2021年4月21日水曜日

Гоё уу?

Энэ гурван номыг саяхан биш ээ, 3 сарын сүүлээр гартаа оруулсан. 

Зургийг нь бас ингэж авсан нь учиртай. Том дэвтэр, Гурав дахь худал, Нотолгоо, Бичиг үсэггүй хүн, Амраг зэрэг номыг орчуулсан, нүүр номын найз Доржийн Болортуяа эгч Мэнд-Оёо гуайн гурван номыг ингэж улаан туузаар уяад, хажууд нь ваартай цэцэг тавиад авчихсан, нүүрномдоо оруулсан байхаар нь шар гозойгоод. Ха ха. 

Аймар шартай байна уу? Шартай, шуналтай хүн чинь шууд захиж авчруулаад, ингээд зургийг нь авчихсан. Хааяа шунал чинь их зүгээр юм билээ. Ккк. 

Үнэндээ цаг нь их гоё тохироод оо. Үргэлж намайгаа баярлуулж номоо захиарай гэдэг нэг эгч бий. Тэр эгчдээ л эрхэлж, гурван ном захьсан хэрэг. Монголоос ирэх тул, шуудангийн төлбөр энэ тэрийг нь бодоод би цөөхөн ном захьсан. 

Нэг хүнд байнга тэгж төвөг удах чинь бас муухай шүү дээ, тийм ээ? Түүнээс зөндөө л ном гарч байна цаана чинь. Зургийг нь хадгалсаар...

Ном авмаар байна аа гэвэл зөндөө хүн авч өгнө л дөө, гол нь нааш нь явуулах л жаахан тийм байна. Онгоц бага, ирж очих хүн танихгүй гээд л. Хил гааль нээгдэхээр бүр анаж байгаад бүгдэд нь нэг нэг ном захих юм шөө. Ккк.

Та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай, эртхэн хэлчихье. Хо хо.

За гайхуулж бичихэд нэг иймэрхүү. Хи хи. 

За баахан ккк, хо хо, хи хи гэж инээсэн бичлэг болчихлоо. ХА ХА гэж хөхрөхөөсөө өмнө өндөрлөе дөө. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年4月20日火曜日

Ойрын сонин сайхан

Онц сонин зүйлгүй ээ. 

Энэ сарын эхэнд оюутан зулзагаа гаргаж өгснөөс хойш нэг их өөрчлөлт алга. Угаасаа сүүлийн нэг жил өрөөндөө бүгж, хичээлээ хийж байна гээд, байгаа үгүй нь мэдэгдэхгүй л байсан болохоор. Хэ хэ. 

Худлаа худлаа өрөө нь хоосон оргиод эвгүй л байна. Дунд зулзагаа ор гэсэн чинь одоохондоо ээж аавтайгаа цуг баймаар байна гэсэн. Тэгэхээр нь нэг их хүчилсэнгүй. Ээж хааяа орж ном уншиж байгаа. Ширээг нь ашиглаж. 

Аан тийм орыг нь бас ашиглаж хагас бүтэн сайн гэх мэт амралтын өдөр бага зулзагаа унтуулж байгаа. Гол нь орхиод явсан томоо гэгч pooh баавгай байгаад, тэрийг нь дүү нар нь орж ноолж байгаа. Байхад нь айгаад чаддаггүй байсан юм. Ккк.

Ингээд харахаар айлын томууд жаахан ааштай тийм ээ? Би ч бас ааштай л байсан. Миний юманд зөвшөөрөлгүй гар хүрвэл за тэгээд бас л дөвчигнөж өгдөг байлаа. Ха ха.

Номын санг нь цэгцэлж өөрийн ганц нэг номоо оруулж өрлөө. Гэхдээ тувт япон ном. Дунд зулзага нэг их удахгүй тэр өрөөнд эзэн суух тул бас номноос нь оруулж өрлөө. Харри Поттерийн хэдэн ном, толь бичиг гэх мэт.

Ээжийн монгол номнууд тусдаа тавиуртай, нэг жижиг буланд нь бурхан тахилын жижиг булан бий. Нэг их шүтдэггүй ч, хааяа нэг маань уншина аа уншина, яаж зүгээр байхав. Хи хи.

Бага зулзагын ном бас арвижиж байна аа. Эгч нараасаа өвлөж авсан дуут номнуудыг ихэнхийг нь нугасаар нь салгасаан. Энэ эрэгтэй хүүхдийн чинь гар хөл арай чанга байдаг уу? Эсвэл санаа дагаад байна уу? 

Бид хааяа нэг оюутан зулзагатайгаа лайн гээч эндхийн цахим сүлжээгээр ярьж байна. Аав нь голцуу оройтож тараад буй тул ярьж амжихгүй, ээжээс сураг ажиг сонсоостой. 

Дүү нар нь эгчийнхээ царайг харж жаал баясана. Бага дүүгээ л санаж байна, бусдыг нь бол нөү шүү дээ гэсэн. Гомдмоор уу? Хэ хэ.  

Ойрд гэрийнхээ нөөтбүүкийг асаахгүй байгаа тул, блогоо ч бичихгүй байна. Урд нь улаан идэвхи байж тийм ээ? Тэгж байгаад онгод буух байх аа. Хоёр ч ном уншаад дууссан. 

Гуравдахаа, дөрөвдөхөө уншиж байна. Тэгж байгаад зураг орууламз. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年4月13日火曜日

Бялуугаар бялхсан сар 2

Бялууны зурагны үргэлжлэл шүү. СБА шүү таминь ээ.Сүүлд дурсаж байх гэж оруулж байгаа юм шүү. Хэ хэ. 

Ажил дээр идсэн бяслагтай бялуу. Би ихэвчлэн чокотойг иддэг. Энэ удаад жаахан өөрчилж үзсэн. Тун дажгүй.

Үүнээс би идээгүй. Миний оронд оюутан зулзага, дунд зулзага хоёр идсэн. Оюутан зулзага яваагүй байсан. Ажлын газрынханд минь нэг амттан авж ирж, жаахан байхаас минь харж хандаж тусалдаг байсанд баярлалаа гэж хэлээд явсан. 

Нээрээ л анх сургуульд элсэн ороход нь ээж энэ ажилдаа орж байсан. Зуны болон өвлийн амралтаараа ажил дээр минь ирж даалгавраа хийдэг байсан. Сэтгэл санааны болон бас бус зүйлээр их л харж ханддаг байлаа. Буянтай сайхан хамт олон шүү. 

Их сургуульд тэнцсэн гэж Сүхбаатар өвөө, шавь өвөө хоёр барьж ирсэн. Хөөрхөн. Ёстой бахархаж байна, монгол дахь эмээ өвөө нар нь тэнцсэн их сургуулийг нь хэр зэрэг мундаг гэдгийг мэдэх үү? Хэлсэн үү? гэж ирээд л миний өмнөөс онгироод байсан. Хи хи. 

Та нарын хорхой хүрч байна уу? Хэ хэ. Энэ сараас гайгүй, элдэв амттан идэх нь гэж бодсон ч үгүй бололтой. 

Энэ мэтчилэн бид чинь эргэн тойрныхоо их олон хүмүүсийн дэмжлэгээр хүний газар эх орныхоо нэрийг нэг их өндөрт өргөөд байхгүй ч газар дор ортол нь шороотой гутгалгүй, эгэл жирийн эгэл борхон амьдарч байна дөө гэж.

Амттан бичлэг хэсэгтээ үргэлжлэх байх шүү. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年4月9日金曜日

Бялуугаар бялхсан сар

3 сар ёстой нэг бялуугаар бялхсан сар байсан. Дунд зулзага, бага зулзагын төрсөн өдөр. Оюутан зулзагын төгсөлт, их сургуульд тэнцсэнийг тэмдэглэж найзууд, танилуудын барьж ирсэн бялуу.  

Энэ болохоор ажлын газрын нэг хятад хүүхэн гэрээрээ Токио нүүж байгааг тэмдэглэж идсэн бялуу. Корона гээд энд тэнд бөөнөөрөө сууж идэж ууж болохгүй болохоор ажил дээрээ ингэж бялууддаг болсон.

Үүнийг хөдөөний эмээ минь өгсөн. Бид оюутан зулзагаа явахаас нь өмнө гээд хөдөөх эмээ өвөөд нь очиж уулзуулаад. Цаг сайхан бол монгол дахь эмээ өвөөд нь бас очмоор л байдаг.

Үүнийг суугуул хотын минь ганц монгол найз авчирч өгсөн. Оюутан зулзагат минь баяр хүргэж. Бусадтай нь уулзах биш дээ ямар. Хөлөө олоод, унаа унштай болохоороо тэгээд таг болдог юм дөө. 

Ирээд удаагүй байхад нь бүх л зүйлд нь явж өгдөг байлаа гэж. Сайн сайхан яваа бол болох нь тэр дээ...

За тэр ч яахав. Бялуу ярьж явсан хүн шүү би чинь. Хэ хэ. Их олон бялууны газар байдаг гэдгийг мэдэж авлаа. Бид гэрийнхээ ойрхон гурав дөрвөн газрыг нь л мэддэг, ганц нэг мэддэг хол газар луу  нь явдаггүй л болохоос.

За энэ бичлэг үргэжлэлтэй шүү. Сонирхолгүй бол алгасана биз дээ? 

Түр баяртай, бүгдэд нь амжил хүсье.

2021年4月7日水曜日

Сакүра

Жил бүр сакүра цэцэгддэг дээ, бид. Энэ жил элдэв ажил ихтэй, гэрээрээ тухтай цэцэгдэх зав гарсангүй. 

Машинаараа зугаалахдаа л харж баяссан. Оюутан зулзагаа явахын урд өдөр жил бүр очиж зураг авдаг газраа очиж зулзагуудынхаа зургийг дарж амжсан. Хань ижил ажил ихтэй тул ирж амжаагүй. 

Ганц нэг зураг оруулах гээд л оршилдоод байгаа шүү. СБА. хэ хэ. 

Энэ бид зугаалах явцдаа машины цонхоо онгойлгож байгаад дарсан зураг. Хөдөө явах замд.

Ажлын газрын хойд хаалганы хажууд байдаг сакүра. Гэснээс энд корона нэмэгдээд, хойд хаалгаа хаачихсан. Урд төв хаалгаар орж гарахад бас хөөрхөн цаг аваад байх юм өө. Үнэн залхуу, тавхан алхам л илүү алхах газар л даа уг нь.

Орой, харанхуй болохоор дэнлүү асаана. Бас л сэтгэл хөдөлгөм шүү. Хосууд зугаалбал рамаанчик. Би ч хойд урдах 60 чавганцын ажилдаа санаа зовоод, хурдхан шиг харих минь гэж бодоостой л явсан.

Уламжлал болгож зураг орууллаа. Хагдраад эхэлчихсэн байна лээ. Чадвал энэ хагас сайнд хоёр зулзагаа дагуулаад нэг голын эргээр алхах санаатай. Тэнгэр хангай ямар байх нь уу?

За бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年4月3日土曜日

Толин дахь ганцаардлын ордон

Ойрд номны зураг оруулаагүй байна тийм үү? Их ажлын хажуугаар бас болоогүй ээ, монгол япон хольж уншаад л яваа шүү. Гол нь бичих завдал болдоггүй. Оюутан зулзагын ачаа барааг янзлах, явуулах, ганц нэг үлдээсэн зүйлийг нь хурааж цэгцлэх гээд л гэрт ажил мундахгүй юм өө. 

Өнөөдөр хагас сайн, аяга борголоо хийж уунгаа бичих санаатай. Энэ 2 сард уншиж эхлээд 3 сарын сүүлээр дуусгасан. 

Хааяа жаахан үглэхээрээ 
-Би номоо уншмаар байна аа?
-Унших хурдаа нэмэгдүүлээч.
гэсэн охид. 

Эх хэлээрээ хурдан л уншдаг л даа. Гадны хэлээр яаж ч хурдан унших гээд чадахгүй байна л даа. Мэдэхгүй ханз, үг, хэллэг таарна. 

Сүүлийн үед харьцангуй бага таардаг болсон л доо. Урд нь харсан нэгийгээ хоолтойгоо холиод идчихээр ямар хэрэг байхав. Дахин дахин сөхөж хардаг ханз ч байна. Хэ хэ. 

За оршил их урт болчихлоо. Энэ ном нь 2018 оны "Номын дэлгүүрүүдийн нэрэмжит шагнал"-ын тэргүүн байрыг эзэлсэн ном. 2019, 2020 онуудын тэргүүн байрны номнуудыг уншаад зураг оруулсан санаж байгаа биз дээ? 

Агуулга нь их хөөрхөн санагдсан. Дунд сургуульдаа ямар нэгэн шалтгаанаар явж чадахгүй болчихсон, явахыг хүсдэггүй 7 хүүхдийн тухай гарна. Нэг өдөр өрөөнд нь байсан толь гэрэлтэж, толинд уусан, нэгэн өвөрмөц ордонд ирчихдэг. Тэгээд л өдөр бүр шахуу тэр ордондоо очно, хоорондоо найзууд болно. 

Сургуульд явахгүй болсон шалтгаанууд нь бүгд өөр өөр. Ар гэрийн нөхцөл байдал, сургууль дээрх таагүй явдал гээд л. Хамгийн сонирхолтой нь тэд ихэнх нь шахуу өөр өөр цаг үед амьдарч байсан хүүхдүүд болж таарсан. Ганц нэг нь л нэг үеийнх. 

Төгсгөл хэсэгт учиг нь тайлагдаж, бүгд сургуульдаа эгэн явах шийвдэр гарган, өнгөрсөн үеэс ирсэн нь сургуулиа төгсөөд, эргээд сургуулиас завсардах гэж байгаа болон завсардчихсан хүүхдүүдэд тусладаг ажил эрхэлдэг болсон байдаг. 

Том зулзагаа дунд сургуульд байх үеийг эргэн дурсан дурсан уншсан. Ер нь дунд сургуульд байхдаа хүүхдүүд их сэтгэл санааны өөрчлөлтөд орж, нэгнийгээ дээрэлхэх, бөөрөлхөх зэрэг зүйл ажиглагддаг юм билээ. 

Мөн ганцаардах, дүрсгүйтэх, уурлах, уцаарлах гээд л янз бүрийн ааш авир гаргадаг үе нь. Энэ үед эргэн тойронд нь ойлгодог, ярилцдаг найзууд, томчууд байх ёстой юм гэж энэ номыг уншаад бүр ч ихээр ойлголоо. 

Зохиолчийн нэр Цүжимүра Мизүки. Он жав юм билээ. Дуртай хүмүүс их байдаг гэнэ. Би эндхийн яг тэрний зохиолчид дуртай гэсэн зүйл байхгүй, олдсоноо л уншаад байдаг хүн. Дараагаар бусад ганц нэг номноос нь авч уншина аа. 

Энэ жилийн шагналт байрын эзэн удахгүй тодорно. Тэр шалгарсан номыг бас авч уншиина даа. Уншигдах ном их, унших би ганц болчихоод л байгаа болохоос биш. Хэ хэ. 

Хэлтэй устай хүмүүс уншмаар санагдвал авч уншина биз дээ?  Нэг их суртэй танилцуулга хийлгүй, ингэсгээд л орхичихдог болсныг минь мэдэж байгаа тийм ээ? Байнгын уншигчид минь. Хи хи. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年4月2日金曜日

Их сургуульд ороход 5

Удаан алга болсонд уучлаарай. Оюутан зулзагаа дагаад золтой л их сургуульд орчихсонгүй. Хэ хэ. 

Оюутан зулзага минь "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ" гээд ниссэн шөө. 

Угтаа бол ижий аав нь цугтаа яваад, хичээлийн нээлтэнд нь очдог гэсэн. Муухай вируснээс болоод хөөрхий зулзагаа ганцааранг нь л явуулчихлаа. 

Гол нь буцаж ирээд 14 хоног гэртээ сууна, ажилдаа явахгүй байх гэдэг нь асуудал болоод. Би конкурсны үеэр цугтаа явсан даа. Ирээд 14 хоног гэртээ суусан. Яахав гадуур дэлгүүр хоршоо орно л доо. Ажилдаа л явахгүй. Хи хи.

Өнөөх гайхал зардлын талаарх бичлэгээ үргэлжлүүлэх санаатай. Урт настай удаан жаргалтай зардал шүү. 4 жил үргэлжлэнэ гээд бодохоор ч...

Унааны зардал талдаа 10500 иен болсон. Дотуур байрныхаа сэнпай нарт гээд нутгийн амттан авсан. Мөн манай ажлынханд "Жаахан байхаас минь л харж ханддаг байсанд баярлалаа, талархлаа" гээд амттан авч өгсөн. Нийлээд 5000 иен болсон.

Урьдчилан том жижиг нийлсэн 4 хайрцаг шуудандсан. Өнөөдөр өглөө нэгийг хань ижил аваад гарсан. Одоо бас нэг дунд зэргийн хайрцаг бий. Маргааш шуудандана. Гуталнууд. Ээжээс олон гуталтай ч байх шиг. Ха ха. Хань ижилд 10000 иен өгсөн. Түүгээрээ л явуулаад байгаа. 

Айхтар том нүүдэл суудал гэж зардал гараагүй тулдаа бас ч гэж энэ төрлийн зардал хэмнэгдсэн. Шуудан зэргийн зардал бол хамгийн хямддаа орно гэж мэд, журмын олон нөхөд минь. Ккк.

Аан тийм, зун болохоор зуныхаа хувцаснуудаас авна гэсэн. Шууданг мэдээж ээж төлнө. Хэ хэ. Байгаа олон хувцсыг нь явуулна, учир нь илүү дутуу хувцсанд мөнгө битгий зараасай, уул овоо шиг хувцсаа хараад яг одоо яаралтай хэрэггүй шүү дээ гэж бодог гэж бодоод байгаа. 

Түүнээс тэндээсээ авчихгүй юу гэж хэлэх байх л даа. Мэдээж охин хүүхэд, чамин ганган зүйл хараад авах л байх л даа. Түүнийг үгүйсгэхгүй. Гол нь хэмжээ дамжаатай байвал гэж санаад л...

Хөнжил гудас, цээж зураг, бас нэг зүйлийн шимтгэл гэх мэт жижиг сажиг мөнгө 10000 иен.

Инээдтэй нь явахын урд өдөр цээж зураг хэрэгтэй гэнэ, нэг шимтгэл төлөх ёстой гэж утасдсан гэх мэтээр ажил их байлаа. Гол нь өөрийнх нь буруу, бичиг цаасаа сайн хараагүй, нэг л их тэнцсэн гээд шоудсан хүн байсан тул. Дуугай байсангүй, бага зэрэг үглэсэн. 

Гэрээс гараад иймэрхүү зүйлээ өөрөө хариуцаж явна, ээж аав а б-гүй тэгсэн үү? ингэсэн үү? гэхгүй бла бла. Толгой дохиж л сууна лээ, хөөрхий минь.

Болоогүй ээ, тэр их ажлын хажуугаар бас сакүрадаад амжсан. Хань ижил ажил ихтэй, их оройтоод байгаа тул бусад гишүүд л цэцэг харж баяслаа. 

Орой нь аавыгаа эрт гарч ир гэж утасдаад, гадуур хооллочихсон. Ээж жаахан залхуураад. Хи хи. 

Аан тийм, хагас жилийнх нь төлбөрийг дансанд нь хийсэн. Шимтгэл төлж байхаар гэж бодоод. Шимтгэл нь ижил банк хоорондоо шилжүүлэх болохоор хямд л даа. 100 иен. Хо хо. 

100 иен ч гэсэн хэмнэнэ гэж үзнэ шүү дээ, энэ ээж. Дуслыг хураавал далай. Хагас жилийн төлбөр нь 283000 хавьцаа. Наана нь үрчихгүй байгаа гэж санаа зовж энэ тэр. Гайгүй байгаа? 

Би чинь энэ тал дээр туршлагатай хөөн. Төлбөрөө тушаачихаарай гээд өгөөд явуулсан, өгсөн гэж хэлсэн, төгсөлтийн шалгалтанд оруулахгүй байна гэж уйлж хаа байсан гадаадад байгаа над руу уйлж утасдсан. Би энэ холоос яалтай тийм ээ? Ха ха.

Одоо ч тэр жилийн энэ асуудал бүрхэг хэвээрээ. Оньсого таагдаагүй. Ха ха. 

За түр баяртай. Амьсгаа авахтайгаа болж л байна. Ойр ойрхон бичихийг хичээнэ ээ. Бүгдэд нь амжилт хүсье.