ラベル Номын ертөнцөөр(япон) の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Номын ертөнцөөр(япон) の投稿を表示しています。 すべての投稿を表示

2026年5月26日火曜日

Хичээл хөгжилтэй болох мөч 3

Үүгээр төгсгөнө өө. Яг дуусгачих гэсэн чинь бас сүүлд өөрөө санаж байхаар ганц нэг зүйлийг тэмдэглэж үлдээмээр санагдаад, номоо номын санд буцааж өгч чаддаггүй ээ, сэтгэл хоргодоод. 

Худалдаад авчихдаг ч юм билүү? гэж бодож энэ тэр. Уншаагүй олон япон хэл дээрх ном, монгол хэл дээрх ном бий тул аль болох авахгүй байх санаатай. Ялангуяа япон номыг эндхийнхээ олон олон номын сангаас зээлээд уншчихаж болох тул, тийм ээ? 

Харин монголоосоо бол яаж ийгээд захиж авчруулаад л байдаг. Яанам бэ? 

Энэ хуудасны зургийг ахлах ангийн зулзагадаа явуулаад. Ээжийн үглээнээс илүү хэн нэгний ингэж бичсэн, хэлснийг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихалгүйхэн шиг толгойдоо үлдээх болов уу? гэж горьдоод. 

Түүнээс ч ээжийн үглээг бол яг л нөгөө чихээрээ гаргаад байна. Харваас мэдэгдээд, уур хүргээд байх юм. Ха ха. 

Чихэвч зүүлгүй хичээлээ хийх, харьж ирээд шууд ширээндээ хичээлээ хийхээр суух, 30 минут зөв цэгц суугаад хичээлээ хийх гэсэн дадлуудыг хэвшүүлье. Ирээдүйн зорилгоо тодорхойльё. 

Гэж бичсэн. Ээж ингэж үглэвэл "Та яагаад миний өмнөөс шийдээд байна аа? Би өөрөө мэдэж байна аа. Улиг болтлоо л сонслоо" гэх мэтээр өөдөөс цор цор хийх нь ойлгомжтой. 

Яг энэ зулзага том зулзагаас жаахан өөр байгаад байна өө. Бодсон санаснаа шулуухан хэлчихээд, тэрэнд нь би заримдаа бухимдаад л явж байна. Ээж би тэвчих ёстой шүү, гуравхан жил гэж бодож л гүрийж байна. 3 жилийн дараа оюутан болоод үүрнээсээ ниснэ. Тэгээд л амьдрал өмнө нь дурайх байх, хүссэн хүсээгүй, тийм үү? 

"Ямар ч багшаас суралцах зүйл их бий. хамгийн гол нь суралцах, шинийг мэдэх чин эрмэлзлэл л байвал ямар ч багшаас суралцах боломжтой." 

Гэнэ шүү. Үнэн үнэн. Зулзагаа хараад байхад дуртай багш, дургүй багш гэж байна. Дургүй багшдаа элдэв хоч өгөөд, дуртай багшаа бол магтаад л. Ээж бол багш нарыг нь муулах дургүй, зулзага муулах юм бол харин ч заах багш байна гэдэг талархууштай шүү гэж үглэнэ. Нэг их "тийм шүү" гэж тоож хүлээж авахгүй л харагддаг. 

Хүүхэд юм даа гэж л бодох. Том болоод, өөрөө багш болчихсон гүйж явахыг үгүйсгэхгүй. Хэ хэ. 

"Өнөөдөр гэдэг өдөр нь хичээл хийхэд хамгийн тохиромжтой өдөр" гэж бодон төлөвлөж, хичээл хийх цагийг өөрөө гаргах хэрэгтэй. 

Чухам үнэн байна уу? Өнөөдөр ном уншихад хамгийн тохиромжтой өдөр, өнөөдөр блогоо бичихэд хамгийн тохиромжтой өдөр гэж өөртөө цаг гаргадаг болох гэж хичээж л явна...

За тэгээд "шилжиж дуусдаггүй нас"-ан дээрээ яваа зулзагатай ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай. 

2026年5月24日日曜日

Хичээл сонирхолтой болох мөч 2

Номныхоо үргэлжлэлийг бичих гэсэн чинь мэдээжийн зүйлсийг их энгийнээр  бичсэн байсан тул юу бичих вэ гэж бодон сууна. Тэгснээ гэнэт дараах хуудсыг санав. Нүүр номдоо зургийг нь оруулсныгаа эндээ бас татаад ирэв. 

Солонгос хүмүүсийн дунд хийсэн судалгаа. "Амьдралдаа хамгийн их харамсдаг зүйлс чинь юу вэ?" гэдэг асуултыг эр эм хүмүүст, мөн нас насаар нь ангилж байгаад л тавьж л дээ. Хариулт нь байна аа даа...

"Хичээлээ л сайн хийж байдаг байж." гэсэн гэнэ. 10, 20, 30, 40, 50, 60, 70 гээд насны ангилалд эр эм хүйс, нас харгалзалгүй бүгд шахуу л хичээлээ хийж байх минь яав даа гэж боддог гэнэ. 

Мэдэж дээрх хариултыг нэгт тавьж байна уу? Хоёр, гуравт тавьж байна уу гэдэг нь бага зэрэг ялгаатай ч ямартай ч харамсдаг зүйлсийнх нь дотор зоолттой л хичээлээ хийж байсан бол гэдэг харамсал байдаг байх нь ээ. 

Цахим ертөнцөөр "гэр бүлийнхэндээ их цаг гаргадаг байж, ээж ааваа тэгж асардаг байж, үр хүүхдэдээ тэгж ханддаг байж" гэх мэт нэлээд уянгын халилтай харамсал их харагддаг ч гэлээ илүү сайн хичээлээ хийж байсан бол гэдэг харамсал сэтгэлийнх нь угт хадаатай л байдаг байх нь. 

Солонгос улс нь нэлээд өрсөлдөөнтэй нийгэм учир бас энэ харамсал дээгүүрт орсон байж магад. Манайхан шиг "сэтгэлийн амьтдад" бол ч дундуур хавьцаа л явах байх, тийм ээ?  Та юу гэж бодож байна? 

За тэгээд гарчиг болгоны ард хөөрхөн түүхүүдийг бичжээ. Эхийн хайр, эцгийн хайр гээд л. Мөн багшийн чин сэтгэл гээд л...

21 хоногийн дүрэм баримтлах нь зүгээр гэнэ. Мөн 7 чухал дадлыг онцолжээ. 
1. Цэх зөв суун хичээлээ хийх. 
2.  Тэгэнгээ, ингэнгээ хичээл хийхгүй байх. Жишээ нь дуу сонсонгоо хичээл хийхгүй байх. 
3. Дэвтрийн чинь гаднах үзэмж биш доторх агуулга чухал. Үүнд хэт цэмцгэн, гоё бичсэн дэвтэр биш байх, эсрэгээрээ хэт муухай сараачсан, ноорхой дэвтэр биш байх. Өөрт ойлгомжтой, эргэн сөхөхөд "аятайхан" тэвдэр хөтлөх. 
4. Эхний эгнээнд суух. Арын эгнээнд голцуу суугаад байж болохгүй. Аль болох урагшаа суух. Тэгвэл өөрийн эрхгүй л багшийн хэлж буйг сонсоно. 
5. Аль болох ханиад хүрэхгүй байх. Үүний тулд биедээ, эрүүл мэнддээ сайн анхаарах. Гараа сайн угааж байх. Шингэн зүйл сайн уух, нойр сайн авах, уураглаг, витаминлаг хоол хүнс идэх. Мөн биеийн дулаанаа сайн хянаж, мэддэг байх.
6. Завсарлагааны цагийг зөв өнгөрөөх. Энэ цагаар "сайн амрах". Завсарлагааны цагийг тоглож, найз нөхөдтэйгөө буу халж өнгөрөөх нь их ч энэ нь эсрэгээрээ нэлээд энерги зардаг тул хэрхэм амрах тухайгаа сайтар тунгаан бодох хэрэгтэй. 
7. Ширээн дээрхээ болон цүнхэн доторхоо эмх цэгцтэй байлгах. Нэг дор бүгдийг эмхлэх, цэгцлэх гэж зүдрэх бус бага багаар л эмхлээд явах нь чухал. Хэрэгтэй зүйлс чинь тогтсон байранд байх, тэр бүр хэрэглээд байдаггүй зүйлсээ далд хийх. 

Гэжээ. Мэдээжийн зүйлс байгаа биз дээ? Сүүлийн үеийн бүхий л хүний хөгжлийн номонд гардаг шахуу зүйлс бичээстэй байсан. 
 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月19日火曜日

Хичээл сонирхолтой болох мөч

Саяхан ютүбээр хэний ч билээ бичвэрийг сонссон юм. Нэг номны тухай танилцуулга байсан. Солонгос хүний. Сүүлд дахин сонсох гээд, өнөөхөө олдоггүй. Номны тухай танилцуулдаг хэдэн хүнийхээ ютүбээс хайгаад ч олсонгүй ээ. 

Бүгдийг нь дуустал хайгаагүй л дээ. Тэгсгээд орхичихсон. Учир нь япон хэлээр нь унших гээд зээлчихсэн байсан юм. 4 дүгээр сард уншиж дууссан. Бичих гэсээр байтал 5 сар гараад талийж...

Маш олон сар цүнхэлж явсан. Үргэлжлүүлээд л зээлээд байсан. Уншиж дуусгаад санаа амрав. Уншихад амархан бичлэгтэй, агуулгатай, ханз энэ тэр нь ч хүнд биш байлаа. 

Агуулга нь ч хөөрхөн. Хаа нэгтээ агуулгыг нь зургийг нь дарж охиндоо явуулсан. Миний үглээд, хэлж ад болоод байдаг зүйлийг биччихсэн байсан тул. Хэ хэ. Ашгүй гэж ихэд олзуурхав. 

Пак Сонхёк гэдэг хүний бичсэн "Хичээл сонирхолтой болох мөч" гэдэг ном. Зохиолчийн нэрийг нь би япон хэлнээс монголчилсон шүү. Өөрөөр хэлж, бичдэг байж магад. 

Солонгостоо 450 мянган ширхэг борлуулагдсан, бестселлэр ном гэнэ. Зохиолч нь 4 уулын дунд байх нэгэн тосгонд төрж өссөн. 

Хичээлээс хол хөндий, залхуу нэгэн байсан гэнэ. Гэнэт л цоорсон юм байна. 15 наснаасаа юм дагуудаа.  

Тэр тухайгаа өөрийн туршлага дээрээ үндэслэн номоо бичсэн. Энэхүү номоо бичиж дуусгахад 8 жил зарцуулсан гэнэ. 

"Яагаад хичээл хийх ёстойгоо мэдчихвэл хэрхэн хичээл хийх тухай хариулт аяндаа л тодорно." гэжээ. 

Үнэн тийм ээ? Хүн ер нь яагаад хичээл хийх ёстой юм бэ? Энэ тухайгаа толгойндоо ёнк хийтэл нь хийгээд, ойлгоод авчихбал аяндаа л хичээл хийгээд эхлэнэ тийм ээ? 

"Чиний хамгийн том өрсөлдөгч бол чи өөрөө. Өчигдрийнхөө, өнгөрснийхөө өөртэйгээ өнөөдрийн өөрийгөө харьцуулах хэрэгтэй" гэсэн шүү. 

Би өчигдөр энэ номыг уншаагүй байсан бол өнөөдөр энэ номыг уншчихсан, номноосоо олон зүйл мэдээд авчихсан байх нь байна шүү дээ. Тийм үү? 

Нэг л амьдрах амьдралдаа сайхан амьдармаар байна шүү дээ. Үүний тулд хичээл хийх. Хичээл хийх нь ямар ашигтай вэ? Мэдээж нэг л амьдрах амьдралыг тань сэтгэл ханамжтай, таатай, аз жаргалтай болгоно. Тийм үү? 

Гэх мэтээр мэдээжийн зүйл бичсэн байсан. Мэдээжийн зүйл болов чиг бид налайгаад л, залхуураад л, утсаа маажаад л суудаг даа. 

Багадаа энэ мэт агуулгатай ном олж уншсан бол гэж бодогдох. Ижий минь л хичээлээ хий гэж үглэдэг байлаа. Өөрөөр ингэж "үглээд өгөх" хүнгүй, "үглээд өгчих ном"-гүй цаг үед өсчээ. 

Өнөөдөр бол эсрэгээрээ, ном, подкаст, ютүб, блог гээд л есөн жороороо л "хичээлээ хий, хэл ус сур" гээд л загнах нь холгүй, зарим нь ч шуудхан л загнаж байна шүү дээ. Тийм байхад л хичээл хийхгүй, унтаад л байдаг хүн байна, миний эргэн тойронд. Хэ хэ. 

Блогийг минь, үүнийг уншиж буй хүүхэд залуус байвал "өөрөөсөө яагаад би хичээл хийх хэрэгтэй вэ?" гэж нэг асуугаад үзээрэй. Нухацтайгаар асууна шүү. Мөн би хэдийд хичээл хийх ёстой вэ? Би ингээд л утсаа маажиж байх хооронд бусад хүүхдүүд аль хэдийн хичээлээ хийгээд эхэлчихсэн, ирээдүйд юу сурахаа, ямар мэргэжилтэй болохоо тодорхойлчихсон, надаас нэг биш нэлээд алхам урагшилчихсан байна гэж бодоод нэг үзээрэй. 

Хор шар чинь буцалж байна уу? Хэ хэ. Үргэлжлэлийг дараагийн "дугаар"-т...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月19日日曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 9

Төгсгөл. Ашгүй нэг дуусгах нь. Ширээн дээр минь хөглөрөөд буй ноорог цааснууд минь ашгүй цөөрөх нь. Гэрээр нэг цаас. Ноорог цаас хэрэгтэй бол хэлээрэй, гэхгүй юу? Хэ хэ.

Бас нэг хичээл хийхтэй холбоотой япон ном уншиж байгаа. Бас л олон хоног зээлж явсан. Хугацаа нь дуусахаар л очиж сунгуулж, буцааж өгөнгүүтээ дахин зээлсээр байтал 3 сарын хугацаатай зээлсэн байх шүү. Дуусгаад блогтоо бичнэ ээ. 

Нийгмийн хичээлийн хувьд нийгэмд тулгамдаж буй асуудал, болж буй үйл явдал зэргийг хамтдаа сонирхож, үздэг, уншдаг, сонсдог байх. Гэртээ зурагтнаас гадна газрын зураг, дэлхийн бөмбөрцөг, толь бичиг гэх мэт зүйлийг тавьж, үе үе үзэж харж, уншдаг байх. 

Энэ нь ямар нэг мэдэхгүй зүйл гарахад шууд л номноос хайж үзэх дадлыг суулгадаг. Мөн түүхэн он цагийг хүснэгт гаргаад цээжилбэл яваандаа их хэрэг болдог. Ингэхдээ төрөл, жанраар нь ангилж, улс төр, соёл, урлаг, түүх, газар зүй гэх мэт. 

Ингэхдээ харилцан бие биедээ асуулт өгч, асууж, хариулж дасгал ажиллавал зүгээр. Хүүхэд асуулт бэлдэхдээ дуртай байдаг. 

4 дүгээр анги хүртэл нь хотууд, аймаг, сумдын нэрсийг цээжлүүлээд, аль аймаг нь юугаараа алдартай гэх мэтийг цээжлүүлчихсэн байх нь тун сайн. 

3-6 нас хүртэл нь аль болох шантралгүй сууж сурах, хичээллэж сурах дадлыг эзэмшүүлсэн байх хэрэгтэй. Ээж аавыгаа харан дуурайж хийх, олон дахин оролдож, алдаж онож хийж сурах, суралцах гэдэг үйл явц өөрөө их тун чиг сонирхолтой юм байна гэдгийг ойлгуулах, өөртөө итгэлтэй байдлыг суулгах, баярлалаа уучлаарай гэж хэлүүлж сургах. Мөн сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг болоход сургах. 

7-9 насны хооронд чаддаг зүйлсийг нь магтаж урамшуулдаг байх. Чаддаггүй байсан зүйлсээ ч хичээнгүй оролдож буйг нь магтах, урамшуулах. Үүнд ганц хичээл ч бус өдөр тутмын амьдралын дадал, спорт хөдөлгөөн гэх мэт ч хамаарна. 

Энэ одоо юу вэ гэдэг амны уншлага байдаг бол арилгахад анхаарах. Энэ үгний цаана "иймхэн зүйл байсан юм уу?" гэдэг санаа явж байдаг тул аль болох сэргийлж "тэр дор нь л" хүлээн авч, суралцах чиг хандлагыг суулгах нь чухал. 

Ёс бус үйлдал, зан авир гаргавал тэр даруйд нь хэлж ойлгуулж байх, загнах. 

Даалгаврыг яг цаг тухай бүрт нь хийлгэж сурах. Даалгаврын агуулгад нь бус өдөр тутамдаа хийж буй гэсэн дадал нь чухал бөгөөд маш сайн. 

Нийгэмд үйлчилдэг ёс зүй, дүрэм журмыг сайтар хэлж ярьж, зааж өгөх. 

Хүүхэдтэйгээ хөзөр, даам шатар сайн тоглож байх. Хүүхдийн ухаан тэлж байдаг. 

Хүүхэд сурсан мэдсэн зүйлээ өөрийн үгээр тайлбарладаг байх нь ач холбогдолтой. Тэгээд ч хүн "заалгахаасаа илүүтэйгээр өөрөө заахаараа илүү суралцаж байдаг" гэдэг шүү дээ. 

13-15 нас буюу дунд ангийнхан. Та болон таны хүүхэд хоорондын харилцаа эрс өөрчлөгдөнө. Та үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цааглаад ойлгох хэрэгтэй. 

1-т хөндлөнгөөс оролцохгүй байх, харин ажиглана. Байр байдлыг, ярианых нь өнгө аяс, таны асуултанд хариулж буй хариулт зэргийг ажиглах. 

2-т чамд өрөөгөө зээлж байгаа шүү гэж хэлж ойлгуулах. Хүүхдийнхээ өрөөг түлхүүргүй байлгах. Энэ өрөөг чамд бүр өгч байгаа юм биш, түр хэрэглүүлж байгаа юм гэж хэлж ойлгуулах. 

Хичээлээ хийхдээ гар утсаа өөр өрөөнд тавих дадал хэвшүүлбэл их зүгээр. 

Шилжилтийн нас тул ээж аавын үгийг сонсохгүй байх, зөрөх, цор цор хийх тохиолдолд гарна. Энэ нь эрүүл өсөлт бойжилтийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл хүүхэд тань өсч дэвжиж байна аа гэсэн үг. 

Хүүхэд чинь хүндэлдэг хүн, дээд ангийн хүүхэд гэх мэт яриа өрнүүлбэл түүнийг анхааралтай сонс. Хүлээн зөвшөөр. 

Та ч өөрөө бусад туршлагатай хүмүүсээс тусламж дэмжлэг, заавар зөвлөгөө авангаа хүүхдээ хүмүүжүүлэх нь зүгээр шүү

Зээ ийнхүү номын тухай тэмдэглэлээ дуусгая. Ээ бурхан минь ямар урт тэмдэглэл болов оо тийм ээ? 

Зулзагатай ээж аавуудад бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2026年4月8日水曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 8

Өмнөх бичвэрт уншлагын тухай бичиж эхлээд орхисон байна. Үргэжлүүлэх үү? 

Бага ангид байхад нь нэг номыг дахин адхин унших их чухал. Үр дүнтэй. Ингэснээр тухайн номоо гүн гүнзгий ойлгоход чухал үүрэгтэй. Тухайлбал номын баатрын сэтгэл санааны хувьсал, зохиолчийн хэлэх гэсэн санаа гэх мэтийг ойлгоно. Ганц удаа уншвал ерөнхий агуулгыг ойлгох ч дээрх шиг зохиолын цаад утга санааг ойлгохгүй өнгөрдөг сул талтай. Эхний удаад уншаад ойлгоогүй, анзаараагүй зүйлээ хоёр дахь уншилт, гурав дахь уншилтаар ойлгож, мэдэрч эхэлдэг. 

Мөн зохиолын дүрүүдэд өөрийгөө тавьж үзэх, олон дүрүүдийн өнцгөөр аливааг харах гэх мэт олон сайн талтай. Ном уншиж өгөхдөө энэ дүр, энэ баатар яагаад ингэх болов? Ямар шалтгаанаар тэгэх болов? гэх мэтээр ярилцангаа, асуунгаа уншиж өгөх нь зүйтэй. 

Номын тэмдэглэл хөтлөх, богино байсан ч хамаагүй тэмдэглэж бичих дадал суулгавал бас зүгээр. Ер нь урт тэмдэглэл, урт зохион бичлэг бичих нь сайн гэсэн үг биш юм. Тэгээд ч нэгэнт биччихсэн утга агуулгыг тэмдэглэлдээ нуршин бичих шаардлагагүй шүү дээ. 

Зохион бичлэг бичүүлэхдээ дуртай зүйлээ чөлөөтэй бич гэхээр хүүхэд юу бичихээ мэддэггүй. Хэрхэн бичих, юу бичихийг нь заагаагүй байж зүгээр л бич гэж хэлээд орхих нь буруу юм. Мэдээж сайн бичдэг хүүхэд байдаг л даа. Үүнийг үгүйсгэхгүй.

Хүүхдэд уншсанаа ойлгох чадварыг суулгахдаа эхлээд текст уншуулна. Дараагаар нь асуулт асууна. Тухайлбал хэвлэсэн асуулт дээр ажиллуулах гэх мэт. 

Хүүхэд өөрийн чадлаар мэдээллийг боловсруулж, зохицуулж, ангилж чаддаггүй. Энэ тал дээр эцэг эх, асран хамгаалагчид нь зааж, хэлж өгөх хэрэгтэй. 

Текст уншаад хариулах нь анх удаагаа мэдээллийг, нөхцөл байдлыг тархиндаа цэгцлэх гэдгийн утгыг мэдэж авах боломж болдог. Мэдээж нэг л удаа уншаад хариулж чадахгүй. Ингэхдээ асуултын хариу нуугдаж буй, хариулт агуулагдаж буй хуудсыг дахин сөхөж унших гэх мэтээр дагсал дээр ажиллана. Ийм дасгалыг олон дахин давтаж байж текст уншаад ойлгох чадвар сууна. Мөн уншингаа, ойлгонгоо цэгцлэнгээ унших чадвар сууна. 

Иймэрхүү дасгал дээр ажиллуулахдаа сонолттой асуулт асууж, хүүхдээрээ сонгуулж хариулуулах гэсэн арга бий. Жишээ нь 

1. Би энэ баатрын оронд байсан бол? "тунгаан бодуулах арга". 

2. Энэ номноос шинээр мэдсэн зүйл. "анхаарал чалгах арга".

3. Баяртай, гунигтай, хөгжилтэй байсан зүйлс? "мэдрэмж, сэтгэл хөдлөлөө анхаарах арга".

4. Сэтгэлд тод үлдсэн зүйл. "төвлөрүүлэх арга".

Гэсэн аргууд байж болно. Мэдээж үүнээс өөр олон арга чарга байж болно. 

Хими, физикийн хичээлд "угаасан хувцас яагаад хатдаг вэ?" гэх мэт өдөр тутамд тохиолддог энгийн мэт зүйлсийн талаарх асуулт их ирдэг. Аливаа зүйлийг шинжлэх ухаан талаас нь тайлбарлуулах зорилготой байдаг, эдгээр асуулт нь. 

Тэгэхээр өдөр тутамдаа хүүхэдтэйгээ ярихдаа дээрх шиг өдөр тутмын зүйлсийг шинжлэх ухаан талаас нь асуусан, дүгнэсэн, эргэлзсэн гэх мэт асуулт хариултаар харилцан ярих хэрэгтэй. Багаас нь шинжлэх ухаан гэгч юу болох, хүмүүсийн өдөр тутмын амьдралд шинжлэх ухааны чухлыг ойлгуулах, мэдрүүлэх нь чухал. 

Үүнд юу ч байж болно. Жишээ хүнсний ногоо тарьж ургуулах тухай, хэрхэн арчлах тухай гээд л маш өргөн сэдэв бий. Ингэхдээ хүчилж ерөөсөө болохгүй. Маш энгийнээр, санамсаргүй байдлаар, өдөрт бүрийнхээ харилцан ярианд оруулж өгөх. 

Туршилт хийсэн хичээлд нь ээж аав ч сонирхолтой хандах. Ямар туршил хийсэн бэ? Хөөх тийм үү? Дараа ээждээ, аавдаа зааж өгөөрэй гэх мэт. Мөн гэртээ гарын дорх зүйлсээр хийж болох туршилт байвал хийж болно. Жишээ нь усанд зоосон мөнгөний 1 иен хийхэд хөвдөг, түүн дээр нь аяга угаагч бодис хийхээр живдэг гэх мэт энгийн, хөөрхөн туршилтыг интернетээс хайж байгаад, хамтдаа туршиж үзэх нь хүүхдийн сонирхлыг төрүүлэхээс гадна шинжлэх ухаанд луртай болоход нь асар их чухал үүрэгтэй. 

Ээж аавын сонирхол нь хүүхдүүдийг ч мөн адил уруу татаж байдаг. Хэрэвэ манай хүүхэд химийн хичээлдээ тааруу гэж байвал түүний цаад шалтгаан нь ээж аав нь ч химид сонирхолгүй байх тохиолдол байдаг. 

Бодоод байсан чинь нээрээ л зулзагууд минь тооны хичээлд "нэг их дуртай биш" байсан. Ээж нь яриандаа тооны хичээлдээ тааруу байсныгаа ярьдаг, нэг их тоодоггүй байж. Хэ хэ. Үүнийгээ одооноос засна аа. Бага зулзагатаа ээж нь, аав нь бүх хичээлдээ дуртай гэж ярьж, хэлж, тоож байя. 

Энэ удаад ингээд өндөрлөе. Одоо цаана нь хэдхэн хуудас тэмдэглэл үдэж. Түүнийгээ дараа нэг бичвэр болгож бичээд энэ ном ерөнхийдөө дуусна. 

Бараг нэг номыг орчуулчихав уу? Яав. Хэ хэ. 

Хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж байгаарай, сайн уншиж өгч байгаарай. Цаг гаргаж байгаарай. Багад нь ингэж чадвал хүүхдээ томроод эдэв ааш суухад нь танд ирэх ачаалал багасна шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2026年3月26日木曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 7

За ёстой өнөөдөр дуусгахыг хичээнэ ээ. Хэ хэ. 

Хүүхдэд өөрийн гэсэн цаг, ганцаараа байх цаг маш чухал, шаардлагатай байдаг. Энэ нь зөвхөн ганцаараа байх явдал бус юм. Ганцаараа ямар нэг зүйлийг анхаарлаа төвлөрүүлэн хийх цаг, ухаан санаа нь тухайн зүйлдээ бүр орчихсон тийм цаг хэрэгтэй. Таны хүүхдэд тийм цаг байна уу? Үгүй юу? гэдэг нь тухайн хүүхдийн ирээдүйд, том болоход нь чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Ганцаараа төвлөрөөд ямар нэг зүйлийг давтаж хийх нь их чухал. Жишээ нь ном унших, зураг зурах, баримлын шавраар бүтээл туурвих, өрдөг тоглоомоор тоглох гээд юу ч хийж болно. Эцэг эх хүүхдийнхээ тэрхүү цагийг нь хүндэтгэж, хүлээн зөвшөөрч, тийм цаг олгож байх. 

Хэрэв ийм цаг байдаггүй бол эхлээд хамтдаа тийм цагийг гаргаж, өнгөрөөж байх. Яваандаа хүүхэд тань дадал болоод ирэхээр өөрөө тэгж өөрийн гэсэн төвлөрдөг цагтай болно. Эсвэл ээж нь 1 цаг гаран ном уншина, тэр хооронд чи юу хийх вэ? гэх мэтээр ярилцаж хүүхэд чинь ямар нэгэн зүйлд төвлөрөх цаг гаргаж өгөөрэй. 

Юу ч хийж болно, эвлүүлдэг тоглоомоор тоглох, өрдөг тоглоомоор тоглох, ном унших, зураг зурах гээд л. Хамгийн гол нь ээжтэйгээ хамт байгаа мөртлөө өөрийн гэсэн цагийг ганцаараа өнгөрүүлэх нь чухал. 

Ингэж өөртөө цаг гаргаж, өөрийн гэсэн цагийг ямар нэгэн зүйлд төвлөрч сурвал ирээдүйд хичээл хийхдээ анхаарлаа сайтар төвлөрүүлж чаддаг болдог давуу талтай. 

Нэг зүйл анхааруулахад пс тоглоом тоглуулж болохгүй. Ганцаараа тоглож буй мэт боловч ийм төрлийн тоглоом хүүхдийн тархинд хэт их ачаалал өгдөг. 

Тооны хичээлдээ сайн хүүхэд ахлах сургууль, дунд сургуульд элсэх шалгалтанд тэнцэх магадлал өндөр байдаг. Учир нь  тооны бодлогын хариунд хэрхэн хариулснаар зөрүү их гардаг. Хамгийн бага зөрүүтэй байдаг нь нийгмийн хичээл байдаг. 

Тооны хичээлийн суурь дээр анхаарах. Энгийн нэмэх хасах үйлдэл, үржих, хуваах үйлдлийг бага ангийн 3 дугаар анги хүртэл нь сайтар ойлгуулах. Түүнээс хүнд хэцүү бодлогыг түрүүлж заах шаардлага байхгүй. Эсрэгээрээ түрүүлж зааж болдог нэг л хичээл бий. Тэр нь бутархай тооны хичээл. Энэхүү бутархай тооны нэмэх хасах, үржих хуваах үйлдлийг 5 дугаар ангид заадаг. Анх энэ бутрахй тооны тухай өнгөц дурдаад өнгөрдөг нь 3 дугаар ангид заадаг. 

Тэгснээ 3 жилийн дараагаар дахин бутархай тооны тухай заах нь хэт зайтай мэт санагддаг юм. Тийм болохоор энэ бутархай тооны тухай ном авч үзэх, ном зээлж үзэх нь зүгээр. 

Тоо бодох үйлдлийг олон дахин давтаж байх нь чухал. Үржих, хуваах үйлдлийг маш олон, маш сайн давтуулах нь чухал. 10 нас өнгөрчихвөл учир шалтгааныг нь хэлэлгүйгээр зааж чадахаа байх тул тэр болтол нь бутархай тооны үржих хуваах үйлдлийг зүгээр л сайн цээжжлүүлээд, нүдлүүлээд, тогтоолгох нь чухал. 

Тэгшитгэлийг цаг нь иртэл заахгүй байх. 

Аль болох цаас, дэвтэр ашиглалгүй, цээжээр бодуулах. Цээжээр бодох нь тархины маш сайн дасгал болдог. 

4 дүгээр ангиас хойш аль болох шугам хэрэглүүлэхгүй байх. Аль болох freehand-р зуруулж, бичүүлж байх. Толгойдоо схем зэргийг дүрслээд, зурах дасгал хийх. Нүдээ аньж байгаад тухайн дүрсийг төсөөлөх, тэгээд зурах. Ингэснийхээ дараагаар дэвтрийнхээ хоосон зай зэрэгт зурж, бодох дасгал хийх. 

Дүрс, дүрслэл зурах аргыг зааж өгөх. 

Бодлого, асуулттай дасгал дээр олон ажиллах. Ингэхдээ хариултыг нь өгөлгүйгээр, өөрөөр нь бодуулна, ажиллуулна. Засаж өгчихөөд алдаа байвал дахин бодуулна. Түүнээс шууд зөв хариуг нь хэлж болохгүй. 

За энэ хүртэл тооны хичээлийг голчлон бичлээ. Одоо улсын хэл буюу япон хэлний хичээлийн тухай бичнэ. 

Мэдээж маш сайн уншдаг байх. Ном, текст их унших. Ханзандаа сайн байх, цээжилсэн байх. Дунд анги, ахлах ангид ороход энэ хичээл дээр нэлээд ялгаа гарч ирдэг. 4-5 ангид орохоор дасгал ажиллах. Сонирхолтой байсан эсвэл гоё үйл явдал хөөж унших биш үгийн утгыг ойлгож унших нь чухал болж ирнэ. Тухайн агуулгын явцад гарч буй төлөөний үгс нь яг юуг заагаад байна вэ гэдгийг ойлгож унших. 

Зохиогчийн хэлэх гэсэн санааг тунгааж унших гэх мэт асуулттай дасгал ажил уншиж, ажиллах нь чухал. Түүнээс биш олон ном уншсан тул япон хэлэндээ сайн байна гэсэн үг биш юм. 

Мөн асуултыг уншихдаа хурдан уншиж ойлгох дасгал хийх нь чухал. 1 минутанд 1000 үсэг уншдаг болохыг эрмэлзэх. Энэхүү чадвар нь ирээдүйд ахлах анги, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд их ач холбогдолтой.  Мэдээж ингэж хурдан уншиж ойлгосноор асуултаа цагтаа хийж дуусна. 

Дээрх чадварыг эзэмшихийн тулд бага ангидаа уран уншлагыг олон цагаар, олон давтамжтайгаар хийх. Хүүхдээрээ уран уншлага, чанга дуугаар уншуулж байх нь зүйтэй шүү. 1-2 дугаа ангид байхад энэ дадлыг суулгавал их үр дүнтэй. Ингэх нь алгасаж уншиж, алдаж унших зэргийг нь засаж өгөх боломжтой тул үр дүнтэй байдаг. 

Хүүе, ингээд дуусгаяа энэ удаад. Урт болчихлоо. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年3月25日水曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 6

Бичиж дуусдаггүй ээ. Хэ хэ. Уг нь дөхөөд л байна. Би ч бас хурдан дуусгаад, олон цааснуудаасаа 10-д хуудсыг ч болтугай хаях хэрэгтэй л байна. Хэрэг болж магад гэж цаас цуглуулсаар байтал гэрээр дүүрэн цаас болчихоод байна өө. Яаж нэг цэгцлэнэ дээ...

10 нас хүртэлх хүүхдийн хичээл хийх цаг 30 минуь байхад хангалттай. Уншихад 10 минут, тооны хичээлд 10 минут, бичихэд 10 минут гэх мэт. 30 минутаас урт цагаар хичээл хийх, даалгавар хийх нь нэг их тохиромжтой бус. Уртдаа 50 минут байх. Бага ангийн хүүхдүүд ээжтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай байдаг. Тийм болохоор аль болох хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөх. Тэгээд ч бага ангийн хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа 30-40 минут байдаг. 

"Өчигдөр хичээж хичээллэсэн юм чинь өнөөдөр хийхгүй байж болно" гэдгээс татгалзах. Өдөр бүр хичээл хийх, бага цагаар ч байсан хамаагүй, хамгийн гол нь өдөр бүр хичээллэх. 

Энэ их чухал тийм ээ? "Их битгий хий, бага битгий хий, өдөр бүр хий" гэдэг дээ. Даалгавраа бол өдөр бүр хийж байна өө. Харин төгөлдөр хуураа ерөөсөө давтаж өгөхгүй л байна. Хэт их хүчлээд байгаа юм болов уу? Тоглодог цаг үе нь юм дөө гэж бодоод заримдаа ч хэлээ хазах л юм. 

Хичээл хийх, гар хуруугаа хөдөлгөх гэдэг үйлдэл их чухал. Бичээд арилгах, дахин дахин бичих гэдэг үйлдэл ч маш сайн. Асуулт бүхий бодлого гэх мэт зүйлийг хараад л шууд хуруу нь бичээд эхэлдэг байх. 

Хүүхэд цээжлэх, тогтоох дуртай байдаг. Сайн дэмжээд, магтаад цээжлүүлээд байх хэрэгтэй. Жишээ нь эрэгтэй хүүхэд бол үлэг гүрвэлийн нэрс, галт тэрэгний нэрс гэх мэт байж болно. Шүлэг цээжлэх ч их ач тустай. Цээжлүүлээд л байх, тэр бүрт нь магтах. 

1. Сурсан зүйлээ 5 минут, 30 минут, 1 цагийн дараа давтах. Бүр 7 хоногийн дараа дахин датвах. Тэгвэл мартахгүй. 

2. Сайн бичүүлэх. Гар хуруу нь цээжлэх, гарт орох гэж ярьдаг даа. Ганцхан нүдээрээ цээжлэх бус гараараа дэвтэрт олон дахин бичиж цээжлэх. 

3. Зураг болон хүснэгт зурах. Хими физик, геометр, нийгмийн хичээлийн сурах бичгийг харж нүдлүүлэх, схем зэргийг нүдлүүлж дараа нь түүнийгээ номоо харалгүйгээр дэвтэртээ бичиж буулгана. Ард нь буй зураг хөрөг юутай хээтэй нь зурах. Энэ үед тоо, байрлал зэргийг яг таг зурж байгаа хүүхдийн дүн, сурлага ахьдаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь жижиг ялгааг ч олж харж байна аа гэсэн үг. Иймэрхүү асуулт ирдэг тест ч бий. 

4. Түүхийн хичээл гэх мэт хичээлийн он цаг сарын хүснэгт зурах. Түүнийгээ 00 зэрэгтээ хадах. Ингэхдээ хүүхэдтэйгээ хамт хийх. 

Хичээлдээ сайн хүүхдийн дэвтэр муухай, замбараагүй байдаг. Гоё бич, дэвтрээ цэвэрхэн байлга гэж үглэдэг ээж аавууд минь түүнийхээ оронд хүүхэд дэьтрээ цэвэрхэн байлгахад анхаарал нь яваад, багшийн хэлснийг тэмдэглэж амжихгүй байх, мартах тохиолдол гардаг шүү. Цэвэрхэн бичих гэж цаг үрж байхаар аль болох олон бодлого бодож, асуултад хариулж суусан нь хамаагүй үр дүнтэй шүү. Ээж аавуудын дунд дэвтэр ном нь цэвэрхэн байвал сайн гэх хандлага байдаг. Энэ бол жинхэнэ хичээл, жинхэнэ сурлага биш шүү. 

Гэхдээ байна аа, ханз болон зохион бичлэг зэргээ бол мэдээж цэвэрхэн, хүндэтгэлтэйгээр бичих хэрэгтэй. Энэ нь дэвтэртэй харьцана гэхээсээ илүү бичих дадал учраас, ханз болон үсгээ, зохион бичлэгээ цэвэрхэн гаргацтай бичих нь чухал. Гоё гэж хэлэх биш хүндэтгэлтэйгээр бичих гэж ойлгуулах. 

Дэвтэрт бичихдээ аль болох том, зайтай, ойлгомжтой бичих. Зай багатай, шахуу бичих нь тийм ч сайн биш. 

Хүүе, энэ удаад ингээд дуусгая даа. Босохгүй бол болохоо байлаа. Зулзага дуудаад байна. Хэ хэ. 

Үргэлжлэлийг дараагийн бичвэрт...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年3月24日火曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 5

Тэмдэглэж авсан цаас минь дуусдаггүй ээ. Та хэдийг залтал чинь л бичих бололтой шүү. Залхаж байвал алгасаж болно шүү, таны л сонголт. Хэ хэ. 

Дэлгүүр хоршоо дагуулан явж хүнсний ногоо гэх мэт зүйлсийг сонгуулж авч байх. Энэ нь зах зээлийн мэдлэгт нэмэр болно. Гэр ахуйн барааны дэлгүүр ч дагуулан явж байх. Тэндээс хүүхэд ямар нэгэн зүйл хийх шинэ санаа оноо төрөх, олоход нь тустай. 

Нэг ёсондоо хөдөлмөрийн хичээлд нь тустай юм уу даа. Бага сургуульдаа хормогч хийдэг, дунд ангидаа модоор сандал, тавиур гэх мэтийг хийгээд байдаг юм. Эр эм гэж ялгахгүй бүгд л нэг зүйл хийдэг. 

Дугуйгаар зугаалах. Дугуйг хэрхэн жийх аргачлал гэх мэтийг бага байхад заах. Дугуйгаар дамжуулж замын хөдөлгөөний хууль дүрэм зэргийн талаар ярилцах. 

Гэснээс энэ дугуйтай холбоотой замын хөдөлгөөний хууль улам л чангарч байна. Жишээ нь ахлах ангийн сурагчид дугуйгаар хичээлдээ явах бол заавал аюулгүйн малгай өмсөнө. О.зулзагын үед тийм хууль гараагүй байсан юм. Саяхан бас нэлээд нэмэлт өөрчлөлт орсон тухай мэдээгээр яваад байсан. Дугуй унаж чаддаггүй болохоор нэг их сонирхоогүй юм. 

Дунд зулзага энэ хавраас дугуйгаар сургуульдаа явна, тиймээс дэлгэрэнгүй уншиж судлая даа гэж бодоод л сууна.  

...Мэдээж зурагт үзэх, пс тоглоом, манга зэргийг огт хорьж болохгүй. Бага хэмжээгээр дээрх зүйлсийг сонирхдог байх нь гэмгүй. Гол нь цаг нартай байлгах. 

Хүүхдийг вакумжуулсан орчинд өсгөхгүй байх. Аль болох хорвоогийн сайн мууг аль альныг нь үзүүлж, мэдрүүлж байх. 

Насны зөрүүтэй хүмүүстэй харилцуулж, уулзуулж байх. Ах хүүхэдтэй тоглуулах өөрөөс нь бага насны хүүхэд харуулах гэх мэт. Ингэх нь ах хүний үгийг сонсдог болдог. 

Энэ тал дээр манай монгол бол хэлүүлтгүй маш сайн хэрэгжүүлдэг тийм ээ. Заримдаа ч бүр залхмаар. Хэ хэ. Японд эсрэгээрээ, эмээ өвөөгөөсөө, хамаатан саднаасаа хол өсдөг тул насны зөрүүтэй хүмүүстэй уулзуулж, харилцуулах хэрэгтэй гэдэг нь зөв. Арай л хол, хөндий өсгөөд байгаа юм шиг санагддаг. Зулзагууд минь ч хамаатан саднаасаа хол өсөж байна өө, яанам бэ? 

...Хүүхдийнхээ яриаг дуустал нь хэлүүлж, сонсох. Дундуур нь орж яриаг нь гүйцээхгүй байх. Аль болох хүүхэд өөрөө хэлсэн ярьсныгаа хэлж гүйцээх. 

Хүүхдийнхээ зүйлийг аль болох өөрөөр нь хийлгэх. Урдуур нь орж хийхгүй байх. 

6-10 нас хүртэл нь аль болох биеийг нь даалгах. 

Үг хэл, ярианд нь анхаарах. Хараалын үг, ёс бус үг хэлэхэд нь сануулж, анхааруулж, хэлж болохгүй гэдгийг нь ойлгуулах. 

Энэ их чухал санагддаг. Манай монголд хүмүүс маш их хараалын үг хэлдэг. Ялангуяа эрчүүд, эрэгтэй хүүхдүүд. Бүр жаахан эрэгтэй хүүхдээ "ална шүү, п...а, хүүрээ" гэх мэт хараал хэлэхэд нь баярлаад, өхөөрдөөд байдаг юм билээ. "Эр хүн" чих шиг. 

Гайхмаар. Эр хүн чинь харин ч одоо үед үг хэлээ цэнэдэг, бусдад энэрэнгүй ханддаг болмоор байна өө. Хэнэггүй гэдэг үгийг арай өөрөөр ойлгодог, ухамсарладаг болмоор байна өө. Элдэв хараал хэлээд л хийморь нь доройтоод, ажил үйлс нь бүтдэгүй ч юм билүү? 

Үгийн хүч гэж ярьдаг даа. 

...Дугуйлан, секц нь хэцүү санагдсан ч шантралгүй үргэлжлүүлэх. 

Бага ангийн 3-4 хүртэл унших, бодох, бичих чадварыг суулгахад л болно. Суурь чухал. Түүнээс хүнд хэцүү бодлого бодуулах энэ тэр хэрэггүй. 

Чанга, уран уншлага хийлгэх. Бага ангидаа хүүхэд ганц нэг үг, үсгийг буруу унших тохиолдол байдаг. Өөрөө анзаардаггүй. Тийм болохоор уран уншлага хийлгэж, ээж аав түүнийг нь сонсоод эелдгээр засаж, хэлж өгөх. 

Бага ангид уран уншлагын даалгавар байдаг. Ямар нэгэн нэг шүлэг, сурах бичгээс нэг текст уншина. Гэрийнхэн нь сонсоод, тусгай цаасан дээр хэрхэн уншсаныг нь тэмдэглж, гарын үсгээ зурна. Голцуу л ээжийн ажил. Ээж ажлаасаа тарж ирээд давхар даалгавар хийнэ. Хэ хэ.

Мөн бага ангид байхад нь ном уншиж өгөх нь их чухал. Өдөр бүр амжихгүй бол 7 хоногт 1 удаа байсан ч болно. Хэрэв өөрөөр нь ном чангаар уншуулах бол сурах бичгээс нь өөр ном байх зүгээр. 

Хүүхдээ аль болох алдуул, алдаа гаргуул. Алдахад нь учиргүй загнаад байх хэрэггүй. Мөн зарим нэг багш нар "үүн дээр алдах гээд байдаг, анхаараарай" гэж түрүүлээд сануулаад байдаг. Энэ жаахан буруу гэж боддог. Аль болох алдаж байж, буруу хийж байж, буруу бодож байж түүнийгээ засаж залруулж байж суралцдаг, хөгждөг. Тэгээд ч хүн амархан хийсэн зүйлээ амархан, хурдан мартдаг. Олон дахин алдсан, алдаж буруу хийсэн зүйлээ сайн санаж байдаг. 

Хүүхэд томчуудын алдааг олж харахдаа дуртай байдаг. Томчуудыг алдаа гаргахад нь дуртай байдаг. 

Зарим үед хүүхдээрээ заалгах зүгээр. Ээждээ заагаад өг, хэлээд өг гээд үе үе заалгаж байх. Инэгэхэд бага ангийн хүүхэд их дуртай байдаг. Заагаад өгөхөөр нь "хөөх ингэж хийдэг юм уу? Энэ тоог ингэж боддог юм уу?" гэж магтаж өгөх. 

Өнөөдөр юу сурсан бэ? гэж асуугаад хүүхдээрээ тайлбарлуулж, анхааралтай сонсох. Үүнд нэг анхаарал зүйл нь ээж аав буцаагаад хүүхдэдээ тэгдэг ингэдэг гэж заахгүй байх. 

За өнөөдөртөө ингээд дуусгая. Дараагийн бичвэрээр дуусгах санаа байна. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年3月22日日曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 4

Тэмдэглэж авсан цааснуудаа харахаар бичмээр санагдаад өө. Хаячих гэхээр хайран хөдөлмөр биз дээ? Японоор уншсаныгаа монгол хэлээр тэмдэглэж авна гэдэг чинь бас л асар их энерги зарцуулна. Нэг ёсондоо орчуулгын ажил л гэсэн үг тийм үү? 

Тэгж бодохоор тэмдэглэсэн цааснуудаа ураад хаях гэсэн болдоггүй ээ. Унших хүн бий эсэхийг мэдэхгүй ч ямартай ч өөртөө зориулаад блогтоо бичиж оруулахаар шийдэв. 

Хичээлд дуртай мэт дүр эсгэ. Хүүхдээ хичээлээ хий гэснээ өөрсдөө утсаа маажаад, зурагт үзээд байж болохгүй. Хүүхэд эцэг эхийнхээ үйлдлийг цаг үргэлж харж байдаг, үйлдлийг дуурайдаг, үйлдлийг харж л өсдөг. 

Энэ ёстой үнэн тийм ээ? Японд "хүүхэд эцэг эхийнхээ ар нурууг харж өсдөг" гэж ярьдаг. Цаад утга нь ээж аав нь гэртээ хүүхдээ ч тоох завгүй хоолоо хийгээд, гэрээ цэвэрлээд ч юм уу? Нэг бол ажилдаа идэвх зүтгэлтэй, цаг наргүй ажиллахыг хүүхэд араас нь харж бахархаж, ач гавъяаг нь үнэлж, эцэг эхээ хичээж байхад нь өөрөө ч гэсэн хичээх хэрэгтэй юм байна гэсэн бодолтой болж өсдөг" гэсэн үг юм. 

Тиймээс ч би нь гэртээ байнга ном уншдаг, гэрээр дүүрэн ном байлгадаг, номын сан ордог, хичээл хийх дуртай гэж хэлдэг, хичээл хийснээр олон зүйлийг мэдэж авдаг гэж ярилцахыг хичээдэг. 

Хүүхэд бага зэрэг сахилгагүй, цор цор хийдэг байхад гэмгүй. 

Гэж байна шүү. Хэ хэ. Би ч үүнтэй санал нэг. Зулзагуудынхаа үе үе цор цор хийхээр нь өхөөрдөөд байдаг юм. Хаанаасаа ийм үг хэллэг суралцаад, хэдийдээ ийм үзэл бодолтой болчихдог байна аа гэж гайхах үе ч бий. Ном уншиж, хичээл хийдэг болохоороо л тэр байх гэж үнэлдэг, дотроо. 

Хүүхэд чинь өөрөө цагаа төлөвлөөд хийхийг хүлээх биш харин ч за одоо тэгэх ингэх цаг боллоо гэж хэлж сануулж байх. Ялангуяа бага ангид байхад нь. За тэдэн цаг чинь боллоо шүү, тэгээрэй ингээрэй гэж сануулж хэлэх гэсэн үг. Тэгэхгүй бол хүүхэд тоглоомондоо, тухайн үед хийж байсан зүйлдээ улайраад мартсан байх нь олон. 

Мөн тогтсон цагт хичээлийг нь, даалгаврыг нь хийлгэж байх, тийм дадалтай болгох. 

Хүүхэд яагаад? ямар учир шалтгаанаар? гэх мэт эргэлзсэн зүйл гарвал түүнийг нь магтаж байх. Тэгээд тэрхүү эргэлзсэн, мэдэхийг хүссэн зүйлийг нь хамтдаа шалгах, судлах, унших.

Хүүхэд гадаа тоглож, хөдөлж, гүйж, харайж байж стрессээ тайлдаг. Хэрэв ингэж хөдөлж, гүйж харайж чадахгүй бол стресс нь тайлагдахгүй. Зурагт үзэж, пс тоглоом тоглож байсан ч тэр нь стресс тайлахгүй. Гадаа гарч нарны илч аван, биеэ хөдөлгөж байж л сая биеийн болон сэтгэл санаа, тархиныхаа стрессээ тайлна. Дугуйлан секцэнд хамруулах гэх мэтээр гадаад ертөнцтэй харьцуулах, нийгэмшүүлэх нь чухал. 

Гадаа хамтдаа алхах, салхилах, зугаалах их үр дүнтэй. Мөн гадаа нуугдаж тоглох ихэхээн ач холбогдолтой байдаг шүү. Нуугдаж тоглоход толгойгоо ажиллуулж байдаг. Хаана нуугдах уу? Намайг олчих вий? Эсрэгээр нь өөрөө "чөтгөр" буюу олох ээлж болоход хаана нуугдаж вэ? Аан энэ газарт нуугдаж болох нь ээ гэх мэтээр бодож байдаг. 

Тэнвцэр чухал гэдгийг бас эцэг эх мэдэж байх хэрэгтэй. Бүхий л зүйлд. Гадаа тоглох, хичээлээ хийх, гэрийн ажилд туслах, пс тоглоом тоглох, зурагт үзэх гээд...

Гэртээ аль болох их ном байлгах. Үе үе номын дэлгүүр дагуулж яван дуртай, уншихыг хүсэж буй номыг нь худалдаж авч өгөх. Худалдаж авчихаад уншихгүй байсан ч хамаагүй, эрт орой хэзээ нэгэн цагт уншиж л таарна. Хамгийн чухал нь гэрт чинь олон ном байх. Унших уншихгүй нь хамаагүй. Явцын дунд тэр олон ном дундаас өөрт нь тохирсон, дуртай зохиолчтой болох гэх мэтээр ямар нэгэн байдлаар тэр олон ном чинь хүүхдэд чинь нөлөөлнө. 

Оршин суугаа газрынхаа номын санг сайтар ашиглах. Зээлж авчихаад уншихгүй байсан ч хамаагүй. Түүнийг нь тоохгүй байх. Тэр олон номноос дор хаяж 2-3 ном уншиж л таараа. Зарим нэг номыг нь гүйлгэж харсан болоод өнгөрсөн ч хамаагүй. Дахин уншмаар бол дахиж зээлэхэд л болох юм. 

Хамгийн гол нь хүүхэд чинь гартаа ном барьж үзэх нь чухал. Номын хуудас эргүүлж үзэх гэх мэт үйлдэл ч хүүхдэд цаагуураа тодорхой хэмжээгээр нөлөөлж л байдаг. 7 хоног бүр номын сан явж байх. Хамтдаа ном сонгох, хамтдаа унших. Ингэвэл хэзээ нэгэн цагт ном уншдаг болно. 

Энэ номны тухай бичсэн хэсгийг уншихад асар их сэтгэлийн таашаал эдлэв шүү дээ би. Хэ хэ. Яг л миний санаатай болон санамсаргүй хийдэг үйлдлүүд байсан болохоор тэр. Номын сангийн байнгын үйлчлүүлэгч, нэр уснууд минь өөр болохоор зарим нэг номын сангийн хүмүүс таниад байдаг юм. Хамтдаа ном сонгоно, хамтдаа уншина, утгыг нь ярилцана гээд л. 

Ялангуяа зулзагуудаа жаахан байхад нь номын сан, номын дэлгүүр их дагуулж явдаг нь ээж миний өөрийн хоббитой ч холбоотой болохоор санамсаргүйгээр, өөрийн мэдэлгүй хийдэг үйлдэл минь байлаа. 

Тийм болохоор л зулзугаад минь ном уншдаг болсон. Томроод ирэхээрээ сонирхол нь өөрчлөгдөөд, ганцаараа номын сан, номын дэлгүүр явна. Дуртай зохиолчидтой ч болно. Дуртай төрөл, жанртай ч болно. Ээждээ сонирхолтой гэсэн номоо санал болгоно. 

Мөн гэрээр минь дүүрэн ном байна өө. Худалч хүнд өрөө болгонд минь номын тавиур байна. Би бүр 00-доо хүртэл номын тавиуртай болмоор санагдаад байгаа. Хи хи. Нэг таньдаг япон айл 00-доо номын тавиуртай юм. Ном нь байнга солигдож харагддаг юм. Энэ бас их "хөөрхөн" арга байна даа гэж бодсон. 

За тэгээд энэ япончууд чинь хүүхдүүдээ, хойч үеэ номтой нөхөрлүүлэх гэж их үзэж дардаг. Бага дунд сургуульд хичээл эхлэхийн өмнө 10-15 минут "өглөөний уншлага" гэж хийдэг. Хүүхэд сургуулийнхаа номын сангаас дуртай номоо авч уншдаг. Үүнд нь манга буюу комик зохиол уншуулдаггүй юм билээ. 

Бага зулзага 1 жилд 100 хол давсан ном уншсан гэж байна лээ. Ангид өөрөөс нь олон ном уншсан хүүхэд байгаа гээд л ярьдаг юм. Тэрхүү ангийхаа хүүхдэд "ялагдахгүй дээ" гэсэн өнгө аястай ярьж байсан шүү бүр. Хайр хүрмээр. 

За за номны тухай хэсэгт өөрийн эрхгүй уртаа гэгч нь биччихлээ. Монгол ижий аавууд минь хүүхдээ номонд дуртай болгомоор байвал өөрсдөө унш, нэг бол уншиж буй дүр эсгэ гэж л хэлье даа. 

Намайг багад гэрт минь ч ном их байдаг байсныг бодоход гэртээ ном ихээр нь байлгах, ээж аавын хэн нэгэн нь уншдаг байх нь асар ач холбогдолтой болохыг өөрийн амьдралын жишээгээр баталж байна шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年3月20日金曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 3

Шууд үргэлжлүүлнэ ээ. Оршилгүй...

Хүүхэд чинь инээдтэй зүйл, онигоо гэх мэт яривал инээх. Тэгвэл дараа нь ч гэсэн сонирхолтой зүйл ээждээ ярих гэж хичээнэ. Хэрэв иймэрхүү сонирхолтой яриа, хөгжилтэй яриа, онигоо гэх мэт зүйлд сонирхолтой байвал энэ нь улсын хэл буюу япон хэлнийх нь хичээлд сайнаар нөлөөлнө. Сонссон ээж нь сонирхолтой юм бэ? Инээдтэй юм бэ гэж хүүхдийнхээ ярьсан хэлснийг тоодог байх нь чухал. 

Өдөрт тутамдаа мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх тухай, илэрхийлж байхыг хэлж ярьж, ээж өөрөө ч мэдрэмжээ илэрхийлж байх. Жишээ нь цэцэг хатчихлаа, ямар харамсалтай юм бэ? Цэцэг дэлбээлчихлээ, ямар үзэсгэлэнтэй юм бэ? Баяртай байна гэх мэт. 

Хамтдаа ном уншсан бол аав ээж ч сэтгэл хөдлөлөө нууж хаалгүй илэрхийлэх, үзүүлэх. Харин хүүхдэдээ тулгахгүй байх. 

Хүүхэд тань өөрөөсөө өрсөлдөгчтэй байвал түүнийг нь эсэргүүцэх хэрэггүй. Харин ээж аав нь өөрсдөө хэт их өрсөлдсөн сэтгэлгээтэй байх ёсгүй. Хүүхэд тань ангидаа хэн нэгэн өрсөлдөгчтэй байвал тэд хамтдаа хөгжих хандлагатай байдаг, улмаар хамтдаа хөгждөг. 

Хүүхэдтэйгээ хамт олимд үзэж байх, ялсан тамирчин, амжилт үзүүлсэн тамирчныг магтах, тамирчдаас үлгэр жишээ аваад маргааш ч гэсэн ээж нь хичээх болно оо гэж хэлдэг, ярьдаг байх. Хичээл зүтгэл гаргах нь гайхалтай зүйл гэдгийг зааж, ойлгуулах. 

Хүндэлдэг, биширдэг хүнтэй байх нь сайн гэдгийг мэдрүүлж, ойлгуулах. 

Эцэг эх өөрсдөө хүүхэд өсгөхдөө дуртай байх, сонирхолтой байх. Гэхдээ төгс төгөлдөрт хүрэх гэж хүчлэхгүй байх. Хичнээн хичээсэн нь төгс төгөлдөр хүүхэд хүмүүжүүлэх арга, жор гэж байхгүй. 

Ээж аав өөрсдөө хичээл хийдэг, суралцдаг байх. Суралцахад дурладаг байх. Эмч, өмгөөлөгч зэрэг хүмүүсийн хүүхдүүд хичээлдээ сайн, хичээл хийх дуртай байдаг нь тэдгээр хүүхдүүд багаасаа ээж аавынхаа суралцаж буй харж өсдөг болохоор үлгэр дуурайлал авсан нь тэр. 

Гэх мэт зөндөө л зүйл бичиж авчээ. Хэрэгжүүлээд явбал ч тэгээд чухам онц сурлагатан, супер зулзагатай болох нь ээ би ч. Хи хи. Хичээх л үлдлээ. Та бүхэн ч гэсэн хичээгээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年3月5日木曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 2

Гэснээс энэ жил япон номынхоо тоог нэмэх санаатай. Санаатай ч биш бүр төлөвлөсөн. Энэ ном анхных нь. Дахин нэг ном зээлчихсэн байна, арай л эхлээгүй байна. Бас л хичээл номтой холбоотой. Батцэцэгийн танилцуулсан номны япон орчуулга нь юм. 

Зээ хэрхэн хүүхдээ хичээлээ санаачилгаараа хийдэг болгох вэ гэхээр, их нарийн учир жанцантай юм байна шүү. Ээжээс их л хүчин зүтгэл гарах бололтой. Аав ч бас хамтраад хичээчихвэл болох гээд байх юм. Зохиолч болохоор нэг их хүчлээд, стрессдээд хэрэггүй шүү л гэсэн байсан л даа. 

Гэхдээ л огт стрессдэхгүй байна гэж байхгүй биз дээ? Тийм ээ. Хэ хэ. 

"Өдөр бүр магтах. Хөөх, тийм үү? Ямар сайн хүү эсвэл охин бэ? Ээждээ энэ чаддаг зүйлээ заагаад өг, тэгэх үү?"

Энэ магтах гэдгийг зулзага дээрээ үргэлж хэлж л байна. Тоогоо зөв бодоход нь, нэрээ цэвэр бичихэд нь, ээждээ туслахад нь гээд л. Аль болох хий хоосон магталгүй, ямар нэг үйлдэлд нь магтах нь чухал шиг байна лээ шүү.

"Дуртай учраас сайжрах биш сайн чаддаг болоод түүндээ улам дурлах" гэдэг замаар явбал сайн. Аль болох би үүнийг чаддаг, би үүндээ сайн гэдэг мэдрэмж, ханамжийг суулгаж өгөх. 

Бусдаасаа бага зэрэг л илүү, чадварлаг байх юм бол хүүхэд өөртөө итгэлтэй болж улам хичээе, суръя гэж боддог болдог. Бяцхан хэмжээний "сайн, илүү" гэсэн мэдрэмжийг нь хөгжүүлж, "чаддаг, чадна" гэсэн мэдрэмжийг хүүхдийнхээ ой тоонд суулгаж өгөх, мэдрүүлэх нь чухал. 

Багаас нь хичээл хийх нь сонирхолтой, хөгжилтэй гэж хэлж, ойлгуулж, мэдрүүлж байх. Ингэхдээ "за одоо миний хүүгийн, миний охины чаддаг тооныхоо хичээлийг хийчих" гэх мэтээр чадах, сайн гэсэн үгнүүдийг оролцуулж ярих. Мөн өнөөдөр ийм зүйлийг мэдэж авлаа, ийм зүйлийг чаддаг боллоо тийм ээ? гэж ярилцаж байх. 

Хичээл + хөгжилтэй, сонирхолтой цаг хугацаа гэдэг ойлголтыг багаас нь суулгаж өгөх. Хааяадаа бага зэрэг амттан идэнгээ хичээл хийх. Хэт их ач холбогдол өгөөд, хэт их цэвэр цэмцгэр орчинд хичээл хийх гэж хүчлээд хэрэггүй. Учир нь хүүхэд ядрах нь амархан тул аль болох тайван амгалан, байгаагаараа, хүүхэд ч өөрийгөө хүчлэхээргүй орчин байвал сайн. 

Өдөрт хамтдаа 20-30 минут хамтдаа хичээллэх. Юу ч байж болно. Заавал хичээл байх албагүй, ном унших, ойр зуурын тоо бодох, зураг зурах гэх мэт юу байж болно. Гол нь хамтдаа хийх. 

Хүүхдээ ямар нэгэн зүйл чадах үед нь, чаддаг болоход нь алгаа таших, гар барилцах, тэврэлдэх, гараа атгалцаж баярласнаа илэрхийлж, тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлийг гаргаж байх. Хамт инээж, хамт хөөрч мэдрэмжээ хуваалцах нь чухал. 

Дэвтэрт нь улаан өнгөөр "цэцэг" зурахдаа томоор зурж өгч байх. Хүүхэд энэхүү цэцгэнд их дуртай байдаг. 

Японд сурагчдын дэвтэрт дугуй дүрс зураад түүнийхээ гадуур дэлбээ зурж цэцэг болгодог юм. Үүнд хүүхдүүд их дуртай байдаг юм билээ. Би ч хааяа бага сургууль явахдаа цэцэг зурах боломж гарвал өөрийнхөөрөө томоо гэгчийн цэцэг зурдаг. Япон багш нарынхаас нь өөрөөр зурдаг юм. Дуурайх гэхээр мартчихаад байдаг болохоор, шууд л өөрийнхөө дүрслэлээр л зурчихдаг. 

Мөн зуны даалгаврынх нь дэвтэр энэ тэрийг шалгаад эцэг эх нь улаан харандаагаар цэцэг зурдаг юм. Үүнийгээ ч би мөн дуртай, томоо гэгчийн цэцэг зураад байсан минь зөв байж шүү. Зулзага минь хажууд их л баяртайгаар мишээгээд л, үе үе бидэн хоёр наалдчихаад л цэцгээ зурснаа саналаа. Ээж нь багш болчихсон юм шиг таатай мэдрэмж төрж байна шүү гэж ирээд л бидэн хоёр нялуурсныг ч хэлэх үү? Хэ хэ. Энэ зун мөн маш дуртайгаар, маш томоор цэцэг зурна аа. 

Хүүхдийнхээ маш жижигхэн ч байсан хамаагүй амжилт, өсөлтийг олж харж чаддаг байх, мөн түүнийг нь магтдаг байх. Хичээж буй зүйлийг нь өчүүхэн гэлтгүй магтаж байх. Бидэнд мэдээжийн, өчүүхэн, жижигхэн зүйл мэт санагдаж болох ч хүүхдэд бол их том зүйл байдаг. 

Цэцэрлэгтээ, сургуульдаа хийж сурсан, чадсан зүйлээ ярихад нь завгүй байна гэж төвөгшөөлгүй сонсоод, хамтдаа ярилцаж, магтах. 

Хүүхэд чинь ямар нэгэн зүйлийг үл ойшоосон, үл тоосон, үл сонирхож байвал энэ их сонирхолтой шүү дээ, хөгжилтэй байгаа биз дээ гэж хэлэн анхаарлыг нь хандуулж хэлж, ярьж байх. 

Танай гэр дэх харилцан яриа маш чухал шүү. Өдөр тутмынхаа харилцан ярианд мэдлэг болохуйц яриа, сэдвийн тухай оруулж байх. Жишээ нь зүйр үг, хэлц үг, түүхэн хүмүүсийн намтар, үйл хэрэг зэрэг агуулгыг оруулж, харилцан яриагаа баялаг болгох. 

Мэдээж ойрын үеийн дэлхийн мэдээ мэдээлэл, мөнгө санхүүгийн тухай, валютын ханшны тухай, эдийн засгийн тухай ч байж болно. 

За энэ удаагийн бичвэрээ өндөрлөе. Өчнөөн л зүйл бичиж тэмдэглэж. Дараагийн бичвэрт үргэлжлүүлэн бичимз. Дахин хоёр ч бичвэр болгож оруулж магад, их л урт тэмдэглэл байна. Олон цаас ашиглаж, том том сараачиж бичсэн байна. 

Цэвэр бичиж чадахгүй, дээрээс нь товчлоод, япон, англи, монгол хольж бичээд, өөрийн бичгийг гаргаж унших гэж хөөрхөн л юм болж байна. Англи гэчихэж ээ, өнөөх чинь. Их амархан үг байна өө, дэвтэр, ном гэх мэтхэн. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年3月4日水曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал

2 дугаар сард уншсан. Зээлэхдээ бол аль эрт зээлсэн. Бараг 2 сар гаран. сунгаад л яваад байсан. Зориглоод уншаад эхэлчихсэн чинь урамтай уншигдсан шүү. Хурдан ч дууслаа. 

Агуулгыг нь гарчигнаас уншихад ойлгомжтой. Эгч нар бол яахав нэг их үглүүлэхгүй хичээл хийдэг болсон. Азтай гэх юм уу? Хүйснээсээ шалтгаалж байна уу? Хүнээсээ болж байна уу? Ээж миний зүтгэл нөлөөлсөн үү? Хэ хэ.

Дунд зулзага бас цагийг нь тулгаж хийдэг талтай байна. Өдөр бүр хичээл хийхгүй байна, унтаад л байсан. Өсөлтийнхөө явцад байгаа юм байна даа гэж нэг их үглэхгүйг хичээсэн. 

Хамгийн чухал зүйл нь ангарагаас ирсэн зулзагаа хичээл хийдэг, ширээнд төвлөрөөд суудаг болгочих санаатай. Багш нь уг нь төвлөрөөд суувал сайн суудаг гэсэн юм. Ашгүй дээ л гэж бодов. Гэртээ бол гялс даалгавраа хийчихээд л байлдаж тоглоод байдаг юм, ганцаараа. 

Мүраками Рёо-Ичи "Хүүхдээ өөрийн санаачлагаар хичээлээ хийдэг болгож өсгөх ээжийн дадал" гэдэг нэртэй ном байлаа. 

Зохиолч нь өөрөө хичээлээс гадуурх төлбөртэй сургалтын багш хийдэг хүн. Дугуйланд нь суралцахаар ирсэн олон олон сурагчдынхаа онцлог, тэдгээртэй харилцахдаа анзаарсан зүйлс зэргээсээ санаа аван уг номыг бичсэн гэнэ. 

Японд хүүхдүүд сургуулиас гадна нэмэлт хичээлд хамрагдах нь их байдаг. Мэдээж төлбөртэй. Үүнийг "жюкү" гэдэг. "Күмон" гэх нэртэй сургалтын төв ч бий. 

Жюкү буюу нэлэмт төлбөртэй сургалт их олон байдаг юм билээ. Бид нь чинь үүнд явуулахгүй, сургуулийнхаа багш нараас л сайн асуу, хичээл дээрээ анхааралтай суу, сайн сонс гэдэг уриатай юм. 

Тэгсэн ч яалт ч үгүй дунд сургуулийн төгсөх анги буюу 9 дүгээр ангид ороод, ахлах ангид орох үед нэмэлт сургалтанд суумаар байна аа гээд ирдэг юм билээ. Мэдээж анхнаасаа хичээлээ сайн хийсэн, энэхүү жюкүд явдаггүй хүүхэд байх, үгүйсгэхгүй. 

Манай о.зулзага ч дунд сургуулийнхаа төгсөх анги буюу 9 дүгээр ангийхаа сүүлийн 3 сар жюкүд явсан. Тэр чигтээ ахлах ангидаа 3 жил давхар суралцсан. Хүн чинь тэгээд хүүхдээ бодоод явуулдаг л юм билээ. Их дээд сургуульд элсэн суралцахад нь бас хэрэгтэй юм даа гэж бодоод.

Бага зулзагаа ядаж бага ангидаа нэг их нэмэлт төлбөрт сургалт энэ тэрд явуулалгүй, өөрөөр нь хичээлгээд, суралцуулах санаатай. Багадаа тэгсэнд орох нь ээ гадаа тоглоод, ганц нэг спортын дугуйланд явж биеэ хөдөлгөөд, төгөлдөр хуурандаа явж байсан нь дээр гэж бодон ээж иймэрхүү ном олж уншиж, суралцах, түүнийгээ хэрэгжүүлэх санаатай л гэлдэрч явна өө. 

За эхний энэ удаагийн бичвэр оршил болчихлоо. Дараагийн бичвэртээ номынхоо агуулгаас хэрэгтэй гэснээ бичээд явна аа. Ойрын хугацаанд бичиж оруулахыг хичээнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年1月11日土曜日

14 настай чамд зориулав 2

Зээ, хөөрхөн санагдсан хэсгээсээ ганц нэг зүйлийг түүж бичихээр шийдэв. Сүүлд санаж байхаар. Заримдаа ч олон ном уншаад, агуулгыг нь мартаад, хольж хутгах юм өө. Хи хи. 

Тэмдэглэл бичих чинь их зүгээр. Түүнийгээ блогтоо бичих бүр ч зүгээр. Интернеттэй газар бол хаана ч явсан ороод л уншчихна. Дэвтэрт бичихээр байнга цүнхэлж явахгүй тул бага зэрэг сул талтай...

Хүний амьдралд маш ойр сэпвүүдийг хөндөж бичжээ. Жишээ нь эр эм хүйс, найз нөхөд, хувийн зан чанар, үзэл бодол, хичээл, түүх, нийгэм, хүмүүнлэг, дайн, байгаль, сансар огторгуй, шашин шүтлэг, ү хэл,  мөнгө, аз жаргал, хүмүүний амьдрал. 

Эрэгтэй болж төрсөн, эмэгтэй болж төрснөөсөө болоод сэтгэлээр унаж байна уу? Санаандгүй л аль нэг хүйсийн хүн болж төрнө. Нэгэнт л өөрийн хүйсийг олж төрснөөс хойш үүндээ нэг их сэтгэлээр уналгүй, хүйсээр ялгаварлах үзлийн цаана "хүн" оршиж байдаг гэдгийг ойлгож ухаарах. 

Угтаа хүмүүс бид л нэг нэгнийгээ ялгаварладаг, гадуурхдаг. 

Найз нөхдийн хувьд ч дотны найз, нэг их дотно бус найз гэж бий байх чамд. Яавал найз нартаа таалагдах вэ? Тэднийгээ гомдоохгүй байх юмсан, олон найзтай болох юмсан. 

Эсрэгээрээ харахаас дургүй чинь хүрдэг хэн нэгэн ч байж магад. Бүр эсрэгээрээ чамайг өөрийг чинь ч харахаас дургүй нь хүрдэг хэн нэгэн байж магад. Ийм үед яавал дээр вэ? 

Ганц л арга бий. Хүлээн зөвшөөрөх, хайрлах. Хандлагаа өөрчлөх. Байгаагаар нь л, байх л зүйл гэж хандах. 

...Бусдаас сонссон, бусдаар заалгасан зүйлээ өөрийн үзэл бодлоор, өөрийн толгойгоор тунгааж бодож үзэх. Мөн түүх сонирхолгүй санагддаг бол тэдгээр түүхэн хүмүүсийн оронд өөрийгөө тавьж, төсөөлөн бодож үздэг байх. 

Жишээ нь би тухайн үеийн Напелион байсан бол, би тэр хаан байсан бол ямар шийдвэр гаргах байсан бол? Ямар үйлдэл хийх байсан бол гэж төсөөлөн бодож уншвал ихээхэн сонирхолтой байж магад юм. 

...Мөнгө? Яг юунд хэрэгтэй вэ? Мөнгөтэй бол аз жаргалтайд тооцох уу? Мөнгөгүй бол азгүй, хувьгүй гэж үзэх үү? Мөнгийг амьдралынхаа зорилго болгох уу? 

Мөнгөтэй хэрнээ аз жаргалгүй хүн байдаг. Мөнгөгүй хэрнээ аз жаргалтай хүн байдаг. Үүний учрыг ухаж төнхөж нэг бодоод үзвэл тухайн хүн хэрхэн хүлээн авч, хэрхэн сэтгэлээрээ аз жаргалыг мэдэрч байгааг ойлгох болно. 

Хамгийн гол нь сэтгэлээрээ баян, сэтгэлээрээ аз жаргалтай байх нь чухал. 

Чи яг одоо азтай үедээ явж байна. Учир нь ээж аав чинь хамаг зүйлийг чинь бэлдээд өгч байна. Хувцас, идэх хоол, суралцах орчин гээд л чадлынхаа хэрээр бэлдэж өгч буй гэж бодож байна. 

Хандлагаа жаахан өөрчлөөд одоогийн байгаа зүйлдээ сэтгэлээсээ талархаад нэг үзээрэй. Хөнгөрөөд л явчихыг мэдрэх байх... 

Хүний шунал, хүсэл гэж хязгааргүй, мөнгөний төлөө үхэн хатан явдаг хүний сэтгэл хэдийд ханаж цадах бол? Хүн их мөнгөтэй байлаа гээд үхэх нь гарцаагүй, үхэхдээ мөнгөө яах вэ? 

Мөнгийг амьдралынхаа зорилго болгочихсон хүн байдаг. Тэдгээр хүмүүсийн үнэ цэнийн тухай ойлголт юунд байдаг вэ? Эцсийн дүндээ мөнгө гэдэг бол ямар ч үнэ цэнгүй цаас, харин жинхэнэ үнэ цэн хүний дотор оршдог гэдгийг ухаараад ойлгочих хэрэгтэй. Чиний дотор оршдог үнэ цэн бол асар хүчтэй. 

Мэдээж аятай тухтай амьдралд мөнгө хэрэгтэй, гэхдээ хамгийн чухалд тавих зүйл биш...

Аз жаргал? Аз жаргалыг хэрхэн ойлгодог вэ? Хэрхэн мэдэрдэг вэ? 

Ирээдүйн мөрөөдөл, амьдралын зорилго хоёр огт өөр зүйлс. Мөрөөдлөөсөө няцаж, шантарч болно. Харин амьдралынхаа насан туршийнхаа зорилтоос шантарч няцаж болохгүй. 

Мөнгөтэй болбол аз жаргалтай болно гэж үздэг хүн бий. Угтаа мөнгө биш сэтгэлийн амар амгалан л хамгийн чухал аз жаргалд тооцогдоно. Сэтгэлдээ, дотооддоо аз жаргалгүй хүн аз жаргалтай байж чадахгүй. 

Хайр мэдрээгүй бол аз жаргалыг мэдрэхгүй л болов уу? Амьдралын тав тухыг мөнгөөр худалдаж авч болно, харин аз жаргалыг худалдаж авч чадахгүй. Учир нь аз жаргал хүний сэтгэлд байдаг зүйл. 

Аз жаргалтай болъё гэвэл яах ёстой вэ? Тун амархан. Сэтгэлээ л аз жаргалтай болго. Хэн нэгнийг үзэн ядалгүй, хардалгүй, дорд үзэлгүй зүгээр л хүлээн зөвшөөр. Харин ч эсрэгээр нь бодож, ханд, төсөөл. Хэнд ч буруу өгөх хэрэггүй. Бүгдийг байгаагаар нь л хүлээн ав. 

Бүхий л зүйлд талархах. Аз жаргалгүй байна гэдэг бодлоо толгойноосоо аваад хаячих. Эцсийн эцэст хүн л өөрөө тухайн орчныг, тухайн нийгмийг, тухайн үзэл бодлыг бий болгож, бүтээж, түгээж байдаг шүү дээ. 

Аливаа үзэгдэл, үйлдэл бүхний цаана хүн байдаг. Хүн түүнийг үйлдэж, өдөөж, түгээж байдаг. Тэгэхээр зогсоох нь ч, үзэн ядахаа болих нь ч, хүлээн зөвшөөрөх нь ч, хайрлах нь ч хүн өөрөө...

Жинхэнэ амьдрал, хуурмаг амьдрал. Эдгээрийн алинаар нь амьдрахыг хүсч байна вэ, чи? 

Жинхэнэ амьдрал гэдэг нь "хэзээ нэгэн цагт гарцаагүй үхнэ" гэдэгтэй эвлэрээд, амьдарсан шиг амьдрах. Хуурмаг амьдрал гэдэг нь "хэзээ нэгэн цагт гарцаагүй үхнэ" гэдэг үнэнээс зугтаж өнөө маргаашийг аргацааж амьдрах.

Гайгамшгийг гайхамшиг гэж мэдэн, тэрхүү гайхамшгийг хэрхэн, яагаад бий болов гэдгийг тунгаан бодохыг мэддэг болсон чиний хувьд "шантарч залхах"-ыг мэдэхгүй л болов уу? Орчлон ертөнц, чиний өөрийн оршихуй нь хязгааргүй атал түүний тухай тунгаан бодох нь яагаад хязгаартай байна гэж?

Чи бүхий л амьдралынхаа турш баяр жаргалыг эрэлхийлэн явах биз ээ? Энэ бол хүмүүн төрөлтний онцгой эрх билээ. Онцгой эрхээ мэдэлгүйгээр, эдлэлгүйгээр амьдралаа үрэх нь хэр оновчтой вэ? 

Бодох тусам оньсогоор дүүрэн амьдрал. Эрдэнэт биеийг олоод төрчихсөн юм чинь оньсогыг тайлан, амьдрал гээчийн гүн гүнзгий утга агуулгыг, түүний сонирхолтой талыг баяр хөөртэйгөөр хайн, эрэлхийлье гэж бодохгүй байна уу?  

Товчхон базаад, бага сага хачир оруулаад биччихлээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年1月10日金曜日

14 настай чамд зориулав

Өмнөх жилийн 10 сарын сүүлээр л зээлсэн ном. Байнгын үйлчлүүлэгч тулдаа л сунгаад л яваад байлаа. 

Шинэ он гараад зориглон дэлгэв ээ. Энэ сард уншиж дуусгана.

Угтаа дунд сургуулийн сурагч зулзагадаа уншуулах санаатай л байлаа. 

Өнөөх маань тоож ч харсангүй ээ. Өөр ном л уншаад байна. Ангийнхаа ганц нэг хүүхэдтэй ном солилцож уншаад байхаар нь хайр хүрээд байгаа. 

Хайр хүрэхээр чинь тэгээд үглэхгүй хэлээ хазаж байгаа. 

Номын нэр "14 настай чамд зориулав-Хэрхэн тунгааж хэрхэн амьдрах вэ". Зохиолч нь Икэда Акико. Эвий минь таалал төгсчихсөн юм байна. Бөөрний хорт хавдраар, их л эрт хорвоог орхижээ. 46 настайдаа. Үнэхээрийн харамсалтай. 

Түүний энэхүү номны эхний дэвтэр нь гэж байдаг юм байна. Нэг завандаа, санавал олж уншихыг хичээнэ ээ. 

Философич бүсгүй байж. Түүний эдүгээ ном болоод хэвлэгдсэн энэ бичвэрүүд нь дунд сургуулийн сурагчдад зориулсан өдөр тутмын сонинд цувралаар гардаг байж. 

Одоо дунд сургуулийн номын сан, хүмүүнлэгийн хичээл зэрэгт ихээхэн ашиглагддаг гэнэ. 

Агуулга нь нэг хүнд үг хэллэг, ханз хэрэглээгүй, сурагчдад зориулсан хэрнээ цаанаа л нэг гүн гүнзгий утгатай юм аа. Зарим хэсэгт философилог тал нь давамгайлаад миний ухаан санаа нэг л гүйцэж өгөхгүй байна шүү. Хэ хэ. 

Ямартай ч 14 настангуудыг нэг зүйлийг ухаараасай, ойлгоосой, өөр өнцгөөс хараасай, хандлагаа нэг өөрчлөөд үзээсэй, хамгийн гол нь өөрийн үзэл бодлоор аливааг тунгаан бодоосой, яагаад гэдэг асуулт тавьж ухаж төнхөөсэй, бүх зүйлийн ард хүн гэдэг байгалийн бүтээгдэхүүн байдаг юм шүү, хүн өөрөө байгалийн амьтан шүү...

Гэж бичжээ. За тэгээд дэлгэрэнгүй бичнэ гэхээр бас их цаг зав шаардах тул ганц нэг таалагдсан агуулгыг л бичнэ. 2 сард дахин нэг зээлж уншихыг хичээнэ ээ. Энэ удаад сэтгэл санаа нэг л төвлөрч өгөхгүй, гялс уншчихлаа. 

Саяхан нэг зүйл олж уншсан нь нэг юмыг олон дахин уншаад байвал аяндаа утга нь ойлгогдоно гэсэн. Тэгэхээр энэ зулзага Харри Поттерыг дахин дахин уншаад байдаг нь учиртай байж шүү. Хүүхдүүд минь заримдаа ээжийн ментор болох юм даа гэж. 

Ном 4 бүлэгтэй. 

1. Жинхэнэ би, жинхэнэ найз. 

2. Тунгаан бодвол үнэнийг мэдэж чадна. 

3. Чи ер нь "Хэн" бэ?

4. Хэрхэн тунгааж, хэрхэн амьдрах вэ?

Эдгээр бүлгүүд нь дотроо тус бүр дөрвөн гарчигтай. За өнөөдөртөө энэ гарчгийг нь л уншина гээд төлөвлөөд уншсан чинь болж байна шүү. Хэ хэ. Би л худлаа халшраад байж. Нэг гарчиг нь тавхан хуудас. Цайныхаа цагаар таван хуудас бол уншчихаад байна шүү. 

Тэгсэн чинь дорхноо уншаад дуусчихлаа. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月18日水曜日

Хошногоны нүхний тухай

Бас нэгэн сонирхолтой бөгөөд танин мэдэхүйн асар өндөр ач холбогдолтой ном зээлсний нэг нь "Хошногоны нүхний тухай" гэдэг ном. 

Зурагт ном гэхээр чинь одоо үр зулзагатаа уншиж өгч болно л гэсэн үг биз дээ, энэ чинь одоо. 

Ам гээч онгорхой нүхнээс авахуулаад хошногоны нүх хүртэлх хоолой гуурс, ходоод, бүдүүн нарийн гэдсийг зургаар үзүүлж харуулаад, ойлгомжтой амархнаар тайлбарлаад бичсэн ном байлаа. 

Улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, 12 нугалаа гэдэс. Ходоодны хүчил, хоолоо залгиад хэдэн цагийн дараагаар нарийн гэдэс рүү очдог, хэдэн цаг зарцуулж байж бүдүүн гэдэс рүү очиж, хэдэн цагаа дараа баас болж биеэс гадагшлах. 

Энэ бүгдийг зураад тайлбарлажээ. 

Мөн шим тэжээлтэй нь хүний биед шимигдэж үлдээд, илүүдэл хэрэггүй гэснийгээ хэрхэн боловсруулж гадагшлуулдаг тухай ч бичсэн байв. 

Цуврал юм билээ. "Эр бэлэг эрхтэн" цуврал гэсэн байсан. Бусад дугааруудыг нь зээлж аваад уншиж өгнө өө. Ээжид ч сонирхолтой санагдсан тул. 

Төгсгөл хэсэгт бөгсөө хэрхэн арчих тухай ч бичсэн байна билээ. Урдаас хойш нь чиглүүлж арчих нь зөв зүйтэй шүү гэжээ. 

Боддоо, тавхан настай зулзага минь ямар эртнээс чухал зүйл мэдэж аваад байна вэ? 

Би жаахандаа баас гээч зүйл муухай, өмхий, хошногоны нүх бохир заваан л гэж заалгаж ирсэн дэг. Цагаан хорхойны тухай харин мэддэг байж. Ха ха. Зулзага харин энэ хорхойг мэдэхгүй.  Хэ хэ. 

Дараагийн номыг таашгүй. Хи хи.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月17日火曜日

Төмсөгний тухай

Манай энэ япончууд бас л айхтар, хөөрхөн сэтгэнэ шүү. 

Ажлынхаа хажуугийн хотын харъяа номын сангаас сонирхолтой гэгч ном зээлж ирэв ээ. Угтаа үлэг гүрвэлийн л ном зээлэх санаатай орсон юм. Ойрд энэ номын сангаар шагайгаагүй юм билээ. 

Үлэг гүрвэлийнхээ номыг ч зээлсэн л дээ. Үүргээ давуулан биелүүлээд сонин хачин агуулгатай ном зээлчихсэн, би ч ном гэхээр л дандаа л үүргээ давуулан биелүүлчихдэг гэмтэй биш зантай хүн. Хэ хэ. 

Амралтын өдрөөр уншиж өгөв өө. Зулзага цаанаа л нэг хачин жигтэй инээд  алдаад болдоггүй шүү. Жуумалзаад л. Ха ха. 

Өөрийх нь нандин чухал эрхтний тухай яриад байна гэж мэдээд байдаг шүү. Уншиж дуусан дуустал жоготой инээд алдсан. Дагаж би бас инээгээд, аав нь тэнд бас үе үе жуумалзаад л. Хи хи. 

Гаднах хальс буюу уут нь хэрхэн ямар үүрэгтэй, өөрийнх нь маш эмзэг бөгөөд чухал эрхтнийг нь элдэв нян зэргээс хамгаалах зориулалттай тухай дэлгэрэнгүй бичиж шүү. Хүүхдэд зориулсан гэхэд. 

За тэгээд л үрийн шингэн ялгаруулдаг, эмэгтэй хүнд ч хоёр төмсөг байдаг, тэрнийг нь өндгөвч гэж нэрлэдэг, эмэгтэй хүний бие дотор байдаг гэж мэгээд л дэлгэрэнгүй л бичиж. 

Тавхан насандаа ийм мэдлэг олж авдаг одооны энэ хүүхдүүд нэг бодлын азтай. Би яасан, өөрийн бие доторх өндгөвч, өндгөн эс зэргийнхээ тухай хэзээ хойно л мэдэж авсан даг. 
 
Худалч хүнд томыгоо төрүүлэхдээ, ха ха. Одоо бодоод байхад их л харанхуй бүдүүлэг байжээ. Өөрийгөө өрөвдчихлөө. Хи хи. 

Эрэгтэй хүнтэй унтахаар л хүүхэдтэй болдог гэж хальт мулт л мэддэг байлаа шүү дээ. Бусдаар тэгээд харанхуй харанхуй.
 
Би ч багыгаа төрснөөс хойш энэхүү ангарагаас ирсэн гишүүнийхээ төмсгийг үе үе гайхан харна аа, хаха. Заримдаа ч шалчийсан, үрчийсэн арьс л харагдана. Заримдаа ч хатуу бондгор болчихсон байна. Гэх мэт. 

Одоо томроод нэг их ажиглалт хийж чадахгүй байна л даа. Хи хи. Хамаагүй их нүд унагавал гаж донтон болчихно биз дээ?

Ямартай ч иймэрхүү бэлгийн боловсролын тухай номтой үе үе учруулж, уншиж өгч байх юм шүү. Яваандаа өөрөө уншдаг болохоороо нууж нэг, ил нэг уншаад явах биз, тийм ээ? 
 
Цуврал ном тул "шодой"-ных нь тухай ч байдаг байх. Дараагийн ээлжинд зээлж ирж уншина аа. Бас л сонирхол татаж байна шүү.

Хүүхэд томрох ч лүд юм дөө.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年7月13日土曜日

Одоогийнхоосоо арав дахин хурдтайгаар 5

Дараа нь би өөрөө санаж байх гээд жаахан дэлгэрэнгүй бичээд байгаа юм шүү. 

Photoreading аргын үр дүнг мэдрэхийн тулд туршиж үзэж болох юм. Үүнд: 

  • Эхний 7 хоногийг Photoreading аргыг ашиглан унших. Дараагийн 7 хоног нь уламжлалт аргаар унших. Тэгээд хооронд нь харьцуулж үзэх. Аль арга нь илүү бүтээлч бөгөөд үлдэцтэй байна гэдгийг харах. 
  • Найзаасаа уншсан номыг нь зээлээд, Photoreading арга хэрэглэн унших. Дараа нь найзтайгаа тухайн номынхоо тухай ярилцан өөрийнхөө хэр ойлгосныг найзаараа шалгуулж үнэлүүлэх. 
  • Photoreading аргад таны тархи хэрхэн хандаж, ямар урвал үзүүлж буйг ажиглах. Унших явцдээ мэдээж affirmation хийх.
  • Хуралд орохынхоо өмнө тухайн хуралтай холбоотой 5 материал унших, Ингэхдээ мэдээж preview, Photoreading хийх. Тэгээд өмнө нь хуралд оролцож байсан үеийнхээ өөртэйгөө харьцуулах. Жишээ нь үгийн хэрэглээ, үгийн сонголт гэх мэтээ ажиглаж болно.

Мөн 5 өдөр өөрийгөө шалгах. Эхний өдөр унших номоо сонгох, бэлдэх, Photoreading хийх. Хоёр дахь өдрийн бэлтгэлийн дараагаар 2 минутын дотор preview хийж Photoreading хийх. Түлхүүр гол зүйл болон асуулт бичингээ 15-20 минут postview хийх. Гурав дахь өдөр нь Бэлтгэлийн дараагаар үргэлжлүүлэн Photoreading хийж үргэлжлүүлээд superreading болон dipping хийх. Үүнд 30 минут зарцуулах. Агуулгыг ойлгож байгаа эсэх хамаагүй, тоохгүй орхих. Төгсгөлд нь түлхүүр үгэнд хараагаа аваачин, тэдгээр нь ямар утгатай болохыг тогтож харах. Дөрөв дэх өдөр нь бэлтгэлийн дараагаар Photoreading аргыг хийх. Үлдсэн цагтаа амжиж дуусгах зорилготойгоор хурдтайгаар superreading болон dipping хийх. Эсвэл номоо бүхэлд нь skills training хийнэ. Хараагаа түлхүүр үгэнд аваачин тархинаасаа асуух нэмэлт асуулт бэлдэнэ. Тав дахь өдөр нь бэлтгэлийн дараагаар Photoreading хийнэ. Гарчгийг нь харж байгаад улам дэлгэрэнгүй мэдэхийг хүссэн хэсгээ сонгоно. Superreading, dipping,  shkiis training хийнэ. Ингэснээр дэлгэрэнгүй мэдэхийг хүссэн зүйл мөн асуултынхаа хариултыг олно. Сүүлийн 10 минутанд Mindmapping хийнэ. Ингэхдээ хэт дэлгэрэнгүй хийх шаардлагагүй, бага зэрэг товчилсон байна. Нэг ёсондоо номынхоо бүх агуулгыг mind mapping хийхгүй гэсэн үг. 

Энэхүү 5 өдөрт та нийтдээ 2 цагийг л Photoreading аргад зарцуулсан байх болно. Уламжлалт ном унших аргад зарцуулдаг цагны гуравны нэгтэй тэнцэхээр хугацааг л зарсан гэсэн үг.

За уншигч олон та бүхэн оролдоод үзээрэй. Би ч мөн адил оролдож үзнэ ээ. Гэхдээ яг хэдийд гэдгийг хэлж мэддэггүй ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

Мартсанаас баяр наадам сайхан биз дээ.

2024年7月12日金曜日

Одоогийнхоосоо арав дахин хурдтайгаар 4

Дуусч өгдөггүй ном бэ? Яасан. Хэ хэ. Хажуугаар нь нэгэн зузаан монгол ном бас давхар уншаад байгаа юм аа.

Аминдаа хурдан уншдаг болчих санаатай л нухаад байгаа юм. Нэлээд цаг шаардах бололтой, би ч.

Нэг аятайхан санааг нь эндээ бичиж үлдээх гээд. 

Affirmation хийх. Ямар хандлагатай байхаас шалтгаалж сурах явцын үр дүн өөр өөр байна. Эерэг бодлоор, эерэг хандлага нь аливаад суралцах явцыг тань аварч, сөрөг хандлага эсрэгээрээ сурахад маш их саад болдог. 

Бодлоо, хандлагаа эерэг болгоход affirmation ихээхэн тустай. Нэртэй цуутай тамирчид affirmation хийх нь маш элбэг. 

Жишээ нь Photoreading-н үеэр би маш сайн төвлөрч чаддаг. Photoreading хийсэн бүх мэдээлэл миний тархинд, мэдээллийн санд хадгалагдан үлдэж, хэрэгтэй гэсэн цаг үед ач тусаа өгнө. Би бол ийм тийм зорилготой, түүнийгээ биелүүлэхийн тулд энэ номон доторх бүхий л хэрэгтэй гэсэн мэдээллийг өөрийн болгомоор байна.

гэх мэтээр бодох юм байна. 

Гэснээс би энэ affirmation гэдэг үгтэй сүүлийн үед их таарч байна өө. Үгийн утга нь баталгаа, нотолгоо гэсэн үг юм шиг байна тийм үү? Өөр давхар утга байдаг эсэхийг мэдэхгүй л байна. 

Ерөнхийдөө үгүйсгэсэн бодол санааг эерэг болгож бодох юм шиг байна лээ тийм ээ. 

Одооноос би энэ англи хэлийг "өө сурчихна өө, амархан шүү дээ, би дуртай энэ англи хэлэнд" гэж бодно оо, ганц нэг үг цээжлэхдээ. Өөр чинь би жингээ хасаж чадна, хасаж байна ч гэдэг юм уу? Байнга ингэж эерэгээр бодох ёстой юм билээ. 

Уншиж буй номынхаа хуудсыг эргүүлэх тоолондоо амьсгалаа зөв бөгөөд гүнзгий авах. Эерэг зүйл хэлэх, бодох. Ингэх нь толгойд сөрөг бодол орж ирэхээс сэргийлнэ. 

Бодоод байсан чинь яг тийм юм аа. Жишээ нь ном уншихад л хуудасных нь тоог хараад л шууд халширдаг даа. Түүнийхээ оронд би энэ номыг уншиж дуусгаж дөнгөнө шүү дээ, энэ номноос олж авсан мэдээлэл миний толгойд үлдэж, би түүнийг боловсруулж чадлаа. Эдгээр мэдлэг мэдээлэл нь хэзээ нэгэн цагт хэрэгтэй үедээ ой тооноос минь ургаад л гараад ирнэ гэх мэтээр affirmation хийх. 

Унтахын өмнө Photoreading хийвэл хийх сайн. 

Уншиж буй зүйлийнхээ тухай тархинаасаа асуух. Mind Probing гэж хэлдэг. Ингэж асуух нь унших, мэдэх гэх мэт эрмэлзлэл төрүүлдэг. Тархийг сэргэг байлгадаг. 

Mindmap хийж сурах. Багшийн хэлснийг а б-гүй бичдэг хуучны аргаар бус тархины бүтэцтэй төстэйгөөр зураглаж хийвэл толгойд үлдэх нь их. Ингэж Mindmap хийх нь богино цагт олон мэдээлэл багтаадаг давуу талтай. 

Энэ тухай өмнөх 2 бичвэрт зураг оруулсан байгаа шүү, орж хараарай. 

Mindmap нь оюутан залууст маш ихээхэн хэрэгтэй. Учир нь богино хугацаанд бичиж тэмдэглэх боломжтой, удаан хугацаанд тархинд хадгалагдаж байдаг. 

Mindmap хийхдээ 1. Дэвтрийнхээ голд түлхүүр үг, үндсэн ойлголтоо бичнэ. 2. Тухайн төв хэсгээсээ цацраг хэлбэрээр салааллуулан бичих. 3. Ингэж бичихдээ түлхүүр үгийг л бичнэ. Хэрэв ганц үгэнд багтахгүй бол дээд тал нь 3 үгээр бичнэ. 4. Шаардлагатай гэж үзсэн хэсэгтээ нэмэлт зураг, тайлбар, ямар нэгэн тэмдэгтээр тэмдэглэж болно. 5.Өнгөөр ялгаж болно. 

Энэ тухай англи хэлээр хайвал илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх байх, хайж үзээрэй. 

Mindmap хийх дэвтэр нь А4 хэмжээнээс том байвал их тохиромжтой. Хэрэв А4 хэмжээтэй дэвтэр ашиглах бол дэвтрээ хөндлөнгөөр нь харуулж хэрэгдлэвэл илүү сайн.  

Өнөөдөр ингээд дуусгая. Үргэлжлэлийг дараагийн дугаарт. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年7月9日火曜日

Одоогийнхоосоо арав дахин хурдтайгаар 2

Зээ, энэ ном нэг л урагшилж өгдөггүй. Бас тэр арга чаргыг нь тунгаан бодож, төвлөрч унших санаатай ч чадахгүй, хий дэмий бухимдах гээд байхаар нь ярьшиг зүгээр гүйлгээд уншчихлаа. 

Өч төчнөөн ном өөдөөс хараад тормолзоод байхад, ганцтайгаа зууралдаад байх бас дэмий юм. Эсрэгээрээ сэтгэл санаа ч төвлөрөхгүй. 

Ямартай ч энд ганц нэг зүйл бичье. Сүүлд л энд хэлээд байгаа арга чаргыг нь туршиж үзэхийг хичээнэ ээ. 

Photoreading аргыг хэрэгжүүлэхэд 5 алхамтай гэсэн дээ. Тэдгээрийг эхнээс нь хальт дурдана. 

1. Preparation буюу бэлтгэл

Энэ нь аливаа зүйлийг уншихад зорилго хэрэгтэй. Юуны төлөө уншиж байна, үүнийг уншсанаар надад юу үлдэх үү? Ямар ашигтай вэ гэх мэт тодорхой зорилго хэрэгтэй. 

Тухайлбал хэрэгтэй гэсэн зүйлээ аль болох амархнаар толгойдоо оруулмаар байгаа юм уу? Асуултын хариуг хурдан олмоор байгаа юм уу? Ажлаа амжилттай дуусгахын тулд шинэ санаа оноо эрэлхийлж байгаа юм уу? гэх мэт. 

Унших зорилгоо тодорхойлсны дараагаар биеэ суллан тайван амгалан төлөвт шилжих. Анхаарлаа төвлөрүүлсэн сургалтын хэв байдалд шилжих гэсэн үг юм нэг ёсондоо. Энд хийцгүйрэл, санаа зовнил гэж байх ёсгүй. Мөн дараагийн үр дүнг бодох хэрэггүй. 

Та жаахан хүүхдийн тоглож байхыг анзаарч байсан уу? Тэд тоглож байхдаа маш тайван бөгөөд тодорхой зорилготой тоглож байдаг. Энэ л бидний хүсээд байгаа зүйл юм. 

2. Preview буюу урьдчилан үзэх

Энэ нь их чухал зарчим дээр тулгуурласан зүйл юм. Тэрхүү зарчим нь юу вэ гэхээр "Үр дүнтэй суралцах гэдэг нь ихэнхи тохиолдолд "бүхлээс хэсэг рүү" чиглэсэн байдаг". Өөрөөр хэлбэл эхлээд нийт ерөнхий зураглалыг нь харж ойлгосны үндсэн дээр улам дэлгэрүүлж, нарийвчлан судлах гэсэн үг юм. 

Юуны өмнө унших зүйлээ ерөнхийд нь судлана. Үүний гол зорилго нь бүгдийг нь ухаж ойлгох бус, зөвхөн ерөнхий нэг дүр зураг, ойлголт авахыг хэлнэ. Ерөнхийд нь нэг гүйлгээд харна гэсэн үг. Ингэснийхээ дараагаар түлхүүр зүйлийг олж гаргана. 

Энэхүү түлхүүр зүйл гэдэг нь уншигч сүүлд тэр тухай улам дэлгэрүүлж унших зүйл байна. Энэхүү урьдчилан үзэх буюу ерөнхийд нь нэг гүйлгээд харах үйлдэл нь хийгээд сурчихсан тохиолдолд их амархан бөгөөд нэг номыг ойролцоогоор 5 минут, нэг тайланг ойролцоогоор 3 минут, нэг нийтлэлийг ойролцоогоор 30 секунд гүйлгэж харахад болно. 

Ингэх явцад бид зорилгоо дахин нэг тодорхойлоод, түлхүүр зүйлээ хайж олоод, тухайн өгүүлбэрийг унших хэрэгтэй юм уу? үгүй юм уу гэдгээ шийднэ. Хэрэв бидний зорилгод нийцээгүй гэж шийдэх юм бол уншихаа зогсооно гэсэн үг. 

Уг гүйлгэж харах үйлдлийн гол зорилго нь тухайн номынхоо ерөнхий зураглалыг харах бөгөөд ингэснээр дараагийн шатны суралцах үйл явцад юуг урьдчилан мэдэх ёстойгоо ойлгож мэдэж авна гэсэн үг. 

3. Photoreading буюу ?

Энэ арга нь бие сэтгэлийн хувьд маш амар тайван байхын зэрэгцээ анхаарлаа төвлөрүүлэн "Хурдацтайгаар суралцах төлөв"-т шилжихээс эхлэнэ. Ийм төлөвт шилжиж чадвал элдэв саад, санаа зовнил, биеэ барих зэргийг мэдрэхгүй болно гэсэн үг. 

Үүний зэрэгцээг харааг тань "photofocus" байдалд оруулна. Энэ нь нүдээ ашиглах шинэ арга бөгөөд үг нэг бүрчлэнд хараагаа төвлөрүүлэх бус эсрэгээрээ хараагаа бага зэрэг бүрэлзүүлж байгаад харах гэсэн ойлголт юм. Ингэснээр харин ч харааны хүрээ тэлж тухайн хуудас бүхэлдээ таны хараанд багтана гэсэн үг юм. 

Нэг нэг үгэн дээр хараагаа тогтоох бус хуудсыг бүхэлд нь хараандаа багтааж харна гэх юм уу даа. Ингэснээр таны толгойд хуудас бүхлээрээ орж, баруун тархины мэдээлэл боловсруулдаг систем рүү шилжүүлдэг юм байна. 

Энэ арга нь унших цоо шинэ арга юм шүү. 

4. Postview

Энэ нь preview аргатай нэлээд төстэй. Нэг ялгаа нь "асуулт бэлдэх" юм. Эхлээд унших зүйлээ ерөнхийд нь харна. Чухал гэсэн зүйлээ олж харсны дараагаар зохиолч, бичигч нь юуг илүү чухалчилж, юуг хэлэх гэсэн байна гэдгийг бичнэ. Сүүлд нь унших зүйлээ дахин нэг гүйлгэн хараад анхаарал татахуйц, сонирхол татахуйц хэсгийг хайна. 

Ингэж анхаарал, сонирхол татахуйц зүйлийг олонгуутаа асуулт бэлдэнэ. Энэ явцдаа гүйцэт уншаад хариултаа олох гэж яарах хэрэггүй. Ингэж унших эрмэлзлэлээ бага зэрэг "тэвчих" нь танд улам сонирхолтой санагдаж, танд сэдэл төрүүлнэ. 

Энэхүү 4 дэх арга буюу postview-ийг хэрэгжүүлэхэд зарцуулах хугацаа нь 5-15 минут байхад хангалттай. Ингэснээр дараагийн шатны "activation"-д бэлдэж байна гэсэн үг юм.  

5. Activation буюу идэвхижүүлэлт 

Тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд авсан мэдээллээ ухамсартайгаар ойлгохыг хэлнэ. Эхлээд мэдээллийг ухамсартайгаар хүлээн авахаас эхлэнэ. Улмаар тэр агуулгынхаа талаарх ойлголтоо бага багаар гүнзгийрүүлж явсаар, мэдэхийг хүсч байсан мэдлэг мэдээллээ олж авна. 

Гэхдээ энэ арга нь уламжлалт унших аргаар уншсаны дараагаар агуулгыг нь санах гэдэг үйлдлээс ихээхэн ялгаатай. Photoreading аргаар боловсруулагдсан шинэ мэдрэлийн системийн мэдээлэл дамжуулах замыг дахин өдөөх арга техник юм. 

5 алхмыг нь хальт дэлгэрүүлж бичихэд ийм байна. Гэхдээ яг энэ уншиж буй номон дээр 4 дэх, 5 дахь алхам нь арай өөр байсан. Postview аргыг activation аргын танилцуулга дотор багтааж өгсөн байсан. 

5 дахь алхам нь Fastreading гэдэг аргыг танилцуулсан байна блээ. Ингэхдээ бас дотор нь Superreading гэдэг ухагдахууныг танилцуулаад, ялгааг нь хэлсэн байсан. 

Дараагийн бичвэрт номноос өөрт таалагдсан ганц нэг аргыг товч танилцуулаад, энэ номны тухай тэмдэглэлээ өндөрлөнө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年6月22日土曜日

Эсгий үнэгний домог

Зээ, эх орноос минь 10 сурагч багштайгаа хамт сурсан япон хэлээрээ дадлага хийцгээхээр хүрэлцэн ирсэн гэж бичсэн дээ. Төвөг удаж, баахан ном авчруулаагүй юу. Буян нь бум бумаар үржиг ээ.

Эхнээсээ бид албан ёсны арга хэмжээнүүдээ амжилттай давж л явна. Би хариуцаж авсан нэг том ажил гэвэл мужийн харъяа номын сантай хамтарч монголын тухай танилцуулга, монгол хэлээр ном унших.

Монгол хэлээр, япон хэлээр гэж ээлжлэн ном уншсан. Далимд нь ганц нэг тоглоом наадгайг танилцуулах.

Энэ удаад миний сонгосон ном бол "Эсгий үнэгний домог"-ийн тухай. Япон хэлээр хэвлэгдэн гарсан энэхүү номыг сонгож уншсан. Хоёр багыгаа энд төрөхөд хань ижлийн хайчилж бэлдсэн эсгийн үнэгээ авч очиж танилцуулсан.

Номын нэр нь "Ээж ба зальт үнэг". Зургийг японд уран бүтээлээ туурвидаг зураач Б.Болормаа зурсан. Түүний хэд хэдэн номыг худалдаж аваад, улсаа танилцуулахдаа ашигладаг. 

Танихгүй ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье, мөн хөөрхөн агуулгатай ном бүтээдэгт баярлалаа. Ажилд минь их тус болдог шүү, номнууд нь.

Мөн крилл үсэг, босоо бичгээ танилцуулж, оролцогсод өөрсдийнхөө нэрийг бичсэн. Мэдээж крилл үсгээр. Монгол сурагчид шалгаад, зөв бичсэн хүмүүст улаан балаар "онц" дүн тавьсан.

Урт эгшиг бичихэд бага зэрэг алддаг юм. Тайлбарлаж хэлээд байхад л, хэхэ. Гадаад хэл сурахын хэцүүг заримдаа албаар ойлгуулах боломж гэж үзээд юм хэлэхгүй. Ха ха.

Номын сангийн ажилтнууд бэлдэж өрсөн номнууд. Монголын тухай ном нэлээд бий шүү. Бүгдийг нь уншаагүй л болохоос. Нэг завандаа уншина дээ гэсэн хэтийн зорилттой. Хо хо. 

Хагас сайны арга хэмжээ. Сурагчид ирээд 3 хоночихсон үе. Бүгчим халуун цаг таарч, ядарч байх шиг харагдсан. 

Угаасаа бид чинь сэрүүн газрын улс, сэрүүндээ, хүйтэндээ хийморь нь сэргэдэг улс дөө. Хүйтэн ундаа, зайрмагаар л халууныг давж байна дөө. 

Хоолой нь өвдчих вий гэж санаа зовно өө. Хи хи. 

Үлдсэн арга хэмжээнүүддээ амжилттай оролцохыг хүсье. 

Түр баяртай, уншигч олондоо ч амжилт хүсье.