2025年1月5日日曜日

Дурсамж мартагдахаас өмнө

Шинэ оны эхээр эхлүүлэв. Олон хоног амарч байгаагийнх, жижиг ном эхлүүлээд авлаа. Нэг эхэлчихсэн байхад яаж ийгээд уншаад дуусна. 

1 сарын төлөвлөгөөт ном нь миний хэдэн жилийн өмнө уншсан ном байсан тул, нэлээд дөхүүлж байгаад хальт сөхөж харна даа. Мөн блогтоо тэмдэглэл бичиж үү? Хэрэг зэрэг уншууртай тэмдэглэл болж вэ гэдгээс хамаарч дахин унших эсэхээ шийднэ дээ. 

Аварга уншигч болсон нэг шалтгаан минь өмнө нь уншсан ном байсан ч их үнэнчээр дахин уншиж, тэмдэглэл бичиж, бүх төлөвлөгөөт номоо алгасалгүй бүгдийг уншсанд минь оршино. Ооё. 

Тэгэхээр уншиж л таарах байх. Нэрээ хамгаалахын тулд. Хи хи.

Энэ удаагийн номын зохиолч нь Япон хүн юм байна. Кавагүчи Тошиказү. "Дурсамж мартагдахаас өмнө" гэдэг ном. Би ч сүүлийн үед жаахан муу зан сураад байна өө. 

Япон хэлээр нь уншихгүй орчуулгыг нь уншдаг болчихоод байна өө. Японоор үсэглэж унших, эх хэлээрээ дуржигануулж унших хоёр чинь асар их ялгаатай биз? 

О.зулзагатаа хэлсэн чинь япон хэлээр нь уншвал тийм ээ? гэсэн. Ингэж хэлдгийг нь мэддэг болохоор тэр бүр хэлэхгүй ээ. Хо хо.

Оршил нэг иймэрхүү. 

4 хүний "түүх"-ийг бичжээ. Япон хүмүүс бас л хөөрхөн сэтгэж бичнэ шүү. 

Номд гардаг тэрхүү Хакодатэ гэдэг газар очиж үзмээр санагдчихлаа. Санаж явбал бүтэх байх даа. 

Өнгөрсөн болон ирээдүйд очиж болдог нэгэн бяцхан кафе. Тэнд ажилладаг хүмүүс, мөн тэрхүү кафегаар үйлчлүүлж байсан зарим нэг хүмүүсийн түүхийг өгүүлнэ. 

Бүгд л дор бүрнээ өөрсдийн гэсэн "асуудалтай", "уй гуниг"-тэй. Орхиод одсон хүмүүстээ амьд сэрүүнд нь хэлж чадаагүй үгсээ, бодлоо, хайраа илчлэхээр өнгөрсөнд, ирээдүйд очно. 

Гэхдээ ингэж ид шидийн гэмээр аргаар хайртай хүмүүстэйгээ уулздаг ч нэгэнт бодоод өнгөрсөн явдлыг өөрчилж чадахгүй. Харин бодлоо хэлснээр, үгээ хэлснээр цаад хүн нь хоргодох зүйлгүй, аз жаргалтайгаар "үхэл"-тэйгээ эвлэрнэ.

Ингээд уншихаар ер нь хэлмээр байгаа зүйлсээ хэлж баймаар юм байна. Дотогш нь залгиад өнгөрөлгүй, ялангуяа хайртай дуртайгаа, аз жаргалтай байсан шүү, байгаа шүү гэдгээ. 

Заавал сайн сайхан бүхнээ биш л дээ. Таалагддаггүй зүйлсээ, дургүй зүйлсээ ч мөн адил. Тэгээд ч хүмүүн бидэнд юун төлөө хэл ам заяалаа даа тийм ээ? 

Зохиолд гардаг Сачи охины уншаад буй нэг ёсондоо ширээний ном нь болоод буй "Хэрвээ маргааш дэлхий сүйрвэл яах вэ? 100 асуулт" хэмээх ном анхаарлыг минь ихэд татав.

Сачи бол уг кафед хамгийн их үүрэгтэй хүн. Хэдийгээр 7хон настай ч түүний аягалаж өгсөн борголыг ууж байж л хүмүүс өнгөрсөнд, ирээдүйд очих боломжтой. Хэд хэдэн дүрэмтэй бөгөөд борголыг хөрөхөөс нь өмнө ууж дуусгах. Хэрэв хөрөхөөс нь өмнө ууж дуусгахгүй бол сүнс болчихдог.

Хөөрхий минь, сүнс болчихсон нэг ахимаг насны "өвөө" тэр кафены сандал дээр мөнхийн сууж байдаг, өдөрт нэг удаа 00-ын өрөө орно. Тэр сиймхийг ашиглаж л сандалд сууж боргол уудаг юм. Сонирхол татахуйц байгаа биз? 

Сачи охин ном унших их дуртай. Үе дамжин ирсэн нэг дүрэм нь 7 наснаас дээш насны "эмэгтэй" хүн л борголыг аягална. Түүний нэг нь Сачи охин. 

Сачи охины дээрх ширээний номонд гардаг 100 асуулт нь зохиолын баатруудын сэтгэл хөдлөл, үзэл бодол, үнэхээрийн маргааш дэлхий сүйрвэл яах вэ гэдэг асуултад өгч буй хариултын тухай эргэцүүлэл, ухаарал зэргийг товчхон бөгөөд оновчтой гаргаж ирснээр уг ном улам ч сонирхолтой болсон мэт. 

Зохиолчийн бичсэн бусад 2 цувралыг нь авч уншихаа сайн шийдээгүй л байна. Чадвал япон хэлээр нь уншвал гэж бодсон шиг. Дараалал нь буруу, би хамгийн сүүлийн хэсгээс нь эхэлсэн бололтой юм билээ. Гэсэн ч ойлгогдоно оо. Унших эсэхийг өөрсдөө шийднэ биз дээ? 

Зээ, хүн гэгч тэгээд "сэтгэлийн амьтан" гэгддэг тул амьддаа бие биенээ хайрлая өө. Өнгөрсөнд очоод, ирээдүйд очоод хэлж амжаагүй үгсээ хэлнэ гэсэн зүйл байхгүй болохоор, энэ номон дээрх шиг. Хи хи. 

1 сар дуустал төлөвлөгөөт номноос өөр ном шагайхгүй гэсэн бодолтой байгаа шүү. Харин 2 сар гаргаад уншихыг үзүүлж өгнө өө. Гэрт амрахаар угаасаа нэг зүйлд төвлөрөх боломж асар бага тул, төвлөрөл бага шаарддаг уран зохиолын ном уншсан нь энэ бөлгөө. 

Энэ сарыг дуустал япон хэлээр жаал зугаа ном шагайх бодолтой, цайныхаа цагаар. Блогтоо аар саар бичвэр оруулахыг хичээнэ ээ. Маргааш ажил эхэлнэ, олон хоногийн амралтын өдөр дуусч, бөөн баяр аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿