2020年11月30日月曜日

Цаас цаас бас дахин цаас

Нэг их сонирхолтой бичлэг биш тул алгасаарай даа, журмын нөхөд өө. 

Конкурсны хүүхэд маань өрөөн дэх элдэв цаасаа нааш нь цааш нь болгоод. Дунд сургуулийнхаа сурах бичиг, дэвтэр, элдэв хэвлэсэн бичгийн цаас гэх мэт. 

Түүнийг нь би ар өвөргүй бичсэн байна уу? Нэг талдаа л хэвлэсэн байна уу? гэдгээр нь ялгаж салгаж өнжлөө. Ар өвөргүй бичсэнийг нь олсоор уяж байгаад цаасны хогонд өгнө. 

Энэ хагас сайнд дахин ашигладаг хогны өдөр. 

Тал нүүр нь цулгуй цаасыг ноорог цаас болгож ашиглана. Зохиолч энэ тэр биш тул өдөр бүр ноорог цаасаа ашиглана гэж байхгүй л дээ. Гэхдээ энд тэнд бага зулзагаа дагуулж явах зэрэгт их ашигладаг байлаа. 

Одоо ч орж гарахгүй болохоор гэртээ л зурна, сараачна. 

Дунд зулзага бас ноорог цаасан дээр жаахан ойлгомжгүй бодлого энэ тэрээ ноороглож сурч байгаа. Мөн ханзны дараалал зэрэг эргэлзсэн зүйлээ ч бичиж ноороглож харагдсан. 

Хөгжиж байгаагийн шинж...

Ээж бас мэдэхгүй үг, хэллэг, ханз энэ тэр сонсохоороо ноорог цаасан дээрээ тэмдэглэж авна. Зав гаргаж тольдоно. Заримдаа амжихгүй, ноорог цаасаа алга хийнэ. Хэ хэ.

Тэгээд л бодож суулаа. Энэ япончууд цаасыг маш өргөн хэрэглэж юм. Бүр хэтрүүлээд байна. 

Сурах бичиг хүртэл хаях гээд, хайран санагдаад. Дүүд нь гэсэн чинь хэдэн жилийн дараа наадах чинь доторх агуулга нь бага зэрэг өөрчлөгдөөд, шинэчлэгдээд явдаг. 

Дунд сургууль бол үнэгүй өгнө шүү дээ. Толь бичиг энэ тэр бол яахав, байж байхад. Гэж хэлээд сэтгэл санаа хоёрдуулаад. Ээж чаддаг бол бүгдийг нь уншаад, өөрийн хэл усныхаа мэдлэгийг дээшлүүлмээр санагдаад. 

Санаа байвч сачий хүрэхгүй...

Энд хичээлүүдийн дэвтэрнээс гадна хэлвэмэл тараах материал их тараана. Бага сургуулийнх болохоор өнгөт. Дунд, ахлах сургууль харьцангуй өнгөт нь бага, хар цагаанаар хэвлэсэн байх нь олонтаа.

Би болохоор монгол сэтгэлгээгээрээ дэвтэртээ л сараачаад баймаар. Харин түүнийгээ гоё тодруулж бариад л, тийм ээ. 

Бас нэг зүйл бодно. Бид багадаа дэвтрээ хавтасладаг байсан тийм ээ? Одоо яадаг вэ? Энд тэгж хавтаслахгүй. Зарим дэвтрийн булан энэ тэр эргэчихсэн байдаг. Цаас сайтай тулдаа их тэсдэг шиг.

Том зулзагынх харьцангуй гайгүй, том юм гэсэндээ. Дунд зулзагын дэвтэр ч үе үе бухимдуулаад авч л байна. 

Ном сурах бичиг ч мөн адил. Хавтаслахгүй. 

Харин номын сангаас зээлдэг бүх ном хавтасласан байдаг. Тусгай мэргэжлийн хавтасчин байдаг гэсэн. Ном л хавтаслана. Өөр зүйл хийхгүй...

Хоёр баглаа цаас, хоёр баглаа ном хаяхаар бэлдчихлээ. Энэ ном гэдэг нь ахлах сургуулийн танилцуулга. Ганц нэг их сургуулийн танилцуулга. Мэргэжлийн сургуулийн танилцуулга гэх мэт болно. 

Сурах бичигнүүдийг харах зав гарсангүй. Явцын дунд бага багаар л гүйлгэж харж янзлахаас. Гэрийн маань гурван бүсгүйн цаасыг харах юм бол докторын зэрэг хамгаалмаар л хэмжээнийх. Хүн хэлэлтгүй би бас цааснуудаа нэг янзалмаар л байна...

Бага багаар, үзэж тарна даа. Энэ өвлийн амралтыг ашиглах санаатай. Даанч сайхан залуу минь надад тийм виз өгөх нь үү? Бараг л үгүй болов уу?

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年11月29日日曜日

Тогоо шанага 2

Зурагтай бичлэг. Зураггүй бичлэг нэг л зүйл дутагдаад байгаа юм шиг санагдсан уу? Та нарт. Хэ хэ.

Нэг иймэрхүү. Маягтай байна уу? Зүгээр л мантуун буузныхаа зургийг авчихгүй, тийм ээ? Заавал дарс энэ тэр оруулж. Хэ хэ. Мах голцуу идэж байгаа болохоор улаан вино ганц хундагыг уусан юм аа. 

Ойлгоорой, эерэг байгаарай. Хэ хэ. 

Маргааш нь гурван ширхэгийг өдрийн хоолондоо иднэ гээд л аваад явбаа. Ажил дээрээ ирээд харсан чинь, таван ширхэг мантуун бууз.

Хэн хийж  ирсэн нь ойлгомжтой. Ажлын хятад хүүхэн. Тэр өдөр ээлжтэй, тул ирсэн юм. Хоёр хятад байдаг. Нэг нь нарийн боов, жигнэмэг хийхдээ гарамгай. Мэргэжлийн. 

Нэг нь хоол унд хийхдээ гарамгай. Энэ шар өнгөтэй нь гуриландаа хулу хольсон гэсэн. Доторх нь махгүй. Red bean paste гээч юмтай. Японоороо анко. Би нэг их дуртай биш. Идээгүй. Махтайг нь харин харьцуулаад л, хэнийх нь амттай байна гэсэн шүү юм бодон идсэн. 

Гэрийнхэндээ бас амсуулсан. Манайхан мэдээж, ээжийнх илүү гоё амттай байна гэсэн. Хи хи. Угаасаа тэгж хэлэхгүй бол дахиж хийж өгөхгүй шүү дээ. Хо хо.

Гэснээс бид гурван өдөр мантуун бууз идсэн. Сүүлдээ больё оо л болсон. Хэ хэ. Учир нь бид ихийг хийсэн байсан юм аа. 

Нэг иймэрхүү, амралтын өдрийн тогоо шанаганы ажил. Та нарын минь тогоо шанага юу болж байна? 

Бүгдэд нь амжилт хүсье ээ. Түр баяртай...

2020年11月28日土曜日

Зураггүй бичлэг

Зураггүй бичлэг бичнэ ээ, ерөөсөө. Тэгсэн юу бичих ээ мэддэггүй ээ. Ккк. 

Зүгээр л эрээчнэ шүү. СБА. Эрээчсэн ч гар бичмэл биш тул төвөггүй уншигдах байх аа, та нарт. Хи хи.

Ямартай ч их завгүй долоо хоног болоод өнгөрлөө. Өнгөрлөө ч гэж дээ, одоо нэг хоног дутуу байна л даа. Ирэх долоо хоногт 12 сар гарлаа. Яасан ч хурдан юм энэ цаг хугацаа. 

12 сарын эхээр гацуур модоо засна гэж л төлөвлөсөн байна одоогоор. Нэг бага сургууль явна. Тэгээд л энэ жилийн багшийн ажил дуусаа. Ирэх жил тахал энэ тэр гайгүй бол зөндөө сургууль явж ч магад, үгүй ч байж магад.

Бусдыг хөгжүүлэх тал дээр л их сайн ажиллаж байна даа. Хичээл заасан сурагчдаас хөөрхөн хөөрхөн захиа ирсэн. Тэрийг нь би хайрын захиа гэдэг юм. Уншихаар их хөөрхөн, өөрийн эрхгүй инээмсэглэл тодорно.

Тусад нь бичимз. 

Өөрийгөө хөгжүүлэх тал даар нойлын ногоон тэг байгаа. Гэртээ хариад л лазан трий хөдлөөд. Ухаалаг утас, зурагт гээд гөлийнө. Номоо унших гэхээр төвлөрч өгөхгүй байна яах уу? 

Нэг ном зээлээд, эхэлчихсэн. Харин бага зулзагадаа өдөр бүр ном уншиж өгч байгаа. Өнөөх нь уншуулах гээд тэврээд гүйгээд байхаар чинь хайр хүрээд байгаа юм чинь.

Дунд зулзага бас баахан ном зээлсэн. Бие даалтдаа ашиглах юм гэсэн. Марко Пологийн тухай уншаад, Хубилай хаан гээд л уншаад, ярьж өгөөд байсан. Би ч сонсож байгаа ч юм шиг, тэгсэн хэрнээ анхаарал шаал өөр зүйлд яваад байсан. 

Конкурсны хүүхэд энэ долоо хоног бас тувт тесттэй байсан. Шөнө дөл болтол л сууж харагдсан. 

Бушуухан оны сүүл болж хэд хоног амрах юмсан гэж л бодож байна, яг одоо. Гэхдээ амрах чинь ярьвигтай. Тогоо шанага хангинуулсаар байгаад таарна. Тэр тоолонгоор бондойно. 

Эзэнгүй арал дээр хэдэн номоо тэвэрч очоод гурав хоночихоод ирмээр байна. Яагаад гурав гэхээр гэрийнхнийгээ санаад унана шүү дээ. Монголын хууль гурав хоног гэгчээр гурван өдөр л идэвхитэй унших байх тийм үү? 

Тэгээд л сайхан залуугаасаа эхлээд санаад. Сайхан залуу гэдэг нь бага зулзага шүү. Хань ижил биш. Хань ижлийг ямар залуу гэж бичих үү? Бакь залуу? гэчих үү дээ, одоохондоо. 

За түр баяртай. Дараагийн бичлэг зураг хөрөгтэй болох байх өө. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年11月27日金曜日

Тогоо шанага

Өнгөрдөг хагас бүтэн, нэгдэхэд дараалласан гурав хоног амарсан юм, энд. Тэгээд яахав, тогоо шанага хангинуулж, хөргөгчний хаалгаа хэд ч онгойлгосон юм мэдэхгүй. 

Хагас сайнд нь хань ижил ажилтай тул нэг их сүртэй хоол хийгээгүй, будаагаа агшаагаад л, будаатай хуурга маягийн хоол.

Бүтэн сайнд нь би өөрөө Дүүриймаадах ажилтай байсан тул, хуушуур хийж байгаарай гэж үүрэг даалгавар өгчихөөд, өглөө эрт гэгч гарсан. Энэ өдөр дунд зулзага сагсны тэмцээнтэй тул бас эрт гарсан, гэхдээ миний дараагаар.

Том зулзага номын сан. Хань ижил бага зулзага хоёр гэрээ харж үлдээд дээрээс нь хуушуур хийх даалгавартай үлдсэн. За тэгээд хоёр эр хүн үлдсэн болохоор нэг ч их найдлага тавиагүй л дээ. Хэ хэ. 

Санасан ёсоор л болсон. Орой ирэхэд хуушуур бэлэн болоогүй, махаа хальт татаад л орхисон байсан. Том зулзага дөнгөж харьж ирэнгүүт дундах зулзагаа тосохоор гарсан байсан. 

Ханцуй шамлан хуушуураа бэлдсэн. Жаахан оройхон ч гэсэн амттай хуушуур хийж идсэн. 

Зэрлэг гахайн мах татаж, элдэв ногоо хольж хийсэн хуушуур. Наана байгаа нь чавганы дарс. Цуг Дүүриймаадсан хүүхний төрсөн өдөр, бас нэг зорилго нэгт хүүхний төрсөн өдөр давхцаад би хол байгаа ч гэсэн далимдууж уусан нь гэдэг зураг. Хи хи.

Ганц хундага дарсанд ханаж цадалгүй улаан дарс бас шимсэн. Ойрд хуушуур хийж идээгүй тул гэрийхэн сайн идсэн. 

Жаахан мах илүү гарчихаад, маргааш нь мантуун бууз хийж идэх үү гэж ярилцсаар тэр өдөр орондоо орцгоосон.

Хуушуур хийж идсэнээ юу гэж бодоов? Бид өөр хүн шүү гэж бодож байгаа уншигчид байж магад тийм ээ? 

Гэхдээ нутгаасаа хол бид чинь тэр бүр монгол хоол хийж идээд байхгүй. Нэг хийж идэхээрээ баяр ёслол шиг л юм болно шүү дээ. Ойлгоорой, эерэг байгаарай. Хэ хэ.

За түр баяртай. Үлдсэн махаараа хийсэн мантуун буузныхаа зургийг бас оруулна аа. Хэ хэ.

Бүгдэд нь амжилт хүсье.

2020年11月26日木曜日

Сургуулийн цонхоор

Дээр явсан бага сургуулийн цонхоор нэг зураг дарсныгаа оруулах гээд л. Уулсын дунд орших жижигхэн бага сургууль. 

Мэдээж эргэн тойронд нь айлууд бий л дээ. Тариалангийн талбай ч харагдсан.

Энэ сая хоёр дахид явсан бага сургуулийн цонхоор. Зундаа 7 сард хичээллэдэг бассейн нь нэг иймэрхүү. Тэр цэнхэр байшинд эр эмээрээ хуваагдаад хувцсаа солино.

Би бол багадаа голын усанд л шумбаж явсан. Сэлж барьж чадахгүй ээ. Тэгээд л өөрийн багын хүслээ зулзагууддаа тулгаад, усанд сэлүүлж сургах санаатай хичээллүүлдэг. 

Ямартай ч сэлээд сураг дээ тийм ээ?

Тамирын талбай. Манайд байсан бол нэг мөнгөтэй баагий нь худалдаж аваад байшин барьчихсан даа. Тийм ээ? Ой модтой ойр, гоё газар энэ тэрээ гэж ирээд л. Хэн нэгэн даргад нь түнтийтэл хахуулийг нь өгч байгаад л.

Гэж бодно оо заримдаа. Жавхлан юм даа, улсынхаа дандаа болохгүй бүтэхгүйг түрүүлж санаж боддог. Аминдаа тэгэхгүй санаатай, блогтоо бага л улс төрждөг юм шүү дээ. Хи хи.

Гэснээс би энэ жил дандаа уулсын дунд орших жижигхэн бага сургууль явсан. Хотын төвийн сургуулиуд муухай вируснээс айсан байх. Аль болох гаднаас хүн ирүүлэхгүй гэсэн бодлого баримталсан байх. 

Одоо цөөхөн сургууль үлдсэн. Хичээнэ дээ. Та хэд минь ч гэсэн хичээгээрэй. Яаж ийгээд энэ тахлыг давчихбал ч тийм ээ. Амьд явбал алтан аяганаас ус ууна аа гэж... 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年11月25日水曜日

Өвөө

Хэн гэдэг өвөөгийн тухай болох нь ойлгомжтой байгаа биз? Доорх зургийг хараад. Энэ өвөөгийн талаарх нэг хөөрхөн "түүхийг" өмнөх блогтоо бичиж байлаа. Байнгын уншигчид бол санаж байгаа байх тийм ээ? 

Мартчихсан уу? Хэрэв мартсан бол сануулаад өгөх үү?

Том охин, бага охин хоёр Тэмүжинд дурлаад сүйд болоогүй юу нэг хэсэг. Монгол хэл дээрх комик цувралыг эмээ өвөө, ах эгч нартаа ганц нэгээр нь захиж авчруулаад уншсан. Одоо ганц нэг л бүлэг нь байхгүй байх шүү. Нэг салхи оруулъя байз. 
 
Бага охин цэцэрлэгийнхээ багшид Чингис хаан бол миний өвөө гэж хэлээд, багш нь үнэмшээд сүйд болоогүй юу? Хэ хэ. Бүр багад нь урт түүх ярьж өгөхөөс залхуураад элэнц хуланц өвөө чинь байсан юм аа гээд хэлчихсэн хэрэг.
 
Энэ удаад япон хэл дээр нэг ийм ном худалдаж авлаа. Зураач Батцэнгэл гэдэг хүний зурж, хэвлүүлсэн ном. Ганцаараа ч биш байх л даа, нөхдийн хамт бүтээсэн.

Монголын нууц товчооны түгээмэл эх зурагт ном. Англи, солонгос, япон, франц, унгар, орос, казак, хятад хэлээр хэвлүүлсэн байдаг гэнэ шүү. 

Би ч охиддоо, яваандаа бага зулзага минь бас унших байх гэж бодоод худалдаад авчихлаа. За даа, манай конкурсны хүүхэд одоохондоо тоож уншихгүй байх. Багадаа бол их тоож, сонирхож, дурлаж ээжээрээ уншуулж байсан. 

За тэгээд энэ номоор дамжуулж эх түүхээ уншаад, мэдээд, эх орноороо бахархах нь лавтай...

Гэснээс хүүгээ Бөртэд дурлуулаад, Өүлэн эхийг эмээ чинь байсан шүү дээ гээд хэлчих ээ мэднэ ээ цаадах чинь. Хи хи.

Аан бас би багш хөөн, энэ завшааныг ашиглаад гэдэг шиг блог хуудсаа ашиглаад номыг худалдаж авахад чин туслалцаа үзүүлсэн найз нартаа баярлалаа. Зураач залуу минь хурдан эдгээрэй. 

Бүгдэд нь амжилт хүсье өө.

2020年11月24日火曜日

Бусдаас суралцах нь

Бага сургууль явахдаа ихэнхдээ ганцаараа. Хааяа бусад орны хүмүүстэй хамт явна. Тус бүрдээ улсаа танилцуулна. Тэднээс бас суралцах зүйл ихээ гэж.

Далбааг нь хараад хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх тийм ээ? Энэ англи хэлтэй шарууд хэл усаараа бас их пээдийнэ ээ. Үзүүлж харуулах зүйлгүй ирсэн хэрнээ, англи хэлээ гаргаж булталзуулаад бас хөөрхөн хөгжөөчихнө.

Канад улс нь үндэсний хувцас гэж байхгүй, гоонж л байна даа, үндэсний хувцас гэвэл гэж авсан. Ха ха. Инээдтэй, улсыг нь шоолж инээгээгүй шүү. Уг хүн нь өөрөө нэлээд хөгжилтэй залуу. 

Би хажууд нь дээлтэйгээ пээдийгээд л зогслоо. Тансаг сайхан үндэсний хувцастай хүн чинь.

Солонгос улс чинь харин бас үзүүлж харуулчих зүйл гайгүйтэй юм билээ. Төмөр? савх энэ тэрээс авахуулаад. Гэснээс мөнгөн савх болов уу? Дараа асууя байз, нээрээ.

Үндэсний хувцас нь харин ч нэг өмсөхөд төвөгтэй. Сарпаанчиг гэх мэт олон зүйл давхарлаж өмсөнө. Хүйтэн орон юм байж, маш нимгэн тийм ээ, хувцас нь.

Хөөрхий муу эх орны минь уламжлал, зан үйлээсээ хамаараад харин ч нэг үзүүлж харуулах зүйл ихтэй шүү. Баярлалаа...

Малгайг хүүхдүүд их сонирхож өмсөнө. Багш нар нь зургийг нь дарж өгнө. Энэ монгол гутал хань ижлийнх. Урлагийнх биш, монголд өмсөж байсныгаа л аваад ирсэн. Жаахан палбийсан талдаа. 

Дараа нэг явахдаа өөрсөддөө монгол гутал авч ирнэ гэж яриад л байгаа. Би харин бүжгийн гуталтай болмоор байна аа. Бүжиглэхгүй ч дээлтэйгээ өмсөнө. Би пүүзэн дээр л өмсчихдөг. Хи хи.

Тэгэхгүй бол энд сургуульд гадны гутлаа тайлж ордог. Сугарч унасан хачин таавчик өмсүүлдэг юм. Тэр нь шатаар өгсөж барихад сугараад, мангар. Түүнээс өөрийн гутлаа барьж очоод өмссөн нь хамаагүй дээр.

Яг юуг бусдаас суралцах вэ гэхээр. Тэдгээр хүмүүс сурагчдыг хэрхэн хөгжөөж байна вэ? Ямар үг, өгүүлбэр сонгож ярьж байна вэ? Танилцуулга материал нь хэр ойлгомжтой байна вэ? Гэх мэт шүү дээ. 

Одоо дөрвөн сургууль үлдсэн. Хичээнэ ээ, Дүүриймаа нь. Хи хи.

Бүгдэд нь амжилт хүсье ээ. Түр баяртай.

2020年11月23日月曜日

Орчин 4

Бага сургууль явж багшийн ажлаа маш амжилттай хийж байгаа шүү, та бүхнийхээ буянаар.

Японд таны ачаар, таны буянаар ажил үйлс өөдтэй, өнгөлөг, эрүүл саруул байна өө гэж хариулах нь элбэг. Тэгээд л хагас японжсон хүн байна би.

Атаархаж хардаг зүйлсийнхээ зургийг орууллаа. 

Сургууль бүрт дор хаяж нэг, түүнээс их иймэрхүү дэлхийн газрын зураг байдаг. Түүнийгээ тэр ангийнх, энэ ангийнх гээд өмчлөөд байдаггүй. Шаардлагатай үед ээлжлээд ашиглана. Нийтийн өмчид ариг гамтай гэж юүхэв.

Олон талын зориулалт бүхий танхим гэж сургууль бүрт бий. Түүндээ олнооро цуглаж элдэв арга хэмжээ явуулахад нэн тохиромжтой. Иж бүрэн тоноглогдсон байх нь олонтой. Ийм цагаан даавуун дэлгэц, нэг бол том оврын зурагт гэх мэт зүйлс байна. 

Мөн микрофон ч хэд хэд байна. 

Гэснээс багадаа микрофон барихаас сүрддэг байж билээ. Нэг тийм мундаг хүмүүс л бариад ярьж, дуулж хуурддаг гэж боддог байлаа. Одоо бол дассан. Хэ хэ. 

Бүх зүйл нь энгийн. Оригами цаасаар хийсэн чимэглэл. Сурагчдын өөрсдийн хийсэн цаасан бүтээл. Мөн тухайн арга хэмжээний дараалал зэргийг бүгд л сурагчид өөрсдөө хийнэ. 

Бага байхад иймэрхүү нийтийн ажилд маш идэвхитэй хэсэг бүлэг хүүхдүүд, дандаа хойш суудаг хэсэг бүлэг хүүхдүүд гэж хуваагддаг байж билээ.

Энд аль болох бүх сурагчдыг хамруулна. Бүлэг болгож хуваагаад, хийх ажлыг нь хуваарьлана. Бүх хүүхдэд боломж олгоно гэсэн үг. Хүүхэд өөртөө итгэлтэй болно, идэвхитэй болно гэх мэт сайн талтай.

Нээрээ сурагчдаас хайрын захиа ирээд эхэлсэн. Тэгж байгаад танилцуулна аа. 

Бүгдэд нь амжилт хүсье.

2020年11月22日日曜日

Цэцэг

Энэ долоо хоног их сайхан дулаахан өдрүүд үргэлжилж байна. Намрын налгар өдөр утгаараа. 

Угаасан хувцас сайхан хатаж байна. Сэтгэл санаа ч аятайхан байна. Хэ хэ. 

11 сарын цэцэгний зураг оруулсан билүү? Эхээр ганц нэг зураг оруулсан санаж байна. 

Бага зулзагын албаны үүдний өмнө байрлах цэцэг. Эрхлэгч багш, арга зүйч гэх мэт ажилчид нь өглөөд усалж харагддаг. Дарга гээд ялхайгаад, пээдийгээд байдаггүй нь таалагддаг. 

 

Ажлын газрын нэг давхарт чимэг болгон тавигддаг цэцэг. Үүнийг гэхдээ 10 сард дарж. Хулууны чимэглэлтэй байхыг бодоход. Энэ сарынх ямар цэцэг байгаа бол. Ойрд тэр зүгээр нь алхаагүй юм байна. 

Засвар хийж байгаа, зарим нэг оффис нүүгээд, тэгээд л засаж сэлбээд байх шиг. 

Хэзээ билээ хоёр багатайгаа зугаалахдаа. Цемент ихтэй газраа нэг иймэрхүү байдлаар цэцгийг тарьж ургуулаад, гудамжаа чимээд байдаг. Амралтын өдөр хүн багатай байсан. 

Өвөл айсуй гэж бодохоор нэг бодлын гоё, нэг бодлын рамаанчик, нэг бодлын... Хэ хэ. Аль болох гэгээлэг байх гэж үзэж байна өө. 

Нүүр номыг ухаж бухимдсаар байтал. Ядаж эндээ тайван байх минь...

Бүгдэд нь амжилт хүсье.

2020年11月21日土曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь амжилттай шүү дээ. Харилцан бууз давсаа барьж гүйгээд л. Хи хи.

Тахианы махыг яаж шарсан гэчихэв ээ. Ямар ч байсан нэг тийм өвөрмөц аргаар шарсан гэсэн. Амталгаа нь миний өгсөн жамц давс, хар перец. Жамц давсыг хэр хэмжээгээр хийхээ сайн мэдэхгүй, амттай болсон эсэхийг мэдэхгүй байна гэсээр хонх дарсан. Хэ хэ. 

Хань ижил, том зулзага, бид гурав бол амаа олохгүй л идсэн. Хоёр бага минь, харин жаахан хурц санагдсан байх. Идээгүй, дунд зулзага жаахныг амссан.

Өөрөө хийсэн жигнэмэг гэсээр хонх дарсан. Мэдээж гоё амттай байсан. Хийж чаддаггүй, хийдэггүй хүн чинь хүний өгснийг хоёр гараа тосон аваад л амтархан иднэ шүү дээ тийм ээ?

Би бодно оо. Энэ жигнэмэгийн доор байгаа? Эсвэл хэв оруулагч цаас нь бас л хөөрхөн үнэтэй байдаг юм билээ. Хайран мөнгө гэж. Хэ хэ. Хийдэггүй хүний нэг шалтаг юм даа тийм ээ.

Хөл хориогоо хэрхэн өнгөрөөж байна даа? Амжилт шүү, монголчууд минь ээ. Гадаадаас уншдагууддаа ч бас амжилт хүсье ээ. Түр баяртай.

2020年11月20日金曜日

Өвлийн гоёо

Гарчиг уншаад та нар гого хувцас ч юм уу авч гэж бодсон уу? Үгүй шүү дээ. Энэ жил хувцас авахгүй. Ойрын хугацаанд аваагүй, авахгүй. Энэ нь цаад утгаараа байгальд ч ээлтэй, шууд утгаараа ч хэмнэлт болно. 

Дунд зулзага шинэ жил болох гэж буй тул оригами цаасаар элдэв чимэглэл хийж гэрийнхээ энд тэнд наагаад. Ээж тэрийг нь араас нь элдэж очоод, зураг дарах үүрэгтэй. Зургаа эмээдээ явуулна. 

Ютүбээс харж хийсэн Санта өвөө, цасан өвөө. Их хөөрхөн байгаа биз? Нэг ингээд нугалаад суухаараа их төвлөрч харагддаг. Нэг зүйлд төвлөрч чаддаг байх нь их сайн талтай гэж нэг мундаг хүн хэлж билээ.

Бэлэгний оймснууд. Үүнийг нугалахад ээж гар бие оролцсон. Амархан юм билээ. 

-Ийм хөөрхөн жижигхэн оймсонд бэлэг нь багтах болов уу?

-Энэ бол зүгээр л чимэглэл, бэлэг хийх уут тусдаа шүү дээ, ижий минь...

Ингээд дарах өнцгөө өөрчлөхөөр зүрх шиг харагдаж байна уу? Одоогоор хаана яаж тогтоохоо мэдэхгүй л байх шиг. Дараа хэрхэн яаж тогтоож чимэглэсэн зураг оруулна аа. 

Нэг иймэрхүү Санта өвөөг угтах бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оров. Конкурсны хүүхэд бол нүдэн балай, чихэн дүлий л байна энэ талаар. Ирвэл чиг ирэг, ирэхгүй бол ирэхгүй л байна гэсэн хандлагатай. 

Бага зулзага одоогоор юу ч мэдэхгүй, бага багаар цагаан цаас нь солонгороод л явж байна.

Та бүхний гэрт ч Санта өвөө ирэх болтугай. Түр баяртай.

2020年11月19日木曜日

Банш ба төмс

Энэ жил манайх банш, төмс хоёрыг хашрааж байна өө. 

Баншиндаа элдэв ногоо холиод хийчихээр ногоо идэж өгдөггүй бага зулзага дуртай нь аргагүй иддэг болохоор. Бууз хуушуур хийж болно л доо. Даанч гурил зуурахаасаа залхуураад. Бэлэн гурил авч банш чимхээд байгаа хэрэг.

Энд тусдаа цуунд дүрээд байдаг. Би болохоор аль болох дүрэхгүйг хичээнэ ээ. Бага зулзагатаа бас өгдөггүй. Харин бусад гишүүд цуу хэрэглэнэ ээ. Аль болох цуугүй идэхийг зөвлөж үглээд л байгаа. 

Махтай төмс гэдэг хоол. Мах, төмс, лууван, сонгино, нарийн хэрчсэн konjac гэх мэт зүйлсийг хольж хуураад, бага зэрэг цуу, сахар бас бус зүйл холиод буцалгана. Сахар их хийдэг юм билээ. Би чихэрлэг амттай хоолонд дургүй тул бага зэргийг л хийсэн. 

Амт нь дажгүй болсон. Амархан юм билээ. Урд нь хийж байхгүй гэж бодсон. Хэ хэ. Зарим нэг япон хоолыг хийхээс залхуураад явдгийн уршиг л даа. Элдэв тосонд шарсан тахианы мах энэ тэрийг бодвол бас ч гэж эрүүл талдаа орох хоол.

Гэхдээ мах төмс хоорондоо зохицдоггүй гэсэн үү. Энэ талаар дараа нэг судалж үзнэ ээ.

Ойрын гал тогоо минь нэг иймэрхүү. Хөл хорионы үеийн гал тогоо чинь гайгүй биз дээ? Амжлт хүсье.

2020年11月18日水曜日

Намрын уншлага 2

Идэвхитэй уншиж байна. Мөн идэвхитэй уншигдах ном их байна, цаана чинь.

Хэ хэ. Эсвэл ном уншигдаад, уншигдуулаад гэх юм уу? За энэ наргиан ч яахав. 

Эх хэлээрээ ном сайн уншицгааяа, манайхаан. 

Эх хэлээрээ гэснээс нээрээ номын тавиур дээр өрөөстэй номоо уншина аа. Уншаагүй хэд хэдэн монгол ном бий. 

Тийм байж монголд болж байгаа номын баярыг атаархан харж энэ тэр. Хэн нэгэн надад бэлэглэх гээд ном худалдаад авчихаагүй л биз дээ? гэж бодсон. Ккк. Шуналтай байна уу?

Хямдралтай үед нь аваад тавьчихвал ч тийм ээ? Хэмнэлт шүү дээ, манайхаан. 

Энэ оршлыг 10 сарын сүүлээр бичээд орхисон байна. Номныхоо тухай хальт бичих үү дээ, энэ чинь одоо. 

Номны гарчиг <"Хөгжлийн бэрхшээлтэй" гэж оношлогддог гадаад хүүхдүүд> . Хөгжлийн бэрхшээл гэж бас хэлмээргүй ч юм шиг санагдаад. Тэгж байгаад таарсан үг олдох байгаа...

Зохиолч нь Кин Чюни гэдэг эмэгтэй. Токиод төрж өссөн. Гэхдээ нэрнээс нь харахад ойлгомжтой. Солонгос. Эмээ өвөө нь дайны дараагаар японд үлдсэн байх. Тэр талаар нь одоогоор сайн мэдэхгүй байна. 

Багадаа ээж, эмээ өвөө нарынхаа харийн оронд хэцүү байгаа, ийм ч юм нь хэцүү, тийм ч юм нь хэцүү гэж зөндөө сонсдог байсан. Үнэндээ бол чихээ бөглөмөөр болдог байсан. За бараг тоохгүй, бөглөчихдөг буюу сонсохыг хүсдэггүй байж.

Сургуульд ороод, нэгдүгээр ангидаа ааваасаа асууж. 

-Намайг яагаад хүүхдүүд үргэлж шоглож байдаг юм бэ?

-Миний охин, эелдэг бай, инээмсэглэж бай. Тэгвэл чи олон найзтай болно.

Аавынх нь энэ зөвлөгөө 50:50 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл 50 хувь нь зөв. 50 хувь нь буруу. 

Хүүхэдтэй холбоотой ажил хийх хүсэлтэй байсан тул их сургуульд ороод, гадаад хүүхдүүдэд япон хэл заах гэх мэтээр дэмжих сайн дурын ажил хийнэ. Энэхүү сайн дурын ажлыг хийх явцдаа их зүйлийг ойлгоно. 

Багадаа чихээ бөглөх нь холгүй, ээжийнхээ, эмээгийнхээ, өвөөгийнхөө элдэв бэрхшээлийн тухай ярьдаг байсныг нь бүдэг бадагхан санаж эхлэнэ. Эцэст нь энэ номоо бичих болсон.

За өнөөдөртөө зохиолчын? тухай болчихлоо. Дараагийн бичлэгээр номын агуулгаас оруулна аа.

Хөл хориондоо номоо сайн уншаад, маамаа нараа сайн хараад, хичээцгээнэ шүү. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年11月17日火曜日

Тоторо

Зээ хө, бид энэ "Хөрш Тоторо" гэдэг хүүхэлдэйг өдөрт нэг удаа үзэж байна. Мундаг уу? Хэ хэ.

Бага зулзага удирдлага харахаараа л "Тоторо аанн тта" гэж үл ойлгогдох хэлээрээ шулганаад зурагт руу заагаад, шалаад. уурлана. 

Би ч оройн хоол энэ тэр гэсэн ажилдаа түүртээд тавиад өгчихнө. Угтаа бол маш буруу. Зурагтад хүүхдээ найдаж болохгүй гэж толгойдоо шингээгээд авчихсан ч үйлдэл минь зөрөөд байна. 

Дээрх зураг бол номыг нь уншиж буй байдал. Үйлдэл бүрийнх нь үг яриаг дагаж хэлээд байдаг болсон.Тоторо амаа том ангайж орилдог үйлдлийг маш чадварлаг дуурайна. 

Цэцэрлэгийн үүдийг хэсэгтээ чимсэн Тоторо. Цэцэрлэгийн гал тогооны үүдэнд зөвхөн Тоторо л чимэглээстэй байсан юм. Түүнийг нь бага зулзага харна гээд эсрэг зүгт гараа хаялаад алчихдаг байсан юм. 

Тэгсэн энэ зурган дээрх Тоторо ашгүй үүдний хананд өлгөгдөж бид хоёр үүд рүү чиглэх замдаа хэсэг сатаардаг болж билээ. 

Даанч одоо байхгүй, өөр зургаар, дүрсээр сольчихсон. Улиралдаа тохируулаад. 

Бид хоёр яг л ший жүжиг үзэж байгаа юм шиг үүний өмнө суугаад л, ярилцана. Багш нар нь өхөөрдөөд, ёстой хайртай дуртай юм аа тийм ээ? гээд л инээнэ. 

Гэртээ байдаг өөр номнуудаа уншуулна л даа. Гэхдээ Тоторогийнхоо ном шиг өдөр бүр биш. 

Ямар сайндаа номын сан дагуулж явж, өөр ном байдаг юм шүү дээ, үр минь гэж зааж өгсөн. Тусгаж авсан эсэхийг бүү мэд. Ойрын хугацаанд нэг орно доо, урд нь зээлсэн номоо буцаангаа. 

Дуртай зүйлийг нь хэт хорьж болдоггүй гэсэн. Тийм болохоор номыг нь бол байнга нүдэнд нь харагдах газар тавьж байна. Харин зурагт бага үзүүлэх санаатай удирдлагаа нуудаг болсон. 

Нэг иймэрхүү гурван зулзага минь гурван өөр ааш араншинтай, сонирхолтой, үзэл бодолтой болж өсч байна даа.  Гэр бүлийн хүмүүжил чухал гэх юм, хичээнэ дээ...

Уншигч олон минь ч хичээгээрэй дээ. Хөл хориогоо үр хүүхэдтэйгээ аятайхан даваад гарцгаадаг юм шүү дээ...

2020年11月16日月曜日

Харих замд

Өнөө өглөө хот дотроо боловч урд зүг рүү 40 гаран минут давхиж хүрдэг бага сургууль орчихоод ирлээ. 

Бага зулзагаа өгчихөөд, гэртээ ирж дунд зулзагатаа баахан үүрэг даалгавар өгчихөөд, жирийлгэсэн. 

Дунд зулзага өнөөдөр амарч байгаа. Учир нь хагас сайнд хичээллэсэн. Энэ талаар тусад нь бичнэ ээ. Түр хүлээгээрэй.

Машины цонхоор. Давхилт дундуур дарсан тул гоё гараагүй байх. Гэснээс би блогтоо оруулдаг зурагнуудаа ухаалаг утсаараа л дардаг л даа. Зургийн аппарат тэр бүр авч явахгүй ээ. Ачааны нэмэр санагдаад. Тэртэй тэргүй ухаалаг утас байхад тийм ээ. 

Суугуул хотын минь жимс жимсгэний өлгий нутаг гэхэд хилсдэхээргүй газраар давхиж яваагаа гэнэт санаад. Амжиж дарсан жимсний зураг. Илжгэн чих. Зөндөө их зөрж өнгөрсөн. Даанч би нэг гартаа нэг их том алим, нөгөө гараараа жолоогоо мушгиад түмэн завгүй л явлаа. Өө бас алим идээд ам нь түмэн завгүй.

Утга, өнгө ижил гурван зураг болчихлоо. Гэхдээ яахав. Энэ гурвыгаа нүүр номдоо, инстаграмдаа оруулчихсан. Гялалзуур байна уу? Хо хо. Одоо тэгээд бас ингээд блогтоо оруулж сууна. 

Нэг бол түмэн завтай ч юм уу. 10 хуруугаа бүрэн дүүрэн чадлаар нь ашигладаг юм аа, цаадах чинь. Завтайг нь гайхна уу? Сүрхийг нь гайхна уу? Та нарын л дур шүү дээ. Хи хи. 

Цаг агаар сайхан, намрын налгар өдөр байлаа, ашгүй. Бороотой бол бас л...

За бүгдээрээ шинэ долоо хоногоо амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөгөөрэй. Монгол дахь уншигчид минь, хөл хориогоо яаж ийгээд даваарай. Төр засгийн зарим нэг сүржигнэлд тархиа бага угаалгаарай. 

Хойд Молонгос гэж хаанаас ч уншчихав даа. Түй түй түй. Гэхдээ л гаднаас та нарыгаа харахаар нэг л тийм нэг хойд Солонгос ч юм шиг санагдаад, харамсаад...

За түр баяртай, хадуурахаасаа өмнө хуруугаа зогсоолоо.

2020年11月15日日曜日

Шинэ оны хуанли

Хүүе цаана чинь шинэ он гарах дөхчихөж. Яасан гэхээр шинэ оны хуанли ирсэн манайд. 

Суугуул нутгаас минь төгсөөд явсан олон сайхан аавын хөвгүүд бий. Бүгд л өөрийн гэсэн зорилготой ирдэг, түүнийхээ төлөө өөр өөрсдийн арга барилаар "тэмцээд" явдаг. 

Сүмогоор суралцахаар ирэх гэж байгаа хүүхдүүдийг бол ирээд хэрэггүй, сүмогоор биш өөр зүйлээр хичээллэ, өөр зүйл оролд, эрдмийн мөр хөө гэж хэлнэ. 

Харин нэгэнт сүмогоос өөр зүйл хийж чадахгүй ээ гээд зориод ирчихсэн хүүхдүүдийг бол дэмжихээс өөр замгүй. Хаа очиж ааш зан дажгүй хүүхдүүд ирдэг шүү. 

Тэдгээр хүүхүүд эхнээсээ мэргэжлийн сүмод барилдаад, томрох нь томроод. Ганц нэг нь зодог тайлаад. Тус тусын замналаар явцгааж байна. 

Барилдаантай сар бүр банзүкэгээ явуулдаг хүүхдүүд ч байна. Оны эцсээр хуанли өгдөг хүүхдүүд ч байна. 

Энэ жил хүмүүсийн амаа олохгүй шагшаад, зарим нэг нь улыг нь маш сайн долоодог их аваргын барилддаг дэвжээнд орсон жаалхүүгээс банзүкэ хуанли ирсэн. 

Жаалхүү гэсний учир нь анх ирэхдээ жаахан хүү байсан юм аа. Одоо бол 2 метр гараад явчихсан аварга залуу.

Гэснээс дээр дурдсан аварга хувь хүнийхээ хувьд нэг их таалагддаггүй. Олон л сонин сонин зүйл сонсогддог учраас. Яг тулаад яриад ирэхээр яах юм бүү мэд. Өөрөө тэгсэн пялдагадаад явчих вий дээ, түй түй. Ккк.

Сүмод хүүгээ явуулах гэж буй ээж аавууд түр азнаад, сайн бодоорой гэж хэлмээр...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

2020年11月14日土曜日

Зураач 2

Тухайн үед нь дарсан зургаа орууллаа шүү. Устгах гэхээр хайран. СБА шүү.

Энэ солонгыг ээж зурсан юм өө. Тосон харандаанууд нь хэмжээ нь янз бүр. Жижгийг нь хаях гэсэн сэтгэл хүрдэггүй ээ. Хайран санагдаад. Жаахан ч гэсэн зурж байгаад, бүр жижигэн болохоор нь хаяна гээд л байлгаад байна.

Зурагт ном дээрх амьдыг дуурайж зурах гэж их хичээнэ ээ. Дөхүүлс хийгээд л орхино доо. Одоогоор ээжийн улаан ногоон фен тулдаа л алгаа ташин баярлаж энэ тэр. Хөөрхий минь бөөн эгдүү...

Гэснээс таван хошуу мал ерөөсөө зурдаггүй юм билээ. Морь зурна гэхээр ээжийн чадал хүрэхгүй. Ер нь бүх л малыг зурж чадахгүй юм байна аа. Яалтай?

Үүнийг дунд зулзага зурсан. Дүүгээ саатуулангаа зурсан. Их сайн саатуулж, харж өгнө өө дүүгээ. Хайртай гэж жигтэйхэн л байна. Даалгавраа хийхгүй, дүүтэйгээ тоглоод л сууж байх санаатай. 

Нэг иймэрхүү гурван өөр үеийн хөөрхөн зулзагуудаа тойрон эргэлдээд, заримдаа ч ядарна. Хүйтэрч байгааг ч хэлэх үү? Өвлийг өнөтөй, тарган тавтай давах юм шүү...

Бүгдэд нь амжилт...

2020年11月13日金曜日

Нүүр номоос

Заримдаа энэ нүүр номыг ухаж байхад хөөрхөн пис хийлгэсэн зүйлс олж уншдаг тийм ээ? 

Саяхан олж уншсан хөөрхөн зүйлсээ бичих үү энд. 

Орчин үед ном уншихад юу хэрэг болдог вэ?

1. Гуя гарсан гэрийн халат, дулаахан оймс

2. Гоё янзалсан хумс

3. Камер сайтай ухаалаг утас

4. Жүүс, кофе эсвэл гүцтэй цай

5. Ямар нэгэн амттан эсвэл жимс

6. Аан тийм, тэгээд ямар ч хамаагүй нэг ном

Үүнийг уншаад өөрийн эрхгүй писхийж инээсэн. Гэртээ байсан тулдаа гайгүй. 

6 дахь нь инээдтэй байгаа биз дээ. Надад хэлээд байгаа ч юм шиг. Хэ хэ. 

Гэснээс нэг ном эхлүүлээд гацааский. Барьж авах завдал гардаггүй ээ. 

Алсугийн "Зимний сон" гээд дуу байдаг даа, тэрэн дээр нээх гоё цас ороод л, дуучин дулаан оймстой, богино ноосон цамцтай гуя хас нь гарчихсан ном уншаад л... Би бас цас мөсний оронд ил зуухтай дулаахан өрөөнд ямар ч хамаагүй ном тэврээд хэвтмээр л байна шүү. Ккк

Гэснээс энэ жил цас их орно гэж хүмүүс яриад байна лээ. Сүүлийн 2 жил их бага орсон. Түүнээс суугуул нутаг минь бас л хөвсийтөл цас унадаг газар шүү дээ. Эхний нэг хоёр өдөр бол гоё оо гоё. Цав цагаан, рамаанчик. 

Гурав дахь өдрөөсөө нойтон цас тул харлаад, урсаад, шалбааг болоод орж гарахад үнэн төвөгтэй болно гэж.

За за ном ярьж явснаа хадуурч байна. Би өдөр гарч номын дэлгүүр орно. Дээрээс хойш авна гэж бодоод явсан номоо авна. Дараа зургийг нь гоёор аваад орууламз. Хи хи.

Бүгдэд нь амжилт хүсье. Бултаараа тэнгэрийн хүмүүс тул мэргэжлийн хүмүүсийн зааврыг сайтар дагаад, муухай вирусыг нам дарна шүү. Тийм ээ?

2020年11月12日木曜日

Жаахнаагийн эргэн тойронд

Жаахнаагийн минь эргэн тойронд бөөн хайр, бөөн эрч хүч, бөөн аз жаргал, бөөн ирээдүй эргэлдэж байна аа. 

Хань ижилтэйгээ хааяа хууч хөөрнө өө. 

-Жаахнаа минь биднийг зорьж ирээгүй бол дэнхийсэн том зулзагатай, тэд нь эхнээсээ үүрээ орхиж нисээд, хоёулаа дүмбийгээд л сууж байх байж дээ...

-Хэлээд юүхэв ээ?

Бага зулзагын минь шийд. Өлмийгөө өргөөд, бөмбөгөө хальт тохохоор өндөрт зоож өгсөн. Ингэж зоохын тулд бас л олон хоног дуншсан. Ханцуй шамлаад орчихгүй, зүгээр. Юугий нь ч бодоод явсан юм бүү мэд.

Энэ ваарны амсар дээр амны цаас цухуйгаастай хэд хонов оо. Би нэг өдөр санан санан авч хаях гээд л сугалсан чинь дахиад байна шүү. Зөндөөг гаргаж ирсэн, сүүлдээ гар орохгүй, хуруу хүрэхгүй. Урт савхаар татаж гаргаж ирсэн. 

Хайрцагтай амны цаасыг ар араас нь сугалж гаргаад л байдаг юм. Сонирхолтой байдаг шиг билээ. Тэгээд түүнийгээ ойр байснаар нь энэ вааранд хийсэн байх. Хэ хэ.

Дунд зулзага дүүгээ зурсан байдал. Даахийг нь үргээх болоогүй тул ингээд орой дээр нь бооно. Ард нь бас бооно. Тэгэхгүй бол нэг дор боож хүрдэггүй. Ирэх жилийн намраас л үргээх байх даа? 

Гэх мэтчилэн хайр хүргэсэн үйлдэл зөндөө шүү дээ. Санаснаасаа бичиж байна аа. Саяхан нялхын бичлэгийг нь үзсэн чинь хөөрхөн, царай нь шаал өөр байсан байна лээ. 

Бүх уншигчдадаа амжилт хүсье өө. Жаахан маамаа нараа энгэртээ тэвэрч эрхлээрэй...

2020年11月11日水曜日

Орчин 3

Бага сургууль явсан тухайгаа бичих гээд л. Тухайгаа ч биш юм аа, атаархлын нүдээр харсан зүйлээ бичих гээд л.

Энэ удаагийн бага сургууль гэрээс маань 45 км орчим зайтай. Өглөө эртлэн гаргаад давхисан. Дуу хөгжмийн ангийг эзэгнэнхэн зогсож байгаад л эх орноо танилцуулсан.

Хичээл заахаасаа илүүтэйгээр танхимд байгаа хөгжмийн зэмсэгт л нүд минь унаад байсан. Дээлээ өмсөх гээд арын өрөөнд нь орсон чинь баянхуур хөгжим өрөөстэй. Зураг дарна гэж байгаад мартчихаж. Ирэх жил очихдоо заавал зураг авах юм шүү.

Сургууль бүрт ийм том төгөлдөр хуур байдаг. Намайг багад ийм том хууртай сургууль байдаггүй байсан. Одоо ч байдаг эсэхийг бүү мэд...

Дунд зулзагатаа цэцэрлэгийн маамаа байхад нь өвлийн өвөө болж нэг жижигхэн бөмбөр бэлэглэж байсан юм. Хэмжээг нь огт анзааралгүй захиалсан чинь жижигхээн бөмбөр ирээд, хань ижил шоолоод л. Тэр минь одоо бага зулзагат минь яг тохироод байгаа.

Тэгээд л би баахан бөмбөрний зургийг нь дарсан шиг.

Гэртээ гоё том бөмбөртэй болмоор санагдаад байдаг юм. Эрэгтэй хүүхдэд тохирох ч юм шиг. Эгч нар болохоор төгөлдөр хуур заалгаарай гээд байгаа. Сонгодог хөгжмийн хаан гэж бодохоор заалгахад ч буруудахгүй л дээ тйм ээ. 

Морин хуур л хуурдаж сургамаар байдаг. Одоо ч жаахан л байна дөө гэж. Ээжийн сэтгэл санаа түрүүлж гүйгээд байна айн?


За тэр дээр өлгөөстэйг мэдэх хүмүүс бол торолгүй хэлэх байх дөө. Би ч маруухан дөө. Ганц нэгийнх нь л нэрийг усыг хэлж чадах байх. 

Багадаа дуу хөгжмийн хичээлээр иймэрхүү суут хүмүүсийн тухай үзэж байснаа санадаггүй ээ. Солгой хоолоотой гэж "чичлүүлж" ирснийг ч хэлэх үү? Дуу хөгжмөөс жаахан дөлнө өө. 

Нэг иймэрхүү маягаар л бага сургууль явж багшилж байна даа. Бүгдэд нь амжилт хүсье...

2020年11月10日火曜日

Нэмэгдээд л

Өнөөх гайтай вирус нэмэгдээд л байгаа. Одоогоор 50 хүн халдвар авсан. Яахав үүнээс 37 нь эдгэсэн л дээ. 

Өнгөрдөг 7 хоногт дөрвөн хүн нэмэгдчихсэн. 60 нас гарсан хүн гурав. 70 нас гарсан хүн нэг.  

Энэ долоо хоногт буюу нэг дэх өдөрт дээрх хүмүүсийн эхний хавьтлын хүмүүсээс бас илрээд, нийт 7 хүн гэнэ. Бүгд 60-с дээш насны хүмүүс байна.

Шинээр хүн нэмэгдэх тоолонд байнгын хороо? хуралдаад, хэвлэлийн бага хурал хийнэ. Иргэддээ маш нарийн мэдээлэл өгнө. Ингэхдээ хувь хүний хувийн мэдээллийг бас нэлээд нууцлана. 

Нэлээд дээхний нэг залуу байсан даа. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Тэр залуу зайлуул их л хэцүү байсан юм шиг байна лээ. Ар гэрийнхэн, ялангуяа хүүхдүүдэд нь. Бараг салсан гэсэн үү? 

Энэ япончууд нийлж аваад л нэг хүн лүү дайрахдаа нэлээд гарамгай шүү. 

Гэх мэт жишээнээс суралцаад, захирагч энэ тэрээс авахуулаад төрийн байгууллага нь "Хүн төрөлхтөн бид хүнтэй тэмцээгүй, вирустай тэмцэж буй тул, хүнлэг энэрэнгүй хандана уу?" гэсэн уриа лоозон гаргасан. 

Цаг хугацаа яваад, хэн ч хэдийд ч тусаж мэдэхээр болчихсон байхад нэгнийгээ хэмлээд яах ч юм билээ? Үүнийг ухаарахгүй, ухаарахыг хүсэхгүй хэсэг бүлэг этгээд байдаг бололтой...

Бага зулзагын цэцэрлэг дахиад л хэсэн хугацаанд үүднээсээ хүүхдээ өгч авна. Энэ гэхдээ надад их амар. Хэ хэ. Цаашаа анги руу нь явахгүй, гутал энэ тэрээ тайлж орохгүй, замдаа элдэв зүйлд сатаарч цаг авахгүй гэх мэт. 

Яахав зулзагаа бодвол, дэмий л дээ. Үүдэнд яг ангийнх нь багш зогсож байна гэсэн юм байхгүй. Нийтийн багш, эрхлэгч гэх мэт сайн дасаагүй багш нар нь зогсоод, хүүхдээ хүлээж аваад цааш нь анги анги руу нь хүргэж өгдөг болохоор бишүүрхээд уйлдаг юм. 

Сургуулийн эгч нарт одоогоор онцгой зүйл алга л байна. Амны хаалтаа сайн зүүгээд, онцын шаардлагагүй бол гадуур орж гарахгүй байх л чухал. Эдний нэг тогтолцоо нь их авууштай санагддаг. 

Бага, дунд сургуулийн сурагчид хичээлээс бусад цагаар пс тоглоомын газар, шөнийн нэрийн барааны дэлгүүр гэх мэтээр эцэг эх, асран хамгаалагчгүй болд дураараа хэсэж болдоггүй нь. 

Хоккайдо гэх мэт мужуудад бас нэмэгдээд байгаа сурагтай. Хаашаа л яваад байна даа? Эх дэлхий минь хүн төрөлхтөнд нэг л таагүй хандаад байх шиг. Арга ч үгүй юм байх даа? Хүмүүс нь өөрсдөө эх дэлхийгээ үнэндээ л тахлаж дуусч байгаа хойно...

За бүгдээрээ эх дэлхийгээ хайрлан, хичээцгээе ээ. Амжилт хүсье...

2020年11月9日月曜日

Зураач

Бага зулзагаа зурагт, гар утас, айпаднаас хол байлгах  гэж үзэж тарж л байна. 

Сая баасан гарагт бүлээрээд, албанаас нь утасдсан. Ээж өөр хотод бага сургуульд хичээл заагаад явж байсан тул, аав руу нь залгасан байсан. 

Ашгүй аав нь тэр өдөр амарч таараад. Өглөө нь их л цоглог ээжийгээ баяртай энэ тэрээ гээд аавдаа тэврүүлээд гарсан үр минь. Яасан юм бол доо? гэж бодоод л, харих замдаа.

Хань ижил үзүүлээд, эм авсан байсан. Хоолой нь улайж, өвдсөн байлаа. 

Тэгээд бие сул гэдгээрээ далимдуулж дуртай зүйлээ хийх, дуртай амттанаа идчих санаатай шүү. Санаа гэж бас л байна аа байна тэр жаахан амьтанд. Хэ хэ. 

Тоторогоо өдөрт хоёр удаа үзэв. Нэг дуу сонсгох гээд айпадаа асаасан чинь мань хүн бүр үргэлжлүүлээд есөн жорын юм үзсэн. Тэр долоовор хуруу ямар чадмаг дэлгэц маажиж байна гээч? 

Уйлуулж байгаад л хураалаа. Тэгэхгүй бол утасны, айпадны хүүхэд болчихно. Бас нүд нь анивчаад эхлэнэ. Дунд зулзага бас тэгж нүд нь анивчаад, толгойгоо гэлжийгээд байдаг үе байсан. 

Тухайн үед гар утас, зурагтнаас боллоо гэж бодож байсан ч эмч болохоор бага насны хүүхдэд нэлээд тохиолддог гэж хэлж байсан. Аминдаа тийм туршлагатай тул, элдэв зүйлээс холхон байлгах санаатай ч бас л болж өгөхгүй байна аа.

Чаддагаар нь баахан цаас дэлгэж байгаад л зураг зурна. Бүх номыг нь хажуудаа овоолж байгаад ном уншиж өгч байна. Ээж өөрийн эхэлсэн нэг номоо унших зав огтоосоо ч гардаггүй шүү. 

Нэг иймэрхүү. Одоогоор маш чадмаг сараачиж байна. Дугуй дүрсийг бол сайн зурна аа. Эгч нарын тосон харандаанууд аминд орж байна. Богино болоод, зарим өнгөнүүд нь харлаад, би ч хэсэг ад үзсэн юм. 

Хаяхыг нь хаяад, монгол явуулахыг нь явуулмаар байна аа гээд л. Тэгсэн дүүд нь маш их хэрэг болдог гэнэ ээ. Хэ хэ.

Баруун доод буланд тосон харандаанууд нь савтайгаа харагдаж байна. Шинэ дээрээ хайрцаг савтайгаа гоёороо байна л даа. Хэсэг хугацааны дараа нэг иймэрхүү. Хэ х. 

Том зулзага тэр бүр зурахаа байсан, дунд зулзага ч бас гэртээ тэр бүр зурахгүй байна. Харин дүүгийнхээ ачаар хоёр эгч нь үе үе зурж харагдана. Тэр нь гэхдээ дүүгээ л баясгах журмаар л хөнгөн зурна. 

Гэснээс том зулзага зургийн дугуйлангаа төгссөн. Дунд зулзага одоогоор хамгийн дуртай дугуйлан нь. Дунд сургуулиа төгстөл явах байх. Ахлах сургуульд ороод, хэрхэхийг тэнгэр л мэднэ. 

За нэг иймэрхүү, зургийн багш нь ээж. Авъяасгүй ч асар сэтгэлээрээ багш шүү би чинь. Хо хо.

Түр баяртай бүгдэд нь амжилт хүсье.

2020年11月8日日曜日

Цэцэгс

Уламжлалт цэцэгний зураг оруулна аа. СБА шүү таминь ээ. 10 сарын сүүлээр хорооны баяр болоод. Дунд зулзага явмаар байна гээд явсан. Түүнээс олон хөлийн газар аль болох бага зулзагаа дагуулж явахгүй байх санаатай...

Зүгээр байхгүй, гадаах үүдэнд нь байсан цэцэгний зургийг дараад амжсан. Хэ хэ. Их л ажилсаг улс, бас хобби сонирхол нь цэцэг мэцэг гээд л эмээ нар нь сүрхий шүү.

Шар өнгийн цэцэг. Цэцэг тарьдаг хүмүүс бол андахгүй байх тийм ээ? Би ч одоохондоо сарнай, лил, багваахай зэргээс хэтрэхгүй л байна өө.

Энэ бас нэрийг нь хэлж үл мэдэх шар өнгийн цэцэг. Ийм хайрга бас гоё санагддаг. Хүүхдүүд дуртай, чулуугаар нь тоглоод байдаг. Гэхдээ бас хамаагүй ийм нийтийн газрын чулуугаар тоглож болохгүй л дээ. Дүрэм журам ихтэй гакар шүү, энэ улс.

Гэрийн гадаах жижиг сарнай. Өдийд ч цэцэглээд байх юм. Жилийн 4 улиралд л ганц хоёр дэлбээлээстэй байна. Жижигхэн болохоор хөөрхөн. Яг хажууд нь мэлрэг цэцэг суулгачихсан байгаа. Тэр нь түрж орж ирээд, сарнайг минь халхлаад байдаг заримдаа. 

Тэгэхээр нь уур хүрээд урт ургасан мэлрэг цэцэгнийхээ салаа мөчрийг нь хайчилчихдаг гэж байгаа. Хи хи. 

Мөн сарнайн мод нь дээшээ ургаад байхаар нь саглагр болгох минь гээд орой хэсгийг нь тайрчихсан. Зөвддөг л байгаа? Мэдлэггүй, мэдээлэлүй байж дур мэдэн хийчихээд сүүлд нь харамсдаг толхиолдол их шүү дээ би чинь.

За түр баяртай. Тасалгааны цэцэг тарьдаг уншигчдадаа амжилт хүсье. Мөн хашаандаа цэцэг тарьдаг, мод тарьдаг хүмүүстээ ч амжилт хүсье өө.

2020年11月7日土曜日

Нарлаг өдөр 2

Нарлаг өдрийн үргэлжлэл шүү. СБА шүү дээ хүмүүс минь. Нарлаг өдрөөр хөнжил гудсаа гаргаж наранд ээх, угаасан хувцсаа тагтан дээрээ гаргаж тээх гээд л бас хөөрхөн ажилтай. Гялс гялс амжуулаад, сиймхийгээр нь зулзагаа дагуулж зугаалах, ажил мундахгүй юм дөө...

Гэрээс жаахан зайтай л даа. Том зулзагаа бага байхад их ирж тоглодог байлаа. Сүүлдээ яагаад ч юм нэг их ирэхээ байж. Саяхнаас харин бага зулзагатаа сармагчин, ямаа зэрэг жижиг амьтад үзүүлэх санаатай, амьдаар нь.

Анпанман гээд бага насны хүүхдийн дуртай хүүхэлдэйн киноны баатар. Тэр бяцхан гарыг харж байна уу. Бага зулзага минь шүү дээ. Ундаа авах гэж биш, таньдаг баатартайгаа таарчихаад баярлаж байгаа нь тэр.

Машинаа зогсоочихоод цэцэрлэг рүүгээ алхах замдаа. Хүүхдийн нүд гэж бас үнэн соргог, хурц байх юм аа. Ээжийн олж хараагүй баатрыг олоод харчихсан л юм даа. 

Өвөл блох гэж байгаа юм чинь нарлаг өдөр зугаалж л байх минь гэж бодон бодон л гарч байна. Хаа очиж энэ тоглоомын талбайд жаахан маамаад зориулсан нэг гулсуур байна. 

Гэрийн гадаах гулсуур жижиг ч түүнд хүрэх шат, олсон шат зэрэг нь арай л ахдаад байна. Томхон маамаа нарт л зориулж шинэчилсэн бололтой. 

Харин савлуур дээр хөөрхөн суудаг болсон. Уначих вий гээд түшихээр уурлаад байгаа юм аа бас их эд. Дунд зулзагаа савлуур дээрээс унагааж хамрыг нь баллахаа шахсан паянтай улс болохоор аминдаа хаширлаад.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Сайхан амраарай...