ラベル Дунд зулзага の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Дунд зулзага の投稿を表示しています。 すべての投稿を表示

2026年7月4日土曜日

Гэрэлт цох

Гэрэлт цорхой үзсэн юм. 6 дугаар сард...
Уламжлалт бичлэг. Үе үе ингэж зураг оруулаад бичдэг байх шүү. Түрүү жил бичсэнээ мартчихаж ээ. Хэ хэ. 
Хань ижил их ач холбогдол өгч жил бүр биднийг авч явдаг... Ингээд харахад царай муутай хар хорхой байгаа биз? Хэ хэ.

Бусад монголчуудаа ч уриалаад, санал болгоод, боломжтой үедээ хамтдаа дагуулж явдаг.
Жилээс жилд тоо нь цөөрөөд гэж ярьдаг юм. Зарим газар хамгаалалтдаа аваад, өсөж үржихэд нь анхаардаг. Бөгс нь гэрэлтдэг. Байгалийн бас нэгэн гайхамшиг тул хүмүүс сонирхож, хөөрхнийг нь, өвөрмөцийг нь гайхан шогшдог байх...

Тайлагдашгүй нууц их юм даа, тийм ээ? Энэхүү цэнхэрхэн бөмбөрцөг минь.
Бид ч гэрэлтдэг нь хачирхалтай санагдаад, гартаа ингэж ойрхон барьж үзэж, хорвоотой танилцдаг. Ялангяуа бага зулзага ихэд сонирхоно.

Бороо хур сайтай жил илүү үрждэг шиг санагддаг. Угаасаа голын эрэг дагуу чийгтэй газар өсөж үрждэг юм билээ. 

Ирэх жил ч явна даа... Уул усны ойр нь.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年2月13日金曜日

Цасан Тоторо

Цонхолсон өдрөө манай хоёр зулзага гадаа өнжсөн. Урд өдөр нь гэрт бүгсэн улс чинь агаар дутагдсан юм уу? Эсвэл гадаа аятайхан байсан болохоор ч тэр юм уу? 

Орж гаран л гадаа өнжих шив дээ? Ээж бас амарч таарсан тул цонхоор харж баясав. Хэ хэ. Гарсангүй. 

Эгч дүүгээ хөөргөөд л манлайлаад л гарав. Цас ухаж төнхөөд л, манай хүрз эвдэрсэн байсан тул хажуу хөрш эмээгээс хүрз зээлж аваад л бүтээл туурвиад л байв. 

Сүүлд зураг үзсэн чинь нэг иймэрхүү. Тэр хажуугийн жижигхэн нь Олөф хийсэн чинь нар төөнөөд хайлаад урсчихсан гэсэн. Хэ хэ. 

Эгчийн бүтээл. Дүү яахав хажууд нь далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч гүйсэн. Лууван л гэнэ, чулуу л гэнэ, ус л гэнэ гээд л орж гарч гүйгээд л. Хөөрхөн гэж.

Бас нэг бүтээл байсан. Юу ч гэлээ, дуу мууны л нэр хэлэх шиг болсон. Сүүлд зураг өгсөн байсан ээжид. Ээж түүнийг нь нэг их тооснгүй, мэдэхгүй юм чинь...

Сүүлийн хоёр хоног харьцангуй гайгүй, цас орсонгүй. Хайлж байна. Төв замууд бол хар. Цасыг бол дор нь л цэвэлрээд, автобус унаа явахаар болгочихож байгаа юм. Юун төлөө бид чинь хотын янз бүрийн татвар төлдөг билээ дээ? Тэр татварын мөнгө минь иймэрхүү зүйлд зориулагддаг. 

Цас орохоор хамгийн их баярладаг улс нь зулзагууд байна, хамгийн ихээр халширдаг хүмүүс нь мэдээж томчууд. 

Токио хотоор бас цас хаялаад ихэнх таньж мэддэг хүмүүж стори хийсэн байсан. Өө иймхэн цасанд эмороод байх юм гэж мэгж бодов. Гэтэл хойд Хоккайдо нутаг, Аомори муж ч гэх юм уу цас мөсний оронд амьдардаг хүмүүс өрөвдсөн байх даа. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年2月11日水曜日

Цас ба цонхолсон нь

Сая амралтаар цас хаялав. Нэлээд том ширхэгтэй, тогтуун малгайлж орж харагдсан юм. Орой нь унтахаасаа өмнө цонхоор харахад л. За энэ ч овоо орох нь дээ гэсэн, яг л хэлснээр орсон байв. Өглөө нь цонхоороо харахад. 

Цас яг орж байхдаа сайхан л даа. Дараагаар нь ажил ундарна. Энэ тухай их бичиж байгаа дөө, тийм ээ? Энд дахин бичих нь илүүц байх...
Хөшгөө нээгээд харахад ийм болсон байв. Хөшиг хэрэггүй юм биш үү, ээжээ? гэж зулзага хөөрч байна аа. Нээрээ тийм юм байна гэж хамтдаа хөөрөн, хамаг хөшгөө нээв.

Тэр өдрөө гарч тоглосонгүй. Учир нь хүйтэн байв. -2 хэм. Хамгийн гоё нь гэрийн сантехникийн автомат тохиргооноос анхааруулж байна аа. Хоолой хөлдөхөөс сэргийлж 15 см хэртэй ус тосох тохиргооны товчыг дараарай гэв. Хэрэв ингэж анхааруулга өгөхгүй бол бид мэдэхгүй усны хоолойгоо хөлдөөх нь байна шүү дээ.
Гадаах амбаарны дээр тогтсон цас. Ингээд засчихсан үсний засалт шиг. Ха ха. 

За тэгээд тэр өдөржингөө, шөнөжингөө орно гэж цаг уурын мэдээ зарлаад, гадуур дотуур хамаагүй орж гарахгүй байхыг анхааруулж байв. Зулзагууд ч маргааш "цонхлоосой" гэцгээв. 

Яг санаснаар нь цонхлов. Хэ хэ. Цонхолсон өдрөө гадаа цасаар тоглосон. Ээж харж баясаж, хайр хүрээд л суув. 

Цагаан сар болох гээд байдаг, бууз чимхэхгүй бол ч гэж бодсон хэрнээ нэг л онгод бууж ирэхгүй л байна.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年9月5日金曜日

8 дугаар сарын өнгө

9 сар эхлээд эхний 7 хоног өндөрлөх гэж байна өө. Минйи гэр бүлийн хувьд хичээл эхлээд жигдрэх талдаа оров. 

Зуны даалгаваруудаа амжиж хийцгээгээд өгөв. Эгч харин хэдэн зураг нэмж зураад авч явсан. Усан будгаар. Хэд хэдэн уралдаанд зургаа явуулж, шагнал аваад, ээж ааваасаа урамшуулал болгож мөнгөн шагнал авах юм гэсэн. 

Өөрийх нь санаагаар бол шалгарах юм байх өө. Хаанаас ч гардаг юм, тэр их итгэл. Хэ хэ. 
1 дүгээр ангийн сурагч минь зунжингаа усалсан бодонцог цэцгэнд нь ийм нил өнгө голчилсон болохоор тэр юм уу? Зурсан зураг нь, будсан зурагнууд нь ч ийм өнгөтэй байлаа. 

8 дугаар сарын өнгө гэж нэрлэв. 
Бас нэг будсан зурсан зураг нь. 

Эгчийн зурганд мөн л хөх өнгө голлох үүрэг гүйцэтгэсэн харагдана лээ. Ээждээ үзүүлж, магтуулж магтуулж байгаад л зургаа хуйлаад аваад явсан. Ганц нэг нь байр эзэлж ээж ааваасаа хүсээд байгаа тэр мөнгөн шагналаа аваасай гэж ээж нь ч залбирна аа. 

Хэн нэг нь мөнгө бэлэглэвэл ээж нь талыг нь аваад хадгалчихдаг юм. Ирээдүйд хэрэгтэй, ангиараа ийш тийшээ зугаалахдаа гарын мөнгө чинь арвин байвал гоё биз дээ? 

Гэж мэгээд л аль болох үрүүлчихэлгүйхэн авч хадгалж өгөх гэж зүтгэнэ. Хүүхэд л болсон хойно найзуудтайгаа орж гарч үрэх гэнэ. 

Гэхдээ байна аа, японы нэг сайхан нь бага дунд ангийн сурагчид тэр бүр гадуур дэлгүүр хэсээд байхыг нь зөвшөөрдөггүй. Ялангуяа ажлын өдрүүдэд. Хагас бүтэн сайнд харьцангуй гайгүй. 

9 сарын өнгө ямар байх нь уу? Хичээл ном гээд зураг зурах завгүй л байх болов уу? Хамгийн гол нь жаахан сэрүүсэх хэрэгтэй байн аа? Энэ байгаль дэлхий. 

Өдөр бүр нэмэх 35. Буурдаггүй ээ. Эх оронд минь "өвөл" болчих гээд сандаргаж байхад. Энд халуун зунаараа. Хольж хутгаж байгаад голоор нь хуваачихмаар л байна шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月29日金曜日

Жоом

Суугуул мужийн музейд шавжны тухай булан нээгдээд, нэлээд удаж байгаа юм. Хүүхдүүд үнэгүй тул хоёр зулзагаа үзээд ир гэж оруулчихаад, ээж өөрөө номоо уншингаа хүлээсэн. Нэг цаг гаран сайхан номоо уншиж, аз жаргалын даавраа ялгаруулсан. 

Эгчид нь гар утсаа өгч оруулаад, зураг дараарай гэсэн. Хэдэн хөөрхөн зураг дарсан байв. Би түүнээс нь сонгож нүүрном, инстадаа оруулсан. 

Япон жаалууд хорхой шавжтай их ойр өснө өө. Бүр тэжээдэг нь ч бий. Би бол нэг их дуртай биш ээ. Гэснээс яг одоо нэг хөөрхөн дуугардаг шавж гарч ирдэг улирал тул гэрийн гадаах модонд суучихсан, орж гарахдаа дууг нь сонсон таашаал эдэлнэ. 

Байгальтайгаа ойр гэж өөрийгөө баясгаж байгаа царай нь л даа. Хэ хэ. 
Хүрэлзгэнэ гэдэг шавж. Юу билээ гэж хэсэг бодлоо шүү дээ. Яг мартах гэж байна. Японоор нь мэдээд байгаа хэрнэ ээ. Ямартай ч эндээ бичиж үлдээлээ. Дараа мартахаараа орж ирж хайна. Японоор нь коороги. 
Нэг ийм хөөрхөн өнгийн эрвээхийн зураг дарсан байсан. Багадаа гоёмсог өнгөтэй эрвээхий харахаараа хөөж гүйдэг, хөөрөн баясдаг байж билээ. 

Эрвээхэй эрвээхэй 
Эргэн эргэн нисээрэй

Гэж дуулаад л. Гэснээс эрвээхэй, шавьж гэж бичдэг байсан санаад байгаа юм. Яг аль нь зөв эсэхийг мэдэхгүй, хааяа бичихдээ монгол толь бичигнээс хардаг юм. Ялангуяа орчуулга, албан захиа гэх мэтийг бичихдээ. 
Энэ хэсэг хамгийн хөөрхөн нь байсан. Жоом ч гэсэн хорхой. Нэг ажилтан нь ийм хувцас байгаа, өмсөж зургаа авахуулж болно гэсэн гэнэ. Эгч ч сахилгагүй зан нь хөдлөөд, дүүдээ өмсгөөд зураг дарж, бичлэг хийсэн байсан. 

Тэгснээ аав ээждээ, "Дүү жоомтой уулзаж үзээгүй байгаа. Дараа тааралдахаараа сайн байна уу? Жоом гуай гээд таньдаг байх хэрэгтэй. Жоом ч хараагүй, нялцгай бацаан" гэж авсан. Бид хоёр ч татаад унасан. 

Нээрээ л ойрд жоомтой байлдаагүй юм байна. Түй түй. Ингэж даапаалж бичих амархан ч, яг жоом гуай айлчлаад ирвэл пүү паа болоод аавыгаа л урдаа барина даа бид ч. Ха ха. 

Одоо ашгүй, эр баатар зулзагатаа даатгачихаад, орилоод сууж байх минь. Хо хо. Хөөрхий эрчүүд ээ гэж. Өрөвдчихлөө. 

Аягүй бол ээж нь хүүгээ өрөвдөөд, хайрлаад, эрхлүүлээд өөрөө урдуур нь орчихсон, алив тэр жоом гуай хаана байна гээд ханцуй шамлан дайраад, аягүй л бол нүцгэн гараараа барьж аваад бяцлах вий дээ. Чадна шүү, цаадах чинь. Ха ха. 

За ингээд өндөрөхгүй бол бие арзаганачихлаа. Шөнө жоом зүүдлэх вий дээ. Холуур холуур...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月15日金曜日

Төгөлдөр хуур

Жилд нэг удаа төгөлдөр хуурынхаа дугуйланд сурсан мэдсэнээ тайлагнадаг юм. 
Долоо хоногт нэг удаа очиж 30 минут хичээллэнэ. Гэртээ тэр бүр давтахгүй ээ. 

тайлан нь ойртохоор л сар гаран өдөр бүр давтана. Гэхдээ хангалтгүй ээ, тоглох "ая"-аа хэд дарснаа тоолчихно. Насныхаа тоогоор дарж нэг үзнэ. Онгирохоороо 10 удаа дарна гэж томроно. Яг дараад суухаараа гэнэт л залхуурна. Хэ хэ. 
Эгч яахав, өөрийн дураараа үе үе давтана. Ер нь хичээлээ хий, төгөлдөр хуураа давт гэж байнга үглэхгүйг хичээж буй. Үе үе уур хүрэхээрээ нэг сайн хэлж өгнө. 

Ээж аавын санаагаар бол төлбөрийг нь төлөөд, хүргэж өгч аваад, гэрт нь ижижг боловч төгөлдөр хуур авч тавиад, багш нь олдоод гээд бүхий л боломжоор хангаад өгчихөж байхад үглүүлэлгүй хичээнгүйлэн суралцаад явчихмаар. Хо хо. 
Эхний зурган дээр харагдаж буй цэцгийн баглаа. Тололт дуусахад сурагч бүр нэг нэг цэцэг сонгож авна. Мөн ууттай бэлэг авна. Жижигхэн бялуу, төгөлдөр хуухр, ноот гэх мэтийн зурагтай харандаа, наалт гэх мэт зүйлс байна, ихэвчлэн. 

За тэгээд мэргэжлийн төгөлдөр хуурч болох биш дээ? Огт дарж сураагүй байснаас л дээр юм даа, хөгжмийн боловсролтой болоод гэж бодон ижий аав нь өөдрөгөөр бодон зүтгэх байна дөө. 

Ямартай ч намайгаа бодвол соль тулхүүр, до рэ ми гээд таньдаг болчихвол ч тийм ээ? 

Зулзагуудтай ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай. 

2025年8月13日水曜日

Үлээврийн тэмцээн

Ойрын сонин сайхнаасаа бичих үү дээ? 

Зулзагын үлээвэр хөгжмийн тэмцээн болсон. Энэ жил ч гэсэн алт авсан. Гэхдээ харамсалтай нь цаашаа бүсийн тэмцээнд шалгарч явсангүй. Өнгөрдөг жил бүсийн тэмцээнд шалгарч явсан юм. 

Энэ жил хэдийгээр алт авсан ч цаашаа бүсийн тэмцээнд шалгарч явдаг алт, явдаггүй алт гэж хоёр янз байдаг юм билээ. 

За тэгээд хариугаа сонсчихоод бөөн л уйлаан майлаан. Дуугаа хураасан, барайсан л улс байлаа. Зулзага төгсөх анги тул хариуцлага нэлээд өндөртэй л тэмцээнд оролцсон. 

Тэмцээн болсон тайз бүхий байгууламж

Багаас нь төгсөх анги, дээд ангийн сурагчид нь доод ангийнхандаа үлгэрлэх, сургах, заах гээд л хариуцлага өндөртэй, үүрэгтэй болчихдог юм билээ. Сэнпай, коохай гээд. 

Зулзага ч лимбэ тоглодог "коохай"-тай болоод бөөн баяр байсан. За тэгээд тэр коохай нь хөөрхөн мэрийлттэй, эвсэлтэй байвал бүр л хөөрөөд, баярлаад, чин сэтгэлээсээ зааж сургах гэж хичээдэг юм билээ. 

Гурван жилийн турш шамдаж хичээллэсэн дугуйлангаа ерөнхийдөө ингээд төгсөнө. Намар хичээл эхлэхээр ганц нэг жижиг тоглолт бий. Тэмцээн бол биш. Тэгээд л өвлөөс ахлах сургуульд элсэх шалгалтандаа бэлдэнэ дээ. 

Гадаах тоглоомын талбайн сагсны шийд. 

Бид захыг нь мушгина. Мөнгөө бэлдэнэ. "Хадгаламж хадгаламж хадгаламж" бас дахин хадгаламж. 

Ахлах сургуулийн бэлтгэлийг сургуулиас нь бага багаар хангаад л байх шиг байсан. Ахлах сургуулиуд нээлттэй өдөр зохион байгуулаад, сонирхсон хүмүүс очиж танилцана. 

Зарим идэвхтэй ээж аавууд хүүхэдтэйгээ хамт очиж танилцана. Бид архаг ээж аав юм болохоороо хамт яваагүй ээ. Би л нэг сургуульд хүргэж өгчихөөд л буцаад ажилдаа явсан. 

Тэгсэн нэг хятад найз охинтойгоо хамт явж байна гэнэ шүү. Охин нь зулзагаас минь нэг дүү, ахлах сургуульд орох нь ч нэг жилийн хойно. Хятадууд нээрээ л айхтар юм аа, тийм ээ?

20-р зуун лийрийн амттай мөхөөлдөс. Зулзага хариугаа хүлээж байх зуураа долоосон.

Ганц хүүхэдтэй л дээ. Түүндээ хамаг байдаг чадлаараа л анхаарч, мөнгөө зарцуулна. хажууд нь би гурван зулзагатай, томдоо л жаахан анхаарсан. Дүү нарыг бол тэгсгээд л "халтуурдаад" байх шиг. Хэ хэ. 

За энэ ахлах сургуулийн тухай тусад нь бичнэ ээ. Өмнөх том зулзагын тухай бичсэнтэй төстэй л байх болов уу? Бас ч гэж овоо хэдэн жил өнгөрсөн тул жижиг сажиг өөрчлөлт орж магад. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年6月30日月曜日

Дадлага аялал

Уламжлалт бичвэр. Том зулзагаа дунд ангид нь байхад бичиж л байсан байх. 

Дүү зулзагуудын тухай нь их л бага бичээд байгаа шиг санагддаг л юм. Шинэ соргог санагдахаа болиод, аан нээрээ нэг ийм арга хэмжээ болдог доо гээд л өнгөрчих гээд байдаг болж.

2 хоног 3 өдрөөр Кансаи бүс яваад ирсэн. Киото хот, Осака хотын USJ гэх мэт газраар орсон. Сургалт авах зорилгоор бөөндөө нэг газар орно. Юу гэдэг газар орсон гэлээ дээ. Ер нь хоёр дахь, гурав дахь зулзагууд дээр нэлээд хайнга, танхай л ээж болоод байна шүү. Хэ хэ

Мөн хэсэг бүлэгт хуваагдаж чөлөөт зугаалга гэж явна. Дураараа найзуудаараа нийлэхгүй, цаанаас нь хуваарьлана. Бие биенийхээ сонирхлыг хүндэтгэн, үзэх гэсэн газраа сонгоцгооно. Санал зөрөх асуудал ч гарна. 

Төгсгөлд нь USJ буюу паркаар зугаална. Дуртай юм болохоороо Харри Поттерийн хүрээлэнгээр орсон гэсэн.Тэндээс өөртөө жижиг сажиг зүйл авсан л гэсэн. Одоогоор би үзэж амжаагүй л байна. 

Бодвол сонин зүйл авдаг юм гэж үглэхээс минь халшраад үзүүлэхгүй л байх шиг. Хэ хэ. 

Тээр жил гэрээрээ нэг явахад эгч нь шидэт саваа авах гээд, би хог болно шүү дээ, дараа нь тоохгүй тэгээд хаяна гээд авахуулаагүй юм. Хи хи. Зангиа авсан гэж хальт дурдаад өнгөрсөн, саяхан. 

За тэгээл баахан л хүнд бэлэг авсан. Гэртээ хоёр шиг амттантай ирсэн. Гэртээ хэрэггүй дээ гэж хэлсэн ч авсан байлаа. Дүүгээ идэж чадахаар амттан авчээ.  

Дунд сургууль дахь хамгийн том, хамгийн сэтгэл догдлуулсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Одоо 8 сард дугуйлангийнх нь нэг тэмцээн бий, хэрэв муждаа шалгарвал цаашаа бүсэд явна. Бүсэд шалгарвал улсад явна. 

9 сар буюу намраас ерөнхийдөө ахлах сургуулийн элсэлтэнд бэлдээд, толгой өндийх завгүйгээр хичээллэнэ. Гэртэйгээ хамгийн ойр улсын сургуульд орно шүү гэж хэлээд л байгаа. 

Эгч нь ч орж төгссөн сургууль. Наана нь бүр маш ойрхон нэг хувийн сургууль бий. Гэхдээ ээжид тухайн сургуулийн "алсын хараа" нь таалагддаггүй юм. Улсын сургуульд л оруулчих санаатай. 

Уг нь ч ахлах сургуулиудын төлбөрийг үнэгүй болгосон л доо. Гэхдээ төлбөрөөс гадна элдэв зардлын мөнгө татагддаг. Тэр нь төлбөрөөсөө өндөр байдаг юм. Тэгэхээр яаж ч бодсон улсын сургууль нь зардал бага.

Гарчигаасаа жаахан зөрөөд байна шүү. Дадлага аялалын зардал нэлээд өндөр гарсан. Юмны үнэ өсч буйтай холбоотой. Гарын мөнгө нь өссөн. Хэ хэ. Манай энэ зулзага нэлээд хэлтэй амтай, а гэхээр б гэдэг. Нэг үг хэлэхээр өөдөөс арван үг сөргүүлж хэлдэг юм. 

Цаана чинь дэлхий нийтээрээ юмны үнэ өсөөд, та хоёрын надад өгөх гээд байгаа гарын мөнгө чинь хаанаа ч хүрэхгүй, би тэгээд аялалдаа сэтгэл ханамж муутай л дурсамж үлдээх байх даа? Бла бла гэсээр байгаад овоо хөөрхөн мөнгөтэй явсан. 

Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэж мөн айхтар хэлсэн байгаа юм шүү. Хи хи. 

Ээжийн үглэж дуулж байж хадгалсан өөрийх нь хэдэн цаас бий, түүнээсээ бас нэмсэн л дээ. Тэгээд авч явсан бүх мөнгөө үрээд дуусгасан гэнэ шүү. Үлдээгүй юм уу? гэсэн чинь өөдөөс "Энэ арга хэмжээнд л үрэх гэж авч явсан юм чинь юу гэж үлдээх вэ дээ? Эсрэгээрээ хайран юм биз дээ?" 

Хань ижил бид 2 чинь үлэг гүрвэлийн үеийн хүмүүжилтэй юм болохоор хоёр биен лүүгээ харц шидэлцээд л өнгөрөх шив? Аминдаа одоо энэ үеийн залууст диван галвынхаа үзэл бодлыг тулгачихгүй байх санаатай үзэж тарж л байна. Хэлээ хазаад өнгөрнө. Заримдаа ч чадахгүй, үглэж уурыг нь хүргэнэ. Ха ха. 

Үүнээс сургамж авсан би, гурав дахь зулзагынхаа аялалд бэлдэж иен хадгалах минь болов одооноос. 6 жилийн дараа бага сургуулийн дадлага аялал, тэгээд дунд сургуулийнх гээд л явна. 

Хүүе нээрээ наана нь энэ гайхал минь ахлах сургуулийн дадлага аялал гээд гадаад улсад аялна шүү дээ. Эгч нь Тайвань явж байсан юм. 

Ингээд бодохоор зулзагуудынхаа аялалд бэлтгэсээр л миний амьдралын нэгээхэн хэсэг...

Ха ха. 

Үртэй хүний жаргал юм даа гэж бидэн хоёр бие биенийгээ цаашлуулна. Эрүүл саруул төрөөд, ингээд аашлаад, баашлаад явж байгаа нь их юм шүү гэж өвөр хоорондоо ярилцана. Ккк. 

Бидний багын хүмүүжилтэй асар зөрөөтэй л юм. Одоо яалтай? Жавхлан юм даа. 

За өсвөр насны болон бага насны зулзагуудтай ээж аавуудад амжилт хүсье. "Одооны хүүхдүүд" гэдэг үг чинь аль Платоны үед л яригддаг байсан гэнэ лээ шүү. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт. 

2025年6月6日金曜日

Ойрын сонин сайхан

Бичиж тайлагнах зүйл бол асар их. Үүнд уламжлалт арга хэмжээнүүдийн тухай ч бий. Шинэ соргог зүйл мэр сэр бий. 

Зулзагууд дор бүрнээ хичээгээд л. Бухимдах үедээ бухимдаад, инээх үедээ инээж хөөрөөд, хөөрөх үедээ хөөрцгөөгөөд л...

Бага зулзагын тамирын өдөрлөг болоод өнгөрөв. Хагас сайнд болох байсан чинь бороотой өдөр таарч хойшлоод, бүтэн сайнд ч бороотой тул дахин хойшлоод. Нэг өдөр ажлын өдөр зохион байгуулав. 

Ээж үдээс өмнө ажлаасаа чөлөө аваад л очиж үзэв. Аав чөлөө авч чадахааргүй чухал ажилтай тул гээд зулзагынхаа хэрхэн гүйснийг харж амжсангүй. Дараагаар нь хальт бичлэг л үзэв. 

Цар тахлаас хойш их төсөр зохион байгуулдаг болчихсон. Нэг бодлын их амар. 

Дунд зулзагын сонирхон хичээллэдэг үлээвэр найрал хөгжмийн зуны концерт болж өндөрлөв. Хотын дунд, ахлах сургуулиудын үлээвэр найрал хөгжмийн дугуйлангийн сурагчид оролцдог. 

Мөн ганц нэг томчуудын хамтлаг ч оролцоно. Очиж үзэв. Энэ жилээс бага сургуулийн сурагчид үзэхэд төлбөртэй болсон байв. Бид эхэндээ мэдэхгүй 2 л билет худалдаад авчихсан байсан чинь нэг нь үлдэх, эсвэл нэмж билет худалдаж авах болов. 

Хоёр залуугаа хөөж оруулчихаад, би өөрөө гадаа нь ширээ олж суугаад номоо дэлгэв. Үдээс хойш би багатайгаа хамт ганц нэг сургуулийн тоглолтыг үзсэн. 

Энэ зурагт харагдаж байгаа тэр дугуй ширээнүүдийг эзэгнэнхэн суух дуртай.Учир нь ажлын газрын ойрхон байдаг. Хүүхнүүд хэд хэдээрээ суугаад өдрийн хоолоо идэж харагддаг.

Би номын сан орохоосоо өмнө хааяа энд суудаг. Өдрийн хоолоо ажил дээрээ идчихдэг. Заримдаа гарч худалдаж авах үед энэ дугуй ширээнүүдийг түрүүлэн очиж эзэгнэх гэж хурдан хурдан алхана шүү дээ. 

Мөн яг энэ үеэр манга зураг зураачдын үзэсгэлэн гаргаж байсан. Үнэ төлбөргүй. Суугуул мужийн "ордон" энэ саруул гэрэл гэгээтэй барилга нь. 

Яг тэр бүтэн сайнд баг хорооны гал унтраах тухай сургалт болсон. Мөн бага сургуулийн нэрэмжит дахин ашиглагддаг хог цуглуулах арга хэмжээтэй байлаа. Нэг өдөр маш их зүйл амжуулсан, оролцсон, асар идэвхтэй өдөр байв. 

За тэгээд л нэг мэдсэн нэгдэх, нэг мэдсэн баасан гэх маягаар цаг хугацаа жирийж байна. 

Би нь өглөө, оройдоо ажлаа тараад алхаж байна. Нэг талдаа 25 минут. Одоогоор нэг их мэдэгдсэн зүйл алга. Нэг л мэдэхэд асар гуалиг болох байгаа гэсэн гэнэхэн мөрөөдөөд л алхаж байна. 

Блогчин Пиглет маань буцаж ирж байгаад баяртай байна. Бусдынхаар нь үе үе шагайгаад л явж байгаа шүү. Бичээд л яваарай та хэд минь. Аятайхан гэгээлэг зүйл уншмаар л байдаг шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月30日月曜日

Санта өвөөгийн бэлэг

Уламжлалт бичвэр шүү. Зулзагууд томрохоор нь уншиж байх санаатай. Би та нарт бэлэг өгдөг байсан шүү, мартчихав аа гэж "дарамтлах"-ын тулд. Ха ха. 

Томроод эд чинь надаас төрөөгүй юм шиг аашлах юм, заримдаа ч... Хэг ёг, хэдэр ядар гээд буруу хөл дээрээ босчихов уу? гэлтэй өдөр байна, энд нэг охинд. Хүүхэд томрох ч лүд юм даа гэж...

За тэгээд уужим сайхан сэтгэлтэй Санта өвөө жил бүр л ирж бэлэг өгдөгт баярлах юм дөө. Эгч нь энд дүүгийнхээ тархийг угааж байна шүү, овоо хэд хоногийн өмнөөс. 

-Санта өвөө бол их сайхан уужим сэтгэлтэй, өрөвч зөөлөн хүн тул энэ жил ч манайд ирнэ гэсэн.

-Марио тоглоом захина аа би, та юу захих вэ?

Аав ээж сонсоод л жуумалзаж суув. Алсуураа бид хоёрыг сонсож буйг мэдээд, албаар тэгж хэлж байгаа юм. Одооны энэ хүүхдүүдийн санаа гэж "собак". Ха ха. 

О.зулзагатаа ч яахав төлбөрийг нь шилжүүлэнгээ өөртөө зориулаарай гээд жаахан янчаан илүү өгсөн. Баярлалаа л гэж байна лээ. 

Хэлтэй амтай, цоглог, сэргэлэн дунд зулзага болохоор мөнгө хэрэгтэй гэсэн. Түрүү жилийнхээс мянган иен ахиу өгөхийг хичээгээрэй, Санта минь гэсэн. Хо хо. 

Ирэх жилээр сурагч болох зулзагатаа үзэгний сав захиалаад, боож бэлдэв. Нэг их тоохгүй байна лээ. Ха ха. 

Эрэгтэй хүүхэд ч амар юм дөө. Санта ирнэ, жигнэмэг, байхуу цай бэлдэх үү гэж асуухгүй. Ер нь л жаахан "төмс" талдаа. Ээжид бол үнэхээрийн амар байлаа. Түүнээс ч охидыг аргалах, жүжиглэх гэж бас л хэрэндээ хичээж, энерги зарцуулдаг байж...

Ирэх 4 сард сургуульд орох жаалхүүд хичээлийх нь хэрэгслээс бага багаар иймэрхүү бэлгийн журмаар бүрдүүлж өгнө дөө. 

Сургуулийнсурагчдаа бэлэг бүхний дээд бэлэн мөнгө өгөв. Дүүг нь унтсан хойно мөнгөө өөрөө боочих гэсэн чинь мань хүн талыг нь авч түрийвчиндээ хийгээдл үлдсэнийг нь боосон байсан. 

Учир нь бэлэгнийхээ талыг нь үрнэ, талыг нь хадгална. 

Нэг иймэрхүү жил жилийн бэлэг бэлдэх ажил амжилттай л байх юм. Хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа, талархлаа. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月26日木曜日

Эцэг эхийн хурлууд

Би амьдраад л байгаа шүү. Хи хи. 

Ном уншаад л, халуун кофе уугаад л, аяга угаагч нэхээд л суудаг гэж боддог хүмүүстээ хэлэхэд, гэртээ хамгийн их орж гарч юм амжуулдаг нь би шүү гэж хэлье. Ккк

Эгчийн анги даасан багштай уулзав. Хэд хоногийн өмнө эцэг эхээс цаг гаргах боломжтой өдрүүдийг асуусан цаас өгдөг. Хоёр өдөр заагаад тухайн хоёр өдрийнхөө үдээс хойш нь бас нэлээд хэдэн цаг заадаг. Аль боломжтой өдрийнхөө боломжтой цагийг дугуйлж буцаагаад багшид нь өгдөг. 

Би аль болох ажлын бус цагаар уулзах сонирхолтой тул хамгийн сүүлийн цагийг нь дугуйлдаг. Ажлаа тараад л жирийлгэнэ.

Ярианы агуулга нь ерөнхийдөө гайгүй. Явцын шалгалтын дүн хангалтгүй санагдав. Нэлээд сүүлд жаахан үглэсэн. Хичээл номоо хийгтүн гэж. Зав чөлөө л гарвал унтаж байдаг нэг хүнтэй болсон. Унтах сайн гэж бодоод буй хэдий ч өдөр тутмын хэв маяг жаахан буруу байгаад, үглүүлээд. 

Үглэхээр нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаад байна өө. Яалтай...

Ангийн ажилд идэвхтэй хэвээрээ. Ангийн дарга, ангийн дарга нарын дарга. Өмнөөс нь би ядрав, сонсоод. Ха ха. 

Шулуухан хэлчихдэг нь харин арай зөөлөн болж ирсэн шиг байна, багшийн ярианаас дүгнэхэд. Ашгүй дээ. 

Хичээл сургуульдаа дуртай яваад буйд нь талархаад, нэг их хүлээлт, найдлага тавилгүйгээр ажиглах нь чухал шиг байна өө. 

Түүнээс эргэн тойрны хүмүүсийн хүүхдүүд үе үе хичээлээ тасалчихдаг, явах дургүй гэх юм. Сүүлийн үед японд сургуульдаа явахгүй, гэртээ бүгэх тохиолдол ихсээд, нийгмийн нэгэн асуудал болоод байх шиг. Үе үе сонин гарчиглахад л том том гарчигтайгаар бичигдсэн байх юм. Уншаад бас л санаа зовно өө, "миний асуудал биш" биш "надад ч тохиолдож магад" асуудлын нэг болж мэдэхээр л ойрхон сонсогдох...

Цэцэрлэгийн бацааны хувьд багшийн ярианаас сургуульд элсэн ороход харьцангуй гайгүй байх гэж дүгнэлээ. Нэг гэм нь өдөр хоолтойгоо уудаг сүүндээ нэг их дуртай биш, ууж дуусгахад цаг их ордог гэнэ. Мөн цэцэрлэгт сүү уудаггүй бол цай өгдөг. 

"Бага, дунд сургуульд сүү өгдөг, цай өгдөггүй болохоор тэрэнд л жаахан санаа зож байна өө, бусдаар тун чиг дажгүй" гэсэн. Бага сургуулийн өдрийн хоолны цаг их богинохон гэсэн. Сүүгээ уух гэж удвал бусдадаа төвөг болох вий, өөрөө ч хэцүү байдалд орох вий гэнэ шүү.

Өө манайхан бүгд сүүнд нэг их дуртай биш ээ, одооноос хааяа уулгаж байяа л гэлээ.

Найз нөхөдтэйгөө дажгүй эвтэй найртай тоглочихдог, зөөлөн ааштай, бас ч гэж уншиж сураад байгаа, хэлсэн ярьсныг ойлгодог гэв. 

Бага зэрэг санаа амарлаа. Нэлээд эрх, нялцгайдуу тул мээмнээсээ гараагүй л явна шүү дээ. Хань ижил "ээжийн мээмнээс эхнэрийн мээм рүү" гэдэг шиг л юм болох вий, хэтэрхий наалдан пад байна шүү та хоёр гэдэг юм. Ха ха ха. 

Жилийн эцсийн ажлуудаа нэг иймэрхүү амжилттайгаар даван туулж л байна. Санта өвөө, санта эмээг ч амжилттай угтаад, бэлэг сэлтээ өгч авалцсан. Тусад нь бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月20日金曜日

Бялууны сар

12 сард ерөнхийдөө бялуу иддэг сар. Олон олон хүмүүсийн төрсөн өдөр болдог. 

Яахав хол байдаг тулдаа цахимаар бие биендээ мэнд хүргэнэ. Ойрхон бол ч бялууг, улаан дарсыг хашраах байсан. Ойлгомжтой. Хо хо.

Зээ, үүнийг нэгэн ихэмсэг охины төрсөн өдрөөр идсэн. Зулзагууд энэ цагаан кремийг нь иддэггүй, жаахан амсаад л болчихдог. Үлдсэнийг ээж аав иднэ. Ээж сүүлийн үед аль болох үлдэгдлийг нь идэхгүй гэж хичээж буй...

Гүзээлзгэний үнэ ч бас хөөрхөн нэмэгдэж байна шүү. Бүхий л жимсний үнэ тэнгэрт хадаж байна өө.

Бидэнд зориулж авсан гэсэн. Хань ижлийн дуртай амттан. Би жаахныг амссан. Энэ жингийн асуудалтай тэмцэх гэж, дуртай амттанаасаа татгалзах тэрхүү асар их тэвчээрийг та нар ойлгох уу? Хи хи. 

Ойлгохгүй дээ ойлгохгүй.  Амттан идмээр санагдвал сайхан халуун кофе уух сэвэл зүгээр л ус уух. Үүнийг тархиндаа, далд ухамсартаа суулгах л чухал байна шүү.

Хань ижлийн төрсөн өдрийн бялуу. Кремгүй бялуу авсан. Бялууны газраас биш, зүгээр л хүнсний дэлгүүрээс. Хэ хэ.

Зулзагууд дажгүй идсэн. Хойшид төрсөн өдрийн бялуугаа сонгохдоо аль болох өмнө нь идэж үзэж байгаагүй иймэрхүү жижигхэн бялуунаас авч байна аа. 

Гэснээс "Хмас"-ын төрсөн өдөр билүү? Юу билээ? 12 сарын 25 чинь. Ха ха. Энэ өдрөөр бид бялуу авахгүй, хүн бүр өөрсдийн дуртай зүйлсээ аваад ширээгээ засна гэж ярилцаж буй. 

Өнгөрдөг жилийн туршлага. Дажгүй санагдсан. Он солигдох мөчөөр харин яах билүү? О.зулзага минь морилон харьж ирнэ. Хи хи. Одоогоор төлөвлөсөн зүйлгүй л сууна. 

Нэг их хөвсийлгүйхэн шиг шинэ оноо угтмаар байна шүү...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月12日木曜日

Төгсрөх

Охины хийсэн амттан. Гаднаас нь харахад төгсөрчихсөн байна уу? 

Амтыг нь харин хэлж мэдэхгүй байна өө. Гар хүрч болохгүй гэдэг тушаалтай тул зураг л дарав. Яахав дээрх чимэглэлийх нь ганц нэг ширээн дээр өнхөрснөөс нь хурууныхаа өндгийг норгож ирж байгаад л түүж "амсав". Ха ха.

Холын хөршийн минь өгсөн амтат төмсийг хэн ч идэж болохгүй, би 12 сард амттан хийнэ гээд сонинд ороож далд хийсэн. 

Гэхдээ энэ удаагийн амтат төмс нь өөр соорт байсан байх, өөрийг уламжлалт аргаараа шарахаар гоё болж өгөхгүй байсан юм. Тэгээд л зулзага минь амттан хийхээр шийдсэн.

Цаасан аяга, аяган жигнэмэгийг нь дэлгүүрээс бэлэн худалдаад авчихна лээ. Энэ ногоон өнгөтэйг нь өөрөө хийсэн. Чимэглэл мэдээж бэлэн худалдааных. 

Амтат төмсөө чанаад, нухаад, хүнсний будаг оруулагчаар ийм ногоон өнгөтэй болгосон. Гацуур модыг дүрсэлсэн. Шинэ жилийн сар учраас тэр. 

Нэлээдийг хийгээд дугуйлангийнхаа "сэнпаи" нарт өгөхөөр авч явсан. Гэрийхэнд нэг ч оногдсонгүй шүү. Ядаж ганцыг ч болов хуваагаад амсаарай ч байхгүй ээ. 

"Одооны энэ хүүхдүүдийн сэтгэл санаа нь найз нөхдөд" л байх шив дээ. Эхийн санаа бол угтаа үр зулзагууддаа л явах юм.

За тэгээд хийгээд, оролдоод байгааг нь үнэлээд, урам хайрлаад л явж байя дөө. Өөр яалтай?...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年11月12日火曜日

Хоккаидо нутгийн бэлэг

Хань ижил компаниараа аялалаар яваад өө. Ихээ хол нутаг руу аялсан болохоор ирж очихдоо тус бүр нэг нэг өдөр. Яг тухайн газраа өнжсөн нь нэг л өдөр. Угтаа онгоцоор нисээд байгаа ч...

Хоккаидо мужийн Саппоро хот ороод ирсэн. Сэтгэгдэл өндөр ирсэн. Шинэхэн танилтай болсон.

Зөндөө л зураг өгөөд байсан. Би өөрөө яваагүй болохоор эндээ бичихгүй ээ. Хи хи. 

Яахав гэрийнхэндээ авчирсэн бэлэгнийх нь зургийг орууллаа. Амаа олохгүй идсэн хүн байна даа.

Дажгүй амттай юм билээ. Надад бол нялуун талдаа. Бага зулзага идэхгүй байсан. Ажиглаад байсан, бага зулзага хэт нялуундуу зүйлд дургүй талдаа, мөн идэж дадаагүй, анх удаагаа идэх гэж буй зүйлдээ нэлээд "хойрго" ханддаг юм билээ. 

Их зүгээр талдаа тийм үү? Аль болох амттан идэхгүй л байвал сайн...

Зээ, дунд зулзага бол амттай юм байвал юу ч хамаагүй идчих гээд, би түүнд нь санаа зовоод. Аль болох гэртээ амттан байлгахгүй санаатай хичээж л байна. Заримдаа бүр нэхээд байна, биед муу гэхээр нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихаад байна. 

Энэ тал дээр ээж би алдаа гаргасан бололтой. Яг хаана, хэдийд алдчихав гээд л тогойгоо гашилгана үе үе.

Явсан газрынхаа ийм наалтыг цуглуулна. Овоо ихсээд, зарим нэг хүмүүсийн нүд эрээлжлээд байна гэсэн. Ха ха.

Гадаад улсынх ховор л доо. Япон дотроо л хаа нэгтээ гарах юм даа. 

Хоккаидо мужийн нутаг дэвсгэрийн хэлбэр. Хотуудынх нь нэрс ханзаараа бичээстэй. 

Ямар ч билээ? Баавгайгаараа алдартай юм байх. Тэр хүрэн баавгай нь загасчилж буй дүрстэй наалт. Нэрний ханз нь "Хойд далайн зам" гэдэг утгатай. Цаг агаарын хувьд эх оронтой минь их төстэй гэж тэнд ажиллаж амьдардаг монголчууд ярьдаг. 

Мөн хүн тус бүрд бэлэгтэй ирсэн. Хамгийн үнэтэй нь о.зулзагынх нь гэх шиг болсон. Үнийг нь сонсоод би ухаан алдах шахсан. Ха ха. Удахгүй нэг илгээмж явуулахдаа дотор нь хийнэ дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年11月2日土曜日

Урлаг уран сайхан

Намар цагийг энд урлаг уран сайхан, уншлагын, ургацын гэх мэтээр цоллоод элдэв арга хэмжээ их зохиодог.

Эхнээс нь бичээд явах уу даа. 

Дунд зулзагын урлагийн үзлэг. Энэ жил тайзан дээр гарах тоо их байв. Үдээс өмнө, үдээс хойш гээд л. Ээж ажлаасаа чөлөө аваад ухаалаг утсаа бэлдээд л явлаа. 

Япон хэлээр илтгэл тавив. Дунд сургуулийнхаа 2 дугаар ангийнхныг төлөөлөн зохион бичлэгээ уншсан. Эхлээд ангидаа хоёр хүүхэд шалгарна. Тэгээд цаашаа нийт хоёр дугаар ангийнхандаа шалгаруулна. Түүнд нь шалгараад бас бага зэрэг засвар оруулаад, цээжлээд бэлдээд байсан. 

Тайзан дээр гараад түгдрэлгүй, сандралгүй аятайхан л уншсан. Сүүлд тааралдсан ээж аавууд шагшин магтаад л байсан. Ээжийн хувьд бахархав.

Үлээвэр найрал хөгжмийн дугуйлангийн сурагчдын тайлан болсон. Нэлээд чадварлаг тоглосон. Хөөрхөн хөдөлгөөн оруулсан байв. 

За тэгээд үдээс хойш нь анги ангийн найрал дуу, хамгийн сүүлд сургуулийн нийт сурагчид найрал дуу дуулсан.

Бүтэн өдрийн чөлөө авсан хүн охиныхооо ээлж ирэхээр орж үзчихээд л бусад үед нь гарч номоо уншив. Найзтайгаа хамт өдрийн хоол идэв. Өдрийн хоолыг өөртөө, бүгдийг нь идсэн. Хи хи. 

Хоолны дараа аяга кофе дагалдсан.

Хорооны баяр. Эхний өдөр нь очиж сугалаагаа сугалав. 5 дугаарын шагнал таарав. Ундаа амттан гэх мэт байв. Бага зулзага өөртөө нэг, эгчдээ нэг гээд хоёр ундаа авав. 

Дараах зураг бол байрныхаа үүд хэсгийг чимсэн байгаа байдал.

Дараагийн өдөр нь цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн тайзан дээр гарч бүжиглэв. Цэцэрлэг, хорооны байр хоёрын барилга нь хоорондоо холбоотой. Тэр ч утгаараа хоёр байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжээд, оролцоод явчихдаг. 

Мөн энэ өдөр өглөө хотын хэмжээний нийтийн цэвэрлэгээ болоод, гарч хогоо түүв. Хоггүй тул замын хажуугийн болон гадаах хүүхдүүд тоглодог цэцэрлэгийнхээ зэрлэгийг зулгаав. 

Дараагаар нь бинго тоглоом тоглов. Бага зулзага сугалаад, нэлээд дажгүйг нь сугалав. 

Ёндооныхоо зургийг оруулмаар санагдвал оруулна аа. 

Энэ зураг хорооны байр доторх жорлон. Баяр болох гээд чимэглэсэн байдал. Ер нь тухайн улиралд болох баярын чимэглэлийг цаг бүрт нь солиод явдаг.

Гэрээ чимэхээ байсан. Ер жаахан минималист амьдарчих санаатай. Элдэв чимэглэл, хэрэгсэл авахгүй байхыг хичээдэг болсон. Өмнө нь чимдэг байсан л даа. Гэгээрээд, байгаль орчноо хайрлачих санаатай, хувь хүн л дор бүрнээ хичээх хэрэгтэйг ухаарав. Хо хо. 

Гэхдээ байна аа, шинэ жилээр гацуураа бол засна аа. Харин гацуур модоо шинэчлэх үү байх уу? гээд удаан бодсоны эцэст шинээр худалдаж авахгүй байхаар шийдсэн.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年4月2日火曜日

Бас нэгэн том даваа

3 дугаар сарын бас нэг том даваагаа давсан. 

Хамгийн инээдтэй нь эртнээс ээж аавдаа иднэ гэж захиалсан хоолных нь газар хаалттай байж таарав. Би ч наана нь захиалга өгөөгүй байсан юм. Онгорхой байх байх гэж бодоод. Хи хи. 

Тэгээд бид хятад хоолны газар орсон. Манай энэ маш сайн иддэг. Өсч яваа хүүхэд юм даа тийм ээ? Жин нэмчих нь энэ тэр гэж санаа зовохгүй, иднэ ч гэж үзүүлнэ, гэхдээ дуртай зүйлээ л сайн иднэ. 

Дургүйхэн, жаахан амтгүй хоол бол бас голох янзтай. Ха ха. 

Орой нь харьж ирээд бялуугаа идсэн. Бас л зайрмаг бялуу. Аргагүй л эгчийн сонголт. Олон амттай. Бие биенийхээ сонгосноос бас амсчихна. 

Ойрд зайрмаг авахгүй байгаа юм, амтархан идсэн. 

Бэлэг нь бэлэн мөнгө. Бага зэргийг нь өөртөө авч үлдээд, бусдыг нь ээж хадгалж байгаа. Овоо хэд болсон шүү. Ирэх жил билүү дээ, дадлага аялалаараа гарын мөнгө гэж хэрэглэнэ. Мэдээж бүгдийг биш, заримыг нь ахлах ангидаа хэрэглэхээр үлдээнэ. 

Учир нь ахлах сургуулийнхан чинь аялалаар бүр гадаад явдаг. О.зулзага Тайвань яваад ирсэн шүү дээ, ам мөчид. Коронагаас өмнө, азтай. 

Мөн нагац эгч нь мөнгө шилжүүлсэн байхаар нь гутал авчихсан. Уг нь гутал авах төлөвлөгөөгүй байсан чинь, дүүд нь гутал авах гээд дэлгүүр орсон чинь нэг гутал хараад л анхны харцаар дурлачихсан. Ха ха. 

Нээрээ о.эгч нь дүү нартаа бэлэг явуулсан байсан. Бага дүүдээ эвлүүлдэг лего маягийн тоглоом. Охин дүүдээ 2 ширхэг ном. Өмсөхгүй байгаа 2 цамцнаасаа явуулсан, өнөөх нь бөөн баяр. 

Номыг нь ээж тэгж байгаад уншина шүү гээд хэлчихсэн байгаа. Ха ха. Амжих байгаа? 

Ойрд том даваа байхгүй, ашгүй. Сакүра цэцэг үзэхээ хүлээсэн шиг л, цаг агаар дулаарахгүй байна өө. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年3月29日金曜日

Амттан

Зулзага хийсэн. хийх болсон шалтгаан гэхээр яагаав өнөөх хайрын өдөр буюу миний хэлж буйгаар бол Шармаанийн өдрөөр амттан авчихсан хүн чинь эргэн хариуг нь барьж амттан бэлэглэх болоод. 

Өөрөө хийж өгнө гэсэн. Материалаа бага багаар цуглуулсан. Завгүй хүн чинь хааяа нэг ээжтэйгээ орж гарахдаа худалдаж авна. Би яг юу авах гээд, яг юу хийх гээд байгааг нь сайн ойлгоогүй л явсан. 

Зав нь болдоггүй, дээрээс нь ядраад гэдэг шалтгаанаар их л олон өдөр энэ амттанаа хийсэн. Би ч суулдээ уурлаад, эхнээсээ муудлаа, айлын хүүхдийн гэдэс гүзээ өвтгөчихөв бла бла.
Ээждаа бас хийж өгнө гээд л байсан. Ээж дотроо надад хэрэггүй ээ, би амттангаа хасах гэж ядаж байна гэж хэлээстэй. Гаднаа бол "за". 

Хийж ядаад байх юмгүй. Бэлэн зүйлс худалдаж аваад л, хэрчиж, шахаж чимэглээд д болчихсон. Одоо ч амар болжээ, дуртай зүйлсээ цахим хуудсуудаас харж байгаад л хийчихнэ. 

Энэ хуванцар саваа бас худалдаж авна. Надад бол илүү зардал санагдсан. Ирэх жил ингэж хийлгүй бэлэн юм авч өгөөрэй л гэлээ, тэвчихгүй. Ха ха. 

Ирэх жил угаасаа ингэж өгч авалцахгүй гэсэн. Ашгүй. Дэмий ажил ихтэй, мөнгөнд ч гарлагатай. 

Үгүй яахав, бүр анхнаас нь бүхэл үрийн гурил ч юм уу? Овъёос ч юм уу? Сахар хэрэглэлгүй хийвэл бас өөр. Крем харахаар шууд өөх болж харагдаад байгаа. Ха ха. Бүгд очоод миний гуалиг гэдсэнд очоод наалдчих юм шиг санагдаад...

Гадил жимс, гүзээлзгэнээ дангаар нь л идчих юмыг тийм ээ? Хэ хэ. Уг нь хэлээд, үглээд л байна, ойлгож хүлээж авахгүй байна. Яалтай...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年2月2日金曜日

Багийн хурал

Хорооных биш багийн хурал болов. Хань ижилтэйгээ чи яв, би яв гэж зөрсөөр байгаад би дийлээд, хань ижил явав. 

Сайндаа ч биш ээ, манайд зочин ирэх байсан тул гэрээ цэвэрлэх гэх мэт ажил байсан юм. Бага зулзагаар хальт шатныхаа тоосыг арчуулав. Хөөрхөн арчаад байдаг шүү. Байсхийгээд л гүйж ирээд алчуур базаад өг гэнэ. Хэ хэ. 

Дунд зулзага угаасаа олдохоосоо өнгөрсөн. Дугуйлан, хичээл, даалгавар гээд. Гэрийн ажил хийх нь эрс багассан. Эрх биш өрөөгөө цэвэрлэж харагддаг. Би ч тэртэй тэргүй цэвэрлэх нь гарцаагүй тул гэртээ эрх дураараа байг л гэж боддог болсон. 

Өө тийм, би гарын мөнгө гэж өгдөггүй тул, жорлон цэвэрлэх, угаасан хувцас тээж өгчихөөд хөлс нэхдэг болсон. Ха ха. Аав нь жаахан дургүй, үүнд. Гэрийнхнийхээ төлөө хийсэн зүйлдээ хөлс нэхээд гээд. 

Ээж болохоор энэ тухай ном уншчихсан болохоор, гэрийн ажилд туслахад мөнгө өгдгийг нэг их үгүйсгэхгүй л байна. Туршилт явагдаж байна. Хо хо. 

Хань ижил нэлээд удаж удаж ирэхдээ нэг ийм томоо савтай бэнто буюу хоол барьсаар ирсэн. Болоогүй ээ бас, хэдэн ширхэг шар айрагтай. 1 сарын сүүлийн бүтэн сайнд зохиогдсон. 

Энэ жилийнхээ үйл ажиллагаа, хогоо хэрхэн хаях, элдэв арга хэмжээнд залуус идэвхитэй оролцох хэрэгтэй байна гэх мэт зүйл ярилцсан гэсэн. 

Бид ч зулзага ч бас гэж том боллоо, өглөөдөө эртхэн босоод гарч оролцож байя даа гэж ярилцав. Би чинь бага зулзагаараа далимдуулаад, өглөөдөө их хойрго болсон шүү дээ. 

Энэ жилээс жаахан эртэч болчих санаатай, хрэгжүүлж амжаагүй байтал 1 сар нь дуусчихлаа. Жавхлан юм аа...

Доторх нь нэг иймэрхүү. Түүхий загастай. Ер нь бол далайн гаралтай бүтээгдэхүүн, ногоо ихтэй. Амт нь нэлээд чихэрлэг талдаа. Томчууд бид л идсэн. Бага зулзага бол идэхгүй байна лээ. 

Тэр доор харагдаж буй 2 шаргал юм байна аа даа. Дотор нь будаатай, би дуртай биш. Охин дуртай, хоёуланг нь идчихнэ лээ. 

Яг халуунаараа амттай ч тэнпүра гээч хоол. Хөрчихөөрөө онцгүй. Гэхдээ эд хөрсөн хоол идэхдээ нэг их санаа зовохгүй ээ. Сонин, халуун орон болохоор тэр байх.

Энэ дээр нь харагдаж байгаа амттанг алтан хөрш хийсэн. Тэнд цугласан хүмүүст тараасан. Илүү гарсныг нь бидэндээ өгөөд явуулж. Алтан хөрш маань энэ жил багийн даргаар сонгогдсон юм. 

Нэлээд шулуухан, бага зэрэг босс зантай тул бусад бага зэрэг айдас хүйдэстэй байгаа байх гэж таамаглаад. Адаглаад л хог хаях өдөр хогоо аятайхан хүн шиг хаяна гэсэн үг. Хэ хэ. 

Энэ багийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй хүн гарууд бий. Ийм хүмүүсийн ихэнх нь ганц бие, ажил ихтэй нэлээд орой тардаг, нэг бол эрүүл мэндийн асуудалтай гэх мэт хүмүүс байдаг. 

Мөнгө төлдөггүй хүмүүс ч бий. Угтаа амьдарч байгаа бол мөнгөө төлөөд явбал гэж боддог юм. Тэр хавийн аюулгүй байдал, цэвэр цэмцгэр байдлыг иргэдийн оролцоотойгоор хангаж байдгийг мэдэхийн дээдээр л мэддэг баймаар, эд нар. 

Энэ жил бид ямар нэгэн үүрэгт албанд томилогдоогүй. 2 жилийн дараагаар ямар ч билээ албанд томилогдох ээлжтэй юм билээ. Хичээнэ дээ. 

Түр баяртай. Удахгүй цагаан ногоон сар ч боллоо доо. Амралтын өдөр таарна, зочид гийчид ихтэй байх нигуртай...

Бүгдэд нь амжилт хүсье.

2024年1月27日土曜日

Өндөг шарах урлаг

Өндөг шарна гэдэг чинь бас л ур чадвар шаарддаг тийм ээ? Би нэг юм хольж хутгаад шарна өө. Харин энэ зураг дээрх шиг хуйлж шарж бол чадахгүй ээ. Чаддаг болох юмсан ч гэж боддоггүй ээ. 

Хань ижил, охид чадна. Яваандаа бага зулзагаа сургачихна даа. хэ хэ. 

Дунд зулзага туршлагажаад л байгаа. Мэдээж "өө онцгүй болчихлоо, өө алдчихлаа" гэж ирээд л дахин дахин оролдоно. 

Зуныхаа амралтаар гэртээ ганцаараа үлддэг болсноор улам сайжирсан. Хажууд нь үглэж уурыг нь хүргэх хүнгүй бол өөрийн дураар тавтай тухтай оролдоод байдаг шиг байна лээ. 

За энэ цагаарч харагдаж байгаа нь бяслаг. Хааяа гахайн утсан хиам хавчуулж ороогоод шарна. Амттай ч гэж юүхэв. 

Өдрийн хоолоо өөрсдөө бэлдэж авч явах үед ингэж шарсан өндөг заавал байх ёстой зүйлийнх нь нэг. Ер нь тэр бэнто буюу өдрийн хоол нь их гоё өнгө алаглана. Шар-өндөг, улаан-улаан лооль, ногоон-брокколи эсвэл өргөст хэмх, хүрэн-мах гэх мэтээр өнгө алаглуулж хийдэг. 

Тэрийг нь би чадахгүй ээ, түүртээд байдаг юм. Хи хи. Охид өөрсдөө л хийнэ. Харин сүүлийн үед дунд зулзага 24 цагийн дэлгүүрээс бэлэн тахианы мах худалдаж аваад байгаа. 

Улам л залхуу болоод байх шиг, би болон манай гэрийнхэн. Хо хо. 

За тэр ээжийн шарсныг харчихаарай. Хүнд харуулахаас ч ичмээр л дээ. Гэхдээ заавал эх хүн, эхнэр хүн, эмэгтэй хүн бүгдийг чаддаг байх албагүй биз дээ? Ганц ч гэсэн чаддаггүй зүйл байхад яах вэ дээ? 

Миний хувьд чаддаггүй зүйл нь чаддагаасаа хавьгүй олон л доо. Ха ха. 

Миний чадахгүй зүйлийг гэрийнхэн чаддаг болчихдог юм байна. Их амар. 

Ээжүүд минь хааяа ээж нь чадахгүй нь ээ гээд сууж байгаарай. Тэгвэл хүүхэд чинь сурна, хөгжинө, бие даана. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年1月16日火曜日

Лимбэ

Зулзага лимбэ үлээж байгаа гэж хэллүү? 

Бүтэн сайнд хотын хэдэн дунд сургуулиудун сурагчдын үлээвэр найрал хөгжмийн дугуйлангийн хүүхдүүдийн фестибал концерт болоод. Очиж үзлээ.

Хөөрхөн л юм болдог юм байна. Их богино хугацаанд хичээллэж байгаа гэхэд дажгүй шүү үр минь. 

Их л ядардаг бололтой. Нойр хоолонд их сайн байна өө. Гэм нь жаахан сонин цагт унтаад, сонин цагт босоод, даалгавар энэ тэр хийж байна гэж суугаад, уур хүргээд байх юм. 

Өглөө сэрэх гэж бас л дуудуулна. Би ч өөрөө нойртойг хэлэх үү? 

Энэ шилжилтийн нас гэх үү? Өөрчлөлтийнх нь насыг аятайхан давчихмаар байдаг. О.зулзага яг яаж байсан юм бол доо? Хүн гэдэг амьтан чинь яасан ч мартамхай юм бэ дээ? 

Нэг эхээс төрчихөөд эсрэг тэсрэг ааш араншинтай хүмүүс байдаг даа, яг л тэр нь болж байх шиг байна. Хэ хэ. 

Заримдаа ч яаж харьцахаа мэдэхгүй, зүгээр л дуугай л аан за, аан тэгээ юу? гэж байна. Тэгэхээр тоосонгүй гэх. Тоодог баатар болоод үглээд эхлэхээр үглэлээ гэх. Хо хо. 

Юу бичих гэж орж ирлээ? Аан тийм, хичээж буй зүйлийх нь тухай магтах гэж. Магтах хэрэгтэй. Өөрт нь ил магтаж урамшуулах хэрэгтэй. Тийм үү? Заримдаа ч магтах аргаа бас олохгүй л байна. 

Жаахных шиг нь өө яасан хөөрхөн юм бэ? Өө яасан авъяастай юм бэ? гэж хэлчихэж чадахгүй, шууд л үглэхээ урдаа бариад байгаагаа мэдээд хэлээ хазна. 

Ямартай ч лимбээ хөөрхөн үлээдэг л болж. Тэрүүхэндээ хөөрхөн гунхаж энэ тэр. Хөгжмээ мэдрээд байх шиг байна шүү. Багш нь тэгж зөвлөсөн гэсэн. Тэгвэл өөртөө итгэлтэй, хөгжмээ мэдэрч буй мэт харагддаг гэсэн гэнэ. Хи хи. 

Эд нарын энэ дунд, ахлах сургуулиудын урлаг уран сайхан, спортын дугуйлангууд үнэн чадварлаг, худалч хүнд бараг мэргэжлийн гэж хэлж болохоор л чадварлаг сургана. 

Арга ч үгүй юм биз дээ? Өдөр бүр бага багаар нүдэх юм чинь тийм ээ? Амралтын өдөр бараг байдаггүй байсныг сүүлийн хэдэн жил ажиллах арга барилыг өөрчлөх тухай хуульчилж, сургуулийн багш нарын ачааллыг мөн багасгах зорилготойгоор заавал нэг амралтын өдөртэй болгосон. 

Мөн оройн цагаар эцэг эхчүүдийг сургууль руу утасдахыг цөөлөхийн тулд цаг заасан байсан. Жаахан л юм болоход сургууль руу утасдаад багш нарыг загнадаг эцэг эх их олон байдаг гэж сонссон. 

Гэснээс энэ хөгжмийн дугуйлангийн багш нь о.зулзагыг сурч байхад шилжиж ирсэн багш. Таниад сүрхий. Би тэгсэн мартчихсан байдаг шүү. Дүүг нь эгчтэйгээ их адилхан, хааяа нэрийг нь андуурч дуудаад байдаг гэж хэлсэн. Ккк. 

Энэ лимбэ хөгжим бас хөөрхөн аялгуутай юм тийм ээ? Нэг их тоодоггүй байсан чинь өөрийн зулзага үлээж эхлээд л юу билээ? гэж тоож эхлэв. Хи хи. 

О.зулзагын ачаар бас тэр trumpet хөгжмийг амьдаар нь харж мэддэг болсон. Энэ удаад энэхүү flute хөгжмийг мэддэг болов. 

Охид ч спортод нэг их ур чадваргүй, эсрэгээрээ урлаг уран сайханд дуртай, тэр чиглэлээр нь бага зэрэг хөгжүүлчих санаатай. Мэргэжлээ бол өөрөөр сонгоод байх шиг. 

Амьдрал нь тэр хэмжээгээрээ баялаг болох байх гэж найдах юм. Би өөрөө ямар ч урлаг уран сайхны авъяасгүй учир зурдаг, дуулдаг, хөгжимддөг хүмүүсийг биширдэг, атаархдаг, бахархдаг. 

Бага зулзагаа мөн ажиглаад л явж байна. 

Уншигчдынхаа зулзагуудад амжилт хүсье. Мөн ээж аавууддаа ч амжилт хүсье. 

Түр баяртай.