Он дамжиж байж гэдэг шиг сар дамжиж байж уншиж дуусгалаа.
Ямартай ч баахан япон үг тэмдэглэж авч, эхнээс нь тольдоод л явж байна. Ингэхэд энэ япон хэлийг чинь дөмөгхөн сурчих янзгүй шүү. Мөлхөж л байхаас, огт хөдлөхгүй байхаас л дээр байх...
Гэснээс далд ухамсраа өөрчлөх зорилготой хүн чинь үүгсийн сангаасаа энэ "...гүй" гэдэг үгийн төгсгөлийг аюч хаях хэрэгтэй байна. Тийм үү?.
Тэгэхээр "дөмөгхөн шиг сурахад минь жаахан л хугацаа хэрэгтэй, хичээнэ ээ" гэж ярьж бичих ёстой болох нь.
Уг номонд гарсан хамгийн шилдэг нэг өгүүлбэр байна аа. Бүр миний тархинд хадагдчихсан. Хэ хэ.
"Мөнгөтэй хүмүүсийг, баячуудыг битгий үзэн яд, бүү атаарх".
Яагаад ч юм баян хүнийг муу хүн, буруу аргаар мөнгө олсон доо гэж бодоод байдаг юм байна. Ялангуяа монголчуудыгаа.
Гадны улсуудын амжилтанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад жинхэнэ өөрийн хөлс, хөдөлмөрөөрөө баяжсан хүмүүс ховор биз ээ? Ховор гэж бичсэн шүү, түүнээс огт байхгүй гэж бичээгүй...
Ямартай ч би толгойнд минь хадаастай байдаг энэ баячуудад дургүй, баячууд муу, зальтай хүн гэдэг бодлоо таягдан хаяхаар шийдэв...
"Баян хүмүүстэй адил сэтгэж, адил үйлдэл хий".
Баяжихыг, амжилтад хүрэхийг хүн болгон л хүсдэг дээ. Дээр бичсэн шиг баячуултай адилхан сэтгээд л, адил үйлдэл хийгээд л явбал баяжина, амжилтад хүрэх байх тийм үү?
Гэхдээ монголын баячуудыг дуурайна гэхээр жаахан асуудалтай. Хэ хэ. Төрд орж баяжих, нэг ёсондоо хулгайгаар...
Нэг бол их бага хэмжээний авилга авах, албан тушаалаа буруугаар ашиглах, өөр юу билээ? Ха ха.
"Гадаад хүчин зүйл: бизнесийн мэдлэг, хөрөнгө оруулалтын дүрэм, бодлого гэх мэт. Дотоод хүчин зүйл үзэл бодол, итгэл үнэмшил, зан авир гэх мэт".
Багад олж авсан мөнгөний тухай үзэл бодол, дадал маш их үүрэгтэй байдаг гэнэ. Тухайлбал ээж аавын мөнгөтэй харьцаж буй үйлдэл, үг яриа...
Тэгээд бодлоо, би зулзагуудынхаа өмнө мөнгөтэй яаж харьцдаг, мөнгөний тухай ямар үг яриа хэрэглэдэг тухайгаа. Хэмнэлт чухал, мөнгийг дэмий битгий үр, хадгалж хуримтлуул гэж хэлдэг юм байна.
Гэхдээ бас тунг нь тааруулж байхгүй бол гэж бодлоо...
Эсрэгээрээ миний багад ээж аав төсвийн жаахан хэдийгээ хүргэх гэж их л хичээдэг байсан. Заримдаа өр тавина, дараа сарын цалин буусан ч өрөө төлөөд үлдсэн нь хаана ч хүрэхгүй. Тэгээд дахиад л өр...
Тийм болохоор би өр тавихаас айдаг, ичдэг, санаа зовдог...
Мөн зоригтой алхам хийж чаддаггүй, чаддаггүй ч гэж дээ мөнгө байгаагүй юм чинь. Хэ хэ. Маш их өртэй хорвоог орхичихвол яана гэж айдаг, эрсдлээс айдаг. Цалингаа л цаг тухайн үед нь авч байвал дээдийн заяа.
Би мөн эрсдлээс айдаг, зоригтой хөдөлж чаддаггүй, хүний газар тогтмол цалинтай байгаа нь дээдийн заяа гээд бат итгэчихэж...
За тэгэхээр эдгээр ил болон далд утгаар нөлөөлж ирсэн нөлөөнөөс ангижран, нэг бол өөрчлөлт авчрах дадлыг өөртөө суулгах ёстой юм байна...
"Санхүүгийн байдлаа өөрчлөхийг хүсэж байвал "мөнгөний төсөөлөл, зураглал"-аа өөрчлөх".
"Би үргэлж өөрийн бодол санаандаа анхаарч, өөрт ашигтай бодол санааг л толгойдоо үлдээнэ".
"Дадал 2 янз байдаг. Үйлдэл дагуулдаг дадал, үйлдал дагуулдаггүй дадал. Энэ гээд бариад авчих зүйлгүй, юу ч хийхгүй байх нь энгийн зүйл болж хувирвал энэ дадал болчихно. Юу ч хийхгүй дадлыг өөрчилж хувьсгал хийх нэг арга нь үйлдэл хийх. Жишээ нь ном унших нь үүний хамгийн эхний алхам бөгөөд, бодитоор ямар нэгэн үйлдэл хийж байж өөрчлөлт авчирна. Амжилтанд хүрь? гэж хүсэж байгаа л бол хөдөл, үйлдэл хий гэж зөвлөе".
Саятны сэтгэлгээ 1. Саятнууд би өөрийн амьдралаа өөрөө бүтээнэ гэж итгэдэг. Эсрэгээ мөнгөгүй хүмүүс яагаад ч юм ийм амьдралтай болчихож гэж боддог.
"Мөнгөгүй хүмүүс хохирогчийн дүрд тоглох дуртай байдаг. Өөрсдийгөө хөөрхийлөлтэй өрөвдмөөр гэж итгэчихдэг. Өөрийн үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрдөггүй, ухамсарладаггүй. Мөн чадваргүй өөрийгөө зөвтгөх гэж оролддог. Бүтэхгүй гэдгийг амны уншлага болгосон байдаг".
Нэг өдрийн төгсгөлд орой нь амжилттай бүтсэн зүйл, амжилтгүй бүтээгүй зүйлийг нэг нэгийг бичнэ. Дараагаар нь түүний шалтгааныг нь тунгаан бодно. Ингэснээр өөрийн үйлдэлд хариуцлага хүлээж үр дүн өгөх арга, үр дүнгүй аргыг мэддэг болно.
Саятны сэтгэлгээ 2. Саятнууд амжилт, баялгад тэмүүлж байдаг. Мөнгөгүйчүүд хоосон хонохгүй, хоёр идэхгүй амьдралыг хүсдэг.
Саятны сэтгэлгээ 3. Саятнууд заавал баяжина гэж итгэдэг. Мөнгөгүйчүүд баяжих юмсан, баяжвал сайхан аа гэж боддог.
"Мөнгө үзэл бодол нь туушгүй хүнд дургүй".
"Хүсэл тэмүүллийн 3 төвшин байдаг. 1. Баяжих юмсан, мөнгөтэй болох юмсан. 2. Баяжихыг өөрийн ухамсраар сонгох. 3. Заавал баяжина гэж шийдэх.
Саятны сэтгэлгээ 4. Саятнууд том бодож сэтгэдэг. Мөнгөгүйчүүд жижиг бодож сэтгэдэг.
Саятны сэтгэлгээ 5. Саятнууд боломжыг олж хардаг, мөнгөгүйчүүд эрсдлийг олж хардаг.
"Юу ч хийхгүй өнгөрөөснөөс ямар нэгэн зүйл хий, оролд, эхлүүл".
"Өөрийн сул тал дээр биш давуу тал дээр төвлөр".
Гэх мэтчилэн бичжээ. Үргэлжлэл бий...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хайр, мөнгө хүсье.
0 件のコメント:
コメントを投稿