ. Бусад гэдэг нь ойлгомжтой биз? Гэр бүл үр хүүхэд...

Та нар минь л хичээдэг юм шүү дээ. Амжилт хүсье өө...

2019年12月10日火曜日

Хагацашгүй

Сүүлийн үеийн зохиол бүтээлээс яаж хоцрохов. Яаж ийгээд л олж уншихыг бодно шүү дээ.
Цүнхлээд явахад амар байсан. Хэ хэ. Тэс хөндлөн сэтгэгдэл бичдэг гэнэ ээ.

За яадаг юм. Мөн гаргаж ирээд уншихад амар, жижигхээн. Ккк

Номын тухай мэдмээр байвал энд тэнд сэтгэгдэл их яваа байх өө. Олж уншина биз дээ.

Ямартай ч би уншсан шүү гэж нотолно оо гэж.

Олон олон сэтгэгдлүүдийн дундаас Д.Болортуяагийн тэмдэглэл таалагдсан. Сонин, авцалдаагүй, үнэмшилгүй санагдсан зүйлсээ дурдаад "зөв" шүүмжилсэн байсан.

Жаахан маамаатай байж ингэж их ном уншиж амжуулсан нь ижий минь хажууд байсны л ач гавъяа шүү дээ. Даанч буцаад удаж байна аа.

Эндхийн халуунаас айгаад л буцсан. Буцсан нь ч болсон доо. Халуунд даралт энэ тэр гээд л асуудал үүсэх магадлал өндөр юм билээ.

Аав минь 3 сар нь болонгуут л ар гэр минь хэцүүдлээ гээд буцаж, ижий минь үлдээд бидэндээ маш их нэмэр тус болсон ачтан байгаа юм. Одоо ч бид хааяа сандралдахаараа эмээг нь дуудъя аа л гэдэг юм. Хи хи.

Энэ мэтчилэн уншсан номныхоо зургийг оруулаад явна аа. За тэгээд СБА шүү. Ккк.

Амттан

Амттанаа багасгах хэтийн зорилготой ч чадахгүй л явна.
Энэ өнөөх ажлын газрын хоёр хятад хүүхний арай залуухан нь хийсэн бялуу. Мэргэжлийн шүү дээ. Угаасаа сургууль соёлыг нь төгссөн гэсэн. Байсгээд л хийж авчирна.
Хулууных гэсэн шүү. Чимэглэл болох усан үзэм нь зүрхэн хэлбэртэй болоогүй ээ бас.
Ингээд дээрээс нь харахаар усан үзэмний зүрхэн хэлбэр нь харагдаж байна уу?

Би гэртээ бас ингэж хийж сурах юмсан гэж мөрөөдөж явсаар байтал том зулзага хийгээд сурчих шиг боллоо. Тэгэнгүүт нь залхуураад хийж сурах минь гэж бодохоо байсан. Охидтой хүн охидоо л зараад байхаас. Хэ хэ.
Зиак энэ хамгийн дуртай амттан минь. Гэхдээ яг энэ чоко биш л дээ. Чоко бол какао ихтэйгээс нь шилж сонгож байгаад авч идээд байгаа. Энэ зураг дээрх бол нэг дор гурван янзын амтыг мэдэрнэ гэсэн үг.

Какао 70, 77, 85-тай. Би бүр 90-тэйг ч идэж чадна. Хэ хэ. Одоо бол сүүтэй энэ тэр гэсэн нь нэг их амттай санагдахаа байсан байна лээ.


Аа бас дотроо дарстай нэг чоко байгаа. Дараа зургийг нь авч оруулна аа. Би гэрийнхнээсээ нууцаар иддэг шүү. Та нар хэлчихэв ээ. Учир нь би чинь хөхүүл ээж шүү дээ. Одоохондоо алкахолын төрлийн ундаа хориотой.

Гэснээс би алкахол хэрэглээгүй хоёр ч жил болох гэж байна. Ай ямар их тэсвэр тэвчээр вэ? Бурхан минь. Дутагддаг бол дутагдахаар их хугацаа яа. Хэ хэ.

Ижий аав минь уншвал ч сэтгэл санаагаар унахаар л зүйл биччихлээ. Ккк

Тэгж байгаад нөхөж ууна шүү гэж дэргэдхээ айлгаад базаад л сууж байна. Нээрээ халуун вино ууж үзмээр санагдаад болдоггүй ээ. Халуун вино ууж үзээгүй хөөн, тэгээд л ууж үзмээр...

За та нар минь ч бас амттанаа тааруулаад, шинэ жилийнхээ гоёлын даашинздаа багтаарай. Энд ямар даашинз энэ тэр гэх биш, бондгор байсан ч хамаагүй байгаагаа өмсөөд л хуучин оноо мартах ёслолд ордог болохоор амар шүү дээ.

Бүгдэд нь амжилт...

2019年12月6日金曜日

Амьд явах урлаг

Амьд явах чинь өөрөө томоохон урлаг юм аа.

Өнгөрдөг өвөл найзаасаа авсан номоо одоо л уншиж байна. Дууссан л даа.

Алга болсон саруудад юу хийснээ тайлагнаад байгаа ухаантай шүү дээ.

За тэгээд СБА шүү. Ха ха. Энэ үгний утгыг сүүлд ойлгосон шд. Эхэндээ ч Сүхбаатар аймаг энэ тэр гэж уншаад л, хохо.

Тэгсэн чинь "Сонирхолгүй бол алгасаарай" гэсэн утгай юм билээ шүү, та минь ээ.

Номын тухайд гэвэл яаж ийгээд нийгэмтэйгээ зохицоод амьдарчихгүй дээ, хосууд маань л гэж бодогдсон. Орос орон ч бас л айхтар ширүүн хэлмэгдүүлэлт явагдсан л байгаа юм. Мань мэт нь олж мэдэхгүй, уншихгүй л яваад байсан болохоос.

Дэлгэрэнгүй сэтгэгдэл энэ тэрийг нэтээс хайгаад уншаарай. Надад бол таалагдсаан. Ихээ олон жилийн өмнө хэн билээ дээ нэгэн блогоос тэмдэглэлийг нь уншаад, авч унших юмсан гэж бодоод, дэвтэртээ монгол руу захь гэж бичсэн байсан юм.

Байнга ном өгч явуулдаг найз нөхөд, ээж аав, дүү нартаа баярлалаа. Ахиад зөндөө ном ээлжээ хүлээгээд бичээстэй байгаа шүү. Хи хи.

Хайртай шүү. Ачийг нь байнга санаж явна аа...

Бүгдэд нь амжилт...

Өвлийн идэш

Өвлийн идэшээ бэлтгээд л түмэн завгүй.
За энэ "идэш"ээ бэлдсэн оройдоо чанаж идсэн нь гэдэг зураг. Хэ хэ. Яаж монголд байгаа хүмүүсээс дутахав.

 Хань ижил ан хийгээд байгаа. Буу шийдэм бариад л. Худлаа худлаа, хавх тавиад. Өөрийх нь тавьсан хавханд тэр бүр зэрлэг гахай орохгүй байна л даа. Туршлага дутаад байх шиг байгаам.

Зав бас их хэрэгтэй юм байна. Ажлын хажуугаар болохоор хагас бүтэн сайнд л нэг зав аргаж хавхаа эргэж тойроод. Зарим амралтын өдөр гэр орны ажил гээд бас л уул хад явж чадахгүй байна л даа.

Хүмүүсийн хавханд орсон байгалийн хишгээс хүртэж байна даа бид. Худалдааны мах авахгүй их зүгээр. Хааяа даа тахианы мах худалдаж авна. Загасыг ч бас хааяа даа л авах юм даа. Яаж ийгээд л мах руугаа л гар минь явчих юм.
Энэ болохоор элэг зүрх бөөр гээд л явж байна.

Зарим хүмүүс элдэв амьтны мах иддэгүй л гэдэг юм. Би ч юуных ч байсан хамаагүй идчихээд байх шиг байна шүү. Хэ хэ.

Хааяа энд сурдаг арван жилийн хүүхдүүд ирвэл бас шарж өгнө, чанаж өгнө. Сайхан л байдаг юм. Инээж хөөрөөд бужигнах ч...

За тэгээд хань ижлийн минь тавьсан хавханд олон олон байгалийн хишиг орох болтугай...

Бүгдэд нь амжилт шүү.

Ааруул

Ааруулыг бид яг л мангас шиг идээд байх юм, сонин.
11 сарын эхээр манайд ирсэн юм. Тэгсэн дуусчихсан. Тос нь бол байгаа, өдөрт бага багаар гаргаж ирж, цайнд хийж ууж байгаа. Охид болохоор тос идэхгүй байна өө. Ааруул идээд байгаа нь их юм гэж бодох юм даа. Зарим нэг хүнд загнуулж магад л юм. Монгол хүн байж бла бла гээд л.

Гэхдээ л бид чинь тэр муу Одбаяраас чинь илүү улсынхаа нэрийг боддог, сэвтүүлэхгүй юмсан гэж боддог за юу. Ха ха.

Арвайн гурил нь бүтнээрээ, одоо идэж байгаагаа дуусгачихаад л иднэ дээ. Надаас өөр иддэг хүн байхгүй болохоор гоё. Ха ха. Удаан дуусна гоё энэ тэр. Ккк.

Ааруулаа худалч хүнд долоо хонолгүй дуусгачихсан чинь явуулсан ээж аав хоёр минь гайхчихсан.
-Ээж нь, айлын тавган дээрээс гоё ааруул байвал авч кармаалдаг болсон.
гэж авдаг юм даа. Нааш нь явуулах гэж тэр. Үнэн их хайр уу?

Хотынхонд ааруул худалдаж авахад бас их үнэтэй болсон сурагтай. Хамаатан ах дүүс минь ааруулаа сайхан чихэргүй хийгээд байгаарай. Бас гурил энэ тэр холилгүй...

Гэснээс япон луу мах махан бүтээгдэхүүнийг оруулахгүй гэж нэлээд чангалж байгаа сурагтай. Бид ч ямар мах захих биш дээ. Төв суурин газар байдаг хүмүүс ёстой зүрх зоригтой юм билээ.

Яадаг гэхээр түүхий мах оруулаад байдаг сурагтай. Хонь, үхэр гээд л.

Өө хааяа борц захьдаг юмсан. Борцоо ч авч чадахаа байх нь ээ. Одоо нэг жаахаан борц байгаа, түүнийгээ хоолондоо үнэртүүлэх төдий л хийгээд идэж байна даа.

Ааруул гэчихээд мах ярьдаг гэнэ ээ. Аргагүй л махчин монгол уу? Хэ хэ.

За бүгдэд нь амжилт шүү...

2019年12月5日木曜日

Сагсчин охин

Мундаг сагсчин охинтой болж байгаа шд. Хэ хэ.

Бөмбөг огт барьж үзээгүй хүүхэд гэнэт сагсны дугуйланд орчихсон гэж байсан даа. Тэгсэн тасралтгүй яваад л байна. Ээж гайхаастай. Хэ хэ.

Мэдээж ганц нэг бэлтгэлээ амарна л даа. Учир нь бидэнд бас хувийн янз бүрийн ажил их гарах юм өө.

Миний ажил нэгээр нэмэгдчихсээн. Хүргэж өгч авна. Хааяадаа сургуулийн заалыг ашиглах боломжгүй үе таарвал жаахан зайтай зааланд очиж бэлтгэлээ хийнэ.
Бэлтгэлээ хийхдээ зөвхөн бөмбөгөө пүүзтэйгаа бариад явахгүй. Дээс, шалны алчуур авч явна.

Бие халаалтаа хийж дууссаны дараагаар үндсэн дасгалаа хийнэ. Явцын дунд дээс үсэрнэ.

Шалны алчуурыг нь би бэлтгэлээ дуусчихаад л заалаа цэвэрлэж арчдаг юм байх гэж бодож байсан чинь үгүй юм байна.

Мэдээж дууссаны дараагаар заалаа арчина л даа.
Ингэж зураг дээрх шиг дасгал бас хийдэг юм байна. Жаахан хатуу биетэй хүүхэд бол их хэцүү байдаг гэж байна шд. Дунд зулзага минь хатуу талдаа, өвддөг гэсэн бие нь. Хэ хэ.

Сагсаар хичээллэж эхлээд гарсан өөрчлөлтөөс бичих үү? Ганц нэгийг.

Нэлээд идэмхий болж байна. Хамгийн том өөрчлөлтийг тусад нь бичлэг оруулна аа...

Бүгдэд нь амжилт...

Ахлах сургуулиар соних сайхан?

Ахлах сургуулиар сонин ихтэй. Том зулзагаар сонин ихтэй гэсэн үг шүү.

  • 7 сард Осака хот дахь нэгэн их сургуулийн нээлттэй танилцуулгад очсон. 

2 жилийн дараагаар оюутан болно, түүндээ ахлах сургуульд орсон цагаасаа эхлээд л бэлддэг юм байна. Хэд хэдэн их сургууль сонгоод, түүндээ бэлдээд элдэв шалгалт өгөөд явдаг юм байна. Өөрийнхөө хүч бололцоонд нийцсэн, сурах хүсэлтэй салбар нь байгаа эсэх гээд л сургуулиа сонгох чинь бас л...

Ээж аав бол энд сурсан үүх түүх байхгүй тул 100 хувь өөрт нь даалгачихсан байгаа. Үе үе хөндлөнгөөс бага зэрэг үглэс аядаад л явж байна.
  • 9 сард мужийнхаа англи хэлний илтгэлийн тэмцээнд сургуулиасаа шалгараад оролцов. Шагналт байранд орж чадсангүй ээ. 

Гэхдээ яахав, өөрт нь туршлага болох тул ээж бол баяртай байгаа.

Олны өмнө гарч ярьж сурахад, бодсон санаснаа гадаад хэлээр илэрхийлэхэд, нүүр хагарахад гээд л олон давуу талтай тийм ээ. Хэлүүлэлтгүй...

  • Мөн 9 сард болсон сургуулийнхаа урлагийн үзлэгээр ангиудын онцлогийг илэрхийлсэн туг далбаа нь түрүүлсэн. 
Том зулзага зурсан гэсэн. Мэдээж ангийх нь охид будахад нь тусалсан гэсэн. Ангиа төлөөлж тайзан дээр гарч шагналаа авсан.

Анги даасан багш нь хөөрөөд бүх сурагчидаа нэлээд тансаг мөхөөлдсөөр дайлсан. 

  • Англи хэлнийх нь зохион бичлэг сургуулиасаа шалгараад мужийн хэмжээнд оролцохоор илгээгдсэн. 

  • Уншсан номын тэмдэглэл нь бас шалгараад мужийн хэмжээнд оролцохоор явчихсан байгаа, хариу нь ирсэн. Дараагийн бичлэгт орууламз.
  • Ахлах сургуулийн 2 дугаар ангийн манайхаар бол 11 дүгээр ангийн нийт 270-д сурагчид 10 хэдэн багш нарын хамт дадлага аялалаар Тайвань явна. Энэ талаар бас тусад нь бичнэ ээ. Виз энэ тэр гээд л...
За нэг иймэрхүү том зулзага маань гялалзаж байна. Түүнийг нь дагаад ээж аав нь бас хичээх хэрэгтэй шүү гэж эрч хүч аваад л гялалзаж байна даа.

Томоос том зулзагатай ээжүүдэд амжилт хүсье.

Өөдлөх айл үүднээсээ

Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ.

Япон айлуудын үүд их гоё оо. Гэхдээ бүгд бас биш л дээ.
Энэ зураг Сүхбаатар өвөөгийнх. Нээрээ нэрээ солиод Тэмүжин болсон шүү дээ.

Байнгын уншигч нар маань бол мэдэж байгаа тийм ээ. Шинэ уншигч нар харин юун Сүхбаатар өвөө билээ? гэж бодож магад.

Монголд дуртай, монголоор өвчилсөн нэг өвөө байдаг юм аа. Өөрөө өөртөө монгол нэр өгөөд л, их эзэн хаантай минь адилхан болох гэж сахлаа ургуулж, манай гэр бүлийг маань байнга магтан дуулдаг нэг тийм өвөө.

Саяхан гэрээр нь ороод гарахдаа өөрийн эрхгүй л энэ зургийг авсан. Самган нь цэцгийн урлагийн багш болохоор гэртээ бас их гоё гоё цэцэг чимж тавина. Сэтгэл баясаад сайхан гэж юүхэв.

Бүгдэд нь амжилт шүү. Үүдээ сайхан тохижуулаарай.

Гэснээс манайх одоохондоо хөглөрөөд л байгаа, тэгж байгаад үүдээ зад янзална аа. Хэ хэ...

2019年12月4日水曜日

Манай бүдэрсэн баатар


Хуучин блогтоо, дээхэн цувралаар авч байсан жижигхэн номнуудаас оруулдаг байсан даа. Тэрнээсээ уншаагүйгээ сонгож аваад уншиж байгаа.

Энэ их хөөрхөн бичигдсэн байсан. Ёгт хэлбэрээр тухайн үеийн солонгосын нийгмийн байдлыг дүрсэлсэн.

Хаа газрын сургуульд атаман, дагалдан баясагч, үл ойшоогч, дүлий дүмбэ царайлсан гээд л олон дүр төрх байх юм тэ.

Уншиж байх явцдаа тэртээх арван жилээ дурсан санасан шиг ээ л уншив.

Нэг өдөр уншиж амжаагүй тул завсар зайгаар нь өөрийгөө эрхлүүлээд амжиж байгаа юм.

Сүүлийн үеийн нэг дадал гэвэл шинэ ном эхлэхдээ заавал нэг бялуу ч юм уу амттан авч иддэг, түүнийхээ зургийг номтойгоо зэрэгцүүлж тавьж байгаад л зураг дардаг болжээ.

Энэ бялууг бага зулзагын цэцэрлэгийин хажууд байрлах жижигхээн дэлгүүрээс худалдаж авч идсэн. Бялууны дагнасан дэлгүүр...

Өдөр бүр зулзагаа өгч авахдаа хажуугаар нь өнгөрдөг болохоор дээрээс хойш л авч идмээр бодогдоод байсан юм.

Гэснээс бага зулзага маань гэрийнхээ хамгийн ойрхон цэцэрлэгт орж чадаагүй. Жаахан зайтай газар. Тэрнийх нь хажууд энэ бялууны газар бий. Зулзагынхаа ачаар шинэ газар, шинэ танилуудтай болсон.

Эрхлэгч багш нь таалагдаад байгаа. За энэ албаны талаар жич бичээд явах байх өө.

Ном бол таалагдсан. Энд тэнд тэмдэглэл нь бичигдсэн байж магад. Олж уншаарай.

Бүгдэд нь амжилт.

Фийка

 Ном унших гэж бөөн сүр болж байна уу? Хажуудаа заавал нэг амттан тавиастай. Хэ хэ. Бразил амттан шүү. Нэлээд нялуун...

Фийка гэдэг нь fika гэсэн швед үг.Утга нь ямар нэгэн амттан идэнгээ кофе уух. Хүүхдүүд бол цай, ундаа гээд ууна гэсэн.

Агуулга нь, хэт их ажиллалгүй, өдөртөө, сардаа жилдээ фийка-г хэд хэдэн удаа, энгийнээр хийж байх гэсэн санаатай.

Сүүлийн үед хэт их ачаалалтай ажиллаад байгаа ард иргэдийнхээ ажиллах арга барилыг өөрчлөх санаатай элдэв л дүрэм журам, хууль энэ тэр гаргаж, нэмэлт заалт энэ тэр оруулж байна л даа.

Энэ ном ч мөн адил хэрхэн ядралгүйгээр, стрессдэлгүйгээр ажиллах, амьдрах талаар зөвлөгөө өгсөн ном. Зохиогч нь өөрийн туршлага дээр үндэслэн, хэдэн жил амьдарсан, хамтран ажилладаг улс болох Шведийнхээ сайн талыг нь жишээ болгон бичсэн байсан.

Ширээнийхээ ард суусан л бол пс-гээ гөлрөөд нам болчихдог, хоорондоо ч нэг их ярьж хөөрдөггүй япончуудад л зориулсан юм даа. Манайхан шиг сайхан буу халдаг улсуудад нэг их хэрэггүй ч байж магад.

Гэхдээ яахав, дан ганц амттан идээд л кофе уугаад байх тухай биш, эргэн тойрон, орчин, дасгал хөдөлгөөн, хобби сонирхол энэ тэр талаар ч бас бичсэн байсан л даа.

Надад бол таалагдсан. Европ явах юмсан гэсэн хүслийг минь бадраачихсан. Гадаа цастай, гэрт дулаахан, зуухны өмнө суугаад ном уншиж буйгаар өөрийгөө төсөөлөөд л уншиж дуусгалаа даа. Хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлнэ дээ.

Бүгдэд нь амжилт.

Зпагетти утас

Нэлээд дээхнээс сонирхол татаад байсан утас.
Яг ч утас гэхгүй л дээ. Даавууны үлдэгдлийг нарийхан хайчлаад нэхмэлд ашигладаг.
Зүү нь бас тусдаа зарж байхаар нь худалдаад авчихсан. Гол нь тавин хувь хямдраад, дээрээс нь бас дахин 21 хувь хямдарчихсан байсан юм. Тэгээд л шунал хөдлөхгүй юу золиг гэж. Хэ хэ.

Дараагаар нь сэтгэлийнхээ хөөрлөөр дахин 4 бондгор утас авчихав аа. Тэгсэн яасан? Нимгэн утас худалдаад авчихсан байдаг юм даа. Хямдралд хамаг анхаарал нь явчихсан хүн чинь утас нарийн бүдүүн гээд төрөлтэй байдгийг таг мартааский. Хямдралын хугацаа дуусахаас өмнө гэж бодоод л яаран, сандран, хөөрөн байж авсан чинь...

Энэ зураг дээрх утсаа бүтээл болгочихсон. Дивандаа дэвсгэр нэхсэн, одоогоор гуравны нэг нь л нэхэгдсэн гэсэн үг. Үргэжлүүлээд нэхэх гэхээр утасгүй, дараагийн хямдралыг хүлээгээд л сууж байна. Нэмж авсан утаснууд маань гэрт хөглөрөөд л байж байна. Гэрийнхнээсээ тас нуучихсаан. Элдэв хэрэггүй зүйл авлаа, бла бла гэж үглэдэг хүн өөрөө хачин наймаа хийчихсэн болохоор.

Тэгж байгаад л гаргаж ирж бүтээл болгохоос. Хэ хэ.

Бүтээлүүдээ нэхэж дуусгаад л нэг мөсөн зураг оруулна аа. Тэвчээртэй хүлээгээрэй. Бүгдэд нь амжилт шүү.

Нэг зүйл захихад сэтгэлийн хөөрлөөр худалдаа хийхгүй байхыг зөвлөе өө.

Аан тийм энэ утсыг англиар нь зпагетти гээд хайхаар үүх түүхтэйгээ нэт дээр гараад ирж байна лээ шүү, сонирхвол хайж үзнэ биз дээ?

2019年12月3日火曜日

Хөрш эмээ

Хөрш эмээгийн бүтээлээс зургийг нь орууллаа. Байсгээд л хонх дардаг юм. Заримдаа өглөө эрт хаалганы бариулаас дүүжлээд орхичихсон байна гээч.

Ээж аав хоёрыг минь байхад өөрийн хийсэн япон амттангаасаа амсуулаарай гээд л барьж гүйгээд байсан. Хөөрхөн.
Хулуугаар хийсэн бөмбөлөг. Би хачин их дуртай байгаа. Маш сайхан амттай. Ам бүлийн минь гишүүдийн тоогоор өглөг ч би давуу эрх эдлээд хоёрыг иддэг гэж байгаа. Одоогоор бага зулзага идэж хараахан чадахгүй тул.
Бүр 11 сарын эхээр оруулж ирсэн. Хийж туршаад, жаахан үзэмж муутай болчихлоо гэсээр бариад ирсэн. Нэг тийм хөвсгөр, зөөлөн болсон байсан. Дараа жинхэнээсээ хийгээд өгөөрэй гэж хэлэнгээ алдсан. Ха ха.
Байсгээд л тор дүүрнийг барьж ирдэг илжгэн чих. Арай бандгар төрөл бас байна. Энэ өндөг шиг зуувандуу хэлбэртэй нь. Гэрийнхэн маань хатууд нь дуртай, би болохоор нялцгай зөөлөнд нь ч адилхан дуртай, хатууд нь ч дуртай.

Гэх мэтчилэн хөршийн холбоо минь бат бөх оршсоор л...

Тайлан ба бага зулзага

Юу бичихээ мэддэггүй ээ. Хэ хэ.

Ямартай ч 5 сараас хойш хэл сураггүй байх үеийнхээ тайлангаас тавиад явах уу даа?

3 сард төрсөн гайхал минь 9 сар хүрэх гэж байна.
Энэ зураг дээрх шиг л байна. Хурдан юм дөө, цаг хугацаа. Ямар сайндаа том зулзага маань "Жаахан маамаа ийм хурдан хөгжиж байхад би ерөөсөө хөгжөөгүй байна, яах уу?" гэсэн шд.

4 сартайгаас нь яслид өгчихсөн. Дасаж л байна. Багш нараа бас ялгачихна аа. Ээжийгээ дуурайгаад хөөрхөн багш нартаа дуртай, малийж ирээд л дуртай нь аргагүй очно. Ха ха. Эмээ багш нараа голох янзтай, их эд ээ...

Улам л эгдүү болж байна даа, шинэ эрдэм сураад л, хайр хүргээд л, бүгд л хайлж урсаж байна.
Дунд залзага дүүгээ ингэж зурсан.

Таами гээд хөөрхөн хүүхэлдэй байна аа. Найзын минь ээж зун ирэхдээ бэлэглэсэн юм. Одоо Аами нь ирж яваа. Хэ хэ.

Уламжлал ёсоороо шинэ эрдэм зэргийг нь мартахгүйн үүднээс блогтоо бичээд явна шүү. Сонирхолгүй бол алгасаад явчихаарай...

Намрын өнгө

Шинээр нээсэн тул орж гарах хүн ч алга дөө, орж гардаг хэдийхээрээ орж сэтгэгдэл үлдээе дөө.

Тэд маань ч бас намайгаа санаж байгаа байх. Аймаар горьдсон, санаагүй бол яанам бэ?

Зүгээр суухаар ганц нэг зураг оруулна аа.
Энэ зураг бол нэгэн бага сургууль явах замдаа дарсан бөлгөө. Цэцэгт байцаа шиг харагдаад байхаар нь өөрийн эрхгүй д л дарав. Эндхийн марын нэгэн өнгө аяс юм даа. Уул нь ингэж алагладаг.
Сургуулийн нэгэн заалны цонхоор. Уулс дунд байрлах жижигхэн хөөрхөн сургууль. Харин хүүхдүүд нь сахилгагүй талдаа. Багш нь цоглог талдаа.
Илжгэн чих. Улирал нь болохоор залхтлаа л идэж байна. Хөрш эмээ минь манайх руу зөөгөөд л. Бид баярлалаа гэж алгаа тосдгоороо тосоод л байна байна даа.

Гэх мэтчилэн зураг хөрөгтэй бичлэгүүдээрээ булж өгнө өө, шинэ блогоо. Шинэ ч гэж дээ, үргэжлэл нь юм шүү дээ уул шугамандаа...