2023年4月29日土曜日

Зугаалга

Корона гайхал багасаад, элдэв хориг тавигдаад эхэлсэн. Сургууль цэцэрлэгийн арга хэмжээ ч цаг сайхан үеийнхтэйгээ адилаар зохион байгуулагдаж эхлэх гээд л байна. 

Цэцэрлэгийн зугаалга болоод. Үдээс өмнө 2хон цаг нэг цэцэрлэгт хүрээлэнд очиж жаал алхаж байгаад ирлээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн нэр "Учралын ой". 

Гэснээс учрал гэж сонсохоор өнөөх дуулиант УИХын гишүүн бодогдоод болдоггүй. Ха ха.Гайхлыг чинь маниас хөгшин, нас намбатай байх ёстой доо гэж бодсон бацаан байдаг юм даа. Тэгээд хэлсэн ярьсныг нь сонсохоор заримдаа ичээд байдаг юм. Ха ха. 

Далийчихлаа, уучлаарай.

Үлэг гүрвэлэнд дуртай хүний сав ийм байхаас яахав, тийм ээ? 

Хажуугийнх нь монголоос ирсэн. Хүний үгэнд ордоггүй, өгнө гэснээ л өгчихдөг нэг хүн бий. Хо хо. Эндээс хэрэгтэй юмаа хэлж захиад ч хэрэггүй, тэс өмнөө л юм ирдэг. Тийм болохоор юу ч хэрэггүй ээ гэж хэлдэг ч энэ мэт зүйлс ирнэ ээ. Хаяж болохгүй тул, нэг ээлжинд хэрэглэж байна...

Муурын байшин шиг. Доторх нь бас налуу. Орохоор хазайгаад уначих гээд эвгүй. Багачуудын шаагиж байгааг. Бие биенээ харахаараа онгирохыг нь яана. Хөл толгойгүй л шаагиж байсан.

Төгсгөл хэсэгт ийм нохой нугалж наасан. Нэг хорхой нугалж болно гэсэн. Хэцүү санагдаад больчихсон. Энэ нохой чинь харин маш амархан. Нугалах аргыг нь хэвлэж гаргаад, наачихсан байсан.

Нэлээд өгсүүр замаар явж байснаа замд ийм цагиргатай таарна. Үүнийг цэцэрлэгээс бэлдсэн. Түүнээс цэцэрлэгт хүрээлэнд ийм цагираг байхгүй. Нэг багш зогсчихсон. За үүгээр үсэрч явна шүү гээд л хянана. Хи хи.

Хоёр эгнээ. Нэг эгнээгээр нь ээж аавууд, нөгөөхөөр нь хүүхдүүд нь үсэрч алхана. 

Багад чиртаа тоглодог байсан шиг л үсэрч дэвхцэнэ гэсэн үг. Өгсүүр замаар алхаж, амьсгаадаж очсоноо үсэрсэн чинь бараг чадахгүй байсан. Нас явж байна гэсэн үг үү? Хэ хэ.

Ээж үдээс хойш ажилтай тул,төгсгөл хэсэгт нь солигдоод, аав ийм бэнто бэлдэж ирээд, хамтдаа идчихээд, үдээс хойш албанд нь хүргэж өгсөн. Ногоон, улаан өнгө гэж алаглаагүй. Хэ хэ. Гэртээ тэр бүр ногоо идэж өгдөггүй тул албаар бэлдээгүй гэсэн.

3 жил завсарласан арга хэмжээ цомхон, гэхдээ часхийсэн агуулгатай зохион байгуулагдсан.

Өмнө нь бөөнөөрөө том автобус хөлслөөд, хамтдаа суугаад л явдаг байсныг энэ удаад өөрсдийн унаагаар шууд явж очсон. Нэг бодлын автобусны мөнгө гэж төлөхгүй сайн талтай ч багачууд тэр бүр суудаггүй том оврын автобусанд сууж хөөрч баясаагүй гэсэн сул талтай.

Ирэх жилээс уламжлалт зохион байгуулалтандаа орох байгаа. Мөнгө хэмнэх гэж улайралгүй, нэг аятайхан дурсамж үлдээсэй гэж бодов. Төгсөхөөс өмнө. Ирэх жил цэцэрлэгийн төгсөх анги гэж бодсон чинь цаг хугацаа чинь харвасан сум шиг л өнгөрч байна шүү...

Түр баяртай. Бүгдэд нь бүхий л сайн сайхныг хүсье.

2023年4月28日金曜日

40 насандаа хийх 17 зүйл үргэжлэл

Үргэлжлэл. 

6. Мөнгөтэй хэрхэн нөхөрлөхөө шийдэх.

Мөнөтэй харьцах 3 арга байдаг. Нэгт мөнгөний боол болох. Хоёрт мөнгөний эзэн болох. Гуравт мөнгөний найз болох. 

Мөнгөгүй байна гэдэг өөрөө тийм ч муу зүйл биш. Мөнгөний боол гэдэг нь мөнгөгүй гэдэг шалтгаанаар мөрөөдлөө хаячихсан, мөнгөгүй гээд эргэн тойрныхныгоо дарамталдаг хүн. 

Мөнгөний эзэн гэдэг нь би мөнгөтэй, мөнгөөр юуг ч худалдаж авч болно, би мөнгөтэй учраас би л хамгийн нь гэсэн хүн. Хэдий мөнгөтэй байсан хайр, хүндлэлийг худалдаж авч чадахгүй. 

40 наснаас хойш мөнгөний найз болж, түүнтэй нөхөрлөх хэрэгтэй. Энэ нь мөнгийг үрж чаддаг, олж чаддаг, мөнгөтэй нөхөрсөг харилцаа үүсгэнэ гэсэн үг. 

Мөн орлого зарлага, хөрөнгө, өр зээлийн тухай судлах. Тодорхой орлого, хөрөнгөтөй байх, аль болох даруухан амьдрах, хэрэглээний хөрөнгөтөн үзлээс ангижирч, өөрөө хийж, бүтээж түүгээрээ амь залгах гэсэн зарчмаар амьдрах.

Орлогын эх үүсвэрийн тоо хэд хэд байвал сайн...

7. Үгүй гэж хэлэх зоригтой байх.

Заримдаа үгүй гэж хэлж чаддаг байх. Юунд за гэж хэлэх, юунд үгүй гэж хэлэхээс хүний амьдрал шийдэгдэж байдаг. 

Сайн эцэг, сайн эхнэр, сайн хүүхэд, сайн найз, сайн ажилтан, сайн дарга байх гэж өөрийн үнэт цагаа алдаж, за гэж хэлдэгээ болих. Зарим нэг үүрэг хариуцлагаас ангижрах. 

Таны хувьд хамгаас чулах зүйл юу вэ гэдгийг мэдэж, түүндээ л за гэж хэлэх. "За яахав дээ" гэдэг үгийг халах.

8. Хорвоо ертөнцөд би юу үлдээж чадах вэ? гэж бодох.

Таны хувьд ажлын утга учир юунд оршдог вэ? Өдөр тутамдаа хүэсэл эрмэлзлэл дүүрнээр ажиллаж чадаж байна уу? Ямартай ч ажиллахгүй  болохгүй гэж бодон өдөр хоногийг үлгэн салган ажиллаж байна уу?

Өөрийн гал эрмэлзлэл, хүсэл тэмүүллээ хөсөр хаяж болохгүй. 

Би энэ хорвоод юу үлдээж чадах вэ? Юу ч чадахгүй гэж хэлэх хүн байх. Гэхдээ таны төрүүлж, өсгөсөн хүүхэд үлдэнэ. Хэрхэн нөлөөлөх вэ? 

Эргэн тойрондоо өгсөн таны бяцхан нөлөөлөл асар их хүч болж ч магад...

Би юу үлдээж чадах вэ? гэж тунгаан бодох...

9. Өөрийн орон зайг олох, мэдрэх.

Ганцаараа байх орон зай бий болгох. Хувийн зуны байшин гэх мэт зүйл байхгүй ч бяцхан кофены газар байсан ч болно шүү дээ. Та тэнд ганцаараа байж, өөрийг мэдрэх л чухал. 

Өөрийгөө хөндлөнгөөс харах дадал бий болгох 

Элдэв дуу чимээг хааж, зүрх сэтгэлийнхээ дууг сонсох. 

10. Гэр бүлтэйгээ хамт байх сүүлийн арван жилд ач холбогдол өгөх.

Энэ насанд эцэг эхтэйгээ хагацах тохиолдол их байдаг. Тийм учраас тэд нартайгаа дурсамж дүүрэн цагийг өнгөрөөх. 

Үр хүүхэд томорч, үүрнээсээ нисэхийн өмнөх үе. Гэр бүлтэйгээ ойлголцох, дурсамж бүтээх, эцэг эхийгээ асарч тойолох үе. 

Өөрийн биеийг эрүүл саруул, төрөл саднуудаа эрүүл саруул байгаа дээр уулзах. Тэдний яриаг сонсох, тэд нараас өөрийн бага насны тухай сонсож мэдэх. 

Садан төрөл, найз нөхөдтэйгөө уулзаж, хожим дурсах өдрийг өнгөрүүлэх.

11. Хань ижил, найз нөхдийн харилцаагаа эргэн харах.

Хайрын тухай дахин нэг эргэцүүлэх. Хайраа илэрхийлэх аргуудын ялгааг олж мэдэх. Хоорондын харилцааныхаа тухай тунгаан бодох. Хань гэдэг бол чамайг аз жаргалтай болгох биш чамд аз жаргал гэж юу болохыг ойлгуулж өгдөг хүн.

Бид хань ижлээсээ нэг л мэдэхэд олон зүйлийг шаарддаг, хүсдэг болчихсон байдаг...

Дотны найзтайгаа уулзаж, хөгжилдөх. Тэр бүр уулзалдаад байдаггүй найз нөхөддөө цаг гаргаж захидал бичих.

12. Шинэ зүйлд суралцах.

Ажлаас ангид сонирхдог зүйл, хоббитой болбол их сайн. Хойшдын амьдрал чинь сонирхолтой хөгжилтэй болно. Урд нь огтоос сонирхож байгаагүй, оролдож үзэж байгаагүй зүйлсээ хийж үзэх. 

Сонирхол , хоббигоо ажил болгож үзэх. Оролдоод үзэх. 

Ууланд авирах, марафон гүйлтийн тэмцээнд оролцох, гадаад хэл сурах гээд л. Ингэснээр та шинэ найз нөхөд, шинэ хүрээлэлтэй болно. Амьдрал ч хөгжилтэй болно.

13. Одоогийн өөрийн эргэн тойрон дахь аз жаргал, баяр баяслыг тоолох.

Өнөөгийн амьдралд тань буй жаргал мэдэрдэг зүйлсээ тоолох. Хэрэв та эрүүл саруул байвал тэр чинь аз жаргалын нэг хэсэг. 

Ажилтай байгаа минь, хайртай хүнтэйгээ амьдарч байгаа минь, намайг хайрладаг хүмүүстэй хамт байгаа минь гээд эргэн тойрон аз жаргал дүүрэн бий. 

Хэрэв танд ямар нэгэн асуудал, бэрхшээл тулгарсан бол тэр чинь дараагийн бэлгийг танд бэлдэж байдаг. Бэрхшээлийг даван туулахад л сайн сайхан хүлээж буй болно. 

Талархал нь дараагийн аз жаргалыг дууддаг. Талархах сэтгэлийг мартай болохгүй.

14. Биелэх боломжтой мөрөөдлүүдээ биелүүлэх.

Хийхийг хүсдэг зүйл чинь юу вэ? 10 хэдэн насандаа, 20 хэдэн насандаа юу хүсч мөрөөдөж байсан бэ? Жагсааж бичээд үзэрэй. Үүнээсээ биелүүлэх боломжтойг нь түүгээрэй. 

Нэг мөрөөдлөө биелүүлэхэд дараагийн мөрөөдөл урган гарч ирдэг. Гинжин холбоотой гэсэн үг.

Ямартай ч ганц ч болов мөрөөдлөө биелүүлээд үзээрэй...

15. Хэрхэвч бууж өгч, шантарч болохгүй.

Хүсэл зориг, мөрөөдөлдөө хөтлөгдөн амьдарч байна уу? Эсвэл аюулгүй, тохьлог орчноосоо гарахыг хүсэхгүй байна уу? Нэг бол хэзээний шантраад өдөр хоногийг уйтаагаар өнгөрөөж байна уу? 

Энэ тухай тунгаан бодож хойшдын амьдралын хэв маягаа шийдэх үе. Юунд, яагаад ядраад, шантраад, урам зориггүй болчихов гэдэг шалтгааныг хайх. 

Мөрөөдөл, хүсэл зоригоосоо шантарсан 50, 60 насны хүмүүс эргэн тойронд чинь байж магад. Тэд нарыг харж суралцах. 

Өөрийн чадвар, ирээдүйд итгэх. Гол нь шантрахгүй байх. Хүн мэдээж алдана. Оролдоод л үзэх, шатралгүй...

16. Зөв гэхээсээ илүү хөгжилтэй зүйлийг сонгох.

Өдөр тутмын тань амьдралд хөгжилтэй, зугаатай зүйлс юу байна? Түүнийг олж харах, хэрэгжүүлэх. 

Өдөр тутмын амьдарлдаа өчүүхэн ч болов аз жаргалыг мэдрэх. 

Амьдрал ер нь нэмэх хасах цэнэгийн нэгдэл шүү дээ. 

Үүнийг заавал хийх ёстой гэдэг зүйл ихтэй бол аяндаа ядраад ирдэг. Харин хөгжилтэй, таатай мэдрэмж төрүүлдэг зүйлс их байвал, зугаатай зүйлсийг сонгож байвал сайн. 

Хүнд хэцүү цаг үе тулгарсан ч жижигхэн зүйлд, багахан зүйлд баярлаж сурах.

17. Амьдралын утга учрыг ойлгох.

Өөрийн хорвоод мэндэлсэн утга учрыг мэдрэх, төрсөндөө баярлах. Нийгэмд амжилт гаргаагүй ч өөрийнхөөрөө байгаа хүн илүү аз жаргалтай байдаг. 

Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадвал аз жаргалыг мэдрэнэ. 

Бүхий л зүйл таны сонголт...

Өөрийн дотор буй, өрнөж буй мэдрэмжээ сонсох, дагах, хэрэгжүүлэх, биелүүлэх. 

Сэтгэлийн амар амгаланг эрэлхийлэх...

Төгсөв. Их л энгийн, мэдээжийн ч юм шиг зүйлс бичээстэй байгаа биз? Гэхдээ бид мартчихдаг тийм ээ? 

Бусад номноос нь зээлж уншихыг хичээнэ ээ.  Түр баяртай. Бүгдэд нь бүхий  сайн сайхныг хүсье.

Жич: Бэлгэнд авсан борголоо уухаар задлах гээд л. Задлах үеийн үнэр тансаг тийм ээ? Уудаггүй зулзагууд хүртэл дуртай тэр үнэрт...

2023年4月27日木曜日

Тэрэлж цэцэг

Өдрийн цайны цагаараа ном барьж аваад л таг хөдөлгөөнгүй суучихдаг гэж ойлгодог хүмүүс мэр сэр бий. Хувийн ажлаа амжуулдаг юм аа. Энэ өдөр шуудан орох ажил гараад. Зулзага, шилжээд явсан бага ангийн багшдаа захиа бичээд, өөрөө шуудан орох зав гардаггүй. 

Ээжид оногдоно уг ажил...

Галт тэрэгний буудал. Цэцэг нь анхаарал татаад. Яг өдийд энэ цэцэг хаа сайгүй. Азалия буюу тэрэлж цэцэг гэнэ шүү. Цагаан, ягаан, улаан гэх мэт өнгөөр алаглана.

Энэ цэцэгсийн нэрсээ мартчихгүй л байх юмсан. Ирэх жил мартчихаад дахиад л хайх байх даа. 

Өөрөө цэцэг тарьж арчилдаггүйн л гор байх тийм ээ?

Модны нэрийг хэлж мэдэхгүй байна өө. Зочид буудлын гадаа. Гэснээс энэ зочид буудлыг тэр чигээр нь муждаа түрээслүүлчихсэн байгаа гэсэн. Коронатай гарсан хүмүүсийг байрлуулдаг гэсэн. 

Яаж мэдсэн гэхээр, сая монголоос ирэх хүнд зочид буудал хайж утасдахдаа. 

Дээрх модны цэцгийг ойроос дарсан байдал. Гоёмсог байгаа биз? Гоёмсоггүй цэцэг ч гэж алга л даа. Бүгд л өөр өөрийн онцлогтой.

Гэснээс ойрд хүйтэн байна. Жиндүү. Даараад л гүйгээд байна. Бас бороотой. Удахгүй халуун халуун гэдэг улирал эхлэх тул сэрүүхэн өдрүүдээ нэг их ад үзэхгүй шүү. Хи хи.
 

Хувийн ажил гэж их байна өө, зулзагуудын. Амжвал ганц нэгийг нь бичиж үлдээнэ ээ. Яагаав 40 насандаа хийх зүлйсийн эхний жагаасалтад байсан даа. Хувийн түүх, намтараа бичих гэж. 

Блог минь ч бас түүний нэг хувилбар юм даа.

Түр баяртай. Бүгдэд нь бүхий л сайхныг хүсье.

2023年4月26日水曜日

40 насандаа хийх 17 зүйл

"Саятны сэтгэлгээний нууц" номыг унших явцдаа, орчуулсан Хонда Кэний бичсэн ганц нэг номыг сонирхож үзэв. Энэ хүн маань өөрөө бас ч гэж зүгээргүй хүн бололтой дог шүү. 

Зохиолч гэж явдаг ч хэд хэдэн компанитай, мөнгөний мэргэжилтэн, мөнгө олох тухай, баяжих тухай лекц уншдаг бололтой. Мөн бичиж хэвлүүлсэн ном бүхэн нь олон хувиар зарагддаг юм байна. 

Мөн хэд хэдэн ном орчуулсан, дандаа мөнгөжих, баяжих тухай агуулгатай байсан байх шүү. 

40 гарчихсан хүн чинь "40 насандаа хийх 17 зүйл" гэдэг номноос нь эхэлж уншихаар шийдээд, зээлэв. "10 насандаа хийх 17 зүйл" гэдэг номыг нь хамт зээлсэн. 

Зулзага уншиж магад гээд. Одоохондоо уншаагүй л байна. Би хааяа сөхөж харчихаад л явж байна. Номын сүүл хэсэгт бичсэн энэ насандаа уншчихсан байвал зүгээр гэсэн номнуудаас нь ганц нэгийг зээлээд өгчихсөн. 

Унших байгаа гэж найднам. Учир нь дунд сургуульд эхний хэдэн минутыг "өглөөний уншлага" гэж хийдэг. Тэр нь зураг ихтэй манга ном биш, ханз ихтэй ном байх ёстой гэж анги даасан багш нь хэлсэн. 

Мөн хэвтээ биш босоо байвал сайн гэсэн. Сайн ч гэж дээ бүр босоогоор бичээд, хойноосоо уншдаг ном байх ёстой гэсэн. 

Би ч дотроо маш сайн зүйл гэж сайшааж байгаа. Тэгээд л 10 хэдэн насныхаа явцад уншсан байвал сайн гэсэн номны жагсаалтаас түүж хэд хэдийг зээлсэн нь тэр. 

Гэснээс түүн дотор "Алхимич" явж байна лээ. Юун 10 хэдэн насандаа унших, 40 насандаа уншлаа шүү дээ би. Ай амьдралаа гэж...

 Мөн 10 хэдэн насандаа уншсан байх номын жагсаалтад Дейл Карнеги явж байх юм. Нэг зээлэх гэснээ арай л ахдах юм болов уу? гээд больлоо. Яван чангарана аа. 

За тэгээд энэ удаад өөрийн насныханд минь зориулсан 17 зүйлийн гарчгийг нь бичлээ. Япон хэлтэй хүмүүс дэлгэрүүлж уншина биз дээ?

1. Хийж чадах, эс чадах зүйлсээ ялгаж, ангилах.

Бусдын үнэлгээнд хэт автахгүй байх. Сайн чаддаг зүйл, маруухан зүйлсээ мэдэж авах.  Чухал болон чухал бус зүйлийг ч ялгаж салгах.

2. Өөрийн түүхийг бичих.

Би гэж ер нь хэн юм бэ? Юу хийж чаддаг вэ? Юуг чадахгүй вэ? Ямар авъяастай вэ? Миний юуг үнэлдэг вэ? Ямар хүмүүстэй байхдаа аз жаргалыг мэдэрдэг вэ? гэх мэтээр өөрийн амьдралаа эргэн нэг харах. Гэр бүл, садан төрлүүдээ нэг тойруулан харах. Тэд ямар мэргэжилтэй байна вэ? Ямар хүмүүс вэ?

Хойшдын амьдралаа хэрхэн өнгөрөөмөөр байна, хэрхэн ажилламаар байна гэдгийг тунгаан бодоход ингэж эргэн нэг харах нь тустай. Мөн өөрийн намтрыг бичиж болно.

Өөрийн тухай, ээж аавын тухай, найз нөхдийн тухай, хүүхдийнхээ тухай гээд юу ч байж болно. 

Энгийн л нэгэн, онцын авъяасүй нэгэн байгаагаа хүлээн зөвшөөрөх. Гутрахгүй байх үүндээ. Өөрийгөө байгаагаар нь хүлээж авч, хайрлах. Учир нь энэ энгийн, хэвийн зүйлд ч гэсэн өөрийн гэсэн аз жаргал оршин байдаг. 

Өөрийгөө голж, өнөөдрийг хүртэлх аз жаргалаа үгүйсгэх хэрэггүй.

3. 60, 70 настнуудаас үг сонсох. Тэднийг ментор болгох.

Ахмад настан, нэг ёсондоо илүү оймс илээж буй хүмүүсээс суралцах. Тэдний амжилт, бүр алдаанаас нь суралцаж болно. Өөрт буй боломжийн тухай асууж мэдэж авах. Тэд нараас урамшууллын үг сонсох.

Өөрөө ментор болж залууст заах, үлгэрлэх. Залуу хойчд үедээ заангаа тэд нараас эрч хүч авах.

4. Ирээдүйд харамсах зүйлээ энэ насандаа хийх.

Энэ хорвоогоос явахдаа харамсах буюу тэгдэг байж, ингэдэг байж гэсэн 10 зүйлийг бичих. Шалтгаан нь 50 насандаа, 60 насандаа хийж чадахааргүй зүйл ч байж магад шүү дээ. Хэрэв тийм зүйл бичигдсэн бол залуу байгаа дээрээ буюу 40 насандаа амжуулна гэсэн үг. 

20 насандаа хийхийг хүсэж байсан зүйлсээ жагсааж бичих. Хэрэв хараахан амжуулаагүй зүйл байвал амжуулах, оролдож эхлэх. 

Сэтгэл догдлуулсан зүйлийг олох. 40 насанд нэлээд намба суугаад, тэр бүр зүрх сэтгэлээ догдлуулсан зүйл хийх нь багасчихдаг. Ажил , амьдралын хэв маягтаа дарагдаад...

Чадахгүй гэдэг амны уншлагыг таягдан хаях. Цаг зав байхгүй, мөнгөгүй, ур чадвар байхгүй гээд л шалтаг тоочоод суувал 70 насандаа хүрчихээд "40 насандаа хийж байхгүй юугаа хийж байсан байна аа, тэр үед л эхэлдэг байж" гэж харамсах болно шүү.

5. Цаг хугацаа, эрүүл мэнд бол таны хөрөнгө гэж бодох. 

Хүний амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? 40-д нас бол хамгийн завгүй, шаргуу ажиллаж өнгөрдөг үе. Хүүхдүүд ч томорч, санаа зовох агуулга нь ч өөрчлөгддөг. Мөн өөрийн эцэг эхийн эрүүл энд суларч, асаргаа сувилгаа шаардагдах үе ч энэ насанд элбэг. 

Ганц эцэг эхийн эрүүл мэнд ч бус, өөрийн эрүүл мэндэд ч ямар нэгэн асуудал үүсэх нь олонтаа. Энэ наснаас хойшхи үе бол эрүүл мэнддээ анхаарах үе. 

Мөнгө болон бусад зүйлсийг яаж ийгээд бүтээж болно. 

Цаг болон эрүүл мэнд бол таны өв хөрөнгө. Энэ хоёр нь нүдэнд ил харагддаггүй тул хайнга хандчихдаг. Тоохгүй орхичихдог. 

Цаг, эрүүл мэндээ гамгүйгээр үрэхгүй, ашиглахгүй байх. Цагаа зөв зохицуулах, нойр хоолондоо ч анхаарах...

За энэ удаад ингээд өндөрлөе. Үргэлжлэлийг нь дараагийн бичвэрт. 

Бүгдэд нь эрүүл энх, хайр, аз жаргал, амжилт, мөнгө хүсье. Түр баяртай.

Жич: Халуун боргол уух гээд усаа буцалгах зуураа дарсан зураг.

2023年4月25日火曜日

Оройгүй сүм

За үүнийг өнгөрдөг жилийн зун эхлүүлээд, дундаас нь өөр ном уншаад, дуусгалгүй орхичихсон.

Тэгээд энэ жил заавал уншиж дуусгана гээд, зориглон барьж авав. Тэгсэн өмнөх уншсанаа мартаад, дахин эхлүүлэв. Нэг зүйл ойлгож авсан нь номоо эхлүүлэд орхихгүй байх,  тэгвэл мартаад дахин уншиж цаг заваа гарздана. Хүн ч тэгээд их хожуу ухаарах юм даа гэж. Хэ хэ. 

Уншиж эхлээд л нэг тийм шашны туйлшрал нүдэнд харагдаад, өнөөгийн шашны олон зан үйл, олон олон лам нар нүдэнд тодроод, бухимдал төрөөд байгаа. Хо хо. 

Түрүү жил Гандан хийд орсон хүн хэлсэн "Түвдэд очсон юм шиг санагдаад, дахиж Гандан орохгүй ээ" гэж...

Мэдээж шашин, сүсэг бишрэлийг үгүйсгэхгүй, тодорхой хэмжээгээр байж байж, зэрлэг балмад үйлдлийг дарж байдаг гэж боддог. 

Түүнээс хүмүүс бид чинь их л нүгэлтэй гэдэг биз дээ? 

Амьдаараа зулын гол болчихно. Бурхны оронд очиж үрийн заяа гуйхаар яваа хос хоёрын эр нь өндөр гүүрнээс морьтойгоо халиад нисчихнэ. Нэг нь үгүй болчихоор яаж ч үр заяахав дээ тийм ээ?

Эдгэршгүй хууч өвчтэй хүн илаарших гэж яваад замдаа өөд болно. 

Гэх мэт тухайн цаг үед анагаах, шинжлэх ухаан сайн хөгжөөгүй байсан гэж бодох ч хамаг эд хөрөнгөө бараад л алс холыг зорьдог мөргөлчдийн дүр төрх эдүгээ цагаас нэг их ялгарахгүй ч юм шиг санагдаад...

Уншиж дуусаагүй тул төгсгөлийг нь мэдэхгүй байна. 

Шашны хэт туйлширсан олон зан үйлд миний гэдэн хөдлөөд байдаг болохоор номд бичигдсэн доорх хэсгийг бүр олон хүнд уншуулмаар, нэг хүнд бүр дахин дахин уншуулмаар санагдаад.

…Энэтхэг газраас зээлдэн авчирсан Буддагийн сургаалийг Түвдийн лам нар олон үе дамжуулан баяжуулахыг нь баяжуулж, гээхийг нь гээж явсаар өнөөг хүрэхэд олон оны өнгө аяс загасны хайрс мэт давхарлан алагласаар зарим талаар танигдахгүй өөрчлөгдөж, зарим зүйлээрээ чулуужсан амьтны яс шиг болжээ. Сүжигтэн олны сэтгэлийг эзэмдэн барьж байх шинэ шинэ журам горим тогтож, бурхны номын үг үсгийг хүртэл айхтар нарийсган бас ч төөрөлдөхөөс аргагүй тийм бүрхэг юмаар чихэн дүүргэсэн ажээ...

За тэгээд энэ номын тухай энд тэнд их бичээстэй байдаг тул агуулгыг нэг их нуршихгүй ээ. 

Бодит амьдрал дээр гэхэд л жишээ нь баахан хадаг манайд байна. Би өөрөө хэт туйлшрахгүй байх гэдэг үзэлтэй тул яахаа мэддэггүй. Гялгар ууттай шинээр нь байгаа ганц нэгийг буцаагаад монгол өгөөд явуулчихмаар санагддаг. 

Хэрэггүй ээ, байгаа манайд гэж хэлээд байхад л өгч явуулаад байдаг нэг хүн бий. Хэт шашинлаг, бүр хэт шүү...

Мөн далай ламын зураг хөрөг их ирдэг байсан. Сүүлийн үед овоо багассан. Ирчихсэн байгаа хэдийгээ бас яахаа мэдэхгүй, байж л байна. 

Мөн Тайланд улсын шүтээн гэсэн байх аа, зааны зураг. Даавуун дээр зурсан. Шүтлэгтэй улс бол шүтээд, жаазлаад л ханандаа өлгөх байх. 

Би чинь зулзагуудынхаа зурсан бүтээлийг жаазалж ханандаа өлгөдөг хүн шүү дээ. 

Гэх мэтээр ойр дотныхонд нэг л хэт их шүтлэгтэй, түүнийгээ тулгаад байдаг хүн байхад л бусад нь дагаж намирчихаад байх юм. 

Гол нь тэр их хадагны хэрэглээ, элдэв зураг хөргийг чинь бүтээхэд, үйлдвэрлэхэд байгаль орчноо сүйтгээд, тэр нь нүгэл болоод байна гэж бодохгүй байгаад л хамаг учир байх шиг...

Шинэ юм худалдаж авахад хэдэн ширхэг ч билээ мод тайрсантай адилаар байгаль эхээ сүйтгэж байдаг юм гэсэн судалгаа уншиж байлаа. Үүнийг л тэр хэт тулшрамтгай сүсэн бишрэгчдэд уншуулмаар санагддаг даа.

Номоо дуусгаад дахин нэг сэтгэгдэл бичиж магад.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Алив зүйлийн тунг нь тааруулцгаая.

2023年4月24日月曜日

Боорцог, борцтой цай

Энэ өдрийн мэнд ээ. Ойрд бичээгүй байна тийм үү? Зав муутай л гүйгээд байна. 

Номоо бол уншиж байгаа, нэг монгол, хэд хэдэн япон ном уншиж байна, зэрэг зэрэг. Хэ хэ. Тэгж байгаад эндээ ядаж нэрийг нь танилцуулна аа. 

Монголоос бэлэг авсан, манайхан юм хийх гээд л байна тийм ээ? Ганц нэг шинэ санаа оноо нэмчихбэл бас ч гэж болж байна шүү гэж бодов. Ооё, өөрөө юу ч хийгээгүй байж, санаа оноо хэлэхдээ ч гаргуун шүү дээ. 

Ямар бэлэг аваад, дуугай байхгүй илүү үглээд байгаагаа зураг хөрөгтэй бичихээр шийдэв. 

За ийм савлагаатай сүүтэй цай аваад. Би иймэрхүү савлагаатай сүүтэй цай барагтаа уудаггүй л дээ. Хань ижил уудаг. Гэхдээ голж шилж ууна, амтыг нь. Хэ хэ. 

Доторх зүйлсийг нь гаргаж ирээд өрчихсөн байгаа байдал. Хуванцар халбага бараг хэрэггүй санагдсан. Би хэрэглээгүй. Борц, боорцог, шар тос, шар будаа, сүүтэй цай.
Хүүе энэ боорцог их амттай байсан шүү. Хэ хэ. Хэмжээ нь ч гэсэн. Их биш, яг л таарсан. Түүнээс их бол бас цагаан гурил бла бла гээд шүүмжилнэ шүү дээ өнөөх чинь. Хо хо. 
Харин хийх усны хэмжээсийг ингэж гадна талд нь бичсэн байсан. Харахад, усаа тааруулахад жаахан хэцүү санагдсан. Эндхийн бэлэн гоймонгийн саван дотор нь тойруулаад тэмдэглэчихсэн байдаг даа. 

Яг тэрэн шиг тэмдэглэчихбэл ч ёстой гаараад өгч гэж бодсон. Эхэндээ би энэ зураасыг нь олж хараагүй, шууд усаа хийж байснаа нээрээ ямар хэмжээтэй халуун ус хийх бол гэж бодоод, мэлтэлзүүлээд л хийсэн. 

Дууссан хойно нь энэ тэмдэглэгээг олж харсан. Хэ хэ. 

Амт бол тун дажгүй санагдсан. Хааяа нэг уухад. Борц, боорцог амттай байсан. Би нэгийг авч яваад өдрийн цайнаараа уусан. Тэгээд л болоо, өдрийн хоолонд. Хэмжээний хувьд эмэгтэй хүнд болох байх, эр хүмүүст мэдээж цадахгүй л байх цаадуул чинь...

Түр баяртай, бүгдэд нь амжилт, хайр, мөнгө, бэлэг хүсье. 

2023年4月17日月曜日

Мацаг

"Өлсөх нь хамгийн хүчтэй эм" гэдэг номны орчуулгыг нь авчраад уншчихлаа. Одоо хэрэгжүүлэх л үлдсэн. Онгод тэнгэр бууж ирэх өдрийг хүлээж байна. Хэ хэ. 

Ямартай ч нэг дор хэт их идэхгүй байх. Хааяа бууз хуушуур хийхээр хэтрүүлчих гээд байдаг муу талтай. Өнөөдөр л гэхэд хуушуур хийсэн. Ойрд хийж идээгүй байсныг ч хэлэх үү? 

Элдэв амттангаа үнэхээрийн цөөлөхөөр шийдсэн. Хар шоколатнаас өөр амттан идэхгүй байхаар шийдсэн. Бага багаар хэрэгжүүлж эхэлж л байна. Энэ япончууд чинь ямар их амттан иддэг юм бэ? 

Иддэг юм бэ бишээ? Ямар их бие биедээ тараадаг юм бэ? Ажлын хүүхнүүд бол нэг их идэж харагддаггүй. Би л хамж идээд байгаа харагддаг юм. 

Харин бие биедээ бэлэг сэлт өгөхдөө амттан их өгөх юм. Би сүүлийн үед кофе бэлэглэдэг болсон, хүмүүст. Дотроо цөөн хэдэн ширхэгтэй, их амар. Гэснээс ажлын нэг вьетнам хүүхэн надад бас кофе бэлэглэсэн, амттан байснаас л дээр гээд би баярлав шүү дээ. 

Эх хэлээрээ унших гэж зүтгэсэн хамгийн гол зорилго нь мэдэхгүй үгнүүдээ олж мэдэх санаатай. Зарим нэг мэргэжлийн үгийг орос хэлээр гэх юм уу? Крилл үсгээр бичсэн байсан. 

Тэгэхээр орчуулагддаггүй байх. Өөрөө л сайн дэлгэрүүлж л унших хэрэгтэй юм байна. Амжих эсэхийг сайн мэдэхгүй, өдөр тутмын амьдралдаа дарагдаад мартчих байх даа. Хэ хэ. 

Мөн унших ном асар их байна. Уншаад байхад барагдахгүй байна. Энэ хүмүүс яаж жилийн 400 ном уншаад байдаг байна аа тийм ээ? Болоогүй ээ, түүнийгээ хэрэгжүүлдэг гэж байгаа. Атаархаж байна өө. 

Зулзагууд томроод өөрийн дуртай зүйлдээ нэг их хичээлгүйгээр цаг зав гаргадаг болох байх, тэр болтол цаг зав хүчээр шахуу гаргаад л уншиж байя дөө. 

Сүүлийн авчруулсан 8 номны маань 6 нь эрүүл мэндтэй холбоотой ном байсан. Уншаад зураг хөрөг орууламз. 

Гэснээс шунал хөдөлгөгч маань сая монгол явахдаа 40 ном худалдаж авсан гэсэн шүү. Би 8-хан ном авчихаад ямар ихийг авчихав аа гээд санаа зовоод байсан юм. Хо хо. 

Японоор нь уншихдаа агуулгаас нь танилцуулсан тул энэ удаад зүгээр л зураг оруулав. Япон хэл мэдэхгүй шүү дээ гэсэн хүмүүст алтан боломж байгаа биз? 

Сахараа л хянацгаая бултаараа...

Чихэртэй кофе, ундаа уудаггүй, хүүхдүүддээ ч уулгахыг хүсдэггүй. Худалдаж авахгүйг хичээдэг, хаа нэгтээ хүнээр далимдуулаад уучихдаг зулзагууд. Дараагаар нь үглүүлдэг. Хи хи. 

Хатуу чихэр иддэггүй, майонез иддэггүй, элдэв амтлагч барагтаа хэрэглэдэггүй гэх мэт сайн талууд бий л дээ. Гол нь бялуу, чёко гэх мэт элдэв амттанг идчих гээд байдаг муу зуршлаа таягдан хаях...

Өө юу вэ? Дарсанд дуртай шүү дээ? Одоо яах вэ? Та минь ээ. 

Бас ном уншиж байна гээд хөдөлгөөнгүй суудаг цагаа богиносгох...

Түр баяртай, бүгдэд нь эрүүл мэндийг хүсье.

2023年4月14日金曜日

Шилмэл өгүүллэггүүд

Зээ, жижиг, нимгэн номноосоо түүж уншиж байна аа. Биеэр жижиг ч бэлчээр томтой гэдэг шиг агуулга нь бас л зүрхийг ихээр өвтгөсөн...

Нэг харамсалтай нь хэвлэлийн гэх юм уу? үг үсгийн алдаа маш ихтэй байлаа. Илт өөр эгшигээр биччихсэн гэх мэт. 

Эдгээр өгүүллэггүүдийн нэрийг их л сонсож байсан ч яг уншсан чинь ерөөсөө агуулга нь бууж ирэхгүй гэх юм уу? 

Санахгүй байсан. 

Манжийн дарлал, шарын шашин гээч юм чинь ер нь маш алс холын бодлоготойгоор манайд оруулж ирээд, дэлгэрүүлээд, толгойд нь бат бөх суулгаад, ноомой болгоод, зэрэг дэвэнд дурлуулаад...

За тэр "Нууцыг задруулсан захиа" бол үнэн өр өвтгөнө. Ээж аав, охин дүү нарынхаа толгойг цавчдаг хэсэг ч ээ бурхан минь. Дүү нь ч маш сэтгэлийн хатуутай. 

Тийм л багаасаа бидний эвэг дээдэс их эх орон ч байжээ. Юун би ми эндээс ном уншаачээ, баяр наадмаа багасгаачээ гэж үглэх...

"Эмгэн сойвон" гэдэг өгүүллэг байна. Бас л зэвүүн, гэнэн хүмүүс гарна. 

"Шүхэрч Бунияа" нь цагаа олж төрөөгүй инженер хүн гэж нэр өгмөөр...

"Бэр цэцэг"-ийг уншихаар шууд л Цогт тайж киноны Арслан тайж, Хулан хатан хоёр нүдэнд харагдана. Хэ хэ. Яг ямар цэцэг байдаг билээ гэж хайж үзсэн. Эх орныхоо байгальд ургадаг цэцэгсийг нэг л цээжилж өгөхгүй мартчихаад байх юм. 

Нэрсийг нь бол энд тэндээс уншдаг тул мэдээд байгаа ч яг цэцэгнийх нь дүрслэл бууж өгөхгүй, энд тэнд таарвал танихгүй...

"Богд таалал болсон" нь харин хөөрхөн, хөгжилтэй. Хо хо. Хөгөө ч чирэхээ шахсан шүү моньд чинь...

Та бүхэн ч гэсэн уншаарай. Би ч хойшид номноос авна гэж төлөвлөж байгаа. Гэхдээ гол нь хэвлэлийн алдаа бага байгаасай гэж хүсэх байна дөө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хайр, мөнгө хүсье. 

Жич: Зулзагатайгаа нэг өдөр булагнаад. Хэ хэ. Сургуулийнхаа цүнхийг заавал адидас энэ тэр гэсэн бренд бусыг нь сонгож авсан. Адидасыг бодвол хямд байсан тул илүү гарсан мөнгөөр нь өдрийн хоол идэв. Хи хи. 

Хоолоо хүлээнгээ би номоо уншаад, хоол ирэхэд хажууд нь тавьж байгаад зураг дарсан. 3 минут ч байсан хамаагүй шууд номоо гаргаж ирдэг болсон...

2023年4月10日月曜日

Саятны сэтгэлгээний нууц 3

Саятны сэтгэлгээ 6. Саятнууд амжилт гаргачдыг магтан дуулдаг. Мөнгөгүйчүүд амжилт гаргагчдад атаархдаг. 

"Өөрийн хүсэж буй зүйлээ ерөөж сурах". 

"Би баячуудыг магтана.

Би баячуудыг ерөөнө.

Би баячуудыг хайрлана.

Би заавал баячуудын эгнээнд элсэн орно".

Саятны сэтгэлгээ 7. Саятнууд амжилт гаргасан хүмүүстэй нөхөрлөнө. Мөнгөгүйчүүд алдаа гаргагч хүмүүстэй нөхөрлөнө.

Саятны сэтгэлгээ 8. Саятнууд борлуулалтанд эерэгээр ханддаг. Мөнгөгүйчүүд борлуулалтанд сөргөөр ханддаг.

Саятны сэтгэлгээ 9. Саятнууд өөрт тулгарсан асуудлаас давуу чадвартай байдаг. Мөнгөгүйчүүд өөрт тулгарсан асуудлаас бага чадвартай байдаг.

Саятны сэтгэлгээ 10. Саятнууд баялгийг хүлээн авах чадвартай байдаг. Мөнгөгүйчүүд баялгийг хүлээн авах чадвар муутай байдаг.

"Мөнгө тухайн хүний төрөлхийн зан авирыг ил гаргадаг".

Саятны сэтгэлгээ 11. Саятнууд үр дүнд тааруулж урамшуулал авдаг. Мөнгөгүйчүүд цагийн хөлс, урамшууллыг илүүд үздэг. Тогтмол цалин, цагийн хөлсийг илүүд үздэг хүмүүс баяждаггүй.

Саятны сэтгэлгээ 12. Саятнууд аль алиныг нь гартаа оруулахыг хүсдэг. Мөнгөгүйчүүд аль нэгийг нь л гартаа оруулахад хангалттай гэж үздэг.

Саятны сэтгэлгээ 13. Саятнууд нийт хөрөнгөнд анхаарлаа хандуулдаг. Мөнгөгүйчүүд ажлын хөлсөнд анхаарлаа хандуулдаг.

Орлого, хадгаламж, хөрөнгө оруулалт, хэмнэлт гэсэн 4 хүчин зүйл асар чухал.

Саятны сэтгэлгээ 14. Саятнууд мөнгийг чадвалгаар зохицуулдаг. Мөнгөгүйчүүд мөнгийг зохицуулахдаа тааруу байдаг. 

Санхүүгийн эрх чөлөөний данс: 10 хувь. Чадвал өдөр бүр мөнгө хий. 

Чөлөөт данс (зугаа, тансаглал): 10 хувь.

Өөрт хөрөнгө оруулалтын данс: Орлогын 10 хувь.

Шаардлагатай хэрэглээний данс: 55 хувь.

Өглөгийн данс: 10 хувь.

Саятны сэтгэлгээ 15. Саятнууд мөнгийг 100 хувь эргэлтэнд оруулж чаддаг. Мөнгөгүйчүүд мөнгөний төлөө үхэн хатан ажиллдаг.

Чамайг ажиллаагүй байхад эргэлдэж, орлого болж орж ирдэг мөнгөний уурхайтай болох. Жишээ нь үл хөдлөх худалдаж авах.

Саятны сэтгэлгээ 16. Саятнууд айдаст ялагдалгүй хөдөлгөөн хийдэг. Мөнгөгүйчүүд айдсаасаа болоод юу ч хийж чаддаггүй.

Саятны сэтгэлгээ 17. Саятнууд юу ч байсан сурахын төлөө байдаг. Мөнгөгүйчүүд өөрийгөө бүхнийг мэдэгч гэж боддог. 

Үргэлж хийдэг зүйлээ хийвэл үргэлж л олдгийгоо л авна. Жим Лон. 

Саятнууд амжилтын нууц: Хүний өөрийн өгөгдөл, дараагаар нь үйлдул, эцэст нь мөнгө.

Өөрийн мэргэжлийн хүрээлэлдээ хамгийн сайн нь бай. 

Техник, арга барилаа зүлгэвэл орлого ч өснө.

Би ямагт суралцаж, амжилт гаргахын төлд хичээн зүтгэнэ.

За ингээд энэ ном төгсөв. Олигтой хэрэг болох зүйл бичиж чадаагүй ч, ийм сэдвээр боломж гарвал уншихыг хичээнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт, хайр, мөнгө хүсье.

2023年4月9日日曜日

Саятны сэтгэлгээний нууц 2

Он дамжиж байж гэдэг шиг сар дамжиж байж уншиж дуусгалаа. 

Ямартай ч баахан япон үг тэмдэглэж авч, эхнээс нь тольдоод л явж байна. Ингэхэд энэ япон хэлийг чинь дөмөгхөн сурчих янзгүй шүү. Мөлхөж л байхаас, огт хөдлөхгүй байхаас л дээр байх...

Гэснээс далд ухамсраа өөрчлөх зорилготой хүн чинь үүгсийн сангаасаа энэ "...гүй" гэдэг үгийн төгсгөлийг аюч хаях хэрэгтэй байна. Тийм үү?. 

Тэгэхээр "дөмөгхөн шиг сурахад минь жаахан л хугацаа хэрэгтэй, хичээнэ ээ" гэж ярьж бичих ёстой болох нь. 

Уг номонд гарсан хамгийн шилдэг нэг өгүүлбэр байна аа. Бүр миний тархинд хадагдчихсан. Хэ хэ. 

"Мөнгөтэй хүмүүсийг, баячуудыг битгий үзэн яд, бүү атаарх".  

Яагаад ч юм баян хүнийг муу хүн, буруу аргаар мөнгө олсон доо гэж бодоод байдаг юм байна. Ялангуяа монголчуудыгаа. 

Гадны улсуудын амжилтанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад жинхэнэ өөрийн хөлс, хөдөлмөрөөрөө баяжсан хүмүүс ховор биз ээ? Ховор гэж бичсэн шүү, түүнээс огт байхгүй гэж бичээгүй...

Ямартай ч би толгойнд минь хадаастай байдаг энэ баячуудад дургүй, баячууд муу, зальтай хүн гэдэг бодлоо таягдан хаяхаар шийдэв...

"Баян хүмүүстэй адил сэтгэж, адил үйлдэл хий".

Баяжихыг, амжилтад хүрэхийг хүн болгон л хүсдэг дээ. Дээр бичсэн шиг баячуултай адилхан сэтгээд л, адил үйлдэл хийгээд л явбал баяжина, амжилтад хүрэх байх тийм үү?

Гэхдээ монголын баячуудыг дуурайна гэхээр жаахан асуудалтай. Хэ хэ. Төрд орж баяжих, нэг ёсондоо хулгайгаар...

Нэг бол их бага хэмжээний авилга авах, албан тушаалаа буруугаар ашиглах, өөр юу билээ? Ха ха. 

"Гадаад хүчин зүйл: бизнесийн мэдлэг, хөрөнгө оруулалтын дүрэм, бодлого гэх мэт. Дотоод хүчин зүйл үзэл бодол, итгэл үнэмшил, зан авир гэх мэт". 

Багад олж авсан мөнгөний тухай үзэл бодол, дадал маш их үүрэгтэй байдаг гэнэ. Тухайлбал ээж аавын мөнгөтэй харьцаж буй үйлдэл, үг яриа...

Тэгээд бодлоо, би зулзагуудынхаа өмнө мөнгөтэй яаж харьцдаг, мөнгөний тухай ямар үг яриа хэрэглэдэг тухайгаа. Хэмнэлт чухал, мөнгийг дэмий битгий үр, хадгалж хуримтлуул гэж хэлдэг юм байна. 

Гэхдээ бас тунг нь тааруулж байхгүй бол гэж бодлоо...

Эсрэгээрээ миний багад ээж аав төсвийн жаахан хэдийгээ хүргэх гэж их л хичээдэг байсан. Заримдаа өр тавина, дараа сарын цалин буусан ч өрөө төлөөд үлдсэн нь хаана ч хүрэхгүй. Тэгээд дахиад л өр...

Тийм болохоор би өр тавихаас айдаг, ичдэг, санаа зовдог...

Мөн зоригтой алхам хийж чаддаггүй, чаддаггүй ч гэж дээ мөнгө байгаагүй юм чинь. Хэ хэ. Маш их өртэй хорвоог орхичихвол яана гэж айдаг, эрсдлээс айдаг. Цалингаа л цаг тухайн үед нь авч байвал дээдийн заяа. 

Би мөн эрсдлээс айдаг, зоригтой хөдөлж чаддаггүй, хүний газар тогтмол цалинтай байгаа нь дээдийн заяа гээд бат итгэчихэж...

За тэгэхээр эдгээр ил болон далд утгаар нөлөөлж ирсэн нөлөөнөөс ангижран, нэг бол өөрчлөлт авчрах дадлыг өөртөө суулгах ёстой юм байна...

"Санхүүгийн байдлаа өөрчлөхийг хүсэж байвал "мөнгөний төсөөлөл, зураглал"-аа өөрчлөх".

"Би үргэлж өөрийн бодол санаандаа анхаарч, өөрт ашигтай бодол санааг л толгойдоо үлдээнэ". 

"Дадал 2 янз байдаг. Үйлдэл дагуулдаг дадал, үйлдал дагуулдаггүй дадал. Энэ гээд бариад авчих зүйлгүй, юу ч хийхгүй байх нь энгийн зүйл болж хувирвал энэ дадал болчихно. Юу ч хийхгүй дадлыг өөрчилж хувьсгал хийх нэг арга нь үйлдэл хийх. Жишээ нь ном унших нь үүний хамгийн эхний алхам бөгөөд, бодитоор ямар нэгэн үйлдэл хийж байж өөрчлөлт авчирна. Амжилтанд хүрь? гэж хүсэж байгаа л бол хөдөл, үйлдэл хий гэж зөвлөе". 

Саятны сэтгэлгээ 1. Саятнууд би өөрийн амьдралаа өөрөө бүтээнэ гэж итгэдэг. Эсрэгээ мөнгөгүй хүмүүс яагаад ч юм ийм амьдралтай болчихож гэж боддог.

"Мөнгөгүй хүмүүс хохирогчийн дүрд тоглох дуртай байдаг. Өөрсдийгөө хөөрхийлөлтэй өрөвдмөөр гэж итгэчихдэг. Өөрийн үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрдөггүй, ухамсарладаггүй. Мөн чадваргүй өөрийгөө зөвтгөх гэж оролддог. Бүтэхгүй гэдгийг амны уншлага болгосон байдаг".

Нэг өдрийн төгсгөлд орой нь амжилттай бүтсэн зүйл, амжилтгүй бүтээгүй зүйлийг нэг нэгийг бичнэ. Дараагаар нь түүний шалтгааныг нь тунгаан бодно. Ингэснээр өөрийн үйлдэлд хариуцлага хүлээж үр дүн өгөх арга, үр дүнгүй аргыг мэддэг болно.

Саятны сэтгэлгээ 2. Саятнууд амжилт, баялгад тэмүүлж байдаг. Мөнгөгүйчүүд хоосон хонохгүй, хоёр идэхгүй амьдралыг хүсдэг.

Саятны сэтгэлгээ 3. Саятнууд заавал баяжина гэж итгэдэг. Мөнгөгүйчүүд баяжих юмсан, баяжвал сайхан аа гэж боддог.

"Мөнгө үзэл бодол нь туушгүй хүнд дургүй".

"Хүсэл тэмүүллийн 3 төвшин байдаг. 1. Баяжих юмсан, мөнгөтэй болох юмсан. 2. Баяжихыг өөрийн ухамсраар сонгох. 3. Заавал баяжина гэж шийдэх. 

Саятны сэтгэлгээ 4. Саятнууд том бодож сэтгэдэг. Мөнгөгүйчүүд жижиг бодож сэтгэдэг.

Саятны сэтгэлгээ 5. Саятнууд боломжыг олж хардаг, мөнгөгүйчүүд эрсдлийг олж хардаг.

"Юу ч хийхгүй өнгөрөөснөөс ямар нэгэн зүйл хий, оролд, эхлүүл". 

"Өөрийн сул тал дээр биш давуу тал дээр төвлөр". 

Гэх мэтчилэн бичжээ. Үргэлжлэл бий...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хайр, мөнгө хүсье.

2023年4月8日土曜日

Далд ухамсар

Энэ удаагийн ном "Далд ухамсар бүхнийг чадна".  

Японд мэр сэр ном зардаг хүмүүс байдаг юм. Авах шунал хүрдэг ч, үнийг нь сонсоод больчихдог. Монголоос авчирсан элдэв зардлыг нь тооцоод, арга ч үгүй дээ гэж боддог ч...

Эндэх шуудангийн үнээ өөрсдөө нэмээд авахаар бас л чанга санагдаад тэр бүр авахгүй. Гэхдээ хэд хэдэн хүнээс худалдаж авч байсан. Зарим нэг нь хөөрхөн хямд өгнө, би бүр үнэгүй аваад, зөвхөн эндэх шуудангийнхаа мөнгийг л төлж байсан удаа ч бий. 

Энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж хэлье ээ. 

Энэ номыг ном зардаг хүүхэн надад хүчээр шахуу зарсан юм аа. Их дажгүй, уншаад харамсахгүй гэх мэтээр ухуулж байгаад...

Шинэ шинэ үг, хэллэг, мэдлэг олж авлаа. Сүүлд зав гаргаж уншиж үзэхийг хичээнэ ээ. 

"Квант үсрэлт, голограмм буюу гурван хэмжээст зураг, карбюратор" гэх мэт. 

Хаа нэгтээ сонсож байсан л байх. Мартсан...

Гарчигнаас нь харахад л ойлгомжтой. Далд, дотоод ухамсраа өөрчлөх тухай. Ингэхийн тулд тодорхой хэмжээгээр дадал бий болгох, дасгал хийх гэх мэт. Мэдээж тархины дасгал, тархитайгаа, оюун санаа, үзэл бодолтойгоо тулж ажиллах.

"Дотоод хүч бол таны мөн чанарын хамгийн гол, чухал хэсэг бөгөөд таны амжилт, азгүйдэлд нөлөөлж байдаг". 

 "Магадгүй бодол санаа бүрийнхээ төлөө нэг доллар авах юм уу өгдөг байсан бол бид ухаан санаандаа илүү анхааралтай байх байсан биз".

"Та нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсэж байна уу? Тэгвэл ухамсрын тохирох чанарыг өөртөө хөгжүүл. Амжилттай яваа хүн амжилтыг олохоор тохируулсан ухамсартай байдаг. Баян хүн мөн л өөрийгөө хангалуун амьдрах бодол санаанд зориулсан байдаг. Энэ бол бодол санааны хэв маяг".

"Өөрийн санаа зорилгоо өдөр алгасалгүй нэгээс доошгүй удаа төсөөлж байх хэрэгтэй".

"Миний далд ухамсар бол амжилтад хүрэх хамтрагч минь юм".

"Бидний амьдралд одоо тохиож байгаа зүйл бол тохилдол биш юм. Харин өнгөрсөнд бидний ухамсрын хийсэн ажлын үр дүн билээ. Бидний "өнөөдрийн" үндэс өнгөрсөнд байдаг".

"...Хүмүүстэй харьцахад хүндрэлтэй байвал харьцааны талаарх итгэл үнэмшлүүдээ эргэн хараарай. Өөрийн бүх үзэл бодлоо эргээд хар. Үүний адилаар эрүүл мэндтэй холбоотой бэрхшээл  тохиолдвол эрүүл мэндийн талаарх үзэл бодлоо ажаарай. Санхүүгийн талаар хүндрэл тулгарвал мөнгөнд хэрхэн ханддагаа шинж".

"Хүн өвдөхдөө бусдыг бас өвтгөдөг".

"Бидний харилцаагаа өөрчлөх замнал нь өөрчлөлт, өсөлтийн зам байх болно".

"Хэн ч шагнал урамшууллын тухай бодолгүйгээр ажил хийдэггүй юм".

Энэ чиглэлээр дахин уншина гэж бодож байгаа. Япон хэлээр ч болтугай уншина даа. Өнөөх "Саятны сэтгэлгээний нууц" номонд ч дотоод бодол снаа, ухамсрын тухай түлхүү гардаг юм билээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт, хайр, мөнгө хүсье.

2023年4月4日火曜日

Салхилав

Зорьж салхилаагүй л дээ. Алхангаа л дарсан зураг. Ойрд гүйгээд байсан даа, нэг газрыг нь хасчихаар овоо алхахтайгаа болсон. Хүний газар бүгдийг амжуулах гэж гүйх ч ай даа бас л чанга юм. 

Өөрсдийн сонгосон замнал болохоор гомдоллоод суухгүй л дээ. Тийм зав ч өгөгхгүй энд.

Дунд зулзага минь 3 жил суралцах дунд сургуулийн гадаах сакүра. Цаана нь харагдаж буй барилга тэр хавийн айл өрхүүдийн хороо. Би л хороо гэж орчуулаад байгаа хэдий ч "баг" гэж хэлж болох л юм.

Цэцэрлэгийн гадаах. Яг цэцэрлэгийн харъяа биш байх. Хажууханд нь манай хорооны байр байдаг юм. Хорооныхон хариуцаж тарьж ургуулж, арчилдаг. Хааяадаа цэцэрлэгийн зогсоол дүүрэн үед хорооны зогсоолд зогсооно. Тэр бол чөлөөтэй. 

Энд чинь хүүхэд өсгөх ажлыг хот тосгоноороо хийцгээе гэдэг хэлц үг гэх юм уу? Зүйр үг гэх юм уу байдаг юм. Тэрний дагуу л...

Энэ бас хорооны гадаах цэцэг. Зулзага олж харчихаад зураг дар гэж үүрэгдсэн юм. Ээж юунд дурлаж цэцэг дарж байдгийг бас мэддэг. Тэгэхээр ээж аавын үйлдлийг хараад л байдаг байх нь тийм үү? 

Тийм болохоор л би нүдэнд нь аль болох ном барьж харагдахыг хичээдэг. Мэдээж утсаа маажчихсан харагдах үе бий л дээ. Гэхдээ үүнийгээ бүр ухамсарлан багасгаж байгаа. 

Охид ч яахав уншдаг болсон. Одоо энэ бяцхан агийгаа уншдаг болгочих санаатай. Гэхдээ байна шүү, эд нар чинь цаанаасаа л байлдаж тоглоод байдаг юм билээ. Ха ха. 

Гонзгой урт л юм харагдвал, жишээ нь мод, саваа, савх юу л байна, сэлэм гэж хардаг. Жаахан богинохныг нь Харри Поттерийн шидэт саваа гэж хардаг. Хи хи.

Гэснээс тоглоомууды нь дурсгал болгож эндээ зураг оруулах юм байна шүү. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт, хайр, мөнгө хүсье.

2023年4月2日日曜日

Цэцэгс

Хавар ч юм. Шилжилт хөдөлгөөн, тэтгэвэрт гарах гэх мэтдээ эд нар цэцэг их бэлэглэдэг. Мөн төгсөлт, нээлтээ ч цэцгээр илэрхийлнэ. 

Сурагч бүр багшдаа цэцэг бариад гүйхгүй ч төгсөхдөө нийлж байгаад цэцэг авч өгнө. Ажилчид ч мөнгөө нийлүүлж байгаад бяцхан бэлэг аваад өгчихнө. 

Тэгсэн монголд төгсөхдөө багш нартаа ээмэг бөгж, нөөтбүүк энэ тэр авч өгдөг нь хэвээрээ гэж байна шүү. Аль намайг 10 жилд байхад л тийм байсан. Одоо ч хэвээрээ, гуниг уу? 

Багшийнхаа, эмч нарынхаа цалинг нэм  л дээ. Бид ч өөрсдөө эдийн шуналаасаа салцгаая л даа гэж орилмоор...

Угтаа би гоё цэцэгсийн зураг оруулах гэж байгаа юм аа. Үглэх гэж байна шүү дээ...

Цэцэрлэгийн төгсөлт олсны маргааш үүдний коридорт ийм тансаг цэцэг чимээстэй байсан. Нэг газраас өгсөн байсан. Эдний энэ цэцгийн соёл бас л сайхан шүү, үнэ ч бас хямддаа бол орохгүй.

Бас цэцэрлэгт байсан. Өнгө нь хараа татаад байсан юм. Вааранд хийсэн байсан. Нэлээд удсан. Би утсаа мартаж орчихоод байсан юм. 

Гэснээс корона харьцангуй багасаад үүдэнд зогсоод л зулзагаа гарч ирэхийг хүлээдэг байсан бол саяхнаас дотогш орж ангийнх нь үүд хүртэл очиж болно гэсэн. 

Ангидаа юугаар тоглож байна, хэн гэдэг найзтайгаа тоглож байна гэдгийг хоромхон зуур ч болтугай харна. 

Мөн л цэцэрлэгт. Тансаг. Амьдаар нь харвал бүгд л сэтгэл сэргээмээр. 

Нэг хэсэг гүйгээд байсан би оройд зулзагаа авахдаа түр азнаж таашаал авч байсан юм. 

Өөрөө цэцэг арчлахдаа жаахан муу ч харж баясхыг бол чаддаг л даа. Тэтгэвэрт гарахаараа л тарьж ургуулж арчилж үзнэ ээ гэж бодоод яваа. Цаг хугацаа гэж харвасан сум шиг болохоор нэг л мэдэхэд тэтгэвэрт гарчихлаа гээд бичээд сууж магад шүү дээ. 

Тэр болтол блогоо үргэлжлүүлэн бичих байгаа? Хэлж мэдэхгүй юм даа. Хи хи.

Түр баяртай, бүгдэд нь амжилть хайр, мөнгө хүсье.

2023年4月1日土曜日

Сакүрадалт

Уламжлалт бичвэр шүү. Нэг л газрын зургийг олон жил харж баясаж, зураг оруулж байна. Жилээс жилд өөр газар очиж үзэх юм шүү гэж боддог ч, амьдрал баян. Яаж ийгээд л элдэв шалтаг гарч ирэх юм дөө.

Ажлаа тараад оройхон явсан тул нар жаргах гээд, сакүра маань жаахан бараандуу гарчээ. Гэхдээ яахав, ямартай ч сакүрадаад амжсан. Хэ хэ. Сакүрадна гэдэг чинь бараг л цагаан сар тэмдэглэх дайны л юм болно шүү дээ. 

Нугас шувууд хөөрхөн. Мөрөг загас хооллохоор талх барьж очоод өгөхөөр уралдаж ирээд идээд байдаг. Энэ өдөр ч зулзагууд талх барьж очсон. 
 
Оройд ийм дэнлүүнүүд асаачихна. 
Энэ дэнлүүнүүд дээ хувийн байгууллагын нэрсүүд байдаг. Бодвол санхүүжүүлсэн байх. Зар сурталчилгаа маягийн юм даа тийм ээ? 
 
Хүүе хаая гэж байж өөрсдийнх нь зургийг ганц нэг дарсан. Найз охид нь тааралдаад, дагаад л сэмбэгнэчихсэн. Хо хо. Бага зулзагатайгаа л баахан загас хооллох шив.
 
Сэрүүхэн байсныг ч хэлэх үү? Би ч харих минь гээд нэг их удаагүй. Ер нь ойрд иймэрхүү уламжлалт орж гарах зүйлсэд хойрго болж байна өө. Анх ирээд удаагүй байхад эд нар ч сүр тэмдэглэдэг байж. Дагаж намираад л...
 
Нэг том сакүрагийн модны доор сууж аваад, ууж идээд, инээж хөхрөлдөөд. Хань ижил бүр мах зах шарж идэх дуртай шүү дээ. Надад бол сүүлийн хэдэн жил энэ нь их төвөгтэй санагддаг болсон. Хи хи. 
 
Корона тоо цөөрөөд, орж гарах хүний тоо ч ихэссэн байна билээ. Удалгүй тэгээд бүгд маскаа авч хаях байх даа...
 
Түр баяртай, бүгдэд нь амжилть хайр, мөнгө хүсье.