ラベル Тайлан の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Тайлан の投稿を表示しています。 すべての投稿を表示

2026年7月9日木曜日

Цаанаа л амттай

Эх орондоо салхи шиг нисэж очиж ажиллахдаа хуушуур голцуу хоол идэв. Аминдаа хамт явсан залуустаа монгол хоол идүүлчих санаатай. Хуушуурыг ихэнх япон хүмүүс амттай гээд, зарим нь бүр дурлаад захиалга өгч, хийлгэж иддэг юм, энд. 

Энэ Чингисийн хүрээн дэх өдрийн хоол. 5 хуушуур ирсэн. Бүгд ийм том далбагар. Хэ хэ. Тавуулаа явсан юм, нэг нэгээр нь амаа олохгүй л идэв. Манай хэд бас намайгаа мэддэг, зураг аваарай гэж ирээд л. Хөөрхөн. 

Амьдарч буй цаг үе нь ч нөлөөлдөг байх, хоолны зураг авахад нэг их төвөгшөөхгүй болсон байна лээ, энд тэнд явахад. 
Хаа очиж гурил нь нимгэндүү, шажигнасан амттай. Би зузаан гуриланд тийм ч дуртай биш. 

Бидний гэртээ хийж иддэг хуушуурыг бодвол махны хольцонд ногоо бага. Бид ч энд байцаа, лууван, гогод, сонгино, саримс, гоньд гээд л хольдог юм. Би бол бүр дан ногоотой хуушуур хийж идмээр л байдаг. Гэрийнхэн таалдаггүй л болохоос...
Нэг япон калуу маань нэг монгол сурагчаас цуйван гэдэг үг сурсан юм билээ. Бодвол дуртай монгол хоол чинь юу вэ? гэхээр нь мань хүн хэлсэн байх. Хэ хэ.

Тэгээд тэрний дуртай хоол цуйванг идэж үзмээр байна гээд захиалсан. Хаа очиж ногоо ихтэй байсан. Надад таалагдсан. Чухам монгол эрчүүдэд яах юм байгаа юм? Ха ха. 

Гэснээс ойрд цуйван хийж өгөөгүй юм байна. Бодвол идмээр л санагддаг байх даа? Өөрөө хийгээд идэж бас болно тийм ээ? Хо хо. 

За наадам ч дөхлөө. Дугуй хуушуур хийж чадахгүй улс чинь гэрийн хуушуураа л хайрч идэх байх даа. 

Гэхдээ би энэ халуунд хуушуур хайрмаагүй байна  өө. Би монголд урьдчилаад зөндөөг идчихсээн гээд л номоо уншаад сууж баймаар байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年12月31日水曜日

2025 онд уншсан номнууд

Зээ, ийнхүү 2025 оноо үдэх гэж байна. Ямартай ч бүтэн нэг жилийн явцад ямар ном уншсан тухайгаа тайлагнах минь. 

2024 онд 37 ном уншсан. Энэ жил клубынхаа гишүүдийн араас нэхэж 50+ ном унших зорилт тавьсан байлаа. Сард дор хаяж 3 ном уншихгүй бол 50 хүрэхээргүй, зарим ном нь нимгэн, зарим нь зузаан. Зарим нь хөнгөн, зарим нь хүнд.

Угтаа зулзагадаа уншиж өгдөг зурагт номнуудаа тоолбол ч 100 хол давна л даа. Хэ хэ. 

Доорх номнуудын жагсаалтыг уншсан дор нь л бичээд явсан. Бүр он гараад л энэ хуудсыг нээгээд, номоо уншиж дуусахад нь л дугаарлаад бичээд явсан. Жилийн турш хамт байсан бичвэр. 

Ингээд дор бүр нь жагсаагаад бичих нь цаг хэмнэдэг юм билээ. Өнгөрдөг жил блогоо эхнээс нь ухаж төнхөж уншсан номоо тоолж цаасан дээр буулгана, тэгээд өнөөх цаасаа хайгаад олохгүй, дахин ухаж төнхөнө гээд л. Цаг нэлээд үрсэн. 

Энэ жилээс цагаа хэмнэх, үр бүтээлтэй байхын тулд ингэж нэг хуудсыг жилийн турш хөтлөв. Та бүхэн ч санаа авна биз ээ? Ирэх 2026 ондоо ч мөн адил уншсан номоо тэр даруйд нь ингэж жагсаагаад явна даа. 

Жилийн эцсийн тайлан гаргахад асар хэрэгтэй шүү. Пөөх, би ийм их ном уншаа юу гэж өөрөөрөө бахархана. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Хэ хэ.

1. Дурсамж мартагдахаас өмнө

2. 14 настай чамд зориулав (Япон)

3. Хандлагын хүч

4. Шивэгчний үлгэр (Төлөвлөгөөт ном. 1 дүгээр сард)

5. Цагаан хоолтон 

6. Хөвүүн ирлээ

7. Чингис хааны нууц түүх (Төлөвлөгөөт ном. 2 дугаар сард)

8. Магма

9. Амьсгал (Төлөвлөгөөт ном. 3 дугаар сард)

10. Флоренцийн шидэт гүнж (Төлөвлөгөөт ном. 4 дугаар сард)

11. Тарган муур

12. Софийн ертөнц (Төлөвлөгөөт ном. 5 дугаар сард)

13. Ичгүүр

14. Нэгдүгээр биеийн ганц тоо (Төлөвлөгөөт ном. 6 дугаар сард)

15. Чөтгөрийн бясалгал

16. Цул мөнгөн гүүр (Төлөвлөгөөт ном. 7 дугаар сард)

17. Нэрийн дэлгүүрийн эмэгтэй

18. Вавилоны хамгийн баян хүн

19. Жолоодогч

20. Хөгшин чоно ульсан нь

21. 5 секундын дүрэм

22. Түүнийг гэх дурсамж

23. Хөрөг

24. Өвөл хавар

25. Морин уруул (Төлөвлөгөөт ном. 8 дугаар сард)

26. Халдвартай

26. Тагтаа 

27. Хүүхдээ ойлгох ном (Төлөвлөгөөт ном. 8 дугаар сард)

28. Алдагдсан охин (Төлөвлөгөөт ном. ...дугаар сард)

29. Шидэт мухлаг (Төлөвлөгөөт ном. ...дугаар сард)

30. Эмсгүй эрс (Төлөвлөгөөт ном. ... дугаар сард)

31. Сэтгэлзүйн тууриуд

32. Хүлээлт (Төлөвлөгөөт ном. ... дугаар сард)

33. Бэлэг

34. Уншигч

35. Намайг бүү явуулаач 

36. Тал нутгийн тэмдэглэл

37. Кафед өгүүлэх түүх

38. Нэг минутын уран уншлага (япон)

39. Шударга ёсны хордлого

Сүрхий юу? Айлын хүүхдүүд. Сүрхийгээс ч сүрхий айлын хүүхдүүд байна цаана чинь. Би бол хажууд нь жулдрайдна. 

Гэснээс 39 гэдэг тоог хараад ихэд бэлэгшээв. Учир нь япон хэлээр баярлалаа гэдэг англи үгийг "санкюү" гэж хэлдэг. Японжсон англи үг л дээ. Тэгээд би чинь 39 ном уншсан болохоор та бүхэндээ "Тhank you буюу санкюү". 

Миний ингэж олон ном уншихад минь их олон хүний хүч хөдөлмөр ордог тухай өмнө бичиж байсан даа. Та бүхэндээ үнэхээрийн их баярлаж, талархдаг шүү. 2026 онд ч зөндөө ном бэлэглээрэй, зөөж өгөөрэй, шууданч болоорой гэж хүснэм. Ингээд давраад байдаг юм тийм ээ? Хэ хэ. 

Энэ жил япон хэлээр ядаж 5 ном унших зорилттой байлаа. Амжсангүй ээ. Нэг номыг зээлж аваад, цүнхэндээ 2 сар гаран цүнхэлж яваад, сүүлдээ ч амжихгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч, номын санд буцаагаад өгчихлөө. 

Энэ олон хоногийн амралтаараа уншина гээд 2 ч ном зээлчихсэн байдаг. Амжих болов уу? Хэ хэ.

За тэгээд 2026 ондоо ёстой чиг 50 ном уншихыг хичээгээд, эрчим хүчтэйгээр марш...

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2025年12月24日水曜日

Нарита

Бас л 6 сард адал явдалтайгаар очоод, нисээд буцаад ирсэн. Энэ удаад хүн тосох гэж л очсон. Ирэх жил чадвал бас хүн тосоод, эсвэл өөрөө томилолтоор явах гээд энэ газарт дахин ирэх юм шүү. 

Ирэх оныхоо дэвтэрт бичиж тэмдэглэнэ ээ. Эх орондоо очоод ирэх, нисэх орж хүн тосох гэж томоос том бичнэ ээ. Бичсэн зүйл биелдэг гэж уншсан...

Хаанаас хүн тоссон нь ойлгомжтой. Танил үг харагдах ч цаанаа л нэг сайхан шүү. Олон жилийн өмнөхийг бодвол нэг их хоцроод байхгүй болсон, хүмүүс нь ч нааш цааш явж сурсан, ачаа бараа нь ч саатаад, шалгагдаад байх нь ховор болсон зэрэг нь том амжилт. 

Нүүр улайлгаад байх нь эрс багассан. Аэро Монголиа-г бодвол. Хэдэн жилийн өмнө бүтэн нэг өдрөөр шахуу хоцроод, дэмбэрэлтсэн. Хохироод л дууссан. 

Хоцрохгүй бол ажил алба ч харьцангуй цагийн хуваарийн дагуу явагддаг болсон.
Япончууд яс тас бэлддэг болохоор төөрөөд, будлиад байхгүй амар. Яг хаана бууж суух, хүнээ хүлээж байх хоорондоо буцаад явах зогсоол, суудлаа судлаад урьдчилаад очоод нягталчихна. 

Автобусныхаа билетийг худалдаад авчихна. Ер нь бэлтгэл ажлыг маш сайтар хангана. Заримдаа ч залхмаар, гэхдээ бас суралцмаар зан чанарых нь нэг. Олон жил болж буй би ч үе үе монгол зангаа гаргачих гээд байдаг шүү, нөхөр минь. Царгалдаж болохгүй шүү гэж өөртөө санууланхан явлаа. Хичээнэ ээ. 
Энд нэг өдрийнхөө өдрийн хоолоо идсэн. Хятадын зарим нэг нислэг цуцлагдаад тэгсэн үү? Хөл хөдөлгөөн зуныг бодвол багатай юм шиг л санагдсан. Ачаагаа өгөөд, суудлаа бичүүлэх гээд очсон аль хэзээний урт дараалал үүссэн байв. Ачаа ихтэй улс, том том ханхар залуус, хүүхнүүд. 

Жижиг хүмүүс дунд байхаар чинь том ханхар залуус, хүүхнүүд харахаар өөрийн эрхгүй л бахархах ч шиг болж байна лээ. Би өөрөө хажууд нь жижигхэн, гуалиг харагдах болохоор тэр шүү дээ. Ха ха. 

Жижигхэн, чөрийсөн хүмүүсийн дунд би том харагдаад байна, бүхий л талаараа. Хэ хэ. 

За ямартай ч хот хүрээ орж, сэтгэлээ нэг сайхан сэргээчихээд ирсэн. Жаахан л ядарсан. О.зулзага "ээж та гадуур ажилтай явж байхдаа хөгжилтэй, жаргалтай харагддаг" гэсэн. Үе үе ингээд гадуур явж байх юм шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年1月9日木曜日

Орж гарав

Олон хоног амарсных ганц нэг өдөр орж гарсан гарсан. Хүн их байсан, ханиад томуу ч их байсан. 

Бага зулзага нэг өдөр 40 хүрч халуурсан. Энэ тухай бичлүү, яалаа? Нам дарж хамтдаа унтаад, халууныг нь буулгасан. Яг тэр 40 хэм хүрсэн үед нь толгой өвдөөд гэхээр нь халууны эм өгсөн, нэг удаа бөөлжсөн. 

Урл орой нь харьцангуй бага идсэн шиг байна лээ, бөөлжихдөө яг өмнөхөн нь уусан усаа л гаргасан. Үүрээр 5 цагийн алдад болсон явдал. 

Тэр өдөр нь гэрээрээ кино театр орно гээд төлөвлөсөн байсан тул уйлаад. Би явах байсан гэж. Хэ хэ.

Халуун нь буув уу, үгүй юу бид гараад л жирийлээ. Том эгч дүүтэйгээ хүүхэлдэйн кино үзэв. 

Бага эгч ганцаараа үзмээр байгаа анимэгаа үзэв. Ижий аав хоёр тэр хавиар зугаалав. Угтаа нэг газар орж боргол уунгаа номоо уншина гэж бодсон чинь дугаар гэж уртаас урт, хүн гэж их. Больчихсон.

Нэгэн доктор бүсгүйтэй хамт өдрийн хоол идэв. Тувт мах иддэг болохоор загас сонгож идэв. 

Дараагаар нь халуун рашаанд орцгоов. Пиг хүнтэй. Зулзагаа эгч нарт үлдээчихээд ганцаараа тал өдөр сайхан алжаалаа тайллаа.

Халуун рашааны дараагаар нь халуун боргол ууцгаав. Дайлуулав. Энэ Комэдас гэдэг газарт анх удаа орж үзлээ. Нагоя хотын гаралтай гэнэ шүү. Сүлжээ газар. О.зулзага бас мэдээд байна лээ.

Дараа хүн дайлахдаа, хүнээр дайлуулахдаа ормоор юм билээ. Бүсгүйчүүд л болсон хойно хөвсийнө гэсэн айдас хүйдэстэй хэдий ч дундаа нэг амттан захиалав. Энгийн хэмжээтэй гэсэн чинь их том юм билээ, дараа жижгээс нь захиалмаар юм билээ. 

Өнөөдрөөс оноор идэж уусан амттанаа биед минь наалдан пад болохоос нь өмнө "ямар нэгэн арга хэмжээ" авна гэж болож байна. Харин ямар арга хэмжээ билээ? Ха ха. 

Хэсэгтээ баяр ёслолгүй, төрсөн өдрүүдгүй амар жимэр байх нь ээ. 

Түр баяртай. бүгдэд нь амжилт хүсье.

2025年1月8日水曜日

Монгол хоол

О.зулзага харьж ирснээр бид хэд монгол хоолоор голцуу "занималдав". 

Галт тэрэг нь бугатай мөргөлдөж бариад 1 цаг гаран хоцорсон. Энэ гэхдээ дамжиж суусан галт тэрэг нь. 

Бүр цаанаас сурч буй хотоосоо суух гэсэн чинь шинкансэн буюу суман галт тэрэг нь 20 минут хоцорсон. Нэг сайхан нь наашаа ирэхийн тулд дамжиж суух буухиа галт тэрэг нь хүлээж байсан гэсэн. 

Аргагүй л манай япон гэж бодсон. Хэ хэ. Ганц манай зулзага биш л дээ. Өөр хүмүүс ч байсан мэдээж.

Маргааш нь бид хуушуур хийж идэв. Тэндээ хааяадаа бууз хуушуур хийж иддэг гэсэн л дээ. Гэрийн амт чухал тийм ээ? 

Гэснээс гэрт минь байсан гоньдыг ихэнхийг минь аваад явчихсан. Ойрд монголоос ирэх хүнд гоньд захина даа. Мэдэж байгаарай, манайхаан.

Шарсан хавирга. Саримс хамт шарсан. Өнгөрдөг жил монгол явахдаа дүү бүсгүйгийн хийж дайлсан хоолноос шарсан саримс л хачин гоё амттай байж билээ. Түүнийгээ бодон бодон шарж, идэв. Мэдээж хачин сайхан амттай байлаа. 

Хмас баяраар бас шарс идсэн. Гадуур хооллохгүйгээр, бэлэн тахианы мах авч идэлгүйгээр өөрсдөө хийж идэж байхаар шийдээд өө.

Төмсөнд дуртай, байнга идэхгүй ээ. Хааяадаа бол жаргаж хүртэж байна.

Битүү шөл. Охид дуртай. Бага зулзага харин гурилыг нь идчихээд махыг нь илэхгүй байсан. Хань ижил махыг нь ихдүүлчихээд байдаг юм угаасаа.

Гурил бага ордог тул үлдсэн гурилаа жигнэж тавиад маргааш нь цуйван сэгсэрсэн. О. зулзага нэг удаа цуйван сэгсэрсэн чинь нялцгай болчихсон гэсэн. 

За тэгээд амралт дууссан бид чинь будаа ногоогоо л эргэлдүүлнэ дээ. Хэ хэ. Цагаан ногоон сар болтол монгол хоол хийхгүй байх. Биш ээ, хийх юм байна, нэг уулзалтан дээр бууз хийж очно гээд ам өчиг өгчихсөн гэсэн хань ижил. 

Намайг дагуулж явах юм гэсэн. Тэгэхээр чинь би одоо улсынхаа нэр нүүрийг бодоод гараа гаргаж л буузаа хийх байх.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月31日火曜日

2024 онд уншсан номнууд

Энэ жилээс оны сүүлээр хэдэн ном уншсанаа тусад нь жагсааж бичиж байхаар шийдлээ. Номын клубынхан маань мөн адил ямар ямар ном уншсан болох мөн номныхоо тоог гаргаж байхаар болсон. 

Үе үе найз нөхөд зэрэг хүмүүс бас ямар ямар ном уншив? Хэдэн ном уншив? гэж асуухаар нь хэлж байх зорилготой юм.

1. Күсамакүра

2. Миний нэр Улаан

3. Амьтны ертөнц

4. Өдрөөс үлдсэн зүйл

5. Эмэгтэй

6. Бясалгал

7. Япончуудын бүтээсэн боловсрол

8. Модны нууцлаг амьдрал

9. Өөрийнхөөрөө дур тавь 1

10. Өөрийнхөөрөө дур тавь 2

11. Жамиль

12. Хонхон шил

13. Мэдисон нутгийн гүүрнүүд

14. Ясан зүрх

15. Сиддхарта

16. 1984

17. Байр суурь

18. Зүүднээс ч чинагш уй

19. Аварга мод

20. Хайрхаан

21. Оройн ганц мод

22. Их тээлийн даваа

23. Тунгалаг хөх асар

24. Хол биш 

25. Энгийн дадал

26. Кафка аавдаа бичсэн захидал

27. Toxic Parents Эцэг эхийн хөнөөлт авир

28. Мастер Маргарита хоёр

29. Хараацайн зогсолт 1

30. Хараацайн зогсолт 2

31. Наймдугаар сард уулзъя

32. Одоогийнхоосоо арав дахин хурдтайгаар ном унших (Япон)

33. Хүүхдийн шархлахдаа амархан зүрх сэтгэлийг хамгаалах арга (Япон)

34. Happy Money (Япон)

35. Хүүхдийн хүмүүжлийн үглээгээ сольж хэлэх толь бичиг (Япон)

36. Хайрлах урлаг

37. Голын тэртээх гацааны хавар

Япон хэлээр уншсан номнуудаа ч оруулав. Учир нь япон хэлээр уншихаар цаг нэлээд ордог. Гар минь өөрийн эрхгүй эх хэлээрээ бичигдсэн ном руу явдаг. Хүчилж байж япон хэлээр бичигдсэн ном руу гараа, хараагаа, ухаан санаагаа явуулдаг. Хэ хэ. 

Усыг нь ууж байгаагийнх, бас тус хэлээр уншиж хэлнийхээ үгсийн санг баяжуулах, уран зохиолтой нь танилцах зорилготой юм. 

Оройд зулзагадаа уншиж өгдөг хөөрхөн хөөрхөн агуулгатай жижиг зурагт номнуудаа оруулсангүй. Оруулбал замбараагүй их тоо гараад, зарим нэг хүмүүсийн атаархлыг төрүүлчихнэ, ярьшиг зүгээр. Ха ха. 

За тэгээд ирэх ондоо ч мөн адил олон олон ном унших зорилттой. Төлөвлөгөөт номнуудаа уншихаар дор хаяж 12 ном уншина. Чамлалтгүй л тоо. Гэхдээ байна аа, уншдаг хүмүүстэй харьцуулахаар үнэхээрийн чамлалттай тоо шүү. 

Клубын гишүүд байна бзр дөчин хэд, тавин хэд гэчихэв ээ, ном уншсан байна цаана чинь. Бүр атаархчихлаа. Хи хи. 

Гэснээс би нь клубынхаа "аварга уншигч"-аар шалгараад ирэх жилийнхээ төлөвлөгөөт 12 номыг бэлгэнд авч өгнө гэсэн. Ваув биз дээ? Эхний 8 номоо гартаа оруулчихсан байгаа, эдгээр номнуудын оронд уншмаар байгаа 8 номыг минь авч өгнө гэсэн. 

Би хөөрөөд л, одооноос ямар ном унших вэ гэж догдлоод л, шинэ оноо аварга уншигч гэдэг цолтойгоор үдэж байгаадаа туйлын их баяртай байна өө. 

Бага халуураад, орж гарах төлөвлөгөөнүүд нураад, эгч нар жаахан дурамжхан, гал тогоо шанага эргэлдүүлж хөвсгөр болохоос бусдаар ч дажгүй ээ. Байгаа бүх зүйлдээ, оноогдсон бүх зүйлдээ талархаад, ирэх ондоо ч хичээнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年9月4日水曜日

Шөлөндөө

Эрдэнэт яваад, гостоод гэж хэллүү. Ха ха. 

Маргааш нь дүүтэйгээ уулзах ёстой байсан юм. Орой нь гэрт нь айлчлаад, шартсан хүн чинь яахав шөл хийлгэж уугаад. Шартахад уудаг, халуун ногоотой солонгос шөл. Хөлс гараад, шар ч тайлагдаад. 

Дараагаар нь улаан дарс шимсэн шиг. Бүтэхгүй гар гэж бодож байна уу та нар. Хи хи.

Одоо ингээд зурагнуудаа харж байхад зугаатай, хөгжилтэй яваад иржээ. Зураг болгон дурсгалтай. 

Магадгүй та нар, ядаргаатай юм, тувт идсэн уусан хоол ундны зураг гэж бодож байгаа байх. 

Гэхдээ байна аа, наддаан бол бөөн дурсамж, сүүлд уншихад ч тээр жил тэгээд явж билээ, тэгж дүүгийндээ айлчлаад, дайлуулаад, цайлуулаад хонож билээ гэж бодно шүү дээ. Тийм үү? Хо хо. 

Солонгос хоолны газарт захиалж уусан тойгны шөл. Ядаргаанд сайн гээд захиалж өгсөн. 

Японд олсон ядаргаагаа эх орондоо тайлчихаад ирсэн шүү. Хэ хэ. Гоё амттай юм билээ? Ядаргаанд сайн гэсэн болохоор сүсэглэн байж идсэн. Эерэг хандлага. 
Аливаа хүнсийг хор болно гэж бодож идвэл хор л болно. Хишиг рашаан болно гэвэл хишиг рашаан л болно. Тийм үү?


Явахын урд өдөр ёс болгож аавындаа хоноход ижий минь борцтой шөл хийж өгсөн. Аав минь гүзээний салаад хийх гээд гүзээ чаначихаад хүлээсэн. 

Би элдэв амтлагч холилгүй борцтой шөлөндөө хийж байгаад л идсэн. Хачин сайхан амттай байсан. 

Насны намар хаяанд ирсэн тул шөлтэй хоол гэдэг болж мэдэхээр юм билээ. Настан буурлууд лавшаа гээд байдгийн учрыг ухаарах ч тун удахгүй юм шиг байна шүү. Хэ хэ. 

Ядаргаагаа тайлсан хүн ид эрч хүчтэй, хувь хувьсгалын ажлаа амжуулж л байна. Барагдахгүй янзтай шүү, энэ ажлууд...

Зээ, ингээд ер нь идэж уусан бичвэрүүд минь өндөрлөх тийшээ хандсан байх аа. Чилээсэнд уучлал хүсье. 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年8月31日土曜日

Гадаад хоол 2

Солонгос хоолны газар орсон. Бас л гадуур явж байгаад. Угтаа би хоол идэхгүй байж болох байсан л даа. Ерөнхийдөө мах бол хүнд талдаа орчихож байгаа юм. 

Тэгсэн дүү загнаад өө, наад жин энэ тэрээ хасах ажиллагаагаа харьж байгаад л хий, битгий маяглаад бай гэж. Би чинь дүүгийнхээ үгэнд ордог сайн "өрөм" эгч. Ха ха.

Гэснээс та нар энэ өрөм гэдэг үгний учрыг ойлгож байна уу? 

Нүүрномоор нэг залуу ярьж байна шүү. 

"Гадаадад манай монголчуудын дан өрөмнүүд нь байдаг юм билээ. Шилдгүүд нь, сайнууд нь гэсэн үг л дээ" гэж ирээд л. Тэгсэн тэр залуу нь Камертон хамтлагийн Мээдээ гэсэн. Би таниагүй л дээ. Угаасаа ч нэг их сонсдоггүй. Ха ха.

2 бүсгүйд энэ мах бол хангалттай. Болсных нь дараагаар хайчилчихдаг. Амар тийм ээ? Гэснээс манайх саяхан гэртээ бас махны хайч худалдаж авсан. Энэ хавар, зун найз нөхөд ирээд мах шарж идэхэд маш их хэрэг болсон. Тун зүгээр юм билээ.

Солонгос хоолны гоё нь энэ тийм ээ? Олон жижиг жижиг хачир ирдэг. Бараг хачраа идэхэд л цадчихаар. Хэ хэ. 

Энэ олон хачрыг нь гэртээ өөрөө хийгээд сурчихвал ч гэж бодно оо, идэж байхдаа. Гэртээ харьж ирээд ном минь нүдэнд харагдвал өнөөх хүсэл, мөрөөдөл нь шууд алга болоод, номоо тэврээд суучихна. Хи хи. 

Олон төрлийн жижиг амттай ногоонуудад дуртай гэж юүхэв.

Энэ уурыг нь сордог "яндан?" нь содхон санагдаад зураг дарсан бололтой. Заримдаа ч дарсан зурагнуудаа сүүлд хараад, юу нь сонин санагдав? юу хэлэх гэж зураг дарав? гэж боддог болчихсон байна лээ шүү. Ай насны намар аа гэж. Хо хо. 

Яг махаа шарах үедээ доош нь татаж буулгаад хайруулын тавагтайгаа ойртуулчихаж байсан.

Эндхийн зарим нэг хоолны газартай төстэй санагдаад. Ийм газар бий болчихож төрөлх хотод минь гэж бодоод л зураг дарсан байх. 

Ойлгоно биз дээ? Би чинь нутгаас гараад 20-иод жил болчихсон. Намайг байхад иймэрхүү газар бараг байдаггүй, Сансрын түнээлийн дээхэн байдаг "Сэкитэй" гэдэг япон хоолны газар ийм ширээ сандалтай байсан шиг санаад байна. 

Гэхдээ тэднийх доошоо хөлөө жийж сууж болдог ч байл уу? Сайн санадаггүй ээ. 

Ажлаар ирсэн "гүзээтэй" дарга нар лав ийм ширээнд суух гэж үйлээ үздэг байсныг санаж байна. Гутлаа тайлах гэж гүзээ нь тулна, хөлөө жийх гэхээр гүзээ нь тулна. Гүзээгүй байсан ч хатуу талдаа хүмүүс, бүр завилж сууж чаддаггүй хүмүүс ч байдаг юм билээ.

Хэдэн жилдээ нэг удаа очдог би чинь ингэж гадуур хооллоод явах нь бага, дандаа л айлаар хэсээд л бууз хуушуур, хорхог боодог идэж байгаад ирдэг хүнд энэ удаагийн Улаанбаатар дахь "аялал" минь тун хөгжилтэй, сонирхолтой байлаа. 

Амттай сайхан хоолоор дайлсан дүүдээ энэ завшааныг ашиглаад дахин дахин баярлалаа, гялайлаа гэж хэлье өө. 

За за хоолны тухай бичиж байснаа юу ч гээд бурчихав даа. Хэ хэ.

2024年8月29日木曜日

Амттан

Тувт дайлуулсан хүн чинь хааяадаа бас дайлна аа. Мэдээжийн зүйл тийм үү? Ичих, санаа зовох булчирхай минь бас л овоо ажиллана шүү дээ. Хэ хэ.

Нэг ийм амттан байдаг юм байна. Хэний ч билээ нэвтрүүлэгт их сурталчилдаг гэнэ. Би мэддэггүй. Хань ижил хаа холоос л хүүхдүүдэд тэр амттанг авч өг гэж лүндэгнээд. 

Утасны цаанаас олигтой сонсогдохгүй. Ядаж байхад гадаад нэртэй. Ха ха.

Захиалаад хүргүүлсэн. Энэ үйлчилгээ, түгжрэлтэй хотод бол их аятайхан тийм ээ?

Хөөрхөн зулзагууд нүд нь гэрэлтээд л хөөрхөн. Амтны хувьд яахав дээ гэсэн шүү. Та нар чамин гоё үгтэй сурталчилгаанд нь хууртагдав аа. 

Гэхдээ байна аа, мэдээж дуртай, амтыг нь таалдаг хүн байхыг үгүйсгэхгүй шүү. Харах өнцөг, амтлах өнцөг хүн бүр өөр өөр тийм үү?

Үүгээр дүү минь бидэн хоёрыг дайлсан юм аа. Халуун кофетой хамт идэхэд тансаг. Жингээ хасах гэж хичээж буй би бага зэрэг л амссан. 

Гэснээс би харьцангуй гайгүй жин нэмж ирсэн шүү. Одоо түүнийгээ хичээж байгаад хасаад, нэмээд дахин хэдэн кг хасчихвал ч алаад өгөх гээд байна шүү. Ха ха. 

За тэгээд төрөлх хотод минь кофе шоп их нээгдэж ээ. Худалч хүнд тав алхаад л байсан шүү. Бас тэр CU, G25 ч тав алхаад л байсан. Нэг бодлын амар, нэг бодлын онцгүй. Яг аль нь юм бэ? Ядаргаатай тийм ээ. Хи хи.  

Одоо ингээд бичээд сууж байхад, хөгжилтэй гоё явжээ. Хайртай хүмүүс минь, дотно найз нөхөд минь тэнд байна. Уулзалдаж буу халаад сайхан байсан. 

Түгжрэлийг эс тооцвол, худалдааны ганц нэг үйлчилгээг эс тооцвол...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月27日火曜日

Дарс

Худалч хүнд орой болгон уусан байвал яах вэ? Аавынхаа гэрт бол уугаагүй л дээ. Гэхдээ байна аа, би гэртээ гуравхан хоносон байвал яах вэ? Энэ одоо ариун явдал уу? Ха ха.

Дүүгийндээ уусан. Гэхдээ их томоотой, нэгийг л уусан. Хов базангаа, хол ойрын сонин сайхан ярингаа соёлтой уух чинь л тэгээд өнөөх жаргаж хүртэнэ гээч нь биз дээ. 

Манайхны нэг гэм байна. Жаргаж биш хордож хүртээд байна. Ялангуяа энэ эрчүүд. Эхнэрийнхээ үгэнд орцгоож бай. Эхнэртээ базуулж бай. Та нарын л эрүүл мэндийн төлөө үглээд байгаа шүү дээ...

Намбалаг найзтайгаа уусан нь. Найз минь угаасаа насан багын л улаан дарсанд дуртай байсан. Одоо ч хэвээрээ. Би бол юм юм л уучихдаг байснаа, одоо найзыгаа дуурайж улаан дарсанд дурладаг болсон. 

Сайныг дагавал сарны гэрэл... Хи хи.

Найзууд уулзалдаад. Нэлээд өндөр дээрх газраас төрөлх хотоо тольдонхон уугаад. Сүртэй уугаагүй ээ. 3 бүсгүй нэг шил улаан дарсыг шимэнхэн ууж, буу халцгаав. 2 залуу нь ч их даруухан, нэг нь нэг данх цай, нөгөөх нь 2 стакан шар айраг.

Угтаа ингэж л уумаар санагддаг юм. Заавал давраад л, маргааш нь хэдэн шил хоосолсныгоо ам уралдан бардамнаж яриад л... Утгагүй л санагддаг. 

Найзууд тэгсэн чинь "энэ удаад япон зочинтой уусан тул хүн шиг ууцгаалаа" гэсэн. Тэр япон зочин нь би. Ха ха. 

Энэ их сонирхолтой. Хар цагаанаараа тусдаа мөртлөө хундагалахаар тэнцвэр нь яг л тохирч хундагалагддаг юм билээ. Амт нь ч дажгүй. Мэдээж нялуундуу л даа. Гэхдээ амттай юм билээ. 

Найзтайгаа хоёулхнаа уусан. Ёроолыг нь харсан. Ха ха. Гэхдээ давраагүй шүү. Тэгээд л сайхан унтаад өгсөн.

Энэ мэтээр даруухан сайхан ууж болж байна шүү, манайхаан. Заавал даврах хэрэг байхгүй шүү. Надаас суралцаарай. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月24日土曜日

Цагаан идээ

Цагаан идээнд, аарууланд, бяслаганд, айрганд, өрмөнд, хайлмагт дуртай. Хотод малгүй бидэнд олж идэхэд жаахан тийм. Нутаг ус нь хол л доо, аавын, ээжийн. Хөдөөнөөс ирсэн жаахан цагаан идээгээ их л нандигнан хадгалдаг юм билээ. 

Охиндоо хадгалдаг...

Ижийгийн минь охиндоо зориулж хийж буй хайлмаг. Өглөө орондоо нойрмоглон сэрэхэд л үнэр нь ханхийгээд л. Эрх бяцхан охин "Ямар гоё үнэр вэ? Талх бий юу?" гэж хошуугаа дэвсэж эрхлээд л. 

Аав тэнд талх бэлдэж цүндийж гүйгээд л...

Шар тос нь хөвөөд, янзын тансаг амттай байсан. Ганцаараа шахуу идсэн. Зулзага ямар идэх биш. Ямартай ч ааруул иддэг болгох гэж их хичээж буй, би. 

Сүүтэй цай ч уухгүй. Ааруулыг үе үе шахуулж байж ганц  нэг мэрнэ. Цар тахлын үеэр ааруулаа таслаад, цагаан идээний амтыг мартуулчихсан. Харамсмаар...

Дунд зулзага "хөлний улны үнэр" гэж авсан, хайлмаг хайлж байх үеийн үнэрийг. Яалтай. Тэдний буруу биш, бидний буруу...

Энэ, хайлмагаа хайлахаас өмнөх тос. Хөлдүү байхад нь тэсэлгүй идэж буй байдал. Хэ хэ.

Гэснээс хар талх л идүүлмээр байхад зулзага гэж гайхал цагаан талх нэхээд. Энд би хар талх олохгүй л байгаа. Гадаад худалдааны тасагт мэр сэр харагддаг, тэр гэхдээ шинэхэн талх биш тул худалдаж авдаггүй юм өө. 

Цагаан идээгээ түлхүү идээрэй, манайхан. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月23日金曜日

Хатуу юм

Хатуу юмаа манайхан арай л түлхүү уугаад байх юм. Одоо өөрчлөгдмөөр цаг нь болсон л баймаар өө. Та нарын эрүүл мэндийг л бодоод үглэж байгаа юм шүү. 

Айраг, шар айраг, дарс гээд арай зөөлөн нь их байна шүү дээ. Заавал хор хөнөөл нь их хатуу архиа л сонгоод уугаад байна аа. Больцгооё оо...

Говь-Алтай аймгийн нэрийн бүтээдэхүүн. Хавар нэгэн дүү бидэнд бэлэглэсэн юм. Уугаагүй, хадгалчихсан. Ирэх жил чавганыхаа дарсыг хийхдээ хэрэглэнэ дээ.

Амтыг нь сайн санахгүй байна өө. Гэхдээ хатуу архинууд бүгд нэг амттай тийм ээ? Та нар энэ олон архиа яаж ялгаад, уугаад байдаг юм бэ? Ха ха.

Монгол нэр нь "Хосын хорвоо". Ха ха. Дуудлагаар нь монголчилчихсон. Ёс болгоод амсахгүй, ероолыг нь харж санаа нь амраад, давраад дахин нэгийг задлах гэдэг зангаа больцгооё оо, манайхаан. 

Мэдээж бүгд биш л дээ. Мэр сэр тийм хүмүүс байна. Ганц уулзахдаа үглээд яахав гээд тэссэн л дээ. Хи хи. 

Шимийн архи. Шар тос хийгээд халаагаад уувал ядаргаанд их сайна гэнэ шүү. Би гэхдээ тэгж уугаагүй ээ. Нэрсэн авга эгчийнхээ хөдөлмөрийг үнэлээд жаахныг жаргаж хүртсэн. Хо хо.

Айраг, цагааны улирал ч таарсныг хэлэх үү? Сайхан айраг их уусан. Айрагаар таслаагүй ах эгч нартаа баярлалаа. Би бүр хань ижилдээ ч авчраад амсуулчихсан шүү дээ. 

Хань ижил айрганд нугасгүй ээ, алтны дэргэдэх гууль шарлаад би ч айрганд дурладаг болсон. Цагаан идээ шүү дээ... 

За тэгээд айрагаан сайн уугаад, эрүүл энх байцгаая өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2024年8月22日木曜日

Шар айраг

Уулзсан бүх хүмүүсээрээ сайхан дайлуулаад явчихсан. Санаа зовмоор. Үе үе боломж гарвал дайлахыг хичээсэн л дээ. 

Манайд ирвэл сайхан дайлна шүү. Манайд ирээрэй, манайд ирээрэй...

Энэ бол хоёрхон цагийн визтэй гарахдаа дайлуулсан. Хоолонд ороё гэсэн л дээ. Идсээр байгаад, бие бүр хүндрээд байсан тул хоол идэхгүй ээ, кофе ууя гэсэн чинь онгорхой газар олдохгүй, аргагүйн эрхэнд шар айраг уув.

Хажуугийн мужаас нэг таньдаг япон хүн ирж таараад. Бид жил гаран уулзаагүй тул уулзалдав. Монголд уулзах ерөөлтэй байжээ гээд шар айраг ууцгаав. Чингис шар айраг. Ойрд уугаагүй, аятайхан л санагдсан. Хи хи.

Энэ өдөр бас би хоол идээгүй. Тувт мах идээд, гэдэс жаахан хямраад, өтгөн маань шингэрсэн үе таараад. Хэ хэ. 

Их сургуулийн ангийнхаа намбалаг найзаараа дайлуулсан газрын ус. Иймэрхүү савлагаатай ус их хэрэглэдэг болжээ. Рашаан нь ч байна. Би гэхдээ рашааныг нь нэг их ууж чадахааргүй юм билээ. 

Усаа л сайхан ууна. Мөн шар айрагаа ч сайхан уучихна өө. Ха ха. 

Илүү үглэхэд үр зулзагууддаа хэт их ундаа, чихэрлэг зүйлс өгөөд байна шүү, манайхаан. Анхааралдаа аваарай... 

Би ч шар айрагныхаа хэрэглээнд анхаарна аа. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月21日水曜日

Онгоцонд уусан нь

Онгоцонд ус л уугаалд сууна гэж байхгүй тийм ээ. Бүр цаанаасаа нэг сахилгагүйтмээр санагддаг гэхгүй юу? Хо хо.

Угтаа насан багын нэгэн найзынхаа шаардлагаар бага зэрэг жингээ хасаад л, гуалиг гэгч нь эх орондоо буух хүсэлтэй бүсгүй онгоцонд суусан юм аа. Хоол ундандаа анхаарсных бага зэрэг хассан л даа...

Миатын энэхүү эмблем бүхий зурагтай бүхний зургийг дарлаа. Хажууд суусан нэгэн цоглог эмээгийн захиалсан шар айраг. Дайлаад, ганцаараа арай л ууж барахгүй нь гээд.

Нийслэл гэж бичээстэй байхаар  нь зураг дарлаа. Монголд үйлдвэрлэсэн эсвэл гадаадаас оруулж ирснийг нь мэдэхгүй бид хоёр хаанахых юм бол гэж ярилцав. Жижигхэн үсгээр бичигдсэн тул сайн харагдахгүй, ядаж байхад онгоцны гэрэл муу. Ухаалаг утсаараа томруулж байж олж уншсан.

Монгол бичгээр Нийслэл гэж бас бичжээ. Монголд үйлдвэрлэв гэж байна шүү. Эмээд энэ тухай нэлээд бардам хэлэв. Манайх архи, архины төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ гаргууд гэж. 

Уухдаа ч гаргууд, хэрэглээ өндөр шүү гэж арай л хэлж зүрхэлсэнгүй. Ха ха.

Угтаа хоолныхоо даруулга болгож халбага улаан дарс л уух гэж захиалсан юм. Цоглог эмээд уруу татагдаад, шар айраг нэмчихсэн л болохоос. Эмээ бас улаан дарс захиалж уусан.

Газардтлаа бидэн хоёр хөөрөлдсөн. Эмээ бол олон газраар явсан, жаатай хүн байсан. 

Бодлоо, би өдий насандаа ингээд цоглог гэгч нь инээж хөөрөөд, халбага дарс уугаад л явж байх юмсан гэж. Чадна аа би. Өөртөө амжилт хүсье.

Гэм нь эмээгийн одот тэнгэр харах гэсэн хүсэл нь биелээгүй ч байж магад. Учир нь хур бороо ихтэй, бүрхэг өдрүүд үргэлжилсэн. Намайг суугуул нутгийнхаа бороог аваад иржээ гэсэн хүмүүс. 

Утсаа солилцсон юмсан. Нэг залгаж мэнд мэднэ ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月20日火曜日

Онгоцны хоол

Дүрмийн дагуу онгоцонд өгсөн хоолны зургийг авсан. Жилийнхээ ойн дээр шахуу онгоцонд суув. Зулзага сэтгэл нь нэлээд хөөрсөн байдалтай...

Ийм савлагаатай ирсэн. Хажуугийн тугалган цаастай нь их халуун. Үйлчлэгч "гараа түлчихэв ээ" гэж сануулж байсан. 

Жижигхэн ширээн дээр багтаах гэж бас л авъяас шаардана.

Цаасан хайрцган доторх нэг иймэрхүү. Тэр цаасан уутан дахь нь модон халбага сэрээ, хутга. Зулзага талхыг нь амтархан идсэн. Минийхийг хүртэл нэмсэн. Харин тэр "тирамисү"-г нь амсаад л орхисон. Би идэлгүй авч буусан. Хэ хэ.

Тугалган цаастай нь үндсэн хоол. Би хариад тувт мах идэх юм чинь гэж бодоод далайн бүтээгдэхүүнийг нь сонгосон. Амт дажгүй л санагдсан.

Зулзагын сонгосон хоол. Тахианы махыг бүрээд шарсан. Амт яахав дээ? Хэ хэ. Ногоог нь идэхгүй, маяглаад. Ээж бүх ногоог нь хамж шимж идсэн.

Дараагийн бичлэгт хоолоо юугаар даруулсан тухайгаа бичнэ ээ. Хи хи. 

Хажууд нэгэн цоглог эмээ суусан. Буун буутлаа буу халсан бидэн хоёр.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月19日月曜日

Эрдэнэт хот

Дархан хотоор дайраад цаашаа Эрдэнэт хот орох нь гол зорилго байлаа. Аавын талын үеэлүүд, хаяалууд минь амьдардаг юм. Мөн ганц нэг найзууд ч ажиллаж амьдарна. Зарим нэг найзуудын ижий аав ч энэхүү хотод амьдардаг.

Гэх мэтээр би энэ хотын тухай их сонсож байснаас очиж үзээгүй байлаа. 

Оройхон хүрсэн тул, өглөө эртлэн гарч нутгийн удирдлагын ордны өмнөх талбайгаар оров. Үеэлийх минь ойрхон амьдардаг юм билээ. Урд орой нь дайлуулж, цайлуулчихаад шөнийн Эрдэнэт хотоор зугаалсан.

Санаснаас том хот байсан. Дээхэн үеийн 3, 4 дүгээр хороололд явж байгаа ч юм шиг, энэ зураг. Микр гэж ярьдаг юм билээ. 1, 2, 3, 4, 5 микр гээд л. 

Мөн нэг найзтайгаа уулзаж, кофегоор дайлуулав. Бэлэг авав. Баярласан шүү. Эрдэнэт хот болон Японы хооронд гүүр болж ажиллаж байгаа нэгэн сүрхий бүсгүй бий. Ажлын амжилт хүсье ээ.

Эрдэнэт хотын олон хөөрхөн жаалууд японы бага ангийн сурагчдын үүрдэг цүнхийг үүрэн, эрдэм номдоо шамдан суралцахад бидэн хоёр хамтарч ажилласан. Би зүгээр л туслах л даа...

Дарга нь буюу санаачлагч нь миний найз.

Шөнийн Эрдэнэт. Аймаг болгон төвдөө гэрэлт гудамжтай болсон гэж сонссон. Төв аймгийн төвд бас хэсэгхэн ийм гэрэлт талбай байсан. Бусад аймгийг сайн мэдэхгүй байна л даа.

Энэ гудам овоо урт юм билээ. Залуус их алхаж харагдсан. Эх орон минь яахын аргагүй залуусын орон...

Энэ талбайд хүүхэд залуус бужигнаад, хөл ихтэй байсан. Харанхуй болчихоод байхад эрт унтана, бяцхан жаалуудыг эрт унтуулна гэдэг ойлголт тун ховор. Би ч ирээд овоо хэд хоночихсон тул дасах янзандаа орчихсон. Ха ха. 

Удирдлагатай, удирдлагагүй машин унаж их тоглодог болжээ хүүдүүд. Түрүү жил бид Улаанбаатар хотынхоо төв талбайд бас унасан. Зулзага анх удаагаа болохоор сайн биш ээ. 

Энэ удаад Эрдэнэт хотын энэхүү усан оргилуур бүхий талбайд бас л машин унав. Дүүгийн бага охин гэж адтай, сэргэлэн охиныг алдахаа шахсан. Золиг чинь сурмаг гэгч нь машинаа жолоодоод түрүүлээд алга болчихсон. 

Харанхуйг ч хэлэх үү? Адилхан бага насны охид ч их байсныг хэлэх үү? Хэсэгхэн хором ч бүх хүмүүс сандралдав. Дүүдээ загнуулав. Хэ хэ. Гар бөмбөг тоглож байсан ах эгч нарын дундуур гарч чадалгүй буланд хашигдсан байсан. 

Түүнээс хойш хашраад, өөрийн хүүхдээс илүү л харж хандлаа. Хи хи. 

Биднийг сайхан дайлаад, цайлаад, зөндөө гоё бэлэг өгсөн төрлүүддээ баярлалаа, гялайлаа. 

Бас нэгэн бэргэнтэйгээ танилцсан. Төрөлтэйгөө ч уулзаад, яг одооныхоо царай царайгаа харалцаад, дахин танилцав шүү дээ. Хи хи. 

За тэгээд төрлүүдтэйгээ уулзсан хүн чинь жаахан хөөрөөд, уугаад, гостсон байдаг юм аа. Ха ха. Дуулсан, уйлсан, нэг юмаа их олон ярьсан, өөр яасан гэлээ? Дараа нь сонсоход ичмээр. Ккк. 

Би дахиж уухгүй ээ...

Айрагаан л сайн ууцгаагаарай, манайхаан.  

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月16日金曜日

Дархан хот

Эрдэнэт хот орох замдаа Дархан хотоор дайрав. 

Авга талын минь хаяал ажиллаж амьдардаг юм. Их сүрхий, ажил амьдрал нь цэгцэрчихсэн. Би багадаа л хаа нэгтээ уулзаж байсан. Багын төрх нь хэвээрээ, ижийтэйгээ адилхан залуу болсон байна лээ. 

Биднийг дайлаад, цайлаад, гол нь бэргэнтэйгээ танилцав. Хаа хаанаа өсөөд үржээд, өнөр өтгөн болцгоож буй тул танихгүй "хамаатан" их их. 

Хоёр жил дарааллан явсных ганц нэг төрөлтэйгөө амжиж танилцах зорилгоор Эрдэнэт, Дархан орохоор зориг шулуудсан нь тэр. 

Хотын үүдэн дэх энэ төмөр хүнтэй золгож зураг дарав. Эхэндээ ямар сонин "хөшөө" хийдэг юм бэ? гэж бодоод явав. Дараа нь учрыг нь олсон. Төмөрлөгийн үйлдвэртэй газар, төмрийн "хаягдал"-р хийсэн гэж сонсов. 

Энэ чулуун дээр нь хүүхдүүд авирч гараад, үсэрч буугаад байна шүү. Зулзага гарна гэнэ шүү. Дороосоо түшүүлэн байж авираад гарлаа. 

Тэгсэн буух гэсэн чадахаа байчихлаа. Миний үр зулзагад ахдана шүү дээ, аргагүй. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, хянаж байдаг япон улсад энэ мэт өндрөөс хүүхэд үсэрнэ гэдэг байж боломгүй зүйл. Хэ хэ. 

Ингээд бодохоор монголд өсч буй хүүхдүүд нэлээд адал явдалтай, эрсдэлд ороход хэзээд бэлэн өсөх юм даа гэж...

Энэ зүрх эргэдэг юм билээ. Бас л жаахан хүүхдүүд зүүгдээд л эргээд байсан. Зулзага айгаад чадаагүй ээ. 

Тэгээд бодов, гадаадад өсч буй хүүхдүүд "аймхай" болж өсдөг юм байна даа, монголд өсч буй хүүхдүүд чухам зоригтой өсөөд, бас л эрсдэлд өртөх магадлал өндөр юм даа гэж. 

Зориулалтын бус "тоглоом"-оор наадаад байна шүү дээ. 

Хотынхоо төвөөр зугаалж амжаагүй ээ, хаяалындаа айраг бууз гэж байгаад л таарав. Дараа тухтайхан зугаалахыг хичээнэ ээ. 

Мөн алдарт Дарханы замаар явахдаа бяцхан айдас хүйдэстэй. Дүүдээ "Яараад яахав дээ" гэх мэт уриа лоозонг хэлж үглэнхэн явсан. Хи хи. 

Хань ижил бас санаа нь зовсон байх, галт тэргээр явбал зүгээр биш үү? л гээд байсан. Хэ хэ. 

Зам нь аятайхан, шулуухан, 2 эгнээ байсан. Гол нь бид өөрсдөө "нисгээд" байдаг шиг билээ шүү. Болгоомжтой таминь минь. Юундаа ч яардаг байна? Мөн жаахан соёлд сурцгаая аа. Хэдий болтол бие биенийгээ, өөрсдийгөө "хөнөөхөв" дээ. 

Ямар одоо ид дайнтай байгаа Судан, Израйль зэрэг улс байгаа биш дээ? Судан оюутнуудын яриаг сонсохоор үнэн аймар, дараа энэ тухай цуглуулж бичнэ ээ. Тэд эх орондоо очиж чадахгүй, өдөрт нэг хамаатан садан нь хядуулж байдаг гэнэ. 

Хажууд нь бид үнэн жарлагтай хүмүүс. Түүнийгээ ухаарах л хэрэгтэй байна өө. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月15日木曜日

Идсэн нь уусан нь

Эх орондоо очсон хүн чинь идэхийг үзүүлж өгнө биз дээ? 

Энд амталж чаддаггүй "монгол амт" гэсэн болгоныгоо л идэхийг зорьсон. Аав минь толгой шийр чанаж өгсөн, эхний өдөр. Жилийн ойн дээрээ шахуу идсэн амт үнэхээрийн тансаг байсан. 

Энэ зурганд харагдаж буй бүхэн амттай гэж юүхэв. Зулзага иддэггүй ээ. Ам руу нь ганц цус хийчих гээд бараагүй. 

Гэснээс хотод өсч буй "жаахан" төрлүүд минь хүртэл иддэггүй юм билээ. Харамсмаар. Дурлаад байдаг тахианы мах, пиццанаас нь хэдэн зуун хувь илүү эрүүл гэдгийг ухаарахгүй байна өө. 

Аав минь хэрчиж өгөөд л, би ам руугаа явуулаад л, дараа нь хуруугаа долоогоод л. Хи хи. 

Өвөл ирвэл адууны умс чанаж өгөхгүй юу гээд л эвий минь. 

Таваг нь япон. Надад нэг өвөө бэлэглээд, түүнийг нь би ижийдээ бэлэглээд. Нэлээд дээхнийх, өвөө нас өндөр болсон. Нэг очиж уузлана гээд, амждаггүй шүү. Сэрүү орохоор л явна даа...

Багад, зах зээлд шилжсэн гээд бараа таваар ховор. Цувдайгаар бууз хийж их иддэг байлаа. Толгой шийр ч мөн их идсэн дээ. Одоо бодоход эв эрүүл, зөв хооллоод байж дээ гэж боддог юм.
Тагнай иддэг байсан охид их биз дээ? Дээл оёх хэмжээний уран болж чадаагүй ээ. Ер нь л паг даа. Оёдлын машин маань хань ижлийнх. Ха ха. Тэгэхээр их л худлаа хэлж биднийг юм идүүлдэг байжээ энэ томчууд. 

Шүүрхий элэг. Нэлээд шүүрхий байсан ч идчихсэн. Төмрийн бэлдмэл гээд худалдааны нэмэлт ууж байснаас л дээр гэж бодоод. Би тиймэрхүү витамин, нэмэлт бэлдмэлүүдийг нэг их сонирхдоггүй юм. Тэгсэн ууж байх хэрэгтэй гэж сонсдог болчихлоо, ойрноос. Насных уу? Хо хо.

За гадаадад байдаг "өрөм"-нүүд минь арааны шүлсийг нь гоожуулсанд уучлаарай. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.