2026年7月17日金曜日
Хөгжмийн эгшиг
2026年6月28日日曜日
Тойром
6 дугаар сарын төлөвлөгөөт ном. Нимгэвтэр ном байлаа. Зузаан ном уншаад байсан хүн чинь дорхноо л уншаад дуусгав.
Нимгэвтэр тул замдаа уншина гэж төлөвлөөд, замдаа авч гарсан. Яг оносон байна лээ. Зузаан ном авч гарвал ачааны нэмэр, нимгэн, жижиг ном нь цүнхлээд явахад амар тийм ээ?
Уншчихаад буцаагаад аваад ирсэн. Угтаа үлдээж болох ч номын клубынхны минь төлөвлөгөөт ном тул үлдээж зүрхэлсэнгүй. Тэгээд ч эндээ бас тэмдэглэж бичиж амжаагүй тул...
Ц.Гончиг гэж нэг хөөрхөн "хүү" байх шиг байгаа юм. Хүү юу? Ха ха. Дүү юм билээ, эгчээс нь. Тэгээд л...2026年6月27日土曜日
Тунгалаг Тамир 2
Саяхан л уншиж дуусгав. Уг нь сонирхолтой хурдан уншигдаад буй хэдий ч, дунд нь бас хувьсгалт үйл явдал гараад, сонирхол бууруулаад байна өө.
Түүнээс монгол ахуй, Хонгор, Сүрэн, Бат, Солонго нарын хайр дурлал хөөрхөн. Итгэлт баян гэж хэдийд ч "өмхий"-гөө тавихгүй айхтар өвгөн юм. Кинон дээрээ л өвгөн дүртэй гардаг болохоос зохиолын эхэнд бол одоогийн надаас ч дүү гардаг юм билээ шүү дээ. Хи хи.
Бат сүүлд их зоримог шийдвэр гаргаад Солонгыгоо ааваас нь салгаад, аваад явдаг нь урамтай байлаа. Хонгор эвий минь, ёстой л гэнэн хонгор, цайлган залуу ч юм уу? Үрэгдчихдэг нь золгүй...
Дээхний монгол зохиол унших гоё тийм ээ? Нэг тийм амар амгалан мэдэгддэг, хүмүүсээс нь.Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2026年6月16日火曜日
Тунгалаг тамир 1
Бас л дээхэн худалдаж авсан. Ковидын үеэр. Бараг энэ номын тухай сэтгэгдэл бичих нь илүүц байх тийм үү? Хэ хэ.
Ч.Лодойдамба зохиолчийн "Тунгалаг Тамир" роман. Мөлжүүр ихтэй ном. Дүрүүд нь ч гэсэн мөлжүүр сайтай. Зарим нэг дүрээр нь бараг судалгааны ажил хийчихмээр...
Задлан шинжлээд, бичээд байдаг даа ганц нэг дүрийг нь...
"Говийн өндөр"-ийг уншсан чинь цаанаасаа л монгол ном уншмаар санагдаад болох бус. Тэгээд гэнэт санаад л номын тавиураа ухсан. 2 дэвтэртэй. Угтаа өөр нэг монгол ном эхлүүлэх гэсэн чинь их зузаан юм аа. Тэгэхээр нь дараа сард уншина гэж төлөвлөв.
Киног нь зөндөө үзсэн болохоор ч тэр юм уу? Номыг нь унших минь гэж боддоггүй байж. Аав ижий хоёр минь ном нь илүү сонирхолтой, ганц нэг үйл явдал нь мэдээж зөрүүтэй гэдэг байсан л даа.
Гэрийн минь номын санд байдаггүй байсан юм болов уу? Би сонирхож хараагүй юм болов уу? Түүнээс манайх их номтой л айл байсан. Гэхдээ саяхан нэг харихдаа номнуудаа ухаж төнхөөд Лениний 12 боть зэргийг гаргаад, хая л гэлээ. Ха ха.
Эх хэлээ сайн сурах, эх хэлнийхээ үгийн баялагийг сайжруулмаар байвал "Тунгалаг тамир" романыг олон унш гэх зөвлөгөөг уншсанаас хойш уншмаар санагддаг байлаа.
За тэгээд барьж авав. Дээхний хүмүүс ярих нь үнэхээр л ийм уран цэцэн байсан юм уу?
Элдэв байгалийн үзэгдэлтэй, амьтан ургамалтай зүйрлэж их жишээ авч ярих юм өө. Суралцмаар.
Хэвлэлийн алдаа нэлээд харагдсан. Зарим нэг хэллэг нь бүхэл бүтэн үг орхиод хэвлэчихсэн юм болов уу? гэмээр ойлгомжгүй өгүүлбэр байсан. Хэвлэлийнх нь хяналтыг хийдэг, хариуцдаг хүн байдаг л байх даа тийм ээ?
Ийм сайхан номыг баллаад хаячих юм.
За тэгээд гоё гоё дүр их гарна. Зэвүүн зэвүүн дүр ч их гарна. Одоогоор шилийн сайн эр Засагт ханы Цахиур Төмөрийг "краш"-ланхан уншиж байна.
Нэг дэх дэвтрийг нь дуусав. Хоёр дугаар дэвтэртээ орсон.
Араа гоожуулсан өгүүлбэр их гарна. Айраг их ууцгаах юм аа. Ха ха.
Өө тийм. Эрдэнэ их өөдгүй тийм ээ? Долгорыг яаж байгаа юм бэ. Тэгснээ өөрөө болохоор хоёр өдөр "завхайрч" энэ тэр...
Гэх мэтчилэн сонирхолтой л байна. Харин цаг үеийн үйл явдал нь жаахан уйтгартай. Мэдэхгүй ээ, би иймэрхүү түүхийн бүтээл уншихдаа жаахан хойрго...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2026年6月11日木曜日
Говийн өндөр
6 дугаар сард уншив. 624 хуудастай. Уран зохиолын бөгөөд монгол ахуй гарах тул хурдан уншигдана. Өдөрт 100 хуудас уншсаар, дуусгасан. Худалч хүнд гуравхан өдөрт уншчих шиг боллоо.
20 зууны шилдэг роман. Сормууниршийн Дашдооров "Говийн өндөр" хэмээх роман. Говийн нэгэн гүдэхсэн залуу болох Дамдингийн тухай гарна. Мэдээж олон дүр гарна л даа. Должин, Цогзол, Цэвэлжид, Өлзиймаа, Самбуу, Гэрэл, Тогоо, Чогдов, Жамбал гээд л...
Дүр тус бүр өөр өөрийн онцлогтой. Дээхэн үеийн хөдөөнийхний ахуй амьдрал ёстой л "Монголын амар амгалан", "зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах" гэдгийн утгыг бүрэн утгаар нь үзүүлдэг байсан гэмээр.
За тэгээд говь нутгийн онцлог, новь нутгийн өөрийн гэсэн үзэсгэлэнт төрх байдал, хүн зоных нь ааш араншин, зан аяг, аж төрөх ёсон зэргийг дурдсан, говьд очиж үзээгүй надад шинэ соргог бүтээл байлаа.2026年5月27日水曜日
Монгол хэлц үгийн утга тайлах үлгэр
Бас л удаан хугацаанд зээлж, цүнхэлж явсан ном. Номын сангаас зээлсэн. Номын санд ийм ном байна гээд бод доо. Сүрхий байна уу?
Суугуул муж маань Төв аймгийн Д.Нацагдоржийн нэрэмжит Төв номын сантай харилцан ном солилцоод 5 жил гаран болж байна.
Миний мэдэхийн овоо хэдэн номтой болсон. Хүүхдийн ном, уран зохиолын ном, ганц нэг бөхийн тухай ном, Төв аймгийн танилцуулга ном гээд л олон төрлийн ном бий.
Түүний нэг нь энэ. Тун дажгүй санагдаад, тухтайхан шиг уншина гэж зээлж явсаар өдийг хүрэв.
Ш.Нарантуяа "Монгол хэлц үгийн утга тайлах үлгэр" гэдэг ном. Олзуурхууштай нь монгол бичгээр бас бяцхан тайлбартай. Би нь овоо уншаад байдаг шүү. 10 жилдээ монгол бичиг гайгүй сайн сурч байсан юм, энд ирснээс хойш л хойрго болчихсон болохоос...
94 богино хэмжээний үлгэртэй. Үлгэр бүрт хэлц үг орсон. Түүнийг тайлбарласан, ил утга, далд цаад утгыг нь тайлбарласан байв. Сонсож өссөн, одоо ч үе үе сонсдог хэлц үг байв.
Хэлц үгийг өвөрмөц хэлц, хэвшмэл хэлц гэж ангилдаг.
Үг илжирдэггүй
Үнэн балардаггүй.
Үгэн дотор үг байдаг
Үхрийн нуруунд гуур байдаг.
Үгэнд үхэхээр
Сүхэнд үх.
Үгэнд дайрагдахаар
Үхэр тэргэнд дайрагд.
Үгэнд ижилдвэл цэцэн болдог
Илдэнд ижилдвэл баатар болдог.
Дээхэн үеийн хүмүүсийн харилцан яриа зэргийг сонсохоор үнэхээрийн уран яруу ярьдаг байсан тийм ээ? Одоо бол хар яр, түс тас гээд л ярьчихдаг тийм ээ?
Би өөрөөрөө жишээ авахад гэртээ бол жаахан даам царайлаад, тэг ингэ гээд шулуухан заагаад явчихдаг болоод байгаа, сүүлийн үед. Тэгэхгүй бол тэртэй тэргүй хийх ёстой зүйлээ хийхгүй утас маажих нь утсаа маажаад, тоглох нь тоглоод, унтах нь унтаад уур хүргээд байдаг юм аа. Ха ха.
Энэ номыг уншсан чинь өөрийн эрхгүй уран яруу, хэлц үг зэргийг оролцуулаад ярьдаг болмоор, яриандаа өргөнөөр хэрэглэдэг болмоор санагдав өө...
"Аргатай бол арсланг унана."
"Аргат туулай арслана барина." Эдгээр хэлцийг санан санан, ажилдаа, амьдралдаа хэрэгжүүлнэ ээ. Хо хо.
"Бага уувал бал, балбартал уувал мал." Энэ үгийг халбага дарс уухдаа санаж явах юм шүү. Ха ха.
"Хэв жигд бол бичиг нь сайхан, Хэл цэгц бол яриа нь сайхан." Гараараа бичих ховордсон тул бичгийн хэв минь маш муухай. Гаргацтай л бичиж байвал болно доо, тийм үү? Буруу зөв яриад хүмүүсийн уурыг хүргэх тохиолдол их ээ их. Хи хи.
Зарим нэг нь сонсож байгаагүй хэлц байлаа.
"Бугын бөөр тасарч унахыг хүлээж чоно үлбэрч үхэв."
"Битон ч үгүй бяруу ч үгүй."
"Зам эвддэг ус, зан эвддэг архи."
"Бялуугаар зодвол иднэ, булгаар зүлгэвэл уйлна."
"Газар хороохгүй гахайн жороо морь."
"Гэрээс үгээ салхинд."
"Манзушир аварсангүй, манхны туулай аврав."
"Санаа нь дэлхий, чадал нь мэлхий." Зэ хө, санаж явна аа. Өглөө сэрэхдээ би санаа нь дэлхий, орой нь харьж ирээд чадал нь мэлхий болчихоод байна өө. Ха ха.
Дараа дахин нэг зээлж аваад, дахин дахин нухацтай уншина аа. Хэлц үг орсон үлгэрүүд нь бас сонирхолтой юм. Нэг уншаад тогтоохгүй, зарим нэг үлгэрүүдийг бол уншсан, мэддэг байсан.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хзсье.
2026年4月6日月曜日
Зам
Овоо хэдэн жилийн өмнө аав минь охиндоо авчирч өгсөн ном. Аав минь багадаа уншиж байсан ном. Олон жил хадгалаад, саяхан зориглоод номын тавиур дээрээсээ буулгаад, ойрхон байлгаж байгаад, уншиж дуусгалаа.
Багадаа ч юм уу? Соц нийгмийн үед уншсан бол нэлээд, бүр онц сонирхолтой байж магад л роман байлаа. Эдүгээ үед бол мэдээж агуулгын хувьд нэлээд үзэл сурталтай, орос ах нарыг магтан дуулсан агуулгатай.
Ядаж байхад орос нь дайн зарлаад, дайтаад байгааг ч хэлэх үү? Өмнөх дайнаасаа сургамж авдаггүй юм байх даа? Хэнд хэрэгтэй гэж дайтнав? гэж мэгж бодсон шиг суугаа өдий цагт оросыг өмөөрөх хүсэл төрөхгүйд гол учир байх шиг ээ...
За гэхдээ ганц энэ роман ч бус юм аа. Дээхний ихэнх романууд заавал оросыг магтан дуулсан, ардын намыг магтан дуулсан л биш бол хэвлэдэггүй, боож хаадаг байсан болохоор бүгд шахуу л хойд хөршдөө, нам засагтаа тал засдаг байж дээ. Өрөвдмөөр ч юм шиг...
Намсрайн Банзрагч "Зам" роман. Уртын дуучин Норовбанзад гуайн нөхөр гэж байна шүү.
Аав минь "За яасан? Хоцрогдсон агуулгатай байна уу?" гэж асуусан. Хэ хэ.2026年4月5日日曜日
Тархины блок
2026年3月2日月曜日
Тренди бүсгүй 2
Шинэхэн 3 дугаар сарын мэнд ээ. Олон олон учрал тохиол авчирсан сар байгаа юм. Бүгдэд нь гялалзсан амжилт хүсье.
Үргэлжлэл.
Бичих гэсээр байтал 3 дугаар сар гарчихлаа. Энэ сард ч 3-4 ном уншихыг хичээнэ ээ. Учир нь хувь хувьсгалын ажил ихтэй. Тэдгээрийнхээ цаг цавыг харж байгаад, өөртөө унших цаг гаргаж байж л хэдэн ном унших байх даа. Мөн төлөвлөгөөт номоо гартаа оруулчихсан. Сэтгэл өег байна өө.
Зохиогчийн нэрнээс харахад казак үндэстэн шиг байна тийм ээ. Гэснээс би өнгөрдөг жил нэгэн казак бүсгүйтэй танилцсан.
Дараа гэрт нь очвол үндэснийхээ "каз" хоолоор дайлна гэсэн. Идэж үзээгүй болохоор сонирхолтой санагдаад байгаа. Нэг нартай сайхан өдөр очиж дайлуулах юмсан. Хэ хэ.
Ютүб дээрх нэгэн бичлэгийг нь үзсэн. Дуу хоолойны өнгө, хэл ярианых нь хэлбэр таалагдсан. Зарим нэг хүүхнүүд хэт хичээгээд ганц нэг үгээ сонин сонин хэлээд, цаанаасаа нэг маяглаад байгаа нь мэдэгдээд байдаг дээ. Тийм биш байсан гэсэн үг л дээ.
TRENDI гэдэг үгнийх нь тайлбар их хөөрхөн. Time-цаг хугацаа, Relationship-харилцаа, Education-боловсрол, Niceness-гоо, сайхан байдал, Diligence-дайчин чанар, Yoga-бясалгал, төвлөрөл, -бясалгал, төвлөрөл, амьдралын мөн чанар гэдэг англи үгнүүдийн эхлний үсгийг нийлүүлсэн үг гэж байна шүү, зохиолч бүсгүйн бодож олсноор.
Мэддэггүй ганц нэг анли үгээ мэдэж авлаа. Тогтоох байгаа? Мартчихалгүй л байх юмсан. Хэ хэ.
Хүний хөгжлийн тухай маш олон ном уншаад, түүнийгээ нэгтгээд, базаад, хэрэгтэй гэсэн, өөрт таалагдсан зүйлсээ өөрийнхөөрөө баяжуулаад нэг ном болгочихсон сүрхий байна уу? Нэг их олон ном уншилгүй энэ ганц номыг уншихад л бараг болчихоор байсан шүү. Гадны зохиолчдын бичсэн, зарим нэг агуулга нь орчуулгаасаа болдог юм болов уу толгойд бууж өгдөггүй ном байдаг даа. Тэдгээрээс хавьгүй илүү байж мэднэ.
Адаглаад л монгол бүсгүй, монголынхоо хөрсөнд тааруулж л бичсэн байж таарна. Монгол бүсгүйдээ, монгол охидоо нүдэндээ төсөөлж ирээд л бичсэн байх магадлал өндөр тийм үү?
Иймэрхүү агуулгатай ном миний залууд хэвлэгдсэн бол ч тийм ээ? Би өдийд үзүүлээд өгсөн байгаа гэхгүй юу. Ха ха. Худлаа худлаа, тоглосон юм. Би чинь их залхуу төрлийн хүн гэдгээ мэддэг, үе үе сэтгэлээр унадаг ч, одоо нэг их тоохоо болиод эвлэрч эхэлсэн байна лээ, өөрийн мэдэлгүй...
Өнгө өнгийн наадаг цаас наас тэмдэглэсэн мөртлөө яг бичих гэсэн чинь аль хэсгээс нь бичих вэ гээд эргэлзчихлээ. Бичихэд та нарт нэлээд улиг болсон агуулга, уриа лоозон мэт санагдах юм шиг санагдаад байх юм.
Уучил, таларх, бичиж тэмдэглэ, дасгал хөдөлгөөн, цаг төлөвлөлт, бүү гомдолло, өөдрөг бай, унш, суралц гээд л хөвөрнө. Талархал бичиж эхэлдэг юм билүү гэж бодогдоод. Бичиж талархдаггүй ч санахаараа бүх зүйлд талархаж байна гэж өөртөө хэлдэг юм.
Үүнийгээ бүр нарийвчлан, тодорхой болгох ёстой юм шиг байна. Жишээ нь блогоо тасралтгүй бичиж буй өөртөө талархаж байна. Олон жил блог бичих орчныг бүрдүүлж буй эргэн тойрныхоо хүмүүст баярлан талархаж байна.
Ном унших боломж олгодог найз нөхөддөө, гэрийнхэндээ талархлаа.
Гэх мэт нэг бүрчлэн өдөр тутамдаа болж буй, бүтэж буй зүйл нэгд нэгэнгүй бичим талархах нь чухал шиг байна шүү. Зохиолч бүсгүй өөрийн талархдаг 60 зүйлсээ бичиж танилцуулсан байна лээ. Түүнээс нь будаа идэж болох юм...
"Ном бол оюуны хүн. Иймд залуудаа аль болох их ном унш" гэсэн байна шүү, хүүхэд залуус минь.
Гэр бүл, нөхөр хүүхэд, ажил төрөл гэх арагшаа санаа зовох зүйлгүй байгаа дээрээ сайн унш гэж "аниа" нь бас нэмээд хэлье дээ. Нөхөртөө цаг гаргах, үр хүүхдэдээ цаг гаргах, гэр орондоо цаг гаргах, найз нөхөддөө цаг гаргах гээд нас чинь ахих тусам ном унших цаг хомс болдог шүү.
Хичнээн супер дупер нөхөртэй байгаад гэртээ бол "том хүү" чинь юм шиг л байна шүү. Ха ха. За тэгээд энэ "өргөж авсан том эрэгтэй хүүхэд"-с чинь гадна өөрийн чинь төрүүлсэн хүүхдүүд гээд л сатаарах зүйл их их. Ха ха.
За за олигтой зүйл бичээгүй байтал дахиад л уртаас урт бичвэр болчихлоо. Үргэлжлэхгүй ээ. Та бүхэн уншмаар байвал өөрсдөө худалдаж аваад уншина биү дээ? Нэг бол зээлээд ч юм уу.
Гэснээс уг номыг нэг найз минь наддаа бэлэглэсэн юм, хүнээс авсан гээд. Тэр бэлгэнд авсан хүний нэр нь бичээстэй байсан.Тэр бүсгүйд таалагдаагүй байх, би болохоор дээр нь худалч хүнд хуудас бүрт нь цаас наагаад, шар өнгөөр тодруулчихсан. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2026年3月1日日曜日
Тренди бүсгүй
2 сард уншсан ном. Энэ сард би эрүүл мэндийн шаардлагаар цөөн ном унших байх гэж таамаглаж байсан чинь бусад саруудад уншдаг тооны ном уншсан байна. 3 дахь ном. Хажуугаар нь япон уншчихсан. Нийтдээ 4 ном. Маш том амжилт.
Догь биз? Энэ маягаараа уншвал оны сүүлд 50 ном уншчихсан байж мэдэх л юм. Ямарав дээ? Энэхүү номд ч мөн адил ном уншихын ач тусыг онцолж бичсэн байна билээ.
Өмнөх номны агуулгыг үгүйсгэсэн агуулга бүхий ч уншихад таатай байлаа. Бяцхан зөвлөгөө өгөхөд охидтой ээжүүд өсвөн насны охинтой бол уншуулахад дажгүй санагдсан шүү. Охин чинь ирээдүйд өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө олох, амжилттай суралцах, амжилттай ажиллахад тодорхой хэмжээгээр сэдэл өгөх агуулгатай юм билээ...
Табигатын Гүлдаурен хэмээх бүсгүйн "Тренди бүсгүй" гэдэг ном.За тэгээд наадаг цаасаа бараг хуудас болгонд л наав. Шар өнгөөр тодруулав. Би нь иймэрхүү агуулгатай номд бас ч гэж дургүй биш шиг байна лээ. Яг өнөө маргаашдаа хэрэгжүүлэхгүй ч, алсдаа хэрэгжүүлнэ гэж боддог шиг байгаа юм. Угтаа уншсаныхаа маргаашнаас ч юм уу хэрэгжүүлээд эхэлбэл ч ёстой нэг "тасарчих" гээд байна тийм ээ? Хо хо.
Энэ зохиогч бүсгүй их сүрхий бүсгүй байна өө. Ёстой нэг хэн нэгний "ментор" баймаар. Амьдралын көүч гэсэн шүү нээрээ. Цахим хуудсаараа олон олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болдог, хичээл заадаг, зөвлөгөө өгдөг юм байна.
Би сая л олж мэдлээ. Бахархаж байна аа. Соёлч боловсноор бусдад нөлөөлж буй чадварлаг бүсгүйд баярлалаа. Бусдад нөлөөлөгч байна гээд хэтэрхий бүдүүлэг, хэтэрхий ёс бус аашилдаг хэдэн бүсгүй бий дээ, манайд. Зоригтой, шударга хэлж буй гэж өмөөрөх хүн бий ч, зоригтой байна гээд бүдүүлэг байхыг, шударга байна гээд ёс зүйгүй байхыг хэлэхгүй байх өө.
За дараагийн бичлэгт өөрт таалагдсан болон, бусдад хэрэг болохуйц ганц нэг зүйлсээс нь бичиж тэмдэглэнэ ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2026年1月30日金曜日
Харуул Алтай 2
Үргэлжлэл бичмээр санагдаад өө. 1 сард 4 ном уншсан хүн байна даа. Хэ хэ. 2 сард унших номоо сонгоод, эхэлчихэн гэж байгаа. Ид эдээ. 2 сард цагаан сар, хувийн жаахан ажилтай тул их ном уншиж чадахгүй. 1 ном уншиж амжвал их юм гэж төлөвлөж байгаа.
Гэснээс би нь нэлээд төлөвлөдөг болсон шүү. Ажил амьдрал тэгж шаардаж байна өө. Хагас жилийн цаадах ажил ч төлөвлөгдсөн байна энд. Мэдээж гэнэтийн зүйл гарна. Тэр бүрд нь өөдрөгөөр, эерэгээр, эрч хүчтэйгээр, сэтгэлд тааламжтайгаар биелүүлээд, гүйцэтгээд явна гэж төлөвлөж байна.
Би юу? Миний дараа та нар шүү. Хо хо.
Оршил нэг иймэрхүү.Тэртээ олон жилийн өмнө буюу 100 гаран жилийн өмнө өрнөсөн хувьсгалт үйл хэрэг. Тусгаар тогтнож, биеэ дааж, хөлөө олж төвхнөх хүртэлх хэсэгхэн хугацаанд гарсан үймээн, самуун. Алслагдсан орон нутагт мэдээ мэдээлэл нь хоцорч хүрдэг, хүмүүсийнх нь сэтгэхүй, ухааны нь цар хүрээ, эрхтэн ямбатных нь хувийн эрх ашиг, өв хөрөнгийн төлөөх шунаг цэвдэг сэтгэлийн золиос болж төрс өссөн нутаг Харуул Алтайгаа орхин харь орныг зорьсон нэгэн хэсэн монгол угсаатан.
Эвий эвий минь.
Миний бие ч өөрөө эх орноосоо, элгэн саднаасаа хол ажиллаж амьдраад 20 гаран жил болчихсон л явна. Бадам гүнжийн харьд өнгөрүүлсэн хугацааны тал нь гэсэн үг. Хэдийд нутагтаа харих юм бүү мэд. Яахав зундаа нэг нисэж оччихоод л байна, боломжтой үедээ. Санхүүгийн боломж шүү. Онгоцны тийзний үнэ бага зэрэг хямд байдаг бол зөндөө л нисээд очмоор...
Олон олон дүр гарна. Бордье, Равдан, Дүгэр, Сүрэн, Хаян, Чой, Цэрэн, Баадай, Раазан, Жүгдэр, Авирмэд, Аюурдоо, Азамат, Банчин эрдэнэ, Ли овогт, Шэн овогт гээд л. Бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой, ааш зантай...
Алтай гэхээр баруун тийш тийм үү? Ижий аавын минь төрсөн нутаг мөн баруун зүгийнх. Баруун зүгийн нутгийн үзэсгэлэн, магтаал, зүйрлэл сонсох дуртай байдаг, яагаад ч юм. Магадгүй Бадам бүсгүйн нэгэн адил нас нэлээд яваад ирэхээрээ эх нутгаа, монгол орныхоо баруун аймгуудын, баруун тийш сэтгэл зүрх минь тэмүүлэх магадлал өндөр ч юм шиг санагдаад, совин татаад...
Бас нэгэн сэтгэлд хоногшсон нь "хар чоно"-ын тухай домог. Удам угсаа нь чононоос гаралтай, өвөд дээдэ минь биднийг урд зүгт чиглүүлж байна, дуудаж байна, бла бла гэсэн домог яриа, цуу яриа, мухар сүсэг, мухар бишрэл, нэг хүнийг шүтэн бишрэх, өөрийн үзэл бодолд итгэлгүй, бусдын үгэнд орох нь ямар их гарз хохирол, аюул дагуулж болдгийг бэлхэнээ харуулсан байлаа.2026年1月28日水曜日
Харуул Алтай
2026年1月18日日曜日
Заан Залуудай
2025年11月26日水曜日
Сэтгэлзүйн тууриуд
Ээлжит ном. Монгол зохиолчийнхоо номыг унших ч аяа бас жаргал шүү. Сэтгэлийн таашаал эдэлнэ. Учир нь хэл ам сугалчих гэсэн гадаад нэр ус байхгүй. Дүр, зураглал нь дотно сайхан.
Цэнд-Аюушийн Буянзаяагийн "Сэтгэлзүйн тууриуд". Мүракамигаас дутахгүй гоёхон, соньхон санагдсан шүү. Мөн л 18 тууриудаас бүрдсэн. Мүраками цаашаа шүү гээд хэлчихбэл шүтэн бишрэгчид нь уурлах юм болов уу? Хүн хүний сонирхол, таашаал өөр шүү гэдгийг ойлгоорой.
Үзэл бодол жаахан зөрснийгөө өстөн болгочих гээд байдаг шүү, бид. Хи хи.
Бас л сонин хачин нэртэй тууриуд нь цаанаа л нэг егөөдөөд байгаа мэт санагдана. Өнөөгийн ахуй амьдрал, дээхний тогтолцооны тухай л ёгтоор шүүмжлээд, хүүрнэн өгүүлээд байх шиг санагдана шүү.Энэ туурь бас л хөөрхийлөлтэй. Хондогын өвөлжөөн дээр хүн боогоод үхчихсэн байхыг хараад бусдадаа хэлж мэдэгдээд, тэгсэн дараахан нь өнөөх цогцос нь алга болчихоод. Хүмүүс түүний үгэнд итгэхгүй, эсрэгээрээ хий юм харлаа, хүн амьтан үймүүллээ гэж зэмлээд гээд л үйл явдал цааш өрнөнө...
Нэлээд сонин содон, тэр бүр хэл яриандаа хэрэглээд байдаггүй үгстэй таарна. Хэрэглээд сурчихвал ч тийм ээ?
"Хуучин юмсын туурь" бас л сэтгэл рүү ёнк гээд л явчихна. Ижий аавууд хажуудаа байлгаад л байдаг нэг хүүхэд байдаг даа. Яахав тэр нь гэр бүлтэй, өөрийн гэсэн амьдралтай бол болж байна. Харин эсрэгээрээ тийм биш, гон бие гозон толгой байвал ч энэ туурьд гардаг Энхсүхтэй л адил амьдрал туулах юм болов уу ч гэж бодох шиг...
"Хүний төлөө амьдрах нь өөрийнхөө төлөө амьдрахаас ч илүү үнэ цэнтэй."
"Хүний амьдрах хүсэл үхэх хүслээс нь илүү үнэ цэнтэй."
"Булингарт голын туурь"-ийг уншихаар яг л өнөөгийн Улаанбаатар хотын дүр төрх нүдний өмнүүр жирэлзээд, сэтгэл хөндүүрлэв. Туул гол жаахан байхад минь их том сүрлэг гол байж дээ, би ч өөрөө жаахан байж дээ гэж бодон бодон уншив.
Гэснээс би "Морин уруул" номонд нь дуртай, хайртай. Дараа боломж гарвал бусад бүтээлээс нь ч авч уншина даа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年10月29日水曜日
Хүүхдээ ойлгох ном 5
2025年10月27日月曜日
Хүүхдээ ойлгох ном 4
Үргэлжлүүлж бичихгүй бол санаа амардаггүй ээ. Бие минь ажил дээрээн, гэртээн мөртлөө сэтгэл санаа минь блог дотроо эргэлдээд байна. Хэ хэ. Мөн номоо номын сандаа өрж тавихгүй бол санаа амардаггүй ээ.
Уншиж дуусаад номын сандаа номоо өрж тавих ч айдаа мөн чиг их сэтгэл ханамжийг мэдрүүлдэг тийм ээ? Уншдаг хүмүүсийн л мэдрэх сэтгэлийн таашаал байх даа...
"Гэр бүл, ойр дотны хүрээнд сайн үлгэр дуурайл байгаа бол тэр хүүхэд хамгийн азтай бөгөөд сайн хүн болох магадлал өндөр."
Үглэж дуулахаас илүүтэйгээр үлгэрлэх нь чухал гэж их ч уншиж байна дөө. Яг гэртээ ээж нь, аав нь үлгэрлэх гэхээр нэг л сэтгэлд буудаггүй ээ. Утсаа маажсан ээж аав хоёр л байгаад байдаг.
Яахав ээж нь үе үе ном шагайж үлгэрлэдэг байх. Орсон гарсныг дайлдаг цайлдаг нь бас нэг үлгэр байж магад. Манайх оюутны гуанз шиг байна тийм ээ? гэж нэг удаа зулзага хэлж билээ. Хи хи.
Гэрээсээ хол залуусыг өөрийн жаахан хүүтэйгээ зүйрлээд өө. Зарим нэг нь "өндөр ээж" гэж "өргөмжилсөн ч удаатай. Ооё.
"Үнэт зүйл өвлүүлэх...
Үнэт зүйл гэдэг бол ганц таны хүүхэд төдийгүй олон хүнд хэрэг болох, аль ч цаг үед хаана ч хүндлэгдэх сайхан чанар юм."
"Хаа нэгтээ түүхийн явцад монголчууд бид хулгай хийдэггүй байсан үндэсний үнэт өвөө мартаж гээжээ."
Энэ их харамсалтай тийм ээ? Би ч хааяа малчин ахуйгаа магтаж ярихдаа өргөө цагаан гэрээ цоожилдоггүй, данхтай цай боорцог нь бэлэн, аяншиж ундаассан хүн орж цай уучихаад явчихдаг соёлтой байсан гэж танилцуулна аа. Хулгай зэлгий байхгүй шүү дээ гэж ирээд л.
Даанч одоо цаг үед мартагдаад л байна гэж халаглахаа мартахгүй. Мөн Улаанбаатар хотод олон хөлийн газар түрийвч, мөнгө, гар утсаа алдав аа гэж байнга сануулж, бие хамгаалагч шиг нь явна шүү дээ...
Үндэсний үнэт өвөө сэргээх юмсан тийм ээ? Ядах байхад төрд байгаа ихэнх нь "хулгайч" болчихсон. Тэдгээрээс үлгэж жишээ авч буй хойч үе их гэж бодохоор...
"Хуультай танилцуулах...
Хүүхэд дагаж мөрдөж эхэлдэг анхны хууль нь Замын хөдөлгөөний тухай хууль юм.
Хүүхэдтэйгээ хуулийн тухай ярьж бай...
Хууль ойлгож сурах нэг ноу-хау хэлэхэд заргалдаж үз."
Хөөрхөн ноу-хау байна уу? Яаж ийгээд л нэг удаадаа заргалдаад үзчихэд хэрэгтэй л юм байна. Гэхдээ л шүүх цагдаагаар явах нь манай улсад бол хохирогч нь өөрөө хэрэгтэн болчих гээд байдаг сул талтай гэж их уншиж, сонсох юм дөө.
"Айл бүрт Моцарт бий. Тэд юу ажиглаж, юунаас суралцах вэ гэдэг нь л өөр. Гэхдээ гэр бүлийн гишүүд утсаа шагайгаад хоорондоо ярихгүйсуудаг бол хүүхэд хэнээс ч юу ч сурахгүй нь мэдээж. Харин гэрт нэгэн зүйл давтагдан болдог бол, тэр нь идэвхтэй ажил, хичээл бол хөгжмийн хичээд ажигласан гурван настай Моцарт хүү шиг л хүүхдэдээ гэрийн боловсролыг эрт эзэмшиж эхэлнэ."
Гэртээ зулзагуудынхаа нүдэнд гар утсаа бага маажих гэж хичээж л байна. Огт маажихгүй байна гэж байхгүй л дээ. Ямартай ч олон цагаар, удаан маажихгүй байх санаатай үзэж тарж л байна. Хаа нэгтээ нүдэнд харагдахгүй газар тавьчих чинь зүгээр юм билээ. Нүдэнд ил байвал гар өөрийн эрхгүй утас луугаа явчихна...
"Айл бүхэн давтагдашгүй боловсрол олгох орчин юм. Та хүүхдээ бусдаас онцгой байлгах гэж янз бүрийн давтлага, дугуйлан, сургалтаар хэт бүү ачаалаарай. Зарим цагийг гэртээ, гэр бүлээсээ суралцахад нь үлдээгээрэй. Тэгсэн цагт хүүхэд тань жинхнээсээ бусдаас онцгой нэгэн болж чадна."
За тэгээд гэрийн ажлын чухлыг ч өгүүлжээ. Хамгийн гол нь тухайн гэрийн ажил нь нэг их түүртэхээргүй, сэтгэл ханамж төрүүлдэг байвал сайн.
"Хүүхдийн нүдийг хар. Гялалзаж, гялтганаж байна уу? Тийм бол энэ хүүхэд маш сайхан амарч, хорвоогийн бүх юмыг сонирхож, ид хөгждөг дээрээ байна. Хэрэв нүд нь гялалзахаа больсон бол ачаалал нь хэтэрч амрах, нойр авах эсвэл гадаа тоглох шаардлагатай болжээ.
Хүүхэд гаднаа бараг ажил хийхгүй байгаа ч дотроо маш хурдацтай өсөж хөгжиж, энерги зарцуулж байдаг. Ийм учраас хүүхдэд өөрийн гэсэн цаг маш их хэрэгтэй. Энэ цаг дээр хүүхэд амарч болно, унтаж болно, тоглож болно, дуу хөгжим сонсож болно.Тэр хүүхэд зүгээр зөнгөөрөө байж болох цаг гэсэн үг."
Хүүхдийн мэдлийн цагийн тухай ингэж бичиж шүү. Зулзагуудаа хараад байхад яг л энэ дээрх шиг байдаг. Гэртээ гэрийн ажил тэр бүр хийхгүй. Харин онгод нь буувал ёстой сайн хийнэ. Бидний бохир завааныг гайхаж ирээд л. Хэ хэ.
Өдөрт сургууль дээрээ хамаг энергиэ зарцуулчихдаг. Гэртээ бол ёстой нэг зөнгөөрөө, залаад ирчихсэн бурхан мэт л байдаг даа.
Ээж нь нэг иймэрхүү зүйл хаа нэгтээгээс олоод уншчихдаг тул хүлээцтэй тайван хандахыг хичээж л байна. Түүнээс миний өөрийн өссөн цаг үе чинь огт өөр байлаа шүү дээ. Хэ хэ.
Энэ удаагийнхаа бичвэрийг үүгээр дуусгая.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年10月7日火曜日
Хүүхдээ ойлгох ном 3
Энэ удаад зөвхөн номноосоо түүж бичнэ. Хэ хэ. Хов живэнд дургүй хүмүүс СБА шүү. Хэ хэ.
"...харилцаж байх үедээ хүнийг дорд үзэхгүй, мэдэхгүй чадахгүйгээр нь шоолохгүй, өөлөхгүй, бас долигонохгүй, буруу зөвийг шүүхгүй, байцаахгүй, дарамтлахгүй, өөрийн бодлыг хэт тулгахгүй байхыг тэгш харилцаа гэдэг. тэгш харилцааны нууц нь харилцаж байгаа хүнээ сонсоход бэлэн байх, анхааралтай сонсох, асуулт хариулт, харилцан яриа нь нээлттэй байх явдал юм."
...тушааж, зааварлаж байхдаа ч хүүхэдтэйгээ зөв, бүрэн бүтэн ярь...
...та хүүхэдтэйгээ харилцахдаа маш тодорхой үгээр ярьж байгаарай...
...Хүүхдийн багадаа сурсан үг, багаасаа ярилцсан яриа түүний ирээдүйд өөр өөр боломж, үүд хаалгыг нээж байдаг...
"Бас тэгш харилцааны суурьтай хүүхэд өөрөөсөө ахмад хүмүүс буюу томчуудтай ярихдаа айдасгүй болсон байдаг тул сургуульд суралцах үедээ багшаасаа чөлөөтэй асуулт асууж, шинэ мэдлэг мэдээллийг түрүүлж олж чаддаг..."
"...хүүхэд хэдийчинээ эрх чөлөөтэй сонголттой байна, төдийчинээ өөрийн потенциалыг гаргаж чадах хувь хүн болно. Гэхдээ сонголт бий болгох явц удаан. Үүнийг хүүхэд өсгөх гэж нэрлэдэг."
"...Хүүхдийн гол хөгжил бусад хүүхэдтэй чөлөөтэй харилцах, тоглох, өөрийнхөөрөө цагийг өнгөрөөх үед явагдана."
"...Хүүхдийг гэртээ хөгжихөд нь тусалж, хүүхдийн хөгжилд хэрэгтэй үг яриагаар гэр бүлийн орчноо баялаг байлгаарай гэж захья."
"Хүүхдийнхээ төлөө сонирхолтой байгаарай. Бас хүүхдийн асууж буй зүйлд хариулт өгч байгаарай. Хариуг мэдэхгүй бол төвөг удлаа гэж унтраахын оронд "Би мэдэхгүй байна, чи судлаад хариу олбол надад хэлээрэй" гэж сониуч занг нь өдөөж болно."
"Хүүхэд бүр өөр өөрийн хөгжих эрх чөлөөтэй. Түүнийг бүү хайрцагла. гэр бүл, орон нутгийн орчин бол хүүхэд өөрийн гэсэн онцлогтой хөгжих "онцгой" байршил юм.
"Гэртээ эрүүл мэндийн гарын авлага, ном авч байнгын нэг байршилд байлгах хэрэгтэй."
"Эрүүл мэнд, орчны бохирдол, түүнээс гарах арга замыг байнга судалж бай."
"Нэг зүйл анхааруулахад, хүүхэд худал магтаалыг зөнгөөрөө мэдэрч эсэргүүцдэг. Хүүхдээ хэтрүүлж магтаж болохгүй. Долигоносон, аргадсан өнгөөр магтаалыг хэлж болохгүй. Матгаалийг хэт их сэтгэл хөдлөлгүйгээр, яг баримт дээр тулгуурлаж хэлж байгаарай..."
"...Магтаалыг цагийг нь олж, баримтад тулгуурлаж хэлэх ёстой бөгөөд магтаж байгаа зүйл нь яг таны ажиглаж олж харсан, аль эсвэл өөрийн тань үнэлэмжээр үнэ цэнтэй юм уу эсвэл магтууш тайчадвар шаардсан зүйл байх ёстой юм..."
"Хүүхдээ арав магтаж нэг шүүмжил. Хүүхэд шүүмжлэх эрхийг магтаж олж ав..."
"...Сургуульд сурч байх үед хүүхдийн тархи баясаж, сониуч зан нь дээд зэргээр идэвхжиж, тэр хэмжээгээрээ сургуульдаа явах дуртай болдог.
...Аав ээжүүд сургуулийг өөрчлөхөд асар их хувь нэмэр оруулж чадна. Багш нарт бэлэг өгөх нь сургууль өөрчлөх үйлдэл биш юм. Харин багш нартайгаа хамтарч хүүхдүүдийнхээ сурах орчныг сайн болгохын төлөө ажиллах нь олон хүүхдэд тусална. Хүүхэд аз жаргалтай, дарамтгүй орчинд хамгийн сайн сурдаг.
...Багшид хэт дааж давшгүй шаардлагыг сургууль ч, эцэг эхчүүд ч тавьж болохгүй..."
"...Үнэндээ багш нь стрессгүй, хүүхэд нь аз жаргалтайгаар сурч болох орчин байвал сургууль нь олон давхар байшин байна ууь ганц давхар байр байна уу, гэрт байна уу хамаагүй юм. Сайн сургуулийг төгссөн хүүхдүүдээр нь хэмждэг..."
Дөнгөж эхний 50 хуудсанд иймэрхүү гол санаанууд бичигдсэн байна. Дэлгэрэнгүй уншмаар байвал худалдаад авчихаарай. Түшигийн номноос дээр байж магад шүү. Ха ха.
Мөн эцэг эхийн сургууль дээрх оролцооны талаар ёстой чиг хэрэгжүүлмээр, бүр хэрэгжүүл гэж тушаамаар санаа байсныг бичээд энэ удаагийнхаа бичвэрийг дуусгая.
"Сургууль, ангийн номын санд жил бүр ном бүрдүүлэлт хийх. Book drive буюу ном цуглуулах ажлууд хуваарийн дагуу явагдах."
Гэж бичээд 7 зүйлийг дэлгэрүүлж санал болгосон байсан. Японы бага, дунд, ахлах, их сургуулиудад хийгддэг аргачлал ч байсан. Жишээ нь бага ангийнханд эцэг эхийн сайн дурын гишүүд сургууль дээр нь очиж ном уншиж өгдөг. Би нэг хэсэг уншиж байгаад, больсон.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年10月6日月曜日
Хүүхдээ ойлгох ном 2
9 сарын сүүлийн өдөр уншиж дуусгав. 9 сард маш цөөхөн ном уншлаа. Угтаа 5-6н ном уншина гэж төлөвлөж байсан хэдий ч, яагаад ч юм амжсангүй. Яагаад гэдгээ сайн мэдэхгүй ч цаг төлөвлөлтөө л буруу хийсэн байх даа, тийм ээ?
Хүн бүрт 24 цаг бий. Түүнийгээ хэрхэн ашиглах нь бидний сонголт...
Ц.Оюунгэрэл нь өнөө цагийн сэхээтэн бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн юм гэж дахин бодлоо. Дахин гэдэг нь угаасаа би хүндэлдэг. Эмэгтэй хүмүүсийг дээшээ ахицтай, амжилттай явахад нийгэм даяараа тийм ч дуртай биш ханддаг. Мөн элдвээр хэлдэг. Заримдаа ч маш бүдүүлгээр доромжилсон байдаг.
Тиймэрхүү зүйлийг унших бүртээ хүмүүсийн ухамсар ямар дор, ямар муухай байгааг мэдэрдэг.
Өөрсдөө үр хүүхэдтэй байж л адилхан бүсгүй хүнийг асар бүдүүлгээр доромжилсон байдаг нь заримдаа ч өмнөөс нь хэрэлдмээр санагддаг. Жишээ нь "та нарын охид ч хэн нэгний б..выг хөхөж байгаа шүү дээ, ирээдүйд хөхнө шүү дээ" гээд биччихмээр санагддаг. Ха ха.
Тэгээд ч хүн хэлснээ гүйцдэг гэдэг дээ...
Яагаад? Гадаад хүнтэй суусан эрчүүдээ элдвээр хэлдэггүй юм бол? Яагаад? Яагаад? гэж боддог. Жишээ нь чухам энд үндэсний бөхийнх нь аварга болчихсон, япон эхнэртэй тэр монгол эрээ элдвээр хэлдэггүй, доромжилж бичдэггүй юм бол? Эрэгтэй болохоор нь л тэр үү? Мөнгөтэй болохоор нь тэр үү? Хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэж үг байдгийг мэдэхүү?
Тэр аварга нь бас л аймар аймар паян ихтэй, нэлээд гаж донтой байж мэдэхээрм л юмс сонсогддог. Түүнийг нь сонссон ч сонсоогүй царайлаад, өмөөрөөд явдаг юм билээ. Нүдэн балай чихэн дүлий царайлаад л...
Мөн ярилцлагууд нь ч өгөөжтэй. Би оролцсон подкастуудыг нь сонссон. Огт эргэлзэлгүй сонсдог. Улс төрийн чанартай яриаг нь бол нэг их сонирхдоггүй. Учир нь би өөрөө улс төрд сонирхол бага.
Улс төрд байхдаа юу хийсэн юм? гэж хүмүүс бас их асуудаг, доромжилж бичдэг юм билээ. Овоо дэмжээд байсан хүмүүс ч улс төрд орохоороо сонин сонин зүйл яриад л явдаг. Эргэн тойрон, хажуу хавирга, сонгогдсон тойргийнх нь иргэдийн ухамсар, мэдлэг нь тийм сонин зүйл гаргахыг "шаарддаг", "хүсдэг", "аргагүй байдалд оруулдаг" байх гэж бодоод байгаа. Ха ха.
Хамгийн гоё нь энэ бүсгүй маш ухаалгаар тэр бүдүүлгүүдтэй "байлддаг". Уншаад заримдаа болж муусайн юмнуудыг гэж бодно. Заримдаа писхийтэл инээх ч үе бий. Хо хо.
За үндсэн сэдэвтээ орох минь.
Хүүхдийн хүмүүжлийн тухай үнэхээрийн авууштай, мэдүүштэй зүйлийг бичжээ. Гол нь монгол ээжийн бичсэн ном. Монгол ахуй соёлд нийцсэн, монгол соёлд нэвтрүүлж болохуйц, мөн өвөг дээдсийн минь хүмүүжүүлэх арга зэргээс танилцуулсанд байлаа.
Өнөө цагийн монгол ээжүүд минь аваад уншчихсан байхад үнэхээрийн санаа болохуйц ном шүү гэж хэлмээр байна өө. Би монголдоо байсан бол шууд л зулзагуудаа аваад малчин айлд очмоор л байна шүү.
Мөн үнэхээрийн онц сурглагатан, судлаач, нөлөөлөгч, хайгуулчин, чадалтай ээж юм аа гэж бахархав. Суралцах юмсан...
Өнөө цагийн, ирээдүй цагийн ээж аавууд бид сониуч зантай, хайгуулчин, найз нөхөд, дөмөг түшиг болж чадахуйц гээд олон чадрыг эзэмшсэн байх ётсой юм байна гэж дахин ухаарах шиг.
Авууштай, хэрэгжүүлбэл зүгээр санаа оноог нь дараагийнхаа бичвэрээр бичье дөө. Энэ удаад "зохиолч" бүсгүйг өмөөрсөн, өмгөөлсөн, бахархсан, хүндэлсэн агуулга бүхий болчихлоо. Урт ч зүйл бичээд баахан бурчихлаа байна. Хаа хамаагүй мөрөөрөө яваа хүн мүнийг оролцуулаад. Хо хо.
Урт зүйлийг хүмүүс уншихаа байсан гэж сонсоод, уншаад буй тул ингээд өндөрлөх үү дээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年9月20日土曜日
Хүүхдээ ойлгох ном
Хүүхдээ ойлгодоггүй үе гарна гарна. Заримдаа ч зулзагууд минь ээ, ээжийгээ ойлго гээд загнах үе ч бий.
Нэг айлын хүүхдүүд байж тус тусдаа өөр өөр, бие даасан, өөрийн гэсэн бодолтой зан ааштай тул бас яг нэг л аргаар хүмүүжүүлнэ гэж байхгүй, тийм ээ?
Хүүхэд хүмүүжүүлэх тухай гадны ном их уншдаг би энэ удаад монгол хүний бичсэн номыг уншихаар болсон. Би ч гэждээ, номын клубын гишүүдийн минь сонголт.
Би ч ном сонгоход нь нэг их оролцдоггүй юм. Учир нь манайхан чинь бүгд аварга уншигч, ихэнх номыг уншчихсан, энэ сайн, энэ дажгүй, энэ сонирхолтой, энэ өгөөжтэй гэж мэддэг хүмүүс байдаг. Сонгосон сонголтууд нь надад лав таалагддаг.
Цэдэвдамбын Оюунгэрэл. "Хүүхдээ ойлгох ном".Улс төрд байхдаа мэдээж алдаа оноо байсан л биз? Харин ч дийлэнх гишүүдийг бодвол хаа очиж хулгай хийгээгүй байх гэж найддаг.
Хоёр хүүхдийнх нь хүмүүжлийг хараад их "зөв ээж" гэж үнэлдэг.
Энэ номоо уншихдаа сонин би араас уншаад өө. Арын хэдэн хуудсанд хүүхдүүдээсээ асуусан асуултууд байсан юм. Номоо эргүүлж тойруулж үзэхдээ түрүүлээд олж харчихаад, сонирхолтой санагдаад уншчихсан.
Бэрийх нь нэрийг, хүргэнийх нь нэрийг мэдэж авав, хамгийн түрүүнд. Хэ хэ. Би ч угаасаа Идэр-Одыг "крашладаг" л даа. Залуусыг хэл устай болоод, дэлхийн мэдээллийг гадаад хэлээр олж аваад, дэлхийн залуустай хөл нийлүүлж алхаачээ гэж уриалдагт нь дуртай.
Гэм нь би л өөрөө хальт мулт сурсан япон хэлэндээ ханаж цадчихаад байгаа болохоос. Нэг хэсэг англи хэлийг ёстой чиг сураад өгдөг баатар болсон байхгүй ээ, монголын хууль гурав хоног болчихсон. Яалтай...
Ер нь их сүрхий хүүхдүүд байна шүү, тэр хариултуудаас нь харахад. Мэдээж багаасаа гадаад дотоодод суралцаад, надаас илүү боломжтой байсан ч ерөнхий хандлага нь их зөв юм аа.
Хүүхдүүдээ хөдөө аваачиж, амраадаг, хэсэг хугацаанд өвөөтэй нь хамт амьдруулсан зэрэг нь бас их сайнаар нөлөөлсөн юм байна. Би боддог юм, хөдөө очиж амардаг, ганц нэг жил хөдөө амьдарсан бол ч өдийд гэдэс мэдэс арилгаад сурчихсан, үнээ ямаа саагаад сурчихсан, энд аягүй л бол өрхийн фермер ажиллуулчихсан явж байх магадлал өндөр шүү гэж. Ха ха.
Монгол хэл усны минь чадал чансаа ч арай дөмөг байх байсан болов уу? гэж боддогдоно. Үнэн голоосоо ингэж боддог шүү.
Идэр-Одын хариултууд их час хийсэн, илэн далангүй байлаа. 10 жилд байхдаа хөөрхөн охидтой үерхдэг байсан гэж байна шүү. Мөн их уншдаг хүүхэд байж.
Комеди нь сонсууштай, хараал ерөөл хэлдэггүй тийм ээ? Монгол залуусын таван үг хэлэхдээ заавал нэг хараал хавчуулдагт нь дургүй гэж юүхэв. Үүнийгээ засмаар санагддаг даа. Идэр-Одоос суралц та нар. Хи хи.
За үргэлжлэлийг дараа бичье. Тэгээд ч уншиж дуусгаагүй байгаа юм аа. Энэ 9 дүгээр сард цөөхөн ном уншиж байна өө. Амралтын өдрүүдээр хувийн ажил ихтэй байсан гэж шалтаг тоочихоос дөө. Хэ хэ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



















