2023年12月18日月曜日

Урлагийн үзлэг

Хүүе энэ зулзагууд чинь хөгждөг юм байна. Өнгөрдөг жилийн урлагийн үзлэгээр уйлаагүй ч нэг их зүтгэл гаргаагүй, зүгээр л орон тоо бөглөөд зогсож байсан юм. 

Тэгсэн энэ жил бүр хүн шиг оролцохыг шахав. Дунд нь нэг паянтай, яаж зүгээр байхав. Ха ха. 

Угтаа бэлтгэлийг маш сайн хийсэн. Багш нар нь магтаад л байсан. 

Зарим орой ч гэртээ аавтайгаа хамт давтана. Үүргээ давуулан биелүүлээд бүр жүжигчилсэн тоглолтоо хүртэл гэртээ давтах нь холгүй байсан. Нэлээд хөөрүү болох байх шүү гэж таамаглаад л байна. Зарим нэг хүнийг дуурайгаад, манай удамд лав... Ха ха. 

Ёстой хөөрхөн дуулсан, бүр хөгжимдсөн. Чоно болсон. "Чоно ба 16 ишиг" гэдэг жүжиг тоглов. Хэ хэ. Багш нь чоно ямар байх ёстойг заагаагүй байхад өөрөө л чоно ингэж ульдаг гэж зааж өгсөн гэсэн. 

Бодоод байсан манай монгол үлгэр домогт чоно их гардаг. Эдний үлгэрт, зурагт номонд чоно их бага гардаг юм билээ. Тэгээд л тэр байх...

Ирэх жил бүр л мэргэжлийн болох юм байна даа, овоо шүү дээ гэж ярилцав. Түрүү жилийн харилцан яриаг бодвол энэ жилийн харилцан яриа минь өөдрөг байлаа. Овоо л жүжиглэчихдэг, нэг их ичээд байхгүй л юм байна. 

За одоо паянгаа бичье. 

Жүжгийн эхний хэсэгт маш цоглог гарч ирээд тайзнаа тоглосон. Дунд нь үзэгдэл солигдоод түр зуур тайзны ард хүлээх болоод, за тэгээд чононууд гарч ирэв. Тэгсэн зулзага уйлчихсан гарч ирэв.

Тэгснээ ээжийгээ олж харсан уу яасан? Бүр эхэр татаж уйлаад, цээжилсэн үгээ хэлээгүй. Дуугаа ч дуулаагүй, бүжиглээгүй. Хөшиг хаагдав. 

Бэлтгэл ангийн жүжигчилсэн тоглолт дуусаад, 3 настнаас дээш ангийнхны найрал дууны ээлж болов. Зулзага багштайгаа хөтлөлцөж гарч ирсэн. Хамгийн захад. Дуу ч эхэллээ. 

Тэгсэн зулзага ээжийгээ олж харчихаад дахиад л нусаа татаад эхэлсэн. Хи хи. Тэгснээ нэг их чанга дуугаар "нус гоожоод байна" гэж авдаг юм даа. Багш нар сандраад л сальфетка гаргаж ирж нусыг нь арчив. 

Найрал дуу ч дуусав. Тэгсэн хамгийн хөөрхөн нь хүүхдүүд ёслоод бөхийсөн чинь зулзага бас хамт бөхийдөг гэнэ ээ. Ха ха. 

Бүр хайр хүрээд л явчихсан. Яахав дээ, бэлдэж бэлдэж ирсэн урлагийн үзүүлбэрийнх нь хамгийн сүүлийн үзүүлбэр гэдгийг мэдээд байна шүү дээ, ямартай ч ёслох ёстой гэдгийг ойлгоод байна шүү дээ, хонгор үр минь. 

Энэ найрал дуунаас өмнө үзэгчдийн суудалд сууж байсан чинь багш нь хажууд ирээд суучихсан, мөр цохиж байна. Би ч үр минь янз бүрийн юм болчихоогүй байгаа гээд л айх гайхах зэрэгцэв.

Тэгсэн багш нь "түрүүн тайзны ард хүлээж байхдаа нэг найз нь хөл дээр нь гишгэчихсэн бололтой, сүртэй шалбарч бариагүй шүү санаа зоволтгүй, таныг харин санаа зовж байгаа байх гэж бодоод. Дараагийн найрал дууны үеэр багштайгаа хамт хөтлөлцөөд гарна болох уу?" гэсэн. 

Ямар их сэтгэл вэ? гэж би ч уярчихав. Хи хи.

Урлагийн үзлэг дуусаад, очиж авахад хүүхэл бүрт нэг нэг ширхэг сэнбэй буюу амттан тараагаад, өнөөх минь тайвширсан бололтой, инээд алдчихсан л ижий аав дээрээ гүйж ирсэн. 

Нэг багш нь "ашгүй дээ, тайвшраад инээмсэглээд" гэсэн. 

Алхаад харих замдаа асуув. "Найзтайгаа мөргөлдөөд, тэгсэн чинь миний хөл шатны модонд цохигдоод өвдөөд, тэгээд би тэсэлгүй уйлчихсан" гэсэн. Шагайгаа л цохьсон бололтой. Угаасаа тэр хавьд бол өвдөнө л дөө тийм ээ?  

Ирэх жил мөргөлдсөн ч тэвчээд уйлахгүй ээ л гэсэн. 

Бусдаар ч маш цоглог, хөгжмөө ч сайн дарсан. 

Эгч нь бас үдээс хойш Ensemble contest-д оролцоод, алт авсан ч мужаа төлөөлөх багт бол шалгарсангүй. Ирэх жил даагаа нэхэх байх...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿