2024年3月7日木曜日

Хүүхдийн хүмүүжил 3

Олон зүйл нуршилгүй бичээд явна аа. Сүүлийн үед миний оршил уртсаад байгаа. Тийм ээ? 

6. Мартчихвал яана аа? Алдчихвал яана аа? Гэх мэтээр бүх зүйлд санаа нь зовчихдог бол хамтдаа төлөвлөх. 

А төлөвлөгөө, В төлөвлөгөө, С төлөвлөгөө гаргах. Мартахгүйн тулд бичиж тэмдэглэх. Үүнийг гэхдээ хүүхдээ нэлээд томрохоор нь хамтдаа хийнэ. 

Хүүхэд бол ирээдүйг урьдчилан харах биш "одоо"-доо амьдарч байдаг. Ирээдүйгээ харж, санаа зовох, төлөвлөх гэдэг чадвар охин хүүхэд бага сургуулийн 5 дугаар ангиасаа, эрэгтэй хүүхэд дунд сургуулийн 2 дугаар ангиасаа бүрэлдэж ирдэг. 

Мэдээж дунд нь дээрх чадвар эрт суух, орой суух хүүхэд ч бий. 

Мөн ээж аав нь хүүхдийнхээ сайн чанарт найдаж, итгэж байвал хүүхэд их дуртай байдаг. Өөртөө итгэлтэй болж, өөрийн сайн талаа улам зүлгэх аргаа олдог. 

7. Ямар нэгэн зүйл хайж байснаа олдохгүй болохоор нь залхаад тэр чигт хаячихдаг хүүхдэд "яагаад хайхаа больчихов оо? Сайн хайгаач ээ" гэж үглэх биш "хамтдаа үнэт эрдэнэс хайх уу?" гэж хэлэх. 

Мөн "хамгийн сүүлд хаана хэрэглэж байсан бэ?" гэж асуух. 

Дээрх арга нь ямар нэг зүйл эхлээд л амархан уйддаг хүүхдэд хэрэглэж болно. Ингэхдээ дуустал хий гэж шахахгүй байх. Албадах биш аль болох хөгжөөнэй, сонирхолтой байдлаар санал болгох. 

Юун дээр чадахгүй байна гэдгийг нь ажиглаад, эвтэйхэн санаа оноо өгөх. 

8. "Өө би тэртэй тэргүй чадахгүй юм чинь" гэж өөрийгөө голдог хүүхдэдээ "хийж үзэхгүй бол мэдэхгүй шүү дээ, чадах үгүйгээ" гэж үглэх биш "тэгж бодож байвал хийхгүй байж болно шүү дээ" гэж хэлээд үзэх. 

Учир нь ээж аав нь хүүхдэдээ хэт найдлага тавиад байхаар хүүхэд тэр найдварыг нь хөсөрдүүлэх вий гэж санаа зовдог. Эсрэгээрээ ээж аавын найдвараас чөлөөлөгдөөд ирэхээрээ "Хийх үү? хийхгүй байх уу? Оролдоод үзэх үү яах уу?" гэж өөрөө бодож эхэлдэг. 

Ээж аавын үг хүүхдэд их чухал, хүнд байдаг тул маш бодолтой хэлж ярих. 

9. Ээж аавынхаа өөдөөс цор цор, хар яр гээд байвал "ашгүй дээ, өөрийн үзэл бодлоо хэлдэг болж байна" гэж баярлах. Хүний өөдөөс харж байгаад өөрийн бодол санал зэргээ хэлчихдэг болж байгаа нь нэг ёсондоо хүүхэд тань хөгжиж байна аа гэж үзэн баярлах хэрэгтэй. 

Хүүхдээ байгаагаар нь хүлээн авах, ойлгох, харьцах. 

Энэ хэсгийн тухай япон ээжүүдээс нэлээд сонсож байсан тул зулзагуудаа үе үе цор цор гэхэд нь "аан, энэ маань ном журмаараа л хөгжиж буй байх нь" гэж хүлээцтэй ханддаг болсон. Мэдээж заримдаа би өөрөө бухимдаад, ээж аавынхаа өөдөөс цор цор гэлээ гэж загнадаг л даа. Хи хи. 

10. Хүүхдийнхээ чаддаггүй зүйлийг онцлон үглэх бус чаддаг зүйлийг нь магтах. Мөн хүүхдэдээ талархал илэрхийлж байх. 

11. Хүүхдийнхээ төвлөрдөг цаг, орчинг хамтдаа хайж олох. Мөн төвлөрч чаддаг хугацааг тодорхойлох. 

12. Эцэх эхийн хүслээр биш хүүхдийнхээ дуртай зүйлийг хөгжүүлэх. 

13. Алдах явдал байдаг гэдгийг ойлгуулах. 

14. Олон дахин анхааруулж байж хөдөлгөх бус өөрийг нь хөдлөхийг чимээгүй хүлээх. 

15. Хүүхэд өдөр бүр хөгжиж байдаг. Түүнийг нь ойлгох. Танд хөгжихгүй байгаа мэт, бахь байдгаараа л байгаа мэт харагдаад байж магадгүй. Эсрэгээрээ хүүхэд бидний нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйлгүйгээр хөгжсөөр байдаг гэдгийг ойлгох. 

Нэлээд дээхэн уншаад дуусгаснаа товчхон базаал орууллаа. 

Түр баяртай. Хүүхдүүдээ эерэгээр загнаж хүмүүжүүлцгээе. Би ч мөн хичээнэ ээ. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿