2020年9月20日日曜日

Хаан цадиг

Уншаад эхэлсэн ном. Хаа байсан Шизүока мужаас ирсэн. Уншчихаад буцааж өгнө.

Гол нь наана нь хэд хэдэн ном эхэлчихсэн байсан тул эхлэлгүй, жаахан удчихсан. Сэтгэл гаргаж зээлсэн хүн маань гайхаж байгаа байх даа? 

Уучлаарай, нэг эхэлчихсэн байхад яаж ийгээд дуусгадаг тул. Одоо нэг их удаахгүй ээ. 

Мөн ид нүднээсээ, хараанаасаа салгаж болохооргүй дээрээ явж буй жаахан маамаатайг минь бодож өршөөгөөрэй. Уужуу тайван хандаарай. 

За хамаг л уран цэцэн үгээ хэлхэж, уучлал хүслээ шүү. хэ хэ. 

Нэг зүйл мэдэж авлаа. "Төрт ёс, Хаадын сан" гэж байдаг юм байна. Үүсгэн байгуулагдаад 20 жил болж байгаа гэнэ. Мэдээгүй л явж. Нэг бол нэг их тоохгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн байж магад.

20 жилийнхээ ойд зориулсан түүхэн сэдэвт шилдэг туужийн уралдаанд шалгарсан бүтээлүүдээ эмхтгэж хэвлэсэн юм байна. 

1. Бөх Бэлгүтэй

2. Ботохой хатан

3. Гэрэлт цагаан суврага

4. Орлой мэргэн цагаан

5. Улаан тэргэл сар

6. Алтан урагийн босго

Гэсэн бүтээлүүд байна. Би одоогоор 1 дэхийг л уншсан. 2 дахийг нь эхлээд орхичихсон. 

Тухтай сууж унших зав гардаггүй ээ. За энэ ч яахав. Шалтаг л юм даа. 

Тэр бүр таараад байдаггүй үгнүүдээ түүсэн. Эндээ оруулчихъя. Өөрийн ном бол шар тодруулагчаар тодруулаад явчихдаг юм. Хүний номыг муухай болгочих вий гэж хүрч ядан л уншлаа. 

Ширээж: Ширээх-төмрийг хайлах, давтах зэргээр хатуу болгох, ширэх гэж байна. Харин энэ номын Босго үгэнд ...Эх түүхийг маань Модун сайн хаан улбаалж, Чингис Богд эзэн өрнүүлж, Өгөдэй, Хубилай сэцэн тэргүүт Их хаад үргэлжлүүлж, Алун-гуй, Өүлэн үжин, Сорхугтани, Мандухай нарын ухаан, үзэсгэлэн гуа хосолсон хатад "ширээж"... гэж бичсэн байна.

Аранга: 7 утга байсан. Туужид болохоор аливаа зүйлд халтай гэдэг утгаараа орсон. Тэмүжин Хасар хоёр гэж гутлын аранга байна...

Нутлах: Тайлбар толиос харахад нотлох гэж байна. Туужид гавъяат үйл олныг нутлах гэж байсан. Бодохдоо гавъяат үйлс олныг хийх, байгуулах гэсэн утга болов уу? гэж.

Банжих: Ямарваа юмыг төхөөрөн бэлтгэх, зэхэх, базаах: ор дэвсгэр банжих (ор дэвсгэр зэхэх) гэж байна. Нээрээ хань ижил ороо хийх гэж ярьдаг. Хэхэ. Би болохоор ороо засах гэж хэлдэг. Нутаг нутгийн хэллэг, өнгө аяс гэж байх юм тэ. 

Би шоолно оо, шинээр ор хийх гэж байгаа юм уу? гэж. Тэгэхээр манай хүн мөчөөгөө өгөхгүй чи тэгвэл эвдэрсэн ор засаж янзлах гэж байгаа юм уу? гэж. Хэнийх нь ч зөв юм? Бүү мэд...

Одооноос банжих гэж хэлж хэвшдэг юм билүү. Зэхэх гэж хэлж болох юм байна шүү.

Можгор: 2 утгатай. Туужид богино мариалаг гэдэг утгаараа "можгор гар" гэж гарсан.

Гэнэм хөтлөлцөх: Хайгаад олоогүй.

Халиах: 3 утгатай. Харах гэдэг утгаараа халиах харц гэж гарсан. Мөн гэрэвшүү нүдээр халиах гэж гарсан. 

Нээрээ бага зулзагаа унтуулах гээд л Чимэдцээеэ гуайн дуулсан бүүвэйн дуунд халиагаа вэ? гэж гардаг. Харах, анхааран харах, бусдаас зэвүүрхэн эмээсхийх гэсэн утгатайг нь мэдэж авлаа. Өнөө оройн анхааран сонсоно оо. 

Хоромсого: Нум дүрэх сав.

Шалсай: 2 утгатай. Амттай боорцог, боов. Цагаан сарын үед сүм хийд болон айл өрх хийж, бурхан тахидаг гурилаар хийсэн балин тахил гэж байна.

Сонь буурах: Сонирхол буурах.

Цөлх: Шаргуу, шамдуу, нөр гэсэн утгатай юм болов уу? Цөлх ухаан гэж их хэрэглэгддэг юм байна. Малчны цөлх ухаан гэх мэт. Миний бодлоор сийрэг, гүйлгээ гэсэн утга бас байх шиг...

Долдойч: Долдой зантай, зусар зулгуйч.

Дэлхий дэлэгнэх: Урин дулаан цаг ирж, өвс ногоо дэлгэрэх.

Жилбэ: 3 утгатай. Туужид сая төллөсөн малын сүү , шим гэсэн эхний утгаараа оржээ.

Гүлгэр: Дулаан бүлээн аястай болох.

Үйлгэрдэх, үйлгэртэх: Хайгаад олсонгүй. Үүлгэрдэх, үүлгэртэх гэдэг үг юм болов уу? гэж бодлоо.  

Чигч: Шударга, үнэнч, шулуун. 

Олирс мойл: Яг ямар мойл жимс гэдгийг нь мэдсэнгүй. Нууц товчоонд гардаг бололтой. 

Гэснээс нууц товчоог дахин нэг уншмаар. Аль 10 жилд нэг айхтар цээжлэн барин уншиж байсан.  

Яригалдах: Хайгаад олсонгүй.

Гөхдөх: Гөхөөр загас барих. Гөх-1. Загасны дэг. 2. Зэрлэг гахайн тоорой гэсэн байна, тайлбар тольд. 

Хань ижилдээ гөх гэж зааж өгье байз. Зэрлэг гахай агнадаг хүн...

За өнөөдөртөө боллоо. Дараагийн бичлэгээр үргэлжлүүлнэ ээ. 

Бүгдэд нь амжилт шүү.

0 件のコメント:

コメントを投稿