2023年10月31日火曜日

Хутга

Хутга хэрэглээний соёл гэж маш том соёл байх. 

Ойрд хутганы тухай, төрөл, хэрэглээ, ган, хутганы ишийг нь хийдэг модны тухай гээд л шинэ содон зүйл их уншиж, сонсож байна. 

Ямар ч олон төрлийн хутга байдаг юм? Бараг хоол бүрт зориулсан нэг хутга байх шиг байна шүү, энэ улсад чинь. 

Сашиминых, соба буюу гурил хэрчдэг, ногооных, ногооны чимэглэл хийх зориулалтынх, махных, бусад төрлийнх гэх мэт. 

Эртнээсээ хутга хийж ирсэн дархчууд, төмрийн дархан, гангын үйлдвэрлэл зэрэг нь их эртний түүхтэй, одоо ч уламжлагдаад, тэд дэх үеийн дархны цехээ ажиллуулж байна гэх улс ч байна. 

Өөрийн гэсэн асар өндөр бөгөөд өвөрмөц ур чадвартай, алдартай дархчууд ч байна. 

Гэртээ байгаа хутгануудаа тоолсон чинь том жижиг, үнэтэй хямд гээд л 15 ширхэг байна. Хөөх л гэж бодлоо. Миний өдөр тутамдаа хэрэглэдэг нь 3 ширхэг. Бусад нь хань ижлийн ан авдаа хэрэглэдэг, аялал зугаалга зэрэгт авч явдаг ганц нэг тонгорог. 

Маслоны хутгаа оруулаагүй шүү. Лав 3 ширхэг бий. Ха ха. 

Саяхан нэгэн алдартай дархан хүний маш цөөн тоогоор хийгдсэн нэгэн гоёмсог хутга худалдаж авсан. Их гоё хайрцаг савтай. Мөн нэгийг бэлгэнд авсан. 

Гэснээс би өөртөө нэг гоёмсог хутга худалдаж авна гэж төлөвлөв. Баяжихаараа. 

Үнийн хувьд мэдээж алдартай хүмүүсийнх нь, гангын төрлөөсөө, хийцээсээ болоод өөр өөр. Үнэтэй. Үнэтэй хутга бас цаанаа л өөр, бүр өөрийн эрхгүй худалдаж авмаар санагддаг юм билээ. 

Японд Гифү мужийн Сэки хот, Осака мужийн Сакай гэдэг хотууд ерөнхийдөө алдартай юм билээ. Мэдээж  өөр мужууд, бүс нутагт алдартай дархчуул бий шүү. 

Гангын үйлдвэрлэлээрээ Шиманэ мужийн Ясүги хот нэртэй юм билээ. Манайхтай ойр. Бид хутганы үзэсгэлэн худалдаанд нь очсон. Хутганаас гадна билүү, ер нь л төмөр, ган зэргээр хийсэн олон бүтээгдэхүүн зарагддаг юм билээ.  

Тэгсэн чинь эргэн тойронд хутганы хоббитой хүмүүс зөндөө байна шүү. Бүр сэлэмтэй ч айл байна. Хэ хэ. Их гоёмсог тонгорого хутгатай байдаг юм байна, хүүхнүүд. Үлгэр жишээ авна аа. 

Ямартай ч шинэ хоббитой болох гэж байгаа, хажуу дахь хань ижлээсээ их юм асууна, найзуудаасаа асууна. Заримдаа тэс хөндлөн юм ярьж инээдийг нь хүргэнэ. Ха ха. 

Мөн хутганыхаа материал болох гангын тухай уншиж байна. Зэвэрдэг, тэр бүр зэврээд байдаггүй гэх мэт. Мөн химийн хичээл хийх хэрэгтэй юм шиг санагдав. 10 жилдээ химийн хичээлдээ гавиагүй минь муу юм болжээ. 

Хром, молебден, ванади гэх мэт сонин сонин үг гарч  ирж байна. Монгол хэлээр орчуулагдахгүй, энэ хэвээр нь хэлдэг юм байна. 

Дараа гоё хутганы зураг оруулна аа. Өөрийн гэсэн хутгатай болохоороо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүьсе. 

2023年10月30日月曜日

Хорооны баяр

Уламжлалт бичвэр шүү. Хорооны минь баяр болов. 

Энэ жил дахиад л бага зулзагатайгаа хоёулхнаа л явлаа. Өмнөх жилүүдэд бас л тэгсэн юм. Хань ижил хөдөө уул руу явсан. Багшаасаа ангийн урхи энэ тэрнийхээ тухай асууж лавлаж, засах барих ажилтай гэсэн. 

Дунд зулзага урлагийн үзлэгийн бэлтгэл, концертонд бэлтгэх гээд ажил их. Бөөн идэхвхи. Бас бүх үенийнхнийхээ өмнө гарч яриа хийнэ гээд бэлдээд л байсан. Дажгүй давсан гэсэн. Нэг тийм хэнхэг, би би гээд гар хөлөө зэрэг өргөчихдөг юм уу хайшаа юм? Ээж бага ангидаа тийм байсан юм өө. Ха ха. 

Ерөнхийдөө юу болдгийг нь мэддэг ч сугалаанд болоод явсан юм аа. Хоёр өдөр зохиогдоно. Нэг өрх гэр тэрхүү хоёр өдөрт тус бүр нэг удаа сугалаа сугална. Хөөрхөн хөөрхөн шагналтай. 

Тээр жил үхрийн мах хожиж байлаа. Бусад үед нь бал, ундаа, сальфетка гэх мэт л авч байлаа. 

Энэ жил том зүйл сугалчих санаатай. Хо хо. 

Алхав. Угаасаа машинтай очиж болохгүй. Зогсоол байхгүй. Угтаа би өдөр бүр л алхаж баймаар байгаа юм аа. Ойр зуур. Нэг л болж өгдөггүй. 60 чавганцын минь ажлууд барагддаггүй ээ. 

За тэгээд хорооны баяр гэхээр настай голцуу оршин суугчид идэвхийлэн оролцоно. Яг хажууд нь бага зулзагын цэцэрлэг байдаг тул бэлтгэл ангийн бяцхан жаалуудын зурсан зураг дэлгээстэй байна. 

Сугалаанд таарсан ундаа. 2 эргүүлээд, хоёуланд нь 5 дугаар байрны шагнал таарсан. Хэ хэ. Бага зулзага эрүүлсэн. Эгчдээ бас яг ижил ундаа аваад л, гэрийн зүг гэдэн годон алхсан. 

Замдаа дэлгүүр орж бага сага хүнс аваад, бас замд таарсан цэцэрлэгт хүрээлэндээ сууж ундаагаа уусан. Эгч ч яг тэр үед дугуйлангаасаа тарж ирж таараад, хамтдаа алхаж гэртээ харив. 

Юун дээр явж байлаа? Аан тийм, ирэх жил бага зулзагын зурсан зураг өлгөгдөнө. Зураг хөргийг нь ёслол төгөлдөр очиж дарах юм шүү. 

Бага ангийн сурагчдын бүтээл, оршин суугчдын гар урлалын бүтээлүүд тавигддаг. Нэг жилийн хугацаанд хийсэн бүтээлүүд. Ер нь хэн ямар үйл ажиллагаа явуулдгаа тайлагнах юм даа. 

Мөн гадаа нь бяцхан худалдаа байдаг. Цэцгийн үрсэлгээ, бусад хоол хүнс гэх мэт. Бид юу ч худалдаж аваагүй, амьд цэцгийн урлагийн бяцхан сургалт зохиож байсан. Зулзага оролцохгүй гэхээр нь "за" л гэлээ. 

Түүнээс ээж бол хийж үзмээр л байсан. За ирэх жилийн баяраар хань ижил гэрийн бараа харах байгаа. Тувт л нэг ажил давхцаад, эзгүй...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年10月29日日曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь амьд шүү. Хэ хэ. Ойрдоо цөөн л байна. Завгүй гүйгээд байгаа байх...

Үе үе яг энэ амттанг байсхийгээд л оруулж ирнэ. Охид бүр хүлээдэг болчихсон байсан, нэг хэсэг. Яагаад ойрдоо хонх дарахгүй байна аа ч гэх шиг. Ха ха. 

Би энэ савыг нь хаяхаас хайран санагдаад байдаг юм. Нэг удаагийн хэрэглээнийх ч гэсэн. Нэлээд биетэй, хатуу. Хэсэгтээ самар, ааруул хийж ашиглана. Муудаад ирэхээр нь хаяна. 
Дунд зулзага л бүгдийг нь шахуу идсэн. Зочид минь нэгийг амссан. Ногоорч харагдаад байгаа нь дотроо ногоон усан үзэмтэй. 

Гэснээс зочид минь буцсан чинь хэсэгтээ эзгүй оргиод, ганцаараа кофе уусан чинь амтгүй санагдсан. Урамтай сайхан кофе уудаг, хамт уугаад суухад хөгжилтэй. Бараг халаад байгаа юм биш үү? Хо хо. 

Кофендоо халаад болсон явдлыг бол хамж шимж ирээд л ярьцгаасан. Хи хи. 

Хөршийн минь холбоо мандтугай. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年10月28日土曜日

Дуртай өнгө ба цэцэг

Дуртай өнгө зөндөө л дөө. 

Хувцас авахдаа харин бараандуу өнгийг голцуу сонгодог болжээ. Гол нь сүүлийн хэдэн жил хөвсийсөнтэй минь холбоотой. 

Гэхдээ сая ногоон өнгийн автобус гээд баахан шуугив даа. Тэгсэн ногоон юбка хэд хэд байна лээ. Тод ногоон, хар ногоон гээд. Хи хи. 

Залуудаа харьцангуй тод цамц, хүрэм өмсдөг байжээ. Тэр үед өөрийгөө хөвсгөр гэж бодож явсныг минь бурхан өршөөг. Ха ха. 

Ороолтнууд минь харьцангуй тод өнгө олон. Улбар шар, цайвар, усан цэнхэр, тод хөх, сая найзууд гоё тод шар өнгийн ороолт бэлэглэсэн. Удахгүй сэрүүсхээр гоёно доо. 

Бага зулзага жаахан томроод хүзүүнээс зүүгдэхээ байхаар ороолтнуудаараа гангарна даа. Одоохондоо заримыг нь зүүж амжихгүй өвөл дуусна. Зулзага зүүгдэхээр ороолтнууд минь энд тэндээ утас нь хөврөөд, татагдаад гээд урагдчихдаг юм.

Гэснээс олон хувцас гэрт хөглөрөөд ирэхээр жаахан уур хүрээд, зөндөө ороолтоо монгол руу явуулчихсан. Хөдөө гадааны хүмүүст хуучин гэж голохгүй бол өгчихөөрэй гээд. Ноолууран ороолт голцуу...

Энэ хүрэн улаан өнгөнд бас дуртай. Нэг ийм өнгийн юбка байна. Бүсэлхийгээрээ жаахан бариад байна аа. Буцаж жингээ хасмаар байна аа. Тэгэхгүй бол дахиад л хүнд өгчихнө шүү дээ. Хо хо. 

Цаанаа нэг тийм тансаг өнгө байгаа биз дээ? Мөн ирээдүйд ийм өнгийн машинтай болно гэж мөрөөддөг. Одоогооо хар өнгийн л машинтай л даа. Хэ хэ. 

Би өнгийн малгай өөртөө нэхэж байсныг санаж байна уу? Олон жилийн өмнө. Өнгөрдөг өвөл бага зулзага өмсөөд, гангарсан. 

Мөн оюутан байхдаа ийм өнгийн бээлийн нэхэж байсан юм даг. Бүр таван хурууны бээлий шүү. Ямар ч уйгагүй байсан юм. Одоо бол залхуураад нэхэхгүй ээ. 

Сая зун хайрцагнуудаа ухаж байсан нэхсэн бээлий минь гарч ирсэн. Ёстой дурсамжтай санагдсан. Бас болоогүй ээ, нэхэж зардаг байлаа. Хо хо. 

Гэснээс нэг хэсэг их нэхдэг байж. Ороолт, оймс. Одоо бол онгод бууж ирэхээ байсан. Мөн хэрэглээ нь ч тэр, хэрэгцээ нь тэр багассан. Минималист байх хандлага буй ч зулзагууд жаахан тул амжихгүй. 

Өөрийн минь хэрэглээ бол цөөн цөөн. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年10月27日金曜日

Халуурав

Бага зулзага халуурсан. Ээж амарсан. Эмнэлэг явсан. Эм авсан. 

Нэг шингэн эмийг уух гэж байна гээд, маяглаж огьж асгаад загнуулсан. Бага зулзагатаа амь ээж нь уурласан чинь зулзага өөрөө сонин болоод бусдыг нь маш дуулгавартай уусан. Хэ хэ. 

Заримдаа ч маяг нь дийлдэхгүй юм. Эдний хүүхдэд бичиж өгдөг эмнүүд бол хачин гоё амттай. Тан л биш бол. Тэгсэн маяглаад байхаар уур хүрнэ шүү дээ. 

Үргэлж блогтоо гоё зүйл бичдэг шигээ сайхан ааштай биш. Ааш минь орно оо, гарна аа. Солонгон ааштай шүү дээ. 

За тэгээд өдөржин нялуурсан хоёр. Бэлээхэн ор байхал заавал ээжийнхээ дээр гарч мөөмдөж хэвтээд. Орноос нь илүүтэгэйр хөвсгөр зөөлөн байна гэсэн үг үү? Энэ чинь одоо. 

Хөвсгөртөө гол нь биш, хоёр жижигхэн мөөмөндөө л байна гэж өөрийгөө жаахан тайвшруулав. Түүнээс сая найзуудтайгаа идэж уугаад байсан чинь маш амархан жин нэмсэн. 

Нэмэх хурдан, хасах нь удаан...

Эгчийгээ бодвол харьцангуй цөөн тоотой эмнэлэг яваад байгаа ч. Эмээ өвөөд нь даатгаад ажилдаа явчихаж чадахгүй болохоор аль болох битгий өвдөөсэй, ханиад хүрээсэй гэж залбирах нь холгүй явна өө...

Зулзагаа бага зэрэг дугхийхэд нь блогоо сөхөж байна. Номоо ганц хоёр мөр уншив. Нэг дор унших завдал гарахгүй ч жаахан л амсхийх цаг гарвал ингэж ганц хоёрхон мөр уншсаар одоо бараг дадал болчихож. 

Бүр зам гарах гээд минут хэртээ зогсохдоо хүртэл номоо дэлгэдэг болсон. Ха ха. Бараг гэрэл солигдоход баярлаад байгаа юм биш үү? Өө ашгүй гээд л...

Сэрүү ороод, ханиад томуу дэлгэрэх янзтай. Бага зулзагын алба мэр сэр мий гэсэн, ханиадтай хүүхдүүд. Одоо жаахан тэсчихвэл ч сургуульд орох гээд байдаг. Тэгсэл ээжид ядаж 10 минут тухтай сууж номоо унших цаг зав гарах гээд байдаг...

Дунд зулзага уу? Байж л байна. Ха ха. Заримдаа ч таван үг солилцоогүй ч байх шиг. Нэг л их завгүй хүн, нэг л их шилжилтийн насандаа яваа хүн. Ууртай, ааштай гэж юүхэв л байна. 

Ийм үед нь хамгийн их тэвчих ёстой нь ээж аав нь гэсэн. Хо хо. 

Бишгүүр хөгжим дарахаар болсон, хэцүүг нь л гайхаад байсан. Багш нь л томилсон юм гэсэн. Удахгүй урлагийн үзлэг болно. Ажлын өдөр. Чөлөө аваад явна даа. Сайндаа ч биш ээ, эцэг эхийн зөвлөлд сонгогдчихсон тул арын албанд туслах үүрэгтэй. Оролцоё өө гээд саналаа өгчихсөн.

Гэртээ өнжсөн нэг өдөр иймэрхүү. Юу ч биччихэв. СБА шүү. Маргааш ажилдаа явж амжих нь уу? Халуун буусан л бол явуулна гэж үзнэ дээ. 5-с 7 хоног амрах ёстой гэдэг заалтгүй л бол эмийг нь цүнхэлж өгөөд явуулчихдаг. 

Эмчээс эм уух ёстой гэсэн тамгатай бичиг авна. Өдөр бүр цэцэрлэгт нь ийм эм уух ёстой гэж цаас бөглөнө. Ажиллагаа ихтэй ч, зарим нэг тогтолцоо нь бас ажилтай эцэг эхийг их дэмжинэ ээ. Талархана. 

Хүүхдийнх нь нэр бичээстэй цаасан дээр эмийг нь уутлаад өгдөг нь талархууштай. Эм нь үнэгүй олгогддогт талархууштай. Эмнэлгийн үйлчилгээ нь түргэн шуурхайд талархууштай. 

Нас яваад олон зүйлд талархалтай ханддаг болоод байна шүү. Хэ хэ. 

Ингээд блогоо бичээд сууж буйдаа ч талархууштай...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. 

2023年10月26日木曜日

Цэцгийн урлаг

Нэг гоё ном эхэлчихсэн байгаа. Дуусгаж зураг оруулахаасаа өмнө зүлгэж суух гээд амьд цэцгийн урлагийн бүтээлийн зураг оруулсан шиг сууна даа. 

Нүүр ном, инстадаа голцуу оруулдаг зураг. Энд тэнд явж байхдаа дарсан зураг. 

Гэснээс ухаалаг утасны доторх юмсын хэмжээ ихдээд тэр үү? Хэд хэд унагаагаад, нүүр нь хагарчихсан зэргээс тэр үү? Гацаад байна. Нүүрномоо дэлгэж харах гэхээр нээгдэхгүй, хэсэг уншиж байснаа унтарчихна. 

Амар ч юм шиг санагдаад. Хэн юу оруулж? Хэн юу бичиж? гэж хэрэгт дурлахгүй. Зөвхөн өөрөө оруулмаар байгаа зургаа оруулчихаад л мартчихна. Тэгээд хааяа компьютераа асаахдаа л шагайна. 

Инстаг бол нээж болж байгаа. Миний инстаг хэдхэн хүн дагадаг, тэднээс ганц хоёрхон нь л зүрх дарна. Нүүр ном шиг болсон болоогүй юм түгээж хүмүүсийг залхаахгүй. Их минималист. Хэ хэ. 

Гоёмсог цэцэгний зураг оруулах гэж явсан хүн чинь юу ч бичээд унав, тийм үү? 

Энхэлгэнэ цэцэг. Хамгийн таалагдсан нь тэр ваар. Нугарч буй нугараач, нэг бол бүжиж буй балетчин бүсгүй шиг гоёмсог харагдаад. Та бүхэнд ямар харагдаж байна. Төмөр ваар. 

Цэцэг нь ч хөөрхөн л дөө. Энэ энхэлгэнэ цэцгийн нэрийг матрахааргүй сайн тогтоож байна. Сүүлд таарахдаа мартчих гээд байдаг юм. 

Сая ирсэн найзууддаа бас шинэ үг зааж өгсөн, энэ цэцгийн нэрийг. Харин өөрсдөөс нь би ихээ олон үг сурч, мэдэж авсан. 

Гэснээс ухаалаг утсаа солих уу гэж хань ижил асуухад нь болоогүй ээ. 3 жил гүрийнэ гээд зарлигдчихсан. Учир нь дунд зулзага ахлах сургуульд ороход нь ухаалаг утас авч өгнө. 

Тэгэхдээ нэг мөсөн гэж бодоод. Энд ухаалаг утас энэ тэрээ шинэчилэхэд асар төвөгтэй. Худалдагчийн үгэнд маш сайн ороод зарим нэг үйлчилгээг нь авчихдагийг ч хэлэх үү? Ха ха. 

Мөн о.зулзага ч төгсөөд, утасны хэрэглээ энэ тэрээ өөрөө хариуцаад ирэх байх. Одоогоор оюутан гэдэг утгаар нь гар утасных нь төлбөрийг төлнө. Хаа очиж хөөрхий минь бага хэрэглэнэ. 

Интернэт, вайфай-тай газар л ашигладаг шиг байна лээ. 

Дунд зулзага ангийнхан нь ихэнх нь ухааоаг утастай гэж хошуугаа цорвойлгож л байдаг юм. Томыгоо энэ тал дээр нэлээд чангахан өсгөсөн минь хэрэг болж байна. Эчгтэйгээ барьцах гэхээр, эгч чинь хэрэглэж байгаагүй гэж хэлээд амыг нь таглачихна. Ха ха. 

Түүнээс нэг айлын хүүхдүүдийн ааш зан өөр өөр байна шүү. Өөр дээрээ л ухаарч, ойлгож, мэдэрч байна.Хи хи. 

За за цэцэгний тухай бичиж байсан хүн хүүхэд хүмүүжил болоод явчихлаа. Яах аргагүй л намайг тойрж эргэлдээд байна өө, энэ хүүхдийн хүмүүжлийн асуудлууд. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2023年10月25日水曜日

1982 оны Ким Жи Ён

Найзуудынхаа бэлэглэсэн номнуудаас нимгэнээс нь түүж уншиж байна. Гол нь 11 сараас өмнө ямар нэг хөөрхөн ном уншчих санаатай. 

11 сард их зузаан ном унших даалгавартай. Уншчихаад мэдээж зураг оруулна. 

Зээ энэхүү номны тухай бичсэн хэн нэгний тэмдэглэлийг уншаад, шууд захихаар шийдсэн. Ер нь бол сүүлийн үед хүмүүсийн тэмдэглэлээс харж байгаад л унших номоо сонгочихдог болсон.

Дажгүй нь ч бий, тиймхэн нь ч бий. Гэхдээ нэг их голж шилэлгүй уншчихдаг юм өө. Янз бүрийн, сайн муу, сонирхолтой сонирхолгүй гээд олон төрлөөр уншиж байж л уншдаг нэр зүүнэ гэж хувьдаа боддог. 

Бичсэн хүмүүсийн хөдөлмөрийг ч үнэлэх хэрэгтэй. Муу гэгддэг зохиолыг уншиж байж, шүүмжилж байж зохиогчид нь, зохиолчид нь хөгжинө гэж боддог. 

За оршил нэг иймэрхүү. Агуулгыг дурдах илүү ч үе тэнгийн үхэр хонин жилтэй нэгэн бүсгүйн тухай гарна. Бага нас, өсвөр нас, насанд хүрсэн үе гээд.


Охин хүүхэд болж төрснийхөө төлөө нийгэмд "ад үзэгдэх" олон олон эмэгтэйчүүдийн төлөөлөл. Манай улсад ч байдаг үзэгдлүүд...

"Оргүй байснаас охинтой нь" энэ үг миний зэвүүг их хүргэдэгийг ч хэлэх үү? Ингэж хэлсэн хүнтэй шууд хэрэлдмээр санагддаг. Ха ха. 

За тэгээд, үе тэнгийнх юм болохоор яг тэр жилүүдэд манай улсад, манай гэрт ямар байсан юм бол? гэж харьцуулж бодонгоо уншлаа. 

Харьцангүй гайгүй шүү. Жишээ нь ангийн даргад ихэвчлэн охид сонгогддог байж. Байрны минь ах нар хүн чанартай байж. Соц нийгмийн ач гавъяа ч бий. Байрныхаа дугуйтай ах нарын дугуйнд нь сундлуулаад энэ тэрүүгээр "зугаалчихдаг" байсан. 

Одоо бол ч хааш нь аваад явахыг бас л хэлж мэдэхгүй тийм ээ? Айдас хүйдэс...

Ижил төстэй тал байна байна. Хүү төрүүлж өгч чадаагүй гээд орондоо шөнөжин уйлж хонох ээжийн дүр төрх. Манайх чинь сүүлийн үед бүр "мэдрэлтэж" өгч байгаа сураг байдаг, тэдэн хүү төрүүлсэн бол тийм ийм бэр ч гэх шиг. 

Тэгж ярьдаг хүмүүс өөрсдөө эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр нэг өдөр ч болтугай ажиллаж үзэх хэрэгтэй. Төрнө гэдэг өөрөө асар их өвдөлт...

Хэрээс хэтэрсэн туйлшрал шиг санагддаг. 

Мөн охин хүүхэд сураад хэрэггүй гэдэг үзэл нь манайхны дээхний үзэл сурталтай адил байлаа... Бүр нэг тийм цаанаасаа л гэр бүлээ бодох ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчлээд байдаг, охин хүүхдэд, залуу бүсгүйчүүдэд.

Эмээгийн гаргаж буй ааш, үйлдэл ч аяа бас хорвоогийн хатуу жамыг яалтай билээ гэсэн байртай шүү. 

Бодоод байхад энэ дэлхийд бидний хэдэн бүсгүйчүүд ер нь ямар гай тарьчихсан юм? Харин ч дур тачаал, хүслийг нь хангаад, үр үндсийг нь гаргаад, өсгөөд, хүмүүжүүлээд, хамаг юмыг нь хийгээд байхад гэж бодогдоод зэвүү хүрээд байдаг юм. Хо хо. 

Тийм биз дээ? 

Яагаад өөрөө ад шоо үзэгдээд байгаагаа, яагаад дүү нь халамж хайрыг тултал нь эдлээд байгааг ч мэдээгүй бяцхан охин... Өсөж томрохын хэрээр ойлгож эхэлнэ. 

Ерөөсөө л хүйс. Эм хүйс. 

Сургуулийн дүрэм журам, үндэсний ёс жаяг гээд л бүхий л зүйл нь цаанаасаа л эм хүйсийг гадуурхсан, ад үзсэн, дорд үзсэн. Аль ч улсад, аль ч тивд байсаар ирсэн, бага багаар халж буй ч...

Охид эмэгтэй хүн болохоороо, эхнэр хүн болохоороо, ээж хүн болохоороо ямар их зүйлийг тэвчдэг, золиослодогийг олон олон бүсгүйчүүдийн жишээнээс харж байна өө, өөрөө ч нэг нь... 

Маш ойр сэдэв тул 7 хоног уншина гэж төлөвлөсөн чинь урсаад л байсан. Хоёрхон хоногт дуусчихлаа. 

Ганцхан эмэгтэйчүүд ч биш, эрчүүд ч, залуус ч энэ номыг уншаасай гэж зөвлөх байна өө. Ээж нь, найз охин нь, эхнэр нь, охин нь энэ зохиолын гол баатар Ким Жи Ёны төлөөлөл юм шүү дээ гээд тэдгээрийгээ ойлгодог, "нөхөрлөдөг" баймаар...

Охидыг, эмэгтэй хүмүүсийг "бөгс бөөр, хөх мөх" гэж хармаагүй байна өө. Зүгээр л хүн гэж хардаг болмоор байна өө. Тийм биз дээ? 

Эмэгтэйчүүд бид чинь дааврын амьтад гэж хэн хэллээ дээ, нэг хүнээс сонсчихсон шүү. Тэгэхээр бидний сэтгэл санааны солонгон аашнууд маань нэг л өдөр ийнхүү Ким Жи Ёны "өвчний шинж тэмдэг"-р илэрдэг байх даа...

Мөн манайд яг иймэрхүү энгийн, өдөр тутмын амьдралыг өгүүлсэн ном байдаг болов уу? Нэг л их уянгалсан, хатан ухаан ярьсан агуулга ихтэй шиг. Заримдаа ч тэд нарыг дуурайх гэж, тэд нар шиг байх гэж хичээгээд туйлаас ядарсан байдаг юм. 

Өөрийн мэдэлгүй л чадалтай, ухаантай хатад шиг байх ёстой бла бла гэдэг мэдрэмж, бодол тээчихсэн явж байдаг юм байна. 

Ямартай ч охиддоо санаатай, санаандгүй хэлчихдэг "хүйсийн ялгаа"-тай үг хэллэг юу билээ гэж бодон бодон уншлаа...

Зүгээр л оршмоор байна. Хо хо..

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年10月23日月曜日

Монголын тухай

Сая өнгөрдөг хагас сайнд монгол судлаач хүний яриаг сонслоо. 

Намайг төрөхөөс өмнө монголтой холбогдож, монголд суралцахаар явж байсан юм билээ. Соц нийгмийн үед шүү дээ. 

Анх ахлах сургуульд байхдаа нэг тийм баригдмал нийгэмд тушагдаад байгаа юм шиг санагдаад, өргөн уудам газар нутагт очиж эрх дураараа агаар сорохыг хүссэн гэсэн. 

Тэгээд их сургуульд суралцаж байхдаа боловсролын газраас явуулсан шалгалтыг өгсөн чинь тэнцээгүй гэсэн. Мөн шалгалт авч байсан хүн нь эмэгтэй хүнд тохиромжгүй улс гэж хэлсэн байгаа юм. 

За тэгээд жил гаран хугацааны дараа засгийн газраас нь утасдаад монгол явж сурах талаар нь санал тавиад, шалгалтгүйгээр явуулсан гэнэ. 

Маниас илүү хөдөө гадаатай хүн байсан. Мал төллөх цагаар малчин айлд очоод хурга ишиг тэврээд туслаад гүйх, судлаач хүн юм болохоор олон газраар явж судалсан нь мэдээж. 

Монгол хэлэндээ ч сайн гэх шиг болсон. Дараа таарвал монгол хэлээр ярьж үзнэ ээ. Энэ удаад би өөрөө хэл ус сайтай юм болохоороо япон хэлээр л ярьчихлаа. Ха ха. 

Энэ удаагийн яриа нь энгийн ахуй амьдралын тухай байлаа. Гэр орон, уламжлалт хүнс, үндэсний хувцас...

Ерөнхийдөө мэддэг зүйлийн минь тухай ярьсан ч судлаач хүний амнаас унасан үг болгоноос ганц нэг хэрэгтэй үг хэллэг олоод сонсчих санаатай очсон юм өө. 

Монголд элэгтэй эмээ өвөө нар минь нэлээд очсон байсан. Бага зулзагыгаа дагуулаад явсан, харах хүн байдаггүй. За чимээгүй сууна шүү, үймүүлбэл ганцааранг чинь гаргачихна шүү гэж захиж захиж явсан. 

Үр минь санасныг бодоход томоотой байсан. Мэдээж хөшөө шиг огт хөдөлгөөнгүй сууна гэж байхгүй л дээ. Аажуухан шулганаад, ширээн доогуур орж мөлхөөд, өнгийн харандаагаар тоглоод гэх мэт өрөмний өт шиг л байсан. Хэ хэ. 

Эгч нар нь цаас харандаа өгөөд хажуудаа суулгачихаар зураад л суудаг байсан юм. Тэгсэн энэ хүүхэд тэгсэнгүй ээ. Харандаагаа хооронд нь хавиралдуулаад байлдаж тоглоод байсан. Ха ха. 

Хоёр өвөр монгол хүнтэй таарсан. Монголоороо овоо сүрхий ярьдаг хоёр байсан. Тухтай ярилцаж амжаагүй, өөр хүмүүстэй яриад зогсоод байхаар нь би явчихсан. 

Далимд нь зээлсэн номоо өгч, дахин ном зээлсэн. Би биш шүү, зулзага л ээлжит үлэг гүрвэлийн тухай 3 ном зээлэв. Зузаан гэж юүхэв тэр нь. Уншихгүй, зургийг нь л үзнэ дээ. Ккк. 

За тэгээд яриа дуусаад асуулт хариултын үеэр монголд тохиолдсон явдлаас нь сонсоход одоо цагаар бол бэлгийн хүчирхийлэл гээч зүйл нэлээд байсан гэсэн шүү. 

Бараг л нэг залуу унтаж хэвтэе гэсэн гэнэ. Хүүхэдтэй болчихно, болохгүй гэсэн чинь зүгээр зүгээр төрүүлээд л үлдээчих, бид өсгөчихнө ухааны юм хэлсэн гэнэ. 

Ёх, манай зарим эрчүүд үү. Нэр нүүрээ бодож баймаар юм өө. Бас бус япон хүмүүсээс монгол эрчүүдийн "гар түргэн" гэж сонссон. Энэ нь хүүхэмсэг гэсэн утгаар, тэвчээргүй улаан шаар гэсэн утгаар хэлж байгаа юм шүү. Лол. 

Тэгэхээр энд ирсэн эрчүүд бас зүгээр байдаггүй нь тодорхой. Би нэг тийм залуу мэднэ. Эхнэр хүүхэдтэй мөртлөө очсон газар бүрт нь нуа нь байдаг гэж сонссон. Өөрийн нүдээр хараагүй л дээ. Эхнэр нь мэдээд бөөн л юм болсон сураг байсан. 

Бөгс бөөрний тухай онигоо ярихдаа гарамгай тийм ээ? Би жаахан бүсгүй байхдаа энд ирээд, монголчууд ирээд, хамт хэд хоног ажлаар явж байхад тувт л тиймэрхүү онигоо, болсон явдал ярьцгаагаад, нэг нь бүр энэ нэг охины чих алт боллоо гэж байсан юм даг. Чих минь алт болсон болсон. Хи хи. 

За тэгээд эр эм гэлтгүй нэрээ хичээцгээе өө, бултаараа. 

Тзр баяртай, бүгдэд нь амжлт хүсье.

2023年10月22日日曜日

Гашуун ааруул

Гашуун ааруул гэж бид яриад заншчихаж. Хэ хэ. 

Тос даасан, зөөлөн, зузаан, бор, гашуун ааруул байдаг даа. Яг энэ зурган дээрх шиг. 

Үүнийг энд сурдаг хэн хөөрхөн хөвүүн гэрээс ааруул ирээд эгч ээ, та дуртай тийм ээ, жаахныг амсуулах гээд бариад ирсэн. Хөөрхөн байгаа биз дээ? Хайр хүрэм. 

Бид ч өөрсдөө монголоос ирсэн ямар нэгэн амттан байвал заавал амсуулна. Чихэрийг бол эдэндээ л амсуулах гэж авчирна. Байнга идэх биш, ганц удаадаа гэж бодно. Түүнээс ер нь бол чихэрнээс ааруул нь тансаг шүү дээ. 

Мөн үрлэн аарцаа амсуулна. Ганц еэвэн байсан ч амсуулахыг хичээнэ. Тэрүүхэндээ бас бүлсэг бид чинь. Нууцхан шүү дээ...
Өрсөлдөж, уралдаж идээд бараг өдөртөө дууссан байх шүү. Бага зулзагын ам руу хүчээр нэг, эвээр нэг хийж амсуулсан. 

Идэхгүй бол ээж нь ажилдаа явлаа шүү, хамт унтахгүй шүү гэж айлгаж байж. Эвий эвий. 

Сая зун очиход бас ааруул иддэг хүүхэд цөөхөн, тавгийн чихэр л хуурайлдаг болсон гэж ижий минь хэлсэн. 
Та чихэр таваглаж тавихаар иднэ шүү дээ, огтоос битгий тавь, ааруул байвал тавь, байхгүй бол хураасан жимснээсээ тавагла гэж зарлигдсан. Хэ хэ. 

Ширээн дээр тавагтай чихэр байхаар хүүхэд л болсон хойно өөрийн эрхгүй л гар нь явна. Манай бага бас хамт идээд гүйж харагдсан. Болохгүй шүү л гэлээ. Дунд зулзагат зарим нэг чихэр нь хэт нялуун байна гэсэн. 

О.зулзага бол огт амсахгүй, чихэрийг. Ундаа ч уухгүй. Амар. 

Ер нь хоёр багыгаа жаахан дураар нь эрхлүүлсэн тал ажиглагдаад, энэ идэш уушны тал дээр. Хөөрхий томыгоо бол их л чанга өсгөж гэж боддог л юм. Гэхдээ л өөрт нь л хэрэгтэй юм даа гэж өөрийгөө бас зөвтгөнө. 

За ааруул бичиж явсан хүн чинь хүүхдийн хүмүүжил болоод талийж өгч. 

Ямартай ч гэрээс нь ирсэн жаахан идээгээ хуваалцдаг дүү нараа баярлалаа. Буянаа нэм. 

Би ч бас зүгээргүй, ном унш гэж үглээд, нэг ном өгөөд явуулсан. Бусад хичээл дээрээ унтдаг гэхээр нь өрөвдөөд, хайран санагдаад...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2023年10月21日土曜日

Ээзгий

Ээзгийнд дуртай л биз дээ? Би хөдөө өсөөгүй ч ааруул, ээзгий, айраг цагаанд дуртай. Нэг их шүд сайтай ч юм шиг ааруул гэж байгаад хааяа шүдээ гэмтээнэ. 

Сая найзууд ээзгий авчирсан. Худалдааны ээзгий. Савлагаа нь хөөрхөн болохоор хил гаалиар гарахдаа ч зүгээр. Сүүлийн үед хил гааль чангараад уут савлагаагүй бол ааруул ээзгий гарахгүй байна гэж мэр сэр бичигдээд байсан. 

Яахав зун ирэхдээ зөндөө л ааруултай ирсэн ч ээзгий болон хатаасан бяслаг цөөхөн байсан. Ээж минь хатаах явцдаа мөөгөнцөртүүлчихсэн гэсэн. Дунд нь орж гарах ажил ихтэй, эргүүлж тойруулж амжаагүй гэсэн.  

Хатаасан бяслаг гоё тийм ээ. Тос даагаад л, хатуу юм шиг хэрнээ, аманд ороод зөөлөрчихдөг. Хүлхээд л явж байхад тансаг шүү дээ. 

Дараа явахдаа бүр санан санан байж зөндөөг авчрах юм шүү. Чихэрнээс л дээр. Энэ жил өөрсдөө чихэр худалдаж аваагүй. Хүний өгсөн ганц нэг чихрийг авчирсан. Энд сурдаг, гэрээсээ хол хүүхдүүдэд амсуулах гээд. 

Орж ирэхэд нь монгол идээтэй байвал тэдний нүд нь сэргээд хөөрхөн. 

За үг олдож үхэр холдлоо. Энэ найзуудын минь бэлэглэсэн ээзгий. Цагь гэдэг нэртэй. Цагь гэдэг үгийг анх удаа сонсож буй тул толь бичиг, интернетээс хайсан. 

Олдоогүй. Хуучин үгийн толь бичиг байхгүй тул, арга мухардсан. 

Харин өөрсдийнх нь цахим хуудсанд "цагь гэдэг нь идээ ундааны дээд" гэсэн утгатай гэж тайлбарлаж бичсэн байсан. 

Нэг шинэ үгтэй болов. Ойрд ч нэлээд хэдэн шинэ монгол үгийг өөрийн үгийн сандаа нэмсэн. Найзуудын буянд. Хэ хэ. 

Амт тун дажгүй, нэг амтанд нь орчихвол зогсохоо мэдэхгүй идэх юм билээ. Хүчээр өөрийгаа хянаж байгаа юм чинь. Хань ижилтэйгээ уралдаад л идээд дуусгасан. 

Хурдан идэхгүй бол амархан муудна гэж бичсэн сэтгэгдлийг уншаад бүр сэтгэл шулуудчихсан. Хоёрхон өдөрт идээд дуусгачихсан. Ха ха. 

Тэгсэн хөлдөөж хадгалж болно гэж найзыг хэлэхээр нээрээ тийм гэж халагласан. Ааруулаа хөлдөөгчиндөө хийчихсэн байж. Санадаггүй. 

Гэхдээ бушуухан шиг идэж дуусгаж санаа амрах гээд, өрсөлдөөнтэй ч байсныг хэлэх үү. Хо хо. 

Зулзагууд идэхгүй байсан. Ялангуяа бага зулзагыг ааруулны амтанд оруулчих санаатай үзэж байан. Корона гараад бид ааруулаар тасраад, бага зулзагыг багад нь ааруул мэрүүлж чадаагүй юм. 

Охид бол дуртай иднэ. Гашуунд нь ч бас дуртай. 

Ээзгий идэхээр унгас алдаад л байдгийг эрхбиш мэднэ биз дээ. Би ч дүрмийн дагуу л байсан. Мэдээж зочдынхоо хажууд унгахгүй. Унгасны минь өмхийг гайхаад байдаг юм, манайхан. Өөрсдөө унгадаггүй юм шиг. 

Унгасны тухай хүүхдийн номонд өмхий байвал муу, ногоо цагаа сайн ид гэж бичсэн байсан. Миний ногоо багадаад байгаа юм болов уу? Аминдаа л ногоо идэх гэж хичээдэг юмсан. 

За за гоё амттай ээзгий ярьж явснаа юу ч бичээд унав. Гэхдээ байна аа, энэ өтгөн, унгасны талаар зулзагуудтайгаа сайн ярилцаж, тэднийг өдөр бүр хүндээр бие засаж байна уу гэдгийг ээж хүн мэдэж байх ёстой тийм ээ. 

Та нарт ч гэсэн гоё монгол үг хэлж өглөө шүү. "Цагь" цээжлээд аваарай. Боломж гарвал захиж аваад амсаарай. Таалагдана гэж найднам. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年10月20日金曜日

Найзуудын бэлэг

Найзууд өөрсдөө ирэх нь БЭЛЭГ.

Гэр ажил, ажил гэр, хааяа орж гарах гэсэн амьдралын хэв маягт минь богинохон ч гэсэн хөгжөөн, цэнгээн нэмж, дурсамж үлдээх нь бэлэг биз дээ? 

Өнгөрдөг жил ирсэн найзууд, нэлээд хэдэн жилийн өмнө ирсэн найзуудтайгаа уулзаад суухад энд ирж аялснаа, зугаалснаа, идэж ууснаа дурсдаг. Нээрээ тэгсэн билүү? гээд мартчихсан үйл явдлыг ч эргэн сануулаад сайхан байдаг тийм ээ? 

Хааяа ухаалаг утсанд тэр үеийн зураг хөрөг гарч ирээд, хөөх гээд дурсамж сэдэрнэ. Тэдэн онд ирж байсан байх нь гээд цаг хугацааны хурдныг гайхна. 

Юу захих вэ? гэж асууна. Захих юм байхгүй дээ гэж хэлсэн ч номоо захьчихсан л сууна. Хэ хэ. 

Мэдээж номноос өөр гого гого бэлэгтэй ирдэг. Ааруул, ээзгийнээс эхлээд л амттай бэлэгтэй ирсэн. 

Буу халж суунгаа идээд л, хэвээд л, уугаад л...

Зээ, энэ удаад ширэн нүүрлээд л захьсан номнууд минь. Тэгж байгаад л уншина даа. Өнөөх мөнгөний тухай номоо дуусгаж амжаагүй. 

Одооноос идэвхитэй уншина аа. Сайхан сэрүү ороод, сэтгэлд таатай улирал үргэлжилж байна. Гэхдээ бас орж гарах нь нэмэгдээд л... 

Ингэхэд 2хон сарын дараагаар шинэ он гарлаа, журмын олон нөхөд минь. Дүгнээд хэлэхэд олон ном уншжээ. Олон ч шинэ танилтай боллоо. Зарим нэгтэй нь зун уулзсан. 

Номын клуб маань ч их хөдөлгөөнд орж, идэвхижиж байна. Дан бүсгүйчүүд л уншаад, ярилцаад явж байна. Эрчүүд минь хаана явна вэ? Тусдаа уншаад, тусдаа клубтэй байх тийм ээ? Хо хо. 

Эдгээр номнуудыг ч номын клубынхны бүсгүйчүүд бид уншихаар төлөвлөсөн. Ганц нэгийг нь сонирхож уншихаар захиж авчруулсан. 

Гэснээс авч ирж амжаагүй ганц нэг ном үлдчихсэн. Наашаа ирэхээр хүн байвал хэлээрэй, ном дайна шүү. Хи хи. 

Энэ хүмүүс ямар их уншдаг юм бэ? Ихэнх номыг уншчихсан байх юм. Хажуугаар нь англи, япон, орос, герман хэлээр уншчихсан байх юм. Би уншаад байгаа хэрнээ л гүйцэхгүй юм. 

                             


Эдгээр номнуудыг бас ихэнх нь уншчихсан гэсэн. Би ганцыг нь ч уншаагүй явж байдаг. 

За бэлгэнд ном авах нь миний хувьд хамгийн тансаг бэлэг болоод удаж байна өө. Баярлалаа найзууд аа. Үлдсэн номоо тэгж байгаад авна шүү. Ккк. 

Энэ удаагийн найзуудын минь айлчлал ч мөн адил дурсамж болон мөнхөрнө. Хэдэн жилийн дараагаар зурагнуудаа хараад хөвсгөр байсныгаа, залуухан байсныгаа харж баясцгаах байх даа, тийм үү?

Би өөрөө бэлэг өгч гавихгүй ээ. Ямартай ч сайхан дайлаад цайлаад, шинэ соргог юм юу байна, түүнийгээ үзүүлэхийг хичээнэ. Чаддагаар нь аяга угаагчаа нэхэж бэлэглэнэ. 

Сүүлийн үед харин манайхан кофе уудаг болсон тул аятайхан кофе бэлэглэдэг болсон. 

Дараа таалагдсан зүйлсээсээ захиарай гэж хэлдэг дээ. Боломж нь бүрдвэл өгөөд явуулахыг хичээдэг. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年10月19日木曜日

Айлын хүүхдүүд айхтар юм өө

Энд ирснээсээ хойш л айлын хүүхдүүдийн айхтарыг гайхаж байна дөө. Мэдээж сул тал, таалагддаггүй зүйлс бий. Энэ олон хүн дотор чинь тийм биз дээ? 

Бид л гэхэд 3-хан сая мөртлөө есөн зүйлийн л хүмүүс байна даг. Тэгснээ өөрсдийгөө л хэт дөвийлгөх гээд, монголын цус энэ тэр гээд байхад нь ойлгохгүй үе бий бий. 

Зүгээр л урдахаа чанартай сайн хийгээд, зөв явахад болчихмоор зүйл их бий...

Ойрын хэд хоногт монголд болж буй хүүхэд багачуудын эндэгдлийн тухай уншихаар зүрх зүсэгдэнэ ээ. Зулзагуудаас минь өөрцгүй шүү дээ гэж бодно. 

Эд нарын айхтарыг гайхахад хүргэдэг жишээнүүдээс ганц нэгийг бичих үү? 

1. Хотын төвөөр, ялангуяа сургууль цэцэрлэгийн ойр хавьд сармагчин явж байсан. Сармагчин нь хүн лүү дайрч бэртээж, гэмтээх аюултай тул болгоомжтой байгаарай. Сурагчдад энэ тухай анхааруулж хэлсэн. Хичээл тарсны дараагаар гадаа тоглох, дугуйлан секцэндээ явахад нь эцэг эх, арсан хамгаалагч нар ч мөн адил анхаарал болгоомжтой байна уу?

2. Уржигдар хичээлээ тараад явж байсан сурагчийн бугуйнаас гэнэт барьж аваад, угз татсан хэрэг гарсан. Танихгүй хүн байсан тул зугтааж, харьж чадсан. Ээж аав нь цагдаад мэдэгдсэн. Та бүхэн ч анхаарал болгоомжтой байгаарай. Орой үдшийн цагаар хүүхдүүдээ аль болох ганцааранг нь явуулахгүй байх. 

Ийм үл таних хүн таараад элдэв үйл гаргавал эхлээд цагдаад мэдэгдэхийг хүсье. Дараагаар нь сургуулийн захиргаанд мэдэгдээрэй. Бусад хүүхдэд ч анхааруулж хэлэх болно. 

3. Хичээлээ тараад явж байсан сурагчдыг үсээ шар өнгөр будсан, бага оврын мотоциклтой хэдэн залуус өдөж, хороосон явдал гарчээ. Иймэрхүү залуустай тааралдвал аль болох шөргөөцөлдөгүй, зугтаах нь аюул осол бага шүү. Хүүхдүүддээ анхааруулж хэлээрэй. 

Гэх мэтээр байсхийгээд л сургуулийн зүгээс албан ёсны бүртгэлтэй аппликэйшнд мэссэж ирнэ. 

Мөн сургууль цэцэрлэгт нь сард нэг удаа заавал онцгой байдлын сургуулилалт зохиогдоно. Байгалийн гамшиг тохиолдвол яах тухай, хэрхэн биеэ хамгаалах тухай, гадны үл таних хүн, дээрэмчин гэх мэт хүмүүстэй таарвал яах тухай гээд л хичээл заадаг. 

Жишээ нь танихгүй хүмүүс чихэр, амттан өгье гэвэл авахгүйбайх, дагаж явахгүй байх, чанга дуугаар орилох, хурдан зугтах гэх мэтээр заана. 

Зугтаж амжсан тохиолдолд хамгийн ойр байх хүүхэд хамгаалах бүртгэлтэй сайн дурын байгууллагад хандах. 

Энэхүү байгууллага нь ямар ч байгууллага байж болдог. Тухайн сургууль оршин байх хороо, хороололд үйл ажиллагаа эрхэлдэг үсчин, дэлгүүр, нарийн боовны цех, хувийн эмнэлэг, эмийн сан. Эдгээр нь цонхныхоо тэнд, үүдний хаалганыхаа гадна "Хүүхдийн 110 дуудлага" гэсэн жижиг самбар өлгөдөг. 

子ども110番の家をご存知ですか❔🏠
110 дугаарын гэр. Айсан үедээ санаа зоволтгүй ирээрэй.

Гэж бичсэн байна. Үүнийг харсан хүүхэд өөрт ямар нэг таагүй зүйл тохиолдвол тэдгээр байгууллагад хандаж тусламж эрнэ. Тус байгууллагынхан цааш нь цагдаад мэдэгдэнэ. 

Энэ зургийг бага зэрэг жижгэрүүлэх гэсэн чинь болдоггүй ээ. Интернетээс зээлсэн зураг шүү. 

Иймэрхүү зүйлийг сургууль, цэцэрлэг нь маш сайн хэлж, анхааруулдаг. Би бол гэртээ барагтаа энэ 110 дуудлагын талаар ярьж байгаагүй. Багш нар л хэлж ойлгуулсан байсан. 

Мэдээж гэртээ бол өөрсдийн гэсэн нууц үгтэй. Хааяа тэрийгээ санаж ярилцана. Гэрийн хонх гадаа хонх дарсан хүний дүрс харагдах тул харьцангуй гайгүй, шууд гүйж очоод онгойлгочих нь. 

Анзаараад байхад манайд нэг их олон гадаад хэлтэй, нэг л их мундаг хүүхэдтэй болчих гээд иймэрхүү наад захын амьдралын хар ухаан заахгүй байгаа юм шиг санагддаг. 

Мөн миний л хүүхэд болж байвал гэдэг хандлага их юм шиг анзаарагдсан. 

Бид, бидний гэж ярьж хэлж, өсгөх нь чухал болчихоод байна тийм үү? Эдүгээ цагт.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年10月18日水曜日

Хазсан нь

Бага зулзага ангидаа хүүхэд хазсан гэнэ. 

Орой авахаар очиход багш нь "хүүгээ битгий загнаарай, цаад хүүхдүүд нь бас зүгээр байгаагүй" гэсэн. 

Зулзага ганцаараа нэг тоглоомоор тоглож байсан юм байх. Тэгсэн хажуунаас нэг охин, нэг хөвгүүн өдөөд, хамтлаа тоглоё л доо ч гэсэн гэнэ үү? Эсвэл тоглоомыг нь авах гэсэн ч юм уу? Сайн мэдэхгүй байна, шалаад байхаар нь үгүй ээ гэж учирлаад байхад нь нойтон хамуу шиг загнаад байхаар нь хазаад авсан бололтой. 

Овоо муу "уур"вэ? 

Тэгээд гурвалжин дөрвөлжин юм болсон юм байх. 

Багш гурвууланг нь зогсоож байгаад учрыг нь хэлүүлээд, бие биенээс нь уучлалт гуйлгуулсан гэнэ. 

Үдийн хоол идэхийн үед гурвуулаа эвлэрчихсэн хэвийн тоглоод гүйж явсан гэнэ. 

"Яана аа, хазуулсан хүүхдүүд зүгээр үү?

Зүгээр зүгээр, хазуулсан ором энэ тэр гараагүй, зөөлөн хазсан. 

Уучлаарай, дахиж хүүхэд хазаж болохгүй гэж хэлнэ ээ. 

Зүгээр зүгээр, харин сайн харж хандаж чадаагүйд уучлаарай, хүү нь уг нь өөрийнхөө санааг хэлээд байхад цаад хоёр нь ч шалаад байсан тул уур нь хүрсэн байх. 

Гэсэн ч уучлаарай." 

Нэг иймэрхүү яриа болж өрнөв. Машиндаа суугаад л, учирлалаа. дахиж хазаж болохгүй шүү л гэлээ. 

Уг нь нэг их хаздаг, цохьдог хүүхэд биш юмсан. Яасан юм бол доо? гэж бодов. Энэ удаад багшийн хэлснээр учиргүй уурлаж загнасангүй. Дахин ийм хэрэг гарвал харин нэлээд ширүүхэн үзэж тарна даа...

Эрэгтэй хүүхэд хөдөлгөөнтэй гэж их сонсдог байсан. Гэхдээ зулзага минь тийм ч айхтар хөдөлгөөнтэй бол биш, ууртай юу гэвэл ууртай, ааштай юу гэвэл ааштай, эрх үү гэвэл эрх л дээ. 

Энэ бүгд ээж миний буруу гэсэн. Хэ хэ. Би л эрхлүүлээд байдаг гэсэн. Хо хо. 

Дорхноо томроод үүрээ орхиод явдгийг нь мэдсэн болохоор энэ л хөөрхөн цаг үед нь өхөөрдмөөр, хайрламаар, эрхлүүлмээр, базаад базаад үнсээд баймаар, тэврээд л баймаар, мөөмдүүлээд л баймаар болчихдог юм билээ шүү. Ха ха. 

Ээжийн эзгүйд "хүн шиг" байдаг гэсэн шүү. Идэхгүй гээд маяглаад байдаг ногоогоо иддэг гэсэн. Өөрөө иддэг гэсэн. Ээжийн дэргэд бол бүх юмаа чадахаа байдаг гэсэн шүү. Ха ха. 

Ямартай ч ангийхаа 2 хүүхдийг хазсан хэрэгт ороод амждаг гэнэ ээ. Чих халууцуулж эхлэх гээд байна уу? Аавыг нь ирэхээр ховлоно доо. Ккк. 

Харьцангуй бага бичээд байна даа гэж бодоод явсан юм. Бага зулзагынхаа тухай шүү дээ. Тэгсэн чинь "хазсан" паянг нь бичих болдог гэнэ ээ. Хи хи. 

Хойшид ямар паянг нь бичихийг таашгүй. 

Хүүхэд өсгөнө гэдэг чинь "алаан байхгүй юу" гээд хэлчихмээр л байна шүү. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年10月17日火曜日

Орж гараад л

Ойрдоо ажлын хажуугаар орж гараад сайхан л байна. Мэдээж ууж иднэ. Хо хо. Нэг өдрөөр Осака хот ороод оройдоо буцаад ирсэн. Ажил хэргээр явсан. Өдрийн хоолоор дайлуулсан. 

Юм үзэж нүд тайлсан. Надад бол цоо шинэ ертөнц. Маш их зүйл уншиж, мэдэх, өөрийн болгох ёстой...

Зээ, өдрийн хоолыг өөртөө гэдэг зураг. Миний хувьд өглөө, өдөр, оройн хоолоо бүгдийг л өөртөө шүү дээ. Тэгэхээр чинь хөвсийхөөс яахав. 

Жижигхэн хөөрхөн хоолны газар. Өдрийн цагаар хэдхэн хүнд үйлчилдэг, оройн цагаар уушийн газар болчихдог. Цаанаа нэг тийм чамин газар. Нэрийг нь мартчихаж. Хи хи. 

Хоолны дараах боргол болон амттан. Хөвсийгөөд байгаагаа мэдээд буй тул идээгүй. Борголоо бол уусан. Сахаргүй, хараар нь ууна. 

Ер нь зочинтой байхад, орж гарахад хэтрүүлж идэх гээд байдаг сул талтай. Буу халангаа, болсон явдал ярингаа. Ха ха. 

Гэхдээ хэд хоног ёстой сайхан хөгжилтэй, өрнөлттэй, адал явдалтай, инээсэн, наргисан өдрүүд байлаа. Баярлалаа, найзууддаа. 

Өө тийм зөндөө гоё бэлэгтэй болсон. Тэгж байгаад зураг хөрөг орууламз.

Түр баяртай. Бүгдэд нь ажмилт хүсье. 

2023年10月16日月曜日

Домбо

Нэг ийм хөөрхөн жижигхэн домботой болсон. Хүн бэлэглэсэн юм өө. Түүнээс би өөрөө бол авахгүй ээ. 

Орхиод ирэх гэснээ, эх орноо танилцуулахад хэрэгтэй ч юм уу? Яг ийм домбо байхгүй шүү дээ гэж бодоод аваад ирсэн.

Түүнээс гэртээ бол яагаад ч хэрэглэхгүй. Халуун хүйтнээ барихгүй, зүгээр л бэлэг дурсгалынх байсан тул. Гэхдээ халуун сав ч байсан худалдаж авахгүй гэж боддог. 

Би нэг тийм сонин зантай. Хүмүүс шуураад байгаа зүйлд харшил хөдөлдөг. Хи хи. Нэг хэсэг ийм домботой зураг их явсан тийм ээ? Цагаан сарын зурагнууд байсан байх аа. 

Япон хүүхдүүд сонирхож асууж байсан. "Энэ юу вэ?" гээд л. Барьж үзээд, цай аягалж байгаа мэт үйлдэл үзүүлээд л. Тэгсэн тэр таг нь уначихаад байсан. Хэ хэ. 

Энэ мэтээр миний бага сургууль авч явдаг юмс нэмэгдээд л. Бусад орныхыг бодвол арвин баялаг гэж юүхэв. Зөөх гэж бас л түүртэнэ шүү дээ. Өрөөд тавьчихад бол ширээ дүүрээд сайхан харагддаг л даа. 

Одоо ч дутуу юмгүй л боллоо. Аан тийм, хүүхдийн ч юм уу зодог шуудагтай болно оо тэгж байгаад. 

Нэг ийм сонинтой. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2023年10月15日日曜日

Цэнхэр дээл

Зээ, бага сургууль явж улсаа танилцуулдаг ажил минь эхэлсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөхөн сургууль байна даа гэж бодсон. Коронагийн нөлөө их их. Бага сургуулиудад гайхал чинь мэр сэр гараад, анги танхимаараа карантийлаад байгаа сураг байсан. 

Дунд сургууль, цэцэрлэг одоохондоо гайгүй л байна. Өвөл болохоор бусад төрлийн ханиад бас дэлгэрнэ ээ, зулзагууд хүн шиг өвлийг даваасай гэж бодоод л сууна. 

Зун монгол харьчихаад ирсэн тул амралт бараг байхгүй. Цалингүй л чөлөө аваад явна гэсэн үг. 

Олон жил өмссөн улаан дээлээ халсан. Их сургууль төгсөхдөө хонхны баяраараа өмссөн гэж бодохоор олон жил өмсжээ. Наашаа ирэхдээ хийлгэсэн цэнхэр дээл маань зузаан ч байж, халуунд өмсөөд, хөлрөөд, суга хэсгээрээ цайраад өнгө алдчихсан тул хэдэн жилийн өмнө халсан юм. 

Тэгээд өмсөх дээлгүй хүн чинь энэ жил дээл хийлгэж ирсэн. Эхлээд худалдаад авчихдаг хэрэг гээд хайсан чинь яг таарах хэмжээ, сэтгэл нийцсэн өнгө тааралдаагүй. 

Мөн худалдагч нарын ажлаа хийж байгаа байдал нэг л сонин. Зарим нь бүр хэвтчихсэн гар утсаа маажаад, хүн орж ирж байна гэж тоож байгаа ч юмгүй байсан шүү. 

Эргэн тойрны хүмүүс маань захаас аваа гэдэг зөвлөгөөг дагаж захаас торго авсан. Харин захын торго зардаг эгч бол их идэвхитэй тайлбарлаж өгсөн. Тэдэн метр торго орно, ингэж өнгө дагуу эмжвэл аятайхан болно гэж зөвлөгөө өгсөн. 

Хэлснээр нь тэндээс л авчихсан. Хэ хэ. 

Тэгээд оёдолчноор оёулсан. Энэ удаад мөртэй дээлтэй болсон. Тэгвэл мөр хэсэгтээ үрчийгээд байдаггүй гэсэн. 

Дээл хийлгэх зардлыг минь газар дээрх ганц нагац ах минь төлсөн. Бэлэг гэсэн. Баярлалаа. Дээлээ өмсөх тоолондоо л бодно шүү дээ. 

За тэгээд зах дагуулж явах, хамт явж захиалах, бэлэн болсных нь дараагаар очиж авах гээд л их л олон хүний оролцоотойгоор дээлтэй боллоо. Бүгдэд нь маш их баярлалаа. 

Дараа нэг явахдаа дахин нэг өөр өнгийн дээлтэй болно оо. Ээлжлээд өмсөхөөр. Халуунд бол жаахан хэцүү. Би та нарыг гайхдаг, тэр олон дээлээ яаж арчилдаг юм бол гэж? 

Угааж болохгүй, хими цэвэрлэгээнд өгөх гэхээр үнэтэй. Тийм үү? 

Би угаасаа арчилгаа шаарддаг зүйлд жаахан дургүй талдаа. Угаалгын машинд хийгээд л угаачихдаг, гаргаж ирээд хэд сэгсрээд л хатаачихдаг, индүүддэггүй гэх мэт хувцсанд дуртай. Амар тийм ээ? 

Срочкон цамц өмсөлгүй зөндөө уджээ. Цагаа хэмнэнэ, тогоо хэмнэнэ. Хи хи. 

Над шиг ийм залхуу хүн байна уу? Байдаг бол лайк дараарай. Ха ха. 

За ямартай ч гоё цэнхэр дээлтэй болсондоо баяртай байгаа. Элбэгхэн цэнхэр дээлтэй, улаан пүүзтэй, шар бүстэй хүүхэн гунхалзаж харагдвал тэр чинь би шүү. 

Аминдаа далбааныхөө өнгөтэй хослуулж байгаа ухаантай. Улаан, шар, цэнхэр. Дажгүй л хослол байгаа биз дээ? Түүнээс яг энэ өнгөөр нь, илүү гарсан торгоор нь бүс хийж өгсөн байсан л даа. 

Хөвсгөр хүн чинь өнөөхөө бүслэх гэж жаахан цаг авах юм билээ. Тэгэхээр нь шууд л ташаандаа эрвээхэй зангидчихдаг шар бүсээр бүсэлчихсэн хэрэг. Хо хо. 

Нэг дээлтэй болсноо юу гэж боддог байна аа, тийм ээ? Яахав, хэдэн онд хийлгэж өмслөө гэж дараа нь уншихад хэрэгтэй гэж бодсон юм өө. Сонирхолгүй бол алгасна биз дээ? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2023年10月6日金曜日

Ахмадын баярын мэнд

70, 80-аад оны биднийг ахмадын тоонд оруулаад байгаа билүү, жаахан бацаанууд чинь. Ха ха. 

Би энэ баяраар ээж аавдаа мэнд хүргэдэггүй. Сонин санагдаад байдаг. Хорооноос зохиож буй ажлууд нь таалагддаггүй юм. Тойруулж суулгаад сүүтэй цай, гарын бэлэг гэх мэт нь ч нэг тийм тааламжгүй. 

Цаанаа л нэг тийм тухайн цаг үеийн улс төрчид нь ирэх сонгуульлдаа бэлдээд байгаа юм шиг хар төрөөд байдаг юм. Ха ха. 

Ээж аавынхаа "хороон дээр тийм арга хэмжээ болоод, ийм ахмадуудад зориулсан үйл ажиллагаанд оччихоод ирлээ" гэж хэлэхийг сонсож байгаагүй.

Өөрсдөө л өөрсдийгөө баясгана хөөрхийс. Өдөрт тутамдаа ач зээгээ хааяадаа авна, жимсээ хураана, хамаатан саднуудтайгаа хөзөр даалуу тоглоно.

Мэдээж сонирхлоороо нэгдсэн ахмадууд байна аа, жишээ нь сүүлийн үед хөгжөөд буй граунд буюу талбайн гольф, ууланд алхах гэх мэт. Орж гардаг ахмадууд нэмэгдэж л байна тийм үү? 

Японд бас ахмадын өдөр гэж байна. Баяр биш өдөр гэж явдаг. 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн даваа гарагийг ахмадын өдөр хэмээн нийтээрээ амардаг. Зр ач зээ нар нь ээж аав, эмээ өвөөдөө бэлэг өгдөг, хамтдаа тэмдэглэдэг.

Энэ жилийнх 9 сарын 18-нд болсон. 

Сонирхлоороо нэгдсэн хүмүүс хааяадаа үзэсгэлэнгээ гаргах, хамтдаа аялах гэх мэтээр зугаатай өнгөрөөдөг. Мөн тухайн хорооны цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдийн зурсан зураг, бүтээл зэргийг хорооныхоо эмээ өвөө нар бэлэглэх тохиолдол ч байдаг юм билээ. 

Байсгээд л амьд цэцгийн урлагийнхны бүтээлээс зураг оруулдаг даа. Тэр ч ахмад настан эмэгтэйчүүдийн бүлгийнхний бүтээл. Улиралдаа нэг бүтээл гаргаад байдаг юм. 1 давхрын коридорт хэдэн ширээг цагаан даавуун бүтээлгээр бүтээж байгаад цэцгээ тавьдаг. 

Би цайныхаа цагаар гарч орохдоо саатан сонирхож зураг дардаг юм.

Энэ саяхных. Ганц энэ икэбана байгаагүй л дээ. Хажууд нь хэд хэд бий. Би ганц нэгээр нь л зураг оруулдаг. Холоос нэг дараад, ойроос цэцэг, навчных нь зургийг бас дардаг.  

Нэг их тод харагдахгүй байгаа биз? Ойртоод харахаар ийм хөөрхөн цэцэн нуугдасхийгээд л амилсан байна. Икэбана гэдэг үг өөрөө цэцгийг амилуулах гэсэн утгатай шүү дээ. 

                              

Мөн энэ бяцхан хөөрхөн цэцэг. Хараахан дэлбээлж амжаагүй байгаа мэт. Эсвэл цаанаасаа ийм хумиастай байдаг ургамал ч байж мэдэх. Мэдэхгүй зүйл их юм дөө, энэ хорвоод. Хи хи.   

Манай ахмадууд ч гадны орныг дуурайх нь юу юм? Гэхдээ л сайхан өөрсдийгөө амраасан, тайтгаруулсан, таашаал авсан сонирхлоороо нэгдэж цөлөөт цагаа өнгөрөөдөг сайхан нийгэм цогцлоосой гэж боддог.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Сонирхлоо олоорой...

2023年10月5日木曜日

Унших нь, бичих нь

Унших нь бичихийн эхлэл.

Бичих нь уншихын эхлэл. 

Бичдэг алдартай хүмүүс бичээд л бай, бичээд л бай гэдэг юм билээ. 
Бичээд л, санаанд нь нийцэхгүй бол базаж хаяад л. Зохиолчдын нэг ийм дүр төрх кино зохиолд гардаг даа. 

Би бас бичмээр байна. Тэгснээ санаанд минь нийцэхгүй базаж, хогийн сав руугаа чулуудаад л суумаар санагдаж, мөрөөддөг. Хо хо. 

Блог бол базаж хаяад хогийн сав руу чулуудна гэхгүй нь байгальд ээлтэй юу? Хэ хэ. Устгах л юм даа тийм ээ. 

Гэхдээ би зохиол бичих авяас байхгүй л дээ. Бичих гэж оролдож ч үзээгүй. Ямар ч сэдэв байхгүй. Ха ха. 

Зохион бичлэг л хэд хэдийг бичсэн. Ганц нэг хүмүүст бас зохион бичлэг өгч байсан. Зохион бичлэг бичүүлмээр байвал бичүүлээрэй. Хи хи. Одоо ч зохион бичлэг гэхээсээ илүүтэйгээр эсээ гэх болж тийм үү?

Эсээ бичих арга гээд л хааяа харагддаг. Тогтож уншиж байгаагүй юм байна, нэг уншина аа.

Мундаг гэж боддог хүмүүсийнхээ бичсэнийг, ярилцлагыг уншихыг хичээдэг, бүр маш их.

О.зулзага минь бичих авъяастай юм шиг санагдсан. Гэхдээ хичээл хичээл гэж гүйгээд бичихгүй л байна л даа. Бичээсэй гэж нууцхан хүсдэг. 

Дунд зулзагын хичээл дээр зохион бичлэг бичүүлээд, шалгаруулна гэсэн гэнэ. Одоо би яах вэ? гэчихсэн явж байна лээ. Яах юу байхав? Бичээд л үз гэлээ. 
Өөрөө болохоор надад тийм авъяас байхгүй гээд бодчихсон яваад байх шиг. 

Ер нь дээрээ нэг тийм "добрый"-дуу ах эгчтэй хүүхдүүд би чадахгүй гээд ойлгочихдог шиг...

Гэхдээ л унших гоё тийм ээ? Бичихээсээ илүү унших нь таашаал өгдөг надад. Тухайн үедээ уншаад л өнгөрөх нь их. Учиргүй толгойдоо, ой тоондоо үлдээх нь цөөн. Тэр нь ч ядаргаа багатай. 

Харин сүүлийн үед номын бүлгэмийнхээ хүүхнүүдийн ярихыг сонсоод, номоо их эргэцүүлж, дүгнэж уншдагийг нь бишрээд, өөрөө ч суралцах хүсэлтэй болж буй. Өмнө нь ч "хөөх" ийм юм байдаг аа, ингэж болдог оо, энэ арай хэтэрнэ ээ, энэ ямар зэвүүн бөгөөд аймшигтай юм бэ гэж бодохоос хэтэрдэггүй байж. 

Тэгсэн бусад уншигчид болохоор бүр зохиолчийн гаргах гэсэн, илэрхийлэх гэсэн цаат санааг нь хүртэл ухаад төнхөөд гаргаад ирчих гэж тэмүүлж, шимтэж уншдаг юм байна шүү. Сүрхий юм бэ? 
 
Ямартай ч номоо уншаад л, блогоо бичээд л явах юм шүү гэж бодон халуун борголоо уугаад, бороотой өдрийн эмо бичвэр ээ төгсгөе цэг.
 
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Уншдаг үндэстэн болцгооё...

2023年10月3日火曜日

Гэрэлтдэг харандаа

9 сард бага зулзагаа дагуулаад нэгэн тоглоомын газар очсон юм. 

Зураг зурах арга хэмжээ. Тэгсэн тосон харандаа нь өвөрмөц харандаа байсан. Гар чийдэнгийн гэрэл тусгахаар гэрэлтдэг юм билээ. Гар чийдэн ширээн дээр байхаар нь гайхаад байсан чинь, тийм учиртай байсан байна лээ.

Сараачдаг үе дээрээ явж буй зулзагат их сайхан байх шиг байсан. Гэхдээ нэг их төвлөрч суугаагүй ээ. Бусад тоглоомын өрөө рүү ухаан санаа нь явчихаад. Хальт зурж, хальт гэрэл тусгаж харчихаад л тоглохоор гүйсэн. 

Ингэж гэрэлтдэг юм билээ. Сонин л юм билээ. Анх удаагаа харсан. Үнэтэй эд байх тийм үү? 

Тэр бүр таараад байдаггүй харандаа байгаа биз? гэж зохион байгуулж байсан хүн нь хэлсэн. Бяцхан жаалуудаасаа илүү ээж аавууд нь сонирхоод байсан. Хэ хэ. 

Дараа дэлгүүрт байдаг юм уу? Хэд гэдэг юм бол гэж хайж үзнэ ээ. Боломжийн үнэтэй бол бэлгэнд бас хөөрхөн юм гэж бодсон. Үнэтэй бол ч бас бодолцоно. Хэ хэ. 

Эх оронд минь бяцхан жаалууд эндээд, сэтгэл санаа хямраад л. Тийм мэдээ уншихаар нүдэнд зулзагууд минь харагддаг. Эвий эвий гэж бодоод л...

Хүүхдэд ээлтэй нийгэм болгоцгооё оо, бүгдээрээ. Дор бүрнээ л хичээх хэрэгтэй байх тийм үү?

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2023年10月2日月曜日

Цэцэг

Гоёмсог цэцэгстэй их таарч байна өө. 

Зургийг нь дараад инста, нүүрномдоо оруулна. Цахим ертөнцөд над шиг идэвхитэй хүн алга л байна, миний эргэн тойронд. Хэ хэ. Их л завтай харагддаг байх даа. 

Гэхдээ би тэр салж байгаа хосын ярилцлага, бичлэгийг үзээгүй шүү. Үзээд шүүгээд, бичээд байгаа та нарын завтайг би бас гайхаад л. Ха ха. 

Энэ далбагар том навч нүд булаагаад өө. Донжийг нь олоод чимэглэчихэх юм, энэ бүсгүйчууд.

Уламжлал ёсоор цэцгийг нь ойроос зураг дарсан. Нэг тийм үсэрхэг цэцэг байсан. Би сэмээрхэн хуруугаа хүргэж үзсэн. Хэ хэ. 

Далбагар навчаа бас ойроос зураг дарсан нь. Хажуугийн энэ чимэг болгож хатгасан цэцэг ч хөөрхөн байсан. Өнгөний зохицол донжтой байгаа биз? 

Гэрт минь тасалгааны ургамал байхгүй гэж хэлэхэд болно. Зулзагын өрөөнд ганц нэг бий. Кактус бий, бас нэг өөр навч бий. Хаа нэгтээ усалж харагддаг. Заримдаа навч нь шарлаад уначихсан байдаг. 

Хэзээ нэгэн өдөр өөрөө цэцэг тарьж арчилдаг болохыг ерөөе. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年10月1日日曜日

Шинэ сарын мэнд ээ

Адал явдалтай, бужигнаж өнгөрүүлэх сар минь эхэлж байна. 
Найзууд ирнэ ээ. Тэсэн ядан хүлээнэ ээ. Мөн ажил үйлсэд нь тус дэм болж чадах эсэхдээ бага зэрэг эргэлзсэн, санаа зовсон л байдалтай байна. 

Мэдээж хамгийн гоё нь номнууд минь эзэндээ ирнэ ээ. Ха ха. Номнууд минь гэчихэж ээ, найзуудаараа авахуулчихаад уу? Өөрийн мөнгөөр аваагүй шүү дээ. Бас л даварчихсан байна уу? 

Гоё борголоор дайлна аа, гоё япон амттанаар дайлна аа. Баярлалаа. 
Үүнийг зун номын клубынхантайгаа уулзахдаа уусан. Сахарыг нь хийлгэлгүйгээр захиалж уусан. Сахаргүй уудаг юм би. 

Жаал буу халж суусан. Мөн ирэх жилийн хавар? хүртэл унших номнуудаа товлосон. Ганц 2-ыг нь авч амжаагүй тул одоо ирэх найзууддаа захьсан хэрэг. Түүнээс өөрөө хальт номын дэлгүүрээр шагайхдаа асуусан юм л даа. Байгаагүй л болохоос. 

Гэснээс 10 сард ямар ном уншина гэлээ? Эхлэе байз.
Уулынхдаа авч очсон борголоосоо уусан. Идээ эзнээ танихгүй гэж. Өдөрт 2 аяга уудаг юм. Өглөө, өдөр гэж. Жаахан оройтуулчихаар нойр хүрэхгүй тохиолдол бий. Заримдаа ч унтчихсан л байдаг, заримдаа нойр хулжчихдаг юм. 
Ажил дээрх энэ бондгортой аягаа солих гээд л бодоод, тэгснээ мартчихаад яваа. Хөвсгөр минь буурахгүй байгаа тул фэнгшүдэх гэж байгаа юм. Ха ха. 

Энэ арслангийн зурагтай боргол жаахан үнэтэй. Жаахан хэмнэлт хийгээд авч төвдөхгүй байсан чинь ажлын хүүхэн авчирч тавьсан байхаар нь нэрэлхэхгүй ээ гэж байгаад л уусан. Дажгүй л юм билээ. 

"Зөв аарц"-аа амтархан иднэ ээ. Нээрээ ажлынхандаа бэлэглэсэн үрлэн аарцаа бараг ганцаараа бүгдийг нь идээд дуусгасан даа. Хэ хэ. Манайхан идэхгүй л юм билээ. Яахав анх тараахад нь амсахын хувьд амссан байх. 

Шар айраг, дарс гэх мэтийг уух дуртай хүмүүс бол дажгүй юм байна гээд идэж харагдсан, уулынхан маань. 

10 сард өөртөө болон найзуудынхаа ажил үйлсэд өндөр амжилт хүсье. 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү.