Ж.Бямба гуайн нэгэн сайхан романыг уншиж дуусав. "Хорвоогийн өнгө", "Үнэний хорвоо", "Энэрэлгүй хорвоо" зэрэг романууд нь гайхалтай тийм ээ?
Багадаа уншаад сэтгэлд маш тод сэтгэгдэл үлдээсэн учраас би гайхалтай гэж хүлээж авдаг байх. Намайг багад одоогийнх шиг олон ном байсангүй. Цөөхөн номон дунд эргэлддэг байсан болохоор ч тэр байх.
Гэсэн ч гайхалтай зохиолууд шүү.
Гэм нь би хорвоонуудаа монгол явуулчихсан. Үе үе сөхөж хармаар л санагддаг. Дараа харихаараа авч ирнэ ээ, яадаг юм. Хо хо.
Энэ удаагийн "Заяа тавилан буюу учрах хорвоо" роман нь Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын үеийн залуусын ажил, амьдралын тухай өгүүлнэ.
Сайхан байсан байх тийм ээ? Цоо шинэ газар цоо шинэ хот байгуулаад, цаанаа л нэг сэтгэл тэнэгэр, урамтай, бахархалтай байсан байх даа.
Одоо цаг үед бас яг ийм бүтээн байгуулалт жаахан баруун тийшээ, нэг бол зүүн тийшээ хийвэл гэж мөрөөдөх юм дөө. Улаанбаатар хотдоо л шаваад байхаар тийм ээ?
За тэгээд гол дүрүүд нь тус бүрдээ өөр өөрийн гэсэн онцлогтой. Сайн ч хүн байна, хүний мөсгүй хүн ч байна, хүүхэмсэг нь ч байна, үнэнч нь ч байна.
За тэр Зандан даргын эхнэр Замбага бол нээрээ үнэн "зэвүүн". Зад загнаад, байранд нь авааччихмаар санагдаад болоогүй. Баахан сурвалжлагч, сэтгүүлийнхнийг аваачаад л. Ха ха.Одооны хэллэгээр бол үнэн даам гарчихсан...
Харин Зандан дарга хаа очиж ёстой тулхтай, үнэнч зөв дарга байлаа. Ганц охин нь бас их зөв хүмүүжилтэй.
Багадаа иймэрхүү зохиол их уншдаг байж. Бас нэг зохиол сэтгэлд их уяатай байгаа. Нэрийг нь мартчихаад, олж уншиж чадахгүй л явна. Яаж ийгээд олж уншина даа...Тэр номоо л олоод уншчих санаатай, ингэж дээхний зохиолуудыг цуглуулаад байж магад л юм. Хүүхэд насанд үлдсэн ямар нэгэн сэтгэгдэл хадагдчих юм даа тийм ээ? Сайн нь ч тэр. Саар нь ч тэр.
Эрдэнэт хот явж үзээгүй ээ. Эрдэнэтийн дарга цэрэг хүмүүс нь их баярхуу, аархуу байдаг гэж сонсож байсан. Хэ хэ.
Их л цэвэрхэн хот байдаг байхдаа. Нэг нартай сайхан өдөр очиж үзнэ ээ...
Хөөрхөн хөөрхөн, гэнэ цайлган дүр ч гарна. Хүнд сэтгэлтэй болсноо мэдэхгүй гэгэлзэх цэл залуухан бүсгүй, хойд эцгийн зэвүүн үгнээс болж амьдралаа алдахаа шахан, эргэн ухаажиж бүй үзэсгэлэнт бүсгүй...
Ж.Бямба гуайн олон хорвоотой зохиолуудад бүсгүй хүний дүр зонхилдог. Гэгэлзсэн, дурласан, шохоорхсон, гунигласан, зовсон, хайрласан, хайрлуусан, ааштай, гэнэн, эмзэг, хатуу, наалинхай, хонгор, атаархуу, амьдралд итгэх итгэлээ алдсан, тэмүүлэлтэй, тэмүүлэлгүй, болчимгүй, хэрсүү...
Бүсгүй хүний олон өнгө, тэр олон өнгө нь солонгорох уу, булингартах уугэдэг н тухайн цаг нийгэм, найз нөхөд, гэр бүл зэргээс ихээхэн хамааралтайг тодруулж бичдэг. Хорвоонуудаас бусад бүтээлийг нь барагтаа мэдэхгүй л дээ. Хаа нэгтээ таараад уншиж л байсан байх.
Дээхний зохиол уншихын нэг сайхан нь үг хэллэг яруу, үг үсгийн алдаа ховор нь гоё. Нэг их тааралдаад байдаггүй монгол үгнүүдээ шараар тодруулдаг. Бүр нэг мэдэмгүйг нь хайж үзнэ, ямар утгатайг нь.
Дараагийн уншихаар эхэлсэн ном минь ч бас нэгэн сайхан монгол зохиолчийн шилдэг роман...
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿