2021年7月7日水曜日

Бороо, үер, онц байдал

Өнөөдрийн сонинг бичиж үлдээхээр шийдээд. 

Ойрд Японы ихэнх нутгаар бороо хур ихтэй, зарим газраар хөрсний нуралт болж олон хүн сураггүй, 7 хүн нас барсан гэж мэдээнээс уншив. Зурагт үзэхгүй, үзсэн ч Харри Поттер үзээд манай бага зулзага.

Тэгсэн суугуул хотоор минь бороо ихтэй. Хувингаар цутгасан шиг л орж байна. Гэтэл өнөөдөр ажил дээрээ сууж байтал цэцэрлэгээс, бага сургуулиас мессеж ирэв. 

Онц байдал зарласан, настай хүмүүс зэргийг хоргодох байр зэрэгт орохыг анхааруулсан. Энэ "зэрэг" гэдэг үгэнд бага насны хүүхэд бас ороод явчихдаг юм байна. 

Цэцэрлэг нь хурдан шуурхай ирж хүүхдүүдээ аваарай гэсэн байна. Би ч бараг ажил дээрээ ирээд удаагүй байсан болохоор өө л дөө ухааны юм бодоод, дарга цэрэгтээ хэлээд үдээс хойш амрахаа хэлчихлээ. 

Энэ хооронд цэцэрлэгээс нь дахиад л мессеж. 4, 5 насны ангийхан бага сургуульд хоргодохоор хөдлөөд, оччихлоо. Тэндээс очиж хүүхдээ аваарай гэж байв. Яг гарахад дахиад мессеж ирэв. Хартал 2,3 насныхан бага сургууль явсан. Тэндээс хүүхдээ аваарай гэжээ. 

Би ч шууд л бага сургууль орсон. Далимд нь дунд зулзагаа аваад харьчих юмсан ухааны юм бодоод л. Юу ч гэж миний санаснаар болохов. 

Сургуулийн гадаа очтол хөөрхий хэдэн цэцэрлэгийн багш нар шүхэр барьчихсан хэдий ч шалба норчихсон газарчлаад, сургуулийн тамирын заалны байр хэсэгт машинтайгаа яваад очихоор хүүхдийг нь гаргаж ирээд машинд нь суулгаад өгч байна. 

Эцэг эхүүд машиндаа, хүүхэд нь суунгуут л шууд хөдлөхөөр. Тэгэхгүй өөрсдөө бууж очоод хүүхдээ авна гэвэл шууд л түгжрэл үүснэ. Үүнийг бас их сайн бодолцож хурдан шуурхай ажиллаж байна өө. Бахархаад, бөхийгөөд л баярласан талархсанаа хэлээд л хөдөллөө. 

Ингэж хөдлөхдөө бас ухарч бариад явахгүй, шууд л цаашаа нэвт гарч байна лээ. Би тийшээ гардаг гэж мэдээгүй. Олон жил л энэ сургуультай холбогдож байж. Хэ хэ. Онц яаралтай үед машин нэвтрээд цаашаа гарчихдаг юм байна. 

Энгийн үед бол сургуулийн тамирын заал, сургуулийн дундуур машин явж өнгөрөх хориотой байдаг тул. Энд тамирын заал нь ихэвчлэн тусдаа, гэхдээ яг хажууд нь байрладаг.

Бага сургуулийн сурагчид өөрсдөө алхаж ирсэн. Гутал нь шалба нороод л орж ирсэн. 

Маргааш бага, дунд сургууль, зарим нэг цэцэрлэг амарна гэнэ. Баасан гарагт яахыг хотын, мужийн захиргааны шийдвэрийг харзнана гэнэ. 

Бодож сууна, эд нар байгалийн гамшиг ихтэй орон болохоороо маш сайн бодлоготойгоор үүндээ бэлддэг, сургадаг, боловсруулдаг тул сандарч, паанигтсан улс ховор, их л зохион байгуулалттайгаар хамтарч ажиллаж чадах юм даа гэж. 

Энэ нь ковидын үеэр ч мэдэгдээд явна. Нэг их сүржигнэлгүй, бодлого судалгаатайгаар хандаад, ямартай ч давж гараад, олимпоо зохион байгуулна гэж зүтгэж байна. 

Гэтэл манайх яалаа? өнгөрдөг жилээс худлаа сүржигнээж хамаг зүйлсээ хорьж цагдаад, одоо иргэд тэвчихийн аргагүй бухимдалд орж байна шүү дээ. Бас юу ч дарж аваагүй байж, зугаа цэнгэл яриад л. 

За за нэг юм бичихээрээ л хазайгаад, шүүмжлэх гээд байдаг тийм ээ? 

Ямартай ч бороо хурдан зогсоосой. Үер битий буугаасай. Хөрсний нуралт битгий болоосой гэж залбираад л сууна даа...

Жич: Энд бага сургуулийн байрыг ихэвчлэн түр хоргодох байр болгож ашигладаг. Тийм ч учраас сургуулийн байр газар хөдлөлтөд тэсвэртэй, ихэвчлэн өндөрлөг газар байрлах нь их. Мэдээж өндөрлөг газар барих боломжгүй нь ч их л дээ. Манайх нам дор газар байдаг...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт...

0 件のコメント:

コメントを投稿