2021年3月19日金曜日

Их сургуульд ороход 3

Энэ удаад эцэг эхийн хамгийн их сонирхдог сэдэв байх тийм үү? 

Японд нэг хүүхэд төрүүлж өсгөөд, эрийн цээнд хүргэхэд гарах зардал их өндөр байдаг тул цөөн хүүхэдтэй байх нь их. Төрөлтийн тоо цөөрөөд, хүн ам багасаад байна гэж их ярьдаг. 

Зардлын хувьд үнэн бололтой дог шүү. Цэцэрлэг нэлээд үнэтэй, бага дунд сургууль төлбөргүй, гэхдээ хоолны бас бус сурах бичгийн мөнгөө төлдөг. Ахлах сургууль төлбөртэй, улсын сургууль харьцангуй гайгүй. Мөн дүрэмт хувцас, сурах бичиг, бас бус зардалтай. 

Дээрх бол нэг дор бөөн бөөнөөрөө урсаад явах нь гайгүй байсан. Хичээлийн эхэнд мэдээж дүрэмт хувцас, сурах бичиг гээд зардаг ч үсрээд л 100 мянган иенд багтсан санаад байна. 

Гэтэл их сургуульд орох болсон яаж байна? Ахлах сургуульд байхдаа орохыг хүсэж буй их сургуулийнхаа загвар шалгалтыг өгөхөөс эхлэнэ.Том зулзага 2 шалгалт өгсөн, яг одоо орох гэж байгаа тэнцсэн их сургуулийнхаа. 2 удаагийнх нийлээд 10 мянга хавьцаа болсон. 

Бүртгэлийн мөнгө. 2 их сургуульд бүртгүүлсэн. Нэг нь л гэхэд 20 мянга хавьцаа. Үүнд материалаа баталгаат шуудангаар явуулах зардал орсон байгаа. Ерөнхийд нь базаад биччихлээ. 20 мянгаа хоёроор үржүүлээд 40 мянга. 

Эхний шалгалт орон нутагтаа болдог юм билээ. Үүнд мөнгө төллүү? Яалаа мартсан байх чинь. Дараа асууж лавлаад нэмж бичнэ ээ. 

За их сургуульдаа очиж өгөх шалгалт. Унаанд 47 мянга. Ээж цуг явсан тул хоёр хүний ирж очих зардал.

Буудаллах зочид буудлын мөнгө. Хоёр хүний 40 мянга. 2 өдөр ч болов чимээгүй орчинд байж байгаад конкурсаа өгөг гэж бодоод тусдаа өрөө захиалж орсон. Тэгэхгүй бол гэрт бид амандаа ус залгичихсан юм шиг байна гэж байхгүй тул.

Тэнцсэн. Эндээс ажил ундарна. Хэрэв тэнцээгүй бол өнөөх хоёр дахь их сургууль руугаа явдаг. Ингэвэл мэдээж энд бичигдэж буй зардал нэмэгдэнэ. Харин дээр бүртгүүлсэн 20 мянган иен бол тэр сургуульд хандив болчихож байна гэсэн үг. Хэ хэ. 

Элсэлтийн мөнгө бараг 300 мянга. Үүнд өөрсдөө төлж авахаар ирдэг бас бус бичиг цаасны зардал, шуудангийн мөнгө гэх мэт орсон.

Дотуур байранд тэнцсэн. Хэрэв тэнцээгүй бол гадуур үнэтэй байр хайна. Азаар бид бас л энэ зардлыг хэмнэлээ. Дотуур байр харьцангүй хямд. 

Дотуур байранд тэнцэнгүүт бас баахан бичиг цаас ирнэ. Элдэв янзын даатгал, өдрийн хоолны талон, сурах бичгийн мөнгө гэх мэт нийлээд 200 мянга. Өдрийн хоолны талоноо хамгийн багыг нь л захиаллаа. Өдрийн цагаар сургуульдаа хоолоо иднэ. Энэ нь бас мөнгөний хэмжээтэй. Охин хүүхэд тул багаар л тогтоолоо. Хэ хэ. 

Өө тийм, тамга хийлгэсэн. Өөрийн нэр дээр данс нээхийн тулд. 3300 иен.

За дээрх зардлуудыг нэмээд гаргахаар 627,300 иен болж байна. 

Үүн дээр төв газраас ирэхдээ багш нартаа, бас бус дэмждэг хүмүүстээ нутгийн бэлэг авсан. Төв газар өдөр оройн хоол гээд тансагласан. Нэг өмд, нэг цамц авсан. 

Эдгээрийн мөнгөө нэмээд 655,000 гэж тооцлоо. Он гараад өнөөдрийг хүртэл бид ийм хэмжээний мөнгө үржээ. Хэ хэ. 

Одоо цаана нь сургалтын төлбөр, сар бүр төлөх байр, ус тог гааз, өглөө оройн хоол, нөөтбүүк, мэргэжлийн үг хэллэгтэй цахим толь бичиг. Нээлтээрээ өмсөх хослол, үсний сэнс, их сургууль руугаа явах унааны зардал, араас нь явуулах хэд хэдэн хайрцагны шуудангийн мөнгө гэх мэт үлдсэн. 

Энэ тухай бас тусад нь бичнэ ээ. 

Тэгэхээр зөвхөн их сургуульд оруулж, үүрнээс нь нисгэхийн тулд дор хаяж 1 сая 500,000. Чадвал түүнээс дээш хадгаламжтай байх шаардлагатай байх нь ээ.

Ингээд бодож сууна. Ямар азаар хол зайтай төрүүлээ вэ ? гэж. Ойрхон бол сэхэл авч чадалгүй л дараагийх нь их сургууль гээд явах нь байна шүү дээ гэж. 

За японд сурах, сургах сонирхолтой хүмүүс багцаа авна биз дээ. Энэ улсын сургууль тул хямддаа орно шүү. Хувийн сургуульд орох гэж буй бол үүнийг 2 эсвэл 3-аар үржүүлж бодох хэрэгтэй гэсэн шүү. 

За тэгээд том маамаатай ээж аавуудаа амжилт хүсье. Түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿