2023年1月16日月曜日

Ад үзэгдэх зориг2

Зээ энэ удаагийнхаа бичлэгээр аятайхан санагдсан, санаж явахад илүүдэхгүй гэсэн ишлэл, санаануудыг оруулна аа. 

Ингэхэдээ мэдээж өөрийнхөө үзэл санааг бас хальт тусгаад бичнэ ээ. 

Зээ би анх удаагаа энэ сэтгэл судлаач хүний нэрийг уншиж байна өө. Өмнө нь энд тэнд таарсан байж магад л даа. Мартаж...

"Адлерын сэтгэл судлал бол хүнд хэцүү шинжлэх ухаан биш, хүнийг ойлгох үнэн, мөн түүнд хүрэх цэг".

Нээрээ л хүмүүсийг ойлгох хэцүү тийм ээ? Би ч өөрөө хүмүүст ойлгогдохдоо маруухан хүний нэг. Хэ хэ. Эхэндээ ч хүнд өөрийгөө ойлгуулах гэж хичээдэг байж, одоо бол тоохоо больсон. Хүн болгонд тоогдох, ойлгогдох гэж хичээх нь өөрөө асар их энерги зардаг юм билээ. 

"Адлерын сэтгэл судлалд өнгөрсөн цагийн "шалтгаанаас" бус, одоогийн "зорилгоос" хайдаг". 

Энэ бол өнгөрснийг өнгөрсөнд л орхиж сурах гэсэн ойлголт шиг байна лээ. 

"Хүмүүс бид детерминист онолыг дагасаар л байх юм бол нэг алхам ч урагшилж чадахгүй". (детерминизм-шалтгаант чанар)

"Адлерын сэтгэл судлалд сэтгэлзүйн шархыг (trauma) тов тодорхой үгүйсгэдэг". 

Үүнийг хүлээн зөвшөөрөхөд жаахан хэцүү. Тийм үү? Багадаа авсан сэтгэлийн шарх гэж их ярьдаг даа. Айхтар гүн гүнзгий сэтгэлзүйн шарх биш байлаа ч тодорхой хэмжээгээр таагүй байдлыг мэдэрсэн, тэр мэдрэмжийг дахин амсахгүйн тулд өөрийн эрхгүй эсрэг хариу үйлдэл хийх тохиолдол байдаг даа. 

"Амьдрал гэдэг бол хэн нэгнээс эсвэл гаднаас оноогддог зүйл биш, хүн өөрөө сонгодог зүйл. Хэрхэн амьдрах вэ гэдгээ хүн өөрөө сонгодог". 

Зээ энэ хүлээн зөвшөөрч болмоор. Жишээ нь эх орондоо харилгүй энд үлдэж амьдрах болсон минь миний сонголт. Эндээ бас хөдөө нутагт татагдаад, дасаад амьдрах болсон минь миний сонголт. Бүтэн цагаар ажиллахгүй, цагийн ажил хийгээд байгаа минь миний сонголт...

"Бид нар бүгдээр ямар нэгэн зорилгод хөтлөгдөн амьдарч явдаг. Үүнийг телеологи гэдэг". 

Энэ ч чухам мэдээжийн зүйл. Энэ номд олон олон шинэ үг гардаг. Жишээ нь энэ телеологи. Нихилист-үгүйсгэх үзэлтэн. Песимизм-гутранги үзэлтэн. Гэх мэт. 

Яахав сэтгэл судлалын чиглэлээр нэг их уншаад байдаггүй, уншсан ч гадаад хэлээр уншдаггүй болохоор эдгээр үгийг би мэдэхгүй байгаа байх. Түүнээс англиар иймэрхүү сэдвээр уншдаг хүмүүст бол мэдэхийн дээдээр мэддэг үгс нь байх тийм үү. 

Гол нь мартахгүй байх, мартаж санах нь их болж байна өө...

"Уур бол зохиомол. Уур гэдэг бол хурааж, гаргаж болдог багаж юм". 

Энэ хэсэгт авсан жишээ их хөөрхөн. Өөрсдөө уншаарай. Надад ч тохиолддог. Зулзагууддаа уурлаад загнаж байтал утас дуугарна. Хамгийн наалинхай хоолойгоороо ярьж дуусангуутаа буцаад ууртай хоолойгоор загнах үйлдлээ үргэлжлүүлнэ. Хи хи. 

"Бид эмоцид захирагдан хөдөлдөг амьтад биш". 

Энэ ч мөн ууртай холбоотой. Түүнээс баярласан догдолсон эмоцио бол гаргаж байх зөв байх тийм үү? Харин уур бухимдлыг захираад, дараад, зохицуулаад сурчихвал хэрэгтэй тийм ээ? 

Японд уураа бариад, "сайн том хүн шиг байх" гэдэг хэлц байдаг. Нэг ёсондоо том хүн шиг том хүн гэдэг ойлголт юм. Хүүхэд шиг уураа юмны түрүүнд барилгүй, уужуухан хандах гэсэн үг. 

"Өөрчлөгдөхийн эхний алхам бол мэдэх байдаг". 

Зээ, энэ чухам үнэн үг тийм ээ. Мэдэхгүйгээсээ болоод зөндөө л зүйлийг алдсан байдаг. Мэдсэн ч заримдаа түүнийгээ өөрчилж чаддаггүй ч гол нь мэдээд авсан байхад бага багаар өөрчөхийг оролдох байх даа...

"Хариулт гэдэг чинь хэн нэгнээр заалгаад л авчихдаг эд биш, өөрийн толгойгоороо эрж олох ёстой зүйл. Бусдаас авсан хариулт бол ердөө л эмчилгээний жор төдий, ямар ч үнэ цэнэгүй байдаг юм".

"Хамгийн чухал нь танд юу оногдсонд бус, харин оногдсон юмаа хэрхэн ашиглахад оршино". 

Ёх энэ бас л ёнк гэсэн үг. Бага залуу байхдаа их л олон зүйлийг бурхан надад өгөөгүй байна гэж гомдоллодог, ээж аавдаа гомдоллодог байж билээ. Одоо ч үе үе, ийм байсан бол, тийм байсан бол гэж бодох үе гарна гарна. 

Үүнийгээ л таягдан хаямаар байдаг. Нэгэнт заяагаагүй зүйлтэйгээ эвлэрээд, харин одоо байгаа, өгөгдсөн зүйлээ л тултал ашиглах тийм ээ? Ойлгоод байгаа ч хэрэгжүүлэх, үйлдэл болгоход бас утга учир оршино оо гэж...

"Адлерын сэтгэл судлалд зан төлөв хийгээд төрөлх шинжийг "лайфстайл буюу амьдрах хэв маяг" гэх үгээр тайлбарладаг". 

Зээ энэ амьдрах хэв маяг гэдэг үг бас их айхтар үг ээ. Одоо хэр нь амьдралынхаа хэв маягийг зөв болгочих гээд чадахгүй л яваа шүү би. Бага насны, залуу наснаас ирсэн залхуу зан дийлчихээд байна л даа. Хэ хэ. 

"Адлерын сэтгэл судлал бол хүсэл зоригийн сэтгэл судлал юм". "Аз жаргалд хүрэх зориг дутагдаад байна". 

Гэснээс "Жаргалтай болох зориг" ном ирсэн шүү дээ, энд. Японоороо ч байна. Одоо уншиж буй номоо дуусгаад эхлэхээр төлөвлөж байна. Ирэх сард уншиж ярилцах нэг номныхаа хажуугаар хамт уншаад явчих санаатай... 

"Таны амьдралыг шийдэх нь "ЭНД, ОДОО"амьдарч буй та өөрөө". 

Чухам үнэнийг хэлчихсэн байна уу? Би л өөрчилнө, би л шийднэ шүү дээ. Өөр хэн ч биш. 

За ингээд "эхний шөнө-ийн яриа хэсгээс түүж оруулахад ийм байна. 

Үргэлжлүүлнэ ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье...

0 件のコメント:

コメントを投稿