2026年10月31日土曜日

Киви жимсний өвөг эцэг?

Хань ижил өнгөрдөг 7 хоногт уулынхаа өвөө эмээ дээр очоод өө. Хамт явах гэсэн чинь зулзагуудын ажил алба, айлчин гийчин, хорооныхны хурал цуглаан гээд төрд хэрэгтэй зайран гэгч байсан тул явж чадсангүй ээ. 

Хамт явмаар л байсан гэж хошуугаа унжуулж үлдсэн. Наанаа тэгж эрхэлсэн ч цаанаа бол нөхрийн хоол унд гэхгүй, зулзагуудыг хөнгөн хооллоод номоо унших минь гээд бас төлөвлөөстэй. Ха ха. 

Нэг л хоноод арагшаа яараад ирэхдээ тэвэр дүүрэн хүнсний ногоотой ирсэн. Хо хо. Хүнсний ногооноос эхлээд бүхий л зүйл үнэ нь нэмэгдэж буй болохоор би ч баяртай байлаа. 
Үүнийг өгч явуулсан байсан. Японоороо "сарүнаши". Англиар "hardy kiwi" гэдэг гэнэ. Монголоор хэлж мэдэхгүй ээ. Хайх гэснээ залхуу хүрэв. 

Та нар минь өөрсдөө чаатжипитигээсээ асуучихна биз дээ? Гэснээс би энэхүү чаатжипити гэгчийг сайн ашиглаж мэдэхгүй л байна.

Ажил дээр ашиглаж болно гээд тусгай нууц үгтэй линк өгсөн. Одоогоор яг юунд ашиглахаа сайн мэдэхгүй. Ганц нэг зүйлийг ойлгохгүй үедээ асууж үзсэн. Технологийн дэвшлээс нэг их хоцролгүй мөрийг нь хөөгөөд явах юм сан даа. 

Нээрээ энэ жимс маань киви жимсний өвөг эцэг байх. Амт бол яг л киви жимс байсан. 

Энэ олон тарьмал жимснүүд чинь анхандаа дэлхийн хаа нэгтээ дандаа л зэрлэгээрээ ургаж байдаг жимснүүд юм билээ. Саяхан л мэдэж авлаа. Хэ хэ. 

Хүйтрээд, бороотой өдрүүд үргэлжлээд, банштай цай уумаар л санагдаад өө. 

Түр баяртай. БҮгдэд нь амжилт хүсье. 

2026年10月30日金曜日

Өвгөн тэнгис хоёр 2

Хөөрхөн жижигхэн номоо хураах гэсэн чинь яагаад ч юм, хураамааргүй санагдаад. Сантьяго өвөөтөйгөө хэд хоног хамт баймаар санагдаад болдоггүй ээ. 

Хязгааргүй гүн хөх далайд асар том марлин загастай "өрсөлдөж" явах үеийнх нь яриа, эргэцүүлэл нь сэтгэлд нэгийг бодогдуулаад өө. 

Үхэж ч магадгүй гэдгээ мэдсээр байж, ажилдаа үнэнч байгаа нь, зорилгоосоо ухрахгүй, шантрахгүй байгаа нь сэтгэл хөдөлгөсөн юм болов уу? 

Эсвэл яагаад ч юм хөгшин буурал аавыгаа санаад ч тэр юм болов уу? Энэ зун ижий аавтайгаа төрсөн нутгаар нь зугаалсан дурсамж минь нүдний өмнүүр жирэлзээд л...

Ер нь насны намар хаяанд ирээд ихэд уяхан болж буй мэт. Буурлуудыгаа харахаар, бодохоор л хамрын самсаа шархирах гэдэг болжээ. 

Өвгөний далай тэнгист загастай тэмцэлдсэн өдрүүд 3 хоног. Гуравхан хоног гэж бодож магад ч. 3 сар, бүр 3 жил тэмцэлдсэн ч юм шиг санагдана. Уудам нэгэн орон зайд орчихоор тэгж санагддаг байх. 

Монголдоо очоод нүд алдам тал нутгаа хараад, сэтгэл баясаад ирэхээр цаг хугацаа цаанаасаа нэг амар амгалан, юунд ч юм үл мэдэгдэх нэгэн зүйл рүү яарах минь алгуурладаг юм билээ. Одоо эргээд бодоход. 

Японы энэ жижигхэн арал, хаашаа л харна байшин сав, унаа тэрэг, хүн зонд хүн тэр дундаа монгол хүн бүр нэг сэтгэлийн гүнээс идээшиж өгдөггүйтэй холбоотой ч байж магад. 

Сантьяго өвгөний тууштай байдал нь өнөөгийн нийгэмд мөн ч их үгүйлэгдэж буй чанар. 84 хоног нэг ч загас бариагүй. 85 дахь өдрөө загасчилна гээд урам зоригтой далайд гарч буй зураглал. "Итгэл найдвар"-ын чухлыг олж харна. 

Өвгөний арвин их туршлага нь түүнийг мөн зоригжуулах мэт. Итгэлээр тэжээгдээд буй найдвар. Найдвараар тэжээгдээд буй итгэл. 

"Хүн ялагдахын төлөө төрдөггүй. Биеийг хөнөөж болно,харин хүсэл зоригийг ялж чадахгүй гэж өвгөн хэлэв. "

"...Гэхдээ би уг нь за гэхээсээ өмнө ажлаа ягштал хийхийг илүүд үздэг. Энэ чинь л аз ирэхэд би бэлэн гэсэн үг шүү дээ" гэж өвгөн бодно. 

Юутай үнэн. Одоо ч зүгээр л аз тохиогоосой гээд л суудаг цаг болж дээ. 

"Тэнгэрийн саран бүсгүй хүний догдлуулдаг шигээ тэнгисийг ч бас долгилуулдаг."

Саран авхайг ганц монолд ч бус дэлхийд ч зохиол бүтээлдээ дурдах нь их юм даа. Үнэхээр л увидастай шүү. Хи хи. 

Он гарах тун чиг дөхлөө дөө. 11 сарынхаа номыг уншъя даа. Гэхдээ наана нь 10 сарын нэг номын дуусгах хэрэгтэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年10月29日木曜日

Өвгөн тэнгис хоёр

Хачин сонирхолтой, ойлгомжтой, хөөрхөн ном уншсан. 10 жилийн сурагч байхдаа уран зохиолын хичээлд уншиж байсан шиг санаад байх юм. Төгсгөлийг нь мартчихсан байсан. Яах бол? гэж догдолсоор л уншиж дуусгав. 

Өвгөн амьд үлдсэн нь юу юунаас сэтгэлд таатай байлаа. Учир нь саяхан нэг хөөрхөн өвөөг алдчихсан бид. Байнгын уншигчид минь санаж байгаа байх. Сүхбаатар гэдэг өвөө. Япон хүн л дээ. Энэ тухай дараа дурсаж бичнэ ээ. 

Эрнест Хемингуэй зохиолчийн "Өвгөн тэнгис хоёр". Агуулга нь ч, өрнөл нь ч, хэлэх гээд буй санаа оноо нь ч ёстой "хөөрхөн" байлаа миний хувьд. Үүнээс өмнө баахан "галзуу солиотой" ном уншсан болохоор тэр ч байж магад. Хэ хэ. 

"Хемингуэйн сор туувил. Манай үеийн зохиолчдын бүтээлүүд дунд үүнтэй дүйцэх зохиол нэгээхэн ч үгүй гэдгийг цаг хугацаа харуулна." Уильям Фолкнер.

Хэмээн үнэлэгдсэн байдаг юм байна. Нээрээ ч сор туурвил тийм ээ? Эцэс төгсгөлгүй мэт, гүн гүнзгий далай тэнгис. Түүн дунд хөвөх жижигхэн хуучин завь. Завийг залан загасчлах жаахан буурал, дээрээс нь өөрийнхөөрөө зөрүүд өвгөн. 

Мөн өвгөнийг даган загасчлах жаал хүү. Өвгөн хүү хоёрын хоорондын харилцаа бас л хайр хүрэм. Өвгөнийг ихэд хүндэтгэнэ. Түүнээс мэддэг, чаддаг бүхнийг нь заалгаж авахыг хүснэ. 

Унших явцад цаанаасаа л нэг амьдралын утга учир, юун төлөө загасчлаад яваа билээ? Амиа алдах эрсдэл үүрэн байж, мэдсээр байж хөлгүй их далайд ингэж зүдэрч байхаар... гэж ирээд л эргэцүүлнэ ээ. 

Мөн тэр акулууд их зэвүүн ээ. Өвгөний агнасан марлин загасыг нь хажуунаас нь "зулгаана". Бүр сүргээрээ шүү. 

Өвгөний асарих тэвчээр шаардаж, ухаан зарж агнасан анг нь араг яс л үлдээнэ. Хөөрхий минь гэж өмнөөс нь харамсаад, зэвүүцээд, энэ загаснууд чинь бас л айхтар ухаантай юм байна шүү. 

Багадаа уншихад эх орондоо, далай гэж мэдэхгүй, үзэж хараагүй байсан болохоор энэ загаснууд нь тархинд минь үлдээгүй, нэг л төсөөлөгдөж өгөөгүй байх. 

Эдүгээ далай тэнгисийн эрэг дээр амьдардаг надад загасны нэрс нь ойр дотно санагдсан гэж юүхэв. Заримыг нь бүр амтархан зооглодог ч байх шиг. Ха ха. Тухайн үедээ далай эрэгтэй ойрхон амьдрана гэж төсөөлөө ч үгүй биз?

За энэ наргиа ч яахав. Өвгөний дүр, үйлдэл, өгүүлэл, эргэцүүлэл, загастай ярьж буй яриа, өөрөө өөртэйгөө ярьж буй нь, жаал хүүтэй харьцаж буй байдал гээд ухаж төнхвөл манай "Тунгалаг Тамир" романы Итгэлт баян шиг л дүр юм шиг билээ. 

Хөөрхөн өвөө...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年10月27日火曜日

Педро Парамо

Өглөө оройдоо сайхан сэрүүсээд эхэлсэн шүү. Эсрэгээрээ даарах янзтай. 

Номоо идэж байгаа гэх үү? Ууж байгаа гэх үү? Гэхдээ тоо чухал биш л дээ тийм ээ? Гэхдээ л тоо чухал тийм ээ? Ха ха. 

Заримдаа ч энэ одоо ямар сонин ном бэ? Яг юу хэлэх гээд  байгаа юм бол? гэж бодох ном таарах юм аа. Таарах юм аа ч гэж дээ, миний сонголт тэр юм. Миний сонголт ч гэж дээ бидний сонголт. Бидний сонголт гэж дээ, архаг бөгөөд аварга уншигчдын сонголт. 

Сүүлийн үед сонин хачин, галзуу солиотой гэмээр номнууд их уншиж байна. Дагаад би өөрөө сонин хачин болчих гээд л байна. Хи хи. 

20-р зууны Латин Америкийн шилдэг зохиолчдын нэг Хуан Рульфо хэмээх хүний "Педро Парамо" гэдэг номыг уншив. Монсударын өнгөт цувралын 44 дэх нь. Өнгөт цуврал гэж нэрлэчихээд байгаа болохоос "Монсудар Утга зохиол" цуврал шүү дээ. 

Хөөрхөн жижиг, цүнхлээд явахад, нэг гартаа бариад л алхаад явахад, мөн шар өнгийн тодруулагчаар хэрэгтэй гэсэн зүйлсээ тодруулахад цаасны төрөл таарсан гээд л миний таалдаг цувралууд. 

Овоо ч хэдийг нь уншсан байх. Уншаагүй нь зөндөө байна билээ. 

За тэгээд номын агуулга их сонин. Яг тийм зүйл гардаг гээд үйл явдал хөөгөөд бичих гэхээр боломгүй. Ямартай ч Хуан Пресиадо төрсөн эцэг болох Педро Парамог хайж нэгэн тосгонд ирнэ. 

Осолдохгүй энэ хүртэл учиргүй ойлгож уншив. Түүнээс цаашаа, төгстөл нь юу ч болчихов доо? Бараг л ойлгосонгүй. Ха ха. 

Үхэл, дурлал, сүнс, зүүд, бодит ахуй... Явж явж ээжийнхээ хүслийн дагуу зорьж ирсэн Комала тосгон нь ч яг оршдог эсэх нь эргэлзээтэй болоод явчихсан. Газрын хөрс нь хуурайшаад, халуу шатсан, дусал бороо ч оролгүй удсан, нэг тийм үхмэл тосгон...

Сүнснүүд амьдардаг тосгон...

Олон л дүр гараад байна. Тэдгээр нь үхчихсэн атлаа ярилцаад байна. Хэдийгээр үхдэлүүд, сүнснүүд яриад буй хэдий ч хүний сэтгэлийн зовлон, шаналал, итгэлт найдвар, хайр дурлал, үзэн ядалт, уур цухлыг яруу тодоор өгүүлнэ. 

Үхэл, үхлийн тухай л уг туужид гол байр суурь эзлэнэ. Арга ч үгүй биз? Бүх дүрүүд нь үхчихсэн юм чинь. Үхдэлүүдийн хэлж ярьж буйг уншаад явахаар чинь миний өөрийн сэтгэл санаа бас жигтэй болж, үхлийн тухай бодно оо доо. 

Үхэл нь амьдралын төгсгөл? Эсвэл амьдралын эхлэл? 

Уншиж дуусгаад номоо хаасан чинь ганц л нэртэй үлдэв. Педро Парамо. Уг нь энэ хүний тухай нэг их гардаггүй юм. Эргэн тойрных нь л хүмүүс биш ээ сүнснүүд ярилцаад байдаг юм. 

Мөн "үхэл, сүнс" гэдэг хоёрхон үг толгойд хэсэгтээ эргэлдэв. 

"Дурсамжийн дуу хоолой минь үхлийнхээс хавьгүй ойрхон байгааг чи мэдэх болно. Мэдээж үхэл хэзээ нэгэн цагт дуу хоолойтой байсан бол шүү дээ."

За тэгээд ийм "галзуу солиотой" төрлийн ном унших дуртай хүмүүс өөрсдөө уншаарай. Ойлгосон бол ярьж өгөөрэй. Хэ хэ. 

Гэснээс гайхал "Зуун жилийн ганцаардал" номын зохиолч Габриель Гарсиа Маркес нь энэхүү номыг уншаад өөрийн "галзуу" зохиолынхоо санааг олсон гэнэ шүү. Тэгээд л зоригтойгоор бичиж эхэлсэн гэнэ шүү. 

Таарсан таар шуудайнууд чинь. Хаа байсан олон жилийн дараа тэрийг нь би уншиж ойлгох гэж хамаг энергиэ зараад сууж байх. Ха ха. 

"Дэлхийн шилдэг зохиол, зохиолчийн цар хүрээг харуулах бүтээлийг хөрвүүлэх гэдэг бидний чансааг шалгадаг төдийгүй уншигчдыг маань ч сорих, бас хөгжүүлэх олон талт нөр их хөдөлмөр гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой биз ээ."

Уншигч намайг хөгжүүлж буй Монсударын хамт олонд гялайлаа.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年10月26日月曜日

Ходоодныхоо 80 хувьд ид

"Япончууд ходоодныхоо 80 хувьд нь ид" гэдэг. 

Мэдээд байгаа хэрнээ би чинь 100 хувьд нь л идчихээд байх юм. Хэ хэ. 

Ганц япон хоолыг ч биш л дээ, бүхий төрдийн хоол. Ялангуяа амттаныг 100 хувиа хэтрүүлээд идчихээд байна. Хо хо. Ингэж бичээд хэдэн жил ч болж байна даа. Уучилна биз ээ. 

Сүши. Бид цадаагүй ээ, нэмж захиалсан. Нэг монгол залуу, нэг япон залуутай гурвуулаа явсан юм. Тэгсэн цадаагүй тул дараагийн тавагтай "чяван мүши" гээч хоолыг захиалав. 

Мисо шөл. Монгол залууд маань хаа очиж таалагдсан. 

гэснээс гэр бүлээрээ сүши идэхээр бол эргэдэг лангуутай? сүшиний газар орно. Зулзагуудад сонирхолтой байдаг. Сүшинүүд нь эргээд л, урсаад л тусгай замаар. Түүнээс нь идмээр байгаагааг сонгож авна. 

Корона гуайгаас болоод ингэж урсахнь ховор болчихсон. Таблетаар шууд захиалаад явчихдаг болсон.  

Аяганд жигнэж болгосон өндөгний царцаамаг гэх үү? Дотор нь мөөг, хавч, сам хорхой, гинзо самар гэх мэт зүйлсийг хийнэ. Би дуртай. Үүнийг гэртээ хийж сурах юмсан гэж гадуур захиалж идэхдээ л санана. Тэгээд л мартчихна. Хи хи. 

Халбагаар иддэг цөөхөн хэдэн япон хоолны нэг. Японы үндэсний хоолны газарт ихэвчлэн байна. Японд аялахдаа сонирхож идэж үзээрэй. Юмыг яаж мэдэхэв таалагдаад, дуртай хоол чинь нэгээр нэмэгдэж магад...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年10月25日日曜日

Шөнө дундын номын сан 2

Өдөр бүр шахуу номын сан ордог гэсэн дээ. Амралтын хагас, бүтэн сайнуудыг эс тооцвол ажлын 5 өдөрт өдөр бүр номын сан орж, 5-хан минут ч байсан хамаагүй номоо дэлгэдэг. 

Тэдгээр олон ном, номын тавиур эргэлдээд л одоогийн минь амьдралаас өөр байж болох амьдралын хэв маягт аваачвал яах бол? гэж бодсон шиг ээ л уншиж дуусгасан. 

Ихэнх хэсгийг нь оюутны дотуур байранд 4 хонохдоо уншсан л даа. Эзэгтэй, ээж, гэргийн үүргээс түр чөлөөлөгдөөд, томилолтоор явж байхдаа гэсэн үг. 

Хамт явсан буюу монголоос ирсэн залуу утсаа маажиж, монгол руу утсаар л ярьж оройн ихэнх цагийг өнгөрөөж харагдсан. Утсаар ярьж байгаа дуу нь сонсогдоод л, би мэдээд байгаа хэрэг. 

Би тэгэхэд гэрийнхэнтэйгээ огт яриагүй 1 хоног болчихсон байсан. Сүүлдээ жаахан гэмийн мэдрэмжтэй, залгаж зулзагуудынхаа мэнд усыг мэдэв шүү дээ. 

Гэх мэтээр ном ном гэсэн аниа л байлаа. Монгол залуу маань залхсан байх өө. Ха ха. 

"...хязгааргүй олон сонголт үргэлж байдаг." 

Тэгэхээр ном унших сонголт ч, уншихгүй байх сонголт ч бий. Хэ хэ. 

"Гэхдээ алдар хүндийн нөгөө тал их эмзэг, аюултай ч гэж болно. Маш амархан доош унаж, чөтгөр шиг, хамгийн муу санаатан ч юм шиг, эсвэл зүгээр адгийн тэнэг шиг харагдах мэтээр нэг мөсөн балрах ч энүүхэнд."

Тэгээд л би нь алдартай, олны танил болохыг хүсдэггүй юм өө. Нүүрномдоо зургаа бүр ч оруулахгүй ээ. Гэрэл цохьчих гээд байдаг юм л даа. Ха ха. 

"Сайхан бүх зүйл хүлээсгүй, эрх чөлөөтэй байдаг." Хенри Дэвид Торо. 

"Хамгийн энгийн мэт харагддаг зүйл эцэстээ чамайг ялалтад хүргэж болно. Чи л зогосхгүй үргэлжлүүлэх хэрэгтэй."

"...ах дүүс өрсөлдөөд байдгийн учир үнэндээ тэдэн биш, эцэг эхтэй нь холбоотой гэлцдэг."

"Өөрөөрөө байхдаа чи хэн нэгнээс зөвшөөрөл авах ямар ч шаардлагагүй." 

"Төгс төгөлдөр байдал санамсаргүйгээр хэзээ ч бий болдоггүй, харин олон хувилбараас ухаалгаар сонгосны үр дүн." Аристотель.

"Бага цалинтай үйлчилгээний ажилтныг басамжилж харьцдаг хүнд хэзээ ч бүү итгэ гэсэн амьдралын бичигдээгүй хууль байдаг."

"Юу руу харж байгаа нь биш, чухам юуг олж харж байна вэ гэдэг л үнэн." Торо. 

"Жижиг зүйлсийн том ач холбогдлыг хэзээ ч бүү дутуу үнэл."

"Цөхрөлийн дараагаас амьдрал эхэлдэг." Сартр. 

"Туулаагүй амьдралын араас гашуудах амархан. Өөр зам мөр хөөх, өөр авъяасаа хөгжүүлсэн бол гэж харамсах амархан..."

"Харамсах амархан." 

Нээрээ л тийм дээ. Тэгсэн бол, ингэсэн бол гэж харамсах зүйл их өө. Тоочвол барагдахгүй. Уншигч та бүхэнд ч их л биз дээ. Уг номыг уншаад одоодоо л сэтгэл хангалуун байх минь гэж ойлгоод буй хэдий ч нэг мэдэхэд л харамсчихсан, халаглачихсан суух минь үе үехэн тохионо өө. 

"Гэхдээ асуудал нь бидний амьдраагүй амьдралуудад биш, харин тэр харамслуудад өөрсдөд нь байгаа. Харамсал нь биднийг хэмлэж, зовоож, агшааж, доройтуулж, өөрхийнхөө ч, бусдын ч хамгийн адгийн дайсан мэт мэдрүүлдэг."

"Анхаарлаа хандуулах зүйл бол энэ л амьдрал чинь." 

Юутай үнэн. Энэ л амьдралаа аз жаргалтайгаар өнгөрүүлэх минь. Үүний тулд бага харамсах, бага бухимдах, бага идэх, бага уух. Хэ хэ. 

Гээд л олон сайхан толгой руу орсон үгс, өгүүлбэртэй таарна. Тэр бүгдийг толгойдоо, сэтгэлдээ тогтоон, уужуухан тунгаах. Бага багаар хэрэгжүүлэх...

"...Гэхдээ ямар ч тохиолдолд хүн хэзээ ч зогсох хэрэггүй. Өөрийгөө хөгжүүлэх, суралцах, хөдөлмөрлөх нь агшин зуурын амжилт биш ч гэлээ амьдралыг аажмаар өөрчилдөг хамгийн бат бөх, найдвартай зам..."

"...найз нөхөд, хамт олон, ах дүү гээд ойр дотныхондоо өчүүхэн ч атугай гэрэл түгээх боломж болгох олон уншигч байгаад эргэлзэхгүй байна. Өөрийгөө өөрчлөх жижигхэн алхмаар цаашдынхаа амьдралын том өөрчлөлтийг эхлүүлэх боломж хүн бүрд байдаг. Өчүүхэн жижиг зүйлсийнхээ агуу том ач холбогдлыг хэзээ ч бүү дутуу үнэл."

Монсудрын хамт олноос уншигч олондоо хүргэсэн дээрх хоёр хар өнгөөр тодруулсан эшлэлээр энэ бичвэрээ өндөрлөе. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2026年10月23日金曜日

Шөнө дундын номын сан

Зун очихдоо нэгэн намбалаг сайхан найзаасаа бэлгэнд авсан. Баярлалаа найз минь. Ажлынхаа хажуугаар хальт уулзсан найзтайгаа хэдий богино хугацаатай байсан ч хорвоогийн хамаг л хов живийг базан ярьж амжсан байдаг шүү. 

Ямар бэлэг авах нь тодорхой, харин яг юу гэдэг нэртэй ном авахаа хэлээрэй гээд л бичилцэнэ. Би чинь ажлынхаа зав зайгаар бичээд л, харин манай монголчууд чинь зогсоо зайгүй утсаа маажаастай. 

Хурал цуглаан, сургалт зэрэгт ирж байж. Найз минь бол япон школтой хүн тул утсыг мааждаггүй, зөв хэрэглэнэ ээ. Үлгэр жишээ авууштай...

Нэгэн хятад зохиолчийн ном дууссан байсан тул хамгийн түрүүнд санаанд орсоноор нь Мэтт Хэйг зохиолчийн "Шөнө дундын номын сан" хэмээх номыг захиж авлаа. Баярлалаа найзуушка минь. 

Өдөр бүр шахуу номын сан ордог хүнд номын нэрний "номын сан" гэдэг үг хамгийн тод үлдэж, шууд л аманд орсон нь тэр...

Номын тухай танилцуулдаг Батцэцэгийн ютүб сувгаас анх олж мэдсэн. Сонсоод, авах номынхоо жагсаалтад нэмсэн. 

Уншсан. Таалагдсан. 

Зарим нэг нь амьдрах гэж хичээж зүтгэж байхад зарим нь үхэх гэж оролдох, амиа хорлох... 

Үхэхийг хүсч буй, амиа хорлох гэж буй хүмүүст энэ номыг уншуулбал ямар байх бол? гэж бодсон. 

Номонд хэд хэдэн удаа дурдагддаг ишлэл: 
"Суралцах цорын ганц арга зам бол амьдрах юм." 

Нээрээ л амьдрахгүй л бол суралцаж чадахгүй шүү дээ. Маш энгийн, мэдээжийн юм шиг хэрнээ гүнзгий утга агуулсан байгаа биз? 

Агуулга ярихгүй ээ. Тэртэй тэргүй агуулгыг нь өнгөтөөр ярьчихсан байгаа. Өөрсдөө сонссон нь илүү шүү дээ. 

"Харамсаж үлдсэн аль нэг үйлдлээ буцаах боломж гарвал тэр зүйлээ чи өөрөөр хийх байсан уу?"

Амьдралд зөндөө л зүйлд харамсдаг. Тэгсэн бол, ингэсэн бол гээд л хөвөрч өгнө. Гэхдээ яг тэр цаг мөчид буцаагаад аваачвал өөр сонголт хийх болов уу? Бараг л үгүй ч байж магад тийм ээ? 

"Дарамт л биднийг бүтээдэг..." гэх өгүүлбэртэй таарав. Тийм ч юм шиг. Нэг ёсондоо стресс юм даа, одооны хэллэгээр. Стресс тодорхой хэмжээнд байх хэрэгтэй гэдэг. Дарамт огтоосоо үгүй бол бид "хөгжихгүй" байх байсан биз? 

"Мөрөөдлийнхөө зүг зоригтой алх. 
Өөрийн төсөөлсөн амьдралаар амьдар." Хенри Дэвид Торо.

Зохиолын гол баатар Нора хэмээх бүсгүй америкийн философич Торогийн үзэл бодол, эшлэлд дуртай нэгэн аж. Хэлсэн эшлэлээс нь хэд хэд гарна. Зохиолын гол дүр биш зохиолч өөрөө дуртай байх л даа, тийм болохоор л зохиолдоо оруулж өгсөн байх. 

Би энэ хүнийг мэддэггүй байлаа. Энэхүү сонирхолтой номыг уншсанаар гурван ч хүн мэдэж авав. Нэг нь мэдээж зохиолч. Нөгөөх нь Торо болон Бертран Рассел. 

"Хайраас айна гэдэг амьдралаас айна гэсэн үг. Амьдралаас айдаг хүмүүс аль хэдийнээ хагас үхсэнтэй адил." Бертран Рассел.

Дуулгаваргүй байдал бол эрх чөлөөний үндэс суурь. Дуулгавартай хүн л боол болдог."

"Бидний амьдрал бол зөвхөн "сонголт" биш, ""алдсан боломжууд" гэсэн үг. 

Айхтар голыг нь олоод хэлчихсэн байгаа биз. Би ч их л олон боломжийг алдсан байх өө гэж бодогддог л юм. Бас их дуулгавартай, аймхай талдаа...

"Ганцаардлаас илүү аятайхан хамтрагчийг би хэзээ ч олж байгаагүй." 

Ганцаардахаас хэт айгаад хэрэггүй л гэж боддог би. Мэдээж ганцаардах нь ямар олиг байх вэ? Ганцаардал гэж яг яахыг хэлээд байна вэ? Яахаар ганцаардаж байна гэж үзэх вэ? Тухайн хүний л үзэмж, ойлголт юм шиг...

Үргэлжлэлийг дараагийн дугаарт. Босох хэрэг гарлаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжиллт. 

2026年10月19日月曜日

Том цөгөрцөг

Намрын налгар өдөр таарвал зулзагаа аваад орж гарах гэж хичээнэ. Дугуй унаж сургах гэж бөөн л сүр юм болж байна. 

Нэг л эвээ олж чаддаггүй ээ бидэн хоёр. Нэг л мэдэхэд сурчих байх л даа. Ээж жаахан яараад байгаа болохоос...
Тоглоомын талбайд явж байхад тааралдсан цөгөрцөг. Мэргэжлийн жинхэнэ нэр нь өөр ч хүүхдүүд "том цөгөрцөг" гэж нэрлээд хамт тоглож гүйгээд байсан. Зулзагаас бусад нь охид. Зарим нь айж орилоод л, зарим нь зориг гарган ойртоод л. Хөөрхөн гэж. 
Хамтдаа тоглоод гүйнэ гэхээр шавж нь зулзагыг дагаад гүйнэ гэж байхгүй нь ойлгомжтой. Хүүхдүүд нэг барьж аваад, нэг суллаж тавиад л "тоглосон". Хар өнгийн фонтой болохоор их тод ногоон харагдаж байгаа биз? 

Ногоон өвсөн дээр сайн ялгарч харагдахгүй, нүд нь яг хаана байгаа нь ч харагдахааргүй шахам...
Цөгөрцөгийн тухай нэг хөөрхөн шүлэг байдаг юм. Би унших дуртай. Блогтоо тэрхүү шүлгэний орчуулгыг оруулсан байгаа. Орчуулга гэсэн сэдэвт байгаа. Сонирхвол орж уншина биз ээ?

Зулзагынхаа ачаар энэ нэг шавцны нэрийг мартчихалгүй, санаад байдаг юм. Түүнээс цэцэгний нэр, шавжны нэр, загасны нэрс зэргийг тэр бүр цээжлэхгүй матрчихаад байдаг юм. 

Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлан хамгаалцгаая аа. "Нөмрөгийн дархан цаазат газар" хайран гэж харамсаад баршгүй...

Түр баяртай. Бүгдэд нь амжит хүсье. 

2026年10月18日日曜日

Жонатан Ливингстон хэмээх цахлай

10 сард уншсан ном. Хөөрхөн ном байлаа. Өмнөх Сохор шар шувууг бодвол. Хэ хэ. Хөөрхөн ном унших ч бас л урамтай юм аа. Маш их хүсэл эрмэлзлэл. Оргилуун хүсэл, мөрөөдөл...

7 хоногт 4 удаа нисэхдээ авч гарсан ном болохоор яг сайхан цагаа олсон ном байлаа. Шувууд нисэхдээ юу боддог бол? Жонатан Ливингстон цахлай шиг нисэх оргилуун хүслээр дүүрэн байдаг байх даа? гэж бодон онгоцны цонхоор харан эморно... 

Гэснээс би онгоцонд боломж л гарвал цонхон талд суудал захиалдаг. Ялангуяа дотоодын нислэг. 1 цаг 10 минут гарангийн нислэгт 00 орох хэрэг бараг л гарахгүй. Гарахгүй ч гэж дээ, гаргахгүй. 

Онгцонд орохоосоо өмнө, буугаад л 00 орчихдог. Хаа очиж японд 00 гэж маш том соёл яригддаг тул, урамтай. 

Ричард Бах зохиолчийн "Жонатан Ливингстон хэмээх цахлай" зохиол. 

Уг зохиолын агуулга нь эдүгээ ч олон сая хүнд урам зориг өгсөөр буй тул Монсударынхан шинэчлэн орчуулж хэвлэсэн гэнэ.  

Зохиолч өөрөө нисгэгч байсан юм байна. Бүр хөнөөгч онгоцны нисгэгч гэнэ. Чухам нисгэгч байсан тул нисэхийн сайхныг, өндрөөс өндөрт дүүлэн нисэхийн сайхныг бүхнээс илүү мэдэрч, мэддэг байсан биз? 

Тиймээс уг зохиолыг бичсэн нь лавтай. 

Гэхдээ зүгээр ч нэг нисэх биш, хамгийн шилдгээр, хамгийн урнаар, хамгаас өндөрт дүүлэн дүүлэн нис, үргэлж суралц, үргэлж тэмүүл, үргэлж мөрөөд...

Цахлай шувуугаар дамжуулан хүмүүст хүргэж буй санаа нь "том". 

Хүсэл тэмүүллээ дага. Зоригло. Бусдаас ирсэн дарамт шахалтыг бүү тоо.
 
Бусадтай хуваалцаж чаддаг байх. Сурсан мэдсэнээ чадахгүй нэгэнтэй, мэдэхгүй нэгэнтэй, хүсэл тэмүүлэл бүхий нэгэнтэй хуваалцаж чаддах байх. 

Өөрийгөө олох, сүргийн сэтгэхүйгээс ангид байх гэх мэтээр олон зүйлийг энэхүү бяцхан номноос уншиж болно. 

"Бид бүхний дотор оршин буй жинхэнэ Жонатан цахлайд зориулав."

Миний дотор ч Жонатан цахлай бий. Хүсэл тэмүүллээр дүүрэн, мөрөөдөлтэй, өндрөөс өндөрт нисэх хүсэлтэй, сүргийн сэтгэхүйгээс бага зэрэг ангид цахлай бий. Хо хо. 

Мөн би нь мэдсэн дуулснаа бусадтайгаа хуваалцах дуртай...
Блог бичдэг... Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年10月17日土曜日

Сохор шар шувуу

Сэрүүсээд сайхан байна өө. Халуунд хүний эрч хүч их буурна. Дагаад ямарваа нэгэн зүйлийг хийх оргилуун их хүсэл ч буурна. 

Эх оронд минь сэрүүхэн сайхан байдаг болохоор та нар минь уншихыг бол үзүүлж өгдөг биз дээ? Ажиллахыг ч мөн үзүүлээд өгдөг биз дээ? Хэ хэ. 

Халуун зунаар японд ирсэн хүмүүс "ямар ч агааргүй" гэж хэлдэг. Агааргүй бол амьсгалж чадахгүй биз дээ? 

Эх орон минь тийм л сайхан сэнгэнэсэн сайхан агаартай байх нь. Тэрхүү давуу талаа ашиглаад уншихыг ч, ажиллахыг ч нэг үзүүлээд өгдөг юм шүү, хүсэх юм л тэр...

Оршил нэг иймэрхүү. Сонин хачин ном уншсанаа зураг хөрөгтэй нь оруулах гээд л. 

Садэх Хедаяат зохиолчийн "Сохор шар шувуу". Аяа бас л толгой эргүүлсэн агуулга. Иран улын зохиолч. Утга зохиол судлаачдын анхаарлын төвд явдаг зохиол гэнэ. 

Зохиолын гол баатар үхэхийнхээ өмнө элдвийг бодон, эргэцүүлэн, нүглээ? наманчлан бичиж буйг өгүүлнэ. 

"Надад бичих л үлдсэн. Бичихгүй аваас би мэдрэлийн өвчтэй болох биз. Харин бичих тусмаа би хэзээ ч эдгэхгүйгээр өвдөж байна."

Дээрх зүйрлэл нь зохиолчийн өөрийнх нь амьдралын төрх ч юм шиг санагдсан. Энэ зохиолчид чинь өөрийн мэдэрсэн, өөрт тохиосон зүйлсийг дүрслэн буулгахдаа гаргууд шүү дээ. 

Сарны гэрэл дэх анир чимээгүй харанхуйд хар морьд хөллөсөн сүйх тэргэнд суугаад үл таних хатангир өвгөнөөр газарчлуулан нэгэн үзэсгэлэнт бүсгүйн цогцсыг булахаар яваа нэгэн "хүний" тухай гарна. Энэ бүхэн нь яг одоо болоод буй үйл явдал уу? Эсвэл нүглээ наманчлан бичиж буй хүний тархин доторх хийсвэр дүрслэл үү? Ялгаж танихад бэрх бэрх.

"Харанхуйн эстетик бүтээлүүдийн нэгэн том төлөөлөл" гэж үздэг юм байна. "Нууцлаг, гунигтай, сонирхолтой бөгөөд ихэвчлэн харанхуй, бүрхэг өнгө аястай зүйлсээс гоо сайхныг олж харах урлаг, загвар, амьдралын хэв маягийн чиг хандлага" гэж байна шүү энэ харанхуйн эстетик гэдэг ойлголт нь.

Үнэхээр л унших явцад харанхуй өрөө л дүрслэгдэнэ. Авс, шарил, цогцос гээд уншихаар чинь арга ч үгүй биз?  

"Кавкаист" арга барил нэвт шингэсэн зохиол гэнэ. Тэгээд ч зохиолч 48 насандаа амиа хорлочихосн юм байна. Зарим нэг зохиолчдын философийг ойлгохгүй юм. Тархин доторх нь элдэв зүйлсээр "дүүрэн" байдаг байх даа? 

Гутранги үзэл... 

Арга барсан, цөхрөл шингэсэн бараан дүрслэлүүд... 

Нэг сонирхолтой санагдсан зүйл нь дээр үеийн томоохонд тооцогддог байсан хот, Ираны нийслэл хот зэргийг манай их хаан, монголчууд сүйтгэсэн гэж тайлбар хэсэгт гардаг. Ганцаар зогсохгүй хэд хэдэн хотын нэр гарна. 

"Завхай эм, асрагч эх, эхнэр, үзэсгэлэнт бүсгүй..." гэж ирээд л хүүхнүүдийн тухай их өгүүлнэ. Хүүхнүүд бид харанхуй ертөнц, гэгээлэг ертөнцөд ямагт гол дүрд гоцлох юм даа тийм ээ? 

Ямартай ойлгосон ч юм шиг, эсвэл огт ойлгоогүй нэгэн номоо хаагаад, номын тавиуртаа хураав...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2026年10月16日金曜日

10 дугаар сарын мэнд

Сардаа нэг мэнд мэддэг болох шинжтэй шүү. 10 дугаар сар гараад дундаа орчихсон байна шүү дээ. 

Асар завгүй ч юм шиг, тэгснээ номоо уншаад явахыг бодоход асар завтай ч юм шиг өдрүүд...

Суугуул нутагт сэрүү ороод сайхан байна. Өглөө оройдоо ажилдаа алхахад таатай байна. Бороо л битгий ороосой гэж залбирна. Алхахдаа амандаа дуу аялана. Дараа эх орондоо найрны дугараатай байх гэж дасгал хийж байгаа нь. Ооё.

Тайлагнахад, монголоос нэг залуу ирж хэд хоног хамт ажилласан. Жаал үглэв. залуу хүмүүс та нар ном унш бла бла. Улсаа хөгжүүл бла бла. Үглэдэг аниа болсон шиг байна шүү. Ха ха. 

Найзууд ирж хоёр хоног хундага тавилгүй дарс ууж, хутга тавилгүй мах огтолсон шиг талимаарсан өдрүүд байлаа. 

Нэг долоо хоногт 4 удаа онгоцонд суусан байлаа. Япон дотроо нисээд л, нисэх дуртай цахлай шувууны тухай уншаад л...

Зурган дээр тээр цаана Фүжи уул харагдаж байна. Ойртуулж нэг холдуулж нэг зураг дарсан. Өдий олон жил болохдоо барааг нь л холоос ганц нэг харсан болохоос дэргэд нь очиж харж байгаагүй ээ. 

Нэг сайхан завтай болохоороо алхана даа гэж мөрөөдсөн шиг ээ л явна. 

Гэснээс 8 сард явсан ажлын тайлан, мөнгө тооцоогоо сая л жин тан болгож өгөв. Их нарийн үзнэ ээ эд нар. Бүх зүйл баримттай, судалгаатай. 

Харин 6 сард явсан ажлын мөнгө орж ирдэггүй ээ. Өөр хэлтсийнхэнтэй явсан тул хариуцсан хүмүүс нь удаагаад, уур хүрэх гээд л байна шүү. Нэг таарахаараа хэлэхээс... 
Мөн ч их хүлээж байна даа гээд...

Номнуудаа уншиж байгаа. Блогтоо бичиж л амжихгүй яваа болохоос. Энэ сард 3 ном уншжээ. 4 дэх номоо уншиж байна. Энэ ном маань төлөвлөгөөт ном. 10 сардаа багтааж уншаад ярилцана. 

Монсударын өнгөтүүдээс уншсан хэрнээ блогтоо бичээгүй ганц нэг ном байсныгаа хальт сэргээж байгаад бичиж үлдээнэ ээ, ойрын хугацаанд. 

Шинэ он ч удахгүй гарах нь дээ. 50+ ном уншина гэсэн зорилтдоо хүрэхгүй нь байна өө. Яалтай...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2026年9月28日月曜日

Аранзал дарвуулт хөлөг

Завгүй өдрүүддээ ч ном унших зав гаргачих гээд л...

Угтаа 8 сард унших ёстой байсан ном. Нимгэн, жижигхэн ном. Мөн ёстой хөөрхөн агуулгатай. Өөрийгөө гол дүрийн оронд тавьж далайн эрэгт дээр сайхан нам гүм унтав. Мөрөөдөмтгий, гэнэн хонгорхон охин. Далайн чанадаас ханхүүгээ ирж авахыг хүлээгээд л...

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол ч...

Бага залуу насанд сэтгэлд тод үлдсэн бэлгэдийн үг, ерөөл хэлсэн хамаатан садан, танихгүй хүн, багш гээд л хүмүүс байдаг даа. 

Ассоль гэх бяцхан охинд санамсаргүй таарсан Эгль өвгөн "...Ассоль чи өсөж том болно. Алс далайн уудамд, ургах нарны доогуур аранзал улаан дарвуул нэг өглөө чамд солонгорон харагдана. Туяаран гэрэлтсэн асар том дарвуултай хаш цагаан хөлөг номин цэнхэр давлагаа зүсэн чанх өөдөөс чинь чиглэн ирнэ..."

Зүйрлэлүүд нь уянгалаг. Цаанаа л нэг тийм сэтгэл татам. 

"Үгийн хүчнээс сэтгэлийн хүч их буюу."

Александр Гриний "Аранзал дарвуулт хөлөг" гэдэг ном. Төгсгөл нь аз жаргалаар дүүрэн зохиол бичдэг бололтой. Анх удаагаа л уншиж байна. Өмнө нь уншиж ч байсан байж магад, бусад зохиолоос  нь. Гэхдээ үгүй л болов уу? гэж бодно. 

"Тэгэхэд нүүрэндээ галтай нүдэндээ цогтой ганган залуу хунтайж чиний зүг гараа сарвайн зогсож байгааг чи олж үзнэ. Тэр хунтайж "За сайн байна уу? Ассоль минь ээ. Эндээс холын хол газар чамайг би зүүдэндээ үзлээ. Тэгээд аваачихаар ирлээ...Тэгээд тэр залуу чамайг завиндаа суулгаад хөлөг онгоцондоо авчирч, чи гайхамшгийн оронд үүрд очиж, чамайг ирсний мэндийг мэдэх гэж нар сар мандаж, одон мичид тэнгэрээс бууж ирнэ."

За тэгээд Аким гуайн орчуулга. Уран цэцэн, уянгалаг байх нь аргагүй биз ээ? 

Жижигхэн тосгоныхон түүнийг, аавыг нь элдвээр хэлж, шоглон доромжлоно. Түүнийг нь үл тоон, үлгэрч өвгөний хэлсэн сайхан бэлгэдлийг итгэнэ, үнэмшинэ, мөрөөднө, хүснэ, тууштай хүлээнэ. Догдлоно...

Ханхүү болох Грей үнэхээрийн өвөрмөц, ёстой л нүүрэндээ галтай нүдэндээ цогтой дүрслэл байлаа. Ассоль гүнжээ угтан авах гэж буй догдлол, бэлтгэл үнэхээрийн сэтгэл хөдлөм...

Хурц зоримог шийдэл бүхий, мөн нинжин сэтгэлтэй зоригтой хүчтэй ханхүү...

Унших явцад олон сонин үгтэй таарна. Тэгж байгаад бүгдийг нь тольдож үзнэ ээ. 

Сэтгэлд өег, дулаахан, таатайхан, "шидэт үлгэр" байлаа. Хаа нэгтээ, хэн нэгэн лүү тэмүүлж дурламаар тийм ном байлаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年9月25日金曜日

Уншсанаа мартахгүй байх унших арга

Худалч хүнд бараг хагас жил зээлж явсан ном. Хүнд хэллэггүй л дээ. Ойлгомжтой ном хэрнээ л яагаад ч юм удаан цүнхэлж явав. Шалтгаан нь бараг ойлгомжтой л доо...

Би л өөрөө сүрийг бадруулж, тэмдэглэж авах минь гэж өөртөө ажил удаад, удчихсан. Тэгснээ нэг их сүртэй бичиж тэмдэглэж ч амжсангүй ээ. Хувь хувьсгалын ажил ихтэй. 

Дээрээс нь бүхэл бүтэн нэг сарыг бичилгүй алгассан гээд л...

Энэ хүний тухай номын клубынхаа нэгэн гишүүнээс дуулж мэдээд номыг нь зээлж авсан. Хагас жил гаран цүнхэлж явсан. Арай ч монгол руу цүнхэлж яваагүй. Хэ хэ. 

8 сард уншиж дуусгасан. Бичих гэж явсаар байтал 9 сар гарав. Буцааж өгөхгүй бол ч ном зээлэх эрх минь хаагдах байх шүү. Яанам билээ? 

Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг, цахим ертөнцөд асар идэвхтэй, олон олон ном хэвлүүлсэн эмч хүн. Сэтгэл судлалын хүрээлэнтэй, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг энгийн үг хэллэгээр олон нийтэд түгээн таниулах ажлыг хийдэг. 

Энэ удаад зээлж авсан ном минь тэртээх 2015 онд хэвлэгдсэн "Уншсанаа мартахгүй байх унших арга" гэдэг нэртэй ном. Зохиолч мэдээж өөрөө бол маш их уншдаг. 

Мөн бичдэг. Зохиогчийн нэрийг Кабазава Шион. Жинхэнэ нэр нь бол өөр. Кабазава Шион бичгийн нэр нь. 

Дажгүй дажгүй санаанууд байна лээ. Миний ганц нэг хэрэгжүүлдэг ч арга барилаас дурдсан байна лээ. Миний хэрэгжүүлдэг гэж томрох ч юу байхав. Хаа нэгтээгээс олж уншаад, үе үе амьдралдаа хэрэгжүүлчих санаатай үзэж тардаг "дадал" болгочих санаатай зорин, үйлддэг үйлдлүүдийг дурдсан байсан. 

За тэгээд олон л зүйлийг бичсэн байв. Бүгдийг нь тоочихгүй мэдээж. Ерөнхий санаа онооноос нь дурдвал:

Сул гарсан минут, секунд болгоныг ном уншихад зориул. Жишээ нь эмнэлэгт зэрэг ямар нэгэн үйлчилгээний байгууллагад дарааллаа хүлээнгээ, галт тэргээр, автобусаар ажил руугаа, сургууль руугаа явж байхдаа гээд л хэдэн минут хүлээх шаардлага гарсан тохиолдолд ч номоо дэлгээд унших. Хэдхэн минут ч байсан хамаагүй. Тэр олон хэдхэн минутыг нийлүүлбэл овоо хэдэн цаг болно. Тэрхүү овоо хэдэн цагтаа овоо хэдэн мөр, хуудас уншсан байх болно...

Үүнийг бол би маш сайн гүйцэтгэдэг. Дадал болчихсон. Ганц минут ч байсан хамаагүй номоо дэлгэдэг. Харьцангуй уншдаг ард түмэн дунд амьдарч буй тулдаа хүмүүсийн нэг их гайхсан харцанд өртөөд байдаггүй. 

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд япон хүмүүс ч уншихаа байж байна гэж шүүмжлүүлээд л байна. Ялангуяа залуус нь...

Уншсан зүйлээ гадагшлуулах. Энэ нь бусдад ярьж өгөх, бичиж тэмдэглэх, зааж өгөх, уншаарай гэж зөвлөх гэх мэт.

Номон дээрээ тэмдэглэж унших. Номондоо салхи оруулсан юм уу? гэмээр цэвэрхэн унших биш таалагдсан хэсэг, хэрэгтэй гэсэн хэсгээ шууд л номон дээрээ тодруулж, тэмдэглэж унших. 

Би ч сүүлийн үед зоригтой шар өнгөөр тодруулдаг болсон. Харин балаар л зурж, тэмдэглэж чадахгүй байгаа. Хэ хэ. Оронд нь иймэрхүү маягаар блогтоо бичиж үлдээх. 

Нэг бол өнгийн наадаг цаас нааж, хуудсаа тэмдэглэх. Дараа нь тэрхүү хуудсаа сөхөөд яг юу гэж бичээд би нь ингээд өнгийн цаасаар тэмдэглээ юм бол гэж харах. 

15-45-90 гэсэн зарчмыг ашиглаж унших. Хүний анхаарал өндөр түвшинд төвлөрөх хугацаа 15 минут. Ерөнхий төвлөрөх хугацаа 45 минут. Энэхүү 45 минутыг дунд нь бага зэргийн завсарлагатайгаар дахин 45 минут төвлөрөхөд нийтдээ 90 минут. 

Бага ангийн хичээлийн хугацаа 45 минут. Савангийн дууриуд ихэвчлэн 45 минут. Их сургуулийн хичээл 90 минут. Уран сайхны кинонууд дундах зар сурталчигааг нь хасвал ихэвчлэн 90 минут. 

Хүний анхаарал хамгийн өндөр түвшинд төвлөрдөг 15 минутыг сайтар, үр өгөөжтэй ашиглаж ном уншиж сурах. Нэг ёсондоо маш сайн төвлөрч номоо унших хугацаагаа 15 минут байлгах.

"Унтахаасаа өмнө ном уншиж дадах." Ингэж унтахаасаа өмнө унших нь өдөр ном уншсанаа илүүтэйгээр толгойд үлддэг гэсэн судалгаа байдаг. Мөн илүү тайвширдаг гэж үздэг. 

Зулзагыгаа бага байхад ном уншиж өгдөг байсан бол сүүлийн үед гар утас л мааждаг болжээ, унтахынхаа өмнө. Оройд ном унших тал дээр нэг л болж өгөхгүй л байна өө. Зулзагууд томроод тусдаа гарахаар л унших минь гэж мөрөөдсөөр. Хо хо. 

За та бүхэн уншсан номоо хэрхэн мартахгүй байхыг хичээж байна даа? Туршлага хуваалцаарай. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.