Сүүлийн үед монгол руу эндхийн бага ангийн сурагчдын үүрдэг цүнхийг их явуулдаг болсон доо.
Миний мэдэхийн 3 ч газар явуулдаг. Хотын нэг дүүрэгт, хөдөө орон нутагт 2 газар. Нэг нь бүр их олноор нь явуулж байсан. Бас нэг нь 100-гаад ширхэгийг. Арай 100 хүрэхгүй.
Миний бие хоёр ч удаагийнх нь арга хэмжээнд оролцсон нь болохоор цөөн тоогоор , онгоцоор явуулж байсан. МИАТ тээврийн тал дээр нь бага зэрэг хөнгөлөлт үзүүлдэг юм шиг байна лээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдэхгүй.
Япон хүмүүс сайн дураараа ажиллаж өгдөг. Тэрхүү цүнхийг цуглуулахад нэлээд ажиллагаа ордог. Оршин суугаа газрынхаа иргэдэд танилцуулна, сурталчилна. Болж өгвөл монгол хүн уриад залаад монголын тухай яриа хийлгэнэ. Цугларсан цүнхийг хэсэгтээ хадгална гэх мэт.
Бүр монголоос морин хуурч урьж залаад сүм хийдээр бяцхан хэмцээний тоглолт хийгээд, хандив цуглуулж байсан. Иймэрхүү арга хэмжээнд орохдоо би ч нэгэн хөөрхөн монгол хүүхэд цүнхтэй болоод, хичээл номдоо шамдаасай гээд сэтгэлээсээ хандив өргөдөг.
Зураг оруулж, туг хайчилдаггүй л болохоос. Ха ха.
Мөн хувиараа бас хэд хэдэн цүнхийг монгол явуулж байсан. Саяхан зулзагынхаа усан цэнхэр өнгөтэйг бас хамаатныхаа жаалд өгсөн. Айхтар муудчихаагүй, хэдэн жилдээ үүрчихээр, хөөрхөн өнгөнтэй цүнх байсан болохоор явуулсан.
Хуучин цүнх л дээ. Гэхдээ бараг шинээрээ шахуу, дахиад хэдэн жил ч ашиглаж болохоор цүнх голцуу байдаг. Зарим нэг хүмүүс монгол ямар хогийн сав юм уу? гэж л байдаг юм.
Мэдээж хэрэглэж болохоорыг нь явуулна. Түүнээс эндээ цугладаг цүнхэн дунд нэлээд хуучин нь байдаг. Түүнийг нь явуулахгүй шүү дээ.
Энэ удаад цүнх гардан авсан 2 дугаар ангийн голцуу сурагчид талархлын захиа ирүүлсэн байсан. Хөөрхөн нь "хичээлдээ шамдах болно оо, бидний сурах үйлсийг дэмжсэнд баярлалаа" гэх мэт агуулга нь хүүхдийн сэтгэлээрээ бичсэн бяцхан захидлууд.
Би түүнийг нь орчуулаад өө. Ихдээ л 3, 4 өгүүлбэр. Тэгсэн орчуулж өгөхийг хүссэн бүсгүй маань ажил дээр амттан авчирч өгөөд, захиагаа авчрахдаа. Тэрийг нь ажлынхантайгаа хуваагаад л идсэн.
Хэд хоногийн дараагаар орчуулгаа авах гэж ирсэн. Энэ удаад надад болон зулзагууддаа өгөөрэй гэж амттан өгсөн. Хэ хэ. Ажлынхандаа өгөлгүй, гэртээ авчраад зулзагуудтайгаа идсэн.
Ийм төмөр хайрцагтай. Доторх нь гэрийн гишүүд бүгд дуртай шоколат. Том жижиг, хэлбэр дүрсээр нь сонгоод л хэдэн өдөр сайхан амттан идсэн. Хи хи. Эгч хайрцгийг нь авсан.Амттай, ялангуяа гэрийнхэн дуртай сүүтэй нь. Би ихэвчлэн какао өндөртэйг идэх гэдэг болохоор, гэрийнхэн гашуун гээд иддэггүй юм. Гэсэн ч тэдэнд зориулж авдаг ч үгүй, миний идэхийг ид, идэхгүй бол тэр л биз гээд. Хо хо.
Энэ арга хэмжээг дахин зохион байгуулах байх. Би ч боломжоороо оролцоно гэж бодож байгаа. Цэнхэр дээлээ өмсөөд л Дүүриймаадахад яахав дээ, тийм ээ?
Гол нь дан ганц цүнх биш, шинэ бичгийн хэрэгсэл бас дагалддаг. Хамгийн гол нь боломж бололцоо муу хүүхдүүдэд л очоосой гэж хүсдэг дээ.
Манайхан чинь заавал нэг цавчаа оруулчих гээд байдаг дундуур нь. Нэг газрын цахим хуудсанд очсон тоо нь 3-р ч билүү дутуу л зарлагдаж байсан. Мөн төрийн албан хаагчид нь тараахдаа өөрсдөө худалдаж аваад бэлэглэж байгаа юм шиг ойлгогдохоор бичээд л, чухам гардуулж байгаа зураг хөргөө оруулахаар нь бөгс улайна өө.
Эх орныхоо бяцхан жаалуудад сурлагын өндөр амжилт хүсье өө.
Өө тийм, ийм цүнх үүрсэн хүүхдийг бас шоолж гоочлох хандлага байдаг гэсэн. Хандивын цүнх үүрээд гээд. Яахаараа ийм байдаг байна аа, эцэг эхүүд минь гаднаас нь хараад дүгнэдэггүй юм гэж хэлж ойлгуулах хэрэгтэй шүү, үр хүүхдүүддээ.
Томчууд бид тийм хандлага гаргаж байгаа учраас л хүүхдүүд амнаасаа тиймэрхүү үг унагаж, хандаж байгаа шүү дээ.
Харин ч эсрэгээрээ энэ цүнх чинь эндээ бол сая гаран төгрөгний үнэтэй цүнх, япон найз нь бэлэглэсэн юм билээ гэж хэлж өгдөг юм уу?
Яалтай билээ? Заримдаа ч энэ хүмүүсийн хандлага, авирыг ойлгохгүй юм дөө.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿