2021年5月25日火曜日

Давалгаа бас дахин давалгаа

Зээ хө, би нь номоо уншаад л явсан шүү дээ, энэ саран гарангийн хугацаандаа. Ядаргаатай юм гэтэл чинь номны зураг оруулахаа мэдье ээ. Ккк.

3 сард монголоос ирсэн номны минь нэг шүү дээ. Ёстой хөөрхөн хөөрхөн өгүүллэгүүд байсан. 

Том дэвтэр, Гурав дахь худал, Нотолгоо, Бичиг үсэггүй хүн, Амраг зэрэг номыг орчуулсан, нүүр номын найз Доржийн Болортуяа эгчийн тэмдэглэлийг уншаад л шууд захьсан. 

Захина гэсэн номнуудын минь урдуур шууд дараалал дайраад л. Хэ хэ. Нэг тийм гоё монгол ахуйтай ном уншмаар санагдаад байсан үе. Орчуулгын ном байнга уншихаар өөрийн эрхгүй "дээр үе"-ийн зохиолчдын ном, бүтээлээс уншмаар санагддаг болсон байна лээ. 

Насных уу ч гэх шиг. Ккк. 

"Цахилж яваа гөрөөс"-ийг данин нэг уншмаар л санагдаад байгаа. Насан багадаа киног нь нэг үзсэн. Жүжигчин Өлзийхүү тоглодог.

Нэг сонирхолтой санагдсан нь дээр үед заалгасан гээгдэх эгшгийг дүрэм гэх мэтүүд энэ номд үйлчлээгүй гэх юм уу? Албаар тэгж бичсэн шиг санагдсан. Эхэндээ ч юу билээ? гэж гайхаж байснаа сүүлдээ ч за за энэ албаар ингэж бичсэн байна, нэг бол хуучин монгол бичгийнх нь галигаар шууд буулгаж бичсэн байх гэж таагаад...

Бага наснаасаа л зохиол бүтээлийг нь уншиж ирсэн ёстой сайхан зохиолчоор олон сайхан ном зохиолынх нь талаар яриулалгүй, ярилцалгүй бурхны оронд нь явуулчихсан нь үнэхээр харамсалтай. 

"Нүүнээ нүүгээрэй" гэдэг өгүүллэгийг нэрлэж болно. 10 хэдхэн насны хөвгүүний эсрэг хүйстнээ танин мэдэх шохоорхол, ганц хөвгүүний гэлтгүй, хөөрхөн бор охины сэтгэлийн гэгэлзээ гэх мэт зүйлийг ёстой тансаг өгүүлсэн байдаг. 

Мөн алтан тэмээ гэдэг хорхойны тухай арай дэлгэрэнгүй мэдэж авлаа. Худалч хүнд бол нэрнээс өөрцгүй л байлаа шүү дээ, алтан тэмээний тухай. 

"Мэдэрэмжийн хүлэмж". Мэдрэмж гэж бичмээр боловч мэдэрэмж гэж бичсэн байсан. Үүнд үнэрийн тухай гардаг. "...хүн өөрийн нэгэн гайхамшигт чадвар болох үнэртэх чавдараа өдөр ирэх тусам гээсээр байгааг, ийнхүү гээхэд нь түлхэц болж байгаа юм хотжилт хийгээд шинжлэх ухаан, техник технологийн дэвшил болохыг ойлгосон юм. Хүний үнэртэх чадварт тус болох ачтан бол онгон байгаль..."

Дамаан-Цаашлаад, улам бүр, тэгэх тусмаа.

Сайн гүүний унага, сайн хүний үр.

Солгой ухаан-Буруу гаж ухаан.

Нуур амар бол нугас амар.

"Бүжин бүжинхэн". Хөөрхөн өгүүллэг. Үүнд их хөөрхөн өгүүлбэр гардаг. "...Уг нь эр хүний хамгийн түрүүнд сурах вмны чинь нэг, бүсгүй хүнийг аргадаж сурах юм билээ л дээ. Би даанч хожуу мэдсэн юм..."

Төслүү-Төсөөтэй.

...Бүсгүй хүнийг бүсгүй хүн болгодог юм бол талимаарал...

...Бүсгүй хүн хүйтэн цэвдэг болохоороо бүсгүй хүн биш болчихдог...

...Аядуу намуун хөдөлгөөн бүсгүй хүний чимдэг...

Хахарч байгаа айраг. Хахрах-Айраг, тараг зэрэг идээний амт хатуурах, хэтэрхий исгэлэн болох.

Тожир тожир алхах. Бага хүүхдийн тожигнон явах

Чихэр өвсний үндсийг төмөр биш модон хутгаар тасладаг.

...Айсан хурга чоно улисан зүг рүү явдаг...

Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил төөрдөг-Ардын зүйр үг.

Эрсэн хүн олдог. Намайг өөрийгөө олсон цагт байрнаасаа хөдөлсөн чулуу өөрийн байсан байраа олно. 

Лавсах- Цас малгайлан орох. Өөр утга байсан. Шалгаж үзнэ биз ээ.

...Бүсгүй хүнийг ойлгохгүйгээр бүсгүй хүнээр хань хийж чадахгүй шүү...

Долгонцог-1. идэх уухад ховдог. 2. Сувдаг шунахай. 3. Зусарч бялдууч.

"Чулуудын хүүрнэл" бэсрэг тууж бол тасарцан шөө.

...Амар тайван сэтгэл хангалуун амьд явахын тулд хэнхдэг чээжин дотроо хураасан юмтай байх учиртай. Сэтгэ санаандаа хэдий чинээ л арвин юм хураана тэр чинээгээрээ амар тавшин амьдардаг юм уу даа гэж би санадаг...

Өөрийн санаа өөртөө зөв. Өрөөл даавуу өмдөндөө зөв.

...Хүн гэдэг амьтан сэтгэлдээ ямар нэгэн нандин нууц юм хадгалж явахгүй бол дотоод тамир алдагдаж, бусдын эрхшээлд орохдоо амархан...

...Хүн гэдэг амьтан сэтгэл ухаан хоёроо тэнцүүхэн авч явж амьд явах ёстой амьтан...

...Одоогийн улс чинь нүүр гар, бие хасаа байн байн нэг их сүрхий угаах хэрнээ сэтгэл санаагаа огт цэвэрлэхгүй улс юм...

Чулууд байрнаасаа хөдлөхөд ертөнцийн эмх цэгц алдардаг. Газрын эмх цэгц алдарахад тэнгэрийн одод үймдэг.

Хүний ухаан санаа хөгшин чавганцын хөлийн авдар биш дээ. Ухаан санаа гэдэг юм чинь новш ноохоотойгоор дүүрэх тусмаа мунхардаг юм. 

Хангай дэлхийн чинь хэлийг номоор сурдаггүй хэл. Ажиглалтаар сурдаг хэл.

Сайн морь унаашрах тусмаа чангардаг.

Уг нь энэ халх монголчууд чинь тэнгэр заяатай улс болохоороо чичих жад, цавчих сэлэмнээс бусад эсгий туургатнаа хамгаалж халхалж явсандаа "халх" гэсэн нэр авсан юм гэнэ лээ дээ.

За нэг иймэрхүү. Амттай ном байлаа. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿