ラベル Жимс の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Жимс の投稿を表示しています。 すべての投稿を表示

2026年6月24日水曜日

Ногоон чавга 2

Үргэлжлэл.

Ногоон чавганы дарс хийхэд уг нь тусгай ликёр ашигладаг юм. Бид харин монголоос бэлгэнд ирсэн цагаан архиа ашиглаж хийдэг. Илүү амттай болдог. Нэлээд хэдэн жилийн өмнө нэг япон ярьж байсныг нь хэрэгжүүлж үзээд. таалагдсан. 

Ирсэн зочдод минь ч таалагддаг. Түүнд нь урамшаад л бид жил бүхэн ингэж дарс хийгээд байна өө. 

Зарим нэг уух дуртай хүний нүдээр харахад зүгээр л архиар нь уухад яадаг юм гэж бодогдохоор. Гэхдээ байна аа, энд энэ хатуу архийг уух нь нэг л боломгүй. 

Тэгээд ч эрүүл мэндэд хортой. Хань ижил шар айраг уух дуртай, цагаан архиас илүү. Хаа нэгтээ виски ууна. Би улаан дарсанд дуртай. 

Архины төрлийн зүйл сурталчлаад уучлаарай. Мөн архинд дуртай гэж хэлсэнд өршөөгтий. Хэ хэ. 
Өнгөрдөг жил маш олон архийг дарс болгосон. Тэгсэн энэ 1 жилийн хугацаанд бас л хөөрхөн архи цугларсан байна уу? 

Үүнээс харахад манайд овоо тооны хүмүүс зорин ирдэг байх нь тийм үү? Өнөөх "Зан сайтай айлд хүн бүхэн цуглана" гэдэг нь шүү. Хи хи. 

Мэдээж яг манайд ирээгүй ч ажлын шугамаар надад бэлгэнд ирсэн архи ч бий. 
Энэ архийг ихээ олон жил дүү минь ирэхдээ бэлэглэсэн. Шил нь хөөрхөн байсан болохоор тэр байх, хадгалаад л байсныгаа сая зориглоод ашиглачихлаа. Мөн шилийг нь ч хаяихлаа. Хэ хэ. 

Элдэв хэрэггүй зүйлсээсээ салах гэж үзэж тарах гээд л... Нэг л болж өгөхгүй байна. 

Монголд ойрхон байдаг бол шууд л хэрэгтэй хүнд нь өгчихмөөр...

За дарс ажиллагаа дууссан, ашгүй. Одоо амттай болог ээ гэж ерөөгөөд л суух үлдсэн. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年6月23日火曜日

Ногоон чавга 1

Уламжлалт бичлэг шүү. Өнгөрдөг жил ч энэ тухай бичсэн байх. Уулнаас нь очиж түүж ирнэ. Түүнэ гэдэг нь газраас биш, модноос. Заримдаа бүр модондоо авирна. Шат тавьж авирна, шатан дээрээсээ түүнэ. 

Бөөн дур уу? Хань ижлийн сонирхол бастүлхүү яваад байна л даа. Би архи уух хоббигоо бага зэрэг халж байгаа. Хааяа л нэг ажлын шугамаар...

Ийм ногоон өнгөтэй. Модондоо удахаараа шарлаад зөөлөн болдог. Ногоон байхад нь навчнаас нь ялгаж түүх гэж басл хөөрхөн хараа, анхаарал шалгана. За тэгээд нэг түүгээд эхэлчихээр улайраад, зогсохоо болиод, шуналтаад түүгээд байдаг. Ха ха. 

Тэгж шарласаныг нь түүж чанамал зэрэг хийдэг хүн бий. Уулын минь эмээ хийж өгч байсан. Дажгүй л юм билээ. 
Түүж байх явцад аалзны тор, элдэв хорхой, шавж, заримдаа жижиг амьтад таарна. Би ч бага залуудаа айдаг л байсан л даа. Ээж болоод ер нь элдэв хорхойноос айхаа больсон шиг байна лээ. 

Мэдээж дургүй л дээ, хармааргүй, дотор муухай оргино. Гэхдээ учиргүй орилоод, чарлаад, зугтаад гүйхгүй л гэсэн үг. 

Энэ удаагийнхаа түүлтээр могой гараад ирэх вий гэж жаахан айсан. Мөн "майга хүрэн"-тэй таарчих вий гэж айдас хүйдэс байсан.
"Жигмэд Тогмид хоёр жимсэнд хамт явжээ" гэдэг дуу мэднэ биз дээ? Ялангуяа одооны залуус. Хэ хэ. 

Энэ хувин 30 литрийн багтаамжтай. Хоёр ийм хувинг дүүргэж ирсэн. Тэгээд хэдэн өдөр түүнийгээ угааж, хатааж, шилэндээ дарсан. 

Дараагийнхаа бичвэрээр үргэлжлэлийг нь оруулна аа. 

Нэг бол учиргүй аж ахуйч. Нэг бол юу ч хийдэггүй, ном шагайсан хүн, нэг бол орж гарч ууж идсэн хүн. Яг аль нь "жинхэнэ би" юм бол?

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年2月10日火曜日

Шинэ сарын мэнд болон киви жимс

Шинэ сарынхаа мэндийг сарын эхэнд хүргэж амжихгүй юм аа. Яаж ийгээд л сарын дунд болчих юм. 2 дугаар сар ч эх оронд минь хөлтэй хөдөлгөөнтөй, бужигнадаг сар тийм ээ? Цагаан сардаа бэлтгэнэ. 

Японд ерөнхийдөө нам тайван. Гэхдээ цагаан сарыг сүр тэмдэглэдэг айлууд их бэлтгэдэг шиг байна лээ. Би ч яахав жаахан монголоо алдсан, ёс мэддэггүй, хэнэггүй, ажилгүй, завгүй гэсэн баахан гуншинтай юм болохоор монгол дахь ижий аав шигээ бужигнахгүй ээ.

Ойрд цас ихтэй л байна. Хань ижил уул хадаар "хэснэ". Тэгэхдээ хангайн хишгээс хүртэнэ. Энэ удаад киви жимс байлаа. 

Эзнийг нь таньдаг л даа. Энэ жил ургац арвин тул ирж түүгээрэй гэж хэлүүлсэн байсан юм. Амралтын өдрүүдэд яаж ийгээд л амжихгүй яваад байсан юм. Тэгээд л хань ижил намайг хараад байвал амжихгүй юм байна гэж бодсон байх түүж ирсэн. 
Хувин савгүй явсан хүн чинь ингэж малгайндаа түүсэн байна. Ноосон малгай нь сунадаг тулдаа их л жимс орсон гэнэ шүү. Бас мэдмээр амьдралын туршлага байна уу? Залуус минь мэдээд аваарай. Ха ха 

Худалдаанд гаргах зориулалтаар ургуулаагүй, сонирхоод л суулгасан шиг байгаа юм. Хэмжээ нь өөр өөр. Амт нь ч янз янз. Зөөлөн чихэрлэг нь ч байв. Хатуу исгэлэндүү ч байв. 
Гэснээс энэ киви жимс их царай муутай жимс юм тийм ээ, байгалиараа бол. Халуун оронд тариалдаг, худалдааны зориулалтаар тариалдаг нь царайлаг байдаг тийм ээ? Дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй харагддаг нь хачин царайлаг тийм ээ?

Байнга авч идэхгүй л дээ, хааяадаа л авч иднэ. Тэгээд ч юмны үнэ айхтар өсч байна өө. Ганц монголд ч биш, энд бас өсөж л байна. Цалин хүрэхгүй талдаа, хэдийг нь идээд, хэдийг нь зулзагууддаа сургууль, боловсролд нь зарцуулаад, бас хэдийг нь хадгалаад явах вэ? 

Бүсээ чангалах, нарийлах, хэмнэх, өөр чинь ямар үг байдаг билээ? Хэ хэ. 

Ингэхэд хамаг баярыг үнэхээрийн тансаг, элбэг дэлбэг тэмдэглэдэг монголынхоо тэрхүү чадварыг хараад үнэн "бахархах", "бишрэх" юм аа. Туршлага судлахаар нэг харьж ирмээр ч юм шиг...

Энэ дарга нар туршлага судлахаар ийш тийш гадны орон луу их л явдаг даг. Ха ха...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月30日日曜日

Сайхан мандарин

Сайхан мандарин түүв. 2 долоо хоногийн өмнө л дөө. Нэг таньдаг өвөөгийн модыг ховх түүчих шиг болсон бид. Гэрийнхэн нь ч түүж амжаагүй байхад. Хэ хэ. Энэ жил ургац арвин жил гэнэ ээ. 

Бэрсүүт жүрж жимсэнд боловсордог жил, боловсордоггүй жил гэж байдаг гэнэ. Огт жимсээ өгөхгүй ч биш юм шиг байгаа юм. Бага ургац гардаг шиг байна лээ.

2 жилийн өмнө яг энэ модноос бас жимс түүгээд, блогтоо бичиж байсан. Тэр үед гэрийнхээ гадаа бэрсүүт жүржийн мод тариагүй байсан бол зулзаган мод суулгаад 2 дахь жилдээ явж байна. 

Одоогоор жимсээ өгч эхлээгүй байна өө. 
Харахад жижигхэн мод. Жимс ч цөөн юм шиг харагдана. Хэ хэ. Яг түүхээр хөөрхөн арвин ургац өгдөг юм билээ. 

Нэгэн төрлийн лийр жимс тариалдаг хүн. Лийр жимснийхээ модон дунд ийм модтой. Бидний мод хэзээ ургацаа өгөх бол? гэж ярилцаад л байж байна. 
Ойроос харахад ийм хөөрхөн өнгөтэй. Жижиг голцуу байсан ч маш амттай. Бид бүр о.зулзага руу гаа шуудандсан. Илжгэн жимс, лийр гэх мэт жимсний хамт. О.зулзага минь бөөн баяр.

Ингэхэд хүний мод их сайхан ургаад, бидний мод яагаад ургахгүй байна гэж ярилцаад, ирэх жил жаал судалж байгаад, хөрс энэ тэрийг нь жаахан бордоно оо. Тийм ээ? Айлын хоол амттай гэдэг шиг л. Хэ хэ. 

Энэ мод бол нэлээд олон жил болсон байх өө, тариад. 
Гэрийн гадаах мод зулзаган модтойгоо харьцуулаад л сууна. Хүний шунал их юм болохоор гялс л энэ мод шиг ургацаа өгч эхлээсэй гэж хүссэн шиг. Ккк. Сайн, зөв арчилбал манай мод ч ингэж ургах байх л даа. 

Морьтон монголын үр сад болохоор газар тариаланг нэг их сонирхохгүй л байх шиг өөрт минь санагдаад. Гэхдээ хүмүүсийн тарьж ургуулсныг, хурааж авч буй ургацыг харахаар дотоод хүн минь үзүүлээд өгөөч ээ, чи чадна шүү дээ, хэний үр сад болохоо харуулаад өгөөч ээ гээд байдаг, заримдаа. Ха ха. 

Тэтгэвэрт гарахаараа элдэв ногоо, жимсийг тарихыг үзүүлээд өгнө өө гэж бодоод л үүнийг бичиж сууна, зөв биз дээ? Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年9月8日月曜日

Инжир

Энэ жилийн инжир жимснийхээ зургийг оруулна аа. Бүр өөрөө очоод модных нь зургийг дарсан гэж байгаа. Надад өгнө гээд хэдэн ширхгийг түүгээд хөргөгчиндөө хийчихсэн байсан. Хайр хүрэм байна уу? 

Бид хоёр хоёр биенийгээ "крашладаг" юм. Хи хи. 

Мод нь. Нэлээд саглагар ургадаг юм билээ. Навч нь их том далбагар. Жимс жимсгэнд дуртай, ногоо цагаа тариалдаг хуурай дүү охиндоо үзүүлэх зорилготой бас. 

Болдог бол тариалах юмсан л гэх байх. Хашаандаа их гоё гоё ногоо, жимс тариалдаг юм. Сүрхий ажилсаг бүсгүй бий дээ, суралцмаар. Тэтгэвэрт гарахаараа шавь орно оо. Тэр үед болгоогоорой. 
Боловсроогүй байхдаа. Сайн харахгүй бол навчнаасаа ялгарахгүй, олж харах гэж бас л харааны бяд шаардсан. Хэ хэ. Ногоо тариалж мэддэггүй хүний л зан байх даа. Малд нүдтэй гэдэг шиг цэцэг, ногоонд нүдтэй хүн гэж байдаг л байх даа тийм ээ? 

Би малд ч, жимс жимсгэнэд ч, ногоо цагаанд ч нүдгүй хүн нь байна өө. Идэж л мэднэ. Идэхээс өөр ид шидгүй гэдэг нь байна өө. Ккк.
Нэг дор ургаад, ингэж өнгө ороод боловсроод ирэхээрээ хөөрхөн харагдана. Хөөрхөн гэдэг нь амттай гэсэн үг шүү. Хэ хэ. Хэмжээ нь хөөрхөн жижигхэн. Том хэмжээтэй сорт ч байдаг юм билээ. Тариалдаг залуу маань жижиг хэмжээтэй сортыг нь тариалдаг юм. 

Нэг боловсрохоороо ар араасаа боловсроод, нэг мэдэхэд газарт уначихсан байдаг гэсэн. Өөр ажилтай хүн чинь тэр бүр манаад зогсоод байж амждаггүй гэсэн. Болдог бол би манаад зогсож байх юмсан тийм ээ. Ха ха. 
Томруулж харахаар ингэж харагдана. Гүйцэт боловсроогүй байгаа нь. Ягаан өнгөтэй болж ирээд гүйцэт боловсрохоороо хүрэн өнгөтэй болж ирдэг юм билээ. 

Гүйцэт боловсроод зөөлөнд нь зуртай хүн ч байдаг. Хатуудууд нь дуртай ч хүн байдаг. Яг алинд нь дуртай вэ гэхээр нь бүгдэд нь л дуртай гэсэн. Үнэн л юм чинь. Тариалж чадахгүй, мэдэхгүй байж юун юм голж, цамаан загнах. 

Зөөлөн нь аманд ороод л, зажлах шаардлагагүй залгичихна. Хатууг нь бага зэрэг зажлаад л идчихнэ. Тэгэхээр бүгд л амттай.  
Миний ходоодонд орохын өмнөхөн гэдэг зураг. Тод хүрэн болсон байгаа биз? Ингээд л тав зургаан ширхэгийг өгөөд явуулчихдаг юм. Нэг дор биш хоёр хуваагаад л иднэ дээ. 

Бодоод байх нь ээ, бид чинь хатуу ааруул идэж өссөн болохоор ер нь жаахан зажлууртайд нь дуртай юм билээ. Хэт нялцгай гэхээсээ илүү. 

За тэгээд азаар гэрийнхэн маань идэхгүй юм. Ха ха. Идээд өгөөч гэж гуйгаад идэхгүй байна шүү. Түүнээс би харамлаагүй шүү. Одооны энэ хүүхдүүд чинь ид гэж гуйлгаад, хань ижил бид хоёр наана нь өөрсдийнхөө өлөн зэлмүүн үеэ дурсаж ярина гэж юүхэв. Хо хо. 

Юмны үнэ өсөөд буй эдүгээ цагт ийнхүү тариалсан жимс жимсгэнэ, ногоо цагаанаасаа өгдөгт баярлалаа.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年8月27日水曜日

Тарвас ба хутга

Энэ жил бид тарвас бага идсэн юм шиг санагдаад болдоггүй ээ. Хэ хэ. Жил бүр хамгийн томоос нь, хамгийн амттай гэснээс нь сонгож байгаад л худалдаж авч иддэг юм. 

Жилээс жилд юмны үнэ нэмэгдээд, хааяа ч дэлгүүр орохдоо жимсний тасгаар бага ороод байх шиг. Тарвас гэхдээ хүнсний ногооны ангилалд багтдаг юм билээ.

Нэг жижиг тосгоны тариалдаг тарвас нэлээд үнэтэй, брэнд болгочихсон. "Дайэй тарвас" гэхээр л үнэ нь өсчихнө. Бид жаахан наахна нь байдаг тосгоныхон тариалсан тарвасыг, нэг бол яг суугуул хотынхон тариалсныг авж иднэ.
Дотроо ясгүй гэх үү? Үргүй нь ч зарагдана. Дотроо үргүй тарвасны гаднах өнгө нь нэлээд хар ногоон байдаг юм.  
Жимс жимсгэнээ хэрчдэг нэг гоё хутгатай. Харахад л андашгүй байгаа биз? Хэ хэ. Энэ хутгандаа би хайртай. Үүх түүхийг нь мэддэг болохоор хайр зарлачихсан. 

Хутга сайтай байх, хутга нь тансаг байх гоё юм билээ. Гал тогооны ажилдаа муу ч жимс жимсгэнэ гэх мэт тансаг зүйлсээ хэрчихэд урамтай. 

Өө тийм, Осака хотод найз дүүгийнхээр айлчлахдаа бас тарвас идсэн. Найзууд нь тариалсан гэсэн. Амттай байсан. Өөрөө юу ч хийдэггүй хүн чинь бусад хүмүүсийн хөлсөө урсган, цаг заваа зарцуулж хийсэн хөдөлмөрийг үнэлэлгүй яахав. Биширнэ, бахархана. 

Ирэх жил идэх тарвасныхөө мөнгийг цуглуулна аа, одооноос. Хэ хэ. Ядаж улиралд нь таван бондгорыг авч иднэ гэж бодов. Та бүхэн ч гэсэн сануулаарай, цаг тухайн үед нь мартчих вий дээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月8日火曜日

Чавганы дарс

6 дугаар сард хийсэн л дээ. Энэ жил үмэ буюу ногоон чавга сайхан арвин ургасан жил боллоо. Хэд хэдэн таньдаг өвөө нар үмэ жимс хэрэгтэй юу гэж асуусан. Би чинь энэ жил ургац арвинтай, өө тэр өвөөгөөс авчихсан гэж даналзаж энэ тэр. Хэ хэ. 

Ургаагүй жил нь царай алдаад л асуудаг юм байж. Хо хо. 

За тэгээд үнэгүй зүйлд нугасгүй, шуналтай хүн чинь очиж модноос нь арвин ихийг түүсэн. 

Жигмэд Тогмид хоёр жимсэнд хамт явжээ. 

Түүсээр байгаад бидний сав нь дүүрээд буцжээ. 

Гэж дууланхан, биесийнхээ шуналтайг гайхан гайхан түүсэн. Бид гэдэг нь хань ижил, би, гуравдахь зулзага гэсэн бүрэлдэхүүнтэй. Хоёрдахь зулзага бидэнтэй хамт явахаа байсан, өөрийн гэсэн ертөнцдөө умбанхан шумбанхан яваа. 

Модонд нь авираад түүсэн зураг бий л дээ. Түүнийгээ оруулах гэхээр зориг хэрэгтэй. Ха ха. 

Үүнээс ч олон шил байсан. Заримыг нь хоосон чигээр нь үлдээсэн. Учир нь миний монгол явах ажил давхцаад. Дахиж уулнаас түүж ирээгүй. Бага зэрэг үлдсэнийг нь хань ижил л гүйцээж, дарс, жимс болгосон. 

Яг гардаж дарс хийхийг нь ихэвчлэн хань ижил хийдэг юм өө. Би хийдэг гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ бэлтгэл ажлыг бол би сайн хангана өө. Жишээ нь шилээ угаах, түүж авчирсан жимсээ угааж хатаах, дэлгүүр хоршооноос мөсөн чихэр зэргээ худалдаж авах гээд л. 

Энэ бүгд арын ажлыг нь мэдэхгүй хүмүүс хань ижлийн л ажилсагийг гайхаад байхыг яана. Ха ха. "Ингээд л миний нэр байдаггүй" гэгч болно дөө, хаая ч.  
Монгол цагаан архиар ногоон чавга жимсээ дарахаар илүү гоё амттай болно. Уухад зөөлөн. Тийм болохоор бид манайд ирсэн найз нөхдийнхөө, зочдынхоо өгсөн цагаан архийг маш сайн цуглуулдаг. 

Угаасаа цагаан архи уудаггүй л дээ. Хаа нэгтээ л монголоос ирсэн гийчидтэйгээ хальт амсдаг. Би бол огт уухгүй ээ. Улаан дарсандаа үнэнч. Шар айраг ч нэг их уухгүй. 

Энэ зураг дээрх архины тоо бол зүгээр л наад захын жишээ шүү. Өөр зөндөө байсан. Бүгдийг нь "үмэ шю" буюу ногоон чавганы дарс болгочихсон. Амттай сайхан болог ээ. 

Овоо хэдэн шил суллаж хаялаа, архиа хадгалдаг газар минь овоо цэгцэрлээ. Дахин архины цуглуулгаа үргэлжлүүлнэ дээ. Сая монголоос наашаа ирэхдээ бас ганц нэг архиа үлдээчихсэн. Ачаа ихдээд. Дараа авчирна, аавыгаа битгий уучихаарай гээд байгаа юм аа. Наргиа шүү. Ха ха. 

Манайд ирвэл дарстай л угтах нь байна, та нарыг. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月6日日曜日

Суугуул нутгийн аялал жуулчлал

Суугуул муж минь хүн ам цөөтэй, жижигхэн муж. Хүн амын тоо нь ч цөөрсөөр. Залуус нь хот газар явахаараа буцаж ирэх нь ховор. 

Гэсэн хэдий ч би энэ нутагтаа дуртай, хайртай. Олон л шалтгаан бий. Байгалийн гамшиг цөөн. Даисэн гэдэг өндөр хайрхан нь хар шуурга гэх мэт байгалийн гамшгаас хамгаалдаг гэж үздэг. 

Хүнсний бүтээгдэхүүн нь амттай. Жимс нь илүү амттай. Зураг хөргийг минь үзсээр байгаад та бүхэн ч мэдэх байх дөө. Би чинь жил бүр л жимсний зураг оруулдаг даа. 
Лийрний музей дэх лийр жимсний сахиус Нашший. 7 сарын 4-нд төрсөн өдөр н тохиосон. Хэ хэ. Тэр өдөр лийрний орцтой мөхөөлдөс 100 иенээр хямдарсан байв. 

Худалдааны жимсийг заримдаа голдог.Үнэн цамаан байна уу? Оригоор нь газар дээрээс нь аваад идээд байхаар бусад газрын худалдааны жимс цаанаа л нэг амт муутай санагддаг болчихдог шүү. Ойлгоорой. 

Жишээ нь хойд нутгийн Аомори мужийн алим гэвэл их амттай байдаг. Энэ мэтээр нутгийнхаа бүтээгдэхүүнийг брэнд болгочихдог юм.

Эх орон минь тун удахгүй ийм болох байх өө. Тэр аймагт үйлдвэрлэсэн, тариалсан бүтээгдэхүүн гээд л. Төв аймгийн, Булган аймгийн, Сэлэнгэ аймгийн гээд л тийм ээ? 

Би та нарт их гоё бизнес санаа өгөөд л байгаа шүү. Хэ хэ. Нэг зүйл уншаад, түүнээсээ санаа авдаг, суусан газраасаа шороо атгадаг байгаарай. Би шороо байтугай чулуу атгах гэж хичээгээд л яваа шүү. Хо хо. 

Саяхан шинээр ажилд орсон гадаад ажилчдаа аваад мужийнхаа аялал жуулчлалын газруудыг үзүүлсэн. Би ч яахав өмнө нь зөндөө үзсэн ч дахин үзмээр байна гээд хамт явсан. 

Аминдаа шинэ соргог зүйл олоод сонсчих санаатай. Мөн шинэ ажилчидтайгаа дотно танилцчих санаатай. Тэгсэн солонгосчууд нь дуу муутай. Хятадууд нь гайгүй. Би л ганцаараа аманцар нь. Хэ хэ. Сүртэй ярьж хөөрсөнгүй ээ. 
Лийрний музей жилийн турш 3 төрлйн сортын лийрний амталгаа үзүүлдэг үйлчилгээтэй. Тусгай хэмд хадгалдаг гэсэн. 

Жижигхэн муж минь аялал жуулчлалынхаа салбараар л орлого олж, жуулчдыг татах гэж үзэж тарж байна. 

Та бүхэн ч манай нутгаар заавал ирээрэй. Надтай уулзмаар байвал уулзаж болно шүү. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月6日金曜日

Инжир ба алим

Инжир жимс өгч явуулдаг нэг залуу бий. Хань ижилд өгөөд л явуулна. Хаая өгч явуулаагүй бол горьдоно би чинь. Ха ха. 

Ганц инжир жимс биш л дээ, лийр, кимчиний байцаа, сонгино гээд л өөрийн тариалдаг бүхий л зүйлээсээ өгнө. 

Би хариу бэлэг болгож хааяа жамц давс бэлэглэнэ. Мөн кофе өгөх ч тохиолдол бий. Аан тийм хааяа буузаар дайлна. Дараа нэг хуушуур хайрч өгнө гэж бодож байгаа.

Өөрөө тарьдаг юм. Туршилтаар л тариад байх шиг байгаа юм. Хэлбэр нь дэлгүүрт зардгаас бага зэрэг өөр, бага зэрэг жижиг. Амт бол мэдээж тун чиг амттай. Гэрийнхэн идэхгүй юм. Нэг их дуртай биш шиг санагдсан.

Дотроо ийм. Би ч дуртай гэж юүхэв. Ер нь надад дургүй жимс ч гэж алга. Хэ хэ. Хутга энэ тэр хэрэглэхгүй, гараараа ингэж дэлгээд л идчихээд байгаа. Тэгээд л хальсыг нь хаячихна.

Зээ, энэ хойд нутгийн алим. Маш амттай. Сүүлийн хэдэн жил алим их үнэд ороод, би тэр бүр худалдаж авч идэж чадахгүй байгаа. Алимны мод тарьчихмаар, өөрийн гэсэн газартай бол ч...

Би гардаж тарихгүй л дээ, худлаа л эндээ томроод, бүлт бүлт бичээд байгаа болохоос. Яг гардаж хийхийг нь бол хань ижил л хийх байх, ойлгомжтой. Ха ха.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年11月9日土曜日

Өвлийн жимс

Японд өвөл ч жимс боловсроно. Боловсроно гэхээсээ илүүтэйгээр хураана гэх юм болов уу? Учир нь тариалдаг болохоор. 

Атаархмаар. Атаархмаар зүйл олонтой шүү, энэ орон.

Инжир жимс. Дуртай л биз дээ? Би бүхий л жимсэнд дуртай, үнэнээ л хэлье. 

Энэ жимсийг чанамал их хийж зардаг шиг санагдсан. Тарьдаг залуу нь надад өгөөрэй гээд л өгөөд явуулдаг юм, хань ижлээр. Би крашлаж байгаа. Амттай жимс өгч буй хүнийг чинь крашлахгүй бол алдас болно биз дээ? Хо хо.

Илжгэн чих. Худалдаж авдаггүй, алтан мөнгөн хөршүүд минь өгдөг юм. Энэ жил харьцангуй цөөн өгөөд байх шиг санагдаад, дундуур нь хэн нэгэн ороод авчихаад байна уу даа гэж хардаад байгаа. Ха ха. 

Хатаасан нь илүү амттай санагддаг. Худалдаж авахгүй, хэн нэгэн өгөөсэй гэж бодоод л үүнийг бичиж сууна өө. Ккк.

Лийр. Нэр ус нь "Атаго лийр" гэсэн байх шүү. Жимс болгон нь нэртэй устай, худалч хүнд нэг соортынхоо жимс бүрт бас нэр өгөх нь л холгүй байх юм, эд нар. Хи хи. 

Маш том хэмжээтэй. 2 настай маамаагийн толгойноос ч том хэмжээтэй байх шиг санагдсан. Амт бол гоё байсан. шүүслэг. 
 
Буянтай сайхан хүмүүсийн ачаар жимс авалгүй л амьдарчих санаатай. Одоо алим, мандарин, киви гээд л олон олон жимс тариалдаг хүнтэй найзалмаар байна өө. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年11月1日金曜日

Усан үзэм 2

Өнөөдрийн бичвэрээр өөр нэг соортын зураг оруулав. 

Хальстай нь иддэг гэдэг утгаараа хүмүүс их таалдаг, борлуулалт ихтэй. Гэснээс жимс жимсгэний үнэ их нэмэгдэж байна өө. Дуртай алимаа их бага иддэг болсон. Алим тариалдаг найзтай, хөрштэй болмоор байна өө. Хэ хэ.

Энд ихэнх жимсийг ингэж хүлэмжинд мөн ууталдаг юм билээ. Тэгж байж гологдол багатай арвин ургац аваад байх шиг байна шүү. 

Хорхой шавжнаас хамгаалах, өвчнөөс хамгаалах, хар шуурга, бороо шорооноос хамгаалах гээд л ажиллагаа ихтэй тийм ээ, ер нь газар тариалан эрхлэх. Манайхны малчидтай л адил юм даа тийм ээ? 

Энд Монголыг бодвол байгалийн гамшиг ихтэй санагддаг. Харьцангуй дулаахан ч гэсэн.

Ойроос харахад ийм. Соортын нэр нь "Сүихоо", нэг бол "Shine Muscat" энэ хоёрын аль нэг. Яг оноож хэлж мэддэггүй ээ. Ямар ч л байсан ногоон өнгөтэй. Хэ хэ. Мэргэжлийн улс бол хараад л шууд хэлнэ. 

За даа би ч бүхий л төрөлд нь дуртай тул амтархан иднэ харин ч нэг.

Угаагаад таваглаад зураг дарсан нь. 

Сүихоо соортыг 1996 онд бүртгэгдсэн. Голчлон тариалдаг газар нь Окаяма муж нь ойролцоогоор 66 хувь, Шизүока муж ойролцоогоор 20 хувь, Миязаки муж ойролцоогоор 14 хувийг тариалдаг гэнэ. 

Shine Muscat нь Яманаши, Нагано, Окаяма, Ямагата зэрэг мужуудад голчлон тариалдаг гэнэ. Хальстай нь иддэг, ясгүй гэдгээр нь хүмүүс идэх дуртай байдаг гэнэ.

Гэхдээ бусад мужууд тарьж ургуулдаггүй гэсэн үг биш. Манай ойр хавийн мужууд ч тарьдаг. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月31日木曜日

Усан үзэм

Усан үзмэнд дуртай л биз дээ. Манай гэрийнхэн бүгд дуртай. Энд төрж өсөж буй хоёр бол бараг бор хоол нь усан үзэмний шүүс байсан гэхэд хилсдэхгүй. Хэ хэ. 

Намар 9 сарын эхээр бид хөдөө ууланд очиж иднэ. Сорт сортоор нь голж шилж иднэ.

Сортуудынх нэрсийг тухайн үедээ хараад л энэ нь илүү амттай юм байна гэж ирээд л шагшина. Энэ зурган дээрх усан үзэм Black olympia гэдэг нэртэй. 

Дан олимпиа нэртэй нь ч бий. 1964 оны Токиогийн олимпийг тохиолдуулан гаргаж авсан сорт гэж сонссон.

Бидэнд бол бүх л сорт нь амттай. Харин япончууд өөрсдийн дуртай амт гэж байгаад түүнийгээ голцуу худалдаж авч иддэг шиг санагдсан. 

За байз энэ сортын нэр нь юу билээ? Шинкү шиг санаад байна. 

Зарим нэг сорт нь хальстай нь иддэг, дотроо ясгүй гэх мэт байдаг. Ийм болоод ирэхээрээ үнэ нь нэмэгдэнэ, бага зэрэг.

Энэ бас шинкү бололтой. Нэг сорт мөртлөө өнгө нь тод эсвэл бүдэг гэж байсан. 

Ямартай ч бид усан үзмийг яг улиралд нь сайн идээд, бусад үеүдэд худалдаж авч иддэггүй. 

Өө тийм, бас нэг өвөө бидэнд сүүлийн 3 жил усан үзэм шуудангаар явуулсан. 8 сард таардаг тул 9 сар болтол шийр зугаа гээд амаа олохгүй л иддэг дээ. 

Баярлалаа хөдөлмөрч, сайхан сэтгэлт та бүхэндээ.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月27日金曜日

Халбагадалт 2

Халбагадалт бичвэрт зулзагууд болон би уусан ундааны зураг байсан бол энэ удаад эрчүүдийн уусан зураг. 

Би машин барих байсан юм аа. Тэгээд л уугаагүй юм. Түүнээс ч халбага улаан дарс уумаар л байсан.

Яг энэ өдрүүдэд маш халуун байсан тул хүйтэн шар айраг л эрчүүдийн хань болж байх шиг. Хөлсөө асгартал ажиллачихаад л хуйтэн шар айраг залгилахад үнэхээрийн сайхан шүү л гэдэг юм, хань ижил.

Бидний орсон баар нь уулын мухарт, хүн ам цөөтэй газарт нээгдсэн жижигхэн газар. 

Энд бас хөдөөнөө хүн ам нь цөөрөөд, "Хөдөөгийн сэргэлт" шиг хөдөө нутагт нүүж суурьшвал хэд хэдэн дэмжлэг үзүүлээд эхэлсэн. Дараа энэ тухай судалж байгаад бичихийг хичээнэ ээ...

Бид усан үзэм авч очсон юм. Мөн жамц давс бэлэглэсэн. Хаа ч явсан эх орноо сурталчилна аа. Нэг ч гэсэн хүн эх орны минь тухай мэдэж, элэгтэй болбол тийм ээ?

Идээ эзнээ танихгүй ээ гэж ийм тавганд таваглаж өгсөн. Ургаад л явчихаж байгаа юм. Ингээд бодохоор чамин таваг, аяга цуглуулмаар ч юм шиг. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年7月8日月曜日

Зуны амттан

Суугуул нутагт тарвас гараад овоо удчихлаа шүү. Жаахан хямдрахыг нь хүлээсэн шиг. 

Гэснээс тарвасны хулгай үе үе гарна. Сонин хэвлэл, зурагтаар хулгайчдыг үзэн ядсан нэвтрүүлэг яваад л байсан.

Айлд идсэн тарвас өө. Таваг нь тансаг байгаа биз? Зураг дарсан, дүрмийн дагуу. Энэ жилийн анхны тарвас байсан. 

Энд хэт халуунд тарвасан дээрээ давс цацаж иддэг. Алдсан шингэнээ нөхөх арга нь. Эхэндээ сонин санагдаж байснаа, одоо бол дасчихсан.

Тэснэ тэснэ гэхэд арай л их тэсэв. Халуун ч гэж юүхэв. Сайхан хүйтан тарвас идмээр санагдаад. Хөргөгчиндөө хийж, нэг хонуулна ямартай ч. Тэгэхгүй бол сайн хөрөхгүй. 

Үнэ нь бага зэрэг л хямдарсан. Үнэ өсөөд, алим идээгүй овоо удаж байна. Хэ хэ.

Таллаад хэрчсэн байдал. Бас ингээд хэрчсэн тохиолдолд хурдан идэхгүй бол ч амархан муудна.

Бага зулзага идэж шалихгүй юм. Томчууд л сайн идэх байх даа. За тэгээд энэ хар халууныг хэрхэн давах аа сайн мэдэхгүй л байна шүү. Иймэрхүү шүүслэг жимс ногоо идэж байтал өвөл хаяанд ирээд, тий тий гэчихсэн гүйж явах байх даа. 

Тэрнээс өмнө наадам гэж том даваа байна аа. Хотойлгочихоор дэнж гэж байна уу даа, олохоос...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月10日月曜日

Хан боргоцой

Намайгаа ихээхэн дэмждэг нэг япон эмэгтэй бий. Ганц намайг ч биш юм аа, гэр бүлийнхнийг минь бүгдийг дэмжинэ. 

Баяр хөөр, гуниг зэрэгт дандаа дулаахан сайхан үг хэлдэг. Үе үе зулзагууддаа амсуулаарай гээд амттан өгнө. Зулзагуудынхаа буянаар хань ижил бидэн хоёр ч даган баясана.

Энэ удаагийнх нь амттан тайвань улсаас оруулж ирж худалдаалдаг хан боргоцой. Голыг нь хүртэл иднэ. Хаях зүйл гэвэл гаднах хальс нь. 

Тайвань улс их сүрхий. Суугуул мужид маань ихэд нэр хүндтэй. Нутгийнхаа бүтээгдэхүүнийг харилцан экспортолчихдог. Үе үе хоорондоо захиалгат нислэг хийгээд аялчихна.

Гэрт нэг л хүн энэ жимсийг арилгаж, хэрчдэг. Хэ хэ. Бид аав аа гэж ирээд л эрхлэлдээд, та л гоё арилгаж, хэрчдэг гээд аавыгаа онгирооно. Аав зулзагуудынхаа гуйлтыг бол "за" л гэж хүлээж авна.

Бага зулзага бид хоёр голыг нь авч идээд байсан чинь сүүлдээ хэл ам хорсоод, зулзага ус ус гээд нэхэж уусан. Ха ха.

Урлаг уу? Хэ хэ. Бүр нэг сэтгэлээсээ. Би бол томхон томхон хэрчээд, за идэцгээ гээд л тушаана шүү дээ. Идэхгүй бол өөрөө л идчихнэ. Ха ха. 

Жижиглэн хэрчсэн байгаа тул хатгаж аваад ам руугаа хийхэд их амар байсан. Тэр харагдаж байгаа жижигхэн сэрээнүүддээ би их хайртай. Нэг газар ажлаар явж байгаад, санамсаргүй таараад, худалдаад авчихсан. Үнэ нь ч дажгүй, үнэтэй биш байсан.

Мэдээж нэг дор бүгдийг нь барахгүй тул, маргааш нь идсэн. Бага зулзага өмнөх өдөр нь хэл нь хорссон тул бага идсэн. Эгч их дуртай тул их идсэн. Хэ хэ.

Жимс жимсгэний үнэ нэмэгдээд, би энэ жилд алим их бага идсэн. Яагаад ч юм худалдаж авах сэтгэл төрөхгүй байна өө. Хи хи. 

Хэсэгтээ бүсээ чангалах шаардлагатай хүн шүү дээ. Хо хо. Тунг нь тааруулах...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年4月10日水曜日

Гадаанаа жимс

Зарим нэг япон айл гадаанаа гоё жимсний модтой байж тоож идэггүй юм. Гайхаад л, асууж үзэж байсан. Хариулт нь янз янз. Арчлаагүй, тордоогүй өөрөөрөө ургаж байгаа тул жимс нь амтгүй байх аа л гэнэ. Өө тоож идэх хүн байхгүй болохоор л гэнэ. Түүх хүнгүй л гэнэ.

Яасан дураараа юм бэ ч билүү?  

Саяхан шилжээд явсан нэг дарга маань харин гэрийнхээ гадаах "зүгээр ургачихсан" жимсээ бидэнд тараадаг байсан юм байна. Нимбэг жимс. Гэснээс энэ жил нимбэг жимс өгөх хүнгүЙ, өөрөө худалдаж авдаг байх даа. Уг нь үе үе устайгаа уудаг юмсан...

Би ч хүнээс дутах дургүй юм болохоороо гэрийнхээ гадаа бас жимсний мод тарьчихаад, эд нар шиг түүх хүн байдаггүй ээ, амт нь жаахан онцгүй ургаж ээ гээд л бааварлаад сууж баймаар санагдаад. 

Гадаанаа жимсний мод тарьчихсан. За за худлаа худлаа, би биш ээ. Гэрийн залуус хамтдаа суулгаад. Зулзага, норж мороод л тэрүүхэндээ хөөрхөн ажилтай л гүйсэн. Хи хи.

Цахимд асар идэвхитэй хүн чинь бас зураг оруулчихсан. Явцыг нь эндээ бас зургаар тайлбарлана аа. 

Мандарины мод. Нэг нартай сайхан өдөр "сайхан мандаарин байна даа" гэж хэлээд иднэ. Хо хо.  

Мөн ойрхон байдаг таньдаг хүнийхээ ууланд 2 мод суулгачихсан гэсэн. Би ч мэдсэнгүй, сүүлд мэдсэн. Асуусан чинь тэг тэг гэсэн гэнэ. Үе үе очиж модоо эргээрэй гэж хань ижил үүрэг даалгавар өгсөн. 

Одоогоор очиж арчилэ, тойроогүй л байна. Мөн гадаах модоо ч тоох завгүй л явна. Учир нь бороо хур ихтэй улс нэг бодлын амар. Яахав явцын дунд бага зэрэг хөрсөө бордох хэрэг гарах байх. 

Өнгөрдөг шинэ жилээр гэрлээр чимээд байсан модоо бүр үндсээр нь сугалаад, хаячихсан. Учир нь тэр модны үндэс нь их тархаж ургадаг, хүчтэй үндэс тул эргэн тойрныхны айлын газар луу ороод, цемент энэ тэрийг нь хагалаад, цуулаад хаячихдаг гэж хүмүүс зөвлөгөө өгсөн. 

Тэгээд л шин он гарахаас өмнө тайрчихсан. 

Бэрсүүт жүржийнхээ модыг томрохоор гэрлээр чимэглэнэ ээ. Зураг оруулна аа.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年2月28日水曜日

Сэтока

Охидыг минь үе үе дэмжээд, хөөрхөн хөөрхөн зүйл барьж ирдэг нэг гэр бүл байдаг юм. 

О.зулзагыг анх нэгдүгээр ангид орж байхад тэдний охин бага сургуулийн 6 дугаар ангид, сургуулиараа зугаалахад хамт хөтлөлцөөд алхаж байсан гэсэн. 

Тэгээд л ээж аавдаа хэлсэн гэсэн. Нэг ийм монгол охин гээд л. Холоос ажиглаад л явдаг байсан шиг байна лээ биднийг.

О.зулзагыг ахлах сургуульд ордог жил дундын танилаараа зуучлуулаад бид танилцсан. Тэгэхэд л дээрх түүхээ ярьж өгсөн. 

Тэдний охин их сургуулиа төгсөөд, тэнд ажилд орсон гэх мэтээр хааяа уулзахаараа хөөрөлддөг юм. 

Уржигдар хонх дараад дээрх цитрусын төрлийн жимсийг оруулж өгсөн. Охин нь Миязаки мужийн хүнтэй суугаад, тэр нутагт нь тариалдаг жимс, амсуулах гээд авч ирсэн гэнэ ээ.

Дунд зулзага минь тааралдахаараа хөөрхөн мэндлээд өнгөрдөг гэнэ, их таалагддаг гэв. Охидынхоо буянаар л хөрш айлуудтайгаа мэндтэй устай, эвтэй найртай явна даа. 

Хүүхэд гэж цаанаа л буянтай юм аа. Хэ хэ. 

Мэдээж анх удаагаа идэж үзэв. Маш амттай жимс байлаа. Бүр тансаг амт. Нэлээд үнэтэй ч жимс байна билээ. Энд тэнд дэлгүүрт таарвал үнэтэйг нь гайхаад, худалдаж авч идэхгүй л өнгөрөх байх.

Хальс нь маш нимгэн. 

Буянтай хүмүүсийн ачаар, шинэ жимсний нэр мэдэж авч, амтыг нь ч мэдрэв. 

Баярлалаа. Байнга өгч байгаарай гэж даврахгүй юу. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年1月30日火曜日

Дуртай жимс

Өвөл цагийн жимс. Японоор кинкан. Англиар cumquat. Монголоор япон цитрус жимс. 

Би дуртай. Жижигхэн. Угаагаад хальстай нь иддэг. Дотроо ястай. Амт нь исгэлэндүү. 

Нэг идээд эхэлчихвэл хэсэгтээ гар яваад, зогсохоо мэдэхгүй болох янзтай юм билээ. 

Нэг том нээлт хийсэн. Өвөл цагийн жимснүүд ихэвчлэн улбар шар өнгөтэй байдаг юм билээ. Бэрсүүт жүрж, энэ япон цитрус, нимбэг гээд л. 

Манай чацаргана ч гэсэн улбар шар тийм үү? Нээрээ найруулж уудаг чацаргана бэлгэнд авсан юм байна шүү. Ууна аа. Ойрд хүйтнийг ч хэлэх үү? Аньс бас байгаа. 

Энд би ийм янзан бүрийн жимс идэхээрээ эх орондоо буй ижий аав, ах эгч, дүү нарыгаа боддог. Тэдэндээ өгөх юмсан гээд л. Бидний идэж чадахгүй байгаа ааруул ээзгий, гэдэс гүзээгээ сайн идээрэй л гэж захьдаг даа. Хи хи. 

Өвөл цагт манайхаар айлчилбал энэ улбар шар өнгөтэй жимс болгоноор дайлна аа та нарыгаа. 

Түр баяртай, бүгдэд нь эрүүл энхийг, амжилтыг хүсье ээ. 

2023年12月9日土曜日

Сайхан мандарин байна даа

Цагийн сайханд урд зүгээс бэрсүүт жүрж шуудангаар ирээд л. Заримдаа ч идэж барахгүй муутгачих гээд л. Тансагладаг байлаа. 

Сүүлийн хэдэн жил харин өөрсдөө дэлгүүрээс авч иддэг болсон. Мэдээж тэр бүр байнга аваад байхгүй ээ. Үнэд ороод буйг ч хэлэх үү? 

Энд нэгэн өвөөтэй танилцсан чинь ууланд бэрсүүт жүржийн модтой, ирж идээрэй гэж хань ижилд хэлүүлсэн байхаар нь уухайн тас, тороо бариад л очсон. Ха ха. Хүний шунал аа гэж...

Нэг ийм жижигхэн модноос хөөрхөн ургац хураах юм билээ. Харахад жижигхэн ч түүхэд хөөрхөн тор дүүрээд байна лээ шүү. 

"Жигмэд Тогмид хоёр жимсэнд хамт явжээ" гэж дуулангаа түүсэн.  

Жижигхэн хөөрхөн мандарин. Энэ бэрсүүт жүрж гэж хэлэх нэг л хэцүү санагдаад байх юм. Багаасаа л мандарин гэж хэлдэг байсан болохоор тэр байх даа. 

Түүхдээ хайчаар тэрүүхэнд нь хайчилж авдаг юм билээ. Хамаагүй зулгааж болохгүй. Тэгвэл мөчиртэйгөө унаад ирэхээр. 

Гэрийнхээ гадаа ийм мод тарих уу? гэж ярилцсан. Өвөл болохоор гэрэлтүүлж асаана гэж гацуур мод тарьсан байсныгаа авч хаях гэж байгаа юм угаасаа. Учир нь их том ургадаг, эсрэгээрээ хажуу хавирганы айлууд руу орчих гээд, үндэс нь бас яадаг ч гэнэ үү? 

Хот газар мод тарих чинь бас учир жанцантай юм билээ. Тэгээд л хань ижил хяргаж хаях юм гэсэн. Тэгэхдээ оронд нь ерөөсөө мандарины мод тарихаар шийдсэн. Хэрэгжүүлтлээ хэр удах нь уу? 

Хань ижил бид хоёрын нэг гэм биш зан нь тэгэх үү? Ингэх үү? гэж их удаан ярьж явна, дуншаад л байдаг юм. Хэ хэ. Харин зулзагуудынхаа янз бүрийн зүйл дээр эсрэгээрээ маш хурдан шийдэл гаргадаг. 

Нэг нартай өдөр гэрийнхээ гадаах ургацаа хураагаад гээд бичих байх. Тэр болтол тэвчээртэй хүлээгээрэй таминь минь. 

Гэснээс энд бэлэн зэлэн юман дээр өсч буй хүүхдүүд нэг их тоохгүй юм тийм ээ? Энд амьдардаг айлуудын зулзагууд яадаг бол? Манай зулзагууд л нэг их тоохгүй, бид хоёр л багад ховрын бараа байлаа гэж яриад л иднэ. 

Монголд байгаа хэд минь л очиж идэх юмсан, яасан сайхан юм л гэх юм. Ойрхон бол ч шуудандаад л баймаар...

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.