2024年5月18日土曜日

Хүүхдийн хүмүүжил 2

Нэг бүрчлэн л бичмээр санагдах, хажуугаар нь залхуу хүрэх. Онгод минь бууж ирээрэй. Заримдаа ч зүгээр л уншаад, уншаад, дуусахаар нь дараагийн номоо эхлүүлээд л явчихмаар байдаг. 

Тэгэхээр энэ хүмүүсийн уншсан номынхоо тухай бичсэн тэмдэглэлийг уншихаар, дотроос нэг хүн "бич, бич, бичээч ээ" гэж хатгаад, өдөөд байх юм гэхгүй юу? Хи хи. 

За юун дээр зогслоо? 

2. Хүүхэдтэйгээ өдөр тутамдаа маш энгийн зүйлээр ярилцдаг байх. Ингэж чадвал хоорондын итгэлцэл аяндаа л бий болно. 

Миний хувьд хүүхэд бага байхад бол үүн шиг амархан зүйл алга дөө. Томроод ирэхээр, шилжилтийн насанд бол нэлээд төвөгтэй асуудал болж ирнэ. За энэ хэсгийг даваад гарчихвал бас ч гэж гайгүй. 

Одоо дунд зулзага яг шилжилтийн нас нь ирчихэж. Хаяанд биш бүр тулж ирээд, хаалга тогшоод ороод ирсэн. Ядардаг байх, нэг л их ууртай, хэг ёг гэсэн охин байна энд. 

Өөрт нь таалагддаг юм, амттайхан идэх юм гэх мэт байвал ааш гэж хайлсан тугалга шиг. Өөрийн дургүй, өөрт таалагдахгүй юм бол за тэгээд хамарт нь баас наачихсан аятай л байна шүү дээ. 

Ингэхэд уншигч олны өсвөр насны, шилжилтийн насны зулзагууд хэр ааш гаргаж байна даа? Туршлага судлах юмсан. Ганцхан манайд ийм байвал ч ээж миний арга барил, хатан ижий ухаан энэ тэрд асуудал байна тийм үү?

О.зулзага бас иймэрхүү зан ааш, авир гаргаж л байсан байх даа? Блогтоо бичиж байлуу? Олж унших хэрэг гарах нь...

3. Хүүхдийнхөө өнгөрсөнд инээмсэглэлийг хангалттай дүүрэн үлдээх. Өөрийн эрхгүй инээмсэглэн дурсахаар дурсамжийг ихээр үлдээх юм болов уу даа. 

Би ингэж чадаж буй билүү? Аз жаргалтай дурсамж гэж яг юуг хэлэх үү? Ойрд зулзагуудаа, ялангуяа шилжилтийн насандаа яваа зулзагаа дагуулан орж гарч чадахгүй л байна. Тэгэхээр бага сургуульд байхад нь сайн дагуулж ийш тийш явах хэрэгтэй шүү. 

4. Хүүхэд тань инээж байвал амар амгалан байна аа л гэсэн үг. 

Нээрээ л хүүхэд багадаа их инээнэ. Томрох тусам хэр баргийн зүйлд инээхээ байчихдаг шиг. Найз нөхөдтэйгөө байхдаа бол инээдэг байх. Гэртээ бол багынх шигээ инээх тоо нь цөөрсөн байна шүү. 

Яавал инээдийнх нь тоог гэртээ нэмэх вэ? Бодолцоно оо. Огт инээхгүй бол биш шүү. Намайг аашлаад, огт инээлгэдэггүй, токсик ээж гээд ойлгочихов доо. Хо хо. Гэхдээ токсик ээж талдаа байх шүү. Энэ тухай номыг бид ирэх жил уншихаар сонгосон байгаа юмсан, наана нь унших хэрэг гарч магад шүү, энэ янзаараа ч...

5. Хүүхдэд тань хэрэгтэй зүйл бол дэмжих биш хүлээн зөвшөөрөх явдал. Эцэг эхчүүд хүүхдээ дэмжиж байна гээд илүү их хичээхийг шаардаад байдаг. Үгээрээ хэлэхгүй ч үйлдэл нь тэгж шаардаад байдаг. 

Түүнийхээ оронд хүүхдийнхээ яг одоо цагт хичээж байгаа зүтгэлийг нь үнэлэх, хүлээн зөвшөөрөх. 

6. Бусад хүүхэдтэй харьцуулахгүй байх. Бусад хүүхдийг мундаг гэж хэлэхгүй байх. Өөрийн хүүхдийнхээ өнгөрсөн болон одоог харьцуулж хэлж ярих. Өмнө нь чаддаггүй байсан зүйлээ одоо чаддаг болсон байна шүү дээ гэж хэлж ярьж, магтах. 

7. Зүгээр л, зүгээрээ гэж хэлсэн мөртлөө танд ямар нэгэн байдлаар хандах. Үүний цаана "зүгээргүй шүү, ямар нэгэн зөвлөлдөх зүйл байна шүү, таны туслалцээ хэрэгтэй байна шүү, таны дэргэд тантай хамт баймаар байна шүү" гэсэн дохиолол нуугдаж байдаг. 

8. Хүүхдийнхээ нүдний өмнөх амжилтыг бус дараа дараагийн амжилтыг нь хүлээгээд байгаа юм биш биз? Энэ бол бидний гэм биш зан болчих гээд байдаг. Хэрэв иймэрхүү зүйл ажиглагдвал өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг одооных нь амжилт, өсөлтийг харж бахархах, хүлээн зөвшөөрөх. 

9. Хүүхдэдээ зугтаах (хойшуулах) зам, завсарлах газрыг олгож өгөх. Хүүхэд өөрийн ядарсныг, амралт хэрэгтэй байгаагаа тэр бүр мэддэггүй. Ядарсан бол унтаж амрах, түр хойшлуулах хэрэгтэй гэж хэлж ойлгуулах. 

Хэт хичээж өөрийгөө зовоохгүй байх гэдгийг ойлгуулах. 

10. Хүүхдээ хүндлэх хүндлэл үгүй бол тоглоом дууслаа л гэсэн үг. Энэ нь хүүхдээ үл хүндэтгэх аваас захиргаадсан, тушаасан, хүч хэрэглэсэн хандлага ихсэн, хүүхэд та хоёрын харилцаанд ан цав үүснэ. 

Хэдийгээр таны хүүхэд ч гэсэн хүн гэдэг үүднээс хандаж, хүндлэн харьцах. 

Өнөөдөртөө ингээд дуусгая. Энгийн юм шиг мөртлөө, бас өөртөө үе үе сануулж байх хэрэгтэй гэж үзсэнээ түүж бичлээ. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.  

2024年5月17日金曜日

Ээжийн өдөр

Сая өнгөрдөг бүтэн сайнд энд "Ээжийн өдөр" болоод өнгөрөв. Ямар ч бэлэг авахуулаагүй, бороотой өдөр таараад гадагшаа ч гараагүй. 

Харин музей үзсэн. Хүн 2 ширхэг тасалбар өгсөн юм. Сүүлийнх нь өдөр байсан тул бороотой ч гэсэн гарч үзэв. Бага зулзагад агуулга нь жаахан ахдаад, залхуу нь хүрээд байснаа, сүүл хэсэгт бага зэрэг нүд нь сэргэсэн. Хэ хэ. 

Үхрийн элэг шаруулж идсэн. Би бага зэрэг ханиад хүрээд, нэг л сонин санагдаад, хөдөлмөөргүй болоод, хэвтээд л байсан. Баярын өдөр шүү гэж байгаад гэрийнхээ харчуулыг зарсан. 

Хань ижилдээ хошуугаа унжуулж байгаад гарынх н хоол буюу энэхүү үхрийн элгийг шаруулж идсэн. Хэ хэ. 

Гэснээс сармисанд дуртай юу? Би түүхийгээр нь ч идэж чадна. Ха ха. 

Хааяадаа бас ингээд өөх идчихдэг шүү. Монголд нэг очихоороо сэмжинд нь ороож чанасан элэг иднэ гэж мөрөөдөж байгаа шүү. Өнгөрдөг жил яалаа? Идсэн идсэн. Авга эгч маань гараа гаргаж шарж өгсөн шүү дээ. Баярлалаа. 

Зээ, баярын өдөр цэцэг, бренд гэлгүй ингэсгээд "эгэлхэн" тэмдэглэчихдэг бүсгүйчүүд байвал бахархалтайгаар шэйр хий гэж мэгээд л. Хо хо. 

Бүгдэд нь амжилт хүсье өө. Түр баяртай. 

2024年5月16日木曜日

Олоогүй ээ

Зээ, би түрийвчээ олоогүй ээ. Хайр зарласан цагдаагийн газраас утасдсангүй. Хи хи, олдохоосоо өнгөрсөн биз?

Бэлэн мөнгөгүй байсан, баахан каартнууд байсан гэсэн дээ. Жолооны үнэмлэхээ авчихсан гэж бичсэн дээ. 

Саяхан гадаад иргэний үнэмлэхээ бас очиж авлаа. 100 хэдэн км зайд байрладаг Ёнаго Китаро нисэх онгоцны буудалд байрладаг юм. Алтан 7 хоног дуусаад л нөгөөдөр нь явлаа. Учир нь энэ үнэмлэхээ алдсан бол 14 хоногийн дотор дахин гаргуулах ёстой гэнэ шүү.

Утасдаж лавласан нь болж. Гэнэт л нээрээ юу билээ? Хугацаа заачихдаг тал бий шүү гээд л зөв сонин татаад байсан юм. Тэгсэн өөдөөс 14 хоногийн дотор шүү дээ гэж байна шүү. 

Амралт өнгөрөөгөөд очно оо л гэлээ. Харьцангуй ааш сайтай хүн таараад, за тэг дээ, аль болох хурдан ирэхийг бодоорой л гэж байна лээ. 

 
Энэ гайхлын нэрийг Китаро гэдэг. Гэ гэ гэгэ но Китаро гээд дуу ч бий. Нутгаасаа төрөн гарсан манга зохиолчийнхоо алдартай бүтээлийн гол баатраар нэрлэчихсэн. Мизүки Шигэрү гээд хайгаад үзнэ биз дээ? 
 
Явсан ажил бүтэмжтэй бүтэмжтэй. Олон асуулт асуусангүй, харин түрийвч чинь олдоод хуучин үнэмлэх чинь гараад ирвэл дахин ирж, хуучин үнэмлэхээ цоолуулаарай гэсэн. 
 
Олдсон ч очихгүй гэж бодож байгаа. Ажлаа алдаад хэн дахин ирдэг юм. Ха ха. Эсрэгээрээ битгий олдоосой гэж залбираад байгаа юм биш үү? Ккк.

Ажлаасаа нэг өдрийн чөлөө аваад явсныг эс тооцвол бусдаар гайгүй, торгууль энэ тэр гэж төлөөгүй. Нэг хуучин цээж зураг олоод аваад явсан чинь хуучных энэ тэр бас шалтаг хэлэлгүй хүлээгээд л авчихна лээ.

За тэгээд, элдэв үнэмлэх, бичиг цаас гээх чинь л ажил уддаг юм байна. Мөнгө бол яахав, ээ халаг гээд л өнгөрнө. 

Гэснээс кредит каарт маань алтан 7 хоног эхлэхийн өмнөхөн хүрээд ирсэн, шуудангаар. Их тооцоотой байгаа биз? Амралтын өдрөөр орж гарахаараа мэдээж хэрэглэхийг бодно шүү дээ, цаад газар нь ч каартаа ашиглуулахыг бодно. Хо хо. 

Каартаа ашигласан ашиглдасан. Холоос найзууд зорьж ирснийг ч хэлэх үү? Каартыг бол уншуулаад уншуулаад явчихсан. Одоо ирэх сарын төлбөрийн тооцоо л айлгаж байна даа. Хи хи

Ядаж байхад энэ 5 сард чинь их олон юмны төлбөрийн хуудас ирдэг сар. Манайх 4 машины татвар төлнө. Ооё, дөрвийн дөрөв шүү. Энд бас сондгой тэгш гэж хязгаарладаг болохоор олон унаатай болчихсон юм аа гэж худлаа ярихгүй юу. Ха ха. 

Хань ижлийн насаараа мөрөөдсөн мотоцикль нь бас хөөрхөн татвар төлдөг юм билээ. Гэхдээ хамгийн хямдхан нь өө, хөөрхий...

Амьдрал баян, энэ мэт азгүйтэл байх л асуудал тийм ээ? Хүний л амьдрал...

Түр баяртай. Эд юмсаа гээж болохгүй шүү, дахин сануулав.

2024年5月15日水曜日

Хүүхдийн хүмүүжил

Өдөрт цайныхаа цагаар орж суудаг нэгэн жижигхэн газар байдаг юм. Үнэгүй кофегоор дайлна, гол нь нам гүм. Хааяадаа хүмүүс цуглаад, яриа хийгээд байдгийг эс тооцвол тун аятайхан газар. 

Тэнд бас номтой. Хүний эрхийн талаарх голцуу номнууд. Би хүүхдийн хүмүүжлийн тухай номыг нь зээлж уншаад байгаа. Энэний өмнөх хүүхдийн хүмүүжлийн тухай номыг бас эндээс зээлж аваад удаан уншсан. 

Дунд нь хугацаа нь хэтэрчихээр нь байнгын үйлчлүүлэгч гэдэг утгаараа давуу эрх эдлээд сунгачихна. Хэ хэ. 

Энэ удаагийнх бас хөөрхөн агуулгатай. Үг үсэг нь амархан, ханзнууд нь ч гэсэн мэдэхгүй ханз ховор. 

Миний хэл ус сайжраад байна уу? Эсвэл угаасаа хэцүү ханз хэрэглээгүй ном байв уу? За за миний хэл ус сайжирсан байх аа, тийм ээ? Хориод жил л энэ хэлээр уншлаа даг, сайжрахгүй бол алдас болно биз дээ, энэ чинь одоо. Ха ха. 

Гэхдээ "гавал гавал" хүмүүсийн дэргэд ч ичмээр л золиг л доо. Тэд нар л битгий уншаасай, миний энэ бичвэрийг. Хи хи. 

Агуулгаас нь хөөрхөн санагдсаныгаа бичиж үлдээлээ. Өөрт минь ч, та нарт ч санаа оноо өгч магад. 

Номын нэр "Хүүхдийн шархлахдаа амархан зүрх сэтгэлийг хамгаалах арга". Зохиогч нь Кодо кан. 

Кодо сувилагч гэх юм уу нэг бол. Бичгийн нэр нь. Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Хайж үзнэ ээ. 

Олон жил хүүхдийн сэтгэлзүйтэй тулж ажилласан хүн гэнэ. Ялангуяа хүүхдийн шилжилтийн насанд тохиолддог сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүдтэй ажилласан шиг байна. 

Тэрхүү олон жилийнхээ туршлагыг ном болгон бичсэн, мөн ютүб суваг ажиллуулдаг юм байна. Цаг зав гарвал сонсож үзэхийг хичээнэ ээ. 

1. Хүүхэдтэй харьцах нууц үг:  "ОСҮШИСАИКООЁ". Япон үгнийх нь товчлол шүү. 

О: Айлгахгүй байх. Энэ гарчгийг уншаад шууд өөрийгөө олж харсан. Учир нь би байнга бага зулзагадаа хэлдэг байсан. "Хоолоо идэхгүй бол тоглохгүй шүү", "үгэнд орохгүй бол мээмээ бариулахгүй шүү" гэх мэт. Бүр өдөр бүр ингэж хэлдэг байсан бол яах вэ? 

Бага багаар дээрх айлган сүрдүүлэх үг хэллэгээ болих гэж үзэж тарж л байна. Заримдаа ч хэлчихсэн л байдаг. Хэлснийхээ дараагаар гэнэт санан, гэмшинэ ээ. 

СҮ: Шууд л зөвлөгөө өгөхгүй байх. Хүүхэд чинь ямар нэгэн зүйл оролдоод, хийгээд сууж байвал томчууд бид хажуунаас нь ингэвэл дээр, тэгвэл дээр гэж хэлж зөвлөх гээд байдаг. Үүнийгээ түр орхиод, хүүхэд өөрөө гол дүрд тоглох нэг боломж гэж харвал зүгээр шүү гэнэ ээ. 

ШИ: Үглэхгүй байх. Мэдээж осолтой үйлдэл хийвэл загнана. Гэхдээ үргэлжлүүлээд л яншаад, үглээд байхгүй байх. Урд нь ч ийм үйлдэл гаргаа биз дээ? Хэд хэлүүлэх юм? гэдэг ч юм уу, энэхүү үглээгээ зогсоох. Тэгэхгүй бол хүүхэд айдаст автаад, эцэс сүүлдээ том хүний үгийг сонсохоо больчихдог. 

СА: Яриаг нь дуустал нь сонсох. Хүүхдээ ярьж байхад дуустал нь сонсолгүй, дундуур нь орох, өөрийн зүгээс буюу том хүний өнцгөөс үнэлэлт өгөх нь туйлын буруу. Хүүхэд томчуудыг "хүүхэд бидний хэлж ярихыг сонсдоггүй, өөрнийхөө бодлыг тулгаад байна гээд бодчихдог. 

И: Хүслийг нь дорд үзэхгүй байх. Хүүхдийнхээ "гэнэн цайлган, байгаагаар нь" хэлсэн хүсэл мөрөөдлийг шоолохгүй байх, доош нь хийхгүй байх. Хүүхэд бодсон санаснаа чөлөөтэй хэлдэг орчинг бүрдүүлэх. Тэртэй тэргүй хүүхдийн хүсэл мөрөөдөл өөрчлөгдөж байдаг. 

КО: Хүүхдийнхээ хэрэглэдэг үг хэллэгийг хэрэглэж ярих. Томчуудын нийгэмд өдөр тутамдаа хэрэглэдэг үг хэллэг нь хүүхдэд бага зэрэг ойлгомжгүй байдаг. Тиймээс хүүхдүүд ямар үг хэрэглэн ярьж байна, хүүхдэд ойлгогдохоор үг хэллэг хэрэглэж ярих. 

Ү: (О) Хардаж сэрдэлгүйгээр, итгээд үзэх. Жишээ нь хүүхэд тань тоглож дуусаад усанд орно гэсэн бол түүнд нь итгэх. Яахав заримдаа хэлсэн үгэндээ хүрэлгүй худлаа хэлсэн байж магад. Тэр болгонд нь хардаад, сэрдээд байх хэрэггүй. Хүүхэд өөрийг нь хардахад маш их эгдүүцдэг зантай. 

КА: Сэтгэлийн хөөрлийг нь үгүйсгэхгүй байх. Иймхэн зүйлд уйлаад байхдаа яадаг юм, тиймхэн зүйлд гутраад яахав дээ гэх мэтээр сэтгэлийн хөдлөлийг нь үгүйсгээд байвал ирээдүйд өөрийн сэтгэл хөдлөлөө дарчихдаг болно. Тухайн хүүхдийн өөрийгөө илэрхийлж бүй илэрхийлэл, сэтгэлийн хөдлөлийг хүндэтгэн хүлээж авах нь чухал. 

Ё: Шаардлагагүй, хэрэгцээгүй зүйл хэлэхгүй байх. "Хэлээ биз дээ? Эртхэн хэлэхгүй яасан юм бэ?" гэх мэт онцын шаардлагагүй зүйлийг хэлэхгүй байх нь зүгээр. Мэдээж хүүхдэдээ санаа зовоод, хүүхдээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа болохоор л амнаас гарчихдаг үг. 

Гэхдээ энэ нь хүүхдийн үзүүлээд өгнө дөө, хийнэ дээ, хичээнэ дээ гэсэн эрмэлзлэлийг унтраачихдаг сул талтай. 

Нэг иймэрхүү. 1-70 хүртэлх жижигхэн гарчигтай. Би дөнгөж нэг дэх гарчгийг л бичлээ. Мэдээж бүгдийг бол бичихгүй нь ойлгомжтой. Аятайхан юм болов уу гэснээ түүж бичнэ шүү. 

Зулзагатай ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай. 

2024年5月6日月曜日

Шар шувуу

Японд шар шувууг бэлгэ дэмбэрэлтэй гэж үздэг. Учир нь нүд болон чих нь маш соргог, ямарваа нэгэн бизнес, худалдаа, боломжийг алдалгүй олж хардаг, олж сонсдог гэж үзэн дээдэлдэг. 

Шар шувууны зураг, дүрстэй зүйлс их зардаг. Бүр амттанг хүртэл ингээд шар шувуутай хийчихэж байна шүү. 
Үүнийг авч идэв. Хөөрхөн байгаа биз? Нэгэн бүсгүйтэй булагнаад. Иймэрхүү төрлийн амттанд дуртай дуртай.

Бас нэгэн ийм төрлийн бэлэгшээдэг амьтан бий. Тэр нь "муур". Баруун урд хөлөө өргөсөн нь алт мөнгө, зүүн урд хөлөө өргөсөн нь хүн, зочин дууддаг гэж үздэг. 

Дараа зураг оруулна, мартахгүй бол. Та бүхэн "манэки нэко" гэж англиар ч юм уу бичээд хайвал гараад ирнэ дөө, миний зураг оруулахыг хүлээлгүй. 

Манайд ийм төрлийн амьтан чинь юу билээ? Могой, чоно, буга гээд цааш нь санадаггүй ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年5月5日日曜日

Зайрмаг

Угтаа би амттангаа хасаж байгаа. Энэ өгүүлбэрийг байнга л хэлж бичдэг ч миний эргэн тойрныхонд нэг их хамаатай биш байна өө. Ха ха. 

Шагж Гэлэн гэдэг хүний бичсэнчлэн "мариалаг эхнэртэй байхын давуу тал" гэж ирээд л бичсэнтэй агаар нэг болчихлоо шүү. 

Гэхдээ хань ижил жингээ хас, хөвсгөр байна, бүдүүн байна гэж хэлээд л байгаа. Би өөдөөс нь сөрсөн базааг бол сайн хийнэ. Хо хо. 
Зайрмагт дуртай улсууд байна шүү. Аавдаа эрхлэлдээд, гарахдаа зайрмаг гэсэн жаалууд. Би болохоор жингээ хасах гэсэн туйлын зорилготой тул яг өөртөө авахгүй, бусдынхаас амсдаг болсон, хорхойгоо дарж.
Охид их хөөрхөн, ягаан өнгөнд дуртай тийм ээ. Гүзээлзгэнэтэй. Тэгснээ бүгдийг нь идэхгүй, дундаас нь цадчихлаа гээд үлдээчихдэг тийм ээ. 
Алтан долооо хоногийн эхний өдөр. Шиманэ мужийн Санбэ хэмээх дархан цаазат уул. Бэлд нь бяцхан кафе бий, өдрийн хоол, энэ мэт амттан зарна. Бид олон жаалуудыг баясгах зорилготойгоор зайрмаг авч өгсөн. 

Мэдээж жаалууд тун сэтгэл хангалуун, хамгийн сүүлд зайрмгаа авсан нь хамгийн түрүүнд идэж, бид өхөөрдөж баахан инээв. 

Гэснээс энд алтан долоо хоног болоод, би маш их ууж, маш идэж өнгөрөөж байна. Сонирхолтой, зугаатай өнгөрөөв. 

Бага багаар тайлан зургаа орууламз. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.