Сувилагчийн мэргэжлийг та бүхэн юу гэж боддог вэ? Би хувьдаа хүндэтгэдэг. Хамаг л хэцүү, хүндийг тэд хийдэг. Японд ч тэдний ажлыг үнэлдэг, хүндэтгэдэг гэж боддог. Мэдээж би өөрийн очиж үзсэн газруудаараа л жишээ авч буй тул, 100 хувь баталгаатай гэж хэлж чадахгүй...
Харин монголд арай өөр тийм ээ? "Өө нэг муу сувилагч" гэж хандах хандлага их өндөр шиг санагддаг. Эмч л бол мундаг бла бла, сувилагч ч дээ гэх хандлага ажиглагдаад байдаг.
Гэснээс японд олон жил ажиллачихсан сувилагч нар бол эмчээ загнаад загнаад явчихдаг юм билээ. Эмч нар ч тэд нарынхаа үгийг их сайн сонсдог эмнэлэг байдаг юм билээ.
Мэдээж өндөр ур чадвар шаардана, тэд нараас, тэд нар ч орчноо нэлээд сонгож ажилд орно.
Хүүхдүүдийг ч бүр багаас нь энэ тухай ойлголттой болоход ном их нөлөөлнө. Флоренс Найтингейлийн тухай ном ч их байна. Түүгээр сувилагч хүн гэж ямар их хэрэгцээтэй, энэрэнгүй, бусдын төлөө хүн бэ? гээд л магтан дуулсан? байдаг тул охид ялангуяа их автана. Тэгээд л ирээдүйд сувилагч болно гэж шийдэх нь олонтаа.
Охид минь ч иймэрхүү номыг зөндөө л зээлж уншиж байсан. Ээж түүгээр нь дамжуулж мэдлэгийнхээ санг арвижуулна. Хэ хэ. Түүнээс би энд ирэхдээ мэддэггүй л байсан, үнэнийг хэлэхэд.
Сонирхуулж хэлэхэд 5 сарын 12-нд Олон улсын сувилагчдын өдөр гэж тэмдэглэдэг. Энэ өдөр нь Флоренс Найтингейлийн төрсөн өдөр бөлгөө.
За оршил их урт болчихлоо. Номын зохиогч Ширакава Юүко нийт 8 жилийн хугацаанд 17 удаагийн томилолтоор Сири, Ирак, Йемен, Өмнөд Сүдан, Палестин Газын зурвас зэрэг улсад очсон. Хаана л дайн, үймээн болж байна, тэдгээр газарт томилогдоно.
Ингэж томилогдох тоолонд ээж аав нь маш их санаа зовно, тэр мэдээж. Явал болсноо хэлэх гэж нэлээд халшрана. Мэдээж тэ? Хэн л охиноо дайн дажин луу илгээхийг хүсэв гэж?
MSF-хэн аль болох эрсдэл багатай гэсэн газар штабаа байгуулна. Энэ бидний зурагтаар үе үе хардаг цагаан даавуун дээвэртэй майхан? байх нь ч бий. Айлын хашаа, айлын гэрт байрлах нь ч бий. Азтай тохиолдолд эмнэлгийн барилгад үйл ажиллагаа нь төвлөрөх нь ч бий.
Агаараас онгоц нисэж ирээд л бөмбөгдөнө, газарт мийнь булна. Буу үүрсэн элдэв бүлгийнхэн. Энэ бүхнээс зугтаж, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь насыг аврах гэж шөнө дөлөөр зугтана. Ингэх явцдаа дээр хэлсэн зүйлд өртөн, амь насаа алдана, аль нэг эрхтнээ алдана, хайртай хүмүүсээ алдана.
Одоо чинь хэддүгээр зуун билээ? гэж бодох үе ч байлаа.
Бид мэдээгээр тэдэн хүн нас барлаа, буудуулав, алуулав гэж сонссоор байгаад бараг дөжирчихсөн байдаг юм байна. Тэдгээр хүмүүс тус бүр өөрийн гэсэн нэртэй устай, өөрийн гэсэн гэр бүлтэй, өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн итгэл үнэмжшилтэй, өөрийн гэсэн мөрөөдөлтэй.
Нэг бүрийнх нь яаж яваад өрөөсөн гар хөлөө алдчихав? яаж яваад хоёр хөлөө тайруулахдаа хүрчихэв?, яаж яваад гэр бүлийнхнийгээ бүгдийг нэг өдөр буудуулчихав гэдгийг уншаад, үнэхээрийн аймшигтай санагдсан.
Хамгийн их өртдөг нь өнөөх л охид эмэгтэйчүүд, ямар ч гэм буруугүй хүүхдүүд. Тэд өдрийн цагаар гадаа тоглодоггүй. Хүүхэд болсон хойно гүйж харайх гэнэ. Орой үдшийн цагаар нар жаргахаар гарч тоглоно. Энэ бас л эрсдэлтэй. Мэдэхгүй минь өшиглөж тоглоод нэг дор найман хөвгүүн өртөөд, гар хөлөө тайруулна.
Сонсоход, уншихад аймар байна уу? Итгэмээргүй байна уу? Шуналтай, боловсролгүй, хэрцгий цөөн тооны томчуудаас болж хүүхдүүд, бүр цаашлаад улс үндэстнээрээ хохироод, сүйрээд дуусах юм...
Өөрийн эрхгүй хүн зон, таван хошуу мал нь найлаагаад амар амгалангийн туйл болсон Монгол оронд хүн болж төрсөндөө баярлана, талархана.
Гол нь бид хэт их нутаг ус, жалга дов бололгүй, нэг л монгол улс гэдгээ ухамсарлаж, хүүхдүүдээ элдэв дайн байлдаантай, харгис хэрцгий кино ший, тоглоомоос холхон өр зөөлөн хүн болгож өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй юм болов уу? гэж бодон бодон уншиж дуусгалаа.
Зохиогч энэ номоороо нэг ч гэсэн хүн дайн гэдэг чинь хүсэх зүйл биш байна, дайн хийснээр ямар ч ашиг байхгүй, асар их хохирол амсана гэдгийг ойлгоосой гэж хүссэн нь лавтай... Зүрх шимширмээр кэйс буюу жишээ? бичих гэснээ болилоо. Хөл гараа тайруулсан, буудуулсан гэхээр ер нь ойлгомжтой, ямар хэцүү зүйл болохыг ургуулан төсөөлөөрэй.
Бүгдэд нь амжилт. Эх оронд минь сонгууль зөв, сахилга баттай болж өндөрлөөсэй гэж залбирнам...
0 件のコメント:
コメントを投稿