Нэг ийм ном уншив. Унших тусам дайн дажингүй оронд төрсөндөө үнэнхүү талархана.
Номын зохиолч япон хүүхэн 7 настайдаа "Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг(MSF-Médecins Sans Frontières)" гэдэг үгтэй тааралдана. Тэр үг түүний бяцхан тархинд кодлогдоод үлдсэн байдаг.
Ахлах сургуульдаа ирээдүйд ямар ажил хийх, ямар мэргэжилтэй болох тухайгаа шийдэхдээ ангийнхаа хүүхдийн хэлсэн "би сувилагч болно" гэдгийг сонсоод өөрийн яг юу хүсээд яваад байсныгаа олж мэднэ.
За тэгээд эх орондоо сувилагчийн сургуульд суралцана. Улсын шалгалт өгч сувилагчийн эрхийн үнэмлэхээ гардан аваад, доторхой хугацаанд мэргэжлээрээ ажиллана.
Дээрх нийгэмлэгийн Токио дахь салбарт нь очоод, хэл сурах ёстойгоо мэднэ. Австрали улсад очиж суралцана. Төгсөөд тэндээ хэсэг ажиллана. Овоо хэдэн жилийн дараагаар эх орондоо буцаж ирнэ. MSF-д бүртгүүлнэ. Анхны томилолт ирнэ.
Эхний хэдэн хуудас хөнгөн уншигдсан. Хойшоо унших тусам зүрх шимширнэ. Зарим хэсэгт нулимс цийлэгнэнэ. Зулзагууд минь нүдэнд харагдана, ижий аав минь, садан төрөл, эх орон минь нүдний өмнүүр жирэлзээд өнгөрнө.
Дайны хохирол амсаж буй хүний оронд өөрийгөө тавьж нэг үзнэ, дотны хүмүүсээ нэг тавьж үзнэ. Ер нь л аймаар. Сэтгэлийн хөөрөл ихтэй хүн бол уншилтгүй.
Монгол эх орон минь, таван хошуу мал минь налайгаад , хүн зонгүй амгалан тайван дүр зураг үүрд мөнх хадгалагдан үлдээсэй гэж хүснэ, залбирна.
Гол дүр маань ямар ямар оронд томилогдон ажиллаж, ямар ямар хүнд тохиолдлыг үзэж харсан тухай дараагийн бичлэгт өгүүлнэ ээ.
Маргааш болтол түр баяртай. Сонгуулиа өгч, зөв хүнээ сонгож, ирээдүйгээ гэрэлтүүлцгээе. Бүгдэд нь амжилт...
Жич: MSF гэдэг үгийг хараахан сонсож амжаагүй хүн, дүү нар байвал хайгаад үзээрэй. Цахим орчинд мэдээлэл бол хангалттай бий шүү. Мөн боломжтой бол хандив өгсөн ч болдог...
0 件のコメント:
コメントを投稿