2021年2月28日日曜日

Төв газар 4

За өнөөдөр юу бичих үү? Хэ хэ. Муу хүн идсэн ууснаа л гэдэг. Одоо яая гэхэв. Угаасаа идэхээс өөр сонин алга байна дөө гэж. 

Нэг өдриийн запастай очсон бид хоёр тухайн газрынхаа нэрийн хоолноос амсах санаатай. Нетээс хайж байгаад лавшаа идсэн. Энэ тэр лавшааны газрын хачир. Цагаан лууван, өргөст хэмх, цагаан гаа. 

Үнэгүй нэмж болно гэхээр нь зөндөө нэмсэн. Ха ха. Хажууд суусан өвөө эмээ хоёр бас нэмээд л байсан. Дуурайсаан дуурайсан. Хо хо.
Ийм тагтай тавагтай ирсэн. Хатуудуу гурилтай. Нэлээд өтгөн шөлтэй юм билээ. Мисо шөлөнд чанасан. Гэснээс эдний хоолны таваг энэ тэр өвөрмөц гоё. Өөрөө худалдаж авдаггүй л болохоос. Үнэтэй, хэлбэр галбир нь өвөрмөц бол хураах гэж зай эзэлдэг болохоор авдаггүй юм өө.
Тагийг нь авахаар нэг иймэрхүү. Өндөгтэй байсан юм байна. Мартсан байна шүү. Хи хи. 

За нэг иймэрхүү. Идсэн уусан бичлэг хэсэгтээ үргэлжлэх байх шүү. Энэ эхний өдрийнх. Япончууд чинь идэмхий ард түмэн шүү дээ. Тэр газрын тийм хүнс нь, тийм хоол нь, тийм жимс нь амттай гээд л ярина шүү дээ. 

Бүгдэд нь амжилт. Түр баяртай.

2021年2月27日土曜日

Төв газар 3

Энэ удаад идсэн уусан тухай шүү. Хот газар юмны үнэ өртөг бас л өндөр юм аа. Өдрийн хоол, оройн хоол, амттан гээд л. 

Өглөөдөө зочид буудалдаа сайн идэж авна. Хэ хэ. Юун төлөө өглөөний хоолтой гэж захиалсан билээ. Тийм ээ? Томилолтоор ийш тийшээ явахдаа буянтай сайхан хүмүүсийн ачаар олон л зочид буудлын өглөөний цайг идсэн дээ. 

Ойрхон хэд хэдэн буудал хольж солиод буудаллахаар бас хооронд нь харьцуулж энэ тэр. Хи хи. Их эд ээ. 

Харин энэ удаад, сүүлийн 2 жил яваагүй тул урдны хэдээ мартасхийгээд, харьцуулалгүй, амттай сайхан байлаа. 
Өглөөд талоноо өгч орно. Оронгуут үүдэнд бугуй хавьд халуун хэмжинэ. Гараа ариутгана. Ууттай нойтон сальфетка өгнө. 

Цааш яваад суудлаа сонгоно. Дээрх зураг дээх болохоор үндсэн цэс нь. Мисо шөл, натто, салат, будаа, уух зүйлс, талх гэх мэт зүйлс нь тусдаа өрөөстэй байна. Өөрсдөө очиж авна. Нэмж болно. 

Энэ үндсэн цэснээс бууз баншыг нэмж болно. Бид нэмээгүй ээ, хангалттай цадчихаж байгаа юм чинь. Хэ хэ. 

Аан тийм, энэ муж дээрх тавган дээр харагдаж байгаа тахианы шарсан хөлөөрөө алдартай гэсэн байх шүү. 

Жаахан ч гэсэн шарсан загас байсан нь аятайхан байсан. Яаж ийгээд л мах мах болчихдог бидэнд. Би гадуур хоолонд орох хэрэг гарвал загас идэх гэж хичээдэг. 

Гэртээ тэр бүр загас шараад байдаггүй, монгол хүн байна даа, мах руу л гар яваад байдаг учраас...
Мисо шөлнөөс гадна ийм тахианы бөөрөнхий махтай, мөөгтэй шөл байсан. Бид өдөр бүр тэр шөлнөөс уусан. Мисо шөл тэртэй тэргүй гэртээ хийгээд уучихдаг болохоор. Хи хи. 

Өө тийм, өрөөстэй зүйлсээс авахдаа хальсан бээлий углана. Халдвараас сэргийлж тэр. Мөн амны хаалтаа хоол идэхээс бусад үед байнга зүүгээстэй. Гэх мэтээр хэдий эрсдэлтэй ч эдийн засгаа бодоод зогсолтгүй л ажиллаад байх шиг, энд. 

Таг зогсчихолгүй, оройд 8 цагаас хааж байна, ихэнх газар. Ганц нэг онгорхой хоолны газар 8 цагаас хойш бол авч харихаар л болзолтой онгорхой байсан. 

Дараагийн бичлэгээр өдрийн болон оройн хоолны зурагнаасаа оруулна аа. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年2月26日金曜日

Төв газар 2

Явсан газрынхаа нүд хужирласан ганц нэг зураг оруулах гээд л. Хэт их сонголттой, хэт их дэлгүүртэй, хэт их амттантай, хэт хүнтэй газар ч бас л. 

Гэхдээ жилдээ ганц нэг зүгээр тийм ээ? Ойрын 2 жил төв газар яваагүй болохоор сайхан л байсан. 

Энэ удаад гэрлийн бүрхүүлний 2 зураг дарсныгаа оруулах санаатай. 

Үдийн хоолны цагаар орсон лавшааны газар. Мисонд чанасан лавшаагаараа алдартай гэхээр нь орж идсэн. Хатуудуу гурилтай, өтгөндүү шөлтэй үдон буюу лавшаа байсан. 

Таазных нь энэ гэрлийн бүрхүүл таалагдаад зураг дарсан бөлгөө. 
Буудалласан буудлын ресторан. Өглөөний цайгаа ууна. Өвөрмөц санагдаад. Хэ хэ. АПА гэдэг нэртэй зочид буудал. 

Хот газрын хүмүүст бол үүнээс ч илүү содон, өвөрмөц тааз, чимэглэл, бүрхүүлийг өдөр тутамдаа хардаг байх тийм үү? Би ч ажлаар ийш тийшээ явахдаа таараад л зураг дардаг. 

Үе үе ингэж блогтоо оруулдаг, эргэн дурсан санахын тулд. 

Нэг иймэрхүү сонинтой, догдолсон, түгшсэн, санаа зовсон хүн яваад л байгаа шөө. Бүгдэд нь амжилт. Түр баяртай. 

2021年2月25日木曜日

Төв газар

Хүүе энэ төв газар чинь амьдрал буцалж байна шүү дээ. Юун өвчин, юун вирус. Төв буудлын ойролцоо ч зочид буудалд буусан. Хүн гэж пиг байсан. Ажилдаа яарсан, хичээдээ яарсан гэх мэт залуус. 

Их дэлгүүрээр хэссэн эмээ өвөө, баячууд, ганган ганган туранхай хүүхнүүд. Их дэлгүүрээр нь нүдээ хужирлаж явахдаа өөрөөсөө ичлээ. Пөөнийсөн хар курткатай. Ядаж байхад хөвсгөр. 

Галт тэрэгний буудалтай залгаа байдаг Такашимаяа их дэлгүүрээр нь цаг нөгцөөж, нүдээ хужирлаж жаал алхсан. Хөдөөний хүн соёлтой танилцаж, хүмүүсийнх нь ганган сайхныг, мөнгөтэйг гайхаж л явлаа. 

Хажууд нь би конкурсны хүүхдийн төлбөр, байр сууцыг яах билээ гээд санаа зовоод явж байхад. Наана нь ямартай ч конкурсээ амжилттай өгөөдхөг дээ, тэгж байтал  учрыг нь олоод, хужрыг нь тунгаана даа гэсэн шүү бодол толгойд эргэлдээстэй. 

Төв газар ирснийх өрөөндөө бүгээд байх бас тиймхэн санагдаад л хэссэн хэрэг. Түүнээс ч өрөөндөө л номоо уншаад суумаар. Гэхдээ амжилттай өнөөх Стиб Жобсынхоо номыг дуусгасан. 

Нэг япон ном эхлүүлээд, овоо ахиулчихсан. 500 хэдэн хуудаснаас 200 гаран хуудас уншсан. Харих замдаа галт тэргэнд уншиж, дотроо жаахан сонин болгож аваад, сүүлдээ хаагаад, нүдээ аньж унтмар аядсан. 

Энэ япончууд унаанд ном уншаад байдгийг дуурайсан биш. Гайхаад л байна. Дотор энэ тэр нь муухайрдаггүй юм байх даа гэж...

Төв газрын сонин сайханг зураг хөрөгтэй нь танилцуулна аа. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年2月24日水曜日

Бурхны зоог 2

Залаад ирсэн бурханд минь хөрш эмээ өгөөд явсан. Биднийг сэрээгүй байхад шахам ирээд, хаалганы бариулаас зүүчихэж. Мэссэж үлдээгээд. 

5 ширхэг байсан байхаа. Нэгийг нь бага зулзага дур мэдэн авч илсэн. Дунд зулзага эгчээсээ айгаад дур мэдэн идэхгүй. Эгч нь хальт амсуулж байх шиг байсан. 

Хүмүүс эгчийг нь гээд  байхаар бас жаахан атаархасхийгээд байх шиг. Миний зулзага ч бас залаад ирсэн бурхан шиг болох цаг ирнэ ээ. Тэр үед эргэн тойрныхон бас л ингэж дэмжих байх аа гэж хэлж ойлгуулчих санаатай үзэж тарж байна. 

Бага ч юугаа мэдэхэв. Томчуудын өгснийг амттай гэж идчихээд л, амтгүй зүйлээ гаргаж хаячихаад л гүйж байна. 

Хань ижил бид амсаагүй. Би чинь хөвсгөрөөсөө салчих санаатай нэг их дуртай зүйл минь биш бол ам руугаа хийхгүй байгаа. Дуртай чокогоо авалгүй, лангууны хажуугаар өнгөрөхдөө нүдээ аниад, хурдан гэгч нь тойрно. хэ хэ. 

Залаад ирсэн бурхантай ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай...

2021年2月23日火曜日

Байр

Зээ ёстой хөөрхөн зураг олоод оо. Бага насаа өнгөрөөсөн байрны минь зураг. Бага ангид орж, мэдээ орсон цагаас минь энэ байранд амьдарч байсан. Соц нийгэм ч байсан. 

Олон сайхан дурсамж бий. Мөн олон сахилгагүй дурсамж ч бий. Жаахан дүүгээ дагуулаад 9 давхар барилгын чиртаакан дээр гардаг байлаа. Тухайн үед нэг дотны найзынх 9 давхарт, манайх бас 9 давхарт. 

Доошоо буугаад дахин дээшээ гарахаасаа залхуураад, шууд чиртаакаараа орж гардаг байлаа. Үнэн танхай юу? Одоо охид минь дүүгээ тэгж авч гарвал би боож үхэх байх шүү. 

Гол нь бид ээж аавыгаа ажилдаа явсан хойгуур бүтэхгүй, зэвүүн, сахилгагүй үйлдлээ хийдэг байж.

Энэ модон тоглоом. Тухайн үедээ бид модон тоглоом гэж нэрлэдэг байсан. Өдөржингөө л энд өнжинө. Байрныхаа хойно савлуур бүхий хөөрхөн жижигхэн тоглоомын талбай байсан. Саравчтай, хөгшид нарладаг байсан. 

2 талд нь бас яг ижил байр бий. Энэ зурагны баруун гар талынх нь байрны хойно бас савлуур бүхий тоглоомын талбай бий. Урд талд нь жижигхэн хөөрхөн байшин байдаг байсан. 

Жуковын нэрэмжит ч билүү номын сан. Би тэндээс ном унших гараагаа эхэлсэн. Номын сангийн өмнө Ленины музей байсан. Одоо юу болсон бэ? бүү мэд. Пионерт тэнд элсэж байсан. 

Хэн нэгэн сурагч дурсгал болгож тасалгааны цэцэг бэлэглэх болоод. Би 2 гараа өргөж байгаад л ээжийнхээ тарьж ургуулсан нэг хөөрхөн тасалгааны ургамлыг авч явж байсан. 

Ээж минь тухайн үедээ нэг их сайшаагаагүй санагддаг. Хэ хэ. 

Бас тэр Лениний музейг тойрч их айл гэртэж тоглодог байсан. Гэрийнхээ сервантны хамаг өнгөтэй өөдтэй гэснийг авч гараад л. Бүтэн үлдэх нь ховор л доо. Хи хи. 

Аминдаа баян айл болж харагдах гэж тэр байх даа. 

Сүүлд нийгэм солигдоод, манайх нүүх болов. Бөөн уур, нүүхгүй гэж уйлж дуулж байснаа санадаг юм. Харин би сургуулиа солиогүй. 

За нэг иймэрхүү бага насаараа нэг аялчихаад ирлээ. Нас явж буйгийн шинж ээ гэж...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年2月22日月曜日

Бурханд минь зоог

За би бээр эндхийн конкурсны хүүхдийн талаарх төрсөн сэтгэгдлээ? бичээд яваад байгаа ухаантай даа. 

Таарсан хүн болгон л хэцүү байна уу? сандарч байна уу? сэтгэл санаа тогтворгүй байна уу? гэж асууна. Тэр нь конкурсанд хүүхэд сойх гэдэг нь өөрөө ямар их ачаалалтай, нэр төрийн, хүч сорьсон зүйл болохыг бэлхэнээ хэлээд өгч байгаа хэрэг. 

Ганц манай том зулзага ч биш, ер нь энд нийгмээрээ, улсаараа л бэлддэг юм байна. Бодлого, тогтолцоо нь үнэн айхтар.

Өчүүхэн би нь хамгийн ойроор, өөрт тохиолдолж буй зүйлээсээ л бичиж буй хэрэг. 

Ажлын газрын хүүхнээс мэссэж ирж байна. "Үүдэнд нь жижигхээн талх орхисон байгаа шүү. Конкурсны зулзагынх нь хичээлд хань болог." гэсэн байсан. 

Гараад авсан. Тавьчихаад өөрөө аль хэдийн явчихсан байсан. Чимээгүй, сүр бадруулалгүй, энгийн даруухнар дэмжиж буйн илрэл нь. 

За энэ талх яагаад хичээл хийхэд нь хань болох вэ гэхээр?

Шөнө дөл болтол хичээлээ хийгээд суухад нь үе үе ам руугаа идэх юм хийж хивэхийг хань болох гээд байгаа юм. Ха ха. 

Гэрийн ойролцоох жижигхэн хөөрхөн кафены газрын талх. Нэг ийм уут нь гэхэд л хөөрхөн үнэтэй. Дотроо инжир жимстэй. Гоё хатуу. 

Эндхийн талхнууд зөөлхөн, хөвсгөр байх нь элбэг. 

Том зулзага нэг уутыг ганцаараа иднэ гээд өрөө лүүгээ аваад орсон. Үлдсэн хоёрыг нь бусад 4 гишүүд эвтэй найрамдалтай хуваагаад идсэн. Хэ хэ. 

Бушуухан шиг конкурс дуусаасай гэж бодоостой...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年2月21日日曜日

Амралтын өдрийн тайлан

За нэг их тайлагнаад байх онцгой үйл явдал болсонгүй ээ. Цаг агаар сайхан, хавар цаг айсуй. Эртээдхэн орсон цас хайлсан. 

Зулзагууд гадаа гарч тоглосон. Бага нь орохгүй гэж уурлаж, уйлж, газар сууж уурлах гэх мэтээр аашилсан. Түүнийг нь хараад уурлах биш өхөөрдөх. Биднийг хараад дунд зулзага дүүдээ атаархаж энэ тэр. Хэ хэ. 

Тоглоомын талбайд очиж шороогоор наадав. Чулуугаар зураг зурсан. Ээжийгээ зур гэж тушаагаад, авъяасгүй ээж байдалд орж энэ тэр. Ккк.

Гэртээ өнжсөнийх хөнжил гудсаа гаргаж хатаав. Энд нар л гарвал хүмүүс хөнжил гутсаа гаргаж хатаадаг. Чийгтэй орны нэг хэцүү нь чийг баманд элдэв өт хорхой үржих нь их.

Ажилтай үед өглөө гаргаж хатаах гэхээр өдөр нь тэнгэр муухайрах явдал хааяа гардаг тул тэр бүр гаргадаггүй. Өдөр харих гэхээр заримдаа бас амждаггүй гээд л шалтаг ихээ их. 

Чийг бам гэдэг үг орж ирж байх чинь? Монгол хэлээ бас мартчихаагүй л бололтой. Хоршоо үг. Нэг зав гарвал тольдоно оо. 

Нэг том ажил нь чемоданаа гаргаж ирсэн. Дотор нь хийсэн байсан хувцсаа түр гаргаж тавьлаа. Авч явна гэсэн ганц нэг зүйлсээ хийлээ. Ингээд Монгол явчихаад ирдэг бол тийм ээ? гэж ярилцав бид. Хо хо.

Өө бас нэг том ажил амжуулсан. Дэлгүүр хоршоо орж ээжийг эзгүйд манай хэд буцалсан цай шиг өнгөрөөхгүйгээр жаал хүнс, ойр зуурынх нь хэрэглээг бэлдсэн.

Хаашаа явах гээд л байна даа гэж бодож байна уу? Нууц мэдэв үү? Хи хи.

Ариун цэвэр, хувийн сахилга бат их сайн сахих санаатай жижиг савалгаатай гар ариутгагч 2-ыг авлаа. Баахан амны хаалт бэлдлээ. За тэгээд өмнө томилолтоор ийш тийшээ яваад сурсан хүн чинь юухан байхав. 

Нээрээ тийм, бага зулзага энгэрээс зүүгдэхгүй тул жаал гоо сайхандая гэж бодоод маск энэ тэрээ цүнхэллээ. Би чинь бага зулзагаа унтуулдаг баатар болоод өөрөө түрүүлээд нам болохоор юун гоо сайхан...

За нэг иймэрхүү. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年2月20日土曜日

Гүзгээлзгэнэ

Том зулзага анх хэлд орж байхдаа гүзээлзгэнийг "гүзгээлзгэнэ" гэж хэлдэг байсан. Бид хааяа тэр үгээр нь өхөөрдөж хэднэ. Одоо ч конкурсны том маамаа болсон ч хааяа багынх нь энэ мэт сонин хэлдэг байсан үгийг нь хэлэхээр жуумалзаж харагддаг. 

Дуртай байдаг байх. Ер нь хүүхдүүд өөрийнх нь паян зэргийг санаад ярихад дуртай тийм ээ?

Гүзээлзгэний улирал болж байна өө. Угаагаад өгөхийн зуургүй тэр бяцхан хөөрхөн хурууг хараад байгаарай. 

Усан үзэм, гүзээлзгэнэ, мандарин гэх тэм жимсийг маш амтархан иддэг. Алимыг шүүсийг нь жаахан сорж байгаад орхичихдог. Гадилыг заримдаа иддэг, заримдаа гаргаад хаячихдаг сонин. 

Энэ хүүхдүүд сонин тийм ээ? Дуртай байсан зүйлдээ заримдаа дургүй болчихно. Дургүй дээ гэж бодохоор хэзээдээ ч юм дуртай болчихсон л явж байдаг.

Юу бичиж явлаа? Хадуурах нь болжээ, хөөрхий. 

Дулаахан газар сайхан юм аа гэж бодох, жидийн дөрвөн улирал жимс ногоогоор тасрахгүй. Хөөрхий эх орон минь хүйтэн болохоор тэр бүр нарийн ногоо, жимс тариалахад эрсдэл ихтэй тийм ээ. 

Жимс идэхдээ ч зүгээр иддэггүй шүү дээ, энэ гадаадад байдаг нөхдүүд. Эх оронд минь ургадаг бол ч? тариалдаг болч гэж бодож энэ тэр. Над шиг ийм хүн олон байдаг байх өө.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 


2021年2月19日金曜日

Нүсэр биш төсөр

Энэ нүсэр биш төсөр гэдэг үгийг энэ япончууд асар идэвхитэй гүйцэтгэдэг шиг санагддаг. 

Энэ хөөрхөн жижигхэн цас арилгагч байна уу? Ажил минь байрладаг газрын өмч. 

Сүүлийн үед ийм жижиг авсаархан төхөөрөмжийг байгууллагууд гадаанаа тавьсан харагддаг. Хэдэн жилийн өмнө харагддаггүй л байсан шиг санаад байна. 

Том том улсын замаа болохоор томоо цас арилгагчаар арилгчихдаг. Өглөөд ажилдаа явахад л арилгачихсан байна шүү дээ. Сүрхий улс шүү эд. 

Харин саяны цаснаар яг миний ажилдаа явдаг замыг арилгаж амжаагүй, энд тэс цас нь хөлдөж овойж товойгоод, хальтиргаа ихтэй. Ажилдаа явах гэж түгжрээд, хоцрох байх гэж утасдлаа. 

Ажилдаа  ирээд цагаа харсан чинь 10 минут л хоцорсон байсан. Хэ хэ. Монголд бол хоцрох биш, цагтаа л ирсэн байна уу? Хэтрүүлчихсэн үү, уучлаарай. Яах гэж эх орноо тэгж байдаг юм тийм ээ?

Уучлаарай, эх орон минь. Үүнийг уншаад, ганц нэг хүмүүс ч гэсэн үлгэр дуурайлал аваад ажилдаа хоцордоггүй болоосой гэж бодоод л, эдний авууштай талыг бичээд байдаг юм өө. 

Түүнээс энд бас асуудал их шүү дээ. Бичихгүй л байгаа болохоос...

За өөр зүйлгүй дээ, түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年2月18日木曜日

Амттай

Зочид буудалд амьдардаг, залаад ирсэн бурхан минь бас онгод нь бууж ирэхээрээ амттай хоол хийнэ ээ. Яаж зүгээр байхав. 

Идэр-Одын нэг бичлэгийг үзсэн биз дээ? Цэцэг услачихаагүй байна гэж үглэж байгаа, хөөрхөн тийм ээ? Манайд ч тийм хотелд байгаа шиг байдаг нөхдүүд бий бий.

Эндээ л зулзага мулзага, мундаг зундаг, хөөрхөн мөөрхөн гээд нялцаганаад байдаг болохоос амьдрал дээр бас л ондоо шүү дээ. 

Загнана, үглэнэ, манай удамд л байхгүй бла бла гээд л. Ккк.

За за оршил нэг иймэрхүү. Одоо өрнөл нь. Өрнөлөө шууд зургаар илэрхийлнэ. 

Нэг өдөр онлайн хичээлтэй гээд гэртээ үлдсэн юм. Тэгсэн өдөр утсаа харсан чинь ийм хоол хийлээ, ирж идэх үү? гэнэ ээ. 

Хайр хүрээд л явчихсан. Зочид буудалд байгаа юм шиг, залаад ирсэн бурхан шиг гэж үглэдэгт минь уучлаарай гэж дотроо бодоостой. Гадагшаа ил гаргахгүй ээ. Эд чинь заримдаа бас хайр даахгүй, уур хүргэнэ шүү дээ. Ха ха. 

Саналаа, нээрээ бас хайр даахгүй гэж хэлдэг юм байна. 

Ингээд л хэлдэг ярьдаг, үглэдэг үгсээ эргээд бодохоор ээжийн минь хэлдэг байсан үгс, яах аргагүй. Үе үе бас л эвгүй хэлц хэлж загнадаг байсан. Гэхдээ тэрийг нь бол би хэлдэггүй. 

Муухай, харгис, муу ёрын санагддаг. 

Ингээд л би чинь хүүхдийн хүмүүжлийн тухай ном, нийтлэлээс дөлөөд байгаа. Миний үглэхдээ хэлдэг үгс зэвүүн, би л ганцаараа хэлдэг байх гэсэн чинь ихэнх ээжүүд бас хэлдэг гэдгийг Идэрээгийн бичлэгнээс олж мэдээд жаахан тайвширсан. 

Ханьтай л юм байна гэж. Хи хи. 

Гэхдээ зулзагууд минь зуун хувь ойлгодог эсэх нь бас л эргэлзээтэй. Эдгээр үгсээ япон хэл рүү уран төгс орчуулж хэлбэл харин ой тоонд нь бууж магад л юм. Ккк.

Ямартай ч нэг өдөр конкурсны зулзага минь хайр хүргээд л авлаа. Уяхан ээж нь дорхноо уярч энэ тэр. Гэхдээ нэг их удаан үргэлжлэхгүй ээ, энэ уянгалалт. Оройдоо л бууж гарна. Ээ дээ энэ ээжүүд үү?

Бүгдэд нь амжилт. Түр баяртай.

2021年2月17日水曜日

Дахиад л

Дахиад л цас орсон шүү. Миний ажил нэмэгдээд л. Ямар ажил гэдгийг нь журмын олон уншигчид минь мэддэг болсон тийм ээ? 

Дунд зулзага сургууль нь ойрхон тул өөрөө явна. Том зулзага хүргүүлнэ. Сургуулийн сүүлчийн хичээлтэй өдөр гэсэн байх шүү. Тэгээд л гурван сарын 1-нд төгсөлтийн баяраа хийнэ. 

Наана нь конкурс гэсэн том даваа нь байна. Гаднаа нэг их үзүүлэхгүй ч дотроо санаа зовсгээд л сууна даа би ч...

Би цасны зураг оруулах гэж орж ирсэн юм аа уг нь.

Өглөөд зулзагуудаа хүргэж өгөх гээд гарахад машин битүү цасаар хучигдсан. Арилгах гэж амьтан болсоон. Хэ хэ. Дотроо хань ижилдээ уур хүрч энэ тэр. Өөрийгөө л болгоод явчихаж, золиг чинь. 

Орой ирэхээр чинь лүндэн буулгана даа. Чиний л зулзагуудыг хүргэж өгдөг дөг, бла бла. Ха ха. 

Гэснээс зулзагууд минь амжилт гаргаад л, хөөрхөн дээрээ тавиастай байвал миний зулзагууд, уур хүргээд байвал хань ижлийн зулзагууд болчихдог шд, манайд. Та нар бас тэгдэг үү. Ха ха ха. 

Нэг шөнийн дотор ингэж орсон байна. Овоо л ажил боллоо, арилгах гэж. Замд тааралдсан машинууд дунд инээдтэй машин их байсан. Үсээ бинтүү засна гэдэг шиг л дээд оройныхоо цасыг буулгаагүй нь их инээдтэй харагддаг. Хэ хэ.

Моднууд их хөөрхөн зайрмаг шиг болчихдог. Гэснээс би зайрмаг идээгүй удаж байна өө. Бага зулзагаас бусад гишүүд идэхээр идье гэж бодогдохгүй, амар. Одоо чоконоос л гарчихмаар байдаг...

Бага зулзагат болохоор эгч нар нь аа баабаа халуун ногоотой гээд хэлчихдэг. Өнөөх нь халуун ногоотой гэсээр л яваад өгнө. Нэхэж барихгүй, хараад өрөвдөөд, хайр хүрээд байдаг юм. 

Гэхдээ яахав, хайчаар тоглуулаагүй аав ээж минь гэж дуу байдаг даа. Хайр нь дотроо хал нь гаднаа шөө миний...

Цас бичиж явснаа хайр энэ тэр болоод л. Сүмбэн цагаан хуруунууд минь ёстой нэг хадуурч товшлоо доо тийм ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

2021年2月16日火曜日

Дөхөөд л

Нохойн дуу ойртоод, бид их томоотой байх гэж хичээж байгаа. Томоотой байна гэдэг нь аль болох чимээ шуугиан багатай, уйлаан майлаан багатай, зурагт үзэлгүй, хөгжим сонсолгүй, монгол руу утсаар ярилгүй гэх мэт. 

Мөн гэртээ элдэв зочид урилгүй байх. Гэснээс монгол хүүхдүүдийн маань хоёр нь шинийн нэгэнд ирж амжаагүй юм. Мужаас гадагшаа тэмцээнд, ярилцлаганд явсан тул. 

Очиж золгомоор байна гэсэн. Шууд ир гээд хэлчихэж чадалгүй, эргээд холбоо барья гэсэн байгаа. Бууз маань дууссаныг ч хэлэх үү? Хэдийг чимхэж хөлдөөмөөр байдаг.

Бага зулзагын багштай уулзсан. Ганцаарчилсан уулзалт. Сүүлийн нэг жил элдэв арга  хэмжээнүүд цуцлагдаад, тэр бүр зулзагынхаа цэцэрлэг дээрх байдлыг нүдээр, амьдаар нь харж баясаж чадахгүй л байна. 

Багштай нь элдэв л зүйл ярилцлаа. Сүүлдээ ч монгол япон хүмүүсийн онцлог, сул тал, сайн тал болоод явчихсан. Хэ хэ. 

Ямартай ч бага зулзага минь дажгүй дассан, одоо бие дааж жорлон орох дасгал хийж байгаа гэсэн. Эхэндээ уйлаад явдаггүй байсан бол одоо явах нь явна, гэхдээ шээдэггүй гэсэн. Хи хи. 

Бид ч бас гэртээ нэг их хүчлээгүй. Уг нь живхнээс нь гаргачихвал эдийн засагт ч нэмэртэй л дээ. Цаг нь болоогүй байхад хүүхдээ нэг их хүчлээд яахав гэж бодоод. Дээрээс нь гурав дахь зулзага болохоор зөнгөөр нь өсгөчих санаатай. 

Түүнээс элдэв мэдээлэл, нийтлэл уншаад байхаар миний өсгөж буй аргын дийлэнх хувь нь буруу ч юм шиг санагдаад, сүүлдээ тиймэрхүү нийтлэлээс зугтаадаг болж байна. Хэ хэ. 

Энэ 4 сараас анги дэвшинэ. Хэрэгтэй гэсэн зүйлсийг нь бичсэн цаас өгсөн. Мөн хувийн малгайтай болно. Хэрэв ах эгчийнх нь гэж байдаг бол ирж үзүүлээд болох уу гэж асуугаарай гэсэн.

Нээрээ нэг малгай бий, түүнийгээ хайх юм байна шүү. Мартаад яваа юм байна. Ойрд мартана гэдэг үгтэй их найз болоод, үе үе түүндээ уураа гаргана аа, яаж зүгээр байхав. Муу нөлөө үзүүлдэг найзаас салчихмаар л байдаг...

Өөр чинь юу билээ? За за бичих зүйл дуусчих шиг боллоо. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年2月15日月曜日

Мартах

Хүүе блогоо мартах шахсан байна шүү дээ. Хэ хэ. Яагаад мартах шахав аа? Энэ чинь одоо. Болж байна уу даа?

Ойрын хоёр өдрийн үйл явдлаа эргэн санах гэж үзэх үү? Гэхдээ нөхөөд оруулчихаж болдог юм билээ. Биш ээ, сар өдрийнхөө тохиргоог зохицуулчихаж болдог юм билээ. Хо хо.

Хайрын баяраар дунд зулзагатайгаа хамт зааланд өнжсөн. Бага сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүдээ гаргаж өгдөг арга хэмжээ. Ээж аавуудтайгаа хамт нөхөрсөг тэмцээн зохионо. 

Дасгалжуулагч нартайгаа өрсөлдөж тоглоно. 

Тэмцээн дуусахаар урьдчилан бэлдсэн урлагийн номероо үзүүлнэ. Эрэгтэй эмэгтэй багууд хамтдаа нэг өдөр зохионо. 

Нэг жаахан шар хөдөлгөсөн арга хэмжээ нь 2-ын зайнаас бөмбөг шидэж оруулах. Би гоолондоо сайн л байсан, залуудаа. Тэгсэн нэг ч оруулаагүй. Арга ч үгүй байх даа, ойрын хэдэн арван жил шидээгүй юм чинь. Хэ хэ. 

Тэгсэн нэг ээж 2 жил дарааллан түрүүлж байгаа юм байна. Ирэх жил түрүүлнэ ээ, наана нь бөмбөг шидэж, бэлтгэл хангаж байгаад. Харин хань ижил 2-т орсон.  

Өнгөрдөг жил би ажил таараад оролцоогүй. Бага зулзага аавыгаа тоглохоор гарахаар л бөөн чарлаан болоод, олон ээжүүд хоббитойг нь гайхсан байх гээд л хань ижил хөхрөөд байсан. 

Энэ жил томорчихсон, тэрүүгээр нэг гүйж харайгаад, нэг зүгээр суухгүй. Хүмүүсийн хайрыг татаад л...

Хэдийгээр коронатай ч яаж ийгээд сургууль цэцэрлэг нь хичээллээд, спорт урлагаа орхилгүй вакцинтайгаа золгочихлоо. 

Энэ долоо хоногоос вакцинжуулалт эхлэнэ. Мундаг уу? Гэтэл манайх бүтэн 2 жил гаран гэртээ бүгж байна. Ирээдүй болсон хүүхэл багачууд, нийгмээс тасраад их л хэцүү байгаа байх даа? Яалтай...

За түр баяртай. Бүгдэд нь амжил хүсье.

2021年2月14日日曜日

Шинийн гурван

Бидэнд бол шинийн гурван. Японд гэгээн хайрын баяр. Гэхдээ энэ япончууд нэг тийм гэгээн цагаан, романтик хайр дурлалын тал дээр маруухан улс шиг санагдаад байдаг. 

Хариуцлага л ярьсан, ухаантай хүмүүс... Хэ хэ. 

Нийгмийн амьтныхаа нэг хувь хүний хувиар бие биедээ чоко бэлэглэх нь их. Хань ижлийн ажлын газрынхан чоко шидэлцэхээ больсон. Их амар санагдаад.

Тэгсэн хорооны зүгээс бага ангийн сурагчдад зориулсан чоко хийх арга хэмжээ зохиосон. Дунд зулзага түрүү жил бүртгэлээс хоцорссон тул энэ жил их эрт утасдаадахлаа гэсэн чинь ам мөчид л амжсан. 

Арга хэмжээндээ оролцоод ирсэн. Энэ зураг дээрх чоког хийж ирсэн. 

Цаасан уутаа хүртэл өөрсдөө ингэж чимсэн байсан. Сүүлийн үед ийм өнгөт, гоё гоё наадаг цаас гарсан тийм ээ? Жаахан үнэтэй л болохоос. Би хаа нэг хямдарсан тааралдвал авчихдаг. 

Ойрд орж гарахгүй байгаа тул элдэв хямдралтай таарахгүй л байна. Хөөрхөн хөөрхөн бичгийн хэрэгсэлтэй таарвал ч...

Цаасан уутан дотор энэ хоёр хайрцаг. Энэ хайрцагнуудыг цаанаас нь тараасан байх. Бүх зүйл нь 110 иен байдаг дэлгүүрээс авчихдаг. За тэр дэлгүүр бол ид шидтэй шүү дээ. Бүх л зүйл байна. Буяныг нь их л хүртдэг дээ. Хэ хэ. 

Хайрцган доторх амттан. Хайлуулж байгаад, сүүн крем энэ тэр холиод. Хэвэнд цутгаад, чимэглэсэн байдал. Чимэглэлээ бас өөрсдөө хийнэ. Материал нь цаанаас. Гэхдээ 200 иен хурааж авсан. 

Бага зулзагаас бусад нь амтархан идсэн. Бага зулзагадаа бид иймэрхүү зүйл идэхдээ "баба халуун ногоотой, болохгүй" гээд хэлчихдэг. Ха ха. 

Одоохондоо чоко, зайрмаг өгч, ундаа өгч эхлээгүй. Тэгсэн монголд хамаатны дүү маамаа зайрмагийг ёстой идэж өгч байна аа. Өө л дөө, яасан эрт өгч эхэлсэн юм бэ? л гэлээ. 

Нэг иймэрхүү. Амралтын өдөр таарсан ч сүйд болж баярлаж барьсангүй ээ. Дор бүрнээ жаахан завгүй. Энэ талаарх тайлангаа бичихийг бодно оо.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年2月13日土曜日

Шинийн хоёрон

Шинийн хоёрны мэнд ээ. 

Хань ижил ажилдаа. Конкурсны зулзага сургууль руугаа. Төгсөх нь дөхсөн тул хэсэг найзуудын хамт хичээлээ давтаад, өдөр нь сургуулийнхаа арын уулын хормойд үдийн хоолоо хамтдаа идэх юм гэсэн. 

Нийслэл салат хачир болгоод аваад явсан. Бууз аваад яв гэсэн чинь "Өө болих минь, махны үнэр танар гэж аймар, тэрүүгээр нэг үнэртээд унана" гэсэн. Хи хи. Мах барагтаа иддэггүй япончуудад махны үнэр их хурц байдаг шиг байна лээ. 

Бид мах чанахаар хавиар нэг үнэртдэг юм билээ. Гадаа л үнэр нь ханхийгээд байдаг. Хэ хэ. 

Бага зулзага бид хоёр аажуухан сэрээд, шинийн нэгнийхээ бууз, бэрээс энэ тэрээс хамж идээд л, нялуураад л. Номоо уншаад л, мөөмөө бариад л, ккк. 

Бага байхад шинийн гурван дөрөвнөөс илүү гарсан жигнэсэн буузныхаа махыг нь түүж идээд л, хатсан гурилыг нь хаядаг санаанд ороод. Хи хи. Хайран бууз тийм ээ? Тэгтэл нь илүү ихийг жигнээд, хаяж байдаг, бас л цамаан байж ээ. 

Одоо бол тааруулаад жигнэнэ, тэгэхгүй бол хайран хөдөлмөр, мөнгө биз дээ?

Дунд зулзага, шинийн нэгэнд бууз жигнэхтэй давхцаад, чоко хайлуулж байна гэж ажил удаад. Хайлуулсан чокогоо зүрхэнд хэлбэрт хэвэнд цутгаад, хөлдөөсөн. 

Өнөөдөр тэрийгээ савлаж бариад аваад явсан. Ойрхон цэцэрлэгт уулзаад, солилцох юм гэсэн. Журмын нөхдийн баталгаа болгож хэсэг найзууд хоорондоо солилцох юм дагуудаа. 

Боож савлахыг нь би харж амжаагүй, унтамхай хүн чинь. Сэрээгээрэй гэж хэлсэн байсан тул сэрээсэн. Годгос гэж босоод л, дуртай зүйлээ болохоор үглүүлж бариулалгүй хийчихэж байгаа юм. Ээ дээ энэ хүүхдүүд үү? 

Найзуудаасаа авсныгаа газар дээр нь идсэн гээд хоосон ирсээн. Хи хи. Ээж зураг хөрөг авч блогтоо оруулах гээд байхад. Гэхдээ хоосонгүй, өөрийнх нь хайлуулснаас, гэрийнхэндээ гэж үлдээсэн нь энэ шүү. 

Зүгээр байсан чоког ажил болгож хайлуулаад, хэвэнд цутгаад л, төвөг байгаа  даа тийм ээ. Золтой л хэл хальтарчихаагүй. Хи хи. Хүүхдийн төлөө за гэж хэлье гэдэг уриатай хүн чинь. Ккк. 

Том болоод өөрт нь дурсгалтай юм даа тийм ээ. Том зулзага хааяа бас дурсаад л байдаг юм. Сайхан завтай байжээ л гэдэг. Хо хо. Одоо хүнтэй ч дуугарах завгүй байгаа хүн шүү дээ. 

Ойрд овоо идэш уушаа тааруулаад сүрхий байсан юмсан. Энэ олон баярууд бас л...

Нас ахихаар идсэн уусан зарцуулагддаггүй, өөх болоод шингээд байдаг болчихдог юм байна шүү. Журмын олон дүү нар уншиж байвал мэдэж аваарай. Хэ хэ. 

Энэ жил айл их хэсэж алт мөнгө цуглуулахгүй болохоор онцгүй байна уу та нарт. Дахиад нэг удаагийин цагаан сарыг нүсэр биш төсөр тэмдэглэчихвэл сурах болов уу? 

Сүр бадруулж олон давхар тавгийн идээ засалгүй болдог юм байна, жил бүр шинэ дээл хийлгэж, худалдаж авч өмсөлгүй болдог юм байна гэж. Хи хи. За а үглэх тийшээгээ болчихлоо шүү. 

Энэ Идэр-Од бид хоёр л өнгө ижил хүмүүсийг дарамтлаад тийм ээ. Нэг нь үгээ цээжил гэж дарамтлаад л. Ккк. 

Нэг чухал баяраа амжилттай давчихлаа. Гэснээс сая шинийн нэгэнд ирж чадаагүй хоёр монгол хүүхэд тэгж байгаад ирж золгох байх. Учир нь нэг нь тэмцээнд явсан. Нэг нь их сургуулийн ярилцлаганд орохоор явсан. 

Яг шинийн нэгэнд таарчихсан гээд наашаа сэтгэл нь хоргодоод байсан гэсэн. Хөөрхөн...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2021年2月12日金曜日

Үхэр жилийн мэнд ээ

Үхэр жил гарлаа гэж. Мөрөө гаргацгаасан уу?  Хань ижил хийморийн овоо гарсан. Би яахав бага зулзагаа хүргэж өгсөн болохоор тэгээд мөрөө гаргасан гэсэн үг. Хүүхдийн өхөөрдөм хөөрхөн, гэнэн цагаахан, баяр хөөртэй дуу хуур хангинасан газар тул энэ жилдээ ч сайхан байх биз ээ.

Охид сургууль руугаа явцгаасан. Тэгэхээр мэдээж эрдэм номтой нөхөрлөсөн жил байна гэдэгт итгэл төгс байна өө. 

Тавгийн минь идээ. Нүүр номоор яваад байсан идээний зурагнаас санаа аваад зассан. Ирэх жил дээшээ жаахан өндөр засаж болох юм гэж бодсон. Учир нь их хөөрхөн жижигхэн идээ. Харахаар хайр хүрээд. Хи хи. 

Урт гонзгой нь бяслаг. Ирэх жил бүр жижиг хэрчээд тавина аа. Энэ жил голоор нь нэг хэрчсэн. Бөөрөнхий цагаан нь рамүнэ гээд англиар бол porous and chalky soft candy гэдэг шиг байна. Цагаан өнгөтэй болохоор ёотонг орлоод болж байгаа биз?

Ёотон байсан л даа, даанч жижигхэн хөөрхөн идээнд минь томдоод. Хэ хэ. Санаа аваад, засаад үзье гэж шийдэхээр бас хөөрхөн сэтгэдэг юм байна хүн гээч амьтан чинь. Ха ха. 

Урд нь онгоц хараад л, монголоос л гар хараад байдаг байсан бол. Тэгэхдээ тэр холоос чирэгдэл учруулаад яахав гээд тавгийн идээ засдаггүй л байсан л даа. Буузаа, бэрээстэйгээ л хийж иддэг байлаа. 

Ингээд хажуунаас нь харахаар яг л тавгийн идээ байгаа биз дээ. Хи хи. 

За тэгээд ажлын өдөр тул оройд оо л бужигналаа. Монгол хүүхдүүд ирж золгоод бууз жигнүүлж идсэн. Нийслэл салат, байцааны салат хийсэн. Нэг зүйл мэдэж авсан нь хүүхдүүд байцааны салат нэг их иддэггүй юм байна. 

Нийслэл салатыг сайн идсэн. Бэрээс бас нэг их дуртай биш юм байна. Ирэх жил дээрх бага иддэг зүйлсийнхээ хэмжээг багасгана аа. 

Эхний хэсэг хүүхдүүд эрт ирсэн, туслалцаад хөөрхөн. Эгчээ юу хийх үү? гэж асууж гүйгээд, би чинь уймраа эмээ шиг л сандарч гүйгээд. Ха ха. Олуулаа инээж хөөрөөд шинэлсэн сайхан байлаа. 

Хоёр дахь хэсэг нь нэлээд орой ирээд, хам хум буузаа жигнүүлж идээд л харьцгаасан. 

Эндээс төгсөөд явсан хүүхдүүд бичих нь бичээд, ярих нь яриад мэнд мэдсэн. 

Журмын олон нөхөд сайхан шинэлсэн биз дээ? Үхэр жилдээ эрүүл энх, хүссэн бүхэн нь биелэх болтугай. Мөн энэ баба өвчин үтэр түргэн дарагдах болтугай. 

Түр баяртай.

2021年2月11日木曜日

Битүүний мэнд ээ

Өнөөдөр битүүн, энд нийтийн амралтын өдөр таарлаа. Сайхан байна өө. Долоо хоногийн дунд ингээд ганц өдөр амрах бас сайхан тийм ээ? Олон хоног дарааллан амрахаар эсрэгээрээ ядраад байдаг болохоор явцын дундах нэг ийм амралт аятайхан санагдаад байдаг болжээ. 

Хэдийгээр битүүн ч нэг их онцын зүйл байсангүй. Цагаалга болгож бэрээсээ хийсэн. Нэмэлт сахар хийлгүй, усан үзмийнхаа чихэрлэг амтаар л амталчихсан. Тэгсэн хань ижил би жирийн л багадаа иддэг байснаар нь идмээр байна гэж уур хүргээд. 

Тэгэхээр нь бас үглээд авсан. Биднийг багад элдэв амттан ховор, элсэн чихэр л байдаг байлаа. Тэр үед бол энэ нэмэлт сахарын хэрэглээг бие маань яаж ийгээд зохицуулчихдаг байсан. Харин орчин үед амттан ихдээд, сахарын илүүдэлд ороод, бла бла гэж үглээд. Би дийлсэн. Ха ха. 

Нялуун биш тул зулзагууд бага зэрэг амссан. Ааруул, айрагнаас бусад цагаан идээнд? жаахан муу талдаа. Гэснээс ааруул тасраад удаж байна өө. Хүмүүс гадаадад байгаа мөртлөө хийгээд л байна гэсэн. 

Чийгтэй оронд хатаах гэж нэлээд ажиллагаа болох байх гэж бодоод хийж үзье гэж бодохгүй байгаа. Ингээд бодохоор би үнэн залхуу юм аа, тийм ээ. Нэг хэсэг өрөм загсаах гэж их үзсэн дээ. Уг нь боломжийн амттай, гэм нь ажиллагаа их орно. Дээрээс нь хуруу зузаан гарахгүй, атгахан хэмжээтэй гардаг тул бас л залхуураад хийе гэж бодохгүй л байна. Ха ха. 

Мөн буузаа жигнээд, бага зэрэг байцааны салат хийсэн. Байцааны салат их амар тийм ээ? Өмнө нь хийж идэж байхгүй, заавал ажиллагаа ихтэй нийслэл салат хийдэг байсныгаа гайхаад байгаа. 

Гэхдээ шинийн нэгэнд нийслэл салат хийнэ. Хааяа л нэг юм чинь гэж бодоод. Гэрийнхэн ч дуртай, монгол хүүхдүүд ч дуртай. Хүний газар хүүхэд л баярлуулж буян үйлдэе дээ. Ямар гандан орж чадах биш. 

За журмын олон ушигчид минь сайхан битүүлээрэй. Түр баяртай.

2021年2月10日水曜日

Бууз бууз бууз

Хүүе цаана чинь маш ажилсаг, сэтгэлтэй, зүтгэлтэй ээжүүд их байна шүү. Нүүр ном шагайхаас сүүлдээ айж, ичиж, зовж энэ тэр. 

Яасан гэхээр? Онгоц байхгүй, ачаа бараа ирэхгүй гээд дээр бичсэн мундаг ээжүүд ул боовоо, сүлжмэлээ өөрсдөө хийгээд байна. Тэр зургуудыг нь хараад хийж чадахгүй, хийе гэж бодохгүй болохоороо л нүүр ном шагайхаасаа айгаад байна л даа.

Би наана нь хэдхэн буук чимхэж хөлдөөх гэж л үгээ хэлж байхад. Ичсэн нэрэндээ хэдэн бууз чимхэж хөлдөөсөн л дөө. Түүнийгээ битүүндээ жигнэх үү? Шинийн нэгэндээ жигнэх үү? гээд л ярилцаад байж байна. Хэ хэ. 

Гол нь энд буузаа хөлдөөнө гэдэг чинь алаан болоод байна. Монгол шиг гадаанаа хөлдөөгөөд, түүнийг нь багачууд манаад л гэдэг зүйл байхгүй. Хулганы нүх шиг жижиг хөлдөөгчөө л ашиглана. 

Тэгэхээр хөлдөөгчинд байсан мах шүүсээ яах уу? гээд л асуудал бас ундрах юм байна шүү дээ. Ай хоорвоо...

Энэ буузаа хийнгээ бас амталгаа хиймээр санагдаад, тэгээд бас залхуу юм болохоороо нэг бүрчлэн чимхэхээсээ залхуураад ингээд жигнээд идсэн. Сулавтар амттай байсан. 

Яахав, кимчи энэ тэртэй холиод идэхээр тэгээд ургаад л явчихна. Маргааш нь дахин 100 гаран бууз чимхсэн. Бага зулзагаа унтуулдаг баатар болоод өөрөө түрүүлээд нам. 

Хөөрхий хань ижил чимхэж дуусгасан. Хо хо. Урд өдрийн хэдэн буузаа бас тэгсэн. Ха ха. Тэгээд л энэ мундаг ажилсаг ээж нарыг нэг шүтэх, нэг атаархах, нэг завтайг  нь гайхах, нэг өөр яах уу? гэгч болоод байна л даа цаадах чинь. Хи хи. 

За ямартай ч талаар нэг бэлчих юмсан гэсэн үхэр жил минь  гарах нь дээ, тийм ээ? 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年2月9日火曜日

Уран илтгэгч

Уран илтгэгч болохоор шийдээд, өнөөх чинь. Ийм ном эхэлчихлээ. Ха ха.

Тоглосон юм аа. Ахлах сургуулийн хүүхэд өгсөн 4 номны нэг нь. Нимгэнээс нь эхэлж уншиж буй царай нь.

Гар утасны ертөнцөд хувьсгал авчирсан энэ тэр гээд надаар хэлүүлтгүй мэдэж байгаа биз дээ. 

Хэрэгжүүлээд явчихбал ч одоо л ёстой үзүүлээд өгөхөөр болж байна аа тийм ээ? Миний энэ сүүлд уншсан хэдэн номыг харахад л. 

Ганц нэг зүйлийг нь санаж явна аа. Зүгээр уншчихгүй бас алдаа олж энэ тэр, их эд ээ. Хи хи. 

Аан тийм, их жижгээр шивсэн байсан, үсэгнүүд нь. 

За тэгээд IT чиглэлийн элдэв үг хэллэг ихтэй байсан. Америк улсын, америк хүний жишээг ихээр авч тайлбарласан байсан тул англи хэлгүй надад жаахан бууж өгөхгүй л байсан. 

Япон хүнээр жишээ авсан бол харин толгой дохиод л уншад суух байсан байх. 

Нэг их илтгэл тавиад байдаггүй ч хааяа эх орныхоо тухай танилцуулахдаа гаргаж ирж сөхөж харж байгаад хэрэгжүүлж болохоор зүйл байвал хэрэгжүүлнэ ээ. 

Одоогоор бас уншаад дуусчихаагүй тул сэтгэгдэл ч бүрэн гүйцэд бичих боломжгүй байна. Жаахан л цаг зав гарвал л барьж авах санаатай ч боломж ховор л байна шүү. 

Сая амралтаар хамаг цагаа бууз чимхэж хөлдөөхөд зарцууллаа. Тэгээд л бодлоо. Манайхан хамаг цагаа идэхэд зарцуулаад, сурахад, уншихад, хөгжихөд их бага цаг зарцуулдаг юм байна гэж. 

Ингээд биччихвэл ч алуулах байх даа? Хаа очиж энд орж ирэх хүмүүс тоотой нь сайхан. 

Ээж аав, эх орноосоо хол монгол хүүхдүүдэд бага ч болов монгол амт амсуулж буйн болох юм даа тийм ээ? Эх орны минь ирээдүй шүү дээ...

За дараа номоо уншиж дуусгаад, бичихээр зүйл байвал бичнэ ээ. Нэг бол өөртөө л үлдээгээд, би л өөрөө хөгжигнө өө. Ха ха. Сурсан мэдсэнээ бусдад түгээх чинь нэг буян гэсэн шөө,  чимээгүй л өөрийгөө болгоод, өөрөө л болж байвал болоо гэж бодоод явдаг хүмүүс минь ээ. 

Бусдад гэрэл түгээ. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжиль хүсье.

2021年2月8日月曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь ирээд ээ. Хайр хүрээд л явчихсан. Хэ хэ. Хонх дараад л би дэгдэж гүйгээд л.

Энэ бол байнга ямар нэгэн амттан бариад гүйдэг алтан хөрш минь. 

Энэ бөөрөнхий нь томчуудад зориулсан чоко бялуу. Хорооноос зохиох арга хэмжээнд багшаар оролцох юм гэнэ. Тэрэндээ бэлдээд байгаа гэнэ ээ. Бид эхний амтлагч нь. Хи хи.

Энэ хүүхдүүдэд зориулсан нь. Элдэв орцных нь хэмжээ нь бага юм даг уу даа. Бага зулзагаас бусад нь надад тэд, чамд тэд гэж булаацалдах нь холгүй, амаа олохгүй л идлээ. 

2 сард төрсөн өдөр байхгүй, бялуу иддэггүй юм. Тэгсэн хөрш эмээгийнхээ буянаар сайхан гэрийн бялуу идчихлээ шүү санамсаргүй байж байгаад.

Гэснээс энэ хайрын сарын чоко хийх арга хэмжээнд нь дунд зулзага бүртгүүлсэн. Өнгөрдөг жил хоцорчихсон бид хоёр. Энэ жил анаж байгаад утасдсан чинь хүн бүрдэхэд хоёрхон хүн л дутуу байна гэж авдаг юм даа. 

Энэ япончууд бас хэнхэг юм аа гэж гайхав. Ккк. Ямартай ч зулзага минь бөөн баяр байгаа. Ээждээ хамгийн амттай чоко хийж ирнэ гэсэн. Мэдээж эндээ зураг хөргийг нь оруулна аа.

Бүх уншигчдадаа амжилт хүсье. Түр баяртай.

2021年2月7日日曜日

Бөмбөлөг

Цагаан будааны бөмбөлөгт дуртай юу? Би дургүй. Харин охид дуртай. Ээж, дургүй болохоор хүмүүс бидэнд өгөхгүй байна гэж авсан. Хэ хэ. 

Энэ тухай нь ажлынхаа нэг хүүхэнд санамсаргүй ярьсан чинь ээжээрээ хийлгээд өгнө болоод. 

Тэгэхээр нь дэлгүүрээс худалдаж авч өгдөг ч юм билүү гэж бодож байсныгаа шууд цуцалсан би. Сэмээрхэн, дотроо л охиддоо авч өгье дөө гэж бодож байсан юм.

Гурван янзын бөмбөлөг өгсөн. Цагаан, элдэв хольцгүй нь түрүүлж дууссан. Яг идэхдээ цуу энэ тэр гээд бас амталж идвэл илүү амттай. 

Ногоон нь агь хольсон гэсэн. Дараагаар нь дууссан. Бор өнгөтэй нь Японы морин хүрэн ( Aesculus turbinata ) гэдэг ургамал? хольсон гэсэн. Мод байдаг шиг байна лээ.

Энэ бор өнгөтэй нь хамгийн сүүлд дууссан. Хань ижил л идсэн. Охид таалаагүй. Хэ хэ. 

Энэ ажлын маань хүүхний гэр нь манайтай ойр. Тэгэхээр хөрш гэсэн үг. Хэ хэ. Хөршийн холбоондоо орууллаа. Ирэх жил дахин авна шүү л гэлээ. Гэснээс ирэх жил конкурсныхаа зулзагат шуудан явуулж байх ажилтай болно.

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年2月6日土曜日

Өв

3 бүсгүй гэртээ нэг өдөр өнжихдөө ийм зүйл хийсэн байдаг юм. 

Ээж нь үнэтэй цайтай гоёоноосоо том зулзагатаа өвлүүлээд. Хэ хэ.

Энэ гэхдээ зөвхөн жижигхэн хэсэг нь. Унждаг, урт, том өв хөрөнгө минь ороогүй байна. Хэ хэ.

Энэ ээж залуудаа бас ганган хүнд гархи нэмэр гээчээр сонин сонин зүйл их цуглуулдаг байжээ. 

Одоо бол барагтаа зүүхгүй. Ядаж байхад амны хаалттай үед бүр ч төвөг юм. Оосор нь ээмгэнд хүрээд, аягүй л бол алга болгох магадлалтай тул ээмэг зүүсэнгүй жил болж байна. 

Бага зулзага надад өгөхгүй юм байх даа гэж горьдоостой. Эгч нь гэхдээ бас ганц нэг өвөө илүүчлээд байсан. 

Би ч "Миний охин өөрөө эд хогшилоо гамтай эдэлдэг, хайрладаг болохоор нь л өгнө дөө" гэсэн. Учир нь одоохондоо жаахан хайш яайш байгаад өө.

Ээж аминдаа минималист болох эхлэлээ тавьж эхэлж байгаа нь энэ. Хэрэглэхгүй, зүүдэггүй гээн зйүлсээ ийш нь тийш нь болгож. Энэ жил бүр хувцас ч аваагүй. Дэлгүүр орох завдал ч болохгүй байна дөө.

Гялс хүнсээр л шагайдаг болоод удаж байна. Нэг бодлын их амар юм гээч. Хямдрал гэсэн бичиг ч харагдахгүй болохоор, шунал ч хөдлөхгүй. Хи хи. Байгаа зүйлсээ угааж хатаагаад өмсөөд болдог л юм байна хүн гэдэг чинь. 

Бүгдэд нь амжилт хүсье. Элдэв хэрэглээгээ багасгаарай. Түр баяртай.

2021年2月4日木曜日

Цагаан лууван

Үе үе цагаан лууван танилуудаасаа авна аа. Хааяа л худалдаж авдаг. 

Хөршээс эхлээд танилууд минь өгөхдээ, ганцыг биш хоёр гурваар нь өгдөг болохоор заримдаа зөөллөөд муутгачих гээд байдаг талтай. 

Тэгээд юүтүбээс хайж дарж үзлээ.

Энэ зурагны цагаан лууван нь жижиг хэмжээтэй, ногоондуу өнгөтэй. Болгож идэхээсээ илүү түүхийгээр нь идэхэд тохиромжтой. Бага зэрэг давс цацаад л болсон. Амт гэвэл цагаан луувангийн амт тэг чигээрээ л байсан. Элдэв цуу гэх мэт амтлагчаар амтлаагүй болохоор арга ч үгүй тийм ээ? Хэ хэ.

Энэ болохоор том урт цагаан лууванг цуугаар амталсан байдал. Цуу, амтат архи? гэж орчуулах уу сайн мэдэхгүй байна. Японоор мирин гэдэг. Энэ 2-ыг ижил хэмжээтэй жижиг тогоонд хийж буцалгасан. Бага зэрэг элсэн чихэр хийсэн. 

Мөн улаан чинжүү багахааныг цацаж өгсөн. Буцалсных нь дараагаар ингэж хэрчсэн түүхий цагаан лууван дээрээ хийж өгөөд хөрөхөөр нь хөргөгчинд нэг хонуулсан. 

Энэ зураг болохоор дөнгөж цуугаа хийсний дараах. Маргааш нь гаргаж ирсэн чинь цагаан луувангийн өөрийнх нь шүүс нэмэгдээд, цагаан лууван маань далд орсон байсан. 

Томчууд бол амтархан идэж байгаа. Хоёр бага зулзага л иддэггүй. Дунд зулзага нэг гонзгойг л амссан. Бага зулзагадаа бол өгөхгүй, иймэрхүү хурц амттай зүйл. 

Үе үе ингэж онгод орно оо. 

За бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай.

2021年2月3日水曜日

Чирта

Энэ хоёр лааз зэрэг дуусаад. Тэгээд лаазаа цэвэрлэх зуураа гэнэт шороо хийж байгаад чирта тоглодог ч юм билүү гэж санаад. Хэ хэ.

Нивеа тосыг байнга хэрэглэдэг бид. Нэг нэвтрүүлгээр энэ тос нь их үнэтэй ямар ч билээ тостой найрлага нь бараг ижил байсан гэж гарсан гэсэн. Том зулзага үзсэн гэсэн. 

Үнэ ч харьцангуй гайгүй. Хааяа бас монгол руу бэлгэнд явуулна аа. Дуртай эсэхийг мэдэхгүй л дээ. 

Ногоон нь гарын тос. Би ажил дээрээ тавиад овоо удаан хэрэглэсэн. Дуусахаар нь гэртээ авчирч лаазаа цэвэрлэсэн юм. 

Лаазны хог авдаг өдөр иртэл бага зулзага жаал тоглох шив дээ. Ингэж тоглодог юм гэж зааж өгч энэ тэр. Даанч одооны хүүхдүүд тоохгүй юм дөө гэж.

Энэ хоёр тосонд дуртай хүн байвал хэлээрэй. Хааяа юу өгөхөө мэдэхгүй, хайж явах завгүй үед ингээд авмаар байгаа зүйлээ хэлчихэж байвал их зүгээр байдаг шөө. Яг над шиг. Ккк.

Би Токиод байдаг нэг хүүхэнд тагтааны хэлбэртэй жигнэмэг авна шөө гээд л хэлчихдэг. Амар, цаад хүн маань ч амар байдаг гэсэн. 

За за чирта ярьж явснаа бэлэг сэлт гээд. Шуналтай гар шүү энэ, тийм ээ? Хи хи. 

Дараа харихаараа байрныхантайгаа талтаж байгаад чиртадна аа ерөөсөө. тэр болтол хөвсгөрөө жаахан багасгах. Үсэрч чадахгүй онигоо болно биз дээ? энэ чинь одоо. Хо хо.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年2月2日火曜日

Жимс

Хол ойрын сайхан хөршүүдтэй хүн шүү дээ, манайх гэдэг айл. Буяныг нь их л хүртдэг дээ. 

Хүний газар, яаж байна ийж байна, зулзагууд нь дажгүй биз дээ? гэж асуух чинь бас их урам өгдөг юм билээ. 

Хичээх болно оо, холбоо барьсанд баярласан талархсанаа илэрхийлж бөхөлзөнө өө, эдний заншлаар. Утсаар ярьж барьж толгойгоо тонгойлгоод байдаг болчихдог, энд удсан хүмүүс. Би ч бас тийм болсон шиг байгаа юм. Ккк.

Үүнийг төгөлдөр хуурын багш бэлэглээд. Англиар pomelo. Японоор бүнтан. Монголоор мэдэхгүй. Хэ хэ. Латин нэр гэх үү? шинжлэх ухааны нэршил нь citrus maxima. 

Зузаан хальстай, багахаан жимстэй. С витаминаар баялаг. Конкурсны зулзагтаа идүүлж дархлааг нь дэмжээрэй гэсэн. Хо хо. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年2月1日月曜日

Амралтын тайлан

Хагас бүтэн сайнд амрахаараа ядарчихаад байдаг шүү би ч. Энэ хагас бүтэн сайн харьцангуй тайван өнгөрлөө. 

Тайван гэдэг нь хурга ишгээ энд тэнд тараагаад буцаагаад хураах ажил бага байлаа. Дунд зузага сагсандаа өөрөө алхаад явсан. Орой тарахад нь очиж авсан. Өөрийг нь алхуулчихгүй, энэ япончууд бас их сүртэй. 

Харьж явах замдаа янз бүрийн зүйл тохиолдвол бла бла гээд заавал очиж авна. Бүр амжихааргүй бол хэн нэгэн ээжийг гуйна. Хааяа нэг гуйдаг л даа. Байнга гуйх бас хэцүү. Ар өврөөр жиг жуг гээд байдаг юм билээ. 

Эд чинь бас хүн муулахдаа гаргуун улс шүү дээ. Би ч нийлж муулахгүй л  дээ. Сонсоод л, аан энэ үед ингэж хэлдэг байх нь, ийм хэллэг байс байдаг байх нь гэж япон хэлний хичээл хийдэг. Ха ха. 

Дараа өөрөө хүн муулахдаа ашиглах гэж тэр шүү дээ. Зэвүүн байна уу? Хо хо. 

Тийм болохоор очилгүй, хүнд гар царайлбал бас ингээд муулдаг байх гэж бодогдоод. Муу санаална аа. Хамгийн гол нь тэр гэж ярихгүй, шууд улсаар нь нэрлээд муулна шүү дээ. 

Учир нь бидний нэр хэлэхэд хэцүү, цээжлэх ч үгүй эд нар. Тэгэхээр чинь одоо монгол хүмүүс л гэж ярина биз дээ, цнцнрн минь. Хи хи. 

Зулзагуудын минь нэр хаа очиж хэлэхэд амар болохоор цээжилсэн байдаг. Ээж аавын нэр хоёр үгнээс бүтсэн, хэл хугалчих гэсэн байдаг болохоор эд нар шууд тэрний ээж ээ, тэрний аав аа л гээд байдаг. 

Нэг бодлын бүдүүлэг, нэг бодлын хэл ус сурах авъяас үнэн байхгүй гэж өрөвдөөд л. Ккк. Нэрний тал дээр уужуу тайван монгол хүнийхээ занг гаргаад, нэг их ач холбогдол өгөхгүй. 

Харин зулзагуудынхаа нэр дээр их ач холбогдол өгч, засч залруулна. Тэгэхгүй бол хүүхдүүд их эмзэг байдаг юм билээ. Нэг таньдаг хятад хүний хүүхэд нэрийг нь шоолсон хүүхэдтэй "байлдаад", цаад хүүхэд нь шүдээ гэмтээгээд, ээж аав нь бөөн зарга болоод гэж сонсож байлаа...

Том зулзага гэр зуур. Хагас сайнд нь их сургуульдаа бүртгүүлсэн. Бас их ажил болдог юм билээ. Эхлээд цахимаар бүртгүүлнэ. Бүртгэлийн төлбөрөө тушаана. Тэгж байж цаасан дээрх материалаа бөглөж шуудандана. 

Бүртгэлийн төлбөр улсын их сургууль, хувийн их сургууль гээд ялгаатай. Улсын сургуульд конкурсдах тул 20000 иенд багтсан. Шалгалтын дараагаар оноогоо мэдэхийн тулд бас төлбөр төлдөг билээ. Тэнцсэн, ...-гүй гэж ганцхан үгээр биш, оноотой нь мэдэхийн тулд шүү дээ. 

Тэр нь дээрх 20000 иенд багтсан байгаа. Би ч өө мэдэж авсан нь дээр, өөрийнхөө төвшинг бас давхар мэдэхэд гэж бодоод, нэмж төлбөр тушаасан. Хүн ч тэгээд үр хүүхдийнхээ төлөө ч мөнгө хайрладаггүй юм билээ. 

Тэгэхээр одооноос 300 иен ч байсан цааш нь хадгал гэж хэлье дээ, ээжүүд минь. Би ч өөрийн тансаглалд мөнгө зардаггүй, хуримтуулж ирснийх, ойр зуурын зүйлд нь төлбөрийн чадвартай л байна. Хо хо...

Бага зулзага гэж даам гарсан нэг нөхөр байна аа. Бүх зүйлийг өмчлөөд, ээжийг хүртэл өмчлөөд. Хамаг тоглоомоо дэлгэж хөл гишгэх газаргүй шахам болгоод. Энд тэнд асгаж цутгаад.

Хань ижил яахав байдгаараа л туслаад, хоолоо хийгээд л. Амралтын өдрөөр гал тогоогоо барина аа. Нээрээ ангийн олзтой. Идэшээ бэлдчихлээ. Хи хи. Цагаан сараар буузтайгаа. Ирэх хагас бүтэн сайнд бууз хийж хөлдөөхгүй бол...

За маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.