"Ээнээгийн тэмдэглэл" хуудас аргагүй олны танил ажээ. Блогтоо бичсэн бичлэгээ танилцуулсан чинь тэр өдөртөө дээд амжилт тогтоох шиг боллоо. Их олон хүн "зочилж" уншжээ.
Хойшид ч зочлоорой. Хувийн чанартай зүйл бичдэг ч үе үе ингэж онгод орно. "Хүнд хэрэгтэй юм буу хална" гэдэг шиг л хүнд хэрэгтэй ганц нэг зүйл биччихдэг шүү.
"Сайн номыг харин байн байн сөхөж унших. Жишээ нь Дейл Карнегийн "Хүнийг хөдөлгөх чадвар".
Монгол хэл дээр юу гэж орчуулсан байдгийг хэлж мэдэхгүй байна. Би оюутан байхдаа нэг номыг нь уншиж байсан. Одоо санах юм алга. Нэг зээлж уншина даа.
Гэснээс одоогоор зээлж л уншиж байна, япон номнууд. Монгол хэл дээрх хэвлэгдсэн номыг харин яаж ийгээд худалдаж аваад уншиж байна.
Жилд 400 гаран ном уншдаг хүн "сайн ном унших цаггүй болчихно" гээд байна цаана чинь. Тэгэхэд огт уншдаггүй хүмүүс яах вэ? Дэндүү харамсалтай юу тийм ээ?
Тийм болохоор л унших хурдац, чанар, бүтээмж, орлогоо дээшлүүлэхэд энэ Leverage Reading гээч их чухал юм байна.
"Энэхүү Leverage Reading-д унших хурдаа нэмэх, хасах үйлдлийг ээлжилнэ. Хэрэгтэй гэсэн зүйл дээр хараа чинь очвол удаан, анхааралтай уншина. Онцын шаардлагагүй гэсэн зүйлээ гүйлгэж хурдан уншина".
Өмнөх бичлэгт 3-5 мөртийг нэг дор гялс уншина гэсэн дээ. Хөндлөн гүйлгэж уншина гэсэн дээ? Ингэж унших явцад "Юу билээ? шинэ үг байх чинь?" гэсэн тохиолдолд унших хурдаа сааруулна. Хэрэв тэр мөртөө өнгөрөөд явчихсан бол буцаж очно гэсэн үг. Энэ нь өнөөх color bath effect гэдэг арга чинь гэнэ шүү, нөхөд минь.
"Юуны түрүүнд 7 хоногтоо нэг ном уншиж дадахаас эхлэх. Амьдралынхаа өдөр тутмын хэв маягт "ном унших" үйлдлийг оруулж өгөх. Яваандаа 3 хоногт нэг ном, сүүлдээ өдөрт нэг ном уншиж дадах".
Бидний номын клубынхан маань сард нэг ном уншиж ярилцаад байгаа юмсан. Мэдээж дундуур нь амжуулаад өөр ном уншчихдаг "овоо гарууд" бий бий. Хэ хэ.
"Тухайн 7 хоногтоо унших номоо төлөвлөх. Өдрийн төлөвлөгөөгөө гаргаад түүндээ ном унших гэж заавал оруулах. Оройдоо амжууүлсан зүйлсээ эргэн нэг шалгаад, амжаагүй зүйлдээ дүгнэлт хийж, цагаа зохицуулах. Сул цаг гарвал л номоо унших".
"Дээрх аргуудыг хэрэгжүүлээд ном уншдаг дадалтай болчихвол танд тааламжтай санагдах нь гарцаагүй. Ном унших чинь ийм сонирхолтой билүү? гэж бодогдоно. Ажилдаа, амьдралдаа хэрэгжүүлчихээр шинэ санаа оноо ургана. Эргэлзээ бэрхшээлээс гарах шийдлүүд ч олж юуны магад".
"Уншсан л бол болно гэж санаа амарч хэрхэвч болохгүй. Хүн гэдэг чинь мартамхай амьтан. Ар араасаа шинэ мэдээлэл тархинд орж ирээд, хуучныгаа мартана.Үүнээс гарах арга бол бичиж тэмдэглэх. Уншсаныгаа мартахад хүргэдэг 2 хүчин нөлөө байдаг. Нэгт чухал хэсгүүдээ тэмдэглэж аваагүй. Хоёрт Хэрэгжүүлээгүй".
"Номон дээрээ бичиж сараачсан тэмдэглэлүүдээ компьютерт бичиж хадгалах. Өөрийн гэсэн "Эцсийн үр дүн"-гийн ном бүтээх. Тодорхой хэмжээнд тэмдэглэлүүд чинь нэмэгдээд ирэхээр төрөлжүүлж ангилна. Үүнийгээ хэвлэж гаргаад байнга авч явах. Энд тэнд цаг л гарвал сөхөж унших.
Мэдээж ингэж дахин бичих явцад чинь за энэ ч дээ гэсэн тэмдэглэл гарч ирнэ. Түүнийгээ бичилгүй орхино. Сүүлд харин өөр санаа оноо нэмж болно. Аль блох өөрийнхөө үгээр бичвэл зүгээр".
Би бас бичнэ дээ гэж тэмдэглэж авсан хэсгээ заримдаа бичдэггүй, хаячихдаг. Тухайн үедээ хэрэгтэй ч юм шиг санагдсанаа эндээ бичээд суухаар за за мэдээжийн зүйл байна гэж бодоод алгасчихдаг.
"Хүн болгонд өөр өөрийн арга бий дээ. Түүнийгээ олох. Хэрэв бичиж хадгалах цаг зав гарахгүй бол хүн цалинжуулаад бичүүлж болно, гэрийнхээ хэн нэгэн завтай хүнийг гуйж болно".
Хүүе, намайг цалинжуулаад бичүүлж болно шүү. Хэ хэ.
"Нэг уншсан номоо дахин уншихгүЙ. Учир нь уншаад хэрэгтэй гэснийгээ тэмдэглээд авчихсан шүү дээ. Дахин уншаад юм гарахгүй л байх. Тэрний оронд шинэ ном уншсан нь хамаагүй дээр. Харин шилдэг ном бол өөр шүү. Уншсан цаг, нийгмээсээ хамаараад шинэ мэдрэмж төрүүлнэ. Жишээ нь Дейл Карнегийн "Зам нээгдэхүй"? унших бүрт өөр өөр мэдрэмж, сэтгэгдэл төрүүлдэг".
"Мэдсэн, ойлгож авсан зүйлээ бусадтай хуваалцах, ярилцах, саналаа солилцох нь амжилтын хамгийн том эх үүсвэр".
Мэдсэнээ ерөөсөө хуваалцдаггүй хүмүүс байдаг тийм ээ? Хэ хэ. Албагүй л дээ. Гэхдээ л мэдэж байсан юм хэлчихгүй дээ гэж бодох үе гарна шүү дээ.
"Олж мэдсэнээ хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Унших дадал, бичиж тэмдэглэх дадал, хэрэгжүүлэх дадлын нийлбэр нь таныг амжилтанд хүргэнэ. 1500 иений ном чинь 100 дахин үржигдээд буцаж ирнэ".
Төгсөв.
Жич: Ганц нэг бичсэн зүйлээ өөртөө үлдээлээ. Заримыг нь нуршаад байх шиг санагдаад алгасчихлаа. Ганц нэг номны нэр бичиж авлаа. Сүүлд уншихыг хичээнэ ээ. Мөн Дейл Карнегийг уншия даа.
Бүгдэд нь амжилт. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿