За энэ хагас бүтэн сайнд өрөм зүүдлэж, өрмөө харамлаж өнгөрүүлсэн өдрүүд байлаа. Хэ хэ.
Японд ажиллаж, амьдардаг гэрийн эзэгтэй голцуу хүмүүсийн бүлэг байдаг юм. Амар хялбар хоол гэдэг нэртэй. Гэхдээ амар хялбар хоол орох нь ховор. Ихэвчлэн хийхэд хэцүү, ажиллагаа ихтэй, ховрын хоолны зураг их ордог.
Нэлээд идэвхи муутай бүлэг байсан. Карантины ачаар маш идэвхитэй болсон. Ээжүүд маш идэвхитэй зураг хөрөг оруулж байна. Би яаж дутахав, ганц нэг зураг оруулаад амжсан.
Хань ижлийнхээ хийсэн хоолыг заримдаа ч өөрөө хийсэн юм шиг оруулна шүү дээ. Хэ хэ.
Хамгийн сүүлийн давалгаа нь өрөм загсаах. Эндхийн сүү тослог багатай учир whipping cream хийдэг гэж мэдэж авлаа.
Өнгөрдөг жил сүүний фермэрээс өглөөний шинэхэн сүү авчруулж байгаад л уулын хэддээ өрөм идүүлдэг баатар болсон юм. Тэгсэн энэ whipping cream-ыг хийдэг гэж мэдээгүй тул олигтой болоогүй л дээ.
Бүлгийн сүрхий ээжүүдийн зөвлөснөөр загсаав. Ид сайхан самарч байх үед бага зулзага хөлнөөс зүүгдээд, самралтаа хүчээр шахуу зогсоочихсон. Самралт цөөн болсон гэж дотроо дүгнээд.
Энэ самраад хөргөж байх явцын зураг. Уг нь шаргалтаад, арааны шүлс гоожмоор байгаа биз? Байн байн очиж өнгийж харсан шүү.
-Ёстой гоё шаргалтаад, зузаан болох нь ээ тийм ээ?
гэж хэдэн ч удаа хэлсэн юм бүү мэд. Хань ижил шоолоод жуумалзаад л байсан.
Зүүдлэн зүүдлэн, харамлан харамлан байж өглөө нь өрмөө авсан байдал. Хэнээс харамласан гэхээр хань ижил би тестлээд өгнө өө гээд намайгаа явуулаад байсан юм.
Хань ижлийн хэлснээр бол манай хүн чинь хөдөө өрмөнд шумбаж өссөн хүн шүү дээ. Гурил хольж хутгах уу? гэхээр үгүй ээ л гэсэн. Аминдаа гурил хийхгүй санаатай үзэж тарсан чинь нимгэн л боллоо. Дараа өрмөнд шумбаж өссөн хүний зөвлөснөөр гурил хольж үзнэ ээ.
Нүүр ном дээр аюумшиггүйгээр зураг оруулсан чинь нэг найз эгч цагаан будаа холиод самардаг гэнэ. Асууж лавлана аа. Түүхий будаа юм уу? Болсон будаа юм уу? гээд л.
Багадаа эмээгийн, ээжийн, хамаатны эгч нарын загсаасан өрмийг амаа олохгүй л идэж байснаас, загсаах аргыг нь сонирхож асууж, сурч байгаагүй өөртөө л гомдохоос...
Нэмж үглэхэд хийцгүйрээд байгаа хотынхон минь ээ, хөдөө гарч уламжлалт нүүдлийн ахуй соёлоосоо суралц аа. Тэгэхгүй бол нас ахиад ирэхээрээ над шиг харамсана шүү.
За бүгдэд нь амжилт...
0 件のコメント:
コメントを投稿