Төлөвлөгөөт ном. Монгол зохиолчийн ном тул уншихад харин ч нэг урамтай байна аа.
Би Л.Өлзийтөгс зохиолчийн "Нүдний шилэнд үлдсэн зургууд", "Хотын үлгэрүүд"-ийг уншсан. Дахин уншиж буйдаа баяртай байна. Хөөрхөн найздаа эрхэлж, захиж авахуулсан. Баярладаг шүү, хонгор минь.
Уншсан номныхоо тухай өмнөх блогтоо зүгээр л "уншсан шүү" гэж санаж байхаар л хальт л хоёр өгүүлбэр холбон бичжээ. Яахав нэгнийх нь зураг бол байсан. Нөгөө нэгнийх нь зураг ороогүй байна лээ.
Тэгэхлээр санаж буй зүйл тун ховор, тэдгээр номноос.
Хараацайн зогсолтын эхний дэвтэрт орсон бага насны дурсамжуудыг уншиж байхад миний өөрийн бага насны дурсамжийн зарим нэг нь сэдрэв.
Жишээ нь "Аллага", "Сүрэг" гээд байрны хөвгүүдийн тухай дурсамж. Миний багад ч байр маань хоёр орцтой, 9 давхар байшин. Байрныхаа бүх хүүхдүүдийг, орцныхоо бүх айлыг таньдаг байлаа.
Охид хөвгүүдээрээ хуваагдаж тоглоно. Заримдаа хачин эвтэй, заримдаа чухам дайсагналцдаг байлаа. Санаж байгаагаар 9 давхраас ууттай ус асгаж дэггүйтнэ. Усаар байлдана. Чирдакан дээрээ гарч тоглоно, чирдакаараа дамжиж найзындоо орно.Цахилгаан шатаар тоглоно, айлын хонх дараад зугтаана.
Бусад байрныхантай резин, чиртаагаар өрсөлдөнө. Байрны ах нарын дугуйнд сундлаад, тэр хавиа тойрно.
Хөвгүүд харин шувуу байтугай л амьтан "алж" тоглодог байсан байх. Хань ижил л лав энд өгүүлдэг шиг муурыг өндрөөс шидэж үзсэн л гэсэн.
Мөн байрны хөвгүүд чулуугаар байлддаг байсан.
Зохиолын гол дүр болох Зохиолч нь Мама буюу хадам ээжтэйгээ хуучилдаг хэсгүүд их хөөрхөн. "Юу яагаад" гэдэг бичвэр нь хөөрхөн. Өөрийн эрхгүй инээсэн.
Маматай ярих харилцан ярианд хөөрхөн хөөрхөн, ухаарал хайрласан өгүүлбэрүүд мэр сэр гарна.
"...Хүн чинь уурлахаараа их тэнэг, тэнэг, жижигхэн зан гаргадаг юм шүү дээ.
"... Ер нь битгий уурлаж байгаарай, миний охин! Ээж нь бол уур хүрэнгүүт амаа хамхичихдаг даа, хө. Үг хэлмээр байсан ч дуугардаггүй. Тэвчсэний буруу гэж ер байдаггүй юм шүү. Бүх юм болоод өнгөрсний дараа хэдэн өдөр, хэдэн сар харамсаж шаналснаас тэрүүхэн зууртаа тэвччихэд дараа нь сэтгэл санаа хөнгөн байдаг даа."
Сүүтэй цайны тухай бичсэнийг нь хань ижилдээ уншаад өгчихвөл ч надаас сүүтэй цай нэхээд салахгүй болохоор л бичсэн байлаа. Учир нь би сүүтэй цай гээд байддаггүй л дээ. Хань ижил болохоор будаатай сүүтэй цайнд дуртай. За тэгээд борцтой бол бүр ч...
"...өрөмтсөн сайхан, өтгөн шаргал сүү хийгээд 100 удаа самарчихсан, атга шар будаа шидээд, сүүлтэй хуурчихсан юм уу, хэдхэн ширхэг борц хаяад буцалгачихсан, чимх хужиртай, халуун цай чинь ядаргаа тайлж, хий хуйг дардаг, муухан хоолноос хамаагүй дээр унд шүү дэ хө. Ер нь миний охин хожим, ээжигйээ үхэхээр муу хоолыг түлхээд сайн цай л уучихаж байгаарай..."
Гэснээс эндхий сүү тослог багатай тул өтгөн сайхан цай болдоггүй юм өө. Тийм болохоор би сүүтэй цай чанах дургүй. Кофег бол чанана шүү. Хэ хэ.
Өмнөх сарын "галзуу солиотой" номыг бодвол тун даруухан, эгэл, монгол ахуй гардаг тул амархан ч уншигдаж байна өө.
1 дүгээр номоо дуусгаад дахин нэг тэмдэглэл бичнэ ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿