2021年4月3日土曜日

Толин дахь ганцаардлын ордон

Ойрд номны зураг оруулаагүй байна тийм үү? Их ажлын хажуугаар бас болоогүй ээ, монгол япон хольж уншаад л яваа шүү. Гол нь бичих завдал болдоггүй. Оюутан зулзагын ачаа барааг янзлах, явуулах, ганц нэг үлдээсэн зүйлийг нь хурааж цэгцлэх гээд л гэрт ажил мундахгүй юм өө. 

Өнөөдөр хагас сайн, аяга борголоо хийж уунгаа бичих санаатай. Энэ 2 сард уншиж эхлээд 3 сарын сүүлээр дуусгасан. 

Хааяа жаахан үглэхээрээ 
-Би номоо уншмаар байна аа?
-Унших хурдаа нэмэгдүүлээч.
гэсэн охид. 

Эх хэлээрээ хурдан л уншдаг л даа. Гадны хэлээр яаж ч хурдан унших гээд чадахгүй байна л даа. Мэдэхгүй ханз, үг, хэллэг таарна. 

Сүүлийн үед харьцангуй бага таардаг болсон л доо. Урд нь харсан нэгийгээ хоолтойгоо холиод идчихээр ямар хэрэг байхав. Дахин дахин сөхөж хардаг ханз ч байна. Хэ хэ. 

За оршил их урт болчихлоо. Энэ ном нь 2018 оны "Номын дэлгүүрүүдийн нэрэмжит шагнал"-ын тэргүүн байрыг эзэлсэн ном. 2019, 2020 онуудын тэргүүн байрны номнуудыг уншаад зураг оруулсан санаж байгаа биз дээ? 

Агуулга нь их хөөрхөн санагдсан. Дунд сургуульдаа ямар нэгэн шалтгаанаар явж чадахгүй болчихсон, явахыг хүсдэггүй 7 хүүхдийн тухай гарна. Нэг өдөр өрөөнд нь байсан толь гэрэлтэж, толинд уусан, нэгэн өвөрмөц ордонд ирчихдэг. Тэгээд л өдөр бүр шахуу тэр ордондоо очно, хоорондоо найзууд болно. 

Сургуульд явахгүй болсон шалтгаанууд нь бүгд өөр өөр. Ар гэрийн нөхцөл байдал, сургууль дээрх таагүй явдал гээд л. Хамгийн сонирхолтой нь тэд ихэнх нь шахуу өөр өөр цаг үед амьдарч байсан хүүхдүүд болж таарсан. Ганц нэг нь л нэг үеийнх. 

Төгсгөл хэсэгт учиг нь тайлагдаж, бүгд сургуульдаа эгэн явах шийвдэр гарган, өнгөрсөн үеэс ирсэн нь сургуулиа төгсөөд, эргээд сургуулиас завсардах гэж байгаа болон завсардчихсан хүүхдүүдэд тусладаг ажил эрхэлдэг болсон байдаг. 

Том зулзагаа дунд сургуульд байх үеийг эргэн дурсан дурсан уншсан. Ер нь дунд сургуульд байхдаа хүүхдүүд их сэтгэл санааны өөрчлөлтөд орж, нэгнийгээ дээрэлхэх, бөөрөлхөх зэрэг зүйл ажиглагддаг юм билээ. 

Мөн ганцаардах, дүрсгүйтэх, уурлах, уцаарлах гээд л янз бүрийн ааш авир гаргадаг үе нь. Энэ үед эргэн тойронд нь ойлгодог, ярилцдаг найзууд, томчууд байх ёстой юм гэж энэ номыг уншаад бүр ч ихээр ойлголоо. 

Зохиолчийн нэр Цүжимүра Мизүки. Он жав юм билээ. Дуртай хүмүүс их байдаг гэнэ. Би эндхийн яг тэрний зохиолчид дуртай гэсэн зүйл байхгүй, олдсоноо л уншаад байдаг хүн. Дараагаар бусад ганц нэг номноос нь авч уншина аа. 

Энэ жилийн шагналт байрын эзэн удахгүй тодорно. Тэр шалгарсан номыг бас авч уншиина даа. Уншигдах ном их, унших би ганц болчихоод л байгаа болохоос биш. Хэ хэ. 

Хэлтэй устай хүмүүс уншмаар санагдвал авч уншина биз дээ?  Нэг их суртэй танилцуулга хийлгүй, ингэсгээд л орхичихдог болсныг минь мэдэж байгаа тийм ээ? Байнгын уншигчид минь. Хи хи. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿