2023年7月28日金曜日

Тэр л би

Жожо Мойесийн 3 цувралын сүүлийхийг уншиж дуусгалаа. 

Яахав, кинонд гардаг жижигхэн хөөрхөн бүсгүйгээр төлөөллүүлээд уншсан. Хамгийн эхнийх нь "Чамтай учирахаас өмнө" нь л илүү таалагдсан. Киног нь үзсэн болорхоор тэр ч байж магад. 

Агуулгын хувьд нуршаад хэрэггүй байх тийм ээ. Ямартай ч Луиза Кларк төөрч будилж явсаар өөрийн гэсэн дэлгүүрээ нээж, хайртай Семтэйгээ буцан нийлж буйгаар энэхүү "Тэр л би" ном өндөрлөнө.

Амьдралд нь гүн нөлөө үзүүлээд одчихдог Уиллынхаа ачаар амьдралд зорилготой болдог шиг...

Өөрөөрөө байх, өөрийн хүсэж буйгаа хязгаарлахгүй байх...

Мөн энд гардаг шинэ ажлынх нь эзэн ноён Копник харин маш зөв хүн байлаа. Маш баян ч, сэтгэл нь хаа очиж бас итгэлийг нь даасан хүндээ өгөөмөр хандаж чаддаг аж. 

Харин түүний залуухан польш эхнэр хэдийгээрээ нөхөртөө хайртай гэдэг ч өөр залуутай явалддаг нь жаахан тиймхэн ч, насаар олон ах нөхөртэй хүн залуу эрийг хүсэх нь мэдээж гэж хүлээн зөвшөөрөв. Хэ хэ. 

Олон дүр гарна өө. Баячуудын хүрээлэл, борчуудын хүрээлэл...

Баячуудын хүрээлэл ч бас нэг их хүсээд байхаар эд биш шиг санагдав. Хи хи. Зохиол юм даа. Түүнээс баяуудын хүрээлэл гоё байх өө. Ккк.

Баян ч бай, бор ч бай зөв хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй юм байна. Өөрт онцгүй санагдсан, санаа оноо нийлэхгүй хүмүүсээс зайгаа авч сурах хэрэгтэй юм байна. 

Мөн хайртай дотны хүмүүсээ алдах нь сэтгэлзүйн асар их гэмтэл учруулдаг юм байна. Түүнийгээ зөв аргаар даван туулах хэрэгтэй юм байна гэж ойлгов. Архи гэх мэт ямар нэгэн донтуулдаг зүйлсэд авталгүйгээр...

"Мэдлэг бол хүч" гэдэг хэлц хэд хэд таарна. Нээрээ л тийм.

Мөн би энэ англи хэлтэн улс орнуудын хүмүүс ааш араншин, заншил нь төстэй гэж боддог байлаа. Тэс өмнөө юм байна тийм ээ. Өдөр тутамдаа, баяр ёслолын, гэр бүлийнхний харилцаа, аливаад хандах хандлага гээд л...

За тэгээд бяцхан Лу бүсгүй өөрийн ажлаа чин сэтгэлээсээ хийдэгт, хүмүүстээ харилцахдаа өөрөөрөө, байгаагаараа харьцаж чаддаг нь баян ч бай, эгэл жирйин нэгэн ч бай уулзсан учирсан хүмүүсээ өөртөө татдаг юм байна.

Энэхүү 3 боть нь эмэгтэй хүмүүс ихэвчлэн гол дүрд тоглох тул, уран зохиолд дуртай, рамаанчик хайр дурлалд дуртай бүсгүйчүүд уншихад хөөрхөн шүү. 

Өө тийм, энд ирээд удаагүй байхдаа ижий аавдаа шуудангаар захиа илгээдэг байж билээ. Ямар одооных шиг байсан биш. Утсаар ярьж болно л доо, гэм нь жаахан үнэтэй байсан юм аа. Хо хо. 

Лу бүсгүйн захиануудыг уншихаар л тэр үеүүд минь санагдаад байсан. Хэдийгээр Луйза цахимаар л захиа бичдэг ч. Гэхдээ сүүл хэсэгт Сэм залуу өөрийн бүсгүйгээ алдахгүйг хичээж цаасан дээр захиа бичиж ирүүлдэг хэсэг хөөрхөн...

Хэсэгтээ орчуулгын номоор дагнана шүү. Дараагийнхаа номыг эхлээд 50 хуудас уншихаж...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年7月25日火曜日

Ажлын дараах зоог 2

Үргэлжлэл. Та нар хоолноос нь гадна тавагнуудыг нь анзаараарай. Өвөрмөц тийм ээ. Гэртээ бол худалдаж авахааргүй. Хэ хэ. 


Үүнд дуртай дуртай. Тосонд шарсан ч гэсэн. Ногоонуудыг нь бол бүр ч амтархан идэх дуртай. Гэртээ хийдэггүй. Чадахгүй гэдэг үгээр тагладаг. Ха ха. Тэгвэл гэрийн бусад гишүүд хийдэг болох байх. Хи хи. 


Нүүрс ус бүхий үндсэн хоол нь. Анзаарсан уу? Маш бага хэмжээтэй байгаа биз? Манайхаар бол цуйвангийн гурил нь одоо л ирж байна гэсэн үг. Хо хо. 

Тагийг нь авахаар ийм хясаа бүхий усан шөл. Гэхдээ амт нь дажгүй ээ. Манайхны нойл шөл гэдэг шиг. Энэ хясааг нь харин тэр бүр иддэггүй ч тун аятайхан шөл гардаг гэж байна лээ. Нэр усыг нь мартав. Уучлаарай. 

Хамгийн сүүлд ирдэг амттан. Энэ сар тарвасны сар. Бид ч хэд хэдийг авч идсэн. Улирал нь дуусахаас өмнө бас хэд хэдийг авч иднэ дээ. Хажууд нь байгаа цэлцэгнүүр шиг юманд нэг их дургүй ч, нэрэлхээд идчихсэн. 

Шар айраг минь аль хэзээний дуусаад ийм "арай ч дээ" билүү шилтэй улаан дарс захиалж шимсэн. Ойрд улаан дарс уугаагүй, аятайхан байсан. Хэ хэ. 

За нэг иймэрхүү, сар бүр монголын арга хэмжээтэй бол ч аятайхан ч юм уу гэж бодсон шиг. Гэхдээ санхүүгээ бодвол дэмий. Уламжлалт хоол, шинэ загастай гэх мэт шалтгаантайгаар нэлээд үнэтэйд орно. 

Хааяадаа ч зүгээр, өөрийгөө шагнаад. Тухайн өдрийнхөө цалингийнхаа талаар нь идээд уучихаар яаж амьдрах вэ дээ тийм ээ? Эх орныхоо нэрийг бодох юм даа...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年7月24日月曜日

Ажлын дараах зоог

Өнгөрдөг хагас бүтэн сайнд нэг арга хэмжээнд дүүрмаадсан. Дүүриймаадах гоё шүдгүй ч, амны хаалттай. Ха ха. 

Монголыг танилцуулах, монгол хүүхдүүдэд эдний сурагчийн цүнх цуглуулж хандивлах арга хэмжээ. 

Цүнх их цугласан гэсэн. Нэлээд хэдэн сарын өмнөөс цуглуулаад бэлдчихсэн юм билээ. Миний дүүриймааддаг арга хэмжээ нь талархал болгож зохиосон. 


Орой нь голчлон оролцсон хүмүүс хамтдаа тэмдэглээд. Хэ хэ. Далайн эрэг дээр оршдогийнх. Далайн хишгээ хүртэцгээв. Токио хот, Фүкүшима мужаас ирсэн багш, өвөө гэх мэт улсууд амттай загас идмээр байна гэсэн гэнэ лээ.  

За тэгээд иймэрхүү урлагийн бүтээл ирдэг тийм ээ? Японд байдаг хүмүүс бол мэднэ дээ. Шувууны баас шиг гэдэг билүү? Ха ха. 

Дараахан нь ирсэн түүхий загас. Мэдээж танилцсаных, арга хэмжээ дажгүй болсных гээд тулгана. Шар айргаар. Халуунд хүйтэн шар айраг ч тансаг шүү. 

За тавган дээр ногоон өнгөтэй "тунхуу"-г тунг нь тааруулбал гоё амттай тийм ээ? Хэтрүүлбэл харин хамар өөд сэн гээд л, үхэх шахна шүү дээ. Халуун ногоотой. 

Үндсэн хоол. Манайхаар бол хонины мах ирлээ гэсэн үг. Юу гэдэг загас гэлээ дээ, шар айрагтайгаа холиод уучихсан тул мартааский. Ястай, амт нь анх идэж буй бол чихэрлэг байж магад. Би ч дасаад тэр үү, дуртай.

Гэртээ өөрөө загас шарж барихдаа хойрго хүн чинь, гадуур иймэрхүү маягаар хооллохдоо загас идэх гэж үздэг. 

Хаяаа. Би дуртай. Гуриланд ороож шарсанд нь илүү дуртай. Шажигнаад гоё амттай байдаг. Ийм түүхий нь лемон жимсээр амт оруулаад л идчихнэ. Нялцгай зөөлөн. Анх ирсэн хүмүүс бол идэж чадахгүй байх өө. 

Чяван мүши гэдэг. Аягтай нь хамт жигнэдэг. Орц нь өндөг, мөөг, тахианы мах голцуу ордог. Заримдаа өөр зүйл хольсон ч байдаг. Дуртай дуртай. 

За гарч ирсэн цэсний дарааллаар зураг оруулав. Сүүлийн зургийг дараагийн бичвэрт. 

Цугласан хэд маань өөрийн өөрийн сонирхлын дагуу яриа өрнүүллээ. Би бага сургуулийн захирал байсан, одоо монголд нэгэн хувийн дээд сургуулийн хүндэт профессор багшаас эх орныхоо залуучуудын тухай асуулаа. Тун догь гэнэ шүү. Гол нь хаа хаанаа цаг л баримтлаж сурах хэрэгтэй гэнэ дээ. 

Охид их хичээмтгий, одоо хөвгүүд жаахан хичээмтгий болчихвол гэсэн шүү. Хичээгээрэй залуус минь. Ирээдүй та нарын гарт. Цүнх баригчдаас хол яваарай, дарганцар нараас хол яваарай. Хи хи. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2023年7月23日日曜日

Хүү бидэн хоёр

Хааяа хамтдаа алхана аа. Албанаас нь алхаж очиж авна. Өдөр бүр амжихгүй л дээ. Ээжийн сайхан зан хөдөлбөл. Хэ хэ. 

Ингэж алхахын нэг давуу тал нь байгальтай танилцана. Замд ихэвчлэн аалз, аалзны тор тааралдана.

Энэ бяцхан мэлхийг бидэн хоёр жүжиг үзэхээр явахдаа олж харсан. Сэтгэл санаа нь жүжгэндээ биш мэлхийнд яваад байсан. Тараад шууд борооны ус зайлуулах шуудуугийн хажууд ирж мэлхийтэйгээ хөөцөлдөж тоглосон.

Арай хийж барьж авсан байгаа нь. Жижигхэн амьтан чинь их адтай, хүүд минь тийм ч амархан баригддаггүй. Би бол айсхийгээд нэг их хүчлэхгүй, наанаа болохоор "мэлхий ч хурдтай юм аа тийм ээ?" гээд л харж зогссон.

За энэ гэрийн гадаах цэцэрлэгийн хашаанд. Нарлаж суусан нэг эмээ барьж өгсөн. Тэр эмээ үр ач зээ нар нь хол амьдардаг байх, үе үе гарч ирээд хүүхдүүдийг ажаад, хааяадаа ээж нартай яриа өдөөд сууж байдаг юм.

Ээжийн нарны малгайнд өнөөхөө хийчихсэн байгаа нь. Царцаа? Эх орны минь царцаа их л том байдаг шиг санаад байх юм. Мэдэхгүй ээ, мартчихаж. Хэ хэ.

Гэснээс энд эрэгтэй хүүхдүүд элдэв хорхой шавьж түүгээд, заримыг нь бүр тэжээдэг. Тусгай хуванцар савтай. 

Ажлынхаа нэг хүүхэнд хэлсэн чинь гэрт нь хэрэглэдэггүй байгаа, авчирч өгнө өө, хэрэгтэй юу гэнэ. Өө хэрэгтэй хэрэгтэй гээд авчихсан. Хүү нь сургуульд орчихсон, тоохоо больсон гэнэ ээ.

Оронд нь баярлалаа гээд аяга угаагчаасаа бэлэглэв. Хөөх, би дээхэн нэхдэг байснаа больчихсон, баярлалаа гээд л дуртай байсан. Хэ хэ.

За аалзны тор. Аалз нь бас их л зөвгүй харагддаг. Хи хи. Энд чийгтэй болохоор тэгдэг юм уу, аалзны тор их таарна. 

Яагаад аалз, аалзны тор сонирхоод байна гэхээр яагав өнөөх хүн аалз киног үзчихсэн юм аа. Үе үе санахаараа үзээд байгаа, учир нь зурагтандаа хадгалаад авчихсан. 

Тэр чинь бас хэд хэдэн ангитай, жүжигчид нь өөрчлөгдөж гардаг юм байна лээ шүү дээ. Ха ха. Би хамгийн эхний анги, хувилбарыг л үэж байсан байх. Монголд?

За нэг иймэрхүү, хүүгээ хэрхэн өсгөх тухай ном уншчихсан хүн чинь үргэлж биш юм аа гэхэд үе үе ингэж чангалуулж байна өө. Гэхдээ гаднаа чангалуулж байна даа гэж огтхон ч нүүрний хувирал гаргалгүйгээр шүү. Хи хи.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年7月22日土曜日

Чанамал

Сардаа яаж ийгээд л нэг монголоо амталчихдаг их эдээ би чинь. Хэ хэ. 

Тэр холоос номыг минь зөөхдөө зүгээр байхгүй амттан авчирч өгдөг найзууддаа, танилууддаа баярлаж, талархаж явдаг шүү. Буянаа нэмээ.

Эхний өдөр хань ижил бидэн хоёр амаа олохгүй идсэн. Талхан дээр түрхээд л. Тэгснээ өрөм зөөхийтэй талх ч аяа бас л гэж ирээд.

Бага зулзага харин маргааш өглөө нь талхтай идээд. Албанаасаа харьж ирээд, бас нэхэж идээд. Сүүлдээ шилийг нь цэвэрлээд өгөх үү гэж ирээд шавхав. 

Мэдээж ам хамар, гар хөл нил чанамал. 

Эндхийн чанамалыг бодвол цаанаасаа нэг тийм исгэлэн амт нь байна. Гоё. Түүнээс нил сахар байдаг тийм ээ. 

Нэг хэсэг сахар хэрэглээгүйг авдаг байснаа, сахар орлуулагч хэрэглэсэн нь бүр л онцгүй гэж уншаад, сонсоод бас л больчихсон. Хэ хэ. Сүүлдээ ч идэх юм олдохоо байх нь ээ. 

За тэр цаана нь 4 ном харагдаж байна уу? Шуналтай хүн чинь яахав, худалдаж авчихаад ширлэн нүүрлээд л найздаа дайсан. Их хүнд байсан байна лээ. Уучлаарай. 

Айхтар халж байна өө. Наршчихгүйхэн шиг найман сартай золгох юмсан гэж бодож сууна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年7月21日金曜日

Хүүгээ өсгөхдөө 2

Номныхоо үргэлжлэлийг бичнэ ээ. Хурдхан шиг дуусгаад, эртхэн номоо буцааж өгөхгүй бол хугацаа нь аль хэзээний дуусчихсан. Хэ хэ. 

Цүнхэнд явсаар байтал... Гэхдээ эдний номын сангууд номнуудаа сайхан гялгар материалаар хавтаслачихдаг тул цүнхэнд явахдаа нэг их муудахгүй. Үзүүр гэх мэт нь нугаларахгүй нь урамтай. 

Харин миний монгол номнууд нимгэн хавтастай нь үрчийнэ, нугаларна. Угтаа хавтаславал сайхан л даа. 

Оршил нэг иймэрхүү. 

Аль болох эелдэг үг хэрэглэж ярих, эелдгээр харилцах. 

Хайрыг ч гэсэн хуримтлуулах. Унахад нь гүйж очоод тэврэх, аргадах. Дэргэд нь ээж нь бий шүү, хамт шүү гэж мэдрүүлэх, ойлгуулах. 

Заавал шилдэг нь байх албагүй. 2 дахь, 3 дахь, нэлээд хойгуур байсан ч болно шүү дээ. Жаахан удаандуу байж болно шүү дээ. 

Тэг ингэ гэж тушааж харьцахгүй байхыг хичээх. Эр хүнийхээ хувьд гэхэд жаахан онцгүй юу? гэж хэлэх нэлээд үр дүнтэй байж магад. 

Түүнээс туслалцаа хүсэж ямар нэгэн үүрэг хариуцлага оноож өгөх. Түүний туслалцаанд маш их баярлаж байгаагаа хэлэх. 

Хүүгийнхээ дэргэд нөхрөө магтах. Ингэж магтахад хүүгийн чинь сурлага нь сайжрах вий. Эрэгтэй хүүхдийн хамгийн эхний үлгэр жишээ болох хүн нь түүний аав байдаг. Иймээс нөхрөө хүүхдүүдийнхээ дэргэд магтаж байгаарай. 

Гэр бүлд болж буй асуудлаа зөвлөлдөх. Тэгвэл гэр дэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сэтгэлээрээ сайн зөвлөгч болдог.

Хайрын үгсээр бороо оруулах.

Тушаасан хэлбэрээр ярихгүй байх.

Түүнээс туслалцаа хүсэх.

Мэдэх, сурах эрмэлзлэл бүхий тархийг хөгжүүлэхийн тулд шим тэжээлтэй хоол өгөх. Тархинд байдаг олон дааврыг тэжээж тэтгэж байдаг нь витамин В. Мөн амьтны гаралтай өөхнөөс бүрддэг амино хүчил. Фолийн хүчил. 

Тархины гол тэжээл болдог сахарын хэмжээг мөн тэнцвэртэй байлгах. Эрдэс бодисыг ч ойшоолгүй үлдээж болохгүй. 

Үүнд хамгийн тохиромжтой хүнс бол өндөг. Өндгөнд холестрол, фолийн хүчил, витамин бүгд агуулагддаг. 

Өглөөний хоолонд амттан аль болох өгөхгүй байх. Үүнд хөвсгөр цагаан талх, амттан, чихэрлэг жимс, чихэрлэг ундаа өгөхгүй байх. Эдгээр нь цусан дахь сахарын хэмжээг огцом бууруулдаг. 

Өглөөний хоолонд салад, мисо шөл, өндөг, хиам, шарсан загас, натто гэх мэт уураглаг хүнс, будаа, талх гэх мэтээр тэнцвэртэйгээр өгөх. Хэрэв цаг гардаггүй бол агшаасан будаанд түүхий өндөг хутгаад идүүлж байх. 

Зарим нэг үйлдлийг нь тоолгүй өнгөрөөж сурах. Ялангуяа 3 нас хүртэлх таны уурыг хүргэсэн үйлдлийг тэвчиж сураарай. Аль болох загнахгүй байх. Тухайн үйлдэл нь хүүгийн чинь тархийг хөгжүүлж л байна гэсэн үг. 

4 нас хүрэхээрээ "яагаад, яагаад" гэдэг үе нь ирнэ. Энэ үед нь хэрхэвч тоолгүй орхиж болохгүй. Цаг зав гаргаад үе үе "чи юу гэж бодож байна?" гэж харилцан асууж ярилцах. 

Хэт хүчилж хичээл хийлгэхгүй байх. Сургуульд орохоос нь өмнө уншиж сургана гэж хүчлээд хэрэггүй ч байж мэднэ. Учир нь ийм хүүхэд яг хичээл, сургууль дээрээ хийх юм олдохгүй, уйдах, яваандаа сонирхолгүй болох нь их ажиглагддаг. 

Эрчүүдийн тархи нь ямар нэгэн тодорхой хүнийг үлгэр дуурайллаа болгож, түүнд хүрэх гэж тэмүүлэх, дуурайх нь их. Ингэхдээ аль болох агуу хүмүүсийг сонгож үлгэр жишээ болгох нь чухал. 

Хэт ойрын, дорхноо хүрчихээр хүн биш, аль болох агуу хүн байдаг. Тэгж чадвал эр хүн хөгждөг. 

Ээжийн хэт их санаа зовнил хүүхдийн бие даах чадварыг сулруулж байдаг. Эрчүүдийн адал явдалд дурлах, тэрхүү адал явдлаасаа суралцах чадварт саад хийхгүй байх. 

Хүүгээ алдахад нь нэг талыг барьж, зөвхөн түүнийг буруутгах бус, "ээж нь бас тэгэх байж, ээжийнх нь буруу бас бий, уучлаарай" гэж хэлж байх. Ингэхэд "ээж минь миний алдааг хуваалцдаг хүн" гэдэг ойлголт бий болж ээж хүний байр суурь хүүд бат сууж өгнө. 

Яагаад гэж бус "Яасан бэ?" гэж асууж сурах. Жишээ нь даалгавраа хийгээгүй үед нь "яагаад хийгээгүй юм бэ?" гэж бус "яасан? Даалгавраа хийлгүй юу тохиолдов?" гэж асуух. 

Бага зэргийн л үгийн зөрүү мэт боловч харьж ирэх үр дүн нь ялгаатай шүү. 

Сэтгэл зүрхээрээ ярилцах, харилцах. 

1. Магтах.

2. Үнэлэх.

3. Талархах. 

4. Өөрийн харсан зүйл, талархсан зүйлээ ярьж өгөх.

5. Туслалцаа хүсэх. 

6. Сул дорой үеэ нуухгүй байх. 

Зөвхөн түүний л хийж чадах үүргийг оногдуулах. Жишээ нь ээжийгээ ядарсан үед нь тэврээд тайтгаруулах гэх мэт.

Нийгмийн хүн болгон аавын гэрээс явуулахдаа биеэ хэрхэн авч явахыг заах. Жишээ нь эмэгтэй хүнд хүндэтгэлтэй хандах, настан бууралд асралтай хандах гэх мэт. 

Хүүгээ сайн хоол хийдэг болгоё гэвэл ээж аав нь өөрсдөө хоолоо хийхдээ талархан хийх. Амттай сайхан хоол хийгээд, гэрийнхэн нь баярлах үеийн таашаалыг мэдрүүлэх. 

Аливаа зүйлд хүчилж биш, дур сонирхлоор нь, аяндаа хийж эхлэх тэр цаг хугацааг хүлээх, орчныг бүрдүүлэх. 

Ээжтэйгээ хүйн холбоотой байдаг тул ээж хүний сэтгэл зүйн байдал асар их үүрэгтэй. Ээж тайван амгалан байвал гэр нь түүний хувьд диваажин болно. Хэрэв ээж сэтгэл санаа тухгүй, тайван бус байвал гэр нь там болж хувирна. Тэгэхээр ээж хүн өөрийн сэтгэл санаа, үйлдэлдээ анхаарах хэрэгтэй. 

Төгсгөлд нь энэ номонд таны эгдүүцлийг хүргэсэн зүйл байж болно. Заавал дуурайх, биелүүлэх гэж хүчилсний хэрэггүй. Аан ингэж харах өнцөг байдаг байх нь гэж мэдэхэд л болно. 

Гэжээ. Ямартай ч тэг ингэ гэж тушааж ярьдгаа болихоор шийдээд л сууж байна. Гэхдээ гарцаагүй л тэг ингэ гэчихсэн л сууж байх юм. Хэ хэ. 

Хичээгээрэй ээжүүд, аавууд минь. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг ч асар өндөр хариуцлага юм дөө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年7月20日木曜日

Хүүгээ өсгөхдөө

Хүүгийн тайлбар" манга номоо уншаад дуусгав. Уг нь өгүүлбэр цөөхөнтэй, хөөрхөн ном байсан ч, би зузаан зузаан монгол ном уншаад өө. 

Чинагийн Галсан туужаа дуусгаагүй ээ, талаасаа өнгөрөөд явж байна. Энэ хар халуун чинь хүнийг асар идэвхигүй болгох юм дөө. 

Зүгээр суугаагүй л дээ, аяга угаагчийг машиндаж байгаа. 7 хоногийн хугацаанд нийтдээ 25 ширхэгийг нэхэж, хүмүүст бэлэглэжээ. Ихэвчлэн япон хүн. Дараа монголчууддаа зөндөөг бэлэглэнэ ээ. Тэвчээрэй. Хэ хэ. 

Тайлан нэг иймэрхүү. Номныхоо гол хэсгээс товчхон хүргэе. 

Ихэнх эрчүүд орон зайн мэдрэмж өндөр байдаг. Алсыг харж байдаг. Аливаа үйлдлийг тэр чигт нь орхих нь их. Жишээ нь хувцсаа тайлсан чигт нь орхих, нүдний нь өмнө байгаа аягаа хураадаггүй, жорлон орохдоо жорлонгоос өөр юм олж хардаггүй гэх мэт. 

Хүүгийнхээ иймэрхүү будлиу ч юм шиг, хэнэггүй ч юм шиг байдлыг хүлээн зөвшөөрөх.

Тоглоомоо хураа гэж хэт үглэх нь заримдаа дэмий зүйл гэдгийг ойлгох. Учир нь тэр хөглөрсөн олон тоглоомон дундаасаа сонирхсон зүйлээ олж харах, сонгох, төсөөлөх гэх мэт нь хөгжиж байдаг. 

Хүний тархи нь чаддаг зүйлээ хийх дуртай байдаг. Тийм учраас хөвгүүд орон зайг хэмжиж, бүтээх аргачлалыг нягтлах гэгч ажиллагааг хийж байдаг. 

Томчуудтай харьцах цагийг нь уртасгаж өгөх. Үүнд аавынх нь, өвөөгийнх нь нөлөө их. Тэд нараасаа өөрийн дуртай зүйлийнхээ илүү нарийн мэдээллийг авч байдаг. 

Мөн эргэн тойрных нь томчуудтай үе үе уулзуулж байх. Тэднээс ч мэдэхгүй зүйлийнхээ тухай мэдэж авч байдаг. 

Өөрийн гэсэн орон зайг нь гаргаж өгөх. Зөвхөн түүний мэдлийн орон зай. Жишээ нь тоглоомоо дэлгээд өөрөө дотор нь ороод суучихдаг орон зай. Түүнд нь хэн ч гар хүрдэггүй тийм нэг орон зайтай бол түүний тархи асар их тайвшралыг олж, улмаар хөгжиж байдаг. Энэ зай тийм ч өргөн биш байж болно. Өрөөний нэг жижиг булан, 2 давхар орны дээд талынх нь гэх мэт. 

Ээж хүн бол бяцхан хөөрхөн хүүгийнхээ бүхий л зүйлийн эхлэл байдаг. Ээж нь түүнийг ганцаараа алхахад, өөрөөс нь жаахан зайтайхан тоглох мэтэд амгалан тайвнаар харж, түүний ертөнцийг тэлж өгөх. 

Эрхлүүлэх. Хэт эрхлүүллээ гэж хэлдэг хүн байдаг ч эрхлүүллээ гээд нэг их буруудахгүй. Ээж хүн амар амгалан, эелдэг байдлаа хадгалж чадвал бяцхан эр тархи ч амар тайван хөгжинө. 

3 нас хүртэлх хүүхдийн тархи ээжтэйг холбоотой байдаг. Ээж гунигтай бол хүүхэд ч гунигтай, ээж баяртай бол хүүхэд ч баяртай. 

8 нас хүртэл нь ээж хүүтэйгээ аль болох ярилцах. Амьдрах чадвар нь ихэвчлэн 8 нас хүртэлх хугацаанд бүрэлддэг. Хөдөлгөөний эвсэл, хэл яриа, урлаг уран сайхны чадвар, мэдээлэл солилцох чадвар, хими физикийн чадвар гээд л. 

Бага тархины хөгжил 8 нас хүртэл идэвхитэй явагддаг. Түүнээс цааш хөгжих нь их удааширдаг гэж үздэг. Гадаад хэл заахаасаа өмнө эх хэлийг нь сайтар хөгжүүлэх. 

Хүүхдээ хөхүүлэхдээ гар утас маажихгүй байх. Хайран цаг, хөхүүлэхдээ хүүхэдтэйгээ аль болох ярилцах. Бүүвэйлэх. 

Гадаа тоглох, чөлөөтэй тоглох, чөлөөт тоглоом нь хүүхдийн тархийг хөгжүүлдэг. Гадаа тоглохдоо ах хүүхдүүдтэй, дүү хүүхдүүдтэй хамт тоглох нь мөн л чухал. 

8 нас хүртлээ бага зэрэг бүтэлгүй байх, удаан байх, нэг ёсондоо төмс байх зүгээр. 

Адал явдалтай ном уншиж өгөх, уншуулах. Ном уншдаг хүүхдийн тархи аливаа зүйлийг шингээж авахдаа маш өндөр чадвар сууж байдаг. Хөвгүүд адал явдалтай номонд дуртай байдаг. Харри Поттерийг уншиж өгч болж байна. 

8 нас хүртэл нь ном сайн уншиж өгөх, хамтдаа унших. Ингэхдээ чанга, яруу тод уншиж өгөх. Бага ангид чанга унших цаг гэж байдаг нь цаанаа учир жанцантай байх нь. 

Хичээл хичээл гэхээсээ илүүтэйгээр түүний унтах цагийг чухалчлах. 22 цагаас хойш гар утас, зураг гэх мэтийг үзүүлэхгүй байх. Мөн унтахын өмнө амттан өгөхгүй байх. 

За өнөөдрийнхөө бичвэрийг ингээд өндөрлөе. Хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйл их байна. 22 цагаас өмнө унтуулах гээд чадахгүй байна. Яаж ийгээд л 22 цаг өнгөрчихөөд байх юм. 

Үүнд бас аавыг нь гэр дотроо бага зэрэг үүрэгтэй байгаасай гэж бодоод, шүд угаах ажлыг даалгадаг юм. Хөдлөхийг нь хүлээгээд оройтчихдог. Үглээд дийлэхгүй юм. 

Гэрээс гараад гадаа ажил дээрээ хичээж байгааг нь би бол мэднэ. Гэхдээ хүүхдүүд тэр бүр мэдэхгүй шүү дээ. Гэртээ л ямар байна? түүгээр нь харж өсдөг гэж уншиж байсан. 

Мөн бидний жаахан үеийн цаг үеэс шал өөр болчихоод байгааг энэ эрчүүд мэдэхийг хүсэхгүй байгаа юм уу? Мэдээд хөдлөхгүй байгаа юм уу? Уур хүргэх юм. Хамгийн наад захын жишээ гэхэд л ухаалаг утас байна. 

Ухаалаг утас үзүүлэхгүй л дээ. Зурагтыг бол үзчихээд байна. Яаж ийгээд, өөрийн дуртай нэг киногоо үзчихээд байх юм. Заримдаа загнаад, заримдаа би өөрөө хоол хийж амжуулах гээд бухимдахаараа үз үз гэж хэлчихээд байна. Яалтай...

Хүүхдийг ганц ээжүүд хичээж хүмүүжүүлмээргүй л санагдах. Аавуудын оролцоог нэмэгдүүлмээр...

Та бүхний гэр бүл яадаг вэ? Аавууд хэр оролцож байна? Манайх харьцангуй оролцдог гэж боддог ч, наддаа бол хангалтгүй. Хэ хэ. Би ихийг шаарддаг ч байж магад...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年7月13日木曜日

Чинагийн Галсан туужууд

Ёстой ховроос ховор хүн гэж хэлнэ тийм ээ? Би ч ярилцлагыг нь энд тэндээс олж уншаад олон жил болжээ. 

Эх нутагтаа өртэй гээд мод тариад яваа нь сэтгэлийг минь их хөдөлгөж билээ. Би нь одоохондоо эх орондоо мод тарьж амжаагүй ч, ижий аавыгаа мод тариарай л гэж захиж хүсдэг дээ... 

Мөн тэр хэл сурсан түүх нь их хөөрхөн. Маш тууштай хүн юм гэж биширсэн. Суралцах юмсан гэж бодовч бага зулзагадаа мөөмдүүлээд, ноолуулаад, дээсээр нь хар халуунд ядраад байна өө гэдэг шалтагтай...

Номыг нь уншина гэж зөндөө мөрөөдөж явсан. Гартаа оруулчихаад, сөхөөд уншчихаар дуусчих юм шиг санагдаад, номын сангаа хэсэг чимэв. 

Наадмаар ажлын өдөр таарсан тул, хуушуур хийх онгод бууж ирэхгүй байсан тул энэ номоо сонгож авав. Энэ сар номын тухай их бичиж байна тийм үү? Номын сан минь их арвин байна шүү гэж ихээхэн сэтгэлийн таашаал авав шүү дээ.

Герман хэл дээр бичигдээд сүүлд монгол хэлээр орчуулагдсан "Аянгат цагийн тууж"-аас эхлээд хэдэн тууж, нэлээд хэдэн өгүүллэгүүд багтсан байна лээ. 

Уншихад таатай байлаа. Үсгийн хэмжээ бага зэрэг жаахан санагдсан. 

Хэвлэлийн ганц нэг алдаа байсан. Мөн миний мэдэхгүй үг ч зөндөө байсан. Шараар тодруулаад л явлаа. Тогтооно гэдэг л асуудал...

Яахав огт уншихгүй байснаас л дээр юм. Энд тэнд дахин таарахад нэг л харсан, нэг л уншсан үг байна даа гэж санах юм даа...

Жанибек өвгөн гарна. Хөөрхий минь нэг зүйлд асар үнэнч, нэр төрд дурлах, албан тушаалд үхэн хатан донтох гэгч нь хүнийг асар харалган, сохор болгодог гэж ээ. 

Гэхдээ төгсгөлд нь зохиолчийн үг нь, нутгийнхаа домог болсон нэгэн сайхан залуу Баянакийн, анч өвгөн Жанибекийн дүрийг хойч үедээ үлдээх зорилготой уг туужийг бичсэн шиг...

Бага насных нь дурсамжид тод үлдсэн нэгэн буурайн түүхийг бичихдээ бага зэрэг өөрчилсөн гэж байна.

Тува гэснээс би нэг тува залууг танина. Оросоор ярьдаг, бас тува хэлээр ярьдаг. Монголоор бидэнтэй ярина. Одоо гэхдээ япон хэлээр ярьж ойлголцдог болоод байгаа. Хэдэн хэлтэй болчихов оо, хэ хэ.

Уншиж байх явцад тэр залууг л бодоод байсан. Дараа ярихдаа чи энэ туужийг олж унш гэж хэлэх юм шүү...

Мөн бусад зохиолынх нь талаар ганц нэг сэтгэгдлээ бичнэ ээ. Ер нь ховор сонсогддог...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年7月11日火曜日

Мянган захидал

Монгол зохиолчдын номнуудаа уншаад сайхан байна өө. 

Гэм нь эх оронд минь болж байгаа явдлууд бас сэтгэл зовоогоод байх юм аа. Ижий аав, элгэн саднууд минь байдаг болохоор, яаж ийгээд л санаагаа чилээчих юм...

1977 онд бичигдсэн роман гэхээр би 10 хэдэн насандаа уншсан байх гээд байна. Учир нь манайд дээхний уран зохиолын ном олон байсан. Уншаагүй ч юм шиг санагдаад л байна. Үйл явдлыг нь огт санахгүй байхыг бодоход...

Сэтгэлд хадагдсан өнөөх номтойгоо таараагүй л байна. Нартай нэгэн сайхан өдөр төрсөн гэртээ очиж хайрцагнуудаа ухахаас өөр алга үлдээгүй бололтой.

Зузаан ном юм аа. 600 хуудастай, үсгийн хэмжээ жижиг. Тэгэхээр нэлээд хугацаа зарцуулах нь. Ямартай ч дундаас нь хаячихалгүйхэн шиг дуусгах санаатай үзэж тарж байна. 

Дундаас нь орхичихоор, дараа уншихаар дахин эхнээс нь эхэлж таардаг юм билээ. Тийм ном хэд хэд байна. Нэг нартай сайхан өдөр бүгдийг нь дуусгана даа. 

Саяхан 3 номоо гартаа оруулсан. Одоо цаана нь 8 ном эзэндээ ирэх гээд догдлоод хүлээж буй. Хэ хэ. Тэр болтол номын тавиур дээрх номнуудаа ахиулж л байх минь...

Мягмар гэдэг багш бүсгүйн дүр гарна. Түүний анги дааж авч төгсгөсөн ангийн хүүхдүүдийн тухай, тэдгээр сурагчид нь ид суралцаж ахуй цаг, төгсөөд явсны дараах ахуй амьдрал. 

Мөн эргэн тойрных нь хамт олон, хань ижил, үр хүүхэд, ээж аавынх нь тухай гарна. 

Мягмар багш харин ч их аятайхан, хүн чанар сайтай залуутай сууна. Санжаа гэдэг. Сургуульд нь харин нэг ядаргаатай багш хүүхэн бий. Сэвжидмаа. Үнэн атаархуу, одооныхоор бол. 

Ингэж захиплаар харилцах гоё тийм ээ. Одоо л интернет гарч ирчихээд, захиа бичихээ байсан болохоос. 

Багш хүн тэгээд, шавь нар нь, сурагчид нь сайн сайхан явахад л сэтгэлийн асар их таашаал эдэлдэг байх. Орчин үед гэхдээ аймар багш байдгийг мэднэ. Араас нь хэрүүл уруул болоод л, улаан цайм мөнгө нэхдэг, жавхлан юм даа...

За тэгээл унших явцад миний өөрийн 10 жилийн сурагч байх үе минь үе үе дурсагдана. 

Соц нийгмийн үед сургуульд элсэн орлоо. Онц сурлагатан нийгмийн идэвхи байлаа. Бага анги төгсөөд л нийгэм өөрчлөгдлөө...

Ангиараа зугаалганд явсан, ангиараа гадаа дээс цувардаг, чирта тоглодог, ангийнхаа шалыг угаадаг, хичээл цонхлоосой гэж ангийнхаа хаалганы нүхэнд цаас чихэж гацаадаг, ангиараа хичээл тасалдаг, урлагийн үзлэг, бүжгийн тэмцээн...

Маш сахилгагүй байжээ. Одоо бодоод байсан чинь. 

Төгсөөд явсан ангийнхантайгаа цөөхөн хэдтэй нь л холбоотой байдаг. 

Номонд өгүүлдэг шиг багштайгаа захидлаар харилцдаггүй, гээд сул тал их их. 

Багшийн ажил ер нь хэцүү юм тийм ээ? Баахан бичиг цаастай зууралдана. Ангийн хүүхэд асуудал үүсгэвэл донгодуулна. Хатуухан гараар үзчих гэхээр өнөөдүүл нь "зугтчихна". 

Зөөлөн гараар үзэхээр өнөөдүүл нь "даварна". Хэ хэ. 

Бид өөрсдийн эрх ганц нэгийгээ дийлэхгүй байхад багш хүн 30 хэдэн эрхийг бол яаж ч хүчрэх вэ дээ? Бодоод байсан. Та нар ч мөн тэгж бодож байгаа биз дээ? Тэгэхээр багшийг бас ойлгож байгаарай...

Яахав жаахан нуршуу үйл явдал гарна. Гэхдээ шилдэг роман тул би ч уйгагүй л шимтэн уншиж байна. Эргээд ингээд дээхний үеийн нийгмийн тухай уншихаар бас их бүтээн байгуулалтын үе байжээ. 

Зохион байгуулалт сайтай гэх юм уу? Одоо чинь хөл толгой нь мэдэгдэхгүй, зарим нэг барилгын компаниуд нь иргэдээ хулхидаад алга болчих юм. Хариуцлага тооцох гэхээр хэн ч олдохгүй...

Яах аргагүй л эх орны минь нэгэн түүхэн цаг хугацаа юм даа, сайшаасан ч, ад үзсэн ч... Тийм үү?

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Боломж гарвал дээхэн үеийнхээ ийм номнуудыг уншчихаж байгаарай...

2023年7月9日日曜日

Хөвгүүдийн тайлбар

Нэг хэсэг энд ээжийн, найз охины "ажиллуулах тайлбар бичиг" гэж яригдаад, ээжийн тухай нь бүр ном байдаг. Би уншиж байсан даа. 

Энэ тайлбар бичиг гэдэг нь элдэв цахилгаан бараа гэх мэт зүйл худалдаж авахад ажиллуулах, хадгалах, эвдэрсэн үед хэрхэн засварлах гэх мэт тайлбар заавар бичгүүд ирдэг дээ. 

Түүн шиг ээжтэй харьцахад, найз охинтой харьцахад тус бүрийнх нь онцлогт тохируулсан арга хэрэгтэй дээ. Хэ хэ. 

Тэгэхээр хөвгүүдэд бас байна аа. Ажлын газрын хүүхэн уншиж байгаа гэж үзүүлээд. Би ч унших тал дээр "хүний дор орох дургүй хүн" яахав, хэсэг хугацааны дараа зээлсэн. Ха ха. 

Манга хэлбэрээр бичигдсэн тул зураг хөрөгтэй, хөөрхөн санагдсан. Түүнээс би манга зохиолыг нэг их таалдаггүй. 

За тэгээд олон зүйл нуршилгүй бичээд бичээд явчих уу даа.

Зохиолч өөрөө хиймэл оюун ухаан судалдаг хүн юм байна. Нэр нь Күрокава Ихоко. 

Бас их олон ном бичсэн хүн байна шүү. Ажлынхаа судалгааны онцлогийг ашигла хүний тархины үйл ажиллагааны тухай, "Охины тайлбар, нөхрийн тайлбар" гэх мэт ном, ер нь эр эм хүмүүсийн тархины бүтцийн онцлог, түүнээс хамаарч гаргах ааш зангийн онцлогийн талаар их бичсэн бололтой юм байна. 

Эхнээс нь уншдаг хэрэг ээ. Мөн эндээ бичихийг хичээнэ ээ. Ойрдоо их халаад, идэвхи сул байна. 

Өөрийнх нь хүүхэд хүмүүжлийн гол зорилго нь "ээж нь ч хүүдээ дурламаар сайхан эр" болгон өсгөх гэж байна шүү. Би бас дуураймаар байна аа. Би бас бага зулзагаа ээж нь ч өөрөө дурламаар сайхан эр болгон өсгөмөөр байна аа. Хэ хэ. 

Та нар ч бас хүсэж байгаа биз дээ? Охид араас нь хуйларсан, ханхүү болгож өсгөмөөр байна уу? Хо хо. 

Гэснээс саяхан шинэ краштай болсон. Уран нугараач залуу. Ха ха. Нэг нурууны дасгал нь, хээр тал хадан дээр нугарч байгаа бичлэг нь цацагдаад явна лээ. Харж хэсэг баяссан. Сайхан л "дамшиг" байна лээ. Итгэлт баян шиг л хэллээ шүү. Хи хи. (Ингэж хи хи инээхдээ дээлнийхээ ханцуйгаар амаа тарж аальгүйтсэн болно. сурв)

Солонгос крашаа хаясан. Халхын сайхан эрчүүд байхад тийм ээ? Ха ха. Бага зулзагаа бас уран нугараач ч болгочихмоор санагдаад явчихсан шүү. Ккк. 

За тэгээд зохиолч маань санасандаа хүрсэн гэж байна шүү. Хүү нь 180 см өндөртөй, гоонж их сайхан зохидог, ханхар цээжтэй, эрийн цээнд хэзээний хүрээд, хөөрхөн бэртэй болсон гэж байна шүү. 

Ном 5 бүлэгтэй. 

1. "Эрэгтэй хүний тархи"-ны үйл ажиллагааны онцлогийг мэдэх.

2. "Амьдрах чадвар"-т суулгах, тэр чадварыг нь хөгжүүлэх.

3. "Хайр"-ыг хөгжүүлэх, өсгөх.

4. "Хийх хүсэл, эрмэлзлэл"-ийг нь хөгжүүлэх. 

5.  "Escort чадвар"-ыг суулгах. (Энэ үгийг гоёор буулгаж чадахгүй байна. Доторх агуулгыг нь уншиж байж мэдэх байх.)

Одоо би дөнгөж эхний бүлгийг уншиж байна. Явцын дунд нэг бичвэр оруулна аа, энэ номны тухай. 

Түүнээс одоо их зузаан монгол ном уншиж байна, хамтад нь. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年7月8日土曜日

Заяа тавилан

Ж.Бямба гуайн нэгэн сайхан романыг уншиж дуусав. "Хорвоогийн өнгө", "Үнэний хорвоо", "Энэрэлгүй хорвоо" зэрэг романууд нь гайхалтай тийм ээ? 

Багадаа уншаад сэтгэлд маш тод сэтгэгдэл үлдээсэн учраас би гайхалтай гэж хүлээж авдаг байх. Намайг багад одоогийнх шиг олон ном байсангүй. Цөөхөн номон дунд эргэлддэг байсан болохоор ч тэр байх.

Гэсэн ч гайхалтай зохиолууд шүү. 

Гэм нь би хорвоонуудаа монгол явуулчихсан. Үе үе сөхөж хармаар л санагддаг. Дараа харихаараа авч ирнэ ээ, яадаг юм. Хо хо. 

Энэ удаагийн "Заяа тавилан буюу учрах хорвоо" роман нь Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын үеийн залуусын ажил, амьдралын тухай өгүүлнэ. 

Сайхан байсан байх тийм ээ? Цоо шинэ газар цоо шинэ хот байгуулаад, цаанаа л нэг сэтгэл тэнэгэр, урамтай, бахархалтай байсан байх даа.

Одоо цаг үед бас яг ийм бүтээн байгуулалт жаахан баруун тийшээ, нэг бол зүүн тийшээ хийвэл гэж мөрөөдөх юм дөө. Улаанбаатар хотдоо л шаваад байхаар тийм ээ? 

За тэгээд гол дүрүүд нь тус бүрдээ өөр өөрийн гэсэн онцлогтой. Сайн ч хүн байна, хүний мөсгүй хүн ч байна, хүүхэмсэг нь ч байна, үнэнч нь ч байна. 

За тэр Зандан даргын эхнэр Замбага бол нээрээ үнэн "зэвүүн". Зад загнаад, байранд нь авааччихмаар санагдаад болоогүй. Баахан сурвалжлагч, сэтгүүлийнхнийг аваачаад л. Ха ха.Одооны хэллэгээр бол үнэн даам гарчихсан...

Харин Зандан дарга хаа очиж ёстой тулхтай, үнэнч зөв дарга байлаа. Ганц охин нь бас их зөв хүмүүжилтэй.

Багадаа иймэрхүү зохиол их уншдаг байж. Бас нэг зохиол сэтгэлд их уяатай байгаа. Нэрийг нь мартчихаад, олж уншиж чадахгүй л явна. Яаж ийгээд олж уншина даа...

Тэр номоо л олоод уншчих санаатай, ингэж дээхний зохиолуудыг цуглуулаад байж магад л юм. Хүүхэд насанд үлдсэн ямар нэгэн сэтгэгдэл хадагдчих юм даа тийм ээ? Сайн нь ч тэр. Саар нь ч тэр.

Эрдэнэт хот явж үзээгүй ээ. Эрдэнэтийн дарга цэрэг хүмүүс нь их баярхуу, аархуу байдаг гэж сонсож байсан. Хэ хэ. 

Их л цэвэрхэн хот байдаг байхдаа. Нэг нартай сайхан өдөр очиж үзнэ ээ...

Хөөрхөн хөөрхөн, гэнэ цайлган дүр ч гарна. Хүнд сэтгэлтэй болсноо мэдэхгүй гэгэлзэх цэл залуухан бүсгүй, хойд эцгийн зэвүүн үгнээс болж амьдралаа алдахаа шахан, эргэн ухаажиж бүй үзэсгэлэнт бүсгүй...

Ж.Бямба гуайн олон хорвоотой зохиолуудад бүсгүй хүний дүр зонхилдог. Гэгэлзсэн, дурласан, шохоорхсон, гунигласан, зовсон, хайрласан, хайрлуусан, ааштай, гэнэн, эмзэг, хатуу, наалинхай, хонгор, атаархуу, амьдралд итгэх итгэлээ алдсан, тэмүүлэлтэй, тэмүүлэлгүй, болчимгүй, хэрсүү...

Бүсгүй хүний олон өнгө, тэр олон өнгө нь солонгорох уу, булингартах уугэдэг н тухайн цаг нийгэм, найз нөхөд, гэр бүл зэргээс ихээхэн хамааралтайг тодруулж бичдэг. Хорвоонуудаас бусад бүтээлийг нь барагтаа мэдэхгүй л дээ. Хаа нэгтээ таараад уншиж л байсан байх.  

Дээхний зохиол уншихын нэг сайхан нь үг хэллэг яруу, үг үсгийн алдаа ховор нь гоё. Нэг их тааралдаад байдаггүй монгол үгнүүдээ шараар тодруулдаг. Бүр нэг мэдэмгүйг нь хайж үзнэ, ямар утгатайг нь.

Дараагийн уншихаар эхэлсэн ном минь ч бас нэгэн сайхан монгол зохиолчийн шилдэг роман...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年7月7日金曜日

Тэснавчит, тэсмэг

Цэцэгний зургаа дарсаар. Уламжлалт бичвэр.

Энэ удаагийнх сараана цэцэг голчилсон. Гарьхан цэцэг туслах дүр. Мөн тэр улаан хүрэн цэцгийг хэлж мэддэггүй ээ.

Мөн шинэ ургамлын нэр мэдэж авсан. "Тэснавчит, тэсмэг". Монголд нэн ховор ургамлын тоонд ордог юм байна. 

Мэдээж ховор учраас би харж байгаагүй. Хэ хэ. Дээд талын зурган дээр цагаан өнгөтэй ургамал нь шүү. 

Монголоор хайж үзсэн чинь гарч ирээгүй. Японоор нь бичиж хайгаад үзлээ. 

Сараана. Энэ монгол үгийг бас яг цагаа тулахаар мартчихна. Анлиар нь харчихаад, монгол нэр нь юу билээ? гэж нэр нь орж иртэл хэсэг хугацаа өнгөрнө.

Гарьхан цэцгийн энэ гол дахь жижигхэн хөөрхөн нь яг л товч шилбэ хадчихсан юм шиг харагдаж байна уу? Дэлбээтэйгээ ижил өнгөтэй байдаг юм байна тийм үү? Шинэ нээлт гэхгүй юу хэхэ. 

Нэг иймэрхүү өөрийгөө баясгасан шиг л халууныг давж гарахаас дөө. Айхтар халж байна. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年7月6日木曜日

Зургийн хичээл

Уламжлалт бичвэр шүү. Бага зулзагынхаа үйлдэл, зан ааш, авирын тухай ихийг бичмээр санагддаг ч, блогоо нээгээд суухаараа өөр зүйл биччихсэн сууж байх юм аа. 

Хайр хүргэсэн, заримдаа уур бухимдал хүргэсэн нэгэн хөвүүн энд бойжиж л байна. Хэ хэ.

Энэ таглаатай тосон харандаа. Эхэндээ би юу юм бол гэж гайхаад л суулаа. Эгч нараас л дүүд ирж. Эгч нарт хэн нэгэн бэлэглэсэн. Би бол худалдаж авч өгөөгүй.

Ээж бол аль болох хямдханыг авч өгдөг. Учир нь багадаа эд нар чинь их чанга дарж зурдаг. Заримдаа авч өгөөд удаагүй байхад л хошуу нь хугарчихсан харагддаг.

Нэг харсан чинь ийм бүтээл туурвиж. Өөрөө зураг дар гэж хэлсэн. Урж хаяж болохгүй, хадгал гэсэн. Зарлиг ёсоор нь хадгалсан. Эгч нарын бүтээлтэй хамт.

Аминдаа зурагт үзүүлэхгүй гэж үзэж тарахаараа цаас дэлгэж сууна. Ном дэлгэж сууна. Гэхдээ яаж ийгээд л зурагт үзээд байна. Уран сайхны кино, бүр Харри Поттер үзэж энэ тэр...

Дараахан нь үүнийг зурж. Үүнийг нь гэхдээ хаячихсан. Хэ хэ. 

Энэ харандааны нэг сул тал нь гар, хөл маш их будаг болдог. Тэр гараараа өөр юманд хүрэхээр бас л тэр нь будаг болно. 

Юу нь сонирхолтой санагдсан гэхээр? Нэг л өнгөөр дагнаад байдаг хүн чинь өөр өнгө нэмж зурсан нь. 

Заагаад өгчихсөн юм шиг, нэг тийм уусгаж зурсан байгаа биз? Жаахан бараан өнгө л дагначихсан болохоос. Хэ хэ. 

Ихэвчлэн бидэн хоёр нь хагас сайнд зураг зурдаг даа. Бусад өдөр амжихгүй...

Дурлаад суухаараа бас гэж хөөрхөн төвлөрч харагддаг. Тэгэхээр ирээдүйд хичээлдээ гайгүй төвлөрөх байгаа... Хи хи.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年7月5日水曜日

Морин уруул

За нэг ийм ном уншаад дуусгалаа. Сайхан байлаа, эх орондоо очоогүй удаж байгааг ч хэлэх үү? 

Хөдөө нутаг, монгол ахуй уншихаар самсаа шархирдаг болжээ. Нас ахина аа гэж...

Ингээд бичихээр намайгаа учиргүй "аниа, эгч" гээд бодчихов доо. Гадааддаа бол цэл залууханд тооцогдоно. Ха ха.

Сумын бага эмч болох Дэгмид өвгөний дүр гарна. Түүнийг тойроод хэд хэдэн туслах дүртэй.

Сэржмаа гэж бүсгүйн тухай х өгүүлнэ. Дэгмид өвгөний залуу насандаа дурлан, хамтын амьдрал зохиож байсан бүсгүй. 

Хөдөө хээр, зэлүүд, бөглүү газар тогтохгүй явчихдаг. 

Зохиолын төгсгөл хүртэл Сэржмааг нь хүрээд ирэх болов уу? гэж мөн ч их хүлээлээ. Ирсэнгүй, өвгөн ч ойчоод өгөв. Харамсалтай. 

Ганц өвгөний дүрээр маш олон санааг агуулсан. Байгаль эхээ, нутаг усаа хайрлах, хүн хүнээ хайрлах, хүндлэх тухай өгүүлнэ. 

Нэг гоё мөрт байсан нь "....Ер нь хорвоо ертөнцөөс хүмүүс буцахын тоолонгоор хичнээн ч үлгэр домог үгүй болж байгааг хэн мэдэх билээ. Ингэхлээр амьд бие махбод байтугай үлгэр домогт ч гэсэн сүүлчийн амьсгал байдаг бололтой..."

Настай хүмүүсийн, эмээгийнхээ, өвөөгийнхөө яриаг сайн сонсож яваарай, бүр тэмдэглээд авах хэрэгтэй.

Сэржмаа бүсгүйн хүүхэлдэй хийгээд байдаг "морин уруул" гэдэг цэцгийг хайж үзэв. Багадаа нийлүүлж байгаад амьтан хийдэг байсан цэцэг байна лээ. Хааяа ээж аавтайгаа хөдөө гадаа явахад ээж хийж өгдөг байсан. 

Нэрийг нь мэдэж авлаа. Хотын хүүхдүүд бид ер нь байгаль, малчин аху соёлоосоо хол өсчих гээд байдаг юм даа гэж гуниг төрөх.

Яг ингээд ойроос нь харахад багад энэ бөндгөрүүдийг нь нийлүүлээд бамбарууш хийдэг байсан санаж бана. 

Уул ус, цэцэг ногооны нэрсийг сайн нүдлэх хэрэгтэй юм даа. Байгаль эхдээ ер нь жаахан нүд муутай гэж өөрийгөө их голно оо. Мэдээж малд бол ямар ч нүдгүй. Хөдөө өссөн хань ижилдээ хааяа цагаахан атаархдаг шүү дээ. Хи хи. 

Ямартай ч маш гоё уншмаар санагдаад, хойш тавимгүй, хэдхэн өдөрт уншсан сайхан ном байлаа. Бусад зохиолоос нь авч уншихыг хичээнэ ээ. 

Түр баяртай. бүгдэд нь амжилт хүсье.

2023年7月3日月曜日

Нил ягаан Secret

Батнасангийн Энхжаргалын 2 дахь номыг уншив. Бичсэн дарааллыг нь мэдэхгүй ч, миний уншсанаар 2 дахь нь шүү. Бас л түрүү жил залуухан дүү маань сонгож худалдаж авсан, өмнөх номтой нь хамт. 

Энэ ном нь мөн л хөөрхөн охид, залуухан бүсгүйчүүд нууцаар унших ном гэж бичсэн байсан шүү, зохиолчийн үг. Хэ хэ. 

Би ч нууцаар унших нь бүү хэл бүхий л цахим ертөнцдөө дэлгэж ирээд л уншив шүү дээ. Гайгүй байгаа. 

Гэснээс би нил ягаан өнгөнд дуртай, гэхдээ бүр нэг тийм хүрэнд нь биш. Бага зэрэг гэгээлэгт нь дуртай. 
 Агуулга нь хөөрхөн хөөрхөн. Ёстой л хөөрхөн өсвөр насныхан уншвал зохилтой. Өсвөр насанд нэг тийм гэгэлзүүлсэн, догдлуулсан, анхны хайрын тухай унших дуртай байдаг даа. 

Жаахан хөөрхөн охид уншиж байвал 10 хэдэн насандаа дурлаарай, шохоорхоорой, гэгэлзээрэй, шивнээ яриа үүсгээрэй гэж өнөөгийн өндөрлөгөөс "аниа" нь хэлье өө. 

Миний өөрийн насанд нэг их сайн охин, найз хөвгүүн гэж байсангүй, мэдээж ангийнхаа охидтой бол арзаганана, инээлдэнэ, хөхрөлдөнө. Гэхдээ алдахаас айдаг, аав ээжийн томоотой охин байж...

Энэ номыг уншсан чинь 10 жилд байхдаа дурлаж үзэх байж, үерхэж үзэх байж гэж бодсон шүү. 

Гэхдээ их олон зүйл мартжээ. Ядаж байхад төрж өссөн гэрээсээ хол, бүхий л нандин дурсамж бүхий зүйлээ хайрцаглаад хав дарчихсан. Үзэж харж сэдрээх зүйл алга. 

Тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөггүй байж. Ангийнхан дурсгалын дэвтэр үзэж инээлдж хөхрөлдсөн сураг нэлээд дээр гарсан. Намайг их л шоолсон гэсэн. Бодвол маш инээдтэй зүйл бичсэн байх нь. Иччихлээ. Хи хи. 

Ойрд монгол номоо түлхүү уншихаар шийдсэн. Өнөөдөр өөр ном эхлүүлээд орхилоо. Уран зохиолын ном. Сэтгэлзүйн роман.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2023年7月2日日曜日

Чихэр эмэгтэйн 147 хоног

"Чихэр" гэдэг үгэнд дургүй. Чихэр идэх дургүй. Чихэр өгөх дургүй.

"Чихэр"-ээр угжуулаад амаараа дүүрэн хорхойтой шүдтэй...

Танан цагаан шүд ярзайлгаад 

Тансаглан инээх тэдэнд атаархдаг...

Өнгөрдөг жилийн Азхур номын дэлгүүрийн хямдралаар дүү худалдаж авч өгсөн ном. 

Чихэр гэдэг үг орсноос нь болсон уу? Барьж авалгүй удсан. Уншаад эхэлсэн чинь харин хөнгөхөн уншигдав. Богино богино бичвэртэй. Заримдаа хөнгөн гунигт автуулсан, заримдаа хөнгөн бодолд дарагдуулсан ном. 

20 хэдхэн насандаа ээж болоод, японд ирээд, ажилдаа мэрийгээд, мөнгөтэй болж байртай болох хүсэлтэй, өдөр тутмын ажилдаа гүрийгээд...

Мөрөөдөл минь юу билээ? Мөрөөдөл минь биелсэн билүү? 

Эргээд залуухан болмоор байна. Эргээд хүүхэд болмоор байна. Тэгвэл чихэр идэлгүй, чихрээр угжуулалгүй өсөн, чихэр гэдэг үгэнд дурлахсан...

Бяцхан шүүмж: Зарим нэг эм үгэнд эр үгийн "ы", зарим нэг эр үгэнд эм үгийн "ий" залгаж бичсэн. Ганц нэг үгийг орчин үеийн залуус хамгийн их алдаж бичдэг гэгддэг шууд сонсголоороо бичсэн. 

Бичих гэж буй хүн энэ тал дээрээ анхаарна биз дээ? 30 хүрээгүй болов уу? гэмээр залуухан бүсгүй бичсэн юм шиг байна лээ. 

Цаасан шувууны домогт япон хүү биш, япон охин гардаг. Энэ талаар сайн судалж бичих ёстой байсан юм болов уу? Эсвэл албаар тэгж бичсэн юм болов уу? 

Хариугүй дурлах гээд гэгэлзээд, хэн нэгэн хөвүүн таалагдаад, шохоорхоод, үерхээд удаагүй, гэрлээд удаагүй гэх мэт охид бүсгүйчүүд уншихад зүгээр юм. Хэлж ойлгуулах гээд байгаа санаа нь нэг тийм хөөрхөн. 

Идэрхэн настай байхдаа хайрын шүлэгт дурладаг байлаа, хайрын ном зохиолд дурладаг байлаа. Тэр л үеийг минь санагдуулж, дурсамжаар минь аялуулсан. 

Гэхдээ мартдаг юм байна. Тэр үед тэмдэглэлийн дэвтэр авч өгөөгүй, блог гэж байгаагүй. Хэрэв байсан бол овоо хэдэн жил бичих байж тийм ээ? 

Хөөрхөн "чихэр" шиг амттайхан охид минь, бүсгүйчүүд минь өөрсдийгөө багаас нь, залуугаас нь хайрлаарай, залуугаасаа хөгжүүлээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

2023年7月1日土曜日

Улаан гарьхан

80 км зайтай газар тэнэж яваад ийм өнгөтөй гарьхантай таарав. Машиныхаа цонхыг буулгаж аваад гялс мялс дарсан. Жаахан бүрэлзсэн байж магад.  

Зүгээр л нэг байшингийн буланд, баахан хад ч юм шиг овоолсон чулуу ч юм шиг газрын хэсэгхэн буланг эзлээд ургасан байсан. 

Хадны зургийг нь албаар оруулалгүй дарсан. 

Навч нь ийм. Цэцэглээд дууссан хойно танихгүй л байх даа. Малд нүдтэй хүүхэд гэж ярьдаг шиг ургамалд нүдтэй шүү эд нар. 

Ялангуяа хүүхнүүд, эмээ нар. Энд тэнд явахад тийм цэцэгний навч байхаа гээд л хоорондоо ярилцаж байхыг сонсоод биширч билээ. Би өөрөө тарьж мэддэггүй болохоор, цэцэгчин хүүхнүүдэд цагаахан атаархдаг шөө. Д сан минь ээ. Ха ха.  

Голд нь хатгачихсан сувд шиг цагаан хөөрхөн. Бүх өнгө нь тийм байсан байх. Амьдаар нь их гоё улаан өнгө өө. Гар утасны дуран гологдоод. Чамлахаар чанга атга...

Нэг иймэрхүү 6 сар ч тэр чигтээ гарьхан цэцгээр мэлмий юугаан баясгасан сар байлаа. Одоо 7 сар гэж ихэд халсан, бас хуушуурдсан, бас нэг улсаа сурталчлах ажилтай сар. 

Хар халуунд дээл өмсөнө гэсэн л жаахан халширч байна шүү. Гэхдээ дотор сэрүүхэн л байх байх л даа. Гол нь хөвсгөр өө. Хэвлийн хөвсгөр минь нэг л арилж өгөхгүй байна. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.