Цаадах чинь гэгээрчих санаатай, бурхан шашны ном уншиж эхэлсэн. Хэ хэ.
Яагаад ийм ном унших болсон гэхээр гэж ирээд оршлоо бичихгүй бол болохгүй.
Хүмүүст олж мэдсэнээ, уншсанаа танилцуулчих юмсан гээд зүтгэдэг хүмүүс байдаг тийм ээ? Тийм нэг хүний клаабхаус дахь номны тухай яриаг сонсоод. Өөрийгөө ер нь мэддэг, чаддаг зүйлээр хомс юм гэдгээ ухаараадөө.
Нэр усыг нь хэлнэ ээ. Угаасаа тэр эгч өөрөө нэлээд нээлттэй бичдэг, их идэвхитэй л дээ. Орчуулсан 3 ч номыг нь уншсан. Үлдсэнийг нь тэгж байгаад олж уншина.
Доржийн Болортуяа гээд хайхаар гараад ирнэ. Номыг их гоё танилцуулдаг, би тэр танилцуулгаас нь хэд хэдэн ном захиж уншсан. Таалагдсан. Би ч сүүлийн хэдэн номны тухай бичлэгтээ танилцуулсан даа.
За тэгээд танилцуулсан номыг нь англиар уншиж чадахгүй ч ямартай ч зохиолчийнх нь тухай олж мэдэхээр нетээс хайсан. Монголоор мэдээлэл цөөхөн байдаг юм билээ.Харин Н.Энхбаяр гуай "Миний жинхэнэ гэр орон" гэдэг номыг нь орчуулсан байдаг юм байна. Улс төр гэж чичрээд дайраад явахаар сайхан уулын аманд, зуслангийн байшиндаа ном орчуулаад суувал гэж бодоод байдаг юм.
Орчуулгандаа их сайн гэж сонссон. Сайхан намбайгаад, аяга боргол хажуудаа тавьчихаад л суухад юу нь болохгүй байхав дээ тийм ээ? Олон жил төрд шунасных, хачин тансаг зуслангийн байшинтай л байлгүй бодвол.
Төрд орох гээд чичрээд дайраад байдгийнх нь учир баяжихдаа л байдаг гэж ойлгоод байгаа. Тэр улс энэ тэр нь хөгжих эсэх ер падлийгүй ч юм шиг...
За хальсан бөлгөө. Ер нь юм бичихээр бас хальдаг юм байна шүү, журмын олон нөхөд ойлгоорой. Хэ хэ.
Япон хэлээр бол нэлээд зүйлс байсан. Бичсэн номыг нь номын сангаас зээлсэн. 3 ном зээлээд, эхнээс нь уншаад л явж байна. Дундуур нь зулзагуудын номноос бас унших хэрэг гарчихаад байгааг өмнөх нэг бичлэгт өгүүлсэн дээ.
Удахгүй энэ номны буцаах хугацаа дөхнө. Барьж очоод сунгуулна даа. Яг уншихыг хүссэн ном маань номын санд байхгүй байна лээ. Заавал худалдаж авах хэрэгтэй.
Аминдаа хэмнэлт хийгээд, шинэ ном авалгүй номын сангаас зээлээд уншчих санаатай ч...
За дөнгөж эхлээд 10-д хуудас. Тич Нат Хан гэдэг буддын шашинтай лам хүний бичсэн "Инээмсэглэлийг амилаахуй" гэдэг ном. Яг юу гэж орчуулахаа мэдэхгүй л байна.
Ямартай ч эхний хэдэн хуудаснаас харахад "инээмсэглэн" сэрж байх. 24 цагийг инээмсэглэлээр угтаж, инээмсэглэлээр дүүргэж амьдрах тухай өгүүлж байна. Мөн бясалгалын тухай гарч байна.
Агуулгыг дараа дараагийн бичлэгээрээ дэлгэрүүлж бичнэ ээ. Эхлээд энэ лам хүний тухай жаахан бичих үү?
1926 оны 10 сарын 11-нд Вьетнамын төв хэсэгт орших жижиг тосгонд төрсөн. 10-д наснаасаа сүм хийдэд шавьлан сууж лам болох эхлэлээ тавьсан. Зэн болон Буддын ухааны их багш гэгддэг. Эдүгээ 95 насыг зооглож байгаа Бурханч лам, энх тайвны төлөө тэмцэгч.
Америк болон Францад голцуу явж лекц унших, энх тайвны хурал зөвлөгөөнд оролцох гэх мэт үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. 1967 онд Нобелийн Энхтайвны төлөөх шагналд нэр дэвшиж байж.
1973 онд Парист болсон Энхтайвны энхийн хэлэлцээрт төлөөлөгчөөр орсон. Энэ онд түүнийг нутаг буцахыг нь хорьсон. Тэгээд л Францын өмнөд хэсэгт орших жижиг тосгонд аж төрдөг.
Вьетнамынхаа төлөө, энх тайвны төлөө ихийг л хийсэн хүн бололтой. Бичсэн ном зохиол, сургааль, лекц зэрэг нь тоймгүй их байдаг юм байна өө. Зэвсгийн бус аргаар тэмцэгч, залуусыг энх тайванд уриалагч.
Лам хүний тухай япон хэлээр бараг анх удаа уншиж буй байх шүү. Үг хэллэгээс нь эхлүүлээд мэдэхгүй зүйл их гарах шинжтэй. Энэ ном ч өөрөө 1995 онд хэвлэгдсэн болохоор, эдний катакана үсгээр бичигдсэн гадаад үг хэллэг багатай юм.
Нэг бодлын амар, нэг бодлын заримдаа тийм гадаад үг нь ихэвчлэн англи хэлнээс авсан үг байдаг тул, англи монгол тольноос хараад мэдчихэд дөхөмтэй л дөө.
За за нэг номыг зүгээр уншчихгүй тийм ээ? Олон долоон юм яриад. Хо хо. Өөртөө амжилт хүсээд түр баяртай. Номоо уншлаа. Бүгдэд нь амжилт шүү.
0 件のコメント:
コメントを投稿