ラベル Мэндчилгээ の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Мэндчилгээ の投稿を表示しています。 すべての投稿を表示

2026年7月13日月曜日

Баяр наадмын мэнд ээ

Сайхан наадамлаж байна уу? Одоо ч тэгээд олон олон найр наадам үргэлжлэх байх даа. 

Би их даруухан баярласан. Даруухан гэдэг нь нүүрномдоо элдэв шүүмж түгээгээгүй. Өмнөх жилүүдийн наадмын бичвэрүүдээ харахаар "Гончигсумлаа минь, ямар ч их бурдаг юм? Мэдэхгүй сэдвээ ч бичих юм." Хэ хэ. 

Энэ жил энэ алдаагаа зассан гэсэн үг. 

11-нд нь гэрээрээ хуушуур хийж идэв. Хар халуунд орж гарах хүсэл ч алга байлаа. Номоо уншаад, гэртээ өнжсөн. 

Монголд идсэн битүү шөл
12-нд суугуул нутгийнхаа төв номын санд эх орноо сурталчлах ажилтай байж таарсан. Олон жил хийж байгаа ажил юм болохоор дажгүй л даваад гарсан. Хүүхдүүдэд голцуу таниулах ажил тул нэг их хүнд сэдвээр ярихгүй нь амар. 

Ажлаа дуусгаад, гэртээ ирсэн чинь ядарсан байсныгаа мэдэв. Өдөр барагтаа унтдаггүй хүн чинь өдрийн унтлага хийв. Би бодохдоо өмнөх өдрийн хуушуурыг боловсруулж шингээх гэж гэдэс ходоод минь хамаг энергээ зарж байна даа гэж бодсон. 

Өдөр нь тэгээд ч үлдсэн хуушуураа халааж идсэнийг ч хэлэх үү?. Орой нь хоол хийгээгүй. Манайхан өөр өөрсдийгөө болгож байх шиг харагдсан. Зулзага хоол хийхгүй юм уу? гэж аюумшиггүйгээр асуусан. Ха ха. 

Бусад нь ч чимээгүй л байсан. 

Өглөө өдөр оройгүй мах идэж байдаг хүмүүсийн ходоод гэдэс яаж тэсдэг байна аа? гэж боддог болсон шүү. Хамаг эрч хүчийг чинь хоолоо шингээхэд зарцуулчихдаг гэсэн шүү дээ. Тэгээд л ном уншмааргүй, хичээл хиймээргүй санагддаг байх ньь их идсэний дараагаар. Лазантрий хөдлөөд л, шууд л хэвтээд өгмөөр болдог доо...

Орой нь бөх жаал харав. Хүмүүс шуугилдаад л явах юм. Тэгэхээр нь хэнийг ч танихгүй хэрнээ харна аа. Хэ хэ. 

Орой ч унтаад өгсөн л дөө. Юун үзүүр түрүү харах. Өглөө босоод л нүүрномоос мэдсэн. Тэртэй тэргүй дараагаар нь мэдчих юмыг нойроо хугаслан байж үзэх шаардлага алга дөө гэж бодсон. 

Эрүүл мэнд чухал гэж үздэг насан дээрээ иржээ... Насны намар хаяанд...

Элдэв хэрүүл уруулгүй, шүүмжгүй аятайхан нээлт болсон шиг байна тийм үү? Би ч хэрэг болгож үзсэнгүй л дээ...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 


2026年4月3日金曜日

Хайрхан минь

4 дүгээр сарын мэнд ээ. 

Япон улсад санхүүгийн шинэ жил, хичээл сургуулийн шинэ жил эхлээд гурав хонож байна. 

3 дугаар сарын сүүлээр ажлаар орж гаран, бага зэрэг завгүй байлаа. Ажлын сиймхийгээр ганц нэг газраар аялаад амжив. Хамгийн их амжуулсан нь идэж уух ажил л байлаа. Ха ха. 

Ямар сайндаа нэгэн "зэвүүн" эмээд хэдэн сартай жирэмсэн бэ? гэж хэлүүлж байхав дээ. Эгдүү, зэвүү хоёр зэрэг хүрээд амттанаа хасахаар шийдэв. Амсаагүй гурав л хонох гэж байна. 4 дүгээр сарын 1-с эхэлсэн юм аа. Хо хо. 

Зугаалсан газрынхаа ганц нэг зургаас блогтоо мөнхлөх санаатай орж ирлээ. 
Суугуул мужийн баруун хэсэгт сүндэрлэдэг уул. Нэр нь "Дайсэн". Бид зүгээр нэг уул гэхээсээ илүү "хайрхан" гэж авгайлан хүндлэх дуртай. Учир нь байгалийн гамшигт харьцангуй бага өртөөд байх шиг санагддаг. Санаа дагадаг байж ч магад. 

Хар шуурга болно, анхаараарай. Цас, бороо их орно анхаараарай. Сүр болоод л анхааруулна. Яг цаг нь болохоор харьцангуй тайван, амгалан өнгөрдөг нь Дайсэн хайрхны минь ач тус гэж нутгийн иргэд ч мэддэг, итгэдэг, шүтдэг. 
Хооки нутгийн Фүжи уул гэж ч авгайлуулдаг юм билээ. Ойр хавийнх нь сүм хийд мөн энэхүү хайрхнаа тахин шүтдэг юм билээ. Үе үе манайхнаар бол тахих ёс болоод л байх шиг байдаг. Гэхдээ манайх шиг хамаг дарга цэрэг нар нь том том машинтай очоод, тахиж байна гээд талхилдаггүй юм билээ.  

Цөөн хүний бүрэлдэхүүнтэй явагддаг юм билээ. Болсон болоогүй өнгө өнгийн хадаг яндар уядаггүй юм билээ шүү. 

Алсаас сэтгэлдээ, мэлмийдээ шүтээд, сүсэглээд явдаг юм билээ. 
Хавар цаг тул цэцэг ногоо гараад сэтгэл сэргэм байна өө. Алтан зул цэцэг. Энэ газар бол цэцгийн хүрээлэн. Монголоос ирсэн хүмүүс маань цэцэрлэгт хүрээлэн гэж үүнийг л хэлдэг байх даа. Манайхны хүрээлэнгүүд ч болоогүй байна даа гэсэн. 

Ер нь бол хүндээ л байна тийм ээ? Юу ч хийхгүй байж битгий шүүмжлээд бай гэж загнуулдаг л даа. Хэ хэ. Үнээн үнэн. Уучлаарай. Ганц би биш шүү. Дэлхийгээр нэг тархсан бусад бүх монголчууд надтай ижил шүү. Хань татав. Хи хи. 

Энэ сардаа ч ном уншаад, блогоо бичээд явна аа. Орж гарч байгаарай. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年2月20日金曜日

Цагаан сарын мэндчилгээ

Сар шинийн мэнд ээ. Ажлын өдөр таараад, бие ажил дээрээ, сэтгэл санаа монголд ижий аавдаа тогоо шанага бариад л. Хэ хэ. 

Энэ жил би эрүүл мэндийн шалтгаанаар бууз чимхэж хөлдөөсөнгүй ээ. Гэрийн ажлаас хэсэгтээ чөлөөлөгд гэсэн юм, эмч. 

Намайг хүүе хаая гэхгүй бол хөдлөхгүй юм тийм ээ? Ганц нэг хүмүүс. Эсрэгээр нь бодоход жишээ нь гэрийн эр хүн өвдөөд ч юм уу, эзгүй байхад эзэгтэй хүн яаж ийгээд л буузаа чимхчихсэн л байгаа даа. 

Гэж бодохоор л жаахан эрх тэгш бус санагдаад байх юм. Надгүйгээр хэдэн бууз чимхээд, надад идүүлчихэд яах вэ дээ? Гомдолтой л байна...

Айлд уригдсан. Амралтын өдөр хурдан болоосой гэж бодоол сууж байна. Хо хо. 

Гэрт хуйлаастайгаараа яваад байсан хуанлигаа гаргаж ирж зураг дарав. Нүүрномдоо оруулав. Тэгснээ буцаагаад хуйлаад хайрцганд нь хийчихлээ. Хэ хэ. Цаас нь их гоё цаас байсан, миний дуртай. Хаанаа хадахаа мэдэхгүй л байгаа юм. Сар сараар нь урж хаядаг, том том тоотой, өлгөх зориулалтын нүхтэй хуанлигаа болохоор хэд хэдэн газар өлгөсөн. 
Битүүний өдөр манай энд хүн ирж таараад, хань ижил эгчдээ захиж авахуулаад, нааш нь дайжээ. Цагаа олж ирсэн буянтай хүнд талархая. Би ч танихгүй л дээ. Явцын дунд танилцаж магад, үгүй ч байж магад. Ямартаа ч блогтоо талархснаа илэрхийлье. Олж уншихгүй л байх...

Мөн нэг ном ирсэн. 4 дүгээр сарын төлөвлөгөөт ном. Ашгүй, гялайлаа. Энэ жилийнхээ төлөвлөгөөт номоо товлоцгоосон чинь арван тав гаран ном байдаггүй шүү. Аминдаа гэрт буй номнуудаасаа нэрлэв ээ. "Чи наад номоо ганцаараа л унш. Нэг их сайн ч ном биш" гэж айлдацгаасан, луухгарууд минь. Хо хо. 

Тэгэхээр зарим нэг номоо би ганцаараа, сонирхлоороо уншина. Тэгээд л сардаа нэг төлөвлөгөөт номоо уншицгаана бид. 2 дугаар сард бас ч гэж чамлалтгүй ном уншиж байна. Дуусахаараа хальт бичээд явамз. 

төгсгөлд нь "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилдээ бүгд монгол морь шигээ хийморьтой байцгаахыг хүсье. Саяхан "Одмөндөр"-ийнхний бэлтгэсэн морьны тухай нэвтрүүлгийг нь сонсоод өө. 

Нутгаа гүймээр санагдсан шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжиль хүсье. 

2026年2月15日日曜日

Шармаанийн өдөр

Гэгээн хайрын баярын мэнд ээ. Шармаанийн өдөр шүү дээ. Би өөртөө ингэж нэрлээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна өө. Хэ хэ. Хүмүүс гайхдаг л байх. Шармаань гэж хэн бэ? гээд судлаад үзнэ биз дээ? 

За тэгээд энгийн л нэг өдөр байлаа. Дүнсгэр дүү, гэр зуур, зурагтаа үзсэн шиг л. Төмс нөхөртэй хүн чинь хэндээ ч гомдох вэ дээ? Ха ха. Миний өөрийн л сонголт. Охид ч мөн тэгж айлдсан, надад. 

Зээ, би нэг гарахдаа хямдарсан байхаар нь худалдаж авсан чёко. Дотроо анар жимстэй. Бас нэг өөр жимстэйг авсан. Нэр нь орж ирдэггүй ээ. Бараг 300 иенээр хямдарсан байхаар нь тэсэхгүй худалдаад авчихсан. Хэ хэ. 

Яахав, нэг их орж гарахгүй байгаа тул өөрийгөө баясгах гэж л авсан юм. Сүүлийн 10 хоног гэрээс огт гараагүй, эрүүл мэндийн хувьд бяцхан асуудал үүсээд, түүнийгээ эмчлүүлж буй тул...
Монгол амттан. Сүүлийн үед савлагаа нь их дажгүй болсон, маргах аргагүй. Гэхдээ заримдаа доторх нь чанарын шаардлага хангаагүй байдаг шүү. Худалдаалж буй хүмүүс нь худалдан авагчдаа хуурахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье. 

Хадгалалтын хугацаа дууссан байдаг юм уу, хар өнгөтэй байх ёстой амттан маань цайрчихсан байдаг. Заримдаа барьцалдаад наалдчихсан байдаг гэх мэт. Баярын өдөр ингэсгээд л зогсоё дөө, шүүмжлэлийг. Хэ хэ.  
Дотроо ийм хөөрхөн хэлбэр дүрстэй. Би "эмээл"-ийг нь идсэн. Самартай байсан. 
Сүүлийн үед албан байгууллагууд чёко өгч авалцах нь багассан. Миний шинэ ажил яг яадгийг би амарч байгаа болохоороо мэдсэнгүй ээ. 

Сүүлийн үед нэг тийм дор бүрнээ өөр өөрсдийнхөө асуудлаас илүү гардаггүй, нийгмийн элдэв сурталчилгаанд толгойгоо угаалгаад байдаг залуус цөөрсөн мэт санагддаг. 

Яг л хосууд л хоорондоо янз бүр болдог байх, хувь хувьдаа. 

За одоо цагаан ногоон сар ч боллоо доо. Ижий аавынхаа сэтгэлээ шингээж хийсэн бууз баншнаас идэх юмсан. Мөн төрлүүд минь туслалцдаг. Та бүхэндээ бүгдэд нь баярлаж явдаг шүү. Буян нь түм бумаар арвижиг ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2026年2月10日火曜日

Шинэ сарын мэнд болон киви жимс

Шинэ сарынхаа мэндийг сарын эхэнд хүргэж амжихгүй юм аа. Яаж ийгээд л сарын дунд болчих юм. 2 дугаар сар ч эх оронд минь хөлтэй хөдөлгөөнтөй, бужигнадаг сар тийм ээ? Цагаан сардаа бэлтгэнэ. 

Японд ерөнхийдөө нам тайван. Гэхдээ цагаан сарыг сүр тэмдэглэдэг айлууд их бэлтгэдэг шиг байна лээ. Би ч яахав жаахан монголоо алдсан, ёс мэддэггүй, хэнэггүй, ажилгүй, завгүй гэсэн баахан гуншинтай юм болохоор монгол дахь ижий аав шигээ бужигнахгүй ээ.

Ойрд цас ихтэй л байна. Хань ижил уул хадаар "хэснэ". Тэгэхдээ хангайн хишгээс хүртэнэ. Энэ удаад киви жимс байлаа. 

Эзнийг нь таньдаг л даа. Энэ жил ургац арвин тул ирж түүгээрэй гэж хэлүүлсэн байсан юм. Амралтын өдрүүдэд яаж ийгээд л амжихгүй яваад байсан юм. Тэгээд л хань ижил намайг хараад байвал амжихгүй юм байна гэж бодсон байх түүж ирсэн. 
Хувин савгүй явсан хүн чинь ингэж малгайндаа түүсэн байна. Ноосон малгай нь сунадаг тулдаа их л жимс орсон гэнэ шүү. Бас мэдмээр амьдралын туршлага байна уу? Залуус минь мэдээд аваарай. Ха ха 

Худалдаанд гаргах зориулалтаар ургуулаагүй, сонирхоод л суулгасан шиг байгаа юм. Хэмжээ нь өөр өөр. Амт нь ч янз янз. Зөөлөн чихэрлэг нь ч байв. Хатуу исгэлэндүү ч байв. 
Гэснээс энэ киви жимс их царай муутай жимс юм тийм ээ, байгалиараа бол. Халуун оронд тариалдаг, худалдааны зориулалтаар тариалдаг нь царайлаг байдаг тийм ээ? Дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй харагддаг нь хачин царайлаг тийм ээ?

Байнга авч идэхгүй л дээ, хааяадаа л авч иднэ. Тэгээд ч юмны үнэ айхтар өсч байна өө. Ганц монголд ч биш, энд бас өсөж л байна. Цалин хүрэхгүй талдаа, хэдийг нь идээд, хэдийг нь зулзагууддаа сургууль, боловсролд нь зарцуулаад, бас хэдийг нь хадгалаад явах вэ? 

Бүсээ чангалах, нарийлах, хэмнэх, өөр чинь ямар үг байдаг билээ? Хэ хэ. 

Ингэхэд хамаг баярыг үнэхээрийн тансаг, элбэг дэлбэг тэмдэглэдэг монголынхоо тэрхүү чадварыг хараад үнэн "бахархах", "бишрэх" юм аа. Туршлага судлахаар нэг харьж ирмээр ч юм шиг...

Энэ дарга нар туршлага судлахаар ийш тийш гадны орон луу их л явдаг даг. Ха ха...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年1月1日木曜日

Шинэ оны шинэхэн мэнд

Шинэ оны шинэхэн мэндийг хүргэе ээ. 

2026 ондоо ч амжилтаар дүүрэн, аз жаргалаар бялхаж, эрүүл энх байх болтугай гэж хүсэн ерөөе өө. 

Дэлгүүрийн гоёогоор мэндчилж байна. Хэ хэ. Гэртээ иймэрхүү чимэглэл аваагүй ээ. Гацуур модноос ч хэтрэхээ байж дээ...

Олон олон зорилт тавьсан уу? Та нар минь. Би ч нэг их зорилт тавиагүй ээ. Зүгээр л байгаагаараа, оршоод л байхыг зорив. 

Миний хувьд 2026 ондоо эрүүл мэнддээ л анхаарах минь гэж бодонхон сууна даа. Мэдээж ажлаа сайн хийнэ, гэр бүлийнхнийгээ сайтар "харна". Энэхүү харна гэдэг нь зарим нэгийг нь алсаас ажиглана, зарим нэгтэй нь тулж ажиллана. Хэ хэ. 

За тэгээд чадвал 50 ширхэг номоо уншаад, блогтоо бичээд явахыг хичээх нь ойлгомжтой. 

Гэрийн гадаах талбай. Энэ талбайд дурлаж энэ хавьдаа олон жил боллоо доо. 

Өнгөрдөг 12 сард харьцангуй цас багатай, дулаахандуу шинэ жил байлаа. Он гараад харин цас хаялаад эхэллээ. Айхтар хунгарлаагүй ч цастай мөстэй л өвөл болж байна. 

Амралт эхлэх үед ч овоо хэд хоног амрах нь гээд баярлаж байсан чинь нөгөөдөр ажил эхлэх гээд байдаг. Дахиад ганц нэг өдөр амарчихмаар байдаг. Гэхдээ дэмий ч юм уу? Гал тогоотой найзлаад, үд болтол унтаад, унтлагын хувцастайгаа өнжөөд байхаар өнөөх гайхал жин мин талийж өгсөн байх аа. 

Айгаад жингээ үзэхгүй байгаа. Ерөнхийдөө жаахан цайх шинжтэй тул нэг бодлын ажил хурдан эхлээсэй ч гэж бодох. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Энэ жил ч та бүхнийг миний "хөөрхөн" блогоор орж гарч байхыг хүсч байна шүү. 

2025年11月1日土曜日

Шинэ сарын мэнд ээ

Зээ, шинэ сарын мэнд ээ. Хоёрхон сарын сарын дараа шинэ он гарлаа шүү дээ. Ямар хурдан өнгөрч байна аа, энэ цаг хугацаа. 

Юу амжуулав? Ямар өөрчлөлт гарав? Гээд л хүмүүс дүгнэдэг сар айсуй. Эх оронд минь баахан шилдгүүдээ тодруулна. Суугуул нутагт маань цалингийн урамшуулал авдаг. 

Даанч миний цалингийн тогтолцоонд шагнал урамшуулал байхгүй. Худлаа юм шиг сонсогдож магадгүй, өмнөх ажил минь ч тийм байсан. 

Энэ мөнгөн шагналын тогтолцоо таалагддаг. Хүн гэртээ хэрэгцээтэй, үр хүүхдэдээ хэрэгцээтэй зүйл худалдаж авахад зориулна. Эсвэл ирээдүйдээ зориулж хадгаламж үүсгэнэ. 

Гэтэл эх оронд минь явуулдаг баахан л шилдэг гэсэн тэмдэг, жаазтай жуух бичиг нь үр ашиггүй зарлага гэж санагдаад байдаг юм. Сүүлийн үед мөнгөн урамшуулал өгдөг газрууд олширсон гэж сонссон л доо. Нүүрномоос харж байхад том том жаазтай цаас барьсан хүмүүс харагддаг болохоор, тийм л төсөөлөл байна өө. 

Зулзагууд Санта өвөө  ирнэ, ирэхгүй гэж ярилцаад эхлэв. Ангаргаас ирсэн зулзага минь үзэгний сав нь муудсан тул захиалж байх шиг байна лээ. Гэснээс энэ ангараг гарагийн улсууд юмыг "эвдэх" одонд төрсөн байдаг уу? Хүрсэн, хэрэглэсэн болгоноо эвдээд байна. Ха ха. 

Хөндлөн зураг: Галын дөл өөдөө. 

Сугараа ирсэн нь ч яахав, ижий нь өөрөө сугараас ирсэн юм болохоор ойлгоод ч байх шиг хүссэн зүйлийг нь. "Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө" гэсэн байгаа. Би ч мөнгөнд дуртай, мөнгө ч надад дуртай. Тэгэхээр болгоно доо, амжуулна даа. 

Мөн Крисмасын баяраараа идэх бялуу, тахианы мах захиалах юм гэсэн, эртхэн шиг. 

Япон улс нь түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болж, өнөөх нь Трампыг эх орондоо дуудаад уузлах шив дээ. Хэ хэ. Гэтэл эх орон минь нэг л биш ээ. Хааяадаа гэр лүүгээ залгах юм. Тоггүй л гэнэ, бинзенгүй л гэнэ. 

Чаддаг бол бүгдийг нь энд аваад ирмээр. Ялангуяа жаахан маамаатай гэрийнхнийгээ. Ахмадууд бол ирэхгүй л дээ. Энд уйддаг, даардаг, хөрдөг, халууцдаг. Даралт нь хэлбэлзчихдэг. 

Миний хувьд тэмдэглэлийн дэвтрээ сайн хөтөлж байгаа. Яахав болсон, тохиолдсон зүйлсээ л тэмдэглэж байна. Түүнээс нарийн ширийн данс тооцоо, мөрөөдөл, дадал, санхүү, манифест гэсэн зүйлсийг алгасчихаж байна өө. Толгойгоо гашилгахаас халшраад байх шиг...

Доторх жаахан хүүхдийнхээ хүслээр хөөрхөн хөөрхөн наадаг цаасыг бол маш идэвхитэй нааж байгаа. 100 иений дэлгүүр орохдоо заавал нэг наадаг цаас авдаг болсон бнай лээ. Уг нь бол аяга угаагч нэхэх утас л худалдаж авдаг юм. 

Аан тийм, сэрүүсэх биш хүйтэрчихсэн. Айхтар халуунаас гэнэт хүйтрэх чинь хүнийг бээрэг болгодог юм байна. Даараад эхэлсэн. Нэг тийм налгар намрын өдөр барагтаа гаралгүйгээр өвөл болчих гээд байна өө. 

За тэгээд он дуустал блогоо ч бичсээр л байх юм шүү гэж зорилт тавиад,түр баяртай. 

Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年9月1日月曜日

9 сарын 1-ний мэнд ээ

Шинэ сар, хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе ээ. Бүгд усандаа сайхан орцгоогоод, цүнх дүүрэн ном, дэвтэр, харандаагаа үүрээд үзүүлээд өгнө өө гээд л гэрээсээ гарцгаасан уу? 

Бид ч мөн адил. Үзүүлээд өгнө өө гэхээсээ илүүтэйгээр энэ халууныг амжилттай даван туулах минь, хялайгаад уначихалгүйхэн шиг нэг өдрийг даван намрын сэрүүтэй золгох л гол зорилго болчихоод байна өө. 

Дэлхийн энэхүү дулаарал, цаг агаарын өөрчлөлт эцэстээ юунд хүргэх бол гэж санаа зовох л юм. Нэг их зүйл хүсэлгүй, байгальдаа аль болох хохирол багатай амьдарчих юмсан гэж мөрөөдөх л юм. 
Миний хувьд 9 дүгээр сардаа ч овоо хэдэн ном уншаад, овоо хэдэн аяга угаагчаа нэхээд л түүнээсээ урам аваад л явах минь. Энэ долоо хоногт гадаад ажилчдынхаа ганц нэг хүмүүст бэлэглэнэ. Би өөрөө яриа хийх юм. Тэгээд ярианыхаа явцад бэлэглэх санаатай. 

Монгол улсынхаа нэрийг, монголчуудынхаа нэрийг өндөрт өргөж явах гэж хичээж байхад, төв газар хулгай хийсэн гаруудын тухай мэдээгээр гарахаар сэтгэл санаа шууд газарт унах юм. 

Өөр зүйлд ухаан санаагаа уралдуулаад, гар хөлөө хөдөлгөөд, ажил хийж мөнгө олмоор байна аа. Зүв зүгээр сууж байгаад л баяжчих санаатай хүмүүс олшроод байх юм. 

Үүнд борооны дараах мөөг шиг олширсон "нөлөөлөгчид" жаахан буруугаар нөлөөлөөд байна. Ажил хийж мөнгө олохыг бус зүгээр сууж байгаад мөнгөтэй болж баяжихыг заагаад байх юм. 

Залуус минь та нар тэр "нөлөөлөгч"-өө зүгээр л та нарт зориулж зарим нэг утгаараа бүлт бүлт үсрэхэд нь үзэж, бусдад түгээж, тархиа угаалгаж, тэгээд цаад хүн чинь л баяжихад хувь нэмрээ оруулаад байгаагаа ухаарах цаг нь болсон юм шиг ээ. 

Би ч нэг хэсэг сонсдог л байлаа. Хөөх гэж боддог л байлаа. Гэхдээ зүв зүгээр сууж байгаад баяждаг улс нь мөш цөөхөн, бүр маш цөөхөн, тэр цөөхөн нь миний хувь нэмрээр л тэгж баяжаад байна гэж гэнэт ухаараад. Өөрийгөө л хичээж, урдах ажлаа л сайж хийж, бага багаар ч болтугай өөрийгөө хөгжүүлж, өдөр тутамдаа жижигхэн зүйлсээс урам авч, зулзагуудынхаа өмнө хариуцлагатай амьдрах хэрэгтэй юм байна гэж бодох болов. 

Маш гэгээрсэн бичвэрээрээ энэ өдрийн мэндийг хүргэж мэндчилэв. Агуулга нь яг таарч байгаа биз дээ? 

Өө тийм боловсрол хэрэгтэй хэрэггүй гэж хэсэг шуугив тийм үү? Хэрэгтэй байлгүй яахав. Боломж л гарвал сурч боловсорч байж бид бусдад залгиулалгүй, тархиа угаалгалгүй, хэт нэг зүйлд туйлшралгүй, өөрийн гэсэн бодолтой, аливаад эргэлзэж хандаж, судалдаг, уншдаг, тунгааж чаддаг чадварт суралцана шүү дээ. 

Мэдээж зарим ээж аавуудын дунд зулзагууддаа өндөр боловсрол олгох боломжгүй нь бий. Тэглээ гээд бид тэдгээр хүмүүсийг буруутгалгүй, өөрсдийгөө л хичээх хэрэгтэй. Сургууль соёлд суралцах боломжгүй байлаа ч бүгд уншдаг л байх хэрэгтэй. 

Сүүлийн үед харьцангуй олон ном хэвлэгддэг болж. Хэл ус сурчихвал ч хэрэгтэй мэдээллээ олоод авчихдаг цаг үе шүү дээ. 

Олон зүйл бурахаасаа өмнө өндөрлөх минь. 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年3月19日水曜日

Олон олон баярын мэнд ээ

Монголд болсон олон олон баярын мэндээ эрхэм уншигчид минь. Блогийн эзэн би бээр түмэн завгүй гэлдэрч л байна. Гэлдрэх биш ээ, бүр гүйгээд байгаа хэрнээ л энэ сард би болон манай гэрийнхэн нэлээд ачаалалтай өдрүүдийг үдэж байна. 

Ачаалал гэдэг нь нэг их сүртэй зүйл биш л дээ. Ууж идэх, орж гарах ажил л ихтэй, заримыг нь би өөрөө төлөвлөж, зохион байгуулж байна. Хо хо. 

Нэгэн найзтайгаа оройн зоог барьсан нь гэдэг зураг. Суугуул нутагтаа танилцаж нөхөрлөсөн, оюуны өндөр чадвартай нэгэн бүсгүй. Манайхан энэ мэт чадалтай хүний нөөцөө гадаадад "алдчихдаг" нь онцгүй тийм ээ? 

Тахианы мах. Амттай байсан. 

Зөгийн бал дусаагаад идсэн, амттай юм билээ. Энэ газар ороогүй удсан байна лээ. Гэр бүлээрээ л ихэвчлэн гадуур хооллодог тул аль болох хүүхдүүд идчихээр, мөн тэд цадахаар л газар орохгүй бол би жингээ хасмаар байна аа гээд иймэрхүү тансагмаадуу газар орвол гэртээ хариад дахин хоол хийх ажил гарна биз дээ. Ха ха.

Хүүхнүүд л болсон хойно улаан дарсаа шимнэ. Бидэн хоёр бүр давраад дахин нэг нэг хундага захиалж уусан. Хи хи. Жингээ хасах гэж хичээж буй би харин амттан идээгүй, амжилт биз дээ? 

Сайндаа ч биш ээ, найз идэхгүй, цадчихлаа гээд. Бодоод байсан намайгаа уруу татаад яахав гээд идээгүй байх гэж бодов. Баярлалаа, чамдаа. 

Блогоо бичилгүй алга болбол энэ хүүхэн идэж уугаад л алга болж гэж бодоорой. Хэ хэ. Мэддэг хүмүүс ч бий л дээ. 

Номоо бол уншиж байгаа. Өндөр хааныхаа номыг уншаад дууссан. Дараагийнхаа төлөвлөгөөт номыг эхэлсэн. Өндөр хааныхаа тухай бичнэ гээд амждаггүй ээ. Энэ сардаа амжиж багтаана аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年3月2日日曜日

Могой жилийн мэнд ээ

Могой жилийн мэнд ээ, сар шинэдээ сайхан шинэлж буй биз ээ? 

Гольфчин найзаас ийм мэндчилгээ ирсэн.

Бид энэ жил золголт хийсэнгүй. Битүүнд бууз жигнэж идлээ. Цагаалгаа хийж идэв. Зулзагууд энэ цагаалга буюу бэрээснээс идэхгүй юм өө. Би сахар хийлгүй иднэ. Хань ижил хачин их сахар хийж иднэ. Угтаа үзэмнийх нь чихэрлэг амтаар болгочих санаатай үглээд тусыг олохгүй л байна. 

Жил бүр л энэ сэдвээр бичих юм. Хэ хэ. 

Хамгийн даруухан зурагтай мэндчилгээ, бэр дүүгээс минь ирэв. Их гоё гоё үгтэй мэндчилгээ их харагдсан. Тэр бүр цээжилсэнгүй ээ. 

Нэг айлаар хэссэн. Бид их эртнээс уулзалдаж гэрт нь очно гэж ярьсан юм. Хаа хаанаа цаг зав таарахгүй явсаар шинийн хоёрны хагас сайнд тааруулж уулзалдав.  

Уламжлал ёсоор нүүрномоор жаал хэсэж хэний дээл илүү чамин байна гэж нүдээ баясгалаа. Хэ хэ. Улам л загварлаг болоод байна шүү, энэ дээл. Дахиад нэг дээлтэй болдог ч юм уу гэж бодогдохоор. Хэ хэ. 

Гэм нь би хувцас харахаар уур хүрдэг болоод удаж байна өө. Авахгүй л дээ, шинэ дээл. Энд тэгээд ч хэрэглээ багатай. 

За тэгээд хамгийн гол нь эрүүл энх байцгаахыг хүсье. Эрүүл байвал элэг бүтэн байна шүү дээ. 

Төр төвшин
Түмэн амгалан
Өтгөс энх
Нялхас эрүүл болтугай     (Анужингийн нүүрномоос хуулав.)
 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年2月17日月曜日

Шармаанийн өдөр

Би ч сүүлийн хэдэн жил 2 сарын 14-нийг "Шармаанийн өдөр" гэж өөртөө нэрийддэг болсон. 

Гадаад улсын нэгэн ламын хайрынхаа төлөө үхсэн өдөр. Үүнийг бид уламжлал болгож тэмдэглэдэг болж байгаагийнх өөрсдийнх болгож ингэж нэрлэж болохгүй гэж. Тийм үү?

Шармаань гэдэг чинь хайр сэтгэлдээ маш үнэнч байсан монголын сайхан бүсгүй хадан цохион дээрээс халин нисчихдэг эмэгтэй нэр байгаа юм. Шилийн сайн эрд дурлаж, түүндээ үнэнч байсан. Цэл залуугаараа хорвоог орхичихсон.

Ном уншдаг хүмүүс бол мэднэ дээ, энэ хүний тухай. 

Энэ жил хань ижил эзгүй, баярын уур амьсгал ч үгүй байв. Бага зулзага учир мэдэхгүй жаахан юм болохоор ээжээсээ чёко нэхэж байсан. Ээж нь зөн совингоороо нэг жижигхэн чёко бэлдсэн байсан л даа. 

Чих өвдөөд, лагшин муу байсан тул эмнэлэгт цаг авчихаад эгчид дүүгээ хооллоод, харж байгаарай гэж хэлээд гарахдаа өгсөн. Нүд нь гэрэлтээд л үлдсэн. Ингэхдээ үнэтэй чёко биш, дэлгүүрийн лангуунд өдөр бүр харагддагийг л авчихсан. 

Боодол, цаастайг сонгохоор заримдаа амт нь таалагддаггүй юм, бага зулзагат. Эгч бол бүгдийг таална. Хэ хэ. 

Өглөө ажилдаа ирсэн чинь харин том босс ийм тортой чёко бэлэглэсэн байсан. Нийт ажилчдынхаа дунд. Задлаад хуваах гэсэн чинь төрөл чёко байна аа. Гаргаж ирээд тоолсон чинь хүний тоогоор нэг байна шүү. 

Нэг бүрийнх нь гараараа "Аригато" гэж бичсэн байлаа. Доорх зураг. 
Бүгд тойрч зогсож байгаад л идмээр байгаагаа сонгосон. Ямрыг нь сонгосон гэж бодож байна? 

Би чёкопай-д нэг их дуртай биш. Гэрийнхэн хааяа дурлаад авч идэх гээд байдаг. Би авахуулдаггүй. Биед муу бла бла. 

Цалингаа буухаар өөрийгөө баярлуулж авдаг нь ногоон цаастай какао өндөртэй нь. Түүнийгээ л сонгосон. Зарим нэг ажлын бүсгүйчүүд гэрийнхэнтэйгээ хувааж иднэ гэж сонгож байсан. 

Би аль болох эд нартаа амттан өгөхгүйг хичээнэ. Харин эд нар яаж ийгээд олоод идчихнэ. Ха ха. Угтаа өөр шигаа какао өндөртэйг идээсэй гэж хүсдэг. Жаахан томроод эрүүл мэндээ боддог болохоороо сахарын агууламж өндөртэйг авахаас татгалздаг болох байгаа? 

Найднам. Тэр болтол би ч гандан буурахгүй үглэнэ. Хи хи. 

За тэгээд та бүхэн ч гэсэн хостой нь юу яагаад, хосгүй нь бас юу яагаад баярласан уу? Нүүрномоор нэг тийм мэндчилгээ ч юм уу? Ерөөл ч юм уу юм яваад байсан даа. Цээжилсэнгүй ээ, ингээд л "юу яагаад, юу яасан уу?" гэдэг алдартай үгээр л бичье дээ.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年1月1日水曜日

Шинэ оны мэнд ээ

Уншигч олондоо шинэ оны мэнд ээ. 

2025 ондоо гялалзуулаад өгнө гэсэн эрч хүчтэй сууна уу? 

Би ч мөн адил. Хэ хэ. Шинэ сурагчтай болно түүнийхээ гэрийн даалгавар, хичээл сургуульд нь дасгах гэдэг томоос том ажилтай. Бусдаар ч тэгээд хэвийн жил болох биз ээ? 

Эндхийн нэг онцлог нь сургуульд нь хүргэж өгөх, авах гэдэггүй тул, ээжид бага зэрэг цаг зав гарах байх. Цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг байсан цагаа уншлагын цаг болгож, энэ жилдээ 50 ном уншина аа гэж бодож байна. 

Япон хэлээр унших номынхоо тоог дор хаяж 5 болгоно оо. Япон хэлээр арай л бага уншиж, дөрөвхөн ном. Зулзагадаа зурагт ном уншиж өгдөг тулдаа ядон хэлийг мартчихалгүй л гэлдэрч байх шиг байна гэхгүй юу. Хи хи. 

Түүнээс өмнө цэцэрлэгээ төгсөнө, төгсөлтийн арга хэмжээ бий. Гэснээс энэ жил манай о.зулзага мөн адил их сургуулиа төгсөнө. 2 ч хүүхэд минь төгсөлтийн арга хэмжээтэй юм байна. 

Томоос том, тэмдэглэлт зүйл мөн биз дээ? Хичээнэ дээ. Хэ хэ. 

Өмнөх онд уншсан номын тооноос бага зэрэг л ахиулав. Бага зэрэг ч гэж дээ, бусад гишүүдийн уншсан номын тоотой ойртуулчихлаа. Хо хо. 

Хэт их тоо хэлбэл эсрэгээрээ ядрана. 12 нь төлөвлөгөөт ном. Бусад нь сонирхлоороо, мөн япон хэлээр унших номнууд. 

Өрөөстэй олон номоо уншина даа, шинээр мэдээж бас олон ном авчруулна. Хи хи.

Бусдаар ч тэгээд нэг их төлөвлөсөн, амласан зүйл алга дөө. Мэдээж ганц нэг мөрөөдсөн зүйл бий. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шиг, хэдийгээр одоогоор мөрөөдөл ч хэт их том бус, бас ч гэж биелүүлээд явах боломжтойгоос нь үзээд л алдана...

Ажил гэр, гэр ажил, хааяадаа дэлгүүр, үе үе номын сан гэж гүйж байтал л нэг мэдсэн шинэ он гарчихсан байдаг болжээ. 

Ханиад зэргийг бол тусах л байх, бага ханиадтай л оноо угтав. Хэ хэ. 

Өө тийм дунд зулзага "дадлага зугаалга"-тай. Зун явна, харин зардлыг нь энэ сард бөөнөөр нь банкнаас татна гэсэн. Овоо хөөрхөн янчаан болж байна лээ. Юмны үнэ өсөөд л байна. 

Мөн о.зулзага төгсөлтийн зугаалгатай гэсэн. Япон орон дотроо аялах юм гэсэн. Гадаад руу аялж магад гэж байсныгаа болив. Ашгүй л гэж бодов, хэ хэ. Учир нь ээж аав зардлыг нь гаргана шүү дээ. 

За энэ онд онцлох хэдэн арга хэмжээгээ бичлээ. Бусад жижиг сажиг тэмдэглэлт өдрүүдээ ч мөн амжилттай давна даа. 

Шинэ онд эрүүл энхийг, аз жаргалыг, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月27日金曜日

Цэцэрлэг болон номын сан

Зул сарын мэнд ээ, жаахан оройтсон ч.

Миний өдөр тутамдаа мөрөө гаргадаг газрууд тоотой хэдхэн.

Цэцэрлэг, гэр, ажил, хааяа дэлгүүр, гэр, цэцэрлэг, үе үе номын сан. Номын сан гэж бичихээр миний өрсөлдөгчид улам хор шар нь хөдөлдөг байх аа. Ха ха. Өөртөө ном барагтаа зээлдэггүй, тувт зулзагууддаа зээлдэг. 

Эгч нь одоо унших номыг агуулга хүндрээд, өөрийн гэсэн сонирхолтой болоод, номынхоо нэрийг ээжид хэлж, ээж түүнийг нь номын сангаас зээлж авчирна.

Ажлын газартай ойрхон, хотын харъяа номын сан. Ороход өөдөөс ийм том өвлийн өвөө угтана. Тухайн сар, улиралынхаа онцлогийг харуулсан ном сэтгүүлийг аль болох уншигчдын нүдэнд ил, зээлэхэд амар болгож өрнө, жагсаалт гаргана гэх мэт.

Өвөөгийн эсрэг талд байсан сүлд мод. Гар хийцийнх. Ажилсаг, махруу, уйгагүй хүмүүс шүү.

Цэцэрлэгийн хананы нэг жижигхэн буланд. Хэн нэг хариуцсан багшийн бүтээл. Ангиуд ангидаа, үүдэндээ бяцхан жаалуудын хийсэн бүтээлийг өлгөөд, наагаад эцэг эхчүүдэд үзүүлдэг. Жаалууд ч тэр минийх, би түүнийг хийсэн гэж зааж хөөрдөг.

Энэ цонхыг банйгын уншигч нар андахгүй болж байгаа байх өө, тийм ээ? Сүнсний баяр, охидын баяр гээд баяруудын зургийг нь авч блогтоо оруулдаг байсан даа. Тэр чихмэлүүдийг эрхлэгч багш нь нэхдэг гэсэн. Биширмээр. 

Элдэв баярынх нь чимэглэлийг харахаар нэг их сүр бадруулалгүй, төсөр чимэглэдэг, тэмдэглэдэг нь таалагддаг. 

Яг юунд мөнгө санхүүгээ, энергиэ зарах ёстойгоо сайн мэддэг шиг санагддаг.

Сүлд модыг хүртэл нэхчихсэн байх юм өө. Зулзагуудаа томроод үүрнээсээ нисэхээр ийм нэг жижиг сүлд мод өөрөө нэхэж тавина аа. Тэгээд л хажууд нь номоо уншаад сууна. Халуун кофе уусан шигээ. 

Олон жилийг энэ улсад ажиллаж амьдарч усыг нь ууж байгаагийнх, аль болох өөдрөгөөр харж, эх оронд минь, эргэн тойронд минь, ижий аав минь, хамаатан садангууд минь авч хэрэгжүүлээсэй гэсэн зүйлсийг аль болох түүж бичиж ирлээ. 

Зарим нэг байнгын уншигч минь "уншаад урам зориг авдаг" гэж бичсэнийг уншаад би өөрөө та нараасаа урам зориг авсан шүү. Баярлалаа, гялайлаа.

Ирэх жил ч тасралтгүй бичээд явахыг хичээнэ ээ, та бүхэн ч уншихыг хичээгээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月9日月曜日

Гацуур мод

Дэлгүүр хоршоод сүлд модоо засчээ. Нэг орой гялс дэлгүүр орохдоо бас зураг дараастай. Хэ хэ.

Суугуул хотод минь байдаг уртаашаа өргөөшөө ганц молл нь. Жаахан зайтай баруун бүсийн хотод арай жаахан том салбар нь бий л дээ. Тэр бүр тийшээ цаг заваа үрээд явахгүй, тийм цаг ч гарахгүй юм аа.

Үүний голд зулзага зогсож зургаа даруулсан. Томчууд бол тоохгүй ээ. Бушуухан л авахуулах юмныхаа тасаг руу жирийгээстэй. 

Гэрийн минь бяцхан мод. Мэдээж том нь бий л дээ. Түүнийгээ бүрэн дүүрэн засах гэж бас л хэдэн өдөр болно оо. Аав гэрлийг нь чимэглэж өгөх, эгч сааг нь чимэглэх гээд л. 

Бага зулзага ганцаараа хөөрч, тоглоомуудаа өлгөсөн. Ээж үе үе хамт энэ гоё юм байна, урд хэсэгт өлгөе гэж хошуу нэмсэн шиг ээ...

Энэ бяцхан мод бас муудаад, тоглоомууд нь уначихаад байна лээ. Арга ч үгүй биз дээ, бас л олон жил зулзагуудын минь гарын аяыг дааж ирсэн юм чинь. Нэг харсан тоглоомууд нь уначихсан, ах гуай модоор нь буу хийгээд тоглож харагдсан. Ха ха.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年7月17日水曜日

Баяр наадмын мэнд ээ

Баяр наадмын мэнд ээ, сайхан наадамлаад, сайхан зугаалцгааж байна уу? 

Бид 11, 12-нд ажилтай, халуунд юун наадам. Хань ижил жаахан бөх харав. Би даган баясав. Жилээс жилд л ямар нэгэн маргаан гарах юм тийм ээ. За тэр ч яахав. Бид хэрхэн наадсанаа яруу тодоор бичнэ ээ.

Монголчууд л болсон хойно, яг наадамлах гээд байна уу? үгүй юу нь мэдэгдэхгүй цагаа тулгасан. Ха ха. Цаг агаарын мэдээ үүнд бас их буруутай. Бурууг бусдаас хайдаг зантай бид чинь. 

Ширүүн бороотой гэж анхааруулаад байсан тул цагийг нь тулгаж, урд орой нь "за маргааш хуушуур хайрцгаана шүү" гэж шийдэв. 

Дээрх зураг бол эрчүүд нь хорхог хийх гээд чулуугаа улайсгаж байгаа нь. 

Угтаа тэр цаана харагдаж буй галын яг дэргэд нь суугаад ширтмээр байсан ч гадаа их халуун тул чадсангүй ээ. Намар сэрүү орохоор дахин цуглахаараа л ил галын хажууд гитараа бариад сууна даа. 

Гитараа гэчихэж ээ, хань ижил л дарна л даа. Би хажууд нь зүгээр л оршоод, эморно.

Хорхогоо гаргаж буй нь. Удаагаад ялз болчихсон байсан. Манайх угаасаа ингээд ялз болгочихдог гэм биш зантай айл өө. Дараагийнх нь харин тун аятайхан болсон шүү. Амт ч тэр, хатуу зөөлөн нь ч тэр. 

Баярлалаа, эрчүүддээ.

Халуун чулуу атгасан, бүр хоёрыг. Хэрэг болгоод. Учир нь миний бие жаахан тавгүй байсан юм өө. Хоолой өвдөөд, бага зэрэг бүлээнтэй, халууны эм уучихаад л наадамлав.

Ханиадаа бусдадаа халдаачих вий гэж жаахан эмээгээстэй. 

Ёстой хаашаа ч харсан их модон дунд бид. Хулс мод их байсан. Жаал уулын орой харж хараагаа амраав. Гэхдээ хангалтгүй ээ. Сэрүү орохоор очоод хэвтчихмээр, уулын орой ширтээд. 

Холын бараа харахгүй болохоор нүд их чилнэ, тийм ээ.

Бага зулзага зурагт харалгүй, хорхой шавьж гээд зугаатай өнжсөн. Толгой тархи, нүд нь жаахан амарсан байгаа. 

Түр баяртай, халууныг амжилттай давцгаана шүү бүгдээрээ. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年3月8日金曜日

Март8-ны мэнд ээ

Баярлах дуртай орны, үндэстний нэг хэлтэрхий юм болохоороо амралт аваад, амарчихлаа. Зад баярлана аа. Хэ хэ. 

Худлаа, худлаа. Бага зулзага уржигдраас бага зэрэг бүлээрээд. 37,4 хавьцаа. Пүрэв гарагийн өглөө бага зэрэг бүлээнтэй байсан ч цэцэрлэг рүү нь утасдаж асууж байгаад 37,5 хүрээгүй юм чинь өгч болно оо, өөрөө сэргэлэн цовоо л байгаа бол гэхээр нь аваачаад өгчихлөө. 

Учир нь ээжид энэ 7 хоногт амжуулах ёстой нэг ажил байсан юм. Тэрийгээ ч амжууллаа. Ашгүй албанаас нь утасдахгүй нь гээд л боргол уусан шиг сууж байтал утас диндон...

Халуун нь нэмэгдээд 37,8 хүрлээ, боломжтой бол ирж аваарай, ажилтай байхад нь утасдаад уучлаарай, төвөг удаад гээд л боловсон гэгч нь хэлж байна аа. 

Ажил тарах дөхсөн байсан ч 1 цагийн чөлөө аваад л явлаа. Нэг л их цоглог хүн угтаж байна шүү. Өдөр хоолоо зүгээр идсэн, уг нь цовоо л байна гэж багш нь хэлсэн. 

Ашгүй гэж бодоод гэртээ харьж ирээд, үзүүлэх үү? Яах уу? гэж бодоод сууж байтал гэнэт толгой өвдөөд гээд уйлав. 

Яаран нэг эмнэлэг рүү залгав. Өөдөөс баахан тайлбар тавиад, уур хүргээд. Ха ха. Таслав. Мэдээж таслахдаа учиргүй уурлахгүй ээ, дараа очих нэр нүүрээ бодно шүү дээ. Гэртэй минь их ойрхон газар. 

Бас нэг хүүхэд н о.зулзагатай нэг анги байсан. Тэр хүү нь эмч болохоор анагаахд сурч байгаа. Зулзагынхаа нэр нүүрийг бас бодно. Хи хи. 

Ажлаасаа гарах гэж байхад ажлын газрын нэг хүүхэн өнөөдөр ийм газар ажиллаж байгаа гэж хэлсэн юм. Тэр газар луу утасдаад очихоор болоод, хөдлөв. 

Учир нь пүрэв гарагийн үдээс өмнө ихэнх жижиг хувийн эмнэлгүүд амардаг юм. Зулзагууд үзүүлдэг хүүхдийн эмнэлэг ч амардаг.  Ажлын газрынхаа хүүхэнд талархав. Дараа заавал талархсанаа хэлэх юм шүү. 

За гайхал зулзага чинь замд машинд бөөлжөөд. Би машинаа жаахан "зэвүүн" жолооддог гэдэг юм. Дотор муухай оргидог гэж охид хэлдэг юм. Тэр нь л болсон байх гэж бодоод. 

Тэр чигт нь бөөлжүүлээд, эмнэлгийн гадаа очоод л цэвэрлэлээ. Ёх, ямар азаар гэрээс гарахдаа хайрцаг сальфетка авч гарсан юм. Мөн цүнхэнд гялгар уут, нойтон сальфетка байж таарсан нь мөн л азтай байлаа. Хэ хэ. 

Машинд ч уг нь байнга л сальфетка явдаг л даа, яг дууссан байсан юм. Санах сэрэх нь орноо гарнаа тул, яг хэрэгтэй үедээ хэрэгтэй зүйлсээ аваад гарсандаа өөртөө олзуурхав. Хо хо. 

За тэгээд хамар луу нь уртаа гэгчийн хөвөн хийгээд шинжилгээ авсан чинь "энэ эмнэлэгт дургүй мэдэв үү?" гэж уйлаад. Ха ха. Хаана ч очсон адилхан шинжилгээ авна шүү үр минь гэж учирлав. 

Яг тэр нэг хэсэгхэн хугацаанд бие нь их л тавгүй байсан бололтой. Эмнэлгийн орон дээр шууд л хэвтээд, хагас унтаастай. 

Ээж тэгэх хооронд номоо дэлгээд уншаад байвал яах уу? Цаг бол алт. Утсаа маажих, ном унших хоёр яг ижил. Аль өөрт ашигтайгаа хийнэ тийм үү? Номоо дэлгэнэ. Тэртэй тэргүй эмнэлэг бас л хүлээлгэдэг газар. 

Шинжилгээний хариу гарлаа. Инфлүэнза буюу халдварт томуу Б. Тав хоног албандаа явж болохгүй, амрах ёстой. 

Ингэж л би баасан буюу мартын 8-нд амрав. Хэ хэ. 

Эмнэлгээс харьж ирээд 3 цаг гаран унтаад, босч ирснээ маш цоглог болчихсон тоглоод байвал яах уу? 

Өнөөдөр ч тоглосоор. Хамт тоглоё гэж шалаад, мөөмдөөд, хэлхэлдээд л сууж байна. 

Ирэх даваа гарагт амрана. Ашгүй дунд нь хагас, бүтэн гээд амралтын өдөр таарсанд бурхандаа талархая даа. Зулзагадаа талархая даа, хагас бүтэн сайныг тааруулж өвдсөнд нь. Хэ хэ. 

Нэгэнт амарсан хүн чинь орой нь зад баярлана аа. Халбага виногоо ууна. Хань ижлийг харьж иртэл юу ч хийхгүй. Идмээр байгаа хоолоо захиалчихсан. 

Гэрээ ч цэвэрлэхгүй, угаасаа би гэр цэвэрлэх ажилд дургүй, ганцаараа ч цэвэрлэдэггүй. Заавал хэн нэгэнтэй хамтдаа цэвэрлэнэ. Хэ хэ. 

Ер нь бол эрхээ эдлээд юу ч хийхгүй. Дуртай зүйлсээ хийнэ. Номоо унших, аяга угаагчаа нэхэх, блогоо бичих, гар утсаараа кино үзэх. Ха ха. 

Зээ нэг иймэрхүү эрхээ хамгаалах өдрөө өнгөрөөж байна. 

Энэ дэлхийн олон олон бүсгүйчүүд наад захын "хүний эрх"-ээ эдлэх боломжтой болоосой, эдлээсэй гэж хүснэм. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年2月14日水曜日

Шинийн 2 болон 3-ны мэнд ээ

Өө би идсэн уусан зургаа оруулах гээд л. СБА шүү. Шинийн 2-нд бид хуушуур хийж идсэн. 

Шинийн 1-нд бид буузаа хамтдаа чимхээд жигнээд, идсэн. Үлдсэн мах гурилаар нь хуушуур хийсэн. Хөөрхөн жижигхэн, час хийсэн амттай хуушуур болсон. 

Бүсгүйчүүд олуулаа хоол хийх амар юм өө. Ам нь ч хөдөлнө, гар нь ч хөдөлнө. Хэ хэ. Дор нь л чимхээд, хайрчихна. 

Түүнээс ганцаараа хуушуур хийх байсан бол бас л төвөгшөөнө шүү дээ. Хэ хэ.

Шинийн 3-нд гэрээрээ амарсан тул, хань ижил ингэж шарсан. Бууз шарж идэх амттай тийм ээ. 

Олон жилийн өмнө найз маань цагаан сараар гэрт нь очсон чинь шарж өгсөн нь одоо ч амтагддаг юм. Тийм болохоор хааяадаа шарж идмээр санагдана. 

Оройдоо виногоо халааж ууна аа. Яаж зүгээр байхав. Хамт уусан бүсгүйчүүд минь бас дуртай байсан шүү. 

За нэг иймэрхүү, өргөн дэлгэр шинэллээ. Түүнээс ч ажлын өдөр таарвал юун шинэлэх, бууз чимхэж, жигнэж идвэл их юм болдог юм. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年2月13日火曜日

Сар шинийн мэнд ээ

Сар шинийн мэнд ээ. Ямартай ч шинийн 8-ндаа орж ирж мэндчиллээ шүү. 

Гадаадад байгаа гэхээрээ л ёс мэдэхгүй, монголоо алдсан гэж бодуузай. Хэтрүүлэхгүй, туйлшрахгүй, боломжоороо тэмдэглэчихдэг юм. 

Мөр гаргахгүй. Ажилдаа, албандаа явцгаахдаа гэрээ нар зөв гараад л орой нь хариад ирдэг. 

Зээ, энэ тавгийн идээ минь хөөрхөн. Тэр цагаан үрлийг гийчид маань амттай байна гээд зөндөө идсэн. Зулзагууд минь бас хуурайлна аа, яаж зүгээр байхав. 

Шинийн 3-ныг хүлээлгүйгээр тэр оройдоо "боов"-ыг минь аваад идчихдэг. Хэ хэ. 

Миний гараа гаргаж хийсэн байцааны салат. Томчууд бол идсэн л дээ. Хөвгүүд нэг их сүртэй идэхгүй байсан. Мах, гурил их идэх юм чинь гээд би өөрөө сайн идсэн. 

Шинийн 2-нд ирсэн гийчид маань өөрсдөө хийж идсэн нийслэл салат. Хо хо. Гадуур зугаалж байсан бүсгүйчүүд ерөөсөө нийслэл салат хийж идэцгээе болоод, төмс, майонез, шилтэй өргөст хэмх авч хариад гялалзуулчихсан. 

Хань ижил "өө гоё" гэсэн. Ха ха. Учир нь, эхнэр нь хийж өгөхгүй байсан ч дотроо бол идмээр л байсан шиг байна лээ. Гэхдээ миний гарыг хараад зүгээр суух хүн биш  л дээ, угтаа. 

Хийе гэвэл хийчихнэ, надаасаа илүү. Гол нь гэрийн эзэгтэй хөдөлж дургүй бол онцгүй шд тийм ээ. Хи хи. 

За тэгээд амралтын өдрүүд таараад, нэлээд олуулаа золгохоор ирцгээгээд. Гэснээс нас ахиад, ирж золгодог дүү нар нэмэгдсээр...

Мөд удалгүй ууц тавина гээд явж байх вий дээ. Ха ха. 

Даалуудсан. Угтаа шагайгаа гаргаж ирж тоглох ёстой байсан байна лээ. Ил байснаар нь даалуудаад, 5 гар суугаад цай хураав. Ямар ч байсан өр ширэнд оролгүй өндөрлөв. Хи хи. 

Дуусгаж амжаагүй л дээ. Гэснээс би олон жилийн өмнө эмээтэйгээ даалууддаг, мастер байсан чинь энд ирснээсээ хойш тоглоогүй, мартсан байна лээ. Монгол руу аав руугаа утасдаж асуусан шд. Ккк. 

Айл хэсээд, амттан идсэн нь гэдэг зураг. Хэ хэ. Бусад гоё идээ будааны зураг дарсангүй ээ. Дээд талын нэрс нь их амттай байсан. 

За түр баяртай. Та бүгд ч "маш их тэгжийнаа" биз дээ. Хөөрхөн хүү, олон дахин үзсэн би. 

2024年1月5日金曜日

Сар шинийн мэнд ээ 2

Шинийн 2 буюу 1 сарын 2-ны мэнд ээ. 

Би чинь чухам номнуудаа уншаад, амжвал япон хэлээр ч уншаад гэж зээлснийг яана?

Тэгсэн, яасан байх нь уу? 

Бага зулзага хамт тоглоё гэж шалаад бид 2 хамаг л тоглоомоор нь тоглосон. Оны эхний өдөр бол дээгүүрээ унтлаганыхаа хувцастай өнжсөн шүү дээ. Мээмдүүлж. Ха ха.     

Япон улс маань энэ өдөр ч жаахан асуудалтай байсан. Үдээс хойш Ханэда нисэх онгоцны буудалд 2 онгоц мөргөлдөөд, гал гараад.

Зорчигч тээврийн онгоцонд явсан нисгэгч оролцуулаад нийт 379 хүн амьд мэнд зугтаж чадсан. 18 минутанд бүх хүмүүсээ шатаж буй онгоцноос гаргаад, хоргодох байр луу шилжүүлж чадсан онгоцны багийнхан маш чадварлаг ажиллаж тийм үү? 

Мөн зорчигчид ч гэсэн паанигталгүй, шийдвэр гаргаж буй нислэгийн багийнхны зааврыг яс биелүүлсэн, сахилга бат сайтай байлаа тийм үү? 

Нөгөө нэг онгоц нь газар хөдлөлт болсон мужууд руу тусламжийн хүнс хүргэхээр нисэх гэж байсан бололтой. Энэ онгоцны 6 хүнээс 5 хүн нь эндсэн харамсалтай явдал болсон. Сайн төрөлдөө эргэн төрөөрэй. 

Одоо ослын шалтгаан чухам юунд байв гээд л холбогдох хүмүүс судлаад, хэлэлцээд л байж байна. 

Луу гэж тийм айхтар ууртай, догшин амьтан билүү? Хэ хэ. Манайхан чинь япон улсын өнгийг аль хэзээний тодорхойлоод эхэлчихсэн байсан тийм ээ? 

Яг миний эргэн тойронд луу жилтэй хүн байдаггүй ээ. Луу жил гэж яг ямаршуу өнгө төрхтэй амьтан байдгийг хэлж мэддэггүй ээ. Хи хи. Хамаатнууд дунд бол луу жилтэн бий бий. 

Иймэрхүү байгалийн гамшиг, аваар осол гараад, түүнд хандаж буй япончуудын хандлага, авч буй бодлого зэргийг хараад хар багаас нь сургуулилалт хийгээд, сэтгэл зүйг нь сайтар бэлддэгт байдаг гэж боддог.

Учир нь бага зулзага албанаасаа ирэхдээ сард нэг удаа өнөөдөр сургуулилалт болсон. Газар хөдлөлтийн тухай, гал гарлаа гэж, цүнами ирлээ гэж бид сургуулилалт хийсэн гэж тайлагнадаг. 

Боддог юм, би яг иймэрхүү зүйлтэй тааралдвал яаж мангартах бол гэж. Учир нь би багадаа ямар ч сургуулилалт хийж байгаагүй. Паанигтаад, хоргодох байр луугаа явах гэж тийм ч юмаа мартлаа, ийм ч юмаа мартлаа гэж хэд эргэж буцах бол?

Гэж бодохоор өнөөх бэлдэж тавь гэдэг цүнхийг нь бэлдэж тавихаар шийдээд л сууж байна. Гамшгийн үед шууд л үүрээд гарахад бэлэн, дотор нь хэрэгтэй гэсэн зүйлс бүгдийг бэлэн байлгадаг цүнх. 

Японд ажиллаж, суралцдаг, амьдардаг та бүхэн ч гэсэн мэдээтэй байх хэрэгтэй шүү. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年1月4日木曜日

Шинэ оны мэнд ээ

Эрхэм уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе ээ. 

Япон улсад цагаан сар нь болоод луу жил гарав.

Луу жил ч нэлээд ширүүхэн л эхэлж байна. Шинийн нэгэн буюу 1 сарын 1-нд хойд нутгаар газар хөдлөв. Энэ удаагийнх Япон тэнгисийн эрэг хавийн мужууд. Түүнд нь суугуул нутаг минь багтана. 

Гэртээ хоолоо бэлдээд сууж байсан газар хөдөлсөн. Эхлээд толгой эргэв үү дээ гэж бодсон. Хэсэг үргэлжлэхээр нь гэрлийн бүрхүүлээ харсан чинь ганхаад, газөр хөдлөлт гэж мэдсэн. 

Хийцгүйрсэн хүн монгол руу аав руугаа залгаж гэрлийн бүрхүүлээ харуулж газар хөдлөөд гэж хэлсэн. Тэгсэн монгол дахь дүүгээс шууд мэссэж ирсэн. Цүнами болно гэнэ, та хэд зүгээр үү? 

Бид чинь иймэрхүү мэдээллээ монголоосоо авчихдаг болсон шүү дээ, манайхан маш түргэн шуурхай. Хэ хэ. 

Яг энэ үеэр зулзага зурагт үзээд, юун намайг мэдээ үзүүлэх. Одоохон дууслаа гээд, би ч ухаалаг утсаараа мэдээ харав. 

Суугуул нутгийн минь хоёр ч боомт хотод бага хэмжээний цүнами болсон. Далайн эрэгтэй ойрхон амьдардаг айлууд хоргодох байр луу явсан гэсэн. 

Тэгээд л бодлоо, гэрийнхээ эд хогшлыг эргүүлж тойруулж нэг хараад. Энэ олон юмсаас би юу ч авч явж чадахгүй, зузаан адиал л хэрэгтэй дээ гэж. Тэгэхээр гэрт хэрэгтэй хэрэггүй юмс огтхон ч хэрэггүй юм даа, цөөлнө өө гэж бодсон. 

Гацуур мод маань ч засаастай байсныг хэлэх үү? Зулзагын тоглоомууд ч хөглөрч байсныг хэлэх үү? Хэ хэ. 

Нэгэнт цуглачихсан юмсыг хаяхад жаахан хэцүү юм билээ. Сэтгэл хоргодоод. Тийм болохоор шинээр л худалдаж авахгүй байх. Энэ жил ч гэсэн би хямдрал гэж дэлгүүр хэсээгүй. Шинэ жилийн элдэв хямдарсан тоглоом аваагүй. Сүүлийн 3 жил ийнхүү амжилттай хэрэгжүүлж байна. 

Энэ хуанлиг сүүлийн 3 жил хэрэглэж байна. Ийм амттантай ирдэг юм. Жорлондоо өлгөдөг. Бага зулзага зургийг нь харж элдэв асуултаар булдаг.

Өнөөдөртөө нэг иймэрхүү. Түр баяртай. Амжилт хүсье. 

Өө тийм, бид гайгүй. Санаа тавьсан та бүхэндээ баярлалаа.