ラベル Сонин сайхан の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Сонин сайхан の投稿を表示しています。 すべての投稿を表示

2026年9月19日土曜日

Сайн уу даа?

Сайн байцгаана уу? Уншигч олон түмэн минь ээ? 

Санасан уу намайгаа? Би та нарыгаа санасаан санасан. 

За юу гэж бичих ээ мэдэхгүй л байна. Ямартай ч пс-гээ нээлээ. Урд нь суулаа. 

8 сард юу ч бичилгүй таг алга болсон минь учиртай шүү. Харьж ирээд бичих гэж бодсоор явтал 9 сар гараад хэд хоног өнгөрчихвөл 10 сар гарах гээд байдаг. 

Эх орондоо очиж 7 хоног ажиллачихаад, үргэлжлүүлж хэд хоног амарчихаад ирсэн. Баруун аймаг руу гараад давхисан. 

Монгол улсыг минь дааж явдаг их хайрхандаа мөргөчихөөд, залбирчихаад, сүсэглэчихээд ирсэн. Цаашаагаа төрөл садангууд дээрээ очиж хэдэн сайхан буурлууддаа үнэрлүүлчихээд ирлээ. 

Тэгж байгаад ганц нэг зураг хөрөг оруулна аа. Сэнгэнэсэн сайхан салхитай, сэрүүхэн сайхан уудам эх орондоо, ижий аавдаа хэд хоног эрхэлж байгаад л ирлээ. 

Харьж ирсэн чинь суугуул нутаг минь урдаас пүнн гээд л угтсан. халуун ч гэж жигтэйхэн. Ямар ч онгод бууж ирэхээргүй, бүгчим халуун. 

Ажилдаа бол нэг юм яваад л байлаа. Гол нь бичих онгод минь ордоггүй. Ганц миний ч биш юм аа. Зулзагынх хүртэл. Хэ хэ. Зуны даалгавраа хийх хугацаа нь маш бага үлдчихээд, түүндээ бухимдаад уйлаад. 

Тэгснээ "сургуулиасаа гараад, монголд сайхан тоглоод л, тэр ахындаа зурагт үзээд л, тоглоод л байж баймаар байна өө" гэсэн. Ха ха. Тийм дураараа тийм ээ? Болдог бол ээж нь ч гэсэн ажлаасаа гараад эх орондоо сайхан зугаалаад л, амттай хоол идээд л, ижий аавдаа эрхлээд л явж баймаар байна өө. 

За тэгээд монголоосоо нэмж ирсэн жингээ хасах гэж бас л... 

Нэг их хичээсэн зүйл ч алга л даа. Харьж ирээд угаасаа чихэр жимс нь дийлдэхгүй, суугуул нутагтаа нэмсэн ч байж мэдэх биеийн минь жин. 

Ойрд өглөө оройдоо сайхан сэрүүсэх гээд л дуншаад байна. Онгод ч бууж ирж магад, зөв совин татаад байна. 

Яг юунаас эхэлж бичихээ сайн мэддэггүй ээ. Уншсан номныхоо тухай бичих гэсэн уртаашаа өргөөшөө ганц л ном уншижээ. Үгүй ээ, япон хэл дээр нэг ном уншсан юм байна. 

Үзсэн олон киноныхоо тухай бичих үү? Өө тийм, явсан ажлынхаа тухай, аялалынхаа сонин сайхнаас бичиж болох юм тийм үү? Хэ хэ. 

Ямартай ч эргэж ирснээ дуулгангаа, удахгүй бичиж эхлэнэ ээ гэж хэлэх гээд л... 

Ингэхэд байна аа, шинэ бичвэр орсон болов уу? гэж хүлээдэг уншигч бий болов уу? Би та нарыг хүлээсэн шүү, хүлээдэг шүү. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年7月21日火曜日

Гар бөмбөг

Гар бөмбөг үзэх дуртай гэж. Харин олон удаагийнх нь тэмцээнийг үзэж чадаагүй. Яг яагаад үзэж чадаагүйгээ мэдэхгүй байна, мэдээгүй яваад байсан. Оройд нь зурагтаа аль болохоор унтраасан байхыг эрмэлздэг тул...

Сүүлийн хэдэн тэмцээнийг нь үзлээ. Урамтай сайхан байлаа. Байнга бэлтгэлтэй, байнга судалж, байнга хөгжсөөр байдаг улс тул техник ч тэр, ур чадвар ч тэр асар өндөр болжээ. Алга ташиж байна өө. 

Залуус нь ч хөөрхөн, царайлаг, хэдэн жилийн өмнөөс крашлаад эхэлсэн залуус ч байна. Шинэ залуу тамирчид ч орж иржээ. 

Гэснээс сүүлийн үед гар бөмбөг эх орны минь залуус дунд ихээхэн хүчээ авч байгаа юм билээ тийм ээ? Ёстой сайхан. Удахгүй азидаа тэргүүлдэг япон тамирчидтай өрсөлдөх болтугай гэж ерөөе.

Зулзага: Япон Монгол хоёр хоорондоо өрсөлдвөл та хэнийг дэмжих үү?
Ээж: Монголыгоо л дэмжинэ дээ.

Ийм харилцан яриа болсон. Зулзага минь ч монголыгоо "тусгайлан" дэмжинэ гэсэн. Хайр биз дээ? 

Гар бөмбөгт яагаад дуртай болсныгоо бодоод байхад аав минь залуудаа хальт тоглодог, дуртай болохоор юм билээ. Тэмцээн зохион байгуулагдахаар япон сайн байна шүү гэж мэгээд л сонин сайхан ярьдаг юм одоо ч.

Зулзагууд минь бас гар бөмбөг үзэх дуртай болох байх даа, ирээдүйд. Хэ хэ. ижий аав минь үздэг байсан тэ гэж ярилцаад л...

Гэснээс та нар хэнийг нь крашлаж байна, манай япон тамирчдаас. Би крашийнхаа зургийг орууллаа шүү. Миний багахан эгдүүтэй зулзага шиг харагдаад байгаа юм. Төстэй, хамар нь шонхойгоод. Хэ хэ. 

Бас нэлээд дэггүй талдаа тийм ээ? Царайлаг байгаа биз дээ? Царайны сайхнаар цай сүлэхгүй мэдээж. Чадварлаг тоглодог, хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ, та нар...

Үндэстнүүдийн лигт нэг ч хожигдолгүй 12 түрүүлээд урьдчилсан шатандаа хожиж түүх бүтээлээ шүү дээ. Гайхалтай...

Ингэхэд хөл бөмбөг юу болсон бэ? Япон хасагдаад л тэгээд миний анхаарлын төвөөс гарчихсан. Ха ха. Японы баг байхгүй юм чинь ер нь хэн нь ч хожсон яах вэ? Миний хувьд. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年7月19日日曜日

Стратегич болцгооё

Сүүлийн үед Ө.Ганзоригийн оролцсон подкастыг сонсож байна. Гоё ярих юм өө. Зөв ч зүйлийг ярих юм өө. Крашлаад эхэлсэн. Олон ч залуусыг крашлаад чухам байна өө би ч. Ха ха. 

Үе тэнгийнх юм шиг байна лээ. Тийм байж сүрхий юм өө. Тэгэхэд би энд "хүүхдээсээ илүү гарахгүй" л байна. 

Гэснээс энэ "хүүхдээсээ илүү гарахгүй" гэж зэвүүн хэлц тийм ээ? Би энэ хэлц үгэнд дургүй. Хүүхэдтэйгээ зууралдана гэдэг чинь ирээдүйгээ өсгөж, бойжуулж байна гэсэн үг биз дээ? 

Хүүхэдтэйгээ тулж ажиллаж байна гэсэн үг биз дээ. Тэгэхээр бусдад ийм үг хэлэх гэж байгаа хүмүүс байвал үгээ залгиарай гэж хэлье. Энэ мэтчилэн бүсгүйдээ, ээжүүдийг хэмлээд байх юм бол хойшид хүүхэд гаргах эмэгтэй хүн цөөрнө шүү, Одоохондоо ч яахав одон энэ тэрээр аргалаад байж болох ч. 

Ирээдүйд улам л зардал, өртөг өснө. Нэг хүүхэд төрүүлж, өсгөхөд улам бүр л их мөнгө хэрэгтэй болно...

Яахав, над шиг ингээд өөртөө тоглоом шоглоомоор бол яахав хэлж болох юм. Үе үе өөрийгөө ингэж хурцалж байх хэрэгтэй ч юм шиг санагддаг юм. 

Хаа очиж Ө.Ганзориг эмэгтэй хүмүүсийн нөр их хөдөлмөрийг үнэлдэг юм билээ. Хариуцлага өндөртэй хүмүүс эмэгтэйчүүд, ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд гэж хэд хэдэн ярилцлагандаа хэлсэн байна билээ. 

Эрчүүдийн хариуцлагаас зугтдаг, архи, тоглоом зэрэгт амархан донтож байна, хариуцлагатай байцгааяа гэж их хэлдэг. Үүнтэй би санал нэг байна өө. 

Мөн эцэг эхийн хариуцлага, санхүүгийн сахилга батын чухлыг хүмүүст ойлгуулчих гээд л үзээд байх шиг. Хэрэв та хүүхэдтэй болсон л бол түүнийхээ боловсролд зориулж хадгаламжтай бол, одооноос хадгаламжтай бол гээд л...
Халуунд хүйтэн "ундаа" л аминд орж байна шүү. Хи хи. 

Үнэн тийм ээ? Би ч яриаг нь сонсоод "нээрээ л тийм шүү", зулзагуудынхаа сургалтын төлбөрийг одооноос цуглуулахгүй бол? гээд л их зүйл бодож байна өө. 

О.зулзага ч яахав ямартай ч эрт төрүүлснийх өөрийнхөө танагтай насан дээрээ их сургууль төгсгөчихлөө. Үргэлжлүүлээд сураад, төгсөж өгөхгүй л байгаа болохоос. Ха ха. 

Одоо ахлах ангийн зулзага гуравхан жилийн дараа оюутан болоод л, үүрнээсээ ниснэ. Эхний алхам, ахлах ангийн зулзагатаа хадгаламж үүсгэх. Огт байхгүй гэж хэлэхгүй л дээ. Сар бүр тогтвортой мөнгө хадгалах. 

Бага ангийн зулзагадаа одооноос мөнгө хадгалахаар ахлах сургууль төгстөл нь бас ч гэж гайгүй, ямартай ч их дээд сургуулийх нь эхний хэдэн ганц хоёр жилийн төлбөрийг бол цуглуулчих байх тийм ээ. Яагаад эхний ганц хоёр жил вэ? гэхээр жил ирэх тусам мөнгөний үнэ ханш унаад, юмны үнэ өсөөд гээд л...

Насаараа л мөнгөнд дурлаж амьдрах юм шиг байна дөө. Та бүхэн яаж байна? Мөнгөнд дуртай л биз дээ? Ха ха. 

Сонсож үзээгүй хүмүүс байвал Ө.Ганзоригийн яриаг сонсоод үзээрэй. Ютүбээр зөндөө байна лээ шүү. Блогийг ньч  уншина даа. Байнгын зочин нь болно оо...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年7月4日土曜日

Гэрэлт цох

Гэрэлт цорхой үзсэн юм. 6 дугаар сард...
Уламжлалт бичлэг. Үе үе ингэж зураг оруулаад бичдэг байх шүү. Түрүү жил бичсэнээ мартчихаж ээ. Хэ хэ. 
Хань ижил их ач холбогдол өгч жил бүр биднийг авч явдаг... Ингээд харахад царай муутай хар хорхой байгаа биз? Хэ хэ.

Бусад монголчуудаа ч уриалаад, санал болгоод, боломжтой үедээ хамтдаа дагуулж явдаг.
Жилээс жилд тоо нь цөөрөөд гэж ярьдаг юм. Зарим газар хамгаалалтдаа аваад, өсөж үржихэд нь анхаардаг. Бөгс нь гэрэлтдэг. Байгалийн бас нэгэн гайхамшиг тул хүмүүс сонирхож, хөөрхнийг нь, өвөрмөцийг нь гайхан шогшдог байх...

Тайлагдашгүй нууц их юм даа, тийм ээ? Энэхүү цэнхэрхэн бөмбөрцөг минь.
Бид ч гэрэлтдэг нь хачирхалтай санагдаад, гартаа ингэж ойрхон барьж үзэж, хорвоотой танилцдаг. Ялангяуа бага зулзага ихэд сонирхоно.

Бороо хур сайтай жил илүү үрждэг шиг санагддаг. Угаасаа голын эрэг дагуу чийгтэй газар өсөж үрждэг юм билээ. 

Ирэх жил ч явна даа... Уул усны ойр нь.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年7月3日金曜日

Дангаар нь, хатуугаар нь

Нэг зүйл бичих гээд өө. 

Насны ангилал нь жаахан ахиад ирэхээр монгол эрчүүд энэ хатуу архиа дангаар нь уух юм тийм ээ. Хажууд нь шар айраг, улаан дарс гэх мэт зүйл харагдсангүй. Эцгийн эрхт ёс ханхалсан арга хэмжээ байлаа. 

Бүсгүйчүүдэд зориулсан уух юм нэг ч байхгүй шүү. Түүнээс эмэгтэй хүмүүс бараг тал нь шахуу байсан юм.  

Нэг оройн арга хэмжээнд 39 хэмийн алкохолтой архиар шахуулж өгөв өө, япон залуус маань. Би ч тэд нартаа санаа зовж л суулаа. Би өөрийнхөө хундгандаа гялс цэвэр ус хийж аваад ууж байна өө гээд л суусан. Ха ха. 

Тэгэхгүй бол үхнэ биз дээ? Тэгээд ч би өнгөрдөг зунаас хойш архины төрлийн зүйлсээ эрс багасгасан. Гэртээ оройд уудаг байсан улаан дарсаа уухаа больсон. Хааяа ажлынхантайгаа орж гарахдаа л ууна. 
Тэгсэн нэг монгол залуу ирээд "Чи минь ууж байна уу? Аль вэ? Нэг татчих" гээд хажууд зогсоод байдаг. Ха ха. Хийж тавьсан усаа ярвайж ирж татчихаад, дахин хундагалуулаад талыг нь жинхнээсээ ярвайж ирээд л уув. Дотор халуу шатаад л явчихсан. Хо хо. 

Энэ зурган дээрх архиар дагнасан. Хэдэн ч шилийг цааш нь харуулсан юм, бүү мэд. 

Хорондоо маргааш нь дуртай шар айргаа уусан ч байж магадгүй шүү би. Хи хи. 

Эмэгтэйчүүд биднийг энэ хатуу юмнаасаа уу гээд шахахыг бас яана. Ингэж хатуу юм замбараагүй уучихаад элэг, ходоод гээд л өвдөхөөрөө хажуудахдаа туниад, асарсангүй, халамжилсангүй гээд, тийм ээ? 

Мөн бусдын жишээнээс харж байхад эрчүүдийнх нь ээж аав, ах эгч, дүү нар нэг ёсондоо хадмууд нь эхнэрийг нь нэг ёсондоо бэрийгээ буруутгаад, нөхөртөө халамжгүй, хүйтэн хөндий, хатуу чанга гэх мэтээр ар худрагаар нь муулаад явах...

Харин ч гудамжинд хөөгөөд гаргачихалгүй, үр хүүхдийг нь тээж төрүүлээд, асраад, хүмүүжүүлчих гээд ад болоод явж байгаад нь талархаад, бэртэйгээ хамтдаа хүүтэйгээ ярилцаад, хамтдаа донтрлтоос нь салгах гэж үзэхийн оронд тийм ээ? 

Тэгээд айл болгонд нэг "уудаг гар" байдаг. Тэр хүний ард хэдэн ч хүн сэтгэлээн чилээж байдгийг өнөөх уудаг гар нь мэддэггүй юм уу? Ойлгодоггүй юмуу? Хүсдэггүй юм уу? 

Миний кофе уух хүсэлтэй минь адил "дон" гэж ойлгоод байгаа ч...

Одоо бүгдээрээ энэ хатуу архиа арай жаахан хэмийг нь багасгаад, хааяадаа нэг уудаг соёлтой болмоор байна өө тийм ээ? 

Одоо тэгээд наадам ч дөхөж байна. "Айраг"-аан сайн уугаарай.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年7月1日水曜日

7 дугаар минь сайн байна уу?

Энэ сард ч номоо уншингаа, блогоо бичингээ, аяга угаагчаа нэхэнгээ ажлаа хийнэ дээ. 

Ажил нэгт үү? Гэр бүл нэгт үү? Хобби нэгт үү? Би өөрөө нэгт үү? 

Японд ажил нэгт болчих гээд байдаг тул үүнийг өөрчлөх гэж үзэж тарна. Угаасаа сүүлийн үед сонсоод буй нэгэн хүний ютүб дээрх бичлэгүүд дээр ч гардаг юм. Тархи судлаач япон хүн. 

Энэ мэт "өөр хүмүүс" төрөн гарч, олон нийтэд үгээ хүргэж буйд олзуурхнам...

ирэх сард эх орондоо томилолттой тул мэдээж хоёр улсын хооронд холбоо барих, орчуулах, зохицуулах ажил ихтэй. 

Мөн сургуулиудын зуны амралт эхлэнэ. Зуны даалгавраа хий гэж үглэдэг ажил нэмэгдэнэ. Багахан зулзагынхаа амралтын өдрүүдийг зугаатай өнгөрүүлэх тал дээр анхаарна. 
Дундхан зулзага өөрөө өөрийгөө яаж ийгээд болгох биз? Ээж нэг их оролцолгүй, нэг их үглэлгүй, хэт дураар нь тавилгүйгээр хянасхийгээд л явахад болох байх. 

Гэх мэт хувь, хувьсгалын ажил ундрана, ундарна. 

6 сар өглөө оройдоо харьцангуй сэрүүхэн сайхан өнгөрсөн. Бодвол эх орон минь хүйтэн байсан болохоор тэрхүү салхи, хүйтэн агаар урагшилсан байх. 

7 сар хэр байх нь уу? Халж эхэлж л байна. Өнөөдөр гэхдээ аадар бороо орж байна. 
Эх орондоо очсон хүн байна даа, аагтай шаргал сүүтэй цай уусан. Би уг нь цайсаг хүн биш л дээ. Багад бид давс султай цэхэр хярам уудаг байсан. Хотын айл болоод ч тэр юм уу? Сүүгээр бялхаж, цалгиж байгаагүй л дээ. 

Эндээ ч би хярамлаад уух дуртай. Тэгээд ч эндхийн сүү тослог багатай тул манайхных шиг аагтай шаргал цай болохгүй л дээ. 

Шар тос сайн гэхээр хэтрүүлж хэрэглээд байгаа ч юм бшиг санагдсан. Угтаа багахан шигийг л хөвүүлдэг биш билүү? 

За мэдэхгүй юм даа. Гэснээс би сая шар тос авчраагүй. 5 сард монголоос ирснийг нь би л ихэнхийг нь идчихсэн болохоор, жаахан завсарлах санаатай. Хэ хэ. 

Энэ сардаа ч блогоо идэвхтэй бичихийг өөртөө хүсье. Ном ч мэдээж ойлгомжтой. Маш энгийн дадал минь болж чадсан учраас. Одоо өглөө эрт босдог дадлыг маш энгийн дадлаа болгомоор...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年6月29日月曜日

Жилийн дараах Монгол

Жилийн дараа эх орондоо салхи шиг л очоод ирсэн. Асар богино хугацаанд. Ажлаар. Улсын мөнгөөр. Хэ хэ. 

Өнгөрдөг жилийн 6 сарын 15-нд нисэх байсан дотоодын нислэг хойшлоод гээд л паян ихтэй байсан даа. Энэ ажил яг манай хэлтсээс зохион байгуулдаг ажил. Сурагчдаа үдчихээд, ганц нэг хоног спортын хэлтсийнхний ажлаар үлдээд, орой нь найз дүү нартайгаа Чингис шар айраг ууж амжсан гэж бичсэн байх аа. 

Энэ жилийн томилолт гэнэт санал орж ирээд, би ч уухайн тас зөвшөөрнө биз дээ. Улсын мөнгөөр, эх нутагтаа очоод ирнэ гэдэг чинь тэнгэрийн умдаг атгасан л гэсэн үг. 
Сэтгэл нь хөөрсөн хүн хувьдаа хөөрхөн паакталсан. Яасан гэхлээр байна аа? 

Онгоцонд авч орох жижиг чемоданыхаа түлхүүрийг бэлдэлгүй, онгоцны буудалд ирэв. Ачаагаа өгөх гээд зогсож байгаа гар минь өтчихсөн юм шиг очоод түгжээг нь "цоожилчихов". Тэгээд гэнэт юу билээ? Түлхүүр цоож нь яах билээ? гэж сандраад. 

Нөхөртөө хошуугаа унжуулж хэлээд, нөхөр баларсан юм гэж үглэн, гэр лүүгээ жирийлгэв. Хаа очиж ойрхон, түгжрэхгүй юм даа. 

Хаалгаар орсон байх ёстой цагтаа ам мөчид амжиж оров. Нөхрийн авчирсан түлхүүрийг шүүрч аваад л...

Би олоогүй түлхүүрийг нөхөр олж авчирна ч гэж юу байхав тийм ээ? Мэдээж шал өөр түлхүүр байсан. Ха ха. 

Тэр чемоданыг минь дундах зулзага нэг аялалдаа авч явж байсан тул хар үүрээр утасдаад асуучих гэсэн чинь утсаа авдаггүй, аав нь гэртээ орж ирэнгүүтээ л загнаад асуусан чинь тоохгүй" би яаж мэддэгийн" гээд нойрмог уурлаад, тусыг эс үзүүлэв гэсэн. Хэ хэ. 
За тэгээд дотоодын нислэгээр Ханэда онгоцны буудалдаа буучихаар жижиг чемоданаа онгойлгож үзэх гэсэн чинь түлхүүр нь таардаггүй, ээ харлаа биш байна аа, яах билээ гэж бодож байснаа санаандгүй нэг юмыг нь түлхээдэхсэн чинь мултардаг гэнэ ээ. Ээ ашгүй минь болж тайвршаад, гэрийнхэндээ зүгээр онгойсон шүү гэж бичив. 

Суугуул нутгаас Токиогийн Ханэда нисэх онгоцны буудал хүртэл би онгоцоор ниссэн юм. Тэгсэн хоёр тээш өгч болно гэхээр нь гайхал жижгийгээ өгчихгүй юу. Тэгээд л мунгинаж эхэлсэн нь тэр. 

За тэгээд сэтгэл уужирсан хүн Нарита нисэх онгоцны буудал орчихоод ачаа бараагаа жин тан болгож, хамгийн түрүүнд шахуу ачаагаа өгчихөөд, онгоцондоо суух хаалгаа олж очоод, номоо дэлгэв. Утсаа ч цэнэглэв. 

Утасны цэнэглэгчээ мартсан байв. Тэгж мартсанаа Улаанбаатарт очоод зочид буудалдаа орчихоод, гэрийнхэнтэйгээ уулзчихаад, унтах гээд хэвтэхдээ утсаа цэнэглэнэ дээ гэж бодсоноо санав. Ха ха. 
Гурав дахь паян нь бас л миний өөрийн хайхрамжгүйнх. Гэхдээ энэ удаад азтай. Өглөө эрт буудлаасаа нисэх рүү хөдлөв. Жолоочтойгоо ачаа бараа ихдэв, илүү гарсныгаа тэгэв ингэв гээд буу халж явлаа. 

Тэгснээ гэнэт гар хилээ яалаа? гэж санан үүргэвчээ ухав. Байвал үүргэвчинд л байх ёстой юм. Ухаад байдаггүй. Жолооч минь би утасдаадхая, үүдэнд хүмүүсээ хүргэж өгөх гээд хүлээж байсан нэг ах хүү байсан даа гээд. 

Утасдаад, байвал араас чинь аваад очъё гээд. Жолооч залуу минь аятайхан, тун дажгүй залуу таарсан. Дараа миний мэдэл гарвал дахин үйлчлүүлмээр санагдсан. 

Нисэх дээр очоод дөнгөж буугаад л ачаа бараагаа машиныхаа араас буулгаад л байж байсан чинь араас жолоочийн минь танил ах нь хүрээд ирсэн. Миний гар хилийг аваад ирсэн. 

Ёх, ийм л олон паянтай байлаа. Мөн эх орон маш их хүйтэн байлаа. Зөндөө даарсан. Найзаасаа ноолууран цамц зээлж өмссөн. Цас бороотой байсан тул бэрээсээ усны гутлыг нь зээлэв. Хи хи. 

Бусдаар монгол хоолоо идээд, ааруул идээд, шар айргаа уугаад гээд л сайхан явсан. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2026年6月26日金曜日

Шагар сонгино

Ийм нэртэй ургамал? Эсвэл хүсний бүтээгдэхүүн та нар сонсож байсан уу?

Би сүүлийн хэдэн жил хүнсэндээ өргөн хэрэглэж байгаа. Заримдаа ч хөргөгчнөөсөө гаргаж ирэлгүй, мартчихаад байдаг юм. Карритай будаа хийж идэхдээ бол хамт иднэ. 

Япон нэр нь раккёо, монголоор шагар сонгино. Өнгөрдөг жил бичсэн тул сонирхоно биз ээ?

                            

Суугуул мужид минь тариалдаг. 6 сарын эхээр худалдаанд гардаг. Дуртай хүмүүс нь худалдаж аваад, тусгай цуунд дардаг. Улирал нь эхлэнгүүт дэлгүүрүүд үүдэндээ худалдан авагчдын нүдэнд шууд өртөхөөр газар байрлуулдаг. 

Бидний нүдэнд ч өртөнө. Хань ижил нэлээд идэвхитэйгээр шаарддаг. Хүүе, раккёогоо дарахгүй юм уу? гээд л. Цуу нь, дарах шил нь гээд бүгд нэг дор байршуулаад зардаг. 

Цуу нь ийм. Тусгай бэлдчихсэн байдаг. Нэмж улаан чинжүү ганц нэг ширхэгийг нэмж хийхэд л болохоор амархан дардаг болсон. Түүнээс дээхэн үед бол нэлээд ажиллагаатай байсан байх. 

Гэхдээ байна аа, мэдээж угаана. Мөн халуун усаар ариутгал болгож хальт угаана. Огт гараа хөдөлгөхгүйгээр амттай, эрүүл хүнс иднэ ч гэж юу байхав? Тийм үү? 

Бид энэ жил харьцангуй багыг авч дарав. "Ногоон чавга" үйл ажиллагаандаа жаахан ядраад, би... Хэ хэ.
Дөнгөж хураасан, шороотойгоор нь ч зардаг. Ингээд арилгаад, угаагаад ууталчихсаныг ч зардаг. Манайх чинь чавганы дарс хийх энэ тэр гээд ажил ихтэй улс тул бэлэн ийм ууттай бэлэн шахуу шагар сонгино аваад адрчихдаг. 

Гэснээс энэхүү шагар сонгиныг өдөрт 4-5 ширхэгийг идвэл цус шингэрүүлдэг гэж ярьдаг юм билээ. Тэр утгаараа идэх дуртай ч хүн байдаг, эсрэгээрээ дургүй ч хүн байдаг юм билээ. 

Би болон хань ижил дуртай. зулзагууд харин идэж өгөхгүй л байна. Сургуульд нь өдрийн хоолонд гарахаар иддэг гэсэн. Учир нь сургуульд аль болох үлдээж болохгүй гэж сургадаг тул. 

Японд байдаг хүмүүс байвал энэхүү шагар сонгинотой таарвал идчихэж байгаарай. Битгий буцаарай...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年6月9日火曜日

Тэнгисийн эрэг дээр

За та бүхэн гарчгийг нь хараад уншмаар санагдаад ороод ирсэн үү? Эгч "Тэнгисийн эрэг дээр" гэдэгт оролцоо юм болов уу? гэж мэгж бодсон уу? Ха ха. 

Үгүй юм аа. 

Энэ л Япон тэнгисийн эгэрт ирээд нэлээд хэдэн жилийг үджээ. Байнгын уншигчид минь бараг блог бичсэн цагаас нь тооцоод хэдэн жил болж байгааг минь бодоод гаргаад ирэх байх шүү. Хэ хэ. 

Өгөөж ихтэй байсан. Золиос ч байсан. Тухайн хүний харах өнцөг л мэдэх зүйл...

Намуун сайхан өдөр байлаа. Өөрийн эрхгүй л зураг дарав. Түүнээс ч далай тэнгис чинь нэг уур нь хүрэхээрээ бас л... Та бүхэн мэдэж байгаа биз дээ?  

Хэдий эрэгт нь шахуу амьдардаг байж тэр бүр эрэгт нь очоод алсын бараа ширтэж, эморч амждаггүй юм. Угтаа алсын бараа ширтэж, эморон бясалгаж, нүдээ амраамаар л байдаг ч амралтын өдрүүдээр зулзагуудын элдэв ажилд гүйгээд л таарах...

Энэ өдөр ажлаар явсан юм. Хэдий ажил л гэсэн амжуулна аа гэж. 
За энэ дээврүүдийн нэгэн дор нь би нь амьдардаг шүү. Хэ хэ. Тоглосон юм аа, эгч нь үүнийг бодвол арай хотжуу газар нь гэрээ бариад амьдарч байгаа шүү. 

Яг ингээд эрэг дээр, далайтайгаа хиллээд амьдрахаар бас л гайхна өө. Бороо их орохоор, хүчтэй давалгаалахаар, хар шуурга ирэхээр, цүнами ирвэл яах улс юм бол? 

Ойлгодоггүй байлаа. Эд чинь далайтайгаа салшгүй хүйн холбоотой л амьдардаг улс юм билээ. Бид таван хошуу малтайгаа нэг тийм илэрхийлж чадамгүй, хүйн холбоотой байдаг шиг л юм гэж ухаарсан бөлгөө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年6月7日日曜日

Шинэ төрлийн спорт

Ажлын шугамаар нэг зүйл орчуулсан юм. Тэгсэн шинэ шинэ төрлийн спортуудын нэр гарч ирээд. Оноогоод хэлж мэдэхгүй тул нетээр нэлээд хайв. Зарим нэг спорт нь монголд нэвтрээд, ороод удаагүй ч оноосон нэршил, орчуулга нь байдаг юм байна. Олзуурхав.

Нөгөөтэйгүүр би өөрөө спортын хүн биш тул мэддэггүй зүйл ихтэй байлаа. Аан, ингэж хэлдэг байх нь гэж шинэ зүйл мэдэж авав. 

Харин зарим нэг спорт нь үнэхээр манайд байдаггүй юм билээ. Англиар нь бичиээд л явуулчихлаа. Мөн зарим нэг спортын хэллэг нь ч англиар нь хэлээд явчихдаг юм байна. 

Жишээ дурдвал: lifesaving, gateball, rubber бэйсбол, гэх мэт. Спорт болж ороогүй хэдий ч хичээллэдэг, сонирхдог хүмүүс мэр сэр байдаг бололтой юм. Зүг чиг олох" гэдэг спорт байдаг юм байна. Тэр нь дотроо "ой мод" гэдэг төрөлтэй. Хэ хэ. 

Шинэ содон зүйл олж сонсох, мэдэх зүгээр тийм ээ? Тархиа бага ч гэсэн ажиллуулж байна аа л гэсэн үг байх даа? 

Гэснээс япон хэл усандаа ус цас болох ч бас л яагаа ч үгүй байна даа гэж өөрийгөө голон голон ажлаа хийх тохиолдол гарах л юм. Заримдаа ч "өө, төгс хүн хаана ч үгүй" гэж ирээд л, их өөдрөг, эерэг болчих ч тохиолдол байна. 

Хүүе, "зарим" гэдэг үгийг хэдэн ч удаа хэрэглэчихэв дээ? Ха ха. 
Гэснээс сүүлийн үед ахмадууд маань граунд гольфийг сонирхон хичээллэдэг болсонд ихэд олзуурхаж байгаа. Хаана ч, хэдийд ч, хэн ч тоглож болдог, мөн эрүүл мэнд, найз нөхөдтэйгөө хөгжилдөхөд ихээхэн ач тустай хэмээн суугуул нутагт минь ч сонирхогчид их. 

Арга ч үгүй байх, анх үүсгэн байгуулсан хүн болон газар нь суугуул нутгийнх минь тул... 
Мөн Япон тэнгисийн эрэг дагуух нэгэн толгод дээр анх тоглон, үүсгэсэн гэдэг утгаараа яг тэрхүү толгодоо тохижуулан тэмцээний талбай болгоод жил бүр олон улсын тэмцээн зохиогоод, эх орноос минь их олон ахмадууд ирж оролцдог...

Уншигч олон дунд дээд дурдсан спортуудаас мэддэг нь спорт байвал хэлж, мэдээллээ хуваалцаж тус болоорой. Баярлалаа, гялайлаа. 

2026年6月6日土曜日

6 дугаар сарын мэнд ээ

6 дугаар сар гараад хэд хоночихлоо. Эх үрсийн баяр ажлын өдөр байсныг ч хэлэх үү, бид тэмдэглэж барьсангүй ээ. Хэ хэ. 

5 дугаар сард төлөвлөгөөт номоо нэгээр дутуу уншлаа. Энэ сар нэг ном илүү уншина даа гэж бодсоор л явна. 

Ном уншихын хажуугаар бас бус ажил гараад байх юм өө. Жишээ нь аяга угаагч нэхэх. Энэ сарын сүүлээр ажлаар гялс эх орондоо очиж, Монголын үнэртэй салхиа хальт үнэрлээд л ирэх сураг гараад. 

Цөөхөн хоног ч байсан хамаагүй, ижий аавдаа үнсүүлээд, эх орныхоо сэрүүн сайхан салхийг цээж дүүрэн амьсгалчихаад ирнэ хэмээн би догдлоостой. Хамгийн гоё нь улсын мөнгөөр ниснэ. Хэ хэ. 

Хөөрсөн хүн ижий ааваасаа юу захих вэ гэж асуугаад л, их зүйл хэлэхээр нь "яасан их юм бэ?" гэж айлгачихаад л...

Ижий минь охиндоо эрхэлж ийм хэлбэртэй аяга угаагч захьсан. Хамгийн анх ийм хэлбэртэйг нэхдэг байсан юм. О.зулзага дөрвөлжин хэлбэртэй нь угаахад амар байдаг гэхээр нь зулзагынхаа үгэнд ороод, тувт дөрвөлжин хэлбэртэйг нэхсэн. 

Харин ижий минь уламжлалт хэлбэрт нь дуртай, ээждээ ийм дугуй хэлбэртэйг нэхэж ирээрэй гэхэд нь "өө, тэгж хэлбэр энэ тэр өөрчлөөд суух цаг зав алга өө" гээд халгаадаггүй байсан алдаагаа засах санаатай... 
Өдөрт бага багаар нэхнэ. 10 ширхэгийг нэхэж авчраарай гэж зарлигдсан. Аравхан ширхэг? Гарын үзүүрээр л хийх ажил. Өнгө өнгийн утас худалдаж авч ирээд л, оройд амсхийн суухдаа 2-3 ширхэгийг нэхэж тавина. 

Энд тэнд хүнтэй уулзахдаа, найзууд ирэхэд гээд л эхнээс нь бэлэглэнэ. Саяхан бас хоёр япон залуу хүнд бэлэглэсэн. Нэг нь ганц бие, нэг нь найз охинтой. "Хөөх, ийм гоё хөөрхөн юмыг чинь хэрэглэхэд хайран юм байна аа" гэж хэлээд л хоёр гардан авна. 
Ийм өнгөтэйнүүдийг нэхэв. Зарим нэг нь шинэ өнгө. Урд нь карим нэг өнгийн утас зарагдаггүй байсан. Зарим нэг өнгө нь зарагдахаа байсан байна лээ. 10 ширхэг аяга угаагч дорхноо л нэхээд дуусгасан. 

Одоо найзууддаа бэлэглэхээр дөрвөлжин хэлбэртэйгээ нэхэж байгаа. Нэг найзад минь ганцхан үлдсэн гэсэн. Уг нь ойр ойрхон бэлэглээд байдаг юм. Өнгөрдөг жил уулзаж амжаагүй тул бэлэглэж чадалгүй ирсэн. Энэ жил уулзаж  амжихгүй бол үлдээгээд л ирнэ дээ. 

Уг нь өмнөх жил очихдоо үлдээгээд л ирсэн. Ижий аав минь аваачиж өгч амжаагүй гэсэн. 

Зээ, нэг иймэрхүү сонин сайхантайгаар 6 дугаар сараа эхлүүлж байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月25日月曜日

Уусан нь

Хүүш л дээ, энэ ажилд орсноор миний ууж идэх ажил нэмэгдсэн гэж хэллүү? Байсхийгээд л хамт ажилладаг хүмүүстэйгээ, өмнөх ажлынхантайгаа, ганц нэг танилтайгаа, фракцынхантайгаа гээд л ууж идэх шалтаг мундахгүй юм.

Нэг бодлын олонтойгоо яваагийн минь баталгаа гэж өөрийгөө хөөргөнө. Нөгөө бодлын монгол хүн гэсэн нэр нүүрээ аятайхан авч явах гэсэн хариуцлага гэж дотогшоогоо өмөлзөнө. Хэ хэ. Бөөн далим уу? Ха ха. 

Гаднаас нь харахад ундаа шиг л байна уу? Энд гэхдээ нэг их хатуу зүйл уугаад байдаггүй, залуус нь. Өвөө нар сакэ гэх мэт архиа уудаг. Залуус бол шар айраг, ликёр, дарс гэх зөөлөн зүйлс ууна. 

Маргааш нь ажил дээрээ гозойж л байна. Шартатлаа уух нь ховор. Мэдээж ой тоогоо алдтал уудаг хүмүүс бийг үгүйсгэхгүй. 

Би ихэвчлэн улаан дарс шимдэг байсныгаа сүүлийн үед иймэрхүү нялуундуу "ундаа"-г ууж үзэж байгаа, албаар. 

Энэ ямар ч билээ архийг орэнж жүүсээр зөөллөсөн ундаа. Үүнийг би уугаагүй шиг санаж байна. Хэ хэ. Санахаа больтол уугаагүй л дээ, нэлээд дээхний явдал тул мартжээ. 

Мөс ихтэй тул бас их шингэн ирнэ ээ. Заримдаа мөсгүй гэж хэлэх үе бий. Олигтойхон шиг өтгөнөөр нь уучихмаар байхад, нэг их том том мөс хөвүүлчихдэг. Уушийн газартаа бол үнэн ашигтай л байх даа тийм ээ?

Надад бол ашиггүй, мөнгөндөө тааруулаад л уучихмаар байхад, үгүй ээ бүр давуулан уумаар байхад, тийм ээ? Хо хо.  
Төгсгөлд нь гэх үү? Хаалтанд нь улаан дарсаа шимнэ. Дээхэн дан улаан дарсаар дагнаад, маргааш нь шартаад аюул болсон. Тэр нэгэн явдлаас хойш улаан дарсаа бага шимдэг болж туршлагажсан. Хи хи. 

Гэртээ ч улаан дарс авч тавихаа багасгасан. Зочин ирвэл л авна. Наана нь урьдчилаж авахгүй. Гэрт бэлэн байгаад байхаар хаа нэгтээ жаахан "стрессдэн" үедээ задалчих гээд байдаг шүү, золиг чинь. 

Хуучин ажлын газрын маань хэсэг хүүхнүүд дарсаа гоё жаргаж хүртэнэ шүү, бултаараа. Стрессдэж биш, хэрэв стрессээ тайлах гэж уувал дарс минь хөөрхий, өрөвдөлтэй, дарсанд ямар ч буруу байхгүй шүү дээ гэсэн. 

Нэг бодлын зөв тийм ээ? Тийм болохоор дарсаа найз нөхөдтэйгөө хөгжин цэнгэхдээ л уух минь гээд гэртээ бэлэн авч тавихаа больж буй бөлгөө. Бага багаар "гэгээрэх" замдаа орж л байна гэхгүй юу? Ха ха. 

За өнөөх хар халуун, тамын халуун нь эхлэх гэж байна. Ийм халууны үед ч хүйтэн шар айраг ч аяа бас л жаргал шүү дээ. Тамын халуун гэж үг сурсан. Нэгэн монгол охин хэлсэн, тамын халуун нь одоо эхлэх үү? гээд...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月4日土曜日

Түүхий загас

Орж гарахдаа идэж уусан зурагнаасаа оруулах уу даа? Ажлаар, гадуур явахад нэг сайхан нь тэр бүр ороод байдаггүй, үнэтэйдүү газраар орж идэж уух нь. Хо хо. 

Түүнээс гэрээрээ бол зулзагуудын идэж чадахаар, хань ижил цадчихаар хоолтой газар ордог юм аа. Юугий нь нуухав. Тэгээд л би хөвсгөр. Нэг шалтгаан нь их иддэг хүмүүстэй хамт хоолонд орох явдал байх шүү. Ха ха. 
Үндсэн хоолноос өмнө ирдэг зууш. Түүхий хиам? гэх үү. 
Сашими. Загасгүй нь сашими шүү. Анх удаа японд ирж буй хүмүүс тэр бүр идэж чадахгүй л дээ. Манайхан япончуудад гэдэс чанаад өгдөгтэй л адил. Өнөөдүүл нь идэж чаддаггүйтэй л агаар нэг. 

Би ч энд удсаных, худалч хүнд нутгийн индиан болохоо шахсан хүн чинь амтархан иднэ. Бараг л эд нар битгий их идээсэй, би л их идэх юм шүү гэж бодох нь холгүй. Ха ха. 
Сүши нь. Будаатай нь сүши шүү. Будаатай юм болохоор бага зэрэг иднэ, манайхан. Огт бас идэхгүй ч биш. 

Би ч хамгийн их дуртай нь салмон загас. 

Аминдаа үндэсний гэсэн зүйлсээрээ дайлаад байгаа нь тэр. Буруутгах аргагүй. Бид нарын амьд явж байсан хонь, ямаа гаргаад, хоол хийчихдэгтэй адил юм даа, тийм ээ? 

Одоо дахин хэзээ орж гарах ажилтай билээ? гэж бодсон шиг ээ л сууна. 

Бусад хоолныхоо зургийг дараа оруулна аа. Муу хүн идсэн ээ. Энэ япончууд бүгд л муу хүмүүс, дандаа л идсэн ууснаа ярьдаг даг. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月3日金曜日

Хайрхан минь

4 дүгээр сарын мэнд ээ. 

Япон улсад санхүүгийн шинэ жил, хичээл сургуулийн шинэ жил эхлээд гурав хонож байна. 

3 дугаар сарын сүүлээр ажлаар орж гаран, бага зэрэг завгүй байлаа. Ажлын сиймхийгээр ганц нэг газраар аялаад амжив. Хамгийн их амжуулсан нь идэж уух ажил л байлаа. Ха ха. 

Ямар сайндаа нэгэн "зэвүүн" эмээд хэдэн сартай жирэмсэн бэ? гэж хэлүүлж байхав дээ. Эгдүү, зэвүү хоёр зэрэг хүрээд амттанаа хасахаар шийдэв. Амсаагүй гурав л хонох гэж байна. 4 дүгээр сарын 1-с эхэлсэн юм аа. Хо хо. 

Зугаалсан газрынхаа ганц нэг зургаас блогтоо мөнхлөх санаатай орж ирлээ. 
Суугуул мужийн баруун хэсэгт сүндэрлэдэг уул. Нэр нь "Дайсэн". Бид зүгээр нэг уул гэхээсээ илүү "хайрхан" гэж авгайлан хүндлэх дуртай. Учир нь байгалийн гамшигт харьцангуй бага өртөөд байх шиг санагддаг. Санаа дагадаг байж ч магад. 

Хар шуурга болно, анхаараарай. Цас, бороо их орно анхаараарай. Сүр болоод л анхааруулна. Яг цаг нь болохоор харьцангуй тайван, амгалан өнгөрдөг нь Дайсэн хайрхны минь ач тус гэж нутгийн иргэд ч мэддэг, итгэдэг, шүтдэг. 
Хооки нутгийн Фүжи уул гэж ч авгайлуулдаг юм билээ. Ойр хавийнх нь сүм хийд мөн энэхүү хайрхнаа тахин шүтдэг юм билээ. Үе үе манайхнаар бол тахих ёс болоод л байх шиг байдаг. Гэхдээ манайх шиг хамаг дарга цэрэг нар нь том том машинтай очоод, тахиж байна гээд талхилдаггүй юм билээ.  

Цөөн хүний бүрэлдэхүүнтэй явагддаг юм билээ. Болсон болоогүй өнгө өнгийн хадаг яндар уядаггүй юм билээ шүү. 

Алсаас сэтгэлдээ, мэлмийдээ шүтээд, сүсэглээд явдаг юм билээ. 
Хавар цаг тул цэцэг ногоо гараад сэтгэл сэргэм байна өө. Алтан зул цэцэг. Энэ газар бол цэцгийн хүрээлэн. Монголоос ирсэн хүмүүс маань цэцэрлэгт хүрээлэн гэж үүнийг л хэлдэг байх даа. Манайхны хүрээлэнгүүд ч болоогүй байна даа гэсэн. 

Ер нь бол хүндээ л байна тийм ээ? Юу ч хийхгүй байж битгий шүүмжлээд бай гэж загнуулдаг л даа. Хэ хэ. Үнээн үнэн. Уучлаарай. Ганц би биш шүү. Дэлхийгээр нэг тархсан бусад бүх монголчууд надтай ижил шүү. Хань татав. Хи хи. 

Энэ сардаа ч ном уншаад, блогоо бичээд явна аа. Орж гарч байгаарай. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年1月25日日曜日

Цонхлов

Саяны цаснаар бага, дунд сургуулиуд бүтэн өдөр "цонхлов". Азны коля болцгоосон, зулзагууд. 

Гэхдээ байна аа, боловсролдоо анхаардаг айхтар улсууд чинь зүгээр нэг цонхлуулчихгүй байна шүү. Өглөө эрт босгох аргаа олчихож байгаа юм. Таблетийг нь өгч явуулаад, өглөө тэдэн цагт  ирц бүртгэнэ шүү гэж байна. 

Бага зулзага бидэн хоёр сүрийг бадруулаад л таблетаа холбов. Би бас урд өдөр нь гэрээсээ ажиллана гэж мэдүүлгээ өгөөд, ажлын пс-гээ авч ирсэн юм. Учир нь сургуулиас нь ухаалаг утсанд мэдээ ирсэн юм. Маргааш амарна гэж. 

Тэгэхээр нь би ч гэрээсээ ажиллаяа гэж хүсэлт өгөөд, хамтдаа гэрээсээ нэг нь ажлаа хийж, нэг нь хичээлээ хийсэн юм. Ээж л анх удаагаа гэрээсээ ажилласан тул пс-гээ холбох гэж мунгинав. Ажлын цагаас 5 минут хоцорч оров. Цагаа бүртгүүлэх ёстой юм. 

Гэртээ яг ажлаа хийж байна уу? гэж шалгах гэж тэр. Хэ хэ. Бас тайлангаа бичих ёстой юм билээ. Хийсэн юмтай хүн чинь юухан байхав, дор нь л тайлагначихна. 

Зулзага хөөрхөөн. Багшаасаа асуулт асуугаад л, асуултанд хариулж байна шүү. Эгдүү хүрээд, гүйж очоод тэврээд үнсээд авмаар л байлаа. Ха ха. 

Тэгснээ хажуугаар нь ээжтэйгээ бас яриад байх юм аа. Би ч санаа зовоод, мик-ээ хаасан юм уу? гэж асуугаад байна аа. Мик-ээ хаагаагүй байж хоёулаа энд хэлээ хазаад, хошуугаа цорвойлгоод ярьчихсан явж байвал дараа нь ангийхан нь шоолно биз дээ? Хи хи. 

Гайхал цас яасан бэ? гэхээр. Тээр нэг жилийнх шиг хунгарласангүй. Japan sea Polar air mass Convergence Zone гэдэг үзэгдэл болоод их хүйтрээд, цас их унах тул, сурагчдын аюулгүй байдлыг харгалзан үзэж амарсан, нэг өдөр. 

Маргааш нь хичээл ердийнхөөрөө явагдсан. Харин эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан нээлттэй хичээлийн арга хэмжээ цуцлагдсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг харгалзан үзсэн хэрэг. 

Гэрээс ажиллах, хичээллэхийн нэг сул тал нь огтоос алхсангүй, миний алхалтын тоо 2000 ч хүрсэнгүй. Түүнээс ирж очихдоо алхаж буй тул овоо хэд алхчихдаг юм. Бага зулзага бас цаг зав гарвал л зурагт асааж байдаг шүү. 

Дунд зулзага өрөөнөөсөө цухуйхгүй байна шүү. Эрх биш нэг гарч ирж ходоодоо баясгасан. Ха ха. 

Давуу тал нь нүүр амаа янзална гэхгүй, юу өмсөх вэ гэхгүй. Хи хи. 

Өө тийм, маргааш нь хичээлийнхээ нэг цаг дээр цасаар тоглоно гээд, солих хувцас гэх мэт зүйлсийг бэлдүүлж аваад явсан. Хар хүйтэнд гадаа цасаар тоглосон. Орой нь гялгар ууттай нойтон хувцсаа авч ирсэн. Ээжийн ажилд ажил нэмж энэ тэр. Хо хо. 

За тэгээд энэ өвлөө өнөтэй давахын тулд хичээнэ дээ. Тийм үү? Цагаан сар ч болох нь. Бууз хийж хөлдөөнө дөө...

"Цонхлов" гэснээс, арван жилд байхад цонхлоход хичнээн баярладаг байв. Гэхдээ цагийг их дэмий өнгөрөөдөг байж дээ. Одоо бол ч баахан ном цүнхэлж яваад, уншихгүй юу. Ха ха. 

Гэхдээ ангиараа буу халаад, инээж хөөрөөд сайхан л байсан байх даа, тэдгээр өрүүдэд. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年12月28日日曜日

Нутгийн бренд

Япончууд энэ нутгийн брэнд гээч зүйлийг заримдаа ч хэтрүүлж хэрэгжүүлээд байдаг шиг санагддаг шүү, үнэнийг хэлэхэд. Нэг мужийнхаар зогсохгүй, тухайн мужийн нэг сум, тэгснээ бүр жижигхэн тосгоны брэнд хүртэл байна. Тэр болгоныг нь худалдаж аваад, хэрэглэж дадна гэвэл насны тоо гүйцэхээргүй шахуу. Угаасаа гүйцэхгүй ч байх. Хэ хэ. 

Эсрэгээрээ манай монголд энэ зүйл жаахан дутмаг санагддаг байлаа. Тэгсэн сүүлийн үед бас ч гэж тэр нутгийн, энэ сумын гээд бүтээгдэхүүн гарч эхэлжээ. 

Жишээ нь гэвэл өнөөх сүр дуулиантай хийж идсэн "далан давхар гурилтай хуушуур". Завхан аймгийн Их-Уул сумынхан их хийж иддэг, түүнийг нь сайхан сурталчлаад, хаа байсан японд суугаа би хүртэл хийж идэх вэ дээ. Тийм ээ? 
Зээ, энэ Төв аймгийн Батсүмбэр суманд үйлдвэрлэсэн шимийн архи. Хийдэг болжээ, савлагаа нь ч хөөрхөн болжээ. Одоо харин савлагааны чанарт анхаармаар байна аа. Хил, далай даваад ирэх гэж байгаа болохоор амсарт нь санаа зовоод скочоор сайтар баглана. 

Энд ирээд өнөөхөө хайчилж авах гэж бөөн юм болно. Хүнд бэлэглэх гээд, өнөөх авах хүн нь хүлээгээд л зогсоод байна. Ха ха. 

Мөн хуучин монгол бичгээр бичсэн нь хуулраад эхэлсэн байсан. Эд нар монгол хэл мэдэхгүй тулдаа л болж байна.

Өө тийм, үүнийг манай даргад бэлэглэсэн юм. Дарга тэгсэн ажил дээр авчраад, яг миний хажуугийн ширээн дээр тавьчихсан. Гэснээс тэр ширээн дээр үүнээс гадна нэг Соёмбо архи, нэг шар Чингис архи байна. Хэн хэзээ уух юм бүү мэд. Сая нийллэгээрээ уух юм байх гэж бодсон чинь уусангүй ээ.  
Батсүмбэр сумын нэр хаяг бүхий ааруул. Амт дажгүй байсан. Сүүлийн үед манайхан ийм бор ууттайгаар савладаг болсон байна билээ, тийм ээ? Таалагддаг. Хэт их гялгар биш. Цаанаасаа нэг тийм байгаль орчноо хайрладаг, газар шороогоо сэндийчихийг нүгэл гэж үздэг, айхтар алсын хараатай үндэстэн байсныг минь, байдгийг минь илтгээд буй мэт санагддаг. Хо хо. 

Одоо иргэд нь жаахан боловсроод, соёлжоод, мэдлэгжээд, сэтгэл хандлагаа өөрчлөөд, дээшлүүлчихвэл тийм ээ? 
Тавагласан байдал. Бага зэрэг исгэлэндүү амттай. Амандаа хийчихээд л суухад хөөрхөн амны зугаа болно. Хань ижилтэйгээ амтархан идсэн. Аймгаас нь аятайхан амттан ирсэн юм болохоор цаанаа л нэг маадгар байх шиг санагдсан. Хэ хэ. 

Хойшид иймэрхүү сум, орон нутгийн бүтээгдэхүүн бэлгэнд авахаараа блогтоо танилцуулж мөнхлөөд, сурталчилж байна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年12月24日水曜日

Нарита

Бас л 6 сард адал явдалтайгаар очоод, нисээд буцаад ирсэн. Энэ удаад хүн тосох гэж л очсон. Ирэх жил чадвал бас хүн тосоод, эсвэл өөрөө томилолтоор явах гээд энэ газарт дахин ирэх юм шүү. 

Ирэх оныхоо дэвтэрт бичиж тэмдэглэнэ ээ. Эх орондоо очоод ирэх, нисэх орж хүн тосох гэж томоос том бичнэ ээ. Бичсэн зүйл биелдэг гэж уншсан...

Хаанаас хүн тоссон нь ойлгомжтой. Танил үг харагдах ч цаанаа л нэг сайхан шүү. Олон жилийн өмнөхийг бодвол нэг их хоцроод байхгүй болсон, хүмүүс нь ч нааш цааш явж сурсан, ачаа бараа нь ч саатаад, шалгагдаад байх нь ховор болсон зэрэг нь том амжилт. 

Нүүр улайлгаад байх нь эрс багассан. Аэро Монголиа-г бодвол. Хэдэн жилийн өмнө бүтэн нэг өдрөөр шахуу хоцроод, дэмбэрэлтсэн. Хохироод л дууссан. 

Хоцрохгүй бол ажил алба ч харьцангуй цагийн хуваарийн дагуу явагддаг болсон.
Япончууд яс тас бэлддэг болохоор төөрөөд, будлиад байхгүй амар. Яг хаана бууж суух, хүнээ хүлээж байх хоорондоо буцаад явах зогсоол, суудлаа судлаад урьдчилаад очоод нягталчихна. 

Автобусныхаа билетийг худалдаад авчихна. Ер нь бэлтгэл ажлыг маш сайтар хангана. Заримдаа ч залхмаар, гэхдээ бас суралцмаар зан чанарых нь нэг. Олон жил болж буй би ч үе үе монгол зангаа гаргачих гээд байдаг шүү, нөхөр минь. Царгалдаж болохгүй шүү гэж өөртөө санууланхан явлаа. Хичээнэ ээ. 
Энд нэг өдрийнхөө өдрийн хоолоо идсэн. Хятадын зарим нэг нислэг цуцлагдаад тэгсэн үү? Хөл хөдөлгөөн зуныг бодвол багатай юм шиг л санагдсан. Ачаагаа өгөөд, суудлаа бичүүлэх гээд очсон аль хэзээний урт дараалал үүссэн байв. Ачаа ихтэй улс, том том ханхар залуус, хүүхнүүд. 

Жижиг хүмүүс дунд байхаар чинь том ханхар залуус, хүүхнүүд харахаар өөрийн эрхгүй л бахархах ч шиг болж байна лээ. Би өөрөө хажууд нь жижигхэн, гуалиг харагдах болохоор тэр шүү дээ. Ха ха. 

Жижигхэн, чөрийсөн хүмүүсийн дунд би том харагдаад байна, бүхий л талаараа. Хэ хэ. 

За ямартай ч хот хүрээ орж, сэтгэлээ нэг сайхан сэргээчихээд ирсэн. Жаахан л ядарсан. О.зулзага "ээж та гадуур ажилтай явж байхдаа хөгжилтэй, жаргалтай харагддаг" гэсэн. Үе үе ингээд гадуур явж байх юм шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年12月23日火曜日

Ханэда

Зун 6 дугаар сард Ханэда нисэх онгоцны буудал орсон доо, нэлээд адал явдалтайгаар. Энэ удаад адал явдалгүй ч шинэ жилийн уур амьсгал ороод, гацуур модоо зассан Ханэда нисэх онгоцны буудал шинэ соргог байлаа. 

Одоогоос нэлээд олон жилийн өмнө бас шинэ жилийн уур амьсгал орчихсон байхад хэд хэд орж байсан л даа. Тухайн цаг үед нүүрном гэж байгаагүй, ухаалаг утасгүй байсан тул шууд ингээд гар утсандаа зураг буулгадаггүй байж. 

Зургийн аппаратандаа буулгана. Угаалгах нь ховор...

Энэ суугуул нутгийн минь онгоцны буудал. Би их эрт очсон тул ингэж хүнгүй зураг авч амжсан. Энэ сандалд угласан уут хөөрхөн санагдсан байх. Тэгээд л зураг дарсан байх өө. Заримдаа ч яагаад ийм зураг дарсан юм бол доо гэж бодоход хүрдэг. Хэ хэ. 

Мөн бүх зүйл ухаалаг утсаар явагддаг болж, их амар цаг хэмнэдэг ч болжээ. 
20 хэдтэй, 30 хэдтэй байхдаа орж үзэж байсан Ханэда нисэх онгоцны буудлын гацуур мод. Дэлгүүр хоршоо. Сэтгэл хөдөлсөн шүү. Худалдаж авахгүй ч ганган ганган дэлгүүр хоршоо хэсэх гоё тийм ээ. 

Тэгж хэсэнгээ нэг тийм хөөрхөн зүйл олоод худалдаж авах. Би 30 хэдтэйдээ үүгээр нэг дайрахдаа хань ижилдээ малгайны нэг хөөрхөн соронз авч билээ. Мөн гэртээ нэг хөөрхөн наалт авч байсан. Одоо ч гэрийг минь чимээд, хань ижлийн малгайнд өлгөөтэй байдаг юм. Тухайн үед охиддоо түлхүүрийн оосор авч байсан нь одоо ч гэрт харагддаг юм. 
Энэ удаад өөрийн эрхгүй сэтгэл гижигдсэн, бүр цаанаасаа нэг худалдаад авчих юмсан гэж бодсон зүйлтэй таарсангүй. Гэрийнхэндээ, ганц нэг хүнд бол амттан худалдаж авсан л даа. 

Оройн хоолоо Ханэда дээр идэцгээв. Нэг онгоцны буудлаас нэгний хооронд автобусаар явсан. Гадагшаа гарсангүй. Тэгэх цаг зав ч байсангүй тул нисэх дотроо нэг аятайхан гэсэн газар ороод л хооллосон.

Хааяа ч ингэж ажлын бөгчим өрөөнөөс гарч гадаах амьсгалаар амьсгалах ч сайхан шүү. Тийм үү? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年12月22日月曜日

Ногоочин болохоо шахсан нь

Монгол улсаас ирсэн мэргэжилтэнтэй хамт хэд хоног яваад өө. Газар үзэж, нүд тайлж, шинэ зүйл мэдэж, мэдэрсэн долоо хоногийг үдэв. Блогоо бичигүй удсаны минь шалтгаануудын нэг. 

Дотор хүн минь бол өдөр бүр л блогоо бичээд явсан шүү. Хэ хэ. Гол нь пс-гээ авч явах боломж гараагүй. Авч явсан ч ажиллуулж чадахааргүй байсан. 

Суугуул нутгийн минь бренд. Урт сонгино, цагаан сонгино гээд нэршил нь янз янз. Энэ ил харагдаж байгаа ногоон нь гол биш, хөрсөндөө нуугдаж байгаа хэсэг нь цагаан. Тэр цагаан нь их чухал. Цагаан хэсэг нь 27 см байх ёстой гэсэн дунджаар.

Энэ урт сонгинод би дуртай. Шөлтэй хоолонд хийхэд их гоё амттай болдог. Түүхийгээр нь ч идэхэд тохиромжтой. Би ч тэгээд сонгино, саримс түүхийгээр нь идчихдэг, идэж чаддаг хүн л дээ. 

Энэ зун хөдөө орон нутгийн хүүхдүүдтэй хамт хооллосон чинь буузныхаа ч билүү хуушуурныхаа ч билүү сонгиныг түүгээд байсан. Өөрийн хүүхэд бол ч зад загнаад идүүлмээр л байсан. Хэ хэ. 

Эгч нь амаа хамхиж сурах гэж байгаа. Чадахгүй ээ, хааяадаа...  
За байз? Энэ чинь ямар ногоо билээ? Мэргэжлийн хүн биш тул мартчихсан байна өө. Хэ хэ. 

Ногоо тариалдаг хүмүүс чинь ногоогоо анддаггүй юм билээ? Хараад л шууд танина. Мэдээжийн зүйл бичсэн үү? Хэ хэ. 

Нэг сүрхий зүйл нь нутаг усныхаа онцлогт тохирсон шинэ сорт гаргаж авахад анхаарч, гаргаж авсан сортоо арчилж, ургуулж, хэр тохиромжтой байна зэргийг нь судлаад явдаг юм билээ. Оюутнуудаараа судлуулаад, арчлуулаад л явчихна. 

Манайх бол ихэвчлэн гаднаас сорт оруулж ирж тариалдаг шиг байна билээ шүү. Яг монголынхоо хөрсөнд ургахад тохиромжтой, хүйтэн сэрүүн улиралд л хурааж авч болохуйц сорт гаргаж ирээд, нутагшуулаад явдаг бол тийм ээ? 

За мэргэжлийн бус, мэддэггүй хүнд эрээн цоохор гэдэг шиг бурсан бол уучилна биз? 
Улаан лоольны хувьд мөн л хэд хэдэн сорттой. Тоос хүртээдэг, хүртээдэггүй, эрт болцын гэх мэт байх жишээний. 

Ганц улаан лооль ч биш л дээ. Бүхий л төрлийн жимс ногоонд байна. Мөн бүх ногоог тариална гэж үздэггүй юм билээ. Цаг агаар зэрэгт нь тохиромжгүй бол японыхоо бусад мужууддаа даатгаад, тэдгээрээс худалдаж авах. 

Хүнсний дэлгүүрүүд нь ямар аж ахуйн нэгжтэй гэрээтэй байна, өөр мужаас авах бол өөр мужаасаа авчихдаг, өөрсдийн орон нутагт тариалсан бол өөрсдийнхөө аж ахуйн нэгжүүдээсээ авна. 

Хувийн аж ахуйн нэгжүүдээс гадна өрхийн тариаланчид ч бий. Жишээ нь наддаа үе үе цагаан лууван, сонгино өгдөг хөршүүд шиг минь. 

Намайг сонгино аваад харих уу л гэсэн, даанч би даргынхаа машинд дайгдаад, мөн өдөржингөө гадуур явж байгаад нэлээд оройдоо гэртээ харих байсан болохоор нэрэлхээд авсангүй ээ. Хэ хэ. 

Хүний машиныг сонгинын үнэр болгочихно гэж санаа зовов. Хүнд гай болохгүй амьдрах...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年10月17日金曜日

Дарүма ба сүм

Угтаа сүм үзэхээр явсан юм аа. Гэмгүй байж байгаад л үе үе салхинд гараад, зугаалчихдаг тийм ээ. Энэ удаад бас л сонирхолтой, хөгжилтэй аялачихаад ирсэн.  

Найзуудынхаа ажиллаж амьдардаг газраар ээлжилж аялдаг юм аа. Өнгөрдөг намар Кобэ хотоор зугаалсныг санаж байгаа биз дээ? Энэ жил Осака. Экспо үзэх гэсэн тасалбар нь дууссан тул үзсэнгүй ээ. Өөр зүйл үзээд, зугаалчихсан. Зураг хөрөг оруулж тайлангаа бичнэ ээ. 

Дарүма хүүхэлдэй нь ёроолыг нь хүндрүүлсэн байдаг. Манайхаар бол "Дондогмаа" хүүхэлдэй гэсэн үг. Яаж ч түлхэж унагаасан босоод ирдэг дээ. Тэгж босоод ирдэг гэдэг утгаар нь аливаад бууж өгдөггүй, ямагт босоогоороо хэмээн "Ялалт, даван туулах, бууж өгөхгүй байх"-ыг бэлгэддэг гэнэ. 

Дарүма гардаг нэг хөөрхөн зурагт ном байдаг юм. Бага зулзага дуртай байж билээ. Өдөр бүр шахуу уншуулна. Агуулга нь хөөрхөн тул ээж ч өөрөө их дуртай. Цэцэрлэгт байхад нь тэр зурагт номоороо жүжигчилсэн тоглолт хийгээд, даанч зулзага минь урд өдөр нь халуураад, урлагийн үзлэгтээ очиж чадаагүй. 

Жүжигтээ өмсөх байсан цамцан дээр нь дарүма оёсон байсныг хадгалчихсан. Багадсан гээд хүнд өгчихдөг юм уг нь хувцаснуудыг нь. Дурсгал болгоод тэрхүү дарүматай цамцыг нь аваад үлдчихсэн байгаа. Жижигхэн хөөрхөн цамц бий. Ингээд бичсэн чинь л хайр хүрчихлээ. Босч очоод үнсээд, үлгээд орхилоо. Хэ хэ. 
Угтаа бидний очиж үзсэн "Кацүо" гэдэг нэртэй сүмийн нэг онцлог нь энэ дарүма юм билээ. Дарүмандаа "Кацү дарүма" гэдэг нэр өгчихсөн. Кацү гэдэг нь ялах гэсэн утгатай. Гадаад дотоодын жуулчдын хөл тасардаггүй юм байна. 2023 оноос гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэж, автобус хүрэлцэхгүй гэх мэт асуудал тулгарч, сүм хүртэл явдаг автобусны тоог нэмэх, сүмийн сахиус буюу дарүма хүүхэлдэйг тавих газрыг өргөтгөх зэргээр шуурхай арга хэмжээ авч буй гэнэ.

Нэлээд том талбайг хамарсан ногоон байгууламж бүхий газартай. Байгалийн үзэмж, хараа сайтай, тайван амгалан газар байна лээ. Ойрхон байдаг найзууд маань хааяа эморохоороо ирж зугаалдаг гэсэн шүү.
Зурагт байгаа шиг жижиг жижиг дарүмаг сүм байрлах ногоон байгууламжинд энд тэндгүй тавьчихсан байдаг юм билээ. Хүсвэл нүд хөмсөг зураагүй дарүмаг худалдаж аваад нүд ам хамар гэх мэтээр царайг нь зураад, мөн биенийх нь хаа нэгтээ хүслээ бичдэг юм билээ. 

Ялалт гэдэг нэртэй тул спортынхон, бизнесийнхэн, урлагийнхан гээд л төрөл бүрийн л салбарын хүмүүс ирж хүслээ бичдэг юм байна. Шалгалтаа амжилттай өгөхийг, ажил үйлс нь бүтэмжтэй байхыг, эрүүл саруул байхыг гээд л юу ч хүсч болдог шиг байна лээ. 

Мөн төлбөрөө төлөөд ороход хүний тоогоор нэг нэг цулгуй, цагаан ил захидал өгнө. Түүнийг сүмийн байгууламжаар мөргөн, залбиран зугаалах явцдаа a, b, c... хэмээн дарааллын дагуу тамга дарна. Хамгийн сүүлийн тамгыг дарахад сүмийн хэлбэр дүрс дарүматайгаа тодроод ирдэг юм билээ.

Мөн бага зулзага бидэн хоёрын дунд өрнөсөн харилцан яриаг сонирхуулах уу?
Ээж: 100 аваасай хэмээн залбираарай, миний зулзага.
Зулзага: 100 оноо юухан байсан юм, аваад л байгаа шүү дээ.
Ээж: Одоохондоо ч авч байна л даа, цаашдаа...

Бага ангид авдаг 100 оноо ч бараг нүдээ аниад л авчихдаг "эд" гэж эгч нар хэлдэг юм. Хо хо.

Дараагийн бичвэртээ дахин ганц нэг хөөрхөн зураг оруулна аа.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.