2022年7月2日土曜日

Сагсны эргэн тойронд

Бага сургуулийн төгсөх анги болоод, ийм төгсөх ангийн хоёрхон хүүхэд байдаг болохоор дунд зулзага багийн ахлагчаар томилогдчихсон гэж хэлсэн дээ. 

Корона жаахан намдасхийгээд, дугуйлан секцүүдийн үйл ажиллагаа идэвхижээд. 

Сагсны дугайлан ч мөн адил 7 хоногийн 4 өдөр хичээллээд. Ганц нэг тэмцээн уралдаанд оролцоод. Ахлагчийн үүрэг хариуцлага яригдаад. 

Бусад гишүүд ахлагчийн үгийг сонсохгүй, фракц фракцаараа бөөгнөрөөд, элдэв ааш гаргаад. Бэлтгэл тарахаар л дунд зулзага гомдоллодог. 

Нэг өдөр авахаар очлоо. Нэг дасгалжуулагч нь хэлж байна аа. Ахлагч уйлаад, ахлагчийн үүргээс чөлөөлөгдмөөр байна гэсэн. 5 дугаар ангийнхан ахлагчийнхаа үгийг сонсохгүй, өөдөөс нь цор цор хийгээд, завсарлагааны дараагаар гадаа гарч зогсчихоод орж ирэхгүй, нэг нь бүр ийм утгагүй бэлтгэлд ирсний ямар хэрэг байна? Харьж болох уу?

гэсэн гэнэ. 

За тэгээд бэлтгэл тарсан чинь 5 дугаар ангийхны ээжүүд орж ирж элдэв юмсыг хурааж барих ажилд оролцоогүй. Гадаа зогсож байсан юм. Бэлтгэл тарахаар цонх, хажуугийн хаалгыг хаах, шийдийг эвхэж хураах гэх мэт томчуудын хийх ажил байдаг юм. 

Хүүхдүүд бол шалаа арчдаг, бөмбөгөө хураадаг. 

Энэ ямар нэг юм болж гэж бодоод, харихынхаа өмнөхөн гадаа байж байсан толгойлоод байдаг 2 ээж, бас нэг гадаад ээж гэсэн 3 ээжтэй ярилаа. 

Бодож явдаг зүйлсээ хэлээд тавьчихсан. Үүнд:

Ээжүүд хэт их оролцоод байгаа юм биш үү? Дасгалжуулагчдад тодорхой хэмжээгээр даатгаад явчих юмыг. Ахлагчийнхаа үгийг сонсохгүй байгаа нь үнэн, дунд зулзага оройд л гомдоллодог. Тухайн үед нь чи л олигтой үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тул, бусад гишүүд цор цор хийгээд байгаа шүү дээ гэж загнадаг. 

Та нар ч бас хүүхдэдээ хэлэх хэрэгтэй шүү дээ, гээд л. 

Тэгсэн нэг ээж: Түрүү жил одоогийн 6 ангийнхан харин ч аймар байсан шүү дээ, тэгэхээр энэ удаагийн 5 ангийнхан аргагүй шүү дээ. 

Би: Түрүү жил бол түрүү жил, 1 жилийн хугацаа өнгөрөөд эд нар чинь өсөөд, дэвжээд явна биз дээ? Тэгээд ч улирсан баларсныг дуурайх хэрэггүй биз дээ? 

Бусад ээжүүд: Уг нь хүүхдэдээ ахлагчийнхаа үгийг сонс гэж хэлдэг л дээ. 

Би: За би ч хэлье, ахлагч юм бол олигтойхон шиг загнаад загнаад явчих гэж, харин та нар хүүхдүүддээ ахлагчийн үгийг сайн сонс, сонсохгүй бол тухайн өдрийн бэлтгэлээс гарч болно гэж...

2, 3, 4 ангийнхан баг бүрдүүлэхээр урваганачихдаг л гэнэ, уйлдаг л гэнэ. 

Дасгалжуулагч хаана байсан гэхээр? Үндсэн ажил нь ихсээд ирэхгүй өдөр нь олшроод байгаа юм. Дасгалжуулагч нь сайн дураараа ирж заадаг юм, гэхдээ мэдээж багшлах лиценз зэргээ авсан байх журамтай. 

Орой нь энд тэндээс мэссэж ирээд л байна. Зулзага ч яг юу болсныг хэлдэггүй, нэгэнт болоод өнгөрчихсөн, санахаас ч дургүй хүрч байна гээд болдоггүй. 

Сүүлдээ бүр тэвчээр алдагдаад, чи хэлэхгүй бол бусдын үгээр бид ойлгоод байна, чиний сэтгэгдлийг сонсмоор байна гээд чангахан дуугаар загнаад. 

Сагсны дугуйланг нь болиулахаар шийдэв. Хань ижил рүүгээ асав. Чи л дагуулж яваад оруулчихаад, олигтойхон шиг цаг гаргаад бэлтгэлийнх нь үеэр оччихгүй, гарга гээд. Хэ хэ. 

Яасан гэхээр? 5 ангийн хэдэн хүүхдүүд нь ахлагчийгаа муулсан гэнэ. "Ахлагчийнхаа үүргийг муу гүйцэтгэдэг, гар нь хугарснаараа далимдуулаад бэлтгэл хийдэггүй, нөгөөхөө байхгүй бол юу ч хийж чаддаггүй" гэх мэт. 

Би ч сонсоод гэнэт дургүй хүрээд явчихсан. Амь биш заяа биш, гараа сайн эдгээж авахгүй бол хэцүү биз дээ? Ээжүүд нь л тэгж ярьдаг болоод хүүхдүүд нь бас тэгж муулж ярьж байгаа  шүү дээ гээд. 

Угаасаа 6 ангийнхны эцэг эхүүдийг ирж барьдаггүй, юм хийдэггүй гэж ярьдаг юм гэсэн. Ингэж хүн муулах нь угаасаа эдний нэг чадварлаг зүйл гэж яригддаг болохоор би ч нэг их тоодоггүй. 

Нөгөө нэг 6 ангийн хүүхэд аавтайгаа л хамт амьдардаг, ганц бие аав. Харин ч хичээгээд байгаа харагддаг. Оройн цагаар уушийн газар ажилладаг, хоолыг харин ч ёстой амттай хийдэг. 

Магтуулснаас муулуулсан нь дээр гэж боддог болохоор, хэхэ. 

Дараагийн өдрийн бэлтгэл хичээллээгүй, хүүхдүүдийн тайвшрахыг хүлээгээд. Мөн нэг хуралдсан нь дээр гэж шийдсэн. 

Гэхдээ эцэг эхчүүд хуралдаагүй, дараагийнхаа бэлтгэл дээр хүүхдүүд тойрч суугаад ярилцсан. Дасгалжуулагч нарыг аль болохоор ирж байхыг хүссэн. 3 хүн байдаг юм уг нь. 

Дунд зулзага сэтгэл санаа нь илааршаагүй ч сагсны бэлтгэлд явсан явсан. Одоо хагас жилийн л хугацаа үлдсэн байгаа болохоор яаж ийгээд дуусгачих санаатай. 

Гэхдээ ээждээ бас гомдоллосон хэвээр. Би ч амыг нь асуугаад, чи л өөрөө үргэлжлүүлэх шийд гаргаа биз дээ? 

Гол дүрд тоглоод байдаг нэг ээж нэг их худлаа үрчийж ирж инээснээ хүүхэд нь тэгж муулаагүй, тэд нар багшийгаа муулж байсан гэж хэлсэн. Ха ха. 

Охидоо гэж. Бас ээжүүдээ гэж. 

Эдний ингэж цуглаж, хамтарч ажиллахдаа сайн ч гэсэн иймэрхүү жаахан доожоогүй нэгнээ хэмлэх асуудал байна байна. Эцсийн дүндээ яадаг вэ гэхээр доожоогүй нэгнүүд нь "больдог". 

Дунд зулзага бол доожоогүйдээ орохгүй. Шулуухан хэлчихдэг монгол хүний онцлог байдаг. Эд нар шир тойруугаар, худлаа инээж хэлж мэддэггүй. 

Анги даасан багш нь бас хэлж байсан. Хэт шулуухан, түс тас хэлчихдэг гэж. 

Өнөөдөр шинэ гишүүд орж ирэх болтугай гээд нөхөрсөг өдөрлөг зохиож байгаа. Хань ижил дагуулаад явсан. Ундаа, цай, боргол зэргийг бэлдээд. Хүрэлцэн ирсэн хүүхдүүд, эцэг эхчүүдэд зориулсан бага зэргийн амттан бас бэлдсэн. 

Дунд сургуульд орохоороо хэзээ ч сагсны дугуйланд орохгүй гэсэн хүн л байна. Би ч бас оруулахгүй гэж бодож байгаа. Угаасаа спортын хүн биш, урлаг уран сайханд илүү тохирсон. 

Хугарсан гар эдгэсэн ч гэсэн ойрд ашиглаагүй болоод тэр юм уу? үе үе жирвэгнээд байгаа гэсэн. 

Спорт гээч зүйл чинь гаднаас нь харахад сайхан ч дотор нь ороод буцлахаар бас л эвгүй золиг байна шүү...

За нэг иймэрхүү сонинтой. Хар халуунд бас дотроосоо уураа шатааж халахаар төвөгтэй л байна шүү. Хэ хэ. 

Өнгөтөөр бичиж чадав уу? Хожим хойно уншихад бас дурсамжтай юм даа тийм ээ? 

Бүгдэд нь амжилт хүсье, түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿