2025年3月25日火曜日

Хайлмаг хайлсан нь

Жилдээ нэг хайлмаг иддэг болсон шүү. Монголдоо харихдаа бол зоолттой иднэ. Манайхан ч намайгаа үүнд нугасгүйг мэддэг тул, заавал хийж өгнө. Би нь түүнээс нь шуналтай гэгч нь идэж санааг нь чилээнэ. Хэ хэ.

Саяхан хань ижил яваад ирэхдээ тос авчраад, түүгээр нь би өөрөө хайлмагаа хайлаад. 

Учиргүй жор энэ тэр хараад, судалж судалж л хийсэн. Өөртөө маш итгэлтэйгээр гал тогоогоо эзэгнэв. 

тэгсэн чинь шар тос гараагүй. Гурилаа ихдүүлсэн үү? гэж таав. 

Таваглаад тавихад нэг иймэрхүү. Шар тос бага зэрэг тунараад аятайхан харагдана. Хэ хэ. 

Хань ижил бас дуугай байхгүй элдэв л таамаг дэвшүүлсэн. 

Талхан дээр түрхээд идсэн. Аятайхан л байсан. Үлдсэнийг нь дангаар нь идсэн. Гурилан идэх юмаа багасгаж буй бөлгөө. 

Дараа үлдсэн жаахан тосоороо дахин хайлна даа, даагаа нэхэж. Алдаанаасаа айж болохгүй. Алдаа бол амжилтын эхлэл гэж манай япончууд ярьдаг юм чинь. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年3月24日月曜日

Олон олон төрсөн өдөр

3 дугаар сар бол японд ажил, сургуулийн жилийн эцсийн тайлан, шилжилт хөдөлгөөн гэх мэт их хөдөлгөөнтэй сар болдог. Шилжилт хөдөлгөөнөө дагаад% нүүдэл суудал ч их. 

Бидний хувьд ч мөн адил олон төлөвлөгөөт арга хэмжээ болно. Ямартай ч жил бүр яг одоо гэрт бий хоёр зулзагын төрсөн өдөр ойрхол болно. Ямар бялуу идэцгээх вэ гэдгээ их олон хоногийн өмнөөс ижий аавдаа захиална. 

Түүнийг нь ээж нь гэрийн хамаг юмыг амжуулдаг зангаараа явж очиж захиална. Тухайн өдөр нь ажлаа тараад очиж авна.

Энэ жил бага зулзагын төрсөн өдрийг хоёр өдөр тэмдэглэсэн. Амралтын өдрөөр урьдчлан, нэг найзыг нь гэр бүлээр нь урьж, хамтдаа лаагаа үлээж, бялуугаа идсэн. 

Зайрмаган бялуу захиалах гэснээ найзых нь хоолой өвдчихнө гэж санаа зовоод энгийн л бялуу захиалсан. 

Амралтын өдрөөр урьдчилан тэмдэглэсэн учир, өглөө нь сэрэхэд нь тайлбарлаж хэлэв. 

-Яагаав дээ цэцэрлэгт нь тухайн сард төрсөн хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэдэг дээ, тэрэн шиг. 

-Тэгэхээр чинь цаасан хайрцгаар хийсэн хуурамч бялуун дээрх лаа үлээнэ шүү дээ...

Гээд л нулимс нь цийлэгнэж ирээд уйлсан. 

-Үгүй ээ, жинхэнэ бялуу авна шүү дээ, гэхдээ зайрмаган бялуу биш. Найзых нь хоолой өвдчихөж магад тул энгийн л бялуу иднэ, хоёулаа явж сонгоно оо.

Энэ яг өөрийх нь жинхэнэ төрсөн өдрөөр нь авсан зайрмаган бялуу. Ажлын өдөр, аав нь ажлаасаа тараад ииэр гэсээр байтал оройтдог тул найзыг нь амралтын өдрөөр урьсан юм. 

Үүнийгээ хоёр ч өдөр идсэн. Ижий нь жин хасах гэсэн туйлын зорилготой тул маш багыг иднэ. Тэгээд л эгчтэйгээ л урладаж идсэн, сүүл рүүгээ. 

Энэ жил би бэлэг бэлдсэнгүй. Тэхэж байна шүү, өмнөх жил лаагаа үлээчихээд бэлэг өгөөд байсан биз дээ? гэнэ ээ. 

Үнэндээ ээж бол тоглоом өгмөөргүй байдаг, мөнгө өгнө өө л гэсэн. За гээд одоогоор нэхээгүй л байна. Нэг боломжоороо таван цаас хадгална аа. 

Эгчийн төрсөн өдрөөр бялуу авахгүй гэж байсан чинь аав нь тэсэлгүй авчихсан байсан. УГтаа бялууныхаа мөнгийг нь авна гэж байсан юм. Цомхон, яг л хүнийхээ тоогоор жижигхэн зүсмэл бялуу авсан байв. 

Ээж яг тэр өдөр нь ажиллаж таараад, орой нь өөр газар өөр хүмүүстэй хооллож таараад. Аав нь зулзагуудаа дагуулж эгчийн дуртай газар орж хооллосон юм. Тэгсэн харихдаа бялуу авч харьсан байсан. Ээ дээ, энэ аав нар уу? 

Хэмнэлт хийе гэж боддог ч юм уу? Тэгснээ шаал сонин юман дээр хэмнэх гээд байдаг тийм ээ? Ха ха. 

Тэр бялууны зургийг дараа оруулах уу дөө. Ямартай мэнд мэлтийж байгаа шүү би нь.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年3月19日水曜日

Олон олон баярын мэнд ээ

Монголд болсон олон олон баярын мэндээ эрхэм уншигчид минь. Блогийн эзэн би бээр түмэн завгүй гэлдэрч л байна. Гэлдрэх биш ээ, бүр гүйгээд байгаа хэрнээ л энэ сард би болон манай гэрийнхэн нэлээд ачаалалтай өдрүүдийг үдэж байна. 

Ачаалал гэдэг нь нэг их сүртэй зүйл биш л дээ. Ууж идэх, орж гарах ажил л ихтэй, заримыг нь би өөрөө төлөвлөж, зохион байгуулж байна. Хо хо. 

Нэгэн найзтайгаа оройн зоог барьсан нь гэдэг зураг. Суугуул нутагтаа танилцаж нөхөрлөсөн, оюуны өндөр чадвартай нэгэн бүсгүй. Манайхан энэ мэт чадалтай хүний нөөцөө гадаадад "алдчихдаг" нь онцгүй тийм ээ? 

Тахианы мах. Амттай байсан. 

Зөгийн бал дусаагаад идсэн, амттай юм билээ. Энэ газар ороогүй удсан байна лээ. Гэр бүлээрээ л ихэвчлэн гадуур хооллодог тул аль болох хүүхдүүд идчихээр, мөн тэд цадахаар л газар орохгүй бол би жингээ хасмаар байна аа гээд иймэрхүү тансагмаадуу газар орвол гэртээ хариад дахин хоол хийх ажил гарна биз дээ. Ха ха.

Хүүхнүүд л болсон хойно улаан дарсаа шимнэ. Бидэн хоёр бүр давраад дахин нэг нэг хундага захиалж уусан. Хи хи. Жингээ хасах гэж хичээж буй би харин амттан идээгүй, амжилт биз дээ? 

Сайндаа ч биш ээ, найз идэхгүй, цадчихлаа гээд. Бодоод байсан намайгаа уруу татаад яахав гээд идээгүй байх гэж бодов. Баярлалаа, чамдаа. 

Блогоо бичилгүй алга болбол энэ хүүхэн идэж уугаад л алга болж гэж бодоорой. Хэ хэ. Мэддэг хүмүүс ч бий л дээ. 

Номоо бол уншиж байгаа. Өндөр хааныхаа номыг уншаад дууссан. Дараагийнхаа төлөвлөгөөт номыг эхэлсэн. Өндөр хааныхаа тухай бичнэ гээд амждаггүй ээ. Энэ сардаа амжиж багтаана аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年3月9日日曜日

Сэргэв

Тэмдэглэлийн дэвтэр ахин ашиглаж эхэлснээс хойш доторх бяцхан охины минь нэгэн хөөрхөн сонирхол нь сэргээд. 7-гоос 8 насны л бяцхан охин байх шиг байгаа юм. Хэ хэ. 

Хөөрхөн хөөрхөн наадаг цаас цуглуулж дэвтэртээ наах. Моментум дэвтрийнхээ бараг бүх хуудсанд наав. Ганц нэгийг дуусахаар нь дахиж худалдаж авав. 

Ганц нэгээр ч тогтохгүйгээр худалдаж аваад, бараг л нэг мөр бичээд л наана. Бичсэн агуулга, хөтөлбөр зэргийнхээ агуулгаас нь шалтгаалаад л наалтны минь агуулга бас өөр өөр. 

Цалингаа буухаар л ганц нэг цаас нэмж авдаг ажилтай болов. Дэлгүүр орохоороо наадаг цаас харж явдаг болов. 
 
Охид миньь багадаа нэг иймэрхүү наалт харж явдаг, авахуулдаг байж билээ.
Яг тэр баахан төлөвлөдөг хэсгийнхээ зургийг оруулах гэхээр хувь хувьсгалынхаа тухай биччихсэн болохоор жаахан нууцлах санаатай. 
Ямартай ч нэг нүүр, тухайн өдрийн хүснэгт бол дүүрэн бичээстэй. Маш жижиг сажиг гэлтгүй зүйлээ бичиж байна. 

Ингэж бичих нь мартаж санах зүйл гардаггүй, дараагийнхаа зүйлийг, бусад ажлуудаа амжуулахад минь их дөхөмтэй. Мөн хэн хэдийд, хэнтэй уулзав, ямар ямар тохиолдолд хэдэн иен төлсөн байна? гэж мэдэж авдаг. 

Дараа дараагийн төлөвлөлтөд минь асар их чухал үүрэгтэй байна шүү. Гол нь бичих, хажуугаар нь наалт наах. Хи хи. 

Дэвтэр бэлэглэсэн хөөрхөн бүсгүйд маш их баярлалаа. Би 4 сараас ажлаа сольж буй тул дэвтэр минь ч зөндөө сайхан сайхан зүйлээр бичиглээд, дүүрэх байх. 

Наадаг цаасанд дуртай, энд тэнд наах дуртайгаа дэвтэртэй болсноороо мэдэв. Ямартай ч дотор минь бяцхан хөөрхөн охин оршиж байдгийг ч мэдэв. 

Та нарын доторх бяцхан жаалууд юунд дуртай байна вэ? Олж мэдсэн үү? Олж мэдэхийг хичээгээрй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年3月5日水曜日

Магма

Цагаан сараар би үсчинд захиалга өгөөд, үсээ тайруулав. Эрэлхэг бор хүүхэн шиг болов. Тийм л царайлаг гэсэн үг. Ха ха. Эрэлхэг бор гэж гардаг киног та нар мэдэх үү? Мэдэхгүй нэгэн нь олж үзнэ биз?

Бага зулзага ч яахав ээжийн улаан ногоон фен учир хөөрхөн байна гэсэн. Эгч л үсээ чихнийхээ араар хий, тэгвэл дажгүй, бусдаар бол нэг их зохиод байгаа зүйл алга гэсэн. Энэ охид бас л шулуухан хэлчихдэг юм.

Хуудас бүр нь шигүү бичээстэй ном биш учраас хурдан уншигдана. Гэхдээ агуулга нь пээш, арай ч дээ, салаад яваач ээ, өөрийгөө хайрлаач ээ гэж бодон бодон уншлаа. 

Хортой харилцаа. Ялангуяа хосын хортой харилцааны тухай гарна. Тэрхүү хортой харилцаанаас эмэгтэй нь хэрхэн юуг мэдэрдэг, хэрхэн боддог, хэрхэн хайрладаг, сэтгэлдээ хэрхэн зөрчилддөг, хэрхэн сайн нууж далдалж чаддаг, хэрхэн өрөвддөг, хэрхэн үзэн яддаг гэсэн мэдрэмжүүдийг уншина. 

Хэрэв би ийм харилцаатай байсан бол яах байсан бол гэж бодоод амжина. Лилиа шиг "тэр минь"-дээ хайртай юм даа гээд тэсээд тэчээд, дэргэд нь үлдэх үү? Эсвэл жигшээд зугтаад, хаяад явах уу? 

Амьдрал дээр ч иймэрхүү тохиолдол их байдаг даа. Манайд бол архины хамааралтай "тэр минь", үе үе гар хүрчихдэг "тэр минь", санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй, мөнгөөр боож хаадаг "тэр минь", найз нөхөдтэй нь уулзуулдаггүй хартай "тэр минь" гээд л...

Зэвүүн зэвүүн үйлдэл их гарна өө. Лилиа гэхдээ өөрийгөө хайрлахгүй, өөрийгөө үнэлэхгүй байгаад л хамаг уур хүрэв. Хүн өөрийгөө хайрлахгүй бол бусад хүн өөрийг нь хайрлах гэдэг "гонжийн жоо" гэдэг дээ. Их үнэн үг юм байна. 

Хортой харилцаанд эмэгтэй хүн яваандаа, аажимдаа, алгуурхан, нэг мэдэхэд дасаад орчихдог юм байна. Эмэгтэйчүүд дасаж дурладаг гэдэг хэлц үүссэн нь ийм учиртай байх нь. Ингэж алгуурхан явсаар дасчихдаг нь, мөн энэхүү харилцаандаа удаан зууралдах тусам эргээд тэрхүү "хор"-оо хүсэмжлээд байдаг шиг ээ.

Сэтгэл зүйд нь ч нөлөөлөөд эхэлнэ. Биеэ эрэмдэглэнэ, амиа хорлох гэж үзнэ. 

Сонин содон санагдсан зүйлсээсээ бичих үү дээ, уламжлалын дагуу. 

Импостер синдром гэж байдаг гэнэ. Мөн залилагч яруу найрагчид гэдэг ойлголт байдаг гэнэ. 

"...Урт удаан хугацаанд аниргүй амьдарсаар ирсэн бүсгүйчүдийн ертөнцөд энэ номынхоо дүрүүдээр чимээ өгөхийг хичээлээ. Тэрхүү аниргүйд ичгүүр, ганцаардал бугших агаад таслан зогсоохгүй л бол миний одоо танд өгүүлэх түүх давтагдсаар байх болно. Зориглон дуугарсан хэн бүхэнд зориулав..."

"Гүзээлзгэнэтэй сүүн коктейль, цасан бөмбөлөг" гэсэн хэлцүүдийг эхэндээ уншаад ойлгоогүй, хэд дахин уншив. Зэвүүн "тэр минь". Ядаж байхад хуучин найз бүсгүй нь үүнийг хээв нэг ярьж суух нь яана даа, эвий минь дээ гэж бодогдов. 

"Нийтийн дэвсгэр" гэдэг хэллэг бас их зэвүүг минь хүргэв. Эрчүүд яахаараа завхай байж болдог, хүүхнүүд яагаад байж болдоггүй юм бэ? Энэ сэдэв цаанаа нэг хүйсээр ялгаад байдаг тийм ээ? 

"Үтрээ, ам, гар гээд бурхнаас өгсөн бэлэг байсаар атал саваагүйтэх хэрэг байна уу?" гэж Лилиа угтаа боддог ч өнөөх л "тэр минь" дуртай, "тэр минь" баярлана гээд гаж үйлдлийг нь тэвчинэ. Бодохоос аймар.

Өсвөр насандаа архи тамхийг хэрэглэхгүй байх нь их чухал юм байна өө. Архи тамхи хэтрүүлж хэрэглээд, өөрийн гэсэн ухаанаа алдаад охин насаа онцгүйгээр алдчихдаг нь түүний сэтгэл зүйд асар том ангал үүсгээд, тэртэй тэргүй би азгүй хүн, ингэж байхдаа таарсан амьтан гээд тархинд нь хадагдчихсан юм шиг ээ.

"Хайр бүхэн ялгаатай. Гайхамшигтайнхаа хэрээр гашүүн."

"Тухгүй агаад хиймэл санагддаг гээд тэр бэлгэвч хэрэглэдэггүй." Үүнийг уншсан чинь Гоодалиас олж уншсан үг санаанд ороод. 

"Бэлгэвч өмсөхийг санал болгох хүртлээ чи тэр залуугийн хэн болохыг хэзээ ч олж мэдэхгүй." - Рита Руднер.

Охид минь мэдүүштэй шүү. Бэлгэвч чамайг олон зүйлээс хамгаална шүү. Хэлүүлэлтгүй мэдэх биз ээ?

"Гурав дахь сонголт гэж үгүй." 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年3月2日日曜日

Могой жилийн мэнд ээ

Могой жилийн мэнд ээ, сар шинэдээ сайхан шинэлж буй биз ээ? 

Гольфчин найзаас ийм мэндчилгээ ирсэн.

Бид энэ жил золголт хийсэнгүй. Битүүнд бууз жигнэж идлээ. Цагаалгаа хийж идэв. Зулзагууд энэ цагаалга буюу бэрээснээс идэхгүй юм өө. Би сахар хийлгүй иднэ. Хань ижил хачин их сахар хийж иднэ. Угтаа үзэмнийх нь чихэрлэг амтаар болгочих санаатай үглээд тусыг олохгүй л байна. 

Жил бүр л энэ сэдвээр бичих юм. Хэ хэ. 

Хамгийн даруухан зурагтай мэндчилгээ, бэр дүүгээс минь ирэв. Их гоё гоё үгтэй мэндчилгээ их харагдсан. Тэр бүр цээжилсэнгүй ээ. 

Нэг айлаар хэссэн. Бид их эртнээс уулзалдаж гэрт нь очно гэж ярьсан юм. Хаа хаанаа цаг зав таарахгүй явсаар шинийн хоёрны хагас сайнд тааруулж уулзалдав.  

Уламжлал ёсоор нүүрномоор жаал хэсэж хэний дээл илүү чамин байна гэж нүдээ баясгалаа. Хэ хэ. Улам л загварлаг болоод байна шүү, энэ дээл. Дахиад нэг дээлтэй болдог ч юм уу гэж бодогдохоор. Хэ хэ. 

Гэм нь би хувцас харахаар уур хүрдэг болоод удаж байна өө. Авахгүй л дээ, шинэ дээл. Энд тэгээд ч хэрэглээ багатай. 

За тэгээд хамгийн гол нь эрүүл энх байцгаахыг хүсье. Эрүүл байвал элэг бүтэн байна шүү дээ. 

Төр төвшин
Түмэн амгалан
Өтгөс энх
Нялхас эрүүл болтугай     (Анужингийн нүүрномоос хуулав.)
 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.